×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өвөр Монголын нутгаар зорчсон тэмдэглэл

28 3-р сар 2016 12:00
545 удаа үзсэн

Бидний хэдэн нөхөд 3-р сарын 15-21-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны  нутгаар аялав. Тодруулбал, МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Орон нутгийн мэргэжлийн төвийн тэргүүн Ж.Энхбаатараар ахлуулсан сэтгүүлчдийн баг урд хөршийг зорь-сон юм. Хаврын дунд сарын сэвэл-зүүр салхи толгод дамжсан өглөө вагоны цонхоор харвал хэсэг зээрийн сүрэг бөг бөг шогших нь ханш нээгдэх урин дулаан цаг хаяанд ирснийг илтгэнэ. Бид Эрээн хотын хил гаа-лийн шалган нэвтрүүлэхээр гарч  үдээс хойш ӨМӨЗО-ны  нийслэл Хөх хотод ирж, Үйлс  буудалд хоноглов. ӨМӨЗО нь Хөх хот, Бугат, Хөлөн-буйр, Түнляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай зэрэг 9 хоттой. Хянган, Шилийн гол, Алшаа зэрэг 3 аймагтай. Мөн төлөвлөгөөнөөс тусгай жагсаалтын Манжуур, Эрээн зэрэг хоттой, нийт 102 хошуу харьяалагдах ажгуу. ӨМӨЗО-нд нийт 55 үндэстэн ястан амьдарч буй. Тус хотын хүн ам 25 сая. Үүний 4.426 мянга нь монгол үндэстэн аж. Газар зүйн байрлалын хувьд  урт нь  2400 гаруй км, өргөн нь 1700 км нутаг дэвсгэртэй юм.  Бид Өвөр Монголын музей, Хөх хотын үндэсний туршилтын сургуулийн ажил байдалтай танилцлаа. 1985 онд байгуулагдсан тус сургуулийн үүдэнд Чингисийн гуулин хөшөө байх”. Зоривоос үл хүрэх газар үгүй, зоригловоос үл бүтэх хэрэг үгүй” гэсэн эзэн хааны сургаал үгс үзэгдэнэ. Сургуулийн үүдэнд өлзийт найман тахилыг сайн сайхны бэлэг тэмдэг болгон зурсан байв. Мөн тод, соёмбо, дөрвөлжин, уйгаржин монгол бичгийн үүслийн талаарх мэдээлэл байршуулжээ. Тухайлбал, тод үсгийг Ойрдын Заяа бандид Намхайжамц зохиосон бөгөөд одоо ч Шинжааны хэсэг Монголчууд тод үсгээ манаж, товшуураа тоглон аж төрж буй гэнэ. Тус сургууль 100 гаруй багштай, 2000 гаруй сурагчтай аж. Энэ сургуульд Монгол улсаас 80 хүүхэд суралцаж буй. Тэд жилд 10 мянган юанийн төлбөртэй суралцдаг байна. Дараа нь Өвөр Монголын  радио, телевиз, “Өдрийн сонин”, “Солонго” сэтгүүлийн редакцаар оров. Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы анхны дугаар 1948 оны 1-р сарын 1-нд хэвлэгджээ. Өвөр Монголын радио, телевизийн улсын хороо нь олон давхар шинэ байранд шилжин орж байгаа аж. Энд 1400 м2 талбайтай том студи ашиглалтанд оржээ. 2100 гаруй ажилтантай, радио-гийн 9, телевизийн 10 сувгаар мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгээ олон нийтэд цацдаг. Өвөр Монголын Хөх хотод 10 орчим телевиз, 4 сонин, 5 вэб сайт үйл ажиллагаа явуулдаг ажээ. Бид 3-р сарын 17-ны өглөө Бугат хотыг зорьсон юм. “Далай хар” уулыг өвөрлөн “Мон”-ын нурууг эмжсэн хурдны замаар довтолгосоор  Бугат хотод ирэв. Замын хажууд тарьсан мод, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя гэсэн уриа лоозонгоос харвал байгалийн нөхөн сэргээлтийн ажил чамгүй хийдэг бололтой. Бугат хотын аж үйлдвэрлэлийн хөгжлийг харуулсан хот төлөвлөлтийн ордон, галерейн байдалтай танилцлаа. Энэ ордны дотор байрлуулсан 1:400 машстабын жижигрүүлсэн загвар зургаас харахад бүх зүйл төлөв-лөгөөний дагуу явагддаг аж. Эрчим хүч, химийн болон өнгөт төмөрлө-гийн үйлдвэр, хөдөө аж ахуйн цэвэр бүтээгдэхүүн боловсруулах баазыг цогцлоон байгуулсан нь онцлог байв. Уул уурхайн машин механизмын тоног төхөөрөмж, танкны эд анги, галт тэрэгний тэнхлэг зэргийг энд үйлдвэрлэдэг аж. Манай Технологийн сургуультай төстэй мэргэжлийн сур-гуульд боловсон хүчнээ бэлтгэдэг. Машин үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд 94 төсөл хэрэгжүүлж байна. Үүний 80-ыг нь бүрэн хэрэг-жүүлсэн аж. Бугат хотын Тоног төхөөрөмжийн үйлдвэрийн жилийн орлого 110  тэрбум бөгөөд 10 мянган ажиллагсадтай. 2014 оноос Өвөр Монголын хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 2-р байрт жагсах болжээ. Орой нь Хияа багшийн шинэ дүүргийн шөнийн байдалтай танилцав. Энд Улаан мөрөн хэмээх нэгэн цогцолбор босгожээ. Улаан мөрөн 11 км урт, 200 метрийн өргөнтэй. 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд усан оргилуур нь 209 метрийн өндөрт цацардаг гэх. Орчин тойронд нь адуу тууж яваа малчин хүнийг дүрсэлсэн баримал байх агаад Хүннүгийн булшны олдворуудын дүрс бүхий талбайтай юм. Эндээс бид засаг захиргааны хамгийн бага нэгж болох Улалз тосгонд очив. Багийн дарга нь уг тосгоныг 551 өрхтэй, 688 мянган хүн амтай гэж танилцуулсан. 3 жилийн өмнө энд хуучин байшин барилгыг өөрчлөх, авто зам тавих, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих төслийг  амжилттай хэрэгжүүлэн иргэдэд ойр үйлчилж байв. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал бидний хөтчөөр ажилласан. Хошин шогийн мэдрэмжтэй энэ эр миний хуучны танил юм. Бид Бугатаас Шар мөрөн буюу Хатан голын гүүрээр гарч Ордос хотыг зорилоо. Замын уртад Баянжаргал ах бидэнд хандан дуу аялах. “Дугуй малгай нь духан дээрээ байна, дундуур санаа нь цээжин дотроо байна” хэмээн өвөр монгол аялгаар уянгалуулснаа... Аялан дуулах чиний минь хоолойтой... гээд тас тас инээнэ. Тэгснээ “Зүү гэдэг чинь төмөр шүү, зүүдэл найнаа хойе, зүрх гэдэг чинь мах шүү, зүүдэл найнаа хойе” хэмээн дуулж олны инээдийг барна. Ийн дуу хуур, хөгжөөн цэнгээнтэй явсаар Ордос хотод ирэв. ӨМӨЗО-ны Ордос хот 2 сая 400 мянган хүн амтай. Үүний 209 мянгыг нь монгол үндэстэн эзэлдэг. 5 чиглэлээр аж үйлдвэрлэлийг хөгжүүлж буй. Үүнд нүүрсээс бензин гаргах, газжуулах, хөнгөн цагааны аж үйлдвэртэй болох, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг улам хөгжүүлэх, шаазан ваарны үйлдвэрлэл нэвтрүүлэх, хөдөө аж ахуйг  төгөлдөржүүлэх  зэрэг  асуудал
багтжээ. Нүүрс, газрын ховор элемен-тээрээ БНХАУ-ын хэмжээнд тэр-гүүн байр эзэлдэг аж. Монголчуудын уламжлалт түүх соёл, ардын зан занш-лыг харуулсан аялал жуулчлалын бааз босгосон нь гайхамшигтай. Хотын төвд Ордосын гэрлэх ёслолын парк байх аж. Дотор талд нь 12 ордын дүрс бүхий баримал, залуу хосууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлжээ. Бид  “Монголын Эрдэнийн товч” хэмээх соёлын аж үйлдвэрийн парк, Улаан гэгээний ордон, Чингис хааны онгоныг үзэв. Соёлын аж үйлдвэрийн паркийн эргэн тойронд  түүх өгүүлсэн хөшөө дурсгал, луун хээтэй баримал, эсгий урлалын аргаар оёсон хөөрөг, кино зураг авахад зориулсан эртний шавар байшин зэргийг барьж босгох бү-тээн байгуулалтын ажил ид явагдаж байв. Чингис хааны онгоны өмнө Алтан гандирсын овоо сүндэрлэнэ.Уг овоог нар зөв гороолж их ордонд оров. Ордонд тавьсан юм бүхэн нүд хужирлах. Алтан утсаар шаглаж оёсон дээл, мөнгө, шүрэн чимэгтэй эртний хатдын толгойн титэм, хаш чулуу тэргүүтнийг хүндэтгэлтэй байрлуулжээ. Чингисийн онгоны гадна талбайн хүрээг гурван өнгөөр дүрсэлж. Мөнх тэнгэрийг хөхөөр, алтан дэлхийг шараар, эхийн цагаан сүүг цайвар өнгөөр билэгджээ. Чингис хаан Тангуд улсыг дайлаар мордох замдаа Ордос нутгийн усны тунгалаг, өвсний сорыг магтан явах-даа алтан ташуураа газар унагажээ. Чингэхдээ намайг нас нөхцөхөд энд нойрсуулаарай гэсэн утгатай үг унагасан домогтой гэнэ. Хожим их хаан нас нөхцөхөд энэ орд барьсан газар тэрэгний дугуйн хүрд нь газар шигдээд хөдөлгөөнгүй гацсан байна. Тэр цагаас хойш Мухлай, Боорчийн удам болох дархчууд Чингисийн ордыг энд байгуулснаар алтан шар-мал шуумал дүрийнх нь өмнө зул хүж барьж иржээ. 1997 онд ӨМӨЗО-ны 50 жилийн ойд зориулан Чингисийн хүрэл хөшөөг энд босгосон аж. Хөшөөний өндөр 6 метр, гадна талбайн хэмжээ 66 метр гэнэ. Энэ нь Чингис хаан 6 настай морь унаж сурсан, 66 насалсныг билгэдсэн тоо гэж тайлбарлагч Сэрмүүн ярив. Чингис хааны ордны дотор сүүдэр авахыг хориглох тул бид ч ёсыг дагасан. Нэг өргөөнд нь Чингисийн эдэлж явсан эмээл байх. Нөгөө нэг өргөөнд нь эзэн хааны онголсон өндгөн цагаан морины биет дүрс байх жишээтэй. Ордны баруун талд Чингис хааны хар сүлдийг босгосон байв. Их хааны найман шарга  морийг  билгэдэн ордны хашаанд 4 ижил зүсмийн адуу тэжээдэг байна. Тэнд ирсэн жуулчдын гараас шарга морьд чихэр боов идэх нь сонирхол татна. Харин Улаан гэгээний орд 8 бодь суваргатай. Дотор талд нь Шагжмун бурхан түүний 16 архадыг урлан бүтээжээ. Улаан гэгээний хойд дүрээр тодорсон 12 настай жаал хүү энд бурхны номыг жинхэнэ дэг жаягийн дагуу зааж байна. Тэрбээр 40 ламд хичээл зааж дууссаны дараа бид гэгээнтэнтэй уулзаж адис авсан юм. Энд  хүрээд  бидний  аялал өндөр-лөсөн. Хөх хотоос дөтлөн хилийн дээс алхаж нутгаа зорин ирэхэд эх орны минь уул толгодод цасны сүүлч тарлан цоохор үзэгдэж, малын нүд сүүмийсэн хаврын урь оржээ. Эх нут-гийнхаа цэнгэг агаараар цээж  дүүрэн  амьсгалах яасан сайхан байв аа.
 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:28
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог