×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрүүл мэндийнхээ төлөө бид хамтдаа өдөрлөг

09 10-р сар 2014 12:00
1428 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдэд зориулсан “Эрүүл мэндийнхээ төлөө бид хамтдаа” нээлттэй хаалганы өдөрлөг өнгөрсөн баасан гарагт “Хангарьд палас”-т боллоо. Эмнэлэг сувиллын албанаас зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, түүний Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр, цех, хэлтсийн дарга нар болон “хувьтангууд” оролцсон юм. Нээлттэй хаалганы өдөрлөг хоёр хэсгээс бүрдэв. Эхний буюу мэдээлэл танилцуулгын хэсэг тэнгэрийн өнгөт хувцастай хүүхнүүдийн иогийн дасгалаар эхэллээ. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” бүтээлийн намуухан агаад сүрлэг аязаар нэгэн жигд хийх дасгал хөдөлгөөн үзэгчдийг тайвшруулж сэтгэлд амгалан бууна. Өдөрлөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нээж хэлсэн үгэндээ үйлдвэрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу халуун нас, оюун хөдөлмөрөө зориулсан та бүхэндээ болон ахмадууддаа үзүүлэх тусламж, дэмжлэгээ бууруулахгүй гэв. Энэ үеэр Эмнэлэг сувиллын албаны Ерөнхий эмч Ж.Ганчимэг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Одоогоор мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 554 иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хагас алдсан нь тогтоогдсон. Тэдний 88 орчим хувь нь үйлдвэрт 11-25 ажил ажилласан хүмүүс байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа “хувьтангууд”-ын амьдралын чанарыг хадгалах, нөхөн сэргээх, нийгмийн дэмжлэгийг тогтвортой байлгах зорилгоор зөвхөн энэ онд гэхэд 1 тэрбум 820 сая төгрөгийг төсөвлөн ажиллаж байгааг дуулгав. Түүнээс гадна мэргэжлээс шалтгаалах өвчтэй иргэдийн нас баралтанд дүгнэлт хийжээ. Тэгэхэд элэгний хатуурал, хавдраар 29, цус харвалт зүрхний шигдээсээр 29, уушигны хавдраар 12, хоол боловсруулах замын өвчнөөр 12, зуурдаар 15 хувь нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол хувь тогтоолгосон өвчнийхөө хүндрэлээр ердөө 1 хүн өөд болсон гэсэн дүгнэлт гарсан нь сонирхол татсан. Миний дэргэд зогсох цагаан нөмрөгт хүүхнүүдэд нэгэн хижээл насны эрэгтэй хүн модтой чихэр тарааж харагдах нь дотно харилцааны илэрхийлэл. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүмүүс Эмнэлэг сувиллын албаны эмч, сувилагч нартай ах дүүгээс өөрцгүй ижилдсэн нь эндээс харагдана.


     Нээлттэй хаалганы өдөрлөг эрүүл мэндийн довтолгоо, амьдралын зөв дадал хэвшүүлэх хэсгээр үргэлжиллээ. Үйлдвэрийн удирдлагууд эрүүл зөв дадал, заншлыг амьдралдаа хэвшүүлэн, спортын төрлүүдээр тогтмол хичээллэдэг АТБ-ын белАЗ-ын жолооч асан Б.Бишбат, Д.Баатаржав, БФ-ийн тээрмийн машинч асан П.Цогтбаяр, конвейрийн машинч асан Т.Лхагва, Ц.Сарантуяа, Д.Саранцэцэг, ЗМЗ-ын инженер асан Ч.Пүрэвжав, засварчин асан Ч.Ганболд, Хүдрийн ил уурхайн бульдозерын жолооч асан П.Ганболд, экскаваторын машинч асан Х.Түмэндэмбэрэл, Цахилгаан цехийн цахилгаанчин асан С.Энх-Амгалан, ХМТАЦ-ийн засварчин асан Ж.Шипилов нарыг мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшуулсан юм. Саяхнаас “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийг цехэд нь хуваарилж өгчээ. Өөрөөр хэлбэл тэд өөрийн цехээрээ дамжуулан нийгмийн болон бусад үйлчилгээнд хамрагдах аж. Харин Эмнэлэг сувиллын алба зөвхөн эрүүл мэндийг нь дэмжих, эмчлэн эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Энэ үеэр Эмнэлэг сувиллын албаны эмч, мэргэжилтнүүд “хувьтангууд”-д зориулж хордлого тайлах үйлчилгээний, идэвхтэй хөдөлгөөний, ундны усны ач тусын, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн, халдварт өвчин, орчны  эрүүл  ахуйн, архи, тамхины хор уршгийн, зөв хоололтын өртөө байгуулан мэдээлэл сурталчилгаа хийсэн үр дүнтэй үйл ажиллагаа болов.

Сүүлд өөрчлөгдсөн Ням, 23 11-р сар 2014 00:24
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог