×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

ЧИНГИС ХААНЫ ШИНЭТГЭЛ ба ХАБЭА-н ШИНЭ ХАНДЛАГА Онцлох

03 8-р сар 2015 12:00
1621 удаа үзсэн
    “Миний амь нас эрүүл мэнд надаас шалтгаална” бүтээлч сэтгэлгээ хандлагыг хамт олондоо төлөвшүүлэх болон ХАБЭАУТ-д 5С-г уялдуулахад дэлхийн энгээр шинэтгэл хийж явсан эзэн Чингис хаанаас суралцахыг хичээж, Монгол улсын Шинжлэх ухааны 35-р ботид Монголын эзэнт гүрний үеийн менежментийг задлан шинжилснийг уншиж судлав. 
Чингис хаан амьдралынхаа турш байлдаж, олон ялалт байгуулж, алдар суу нь түгж, мөн амь өрссөн нөхцөлийн дунд явсан хэдий ч, дайчдын нэгдмэл зорилго, ахан дүүгийн эвсэг уур амьсгалыг бүрдүүлж, улмаар өвөр хоорондоо дайсагналцан амьдарч байсан ханлиг овгуудыг нэгтгэж нэгдсэн ухамсар, бахархал бүхий Монгол үндэстэнг бий болгож чадсан. Энэ нь өнөө үеийн инновацийн менежментийн эко системийг бүрдүүлсний үр дүн гэсэн үг юм. Эко систем нь мэдлэгийг хэрэглээнд шилжүүлэх үйл ажиллагааны соёл, таатай орчин, авьяас, хүн, материал, тоног төхөөрөмж гэх мэт нөөц капитал, харилцан нягт уялдаа холбоо гэсэн бүрдлийг багтаадаг аж. 
Гэтэл, ажлын байрууд дээр ХАБЭА-н хяналт явагдахад ажилчид арга хэмжээ авахуулахаас айж аюулыг нуудаг, ХАБЭА-н ажилтнуудаас зугтдаг явдал одоо ч  байгаа нь юуны өмнө ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх соёл, таатай орчныг бүрдүүлэх, мэдлэг чадварыг эзэмшүүлэх, шаардлагатай нөөцүүдээр хангах, эдгээрийг харилцан уялдаагаар холбох асуудлыг дэс дараатай, зөв хийхийг биднээс шаардаж байна. 
Соёл. Эртний Согд Уйгур бичгийн үндсэн дээр Монгол бичгээ зохиолгож төрийн бичиг буй болгох зэргээр соёлын шинэчлэлийг чухалчлан хэрэгжүүлж байсан нь Чингис хааны томоохон гавьяаны нэг юм. Цэргийн жанжин тэрээр ард түмнээ соён гэгээрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байсан нь аливаа шинэ хандлагыг ул суурьтай хийх үндэс гэдгийг мэдэж байсанд оршино. 
Аюулгүй ажиллах соёлыг ажилтанд дадал болгон хэвшүүлэхийг ХАБЭАХ-т Ерөнхий захирлын 2014 оны 6-р сарын 23-ны өдрийн А/483 тушаалын 5-р заалтаар үүрэг болгосон нь манай компани “Нэн түрүүнд ХАБ” шинэ бодлогыг хэрэгжүүлэх суурийг зөв тавихаар ажиллаж буй хэрэг юм. 
Судалгаанаас үзэхэд Чингис хаан хувийн шинж чанараараа хуулбарлан дууриагч бус, манлайлах шинж чанараараа хүсэл эрмэлзэлтэй өөрийн гэсэн зорилготой, ухаалаг, удирдах арга техникийн хувьд эрх мэдлийг шилжүүлж чаддаг онцлогтой байжээ. ХАБЭА-н ажилтнууд 5С бүлгүүд болон ажиллаж эхэлсэн нь 5С-ийн талаарх цэвэрлэх, будах төдий ойлголтыг уламжлан авахаас татгалзаж, харин 5С-г ХАБЭА-н удирдлагын тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн болгох зорилго тавьсантай холбоотой юм. 
Таатай орчин. 1225 оны зун Чингис хаан “Их засаг” нийтлэх зарлиг буулгасан. Энэ сургаалийг жил бүрийн эхэн, адагт том ноёдоос энгийн ард хүртлэх хүмүүст сонсгодог, “Их засаг” хуулийг Монгол орны уудам нутагт бичиж түгээсэн зэрэг нь эзэнт гүрний шинэчлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үйлдэл байлаа.   
ХАБЭА ба Кайзен сэтгэлгээ, 5С хөтөлбөрийг боловсруулан, дээд удирдлагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаандаа мөрдлөг болгож эхэлсэн нь ХАБЭА-н үйл ажиллагаанд ажиллагчдыг татан оролцуулах замаар ажлын байранд аюулгүйн соёлыг төлөвшүүлэх арга зүй, эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн. 
Хөтөлбөрийн бэлтгэл үе шатны үр дүнд аюулыг илрүүлэх, арилгах бүтээлч санаачилгын эрх мэдлийг ажиллагчдад аажмаар зөв шилжүүлэх боломжтой. Учир нь “Эрх мэдэл бол хүн ямар нэг үйлийг гүйцэлдүүлэх эрх зүйн чадамж. Эрх зүйн чадамж үгүй бол үйлийн эцсийн хүсэн хүлээж буй үр дүнд хүрэх таатай орчин бүрдэхгүй”-г бид ойлгосон. 
Хүлээсэн үүргийн хэмжээ, цар хүрээнээс эрх мэдэл шалтгаалдаг байсныг Монголын нууц товчооноос Чингис хааны менежментээс бэлхнээ уншиж болно. 
Гүйцэтгэх үүрэг хэр их байна, эрх мэдэл дагаж нэмэгддэг аж. 1206 оны их шинэтгэлээр ... зарим хүмүүсээр овог аймгийг нэгтгэн, даргалан мэдүүлэх, ерөнхийлөн захирах, зөвшиж захирах, ахалж захирах, өөрөө мэдэж гүйцэтгэх, мэдэж захирах гэх мэтээр эрх мэдлийн хэм хэмжээг тогтоон ажиллуулсан байдаг. Өнөө үеийн олон хүний эндүү ойлголт шиг мөнгөний зузаатгал мэт ерөөс биш.  
Чингис хаан нь бүрэн эрх, эрх мэдэл тухайн хүнд байнга хадагдсан зүйл огт биш, гагцхүү тодорхой чиг үүргийг тодорхой хүрээнд, цаг хугацааны тодорхой заагт хүчинтэй байдгийг өөрөө сайтар ухаарсан, бусдад ойлгуулж чаддаг байжээ. 
Жишээ нь “...үүнээс хойш их эе зөвлөлдөөнд Бэлгүтэйг бүү оруул. Бэлгүтэй гаднах үйлийг захирч, хэрүүл ба хулгай худлын заргыг шүүж байтугай.Зөвлөлдөөн дууссаны хойно Бэлгүтэй, Даритай хоёр сая орж болно гэж зарлиг буулгав” гэснээс харж болно. 
Бүрэн эрхийн хэм хэмжээ, эрх мэдлийн зохистой хязгаарыг тухай бүр тогтоож байх нь аливаа үйлийг санасандаа хүртэл гүйцэлдүүлэх таатай орчин болдгийг Чингис хаан гүнээ ухамсарласан байжээ. 
Мэдлэг чадвар. Хүнийг үзэх Чингис хааны үзэл нь үнэнч сэтгэл, шударга зан, тэсвэр хатуужлыг буянт үйл ач тус, харин урвалт, итгэл эвдэлт, хулчгар занг гэмт явдал хэмээн үзэн яддагт тулгуурладаг аж.  
Чингис хааны чадвартай хүнийг урамшуулах хөдөлшгүй гол зарчим нь бүтээсэн үйл, байгуулсан гавьяа, үр дүнд нь шагналыг ягштал харгалзуулдаг байсанд оршино. Хэнийг, юуны төлөө, юугаар урамшуулж байгааг бүгд мэдэж байх нь Чингис хааны урамшууллын зохион байгуулалтын зарчим байв. 
Сэтгэл санааны урамшууллын тогтсон систем хэрэглэж байсан баримт Монголын нууц товчоонд олон тааралдана. “Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй гэж зарлиг болов”. Боорчи, Шихихутаг, Борохул, Сорхан шар ба түүний хүүхдүүд Чимбай, Чулуун нарт мөн дээрхийн адил соёрхол хүртээсэн баримт нэлээд байдаг. Гэхдээ энэ шагналыг хүртсэн нэг ч хүн осол гаргасан баримт нууц товчоонд тэмдэглэгдээгүй.
Хаан эзнээс хүртсэн сайшаалыг дааж явахын төлөө хичээл зүтгэл, тухайн хүний Чингист үнэнч зүтгэхийн сэтгэлийн дотоод сэдэл тэмүүлэл болж байсантай холбоотой болов уу.
Ийнхүү хүнийг үнэлэн урамшуулсан нөлөөлөл нь цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг байсан байна. Өнөө үед урамшууллын нөлөөллийн цаг хугацааны үргэлжлэл хэт богино, зөвхөн шагнах явцаас төдийлөн хэтэрч чадахаа больсон. Нэг хүнийг урамшуулсан нөлөө бусдад хүртээл бага байх нь түгээмэл болжээ. 
ХАБЭА-н ажилтан бид, ур чадварын өөрийн болон бодит үнэлгээ хийж, үр дүнд нь суурилсан хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан. Төлөвлөгөөнд тусгасан сэдвийг хуваарилан авч бүлгээрээ бие биедээ сургалт зөвлөлгөө өгч ажиллаж эхэлсэн нь “Бусдад заах нь суралцах, ур чадвараа хөгжүүлэх үр дүнтэй арга” гэж үзсэнд оршино. 
Эхний явцын үр дүнг хамт олны соёлын хяналтын хэлбэрээр гүйцэтгэсэн нь урамшуулалд ил тод шударга зарчмыг баримтлахыг хичээж байгаагийн илрэл юм. 
ХАБЭА-н бүх нийтийн сургалтанд ХАБЭА ба 5С-ийн хичээлийг шинээр зааж өнөөгийн байдлаар 2000 гаруй ажилтан хамрагдаад байна. 
Харилцан уялдаа холбоо харилцаа.  Солонгосын зохиолч Ким Жон Рэнийн онож хэлснээр “Монголчууд интернетийн холбоо буй болохоос долоон зууны тэртээ дэлхий даяар харилцаа холбооны сүлжээ буй болгожээ”. Дамжуулж байгаа мэдээлэлд ямар нэгэн утга зүйн гажилт гаргахгүйн тулд Монгол хүний ой тойнд үлдэхүйц, гол төлөв шүлэглэсэн хэллэгээр цээжлүүлэн элч илгээдэг байжээ. 
ÕАБЭА-н веб хуудсыг цогцоор нь шинэчлэн сайжруулахаар бүдүүвч загварыг боловсруулахдаа е-сонин, коммуникаци, е-хичээл, е-шалгалт, видео сан, фото альбом зэргийг шинээр ажиллуулахаар бэлтгэж байна. Компанийн “док оборот”-ын  ХАБЭА-н хэсэгт, үйл ажиллагааны манлайллын самбар зэргийг ашиглан эргэх холбоо харилцааны тогтолцоо бий болгохыг зорьж байна. 
Эцэст нь дүгнэхэд Чингис хааны менежментээс үлгэр авч инновацийн эко системийг бүрдүүлэх замаар ХАБЭА-н удирдлагын тогтолцоонд 5С уялдуулах үйл ажиллагааг зөв хийвэл ажлын байранд аюулгүйн соёлыг төлөвшүүлж чадах юм. 
 
                  ДОКТОР Л.БАТГЭРЭЛ 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:29
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог