×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Тэнгэр, газрыг аргадан тахив

22 6-р сар 2015 12:00
1067 удаа үзсэн
Эрдэнэт үйлдвэр Долоон бурхан буюу Долоон өвгөн одыг хоёр жил тутамд тахидаг уламжлалтай. Энэ жил зуны тэргүүн сарын шинийн 27-ны долоон бурхан одны буулттай билэгт сайн өдөр үйлдвэрийн удирдлагууд, сүсэгтэн олны хамт тахилгын зан үйл үйлдлээ. Шөнийн 22.00 цагийн орчим долоон бурхан од тэнгэрийн хоймор залрах үед Хутагт ламын гандан шаддүвлин хийдийн лам нар ном хурж, сүсэгтэн олон ажил үйлс, эрүүл мэнд, буян заяагаа даатган залбирч цай, сүүний дээж, цагаан идээ тэргүүтнийг өргөн ёслов. Том лед дэлгэцээр долоон бурхан одонд харьяалагдах жилтнүүдийн унших тарни, тахих эдийг үзүүлсэн нь цугласан олонд хэрэг болж байлаа. Намуухан үдэш Бурхан багшийн сэрэг дүрийн баруун энгэрт ариун үнэрт арц хүж анхилсан, гэрэлт зул бадамлан ар араасаа мандан ниссэн, ном айлдах лам нарын хоолой хоршсон ер бусын амгалан энэ газрыг хүн бүр зорин ирж байв. Дашрамд сонирхуулахад хаврын эхэн сарын 7, дунд сарын 4, адаг сарын 2, зуны эхэн сарын 27, дунд сарын 5, адаг сарын 23, намрын эхэн сарын 20, дунд сарын 17, адаг сарын 20, өвлийн эхэн сарын 11, дунд сарын 15, адаг сарын 8-нд Долоон бурхан одны буулттай өдөр тохиодог байна. 
Аливаа үйлийн хишиг буян нээгдэх билгийн тооллын зуны тэргүүн цагаагчин могой сарын 28-ны билэгт сайн өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд “Эрдэнэт” мандал овоог тахилаа. Овооны голоос ертөнцийн 4 зүг, 8 зовхисыг илэрхийлсэн улаан, цагаан, хөх, шар өнгийн хэц татаж дарцгаар чимэглэсэн харагдана. Сүсэгтэн олон өөрийн жилийн өнгөнд тохирох хэцэнд хийморь лундаа бадраах хуар, сахиус, дарцгаа зүүж сүслэн залбирав. Тухайлбал, улаан хэц байрлаж буй урд ба баруун урд зүгт могой, морь жилтнүүд гэх мэт. Овоог анх 1702 он буюу тэр үеийн Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Хангал чиглэлийн нутагт “Хутагт ламын хийд” бай-гуулагдсан цагаас Эрдэнэтэй уул хэмээн тахиж, шүтэж иржээ. Сүсэгтэн олон сөнгийн тогоонд идээ цагаагаа өргөж дүүргэлээ. Тахилгын лам нар уул ус савдгийг аргадан номын хур буулгаж, сан, сэржим, даллага айлдав. Намдаг сангийн сэржмийг  “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захи-рал Ц.Даваацэрэн хангай дэлхий, уул усандаа сүсэглэн өргөв. Үүний дараа эдийн дээдийг галд өргөсний дараа мэргэн харваач тэнгэрт дуут сум тавьж ёслов. Энэ үед үйлдвэр, орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон тавгийн идээгээ барьж хурайлав. Энэ үеэр Дундговь аймгийн харьяат Монгол улсын манлай уяач Эрдэнэчулууны унаган адууны угшил, Булган аймгийн Орхон сумын 4-р багийн малчин Г.Ганбаатарын сүргээс шарга азарга сэтэрлэж тавьснаар тахилгын ёслол өндөрлөв. 
Энэ өдрийн үдээс хойш Хүрэн шандын хөндийд гурван насны хурдан морьдын уралдаан болов. Их насны морьдын уралдаанд 50 шахам хурдан хүлэг шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Т.Нармандахын бор түрүүлж, Сэлэнгийн Цагааннуур сумын уяач Эрдэнэгэрэлийн хүрэн аман хүзүүд-сэн бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ё.Бямбацогтын ухаа, Сэлэнгийн Орхонтуул сумын уяач Дорлигийн толин хээр, Ерөө сумын Нямдоржийн бор морь удаалав. Үүний дараа 40-өөд соёолон гарааны зурхайгаас уралдаж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  уяач  Нямдоржийн  хонгор түрүүлж, “Эрдэнэт” үйлд-вэрийн уяач Ж.Батсайханы хар аман хүзүүдлээ. Харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач С.Мөнхбатын шарга, Аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн хонгор буурал, Улсын алдарт уяач Дэлгэрбаярын халтар  соёолон айргийн 3, 4, 5-аар давхив. Шүдлэн насны 30 гаруй  хурдан хүлэг тоосоо өргөснөөс Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач Ууганбаярын буган халтар түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Х.Манлайбаатарын  хон-гор аман хүзүүдэж, Т.Дүгэрээгийн хонгор гуравт, Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Г.Баянжаргалын цавьдар дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Алтангадасын хонгор айргийн тавд хурдалж торгон жолоогоо өргүүлсэн юм.  
 
М.ОДГЭРЭЛ
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:28
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог