Үйлчилгээний цех өрнүүн ажилтай... Онцлох

11 5-р сар 2020 12:00
231 удаа үзсэн
 
Эргэх дөрвөн цагт завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс бол Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилчид. Тэд өвлийн тэсгэм хүйтэнд харанхуйгаар шахуу ирээд цас шүүрдэнэ. Биднийг өглөөний найман цагтай уралдан ирэхэд хэзээний халтиргаа гулгаагүй болгочихсон, хөлс савсуулсан шигээ маадгар харж зогсоцгоодогсон. Хаврын хайлган цагаар мододтойгоо хамт дэлгэрэх мэт гадаалцгааж, ногоон байгууламжаа засаж тордон чийг усалгаагаар хангана. Зуны дэлгэрт өнгө ялдам гадна орчноороо гайхуулахад хөдөлмөр зүтгэлийг нь хүмүүс шагшина. Намрын уйтай өдрүүдэд ч хатсан навч хөлөөр хөглөрүүлэхгүй цэмцийлгэж сэтгэл өргөнө. Энэ бол Аж ахуй, үйлчилгээний цехийн зөвхөн гадна талбайн хэсгийнхний дүр байдал. Тэд Ерөнхий захиргааны I, II байрны гаднах 7,3 га талбайн цэвэрлэгээ, өнгө үзэмж, зохиомж шийдлийг хариуцдаг. Гэхдээ гадна талбай хариуцдаг эртэч зургаан хүн энэ бүхнийг амжуулах боломжгүй тул бусад үйлчлэгч нар нь хамжилцдаг байна. Биднийг очиход албан өрөөний цэвэрлэгээ хийдэг үйлчлэгч нар маань гадна талбайн замын хашлага будацгааж байв. Эмтэрч хагарсан зарим хэсгийг шинээр сэлбэх ажил давхар хийж харагдана. Тэд энэ хавар ногоон байгууламжийн цэнэг усалгааг эрт хийснээр бидний нэрлэж заншсан “сакура” буюу гүйлс эрт цэцэглэжээ. Үүнд цаг агаарын дулаарал ч нөлөөлсөн гэх. Эрдэнэтийн хавар эндээс эхэлдэг үү, гэлтэй түрүүлж өнгө засахад энэ хамт олны эв нэгдэл, итгэл сэтгэл, хичээл зүтгэл юу юунаас илүү нөлөөлдөг. Тэд цас ханзрах үеэс л моднуудаа хайчлан засаж, хортон шавж устгал хийж, хуучин навч хогийг цэвэрлэн торддог байна. Удахгүй мандалдаа 7000 гаруй цэцгийн үрсэлгээ суулгах гэнэ. Үүний 1000 гаруйг химийн цэвэрлэгээний хүүхнүүд нь ажлын байрандаа тарьж бэлтгэжээ. Гар сэтгэл нийлсэн санаачилгатай хамт олны ажил өрнүүн, урагштай байгааг харах сайхан. Химийн цэвэрлэгээнийхэн энэ жил шинэ туршилт явуулжээ. Өмнө нь топ менежерүүдийн ХАБ-ын хувцсыг материалаас болоод угаалгын технологиос шалтгаалаад ганддаг, өнгө алддаг учир авч цэвэрлэдэггүй байсан бол энэ жил угаалга, цэвэрлэгээнийхээ төлөвлөгөөг давуулан биелүүлэх зорилгоор “АБК”, “Гендирекц”-ийн ажилтнуудын шар хувцсыг долоо хоног тутам хуваарийн дагуу хурааж угаадаг болсон нь инженер техникийн ажилтнуудын талархлыг хүлээж байна. Ингэхдээ угаалгын бодис, цэвэрлэгээний технологио өөрчилж, зарим шаардлагатай тохиолдолд гараар хүртэл угаадаг гэнэ. Мөн тэд цэвэрлэхээс гадна товч хадах, цахилгаан солих, уранхай оёх, цоорхой  нөхөх үйлчилгээ давхар үзүүлдэг онцлогтой. Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа “Хойтон жилээс  ажилчдынхаа гутлыг цэвэрлэх, ингэхдээ засвар үйлчилгээг хамт үзүүлэхийг зорьж судалж байна. Тэгвэл уурхайчдын маань сэтгэл ханамж нэмэгдэх болов уу. Энэ санаагаа Ерөнхий захиралд танилцуулахад олзуурхан дэмжихээ илэрхийлсэн” гэж ярьсан юм.     
 
               
Тус цехийн 45 жилийн ойн баяр ирэх 10-р сард тохиох бөгөөд Эрдэнэт үйлдвэр хэмээх их “айл”-ыг цэмцийлгэгчид түүхэн ойгоо угтаж өөрсдийн хүч хөдөлмөрөөр 45 бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Ерөнхий захиргааны 2-р байрны урд цэцэрлэгт хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн гацуурт төгөл байгуулах ажлаа үргэлжлүүлэх, хадат хүрхрээг засварлаж, аюулгүй байдлыг хангах хашлага хийх, үйлдвэрийн газрын үнэт зүйл, эрхэм зорилго бүхий гэрэлт самбар босгох, “АБК”-ийн гадна сандал ширээтэй сүүдрэвч байрлуулах, соёл, урлаг гэсэн дугуй самбарыг шинэчлэх материалыг нь гаргаад өгчихвөл мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй хүч нөөц эднийд бий. Мастеруудтай нь уулзахад “Томоохон ажлын зургийг л мэргэжлийн цехээр гаргуулна уу гэхээс тохижилтын жижиг ажлын төсөөллийг өөрсдөө л гаргана. Манай Б.Туяа дарга үйлдвэрийн газрын эмэгтэй дарга нартай санал солилцоод, тэдний мэдрэмжийг ашиглаад зөвлөгөөг нь тусгаж байгаад л бид хийчихдэг юм” гэж ярьсан. Ажил нь урагштай яваа хамт олныг хүн бүхэн дэмжихийг хүсдэг. Тэд Нийгмийн харилцааны хэлтэс, Хөгжлийн хэлтэстэй хамтраад төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 
 
 
Аж ахуй, үйлчилгээний цехийн гол ажлыг нугалдаг хүмүүс бол үйлчлэгч нар. Нэг үйлчлэгч өдөрт дунджаар 10 гаруй өрөө цэвэрлэнэ. 30 минутын хугацаанд хаанаас нь эхлээд хаана дуусах хүртэл тогтсон дараалалтай, цагийн нарийн менежменттэй ажиллана. Тэдний төлөөлөл болох үйлчлэгч  Х.Оюунбилэгтэй уулзахад, ажилдаа 06.30 цагт ирдэг гэнэ. Хүмүүс ирэхээс урьтаж хоёр давхрын нийтийн эзэмшлийн талбайг эхлээд цэвэрлэж тав тухыг хангана. Дараа нь албан тасалгаануудаа цэмцийлгэнэ. Түүний хариуцдаг хэсэгт Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагийн өрөө багтдаг. Үйлчилгээний ажилтан ёс зүйтэй, харилцааны соёлтой, хүний итгэл даах чадвартай, хариуцлагатай, чин сэтгэлтэй байх ёстой гэж тэр ярьсан. Яг л энэ хэмнэлээр Х.Оюунбилэг Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Шинэ залуу ажилчдыг долоо хоног дагуулж, үйлчилгээний стандарт, цэвэрлэгээний горим дараалал, хүнтэй харилцах соёл, чадварт сургадаг гэнэ. Тэрээр 20 гаруйхан настай байхдаа хувинтай ус, шалны алчуур, модноос өөр хөдөлмөрийн зэвсэггүй ажлын гараагаа эхэлж байснаа дурссан. Харин орчин цагт  цэвэрлэгээ үйлчилгээний материал, хэрэглэгдэхүүн боловсон сайхан болсон. Өөрт ч хөнгөн, хүнд ч түвэг учруулахгүй, харахад авсаархан цэгцтэй болсон. Бид эхлээд халаад өмсдөг байсан бол одоо хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэй хэр нь үйлдвэрийн газрынхаа нүүр царайг бас тодорхойлдог утгаараа цэвэр үзэмжтэй хувцасладаг гэж ярив. 
 
 
Үйлчлэгч нарт ихэнх ажилтан элгэмсүү дотно, найз шиг ханддаг бол зарим хүмүүс цэвэрлээд явснаас таван минутын дараа дуудаад базсан цаасаа хогийн саванд хийхийг шаарддаг гэнэ. Хүний хөдөлмөрийг хүндэтгэдэг, ойлгодог соёлтой хүмүүс дийлэнх нь байдаг сайхан шүү гэж тэд өөрсдийгөө аргадна билээ.         
 
    
Сүүлийн үед Хамтын гэрээгээр, сонгон шалгаруулалтаар үйлчилгээний ажилд орсон хүмүүс бүгд дээд боловсролтой. Гэсэн ч дээд боловсролтой болгон үйлчилгээний ажлыг төгс хийдэг гэсэн үг биш. Үйлчилгээний ажилд ёс зүй, сэтгэл, хандлага чухал гэж Б.Туяа дарга хэлсэн. Ажилтнуудаа сургалтад хамруулаад харилцаа хандлагыг нь дээшлүүлээд байхад тогтсон байр суурьтай зарим ажилтнууд дагаж соёлжиж өөрчлөгдөхгүй байгаад сэтгэл дундуур явдгаа ч нуусангүй.  
Шинэ бүтцээр Орон сууцны хэсгийг Аж ахуй, үйлчилгээний цехэд нэгтгэснээр эднийх ам бүл өнөр болсон. Эрдэнэт үйлдвэрт “фондын” гэж нэрлэгддэг 370 гаруй орон сууц байгаа нь бүгд эзэнтэй. Мөн эднийх орос мэргэжилтнүүдийн тавилга, цахилгаан гэмтэл зэргийг ч хариуцаж ажилладаг. 
Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрийн өнгө төрх, имиж бүрдүүлэлт, үйлчилгээний соёл, тав тухыг тодорхойлдог Аж ахуй, үйлчилгээний цехийн ажил урагштай, үйлс өрнүүн байна.   
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 11 5-р сар 2020 08:19
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог