Дэвшилд тэмүүлэгч хамт олон Онцлох

20 1-р сар 2020 12:00
508 удаа үзсэн
 
    Эрдэнэт үйлдвэрийн зүрхэн цех Баяжуулах үйлдвэрийн аварга тээрэм, бутлуураас эхлэн бүхий л тоног төхөөрөмжийг угсарч  суурилуулах, засч сэлбэх, “эмчлэн” илааршуулах их ажлыг Засварын хэсэг хийдэг. Эгнээнээсээ “гавьяат” төрүүлсэн энэ хамт олон өнгөрсөн жил ч амжилтын буухиагаа ахиулжээ. Баяжуулах үйлдвэрээс зарлаж, бүтэн жил үргэлжилсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааны шилдгээр шалгарав. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жилд үйлдвэрийн газарт өрнөсөн далайцтай том ажлуудын ихэнхийг гардан хийсэн гавьяатнууд бол Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн. Эднийхэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболд, А.Ф Тюряковын нэрэмжит шинэхэн шагналтан Козорез А.В, үйлдвэртээ үр өгөөжтэй ажилласныхаа шангаар хувийн орон сууцны түлхүүр гардсан Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Г.Бат-Эрдэнэ нарын зэрэг шилдгүүд цугларсан “онцгой” хамт олон. Он гарсан ч тэдний ажил ундарсаар. Бид Засварын хэсгийнхний ажлын нэгээхэн хэсгийг сурвалжлахаар  Өөрөө нунтаглах хэсэг дээр ирлээ.  Аварга тээрмүүд эрчилдэн  эргэлдэх энэ хэсэгт жилд 13 сая тонн хүдэр боловсруулдаг аж. Нунтаглалтын хоёрдугаар шатны гуравдугаар тээрмийг солих ажил өнгөрсөн оны 12-р дундуур эхэлжээ. Доржболд гавьяатаар ахлуулсан Угсралтын тусгай бригадынхан тээрмийн титэм арааны боолтын чангалгаа хийж байв. Дүнгэнэх их чимээнд биднийг ойртон очихыг ч анзааралгүй ажиллах тэдний заримтай уулзаж ярилцлаа.  
 
Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Т.АМАРХҮҮ: 
 
    Энэ хэсэгт 23 дахь жилдээ засварчнаас механикч хүртэл ажиллаж байна. Бидний ажил  үндсэн үйлдвэрлэлийг тасралтгүй найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлдгээрээ хариуцлагатай бас онцгой. Одоо манай ӨНХ-ийн 3-р тээрмийг сольж байна. Цагт 300 гаруй тонн хүдэр боловсруулдаг энэ тээрэм хоёр дахь шатных. Хүдрийг ММС-1 тээрэмд нунтаглаад ангижруулагчаар оруулж, шаардлагатайг нь дахин буталдаг юм. Хуучин тээрмийг авсан. Шинэ тээрмийн угсралтын ажил үргэлжилж байна. Бид энэ сарын 28 гэхэд тээрмийн угсралтыг дуусгахаар шамдаж байна. Тусгай бэлтгэгдсэн Угсралтын бригадын найман хүн ажиллаж, демонтаж, угсралтын ажил гүйцэтгэж байна. Мөн ӨНХ-т ажилладаг Засварын хэсгийн хамт олон тээрэм солих ажлыг гүйцэтгэж байгаа. Засварын ажлыг  чанартай, хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэснээр хүдэр боловсруулах төлөвлөгөөг давуулан биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ чухал ажилдаа өөрсдийгөө дайчилдаг. Бас бахархдаг. 
 
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, засварчин Э.ДОРЖБОЛД:
 
    Манайх оны өмнөхөн 7-р тээрмийн угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр үзүүлэлттэй хийж дуусгалаа. Одоо ӨНХ-ийн гуравдугаар тээрмийг сольж байна. Үүнийг ч мөн  төлөвлөснөөс 14  хоногийн өмнө дуусгахаар шамдан ажиллаж  байна.  Манай Засварын хэсгийн хамт олон гар сэтгэл нийлсэн, ажилсаг хүмүүс. Асар их хөдөлмөрийнхөө шимээр өнөөдөр Дэвшилд тэмүүлэгч хамт олон боллоо. Сайхан байна. Цех хэсгийн удирдлагууд биднийг бүтээмжтэй, аюулгүй ажиллах боломжоор их  сайн хангаж байна. Засварын багаж тоног төхөөрөмж нилээн шинэчлэгдсэн. Жишээ нь өнөөдөр бид боолт чангалах ажлаа АНУ, Герман улсад бүтээгдсэн гидро түлхүүрүүд ашиглаж байна. Ингэснээр бидний ажил их хөнгөвчлөгдөж байна. Өмнө нь ийм байгаагүй. Боолтод түлхүүр хийж, кранаар татаж чангалдаг, 360 боолтыг хоёр өдөр чангалах жишээтэй байлаа. Дэвшилтэт багаж ашигласнаар цаг хугацаа ч хэмнэж, боолтны чанарт сайнаар нөлөөлж байна. Манайхны хөдөлмөрийг төр засаг, Эрдэнэт үйлдвэр, цехийн захиргаанаас үнэлж байгаад бид баяртай явдаг. Засварчид хөлс хүчээ шавхан угсарсан, засварласан тээрэм, бутлуураа хүнгэнэтэл сайхан ажиллахыг харж, өөрсдөөрөө бахархдаг даа. 
 
Засварын хэсгийн дарга Д.НАРАНБААТАР:
   
    Баяжуулах үйлдвэрээс 2019 онд Манлайллыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааныг бүтэн жилийн турш зохион байгуулан шинэ оны босгон дээр дүнгээ гаргасан юм. 13 хэсгийг таван чиглэлээр дүгнэсэн уралдаанд манайх тэргүүн байр эзэлсэн. Тухайлбал, ХАБ-ын чиглэлээр бид амжилттай ажилласан. Тухайн жилдээ осол аваар, осолд дөхсөн тохиолдол гаргаагүй. Мөн Өглөөний ХАБ, Өглөөний дасгал зэрэг аянг дөрвөн улирлын турш зохион байгуулсан. Аюулыг мэдээлэх хуудас ашиглан ослыг  арилгахад идэвхтэй  оролцсон. Үүний үр дүнд Аюулгүй ажиллагчаар анх удаа  гурван  хүн, хоёр дахь удаагаа гурван хүн, гурав дахь удаагаа нэг хүн шалгарсан. Мөн Үлгэр жишээ 5С хэрэгжүүлэгч хамт олон болсон. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд манайхан томоохон хувь нэмэр оруулсан. Баяжуулах үйлдвэр  2019 онд 31,5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэйгээс  32,2 сая тонныг  боловсруулсан. НБХ-т ажилладаг есөн тээрмийг 5900 цагт засах жилийн төлөвлөгөөтэй ч 5275 цагт багтаан засч, 625 цаг хэмнэсэн. ӨНХ-т  батлагдсан 3791 цагийн  засварыг 2900 цагт багтааж хийсэн. Нийт дүнгээрээ бүтэн жилдээ 1454 цагийг засварын ажлаас хэмнэсэн. Тээрмүүдийг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд засварласнаар 700 мянган тонн хүдэр нэмж боловсруулах боломжийг зөвхөн Засварын хэсгийн ажилчдын хүчээр бүрдүүлсэн. Олон нийтийн үйл ажиллагаанд манайхан байнга идэвхтэй оролцдог. Тухайлбал сагсны тэмцээнд хоёр дахь жилдээ, шагайн харваа, хөл бөмбөгт мөн түрүүлсэн. 2020 оны анхных болох цасны баярын тэмцээнд манай хамт олон тэргүүн байр эзэллээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр бид олон ажил хийсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн 7-р тээрэм  солих, 205-р флот машин шинэчлэх, конвейерын редукторуудыг Герман улсын SEW-EURODRIVE фирмийнхээр, шигшүүрүүдийг Австри улсынхаар солих, БТХ дээр Метсо бутлуур, ӨНХ дээр TELSMITH бутлуур суурилуулах зэрэг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг манай  хэсгийн хамт олны хүчээр хийж гүйцэтгэсэн. Суурилуулж угсарсан тоног төхөөрөмж бүхэн  сайн ажиллаж байгаа нь  манайхан  хэр мэргэшсэн, чадварлаг, хөдөлмөрч хамт олон болохыг харуулж байна. 
 
Засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ: 
 
    Би Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт 19 жил ажиллаж байна. Удам дамжсан уурхайчдын нэг. Аавыгаа “40 хувьд” гарахад залгамжлан орсон. Энэ бахархалт үйлдвэртэй хувь заяагаа холбосондоо баяртай явдаг. Би гэр хороололд амьдардаг байсан. Өнгөрсөн оны сүүлчээр үйлдвэрийн захиргаа найман хүнд ажлын үр дүн, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж байр өгсөн. Үүнд манай хамт олон миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрээс гурван өрөө сайхан байр өгсөн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө улам сайн ажиллах эрч хүч, урам бэлэглэсэн. Би болоод манай гэр бүл ах дүүс, найз нөхөд маш их баяртай байгаа. Манайхан байрны түлхүүрээ гардаж авсан орой хөндий байшиндаа гудсаа авч очоод хоноцгоосон. Үйлдвэрийнхээ хайр хишиг, хамт олны итгэлээр тохитой  байрандаа жаргалтай амьдарч байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо баярлалаа. 
 
 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
 
Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 20 1-р сар 2020 10:00
Үнэлэх
(2 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог