×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэтийнхэн Монголд анх удаа түүхий резин үйлдвэрлэж эхэллээ

09 12-р сар 2014 12:00
23673 удаа үзсэн

     Эрдэнэтийн хөгжилд өнгө нэмсэн Түүхий резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэр энэ оны 11-р сарын 29-нд Говил багт үүдээ нээлээ. Шинэ үйлдвэрийн нээлтэд Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч  захирал Б.Намхайнямбуу нарын албаны хүмүүс оролцов. Ш.Дэмбэрэл захиралтай “Мэйнспринг” ХХК Говилд байрладаг хуучин “Эгшиглэн” төвийн байрыг засварлан түүхий резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар шинэчилжээ.

Мэйнспринг ХХК-ийн захирал Ш.Дэмбэрэл:
     - Манай компани 2008 оноос хойш гадаад дотоод худалдаа, жуулчлалын чиглэлээр ажилласан.  2014 оноос үндэсний үйлдвэрлэгч компани болж Монголд анх удаа түүхий резин үйлдвэрлэж  эхэлсэндээ  баяртай  байна. Цаашид энэ үйлдвэрээ өргөжүүлж резинээр импорт орлох олон төр-лийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэрийг байгуулахад урам зориг өгч, итгэл найдвар хүлээлгэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн болон  Орхон аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье гэв.

Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн шинэ үйлдвэрийг  нээж хэлсэн үгэндээ:
     - “Эрдэнэт хотод нэгэн шинэ үйлдвэр байгуулан үүдээ нээж байгаа тус компанийн хамт олонд  баяр хүргэе. Монгол улс 2014 онд бүтээн байгуулалтын их ажил  өрнүүлж олон шинэ үйлдвэр ашиглалтанд орж байна. Аймгийн ИТХ-аас Үйлдвэр технологийн парк, түүний хэсэгчилсэн төлөвлөгөөг баталсан. Говил багт Монгол улс, Орхон  аймгийн ирээдүйг тодорхойлох олон сайхан үйлдвэр   байгуулагдах  эрх зүйн орчин ийнхүү бүрдсэн. Аймгийн төр, захиргааны байгууллага, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгууллагуудыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна” гэв.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн тус үйлдвэрийн нээлт дээр Мэйнспринг ХХК-ийн хамт олонд баяр хүргэж хэлсэн үгэндээ:
     - Импорт орлох шинэ бүтээгдэхүүн  үйлдвэрлэнэ гэдэг амаргүй. “Аливаа ажлыг хийе гэвэл аргыг нь, хийхгүй гэвэл шалтгийг олдог” гэсэн үг бий. Хийе, бүтээе гэсэн хүмүүст өнөөдөр арга нь олдож байна. Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд  шинэ үйлдвэр байгуулж буй хүмүүстэй бид хамтран ажиллахдаа таатай байх болно. Бид тэднийг аль болох дэмжиж ажиллана. Ялангуяа өнөөдөр ашиглалтанд орж байгаа түүхий резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр манай үйлдвэрийн Засвар механикийн заводад туршлагатай, чадварлаг инженер, мэргэжлийн ажилчид олон бий. Тиймээс та бүхний шинэ үйлдвэрлэлд бид мэргэжлийн туслалцаа үзүүлж дэмжин ажиллана. Импортоор авдаг бараа бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх нь Монгол улсын хөгжилд том хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Та бүхэнд ажлын амжилт хүсье гээд алд цэнхэр хадаг, цагаан идээтэй мөнгөн аяга тэргүүтнийг Мэйнспринг ХХК-ийн захирал Ш.Дэмбэрэлд өргөн барилаа.

     Ерөнхий захирал Ц.Даваацэрэн шинэ үйлдвэртэй танилцах зуураа залуу үйлдвэрлэгчдэд хандан “Шинэ үйлдвэр цаашид оршин тогтнох үндэс нь чанар шүү дээ.Тиймээс бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн зөвлөв.
Түүхий резин үйлдвэрлэлийн үйл явцтай танилцах зуур зарим хүний сэтгэгдлийг сонссон юм.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу:
    - “Эрдэнэт” үйлдвэр жилд 120 тн резин бүтээгдэхүүн ашигладаг. Түүнийг  цаашид  энэ шинэ  үйлдвэрээс авах бодолтой байгаа. Чанар сайн байвал бид хамтран ажиллана. Яг манай үйлдвэрийнх шиг лабораторийг энэ үйлдвэр оруулж ирсэн байна. Манай үйлдвэр импортоор авдаг бүтээгдэхүүнийг дэргэд чанартай үйлдвэрлэж байвал бид заавал гадаадаас резин авна гэхгүй. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрт хэмнэлт гарна. Бүтээгдэхүүн нь чанартай байвал эднийд ч, манайд ч ашигтай. Манай үйлдвэр туршилтын байдлаар энэ үйлдвэрээс 1,5 тн резин бүтээгдэхүүн аваад байгаа. Манайх бүтээгдэхүүнийг нь авч үйлдвэрлэл явуулж байгаа нь энэ шинэ үйлдвэрт том дэмжлэг болно гэсэн үг. Зах зээлд хэрэглэгч нь бэлэн байгаа учраас энэ үйлдвэрийн хамт олон итгэл дүүрэн үйлдвэрээ ашиглалтанд оруулсан байх гэж бодож байна. Резиний үйлдвэрийн лаборатори нь сайхан санагдлаа. Чанартай резин  үйлдвэрлэнэ гэдэгт нь найдаж байна хэмээн итгэл дүүрэн ярилаа.  

“Эрдэнэт” үйлдвэрийн ЗМЗ-ын Резиний цехийн мастер А.Ууганбаяр:
   - Резиний  үйлдвэрийн бүтээгдэхүүн манай ЗМЗ-ын гол түүхий эд юм. Өмнө нь бид ОХУ болон Хятад улсаас импортоор авч байсан түүхий резинийг одоо орон нутагт үйлдвэрлэж эхэлсэнд баяртай байна. Түүхий резин тээвэрлэлтийн явцад чанараа алдах магадлалтай, нэлээн эмзэг бүтээгдэхүүн байдаг. Нөгөө талаар гадаадаас авдаг түүхий резин дотор чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн ирэх тохиолдол байсан. Гэтэл энд түүхий резиний үйлдвэр нээгдсэнээр бид импортоор авдаг байсан шигээ түүхий резинийг бөөнөөр нь авч хадгалах шаардлага-гүй  боллоо.  Нэг  орон  нутагт  зэрэгцэн ажилладаг  энэ  үйлдвэрээс  өдөр тутам юмуу 7 хоногийн нөөцтэйгээр  аваад хэрэглэх боломжтой болж байна. Манайх жилд 80-120 тн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэдгээ-рийн түүхий эдийг 100 хувь гадаадаас авдаг байсан. Одоо орон нутагт резиний үйлдвэртэй болсноор бид 80-100 тн резин хадгалах том агуулах сав бэлтгэх шаардлагагүй болж байна. Ингэснээр ажлын байранд сул талбай гарна. Хоёрдугаарт, энэ үйлдвэр манайхтай  ойр  учраас  бүтээгдэхүүний чанарт хяналт тавих боломжтой болсон. Гуравдугаарт, үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүнд тохирсон резинийг маркаар нь захиалан бэлтгүүлэх боломжтой. Ийм ойрхон үйлдвэрээс түүхий эд авах нь “Эрдэнэт”  үйлдвэрийн  хувьд резиний тээврийн зардал бүхэлдээ хэмнэгдэнэ гэсэн үг. ЗМЗ-ын үйлдвэрлэж байгаа резинэн бүтээгдэхүүн “Эрдэнэт” үйлдвэрийн нийт резинэн эд ангиудын 40-50 хувийг дангаараа хангадаг. Бид 2015 онд тээрмийн хуяг хийх зорилт тавиад бэлтгэл ажлаа хангаж байгаа. Манай Засвар  механикийн завод жилд нийт 3000 орчим  нэр төрлийн эд анги резинээр үйлдвэрлэдэг. Сүүлийн үед уул уурхайн үйлдвэрүүд  резинэн бүтээгдэхүүн их  хэрэглэх хандлагатай болсон. Учир нь резин эдлэл үрэлтэнд тэсвэртэй, хөнгөн, хямд өртөгтэй гээд олон давуу талтай байдаг гэв.

     Энэ өдөр үүдээ нээсэн Түүхий резиний үйлдвэр өдөрт 200-1500 кг, жилд 300 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүхий эд нь халуун орны модноос гарган авдаг каучук бөгөөд түүнийг химийн 17 нэрийн бодистой нийлүүлэн түүхий резин үйлдвэрлэж байна. Резиний ихэнх үйлдвэр хуу-чин резинийг дахин боловсруулдаг бол эднийх байгалийн каучук боловсруулан түүхий резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог юм. Үйлдвэрлэлд хэрэглэдэг бодисуудыг  Вьетнам, Хятадаас худалдан авдаг. Цаашид Малайз, Индонез улсаас авах боломжтой гэнэ. Химийн 17 төрлийн бодисын тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд авсан байна. Өнөөдөр тэд түүхий резин үйлдвэрлэж байна. Цаашид машины булны резин, тульк резин гээд өндөр хатуулаг шаарддаг эд анги үйлдвэрлэх боломжтой ажээ. Учир нь тус үйлдвэрийн резин  хатуулаг өндөртэй үйлдвэрлэгддэг.
     Резинийн үйлдвэр  “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй ижил лаборатори оруулж ирснээ бахархалтай ярьж байсан. Тэд цаашид резинээр хийж болох машины бүх эд ангийг хийнэ. Цаашид туузан дамжуулгын ремен ч хийх талаар судалж байгаа гэж ярина билээ. Залуу үйлдвэрлэгчид шинэ үйлдвэрийнхээ  ирээдүйг  ийнхүү гэрэл гэгээтэйгээр харж чадсан нь бахархалтай байлаа.
     Эрдэнэт хотод ашиглалтанд орсон Түүхий резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэр анхны хөрөнгө оруулалт 900-аад сая төгрөгийг 2 жилийн хугацаанд нөхнө гэж тооцжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн дэмжлэгтэйгээр, импорт орлох бүтээгдэхүүний ийм нэгэн үйлдвэр Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийн эгнээнд жагсаж эхэллээ. Шинэ үйлдвэрлэгчдэд амжилт хүсье.

Ж.ОЮУН

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 09 12-р сар 2014 08:59
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог