×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Шинэ бүтээн байгуулалт - Нэг өдөр гурван үйлдвэр ашиглалтанд оров

09 12-р сар 2014 12:00
3913 удаа үзсэн

     Энэ оны 11-р сарын 29 буюу өвлийн тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Эрдэнэт хотод Бэрэн группийн Төмөрлөгийн цогцолборын Ширэмний үйлдвэр, Түүхий резин, резин бүтээгдэхүүний үйлдвэр, “Эрдэнэт хивс” ХХК-ийн нано технологийн даавууны үйлдвэр ашиглалтанд орж нээлтээ хийв. Эдгээр үйлдвэрүүд Шинэчлэлийн Засгийн газрын “Чингис” бондоос тодорхой хэмжээгээр санхүүжсэнийг албаны хүмүүс ярьж байлаа. Үүний зэрэгцээ “Эрдэнэт хивс” ХХК-ийн хивсний “Атилла” брэнд нэхэх, ноос угаах, хатаах шинэ машины нээлт тус тус болов. Шинэ үйлдвэрүүдэд хийсэн сурвалжилгыг уншигч танд хүргэж байна.

Монголын анхны төмөрлөгийн цогцолбор үйлдвэр Эрдэнэтэд байгуулагдлаа

    Монголын төмөрлөгийн үйлдвэрлэлийн магнат Бэрэн группийн харьяа “Хөх ган” ХК 2009 онд Орхон аймгийн Говил багт ангижруулсан төмрийн үйлдвэр ашиглалтанд оруулсан. Хөх ган ХК-ийн төмрийн баяжмал ангижруулах зуух нь хамгийн өндөр ажлын температур 1150 хэмд төмрийн ислийг  ангижруулж задлаад металл болгодог технологитой. Энэ нь Швед технологи юм. Тоног төхөөрөмж нь Хятад улсынх. Төмрийн баяжмал энэ зууханд 72 цаг боловсруулагдсаны дараа шууд ангижруулсан төмөр болно. Энэ зуух мэдээж автомат удирдлага, хяналтын тусгай системтэй. “Хөх ган” ХК нь өндөр агуулгатай төмрийн баяжмалыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас авчирч боловсруулан сайн чанарын ангижруулсан төмөр гарган авч, төмөрлөгийн үйлдвэрийн  түүхий эдийг бэлтгэдэг. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авч хайлуулан ширэм үйлдвэрлэх нэгэн шинэ үйлдвэр ашиглалтанд орлоо. Энэ үйлдвэрүүд бүгд Бэрэн группийнх. Говил багт очоод хаанаас ч харсан нүсэр том барилгын төмөр арматур нүдэнд тусах болжээ. Дөхөөд очвол хашаан дотор нь овоолж, хураасан ширэм хараа булаана. Шинээр ашиглалтанд орсон ширэмний үйлдвэрийн домен зуух уур савсуулан ажиллаж, олон арван хүн чөлөө завгүй хөдөлмөрлөж буйг харахад бахархмаар. “Хөх ган” ХК-ийн дэргэд бүтээн босгож буй Монголын анхны Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборт ийнхүү хөдөлмөр чухамдаа буцалж байна. Шинэ үйлдвэрийн нээлт эхлэх хооронд зарим хүний санал бодлыг сонсож амжив.

“Төмөрлөг үйлдвэрлэл” сэтгүүлийн Ерөнхий редактор, Техникийн ухааны доктор, металлургич Д.Бэх-Очир:
     - Би өмнө нь “Хөх ган” ХК-д ажиллаж байсан. Намайг энд ажиллаж байхад тус компани шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэдэг байсан. Одоо Бэрэн групп шууд ангижруулсан  төмрөө  агломерат /биежүүлсэн хүдэр/ болгоод түүнийг домен зууханд шатааж стандартын ширэм үйлдвэрлэж эхэлснийг хараад үнэхээр сэтгэл догдолж байна. Өмнө нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр дандаа хаягдал ширэм хайлдаг байсан бол Эрдэнэтийнхэн төмрийн цэвэр хүдрээс ширэм гаргаж эхэллээ. Төмрийн баяжмалыг агломерат буюу биежүүлсэн хүдэр болгож байж хайлах зуух руу оруулахгүй бол баяжмал хайлбал бөөн тоос дэгдээд үйлдвэрлэл явуулахад маш хүндрэлтэй болдог. Энд үйлдвэрлэсэн ширмийг дараа нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч юмуу өөрийн гангийн үйлдвэрт хайлаад ган бөмбөлөг, ган туйван буюу барилгын арматур зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоод зах зээлд гаргах гэж байгаа нь Эрдэнэт хот, эх орны аль алинд нь ашигтай. Учир нь дараа жилээс Эрдэнэтийн 1000 гаруй хүн энд ажлын байраар хангагдах боломж бий болж байна. Улмаар импорт орлох бүтээгдэхүүн буюу арматур үйлдвэрлэх учраас монголд баригдах  барилгын өртөг зардал аяндаа бууна. Барилгын өртөг зардал буухаар шинэ байруудын үнэ бас багасна биз дээ. Энэ нь иргэдэд ашигтай. Ингээд бодохоор Төмөрлөгийн үйлдвэрлэлийн цогцолбор гэдэг нь стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл шүү дээ гэв.

     Ийм үг сонсоход үнэхээр сэтгэл сэргэм байлаа. Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборын нээлтэнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж өнөөдрийн энэ томоохон бүтээн  байгуулалтын  төслийг  хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Н.Батбаяр, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж, энэ төслийг хэрэг-жүүлэхэд их хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Мөнхбат, Бэрэн группийн уул уурхай, төмөрлөгийн үйлдвэрүүдийн төслийн зөвлөх, МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Ч.Бадамсүрэн, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.


Бэрэн группийн Ерөнхий захирал Д.МӨНХТӨР:
     - Монгол улс төмрийн хүдэр, кокс, нүүрсний нөөцөөр дэлхийд дээгүүрт багтдаг. Бэрэн групп сүүлийн 10 жилд энэ баялаг нөөцийг ашиглан эх орондоо өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж ажилласан. Өнөөдөр эрхэм зорилго биеллээ олж домен зуух бүхий гангийн цогцолбор үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтанд оруулж байна. Бид энэхүү зорилтоо биелүүлэхийн тулд МУ-д өмнө нь үйлдвэрлэж байгаагүй 5 зүйлийн завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж, технологийг эзэмшлээ. Өөрөөр хэлбэл,  Архангай аймагт төмрийн хүдрийг боловсруулж баяжмал гарган авсан. Дараа нь төмрийн хүдрийн баяжмалаа домен зууханд зориулж агломерат үйлдвэрлэсэн. Мөн төмрийн хүдрийн баяжмалаас ангижруулсан төмөр үйлдвэрлэсэн. Дараа нь Тавантолгойн коксжих нүүрсийг ашиглан кокс гаргасан. Өнөөдөр ширэм үйлдвэр-лэж эхэллээ. Энэ 5 бүтээгдэхүүнийг ашиглан бид цаашид жилд 200 мянган тонн өндөр чанарын арматур үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ 5 бүтээгдэхүүний ард таван үйлдвэр байгуулаад ажиллаж байна. Эхний үйлдвэрээ бид 2007 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд нээсэн. Дараа нь 2009 онд Эрдэнэт хотод жилд 100 мянган тонн ангижруулсан төмөр үйлдвэрлэх “Хөх ган” үйлдвэр байгуулсан. 2014 онд жилд 200 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай төмөрлөгийн цогцолбор үйлдвэрээ нээж байна.
     Жилд 200 мянган тонн өндөр чанарын арматур үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрийг бид 2015 онд бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулна.   Энэ  нь   МУ-ын   барилгын салбарт шаардлагатай байгаа арматурын үнэ болох 200 сая ам.долларын импорт орлох  бүтээгдэхүүн  болох юм.


     Энэхүү төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн нийт өртөг 70 сая доллар бөгөөд энэ хөрөнгө оруулалтын 2,7 сая долларыг МУ-ын шинэчлэлийн Засгийн газрын “Чингис” бондоос санхүүжүүлсэн юм. Энэ үйлдвэрийн түүхий эд болох чулуу, кокс, нүүрс зэргийг эх орноосоо хангана. Харин эцсийн бүтээгдэхүүн арматурыг үйлдвэрлэхэд Япон улсын JIS стан-дарт хангасан өндөр зэрэглэлийн технологи ашиглана.
     Энэ цогцолбор үйлдвэр ашиглалтанд орсноор эхний гурван жилд хөрөнгө оруулалтаа нөхөж дуусгана. Цаашид орлогоороо үйлдвэрлэлээ өргөтгөж 2020 онд жилд 500 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалд хүргэх зорилт тавьж байгаа.
Монголын бусад компаниуд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн болох ширэм ашиглан өөр төрлийн олон бүтээгдэхүүн хийхийг хүсч байна. Тухайлбал, лист төмөр, төмөр замын рейс, труба, хадаас гээд амьдралд хэрэгцээтэй олон төрлийн төмөр бүтээгдэхүүн хийж болно. Энэ олон нэрийн бүтээгдэхүүнийг заавал манайх дангаар хийх албагүй, бидэнтэй хамтран ажиллах салбар үйлдвэрүүд байх нь илүү ач холбогдолтой юм.
     Энэ үйлдвэрийг барьж байгуулахад хамгийн гол дэмжлэгийг шинэчлэлийн Засгийн газар үзүүлсэн. Тиймээс Засгийн газартаа талархал илэрхийлье. Шинэ үйлдвэр байгуулах төслийг маань дэмжиж Засгийн газрын хуралдаанаар оруулсан Барилга хот байгуулалтын яам, төслийг хүлээн авч санхүүжүүлсэн Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк, арилжааны зээлээр туслалцаа үзүүлсэн Хаан банкны хамт олон, тоног төхөөрөмж, технологи нийлүүлсэн Сингапур, Японы компаниуд, түүхий эд материал нийлүүлж ажилласан Тавантолгой транс компани, Эрдэнэс холдинг, Фокус майнинг компанийн хамт олонд баярлалаа.
     Монголчууд   Чингис   хааны   үед 7 төрлийн ган хийж байсан  нь  түүхэнд бичигдэн үлдсэн бий. Энэ билэгт сайн өдөр Монгол улсад, Эрдэнэт хотод бид хүнд үйлдвэрийн цогцолборын суурь тавилаа. Өөрөөр хэлбэл, Монгол улсад хүнд үйлдвэрийн эрин ирж байна гэхэд шинэ үйлдвэрийн нээлтэд оролцсон зочид алга ташин баяр хүргэлээ.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн сэтгэгдлийг бид сонслоо. Тэрээр ярихдаа:  
     - 2014 он бүтээн байгуулалтын жил болж байна. Энэ жил манай Эрдэнэт хотод олон үйлдвэр үүдээ нээлээ. Шимтехнологи ХХК үйлдвэрлэлээ дахин эхлүүлсэн, “Ачит ихт” ХХК-ийн зэс хайлуулах гидрометаллур-гийн үйлдвэр  шинээр байгуулагдаж  ашиглалтанд орсон. Өнөөдөр буюу өвлийн эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Эрдэнэт хотод Бэрэнгийн гангийн үйлдвэр ширэмний анхны хайлалт хийж үйлдвэрлэлээ эхэлж байна, Эрдэнэт хивс ХХК нано технологийн даавуу үйлдвэрлэж эхэллээ, мөн Түүхий резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэр үүдээ нээж байна. Ийнхүү Эрдэнэтэд үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтууд өрнөж байгаа нь билэг дэмбэрэлтэй юм.


     Манай “Эрдэнэт” үйлдвэр 36 жил ажиллахдаа металлургийн чиглэлээр мэргэшсэн олон чадварлаг инженер техникийн ажилтантай болсон. Тиймээс цаашид Бэрэнгийн үйлдвэрлэсэн гангаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар  Бэрэн групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу  ган болон  ширмээр хийж  болох  олон бүтээгдэхүүн дээр  хамтран  ажиллана. Бидний  гарын  үсэг зурсан санамж бичгийн дагуу нэлээн хэдэн судалгааны ажил эхлүүлсэн. Эдний үйлдвэрлэсэн гангаар лист төмөр, арматур, ган бөмбөлгийн  бэлдэц хийх  гээд  металл бүтээгдэхүүн   хийх  боломж  бий болно. “Эрдэнэт” үйлдвэр энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэх чадварлаг боловсон хүчин олонтой. Манай   үйлдвэрийн   Засвар   механикийн завод металл  боловсруулах  болон цутгуурын ажлаар туршлагажсан, эдгээрийг хийх чадвартай хамт олон. Тиймээс орон нутагт үүд хаалгаа нээж байгаа Төмөрлөгийн үйлдвэрлэлийн цогцолбор, Ширэмний үйлдвэрийг түшиглээд  цаашид Засвар механикийн заводын үйл ажиллагааг өргөжүүлэх сайхан боломж бий болно. Бид хамтран сайн ажилласнаар Монгол улсын хөгжилд том хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
     Ширэмний үйлдвэртэй хамтран ажилласнаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийг улсын хэмжээний хэрэгцээ хангах том үйлдвэр болгох зорилт тавьж байгаа. Ингэснээр бүх төрлийн ган бөмбөлөг үйлдвэрлэх боломжтой болно.
     Монголчууд дотооддоо ган үйлдвэрлэнэ гэдэг улсын хөгжлийн маш том эхлэл тавигдаж байна гэсэн үг. Өмнөд Солонгос улсын хөгжлийн түүхийг харахад тэд дэлхийд нэгдүгээрт орох том гангийн үйлдвэр барьж байгуулсан. Өөрсдөө төмрийн хүдрийн нөөцгүй мөртлөө уг үйлдвэрийг барьснаар Солонгос улс хөгжлийн шинэ шатанд гарсан. Түүний нэг адил өнөөдөр Эрдэнэт хотод ширэмний, гангийн үйлдвэрийн суурь  тавигдаж  байгаа  нь Монгол   улсад   хүнд   үйлдвэрийн   шинэ эрин эхэлж байна гэсэн үг юм. Энэ бүтээн байгуулалтанд Эрдэнэтийнхэн, “Эрдэнэт” үйлдвэрийнхэн хичээнгүйлэн оролцоно гэв.

     Бэрэн металл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баттулгын ярианд бид бас анхаарал хандууллаа. Тэр хэлэхдээ: Манай шинээр ажиллаж эхэлсэн Ширэмний үйлдвэрийн 35 м3 багтаамжтай домен зуухан дээр 115 хүн ажиллаж байна. Дараа нь ийм багтаамжтай домен зуух нэг, 70 м3 багтаамжтай домен зуух хоёрыг барьж ашиглалтанд оруулна. Эдгээр 4 зуухан дээр нийт 500-аад хүн, 2015 оны эхний хагас жилд ашиглалтанд орох Гангийн үйлдвэрт 500 гаруй   хүн,  нийт  1000  гаруй хүн ажлын байртай болно.
     Ажиллагсдыг орон нутгийн  иргэдээс авч  ажиллуулж байна. Өмнө нь ийм үйлдвэр байгаагүй болохоор тус үйлдвэрийг ажиллуулах мэргэжлийн ажиллах хүчин бэлтгэгдээгүй. Тиймээс домен зуухыг ажиллуулахаас нэг сарын өмнөөс ажиллагсдаа сургаж бэлтгэсэн. Харин зарим инженерийг ОХУ болон Хятад улсад сургасан. Ийнхүү үндэсний боловсон хүчнүүд энэ үйлдвэрлэлийг явуулж байна.  
     Монгол улсын хэмжээнд жилд 500 мянган тонн арматурын хэрэгцээ байдаг. Түүний 200 мянган тонн арматурыг Эрдэнэтийн Гангийн үйлдвэрээс нийлүүлнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануурын “Дөл түшиг” үйлдвэр хамтраад 150 мянган тонн  арматур үйлдвэрлэдэг гээд бодохоор цаашид 150 мянган тонныг л Монгол улс импортоор авах хэрэгтэй болох нь.
     Манай Гангийн үйлдвэр жилд 200 мянган тонн арматур үйлдвэр-лэх хүчин чадалтай. Төмөрлөгийн үйлдвэр түүхий эд дутагдсанаас хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар үйлдвэр зогсоход хүрдэг. Монголын төмөрлөгийн үйлдвэрүүд дандаа хаягдал төмрийг түүхий эд болгож ашигладаг. Харин манай үйлдвэр байгалиас төмрийн хүдэр баяжуулан, улмаар хайлуулаад ширэм үйлдвэрлэж эхэллээ. Манай үйлдвэрийн одоо ажиллаж эхлээд байгаа  шугам жилд 35 мянган тонн ширэм үйлдвэрлэнэ. Цаашид бүх зуух ашиглалтанд орохоор  жилд 210 мянган тонн ширэм энд үйлдвэрлээд дэргэдээ баригдах Гангийн үйлдвэрийн түүхий эдийг бэлдэх юм.
     Монгол улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Барилгын арматур болон бусад төмөр хийцийг гадаадаас импортоор худалдан авч их хэмжээний доллар гадагшаа урсгаж байна. Энэ хэрэгцээ цаашид ч өсөх нь мэдээж. Тиймээс энэ өндөр хэрэгцээ шаардлага, өргөн зах зээлийг судалж үзсэний үндсэн дээр барилгын арматурыг монголдоо үйлдвэрлэхээр бид ийнхүү зориг шулуудсан. Энэ өндөр өртөгтэй бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэснээр цаашид барилгын өртөг буурах, шинэ орон сууцны үнэ өсөхгүй байхад чухал нөлөө үзүүлнэ. Дараа жил бид Ган төмрийн үйлдвэрээ ашиглалтанд оруулна. Энэ үйлдвэр ган төмрийн бэлдэц, арматур үйлдвэрлэнэ. Гангийн үйлдвэрийн бетон суурь дулааны улиралд хийгдээд дууссан. Одоо төмөр угсрах, боолтоор чангалах, кранаар өргөх ажлууд үлдсэн учраас тус үйлдвэрийн барилга барих ажлыг энэ өвөл хийж, тоног төхөөрөмжөө суурилуулаад ирэх оны эхний хагас жилд  ашиглалтанд оруулна гэв.
Монгол улсын анхны металлургийн цогцолбор, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр, Ширэмний үйлдвэр ийнхүү үүдээ нээж, галаа “бадраалаа”.


Ж.ОЮУН

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 09 12-р сар 2014 08:59
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог