×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Эрдэнэт” сувилал нэрийн иж бүрдэл хоолтой болов

09 12-р сар 2014 12:00
1146 удаа үзсэн

     Өнгөрсөн даваа  гарагт  “Эрдэнэт” сувиллын хоолны зааланд сувиллынхан манай үйлдвэрийн цех, хэлтсийн удирдлага, ажилтнууд цугларчээ.  “Эрдэнэт” сувиллын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тасгийн хамт олон  “Эрдэнэт” сувиллын  35 жилийн ойг тохиолдуулан нэрийн хоолыг шинээр бий болгосноо сурталчлах өдөрлөг зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр   тогооч нарын ур чадварыг харуулсан  хоол-ны үзэсгэлэнг зочдод сонирхуулав.  Гоёмсог ширээ засч, өнгө өнгийн коктейл,  төрөл бүрийн хэлбэр дүрс, өнгө донж бүхий зууш, амттан дэлгэжээ. Жимсний цуглуулган  хун шувуу, бялуугаар урласан цагаан бантектай ганган ягаан шаахай, зүсэн зүйлийн ногоон  дунд тавган дээр тарвалзан хэвтэх амьд мэт тоорой,  луувангаар сийлсэн шатар, хулуугаар сийлбэрлэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн эмблем бүхий лааны суурь  зэрэг нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байв.  

Сувиллын инженер технологич Д.Тамара:
     - “Эрдэнэт” сувиллын нэрийн хоолны иж бүрдэлтэй болохын тулд тогооч нарын дунд уралдаан зарласан. Манай 14 тогооч тун бүтээлч хандаж, 70 гаруй нэр төрлийн хоол зууш хийсэн. Амрагчдаа хооллохын  зэрэгцээ олон төрлийн зоог бэлтгэж амжихгүй байх гэтэл  зарим нэг нь гэртээ бэлдэж, орой үдэш илүү  цагаар ажилласаар олон нэрийн хоол  хийсэн. Эдгээрээс  хоолны орц дахь  материалын  олдоц, эмчилгээ сувилгааны зориулалт,  шим тэжээлийн агууламж, хачирлалт, хоорондын зохицол, илчлэгийн хэмжээ зэргийг  харгалзан үзэж сонгосон юм. Ингээд  гүзээний салатан  зууш,  хавчны  махтай ногоотой шөл, буу-цай, бяслагтай ороомог,  тарагны царцаамал десертийг нэрийн иж бүрдэл хоол болгосон. Манай нэрийн хоол төмөр, уургаар баялаг, илчлэг  өндөр биш ч, амин дэмийн агууламж сайтай, эмчилгээний ач холбогдолтой хоол юм. Өнөөдөр манай Хоол үйлдвэрлэл үйлчилгээний тасгийн хамт олон Эрдэнэт сувиллын үйл ажиллагааны нэгээхэн хэсгийг  сурталчлах, тогооч нарынхаа ур чадварыг харуулах, нэрийн хоолоо сурталчлах зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Манай тогооч нар ажилсаг, бүтээлч хүмүүс. Манайд мэргэжлийн ур чадвар сайтай тогооч олон. Саяхан  “Эрдэнэт” үйлдвэрийн нэрэмжит аймгийн аварга тогооч шалгаруулах тэмцээнд манайхаас 6 тогооч оролцож, 5 медаль авсан. Нийтийн хоолны төрөлд тогооч Х.Уранчимэг хүрэл, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн тогооч нарын уралдаанд Я.Юмчин, Ч.Тунгалаг нар  мөнгө, амтлаг хоолоор Б.Оюунцэцэг, нарийн боовны төрлөөр Ю.Наранчимэг мөнгөн медаль хүртсэн. Манай Наранчимэг Эрдэнэтдээ л нарийн боов хийхдээ гаргууд шүү. Тэд маань зохиож,  сэтгэж, интернет, ном сурах бичиг ашиглан тун бүтээлч ажилладаг гэв.

     Зочид үзэсгэлэн сонирхсоны дараа нэрийн хоол зуушийг амтлав. Тэд хэлэх үгээ олохгүй магтаж байв. Үдэш болсон болоод ч тэр үү, таргаар хийж,  төрөл бүрийн жимсээр чимэглэсэн царцаамаг, олон төрлийн хэлбэр дүрс бүхий  амтат нарийн боов тэдний анхаарлыг ихэд татаж харагдав. Хөх тарианы гурилаар хийсэн амтат боов гадаадын амттанаас  илүү  шим тэжээлтэй, үзэмж, амт  нь ч дутахааргүй  юм гэх яриа  чих дэлсэж байв. Хавчны махтай шөл сайхан амттай,  бас брокли, цэцэгт байцаа орсон болохоор хөнгөхөн, жин нэмэх асуудалгүй юм гэж бүсгүйчүүд хоорондоо ярих нь сонсогдох. Энэ үеэр төрөл бүрийн нарийн боов, даршилсан ногоо худалдаалахад хүмүүс үлдээлгүй авч дуусгав. Д.Тамара эгчийн хэдэн зүйлийг дуудлагаар худалдаалж, зардлаа нөхнөө  гэж алиалан хэлснийг хүмүүс тун элэгсгээр хүлээн авч дуудлага худалдаанд идэвхтэй оролцож, тэрүүхэндээ үнэ өсгөж, хөгжицгөөв. Шарсан тооройг “Эрдсүлж” ХХК-ийн захирал Бэхбаатар 320 мянгаар, ногооны хачиртай, шарсан 3 загасыг Санхүүгийн хэлтсийн ажилтан Ганбат 100 мянгаар, Гурван давхар гоёмсог тортыг Тамгын хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр 200 мянгаар, ягаан шаахайн бялууг Байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа 50 мянган төгрөгөөр тус тус авлаа. Түүний дараа  хүмүүс жимсний цуглуулгаар хийсэн гоёхон хунг дуудаач гэхэд Одоо болноо. Үүгээр та бүхнийг дайлна гэснээр хөөрхий “хун”-г хувааж зооглов. Дуудлага худалдааны дараа “Эрдэнэт” сувиллын уран сайханчид урлагийн тоглолт үзүүлснээр өдөрлөг өндөрлөв.

Энэ үеэр үзэсгэлэнд олон бүтээлээ дэлгэсэн тогооч Б.Даариймаатай уулзахад:
     - Би “Эрдэнэт” сувилалд 16 настай ажилд орсноос хойш 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд хэд хэдэн бүтээл хийж оролцлоо. Тооройг амталж шарсан. 3 загасыг шарж чимэглэж тавьсан. Шатрын хөлгийг какаотай болон цагаан гурилаар зуурсан печенээр хийж, цагаан, улаан луувангаар шатар сийлсэн. Шийгуагаар цэцэг сийлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн эмблемийг хулууны гадна хальсаар сийлж лааны суурь болгосон. Хашаар загас, хулуугаар аяга хийсэн. Ер нь хоолыг амт, чанартай хийхийн зэрэгцээ, сайхан чимэглэж,  донжийг нь тааруулж таваглахад хоол идэх сонирхол ихэсдэг. Хоолны материалаа зөв сонгож, эрүүл зөв хооллоорой. Амин дэмээр баялаг хоол хэрэглэж заншаарай гэж тэрээр манай уншигчдад зөвлөсөн юм.


Я.ЭНХТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 09 12-р сар 2014 08:49
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог