×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Улсын баяр наадам хаяанд ирсэн энэ цаг дор Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ч.Раднаабазар, Монгол улсын гоц мэргэн Л.Отгонбаяр, дэлхийн цомын аварга тамирчны аав, Авто тээврийн байгууллагын хэсгийн дарга Г.Чимэдцэрэн нартай уулзаж сонирхсон асуултандаа хариулт авлаа.

-Бөхчүүд, харваачид, тамирчид наадмын бэлтгэлд гарсан байна. Энэ жил “Хангарьд” клубийн тамирчдаас улсын цол авах болов уу? Та дасгалжуулагч багшийн хувьд ямар бодолтой явна вэ? 
-Ч.Раднаабазар: Энэ жил бөхчүүд, харваачид наадмын бэлтгэлд “Цуурайн аманд” гараад байна. 30 гаруй бөх, 24 харваач, шигшээ багийн тамирчид бэлтгэл хийж байна. Мөн шагайн харваан мэргэчүүд наадмын бэлтгэлд гарсан . Дээр нь уяачид шандаст хурдан хүлгээ сойж байна. Баяр наадмын бэлтгэлийг хоёр зорилготой хийж байгаа. Нэгдүгээрт, улсын баяр наадамд амжилттай оролцох. Хоёрдугаарт, шигшээ багийн тамирчид олимпод оролцох эрх авах бэлтгэл юм. Улсын баяр наадамд улсын харцага маань заан болчихоосой билээ. “Хангарьд” клубийн тамирчин Монгол улсын харцага Э.Оюунболдод их итгэл хүлээлгэж байгаа.  Аймгийн арслан О.Хангай, Б.Эрдэнэхүү нарын бөхчүүд улсын цолонд хүрчих болов уу. Мөн мэргэчүүд маань улсын баяр наадамд амжилттай харваж цол зэргээ ахиулах биз. Эрдэнэтийн уяачдын буянт хүлгүүд улсын баяр наадамд амжилттай уралддаг. Өнгөрсөн жил аймгийн алдарт уяач Д.Баясгалангийн “Суман хүрэн” морь улсад аман хүзүүдсэн. Мөн Эрдэнэтийн уяачийн азарга аман хүзүүнд хурдалж байсан түүхтэй. Энэ амжилтуудаа ахиулах болов уу гэж үйлдвэрийн удирдлагууд ч боломж нөхцөл тавьж байна. Бид ч тамирч-дынхаа бэлтгэл сургуулилтыг сайн хангахын төлөө ажиллаж байна. 
-Та олимпийн эрх авах таван шигшээ баг хариуцан ажиллаж байгаа. “Хангарьд” клубийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл хэр байна вэ? 
-”Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд “Хангарьд” спорт клуб байгууллагдсан цагаас тамирчдыг бэлтгэл хийх нөхцөлөөр хангаж ирсэн. Тамирчид ч тив, дэлхийн тэмцээнд эх орныхоо болон “Эрдэнэт” үйлдвэр, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн түүхтэй. Манай жу-до-гийн тамирчид өмнө нь олимпийн дөрвөн эрх авч байлаа. Олимпоос С.Ням-Очир хүрэл медаль хүртсэнийг бид мэднэ. Г.Болдбаатар дэлхийн аварга болсон. Мөн боксын тамирчид дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт бий. Энэ жил олимпийн эрх олгоно. Чөлөөт бөхөөр олимпийн эрхийн төлөө дөрвөн тамирчин барилдаж байгаа. ОУХМ  Э.Нарангэрэл, Азийн аварга Э.Бэхбаяр, 55 клограммын улсын аварга Б.Номин-Эрдэнэ, Монгол улсын гавьяат тамирчин Т.Мөнхтуяа нар 9-р сард дэлхийн аваргын тэмцээнд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ сард Польшид алтан “Гран при” тэмцээн болно. Ер нь дэлхийн аваргад амжилттай оролцсоноор  чөлөөт бөхөөс олимпод оролцох хоёр эрх авах болов уу. Жу-догийн тэмцээнд гавьяат тамирчин С.Ням-Очир, тамирчин Г.Болдбаатар, О.Ууганбаатар, Ө.Дүүрэнбаяр нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Эндээс хоёр нь олимпод оролцох эрх авах болов уу  гэсэн таамаг байна. Боксын спортоор олимпийн эрхийн төлөө эмэгтэй, эрэгтэй хоёр тамирчин бэлтгэл хийж байна. Эдгээр тамирчид ч олимпод оролцохыг үгүйсгэхгүй. Байт харвааны хоёр тамирчин бэлтгэл хийж байгаа. Тамирчдын бэлтгэл сайн байна. Саяхан жу-до, бокс, чөлөөт, байт, туялзуур сэлэм гэсэн таван шигшээ баг 10 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэл хийлээ. Улаанбаатараас энэ жилийн дэлхийн аваргад орох улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид ирсэн. Энэ нь нэлээн үр дүнтэй бэлтгэл боллоо. Улсын баярын дараа бэлтгэл эрчимжинэ.  Одоо бэлтгэлийнхээ ачааллыг тэнцүүлээд явж байна.
-Тамирчдын бэлтгэл хийх боломж нөхцөл хангагдсан уу? 

 

-”Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд “Хан-гарьд”  клубийн  тамирчдыг  их сайн дэмждэг. 2014 онд гаргасан амжилтаар нь бүх тамирчдыг шагнасан. Гадаадын өрсөлдөгч тамирчдаа судлах зорилготой хоёр тэмцээнд манай тамирчид оролцлоо. Чөлөөт бөхийн тамирчид гурван ч тэмцээнд оролцсон. Жу-до бөхийн төрлөөр С.Ням-очир гавьяат 7-р сард гадаадад тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна. Одоо болох тэмцээнүүдэд тухайн тамирчин оролцож рейтингээ ахиулах, өрсөлдөгчөө судлах боломжтой. Тэгэхээр дэлхийн улс орон эдийн засгийн хямралтай байхад “Эрдэнэт” үйлдвэр тамирчдаа тэмцээнд оролцуулж  буй нь их боломж олгож байна гэсэн үг. Ер нь манай үйлдвэрийн шигшээ багт бүртгэлтэй тамирчид сэргэлт витаминжүүлэлтэнд жилд хоёр хамрагддаг. Энэ нь амьдрал дээр үр дүн өгдөг.  
Т.БАТЧУЛУУН
-Манай аймагт Параволейболын холбоо хэзээ байгуулагдсан бэ? 
-2005 онд байгуулагдсан. Өмнө нь тэмцээнд тамирчидаа тогтмол оролцуулж байсан. Манай холбооны тэргүүн Зэвсэг хүчний 186-р ангийн ажилтан Д.Түмэнбайгаль гэж хүн бий. Бид Монголын параволейболын холбоонд хүсэлт тавьснаар Улсын аваргын тэмцээнийг орон нутагтаа зохион байгууллаа. Тэмцээнд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс тус бүр хоёр баг, хөдөө орон нутгаас Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Орхон аймгийн 100 гаруй тамирчин оролцсон. Манай аймгаас эрэгтэй 2, эмэгтэй 1 баг өрсөлдөж багаараа хүрэл медаль хүртлээ. 
-Спортын параволейболын төрлийн онцлог юу вэ?
-Энэ төрөлд гар, хөлний тайралттай, түнхний гэмтэлтэй хүмүүс орж тоглодог. Бид параволейболын төрлийг сонгож түлхүү хөгжүүлээд байгаа нь учиртай. Энэ спорт бол паралимпийн  нэг  төрөл.  Өмнө нь бид сонирхсон хүмүүсийг бэлдээд улсын аваргын тэмцээнд явуулдаг байсан. Энэ жилээс олим-пийн журмын дагуу ангиллаар нь тамирчдыг оролцуулж тэмцээн зохион байгууллаа. Цаашид улсын шигшээ багт тамирчин оруулах, улмаар паралимпид оролцох боломжийг хангах зорилготой ажиллаж байна.
-Танай холбоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд параволейболоос гадна спортын өөр төрлийг хөгжүүлж байна уу?      
-2011 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэ-дийн биеийг чийрэгжүүлэх, нийгэмд татан оролцуулах зорилготой спортын олон төрлийг хөгжүүлж байна. Тэр дундаа суугаа волейбол, гар бөмбөг, шатар, ширээний тениссний тэм-цээнийг тогтмол зохион байгуулдаг. Одоогоор манай багт хөгжлийн бэрхшээлтэй 245 иргэн бий. Бид энэ хүмүүсийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд татан оролцуулах нь зүйтэй гэж шийдсэн учраас олон хөтөлбөр боловсруулж байна. Монголын паралимпийн холбоо 2012 онд бүх ард түмний спертикатад паралимпийн нилээд төрлүүдийг оруулсан. Тухайн үед манай аймгаас 26 тамирчин спортын дөрвөн төрөлд оролцоод багийн амжилтаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хонхот бөмбөгийн төлөөх хүрэл медаль авч байлаа. Мөн пара жудогийн -78 кг-ын жинд Н.Алтанцэцэг маань алтан медаль хүртэж байсан. Тэгэхээр бид энэ чиглэл рүү нилээн идэвхтэй хүмүүсээ дэмжиж ажиллана.   
-Эрдэнэтэд параволейболыг ямар хүмүүс үүсгэн байгуулсан бэ? 
-Улсын аваргын тэмцээнээс спортын мастер цол хүртсэн Д.Түмэнбайгаль 1991 онд энэ спортыг Орхон аймагт үүсгэн байгуулсан  анхдагч тамирчин. Мөн Жамъянпэрэнлэй гэж хүн бий.  Хүн дөрвөн  мөчтэй байдаг бол тэр ердөө нэг гартай. Энэ хүн Эрдэнэтийн параволейболын дараагийн тамирчдыг төрүүл-сэн гавьяатай. Энэ хүмүүс бидний бахархал. 
 -Ер нь Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хичнээн иргэн байдаг вэ? 
-5000 гаруй хүн бий. Би Эрдэнэ багийн Засаг дарга  хийдэг. Манай багт  хөгжлийн  бэрхшээлтэй 245 иргэн байдаг. Хөгжлийн бэрхшээл янз бүр. Тухайлбал хараа зүйн бэрхшээл, тулгуур эрхтэний болон сонсго-лын бэрхшээл, сэтгэцийн  өөрчлөлттэй  гэх мэт. Суугаа волейболыг тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүмүүс тоглодог.  
-Өнөөдөр тэргэнцэртэй хүмүүс аялалд гарсан байна. Энэ ямар зорилготой вэ? 
-Тэргэнцэртэй иргэдийг нийгмийн харил-цаанд татан оролцуулна гэж байгаа ч тэдэнд тулгардаг дэд бүтцийн асуудлыг шийдээгүй цагт нийгэмшүүлэх тухай ярих боломжгүй. Энэ удаагийн аялал тэргэнцэртэй иргэдэд Эрдэнэт хотын тохижилт тохирч байна уу? сэдвийн хүрээнд явагдлаа. Тэргэнцэртэй иргэдийн тэргийг түрээд явж байхад саад таардаг. Тэр саадыг арилгах  зорилготой аялал юм.  2010 онд “Тэргэнцэртэй  иргэдийн нийгмийн асуудал ба дэд бүтэц” сэдвээр Азийн  тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтран Эрдэнэтэд аялал зохион байгуулж байсан. Тэр цагаас хойш зарим албан байгууллагын шат налуу болсон дэвшилттэй ч стандарт бус байна.  Замын гарцын хашлага өндөр байна. Үүнийг өөрчлөх зорилготой аялал зохион байгууллаа. Улаанбаатар хотоос тэргэнцэртэй 20 залуу ирж манай аялалд оролцсон. 
-Баярлалаа. Таны сайн үйлсийн ажилд амжилт хүсье.       
М.ОДГЭРЭЛ

ЗӨВ ЗАЛУУ

02 6-р сар 2015 Нийтэлсэн
Хятадын өмнө зүгийн үйлдвэрлэлийн бүсэд дөрвөн монгол залуу өндөр технологи судлан үйлдвэр бүрийн үүд сахиж, сиймхий гарвал үйл ажиллагаатай нь танилцан дарга мастеруудтай гар барин түншийн харилцаа тогтоож явна. Харь нутгийн хөрс хатуу. Хүний нүд хариулж байгаад үйлдвэрлэлийн процесс, тоног төхөөрөмжийн сери дугаарыг утсаараа бичээд хөөгдөж гарах энүүхэнд. Өндөр хөгжилтэй орны туршлагаас үзэхэд Засгийн газар нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдээ гадаад руу технологийн “хулгайд” томилж явуулдаг. Харин манай залуус улс орноо хөгжүүлэх чин хүслээр өөрсдийн сэтгэл, зориг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн урд хөршид технологийн “хулгай” хийж яваа нь энэ. Тэд бол Баяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн тохируулагч инженер Т.Барс тэргүүтэй нөхөд ээлжийн амралтаа эдэлж явсан нь тэр гэнэ. 10-аад үйлдвэр үзэж 14 хоног аялахдаа богц дүүрэн, боломж асар их байгааг мэдэрч иржээ. Хагас дамжуулагчийн нарийн технологи харсандаа ихэд олзуурхаж байна лээ. Удахгүй нэг юм дуулгах вий. 
Т.Барс эдүгээгээс хоёр жилийн өмнө найзуудтайгаа нийлж Монголын анхны лед гэрлийн үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулсан. Одоо энэ үйлдвэрт сард нэг бүтээл мэндэлдэг гээд бодоход ямархан амжилт өөд авирч яваа нь тодорхой. “Эрдэнэт лед- гэрлийн үйлдвэр өнөөдөр Төв, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өмнөговь зэрэг 8 аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний хэмнэлттэй, чанартай гэрлээр хангаж байна. Сүүлийн гудамж, талбайн чимэглэлийн гэрэл, лед дэлгэц, урсдаг самбар, гэрлэн дохио үйлдвэрлэж байгаа нь мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хэрхэн өргөжин хөгждөгийн тод жишээ. Түүний ажил амжилттай явахад атаархах хүн мэр сэр гарах. Нэр нь үл мэдэгдэх албан тушаалтнаас хэсэг хугацаанд дарамт иржээ. Гэсэн ч тэр шантарч няцаагүй, шазруун зан гаргаж өширхөөгүй. Хатуу, зөөлний завсарт амжилтаа ахиулж хариу барьсан. Саяхан Улаанбаатар төмөр замд гэрлэн дохионы туршилтын загваруудаа нийлүүлчихээд амьсгаа авахдаа бүтээгдэхүүнээ экспортод гаргах тухай бодож амжсан. Т.Барс өдий залуу насандаа зөв бүхний эхлэлийг тавьж, алс ирээдүйгээ зөв харж, зөв залуустай нөхөрлөж, зөв амьдарч явна. Би түүнээс “Таны нөхөрлөл юун дээр тогтдог вэ?” гэж асуусан юм. Т.Барс “Цагийн аясаар найз шалгардаг. Бүтээе хийе гэсэн сэтгэлтэй, сэтгэлгээтэй бүхэн миний найз” гэж тэр дор нь энгийн хариулсан. Би гэхээс илүү бид, тэд гэж ярих дуртай энэ залуу чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргаж буй Эрдэнэтийн Технологийн сургуулийн эрдэмтэн багш нарт талархаж явдгаа илэрхийлсэн. Лед гэрлийн үйлдвэрт баялаг бүтээж буй залуус бүгд Технологийн сургуулийн бүтээгдэхүүн гэнэ. Мөн Баяжуулах фабрикийн технологийн процессын цахилгаан тоног төхөөрөмжийн шинэчлэлийг зоригтой эхлүүлж гардан хэрэгжүүлсэн Ш.Гэзэгт, Ерөнхий эрчим зүйч Д.Цагаач, Ш.Төрбат даргаар бахархаж явдаг. Баяжуулалтын тоног төхөөрөмжийг автоматжуулж найд-вартай ажиллагааг хангахад том хувь нэмэр оруулсан түүхэнд тэмдэглэхээр хүмүүс гэж тэднийг магтах. 
Т.Барс ээжийгээ оюутан байхад ОХУ-ын Новосибирска хотод мэндэлжээ. Таван хүүхэдтэй айлын том хүү учир ачааны хүндийг үүрэх хариуцлага түүнд ногдоно. Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн экскаваторын машинч асан аавынхаа удам залгах уурхайчин болсондоо бахархана. Ер нь түүний амжилт, ололт, хөдөлмөр зүтгэл бүхэн өөр бусадтай холбоотой. Ээжийнхээ зөвлөснөөр уулын цахилгааны механикич мэргэжил эзэмшсэн. Ажлын дөр суусан нь Ц.Намжилдорж, Наранбаатар, Д.Оюунцэцэг, Хээрийнбаатар, Лхагвасүрэн, Чинбат, Жаргалсайхан гэх хүмүүсийн ач. Амжилт гаргаж, зохион бүтээсэн бүхэн нь хамт олон, бүтээмж чанарын дугуйлангийн гишүүдийнх нь гавьяа. Лед гэрлийн үйлдвэрийнх нь бүтээгдэхүүн сайн байгаа нь нарийн төхөөрөмжийн программ хийдэг Г.Түвшин инженерийн ур чадвар. Хэзээ ч тэр би хийсэн, миний бүтээл гэж хэлэхгүй. Миний оролцоо өчүүхэн төдий гэж өөрийгөө дарна. Ач мэддэг хүн амжилт гаргадаг гэсэн хуучны үг эрхгүй санаанд бууна.  
“Эрдэнэт” үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөлгөөний үеэр бүтээмж чанарын дугуйлангийн шилдэг ахлагчийн номинацид зургаан ажилтан нэр дэвшсэнээс БФ-ийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн “Энерго мастер” дугуйлангийн ахлагч Т.Барс гурван жилийн хугацаанд 12 төсөл удирдаж хэрэгжүүлсэн  амжилтаар  шалгарч  өргөмжлөл хүртсэн юм. Тэр үргэлж шинийг эрэлхийлж санаачилгатай ажиллахыг эрмэлздэг. Урсгалаар явахгүй юмсан гэж хичээх нь түүний ажилдаа баримталдаг гол зарчим. Хэсгийн дарга Ц.Намжилдорж тулга тойрсон ажлаар дарахгүй “Чөлөөтэй сэтгэ бүтээ” гэж залуусаа уриалан хөглөдөг нь сайшаалтай. Компани оюуны өмчийн бодлоготой болсон нь цаг үеэ олсон сайхан шийдвэр хэмээн тэр онцолсон. “Эрдэнэт” үйлдвэр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч зах зээл дээр өрсөлдөж чаддаггүй нь оюуны өмчийн нэгдсэн бодлого байгаагүйтэй холбоотой гэх. Манай мэргэшсэн инженерүүд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай оюуны бүтээл үйлдвэрлэж чадна, бүтээсээр ч байгаа гэж тэр хэлсэн.   
Өнөөдөр Т.Барс Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх, Шүүн хатаах, Урвалжийн хэсэг, Дулааны цахилгаан станцын цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажиллаж байна. Олон тоног төхөөрөмж хариуцдаг болохоор асуудал гарна. Технологийн процессыг жигд явуулахын тулд яаралтай засах, бүр болохгүй бол зохион бүтээж аргална. Түүнд удирдлага, хамт олон нь бүрэн итгэдэг учраас “галын шугам” дээр ажилладаг. Соронзон шайбны удирдлагын шкаб эвдрээд захиалахад дараа жил ирэх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс өөрсдөө сэтгээд хийчих нь цаг хугацаа хожихын зэрэгцээ хөрөнгө мөнгө хэмнэж байгаа юм. Ийм л бүтээлч хамт олны дунд тэр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийг автоматжуулах, сул зогсолтыг бууруулах, үргүй зардлыг багасгахад санаачилгатай ажиллан манлайлж байна. 
Сүүлийн үеийн шинэ залуу ажиллагчдаас сурах юм их байна гэж ярьж буй хүнийг анх удаа үзлээ. Т.Барсын хэлж байгаагаар тус хэсэгт хамгийн сүүлд ажилд орсон Эрдэнэбаяр гэх залуу трансформатор ороож туршаад байна гэнэ. Өөрөөр хэлбэл жижиг үйлдвэрлэл явагдаж буй хэрэг. Эрдэнэ-Очир гэдэг залуу гар  утаснаасаа тоног төхөөрөмжийг яаж хянах вэ гээд толгойгоо гашилган оролддог аж. Энд бүтээмж хэрэгжиж байна. Түүний эргэн тойрон шинэ сэргэгээр дүүрэн. Үүнийг олж мэдэрнэ гэдэг бас чухал. Т.Барс “Зөв залуус” клубын гишүүн. Тэд дугуйн зогсоол , ажилчдын цалингийн зээлийн хүү бууруулах, Говилын эх үрсийн цэцэрлэг, Эрүүл мэндийн зам зэрэг олон сайхан ажил санаачлан хэрэгжүүлсэн. Зөв санаа бүхэн зөв үйлийг дагуулж зөв хөгжил өөд хөтөлдөг. Тэр залуу хүн ажилсаг байх ёстой гэж хэдэнтээ хэлнэ лээ. Олон жилийн хойно эргэж хараад үүнийг би хийсэн юм шүү дээ гэж бахархах үнэт зүйлтэй байхыг хичээдэг гэнэ. Хайртай эхнэр, хоёр хөөрхөн үрдээ цаг зав бага гаргадагтаа сэтгэл зовинодог ч ирээдүйн сайн сайхных нь төлөө аав нь залуу насаа зориулж яваа болохоор өег явна. Өндөр технологи шингэсэн олон сайхан үйлдвэр Эрдэнэтэд байгуулах мөрөөдөл өвөрлөн зөв бүхэн рүү тэмүүлж яваа Т.Барсдаа ажлын амжилт хүсье. 
М.ОДГЭРЭЛ
Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэнтэй ярилцлаа.
 
-Таны бага насны дурсамжаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Бололгүй яахав. Миний аав нягтлан бодох мэргэжилтэй. Санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан  Магсарын Дулмаа гэдэг хүн  байлаа. Ээж маань Дарханд энх тунх амьдарч байна. Цамбын Ванчигдорж гэдэг. Бид эхээс олуулаа. Миний дүү нар хоёр оронтой тоонд багтана. Би айлын ууган хүү. Эмээ, өвөөгийн хайртай зээ. Эрх танхи өссөн. Тэгэхдээ одооны хүүхдүүдээс арай зөв эрх байсан юм болов уу. Томчуудын ярианд оролцохгүй. Өглөө их унтвал айлын хүүхэд шоолно гэнэ. Хөрш айлын Осорын Бямбажавыг эрт боссон явна гэхээр нүдээ нухлаад л сэрнэ. Гэтэл тэр маань унтаж байх жишээтэй. Би бригадын дарга Чойжилын хээр морийг авч унамаар байна гээд тас гэдэргээ савж унаад л... Манай өвөө тэр хээр морийг 700 төгрөгөөр надад авч өгсөн. Тухайн үед их өндөр үнэ. Хурдан морь ч 700 төгрөг хүрч байгаагүй цаг үед шүү. Тугал хариулалгүй, хонины хишиг өдөр таарахаар их баярлана. Өөрөөр хэлбэл хонь хариулахаар бол. Сарлагийн тугал чинь зэрлэг гөрөөс гэсэн үг. Манай нутгийн өндөр цавчим уул хадаар сарлагийн тугалтай хөөцөлдөөд гүйх их хэцүү. Говь-Алтай аймгийн Тайшир сум. Хасагт хайрхан уулын гуу жалга, салаагаар л үхэр тугал, адуу малтай хөөцөлдөж явлаа. Харин хонь хариулах сайхан. Хонио нэг сайхан налайлгаж аваад морио чөдөрлөчихөөд ном уншаад суух жаргал. Тугал хариулахаас хэд дахин амар ажил. Орой ирэхдээ хоёр шуудай аргал мориндоо тохож ирнэ. Энэ бол байх зүйл. Ингэж л Говь-Алтайн малчин айлын хүүхдийн жишгээр л өссөн.
-Та эмээ, өвөө дээрээ өссөн гэж ярилаа. Хоёр буурлынхаа талаар дурсахгүй юу?
-Баярлалаа. Манай өвөө 1939 онд Халх голын дайнд Гонгор баатартай нэг салаанд тулалдаж явсан хүнд пулемёнтын научик Баарангийн Цамба гэж хөгшин байлаа. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат. Эмээг маань Галдангийн Дүнгэл гэдэг. Энэ хоёр буурай миний бурхад. Гонгор баатар Говь-Алтайчуудтай хоёр уулзалт хийхдээ миний өвөөг дуудан авчраад энэ Цамбын салга ногоон пулемёнтын хүчээр бид хэд хэдэн хүнд байдлаас гарсан гэж ярьсан. Танай аймагт амьдарч буй энэ Цамба баатар хүн шүү гэж Гонгор гуайн ярьсныг олон хүн сонссон доо. Одоо надад Гонгор баатартай авахуулсан өвөөгийн маань зураг л үлдэж.
-Та дотуур байранд амьдарч байсан уу? 
-Амьдралгүй яадаг юм. Сумандаа бага анги, аймгийн төвд дунд сургууль төгссөн. ЗХУ-ын тусламжаар барьсан 1-р 10 жилийн жигтэйхэн гоё сургуульд элсэн суралцаж байлаа.
-Дотуур байрны хүүхэд арай дэгтэй өсдөг. Та шал зүлгэж байв уу?
-Тэр үеийн ах нар биднийг маш дэг журамтай сургаж хүмүүжүүлсэн. Ах нар байрны хүүхдүүдийг биеийнх нь дүрс шаланд харагдсан нөхцөлд амраана. Эхлээд угаалгын нунтагтай усаар шал угаалгана. Дараа нь лаа түрхүүлж зүлгүүлнэ. Хүн бүр өөр өөрийн шал арчдаг таартай. Эгнүүлж суулгаад нэг банзыг 30 удаа арчихад гялалздаг. Орнуудаа нэг тийш  нь шахаж байгаад  талд нь хүртэл арчина. Дараа нь нөгөө талыг нь арчих жишээтэй. Өмдний шуумгийг өвдгөө өнгөртөл шуу гэнэ. Орыг маш гоё хураалгана. Захны даавуу, оймс хиргүй.  Ингэж л багаасаа бие дааж сурсан. Бага сургуульд пионерийн зөвлөлийн дарга, эмжээртэй зангиа-тай, таван онцын эзэн банди явлаа. Ахлах ангидаа алтан дундаж сурлагатай, сургуульдаа нэлээн сайн хөгжимчин байсан. 
-Таны урлагийн авьяас насны багад илэрсэн үү?
-Ер нь багаасаа би хөгжим тоглож сурсан. Алтай хотын хүүхдийн “Од” чуулгад гармон  тоглоно. 9, 10-р ангидаа “Од” чуулгын гоцлол хөгжимчин явлаа. 
-Тэгээд хэзээ дуулж эхэлсэн бэ?
-Эрдэнэтэд ирээд “Эрдэнийн ундраа” хамтлагийн гоцлол хөгжимчин болсон. Урт үстэй, өргөн өмдтэй нөхөр сэгсгэнэж явлаа. (Инээв) Тэр үеийн залуусын имиж. 1989 онд Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар чуулган болсон юм. Энэ чуулганыг угтаж Эрдэнэт хотод  Монгол ардын богино дуу дуулаачдын уралдаан явагдсан. Монгол телевизийн Болдхүү “Уурхайчин” соёлын ордны хөгжмийн багш байлаа. Чи нэг дуулаад үз гээд суулгадаггүй. Багаасаа хөгжим тоглосон болохоор ардын дууны үг ая цээжинд явдаг юм билээ. Тэгээд Болдхүүгийн ятгалгаар анх дуулсан. Манай цехийн Туяахүү агсан бид хоёр тэмцээнд орлоо. Би дуулж, морин хуурч Ганболд, шанзчин Батхүү, хуучирчин Сарнайцэцэг нар хөгжим тоглоно. Болдхүү нөгөөдүүлд ноот бичиж өгнө. Ингэж 4-р шатанд тэнцэн том шалгуур давж тэргүүн байр эзэлсэн. Засвар механикийн заводад хийсэн лимбэ тоглож буй хүний дүрстэй алтан медаль, улсын амралтанд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнуулж байлаа. Ингэж миний уран сайханч болох зам нээгдсэн.
-Таны сэтгэлд үлдсэн хамгийн анхны  шагнал юу вэ?
-МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медалиар энгэрээ мялаасан явдал надад их урам зориг өгсөн. Энэ медалийг Хотын Эвлэлийн хорооны дарга Далантайгаас гардсан. Эрдэнэт хотын МХЗЭ, ҮЭ-ийн хороо гэсэн тамгатай эрхийн бичиг одоо ч надад хадгалаатай байгаа. 
-Хэдэн онд БелАЗ-ын жолооч болсон бэ? Таныг ажиллаж байгаад цэрэгт татагдсан гэж сонссон.
-1980 оны хавар “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Сургалтын төвийн анхны БелАЗ-ын курсыг бид хорин хэдүүлээ төгсч байлаа. Тэднээс өнөөг хүртэл Завхан аймгийн харьяат Балдоржийн Алтангэрэл, Эрдэнээгийн Наран-цацралт, бид гурав үйлдвэртээ ажиллаж байна. Бид таван жил ажиллаад цэрэгт татагдсан.
-Та хаана цэргийн алба хаав.  Ингэж хөдөлмөрлөж явсан хүн цэрэгт  нэг их зүдрээгүй байх. Тийм үү?
-Би Зүүнбаянгийн дивизэд гурван жил цэргийн алба хаасан. БелАЗ-ын жолооч нарыг цэрэгт татдаггүй байлаа. Тэр жил “Эрдэнэт” үйлдвэрийн хэдэн инженер, БелАЗ-ын жолооч нарыг  бүгдийг нь цэрэгт татсан. Цэрэгт тэнцсэн хүмүүсийг сарын өмнө ажлаас чөлөөлдөг байлаа. Бид ажлаа хийж яваад шууд цэрэг болсон. Манай ангийн гурван нөхөр Зүүнбаянд  ахлах дэслэгч цолтой, цэргийн албан хаагч болчихсон явдаг юм. Өөр ангиудад. Тэгэхэд би шинэ цэрэг Зүүнбаянд очиж байлаа. (Инээв) 18-20 настай залуучуудтай маршид гүйхэд оройлдоггүй юм гэхэд ёроолд нь үлдэж үзээгүй. Савлуур дээр шинэ цэргийн нормоо ягштал хийчихнэ. Энэ нь уулан дээр ажиллаж сурсны ач тус. Тэгэхэд хөдөө адуу хариулж байсан нөхдүүд хүлээтэй байх жишээтэй. Манай 1985 оныхон Монголын Ардын армийн хамгийн сүүлийн гурван жилийн цэрэг. 10 мянган цэрэгтэй Зүүнбаянгийн гаринзонд алба хаана гэдэг эр хүн болж төрсний хувьд нэр төрийн хэрэг. Бүтэн гурван жил цэргийн албыг би нэр төртэй хаасан. Зүүнбаянгийн дивизийн захирагчийн жолооч явлаа. Манай дивизийн захирагч хурандаа Гомбосүрэнгийн Дамдинсүрэн гэж Завхан аймгийн харьяат хүн байлаа. Сүүлд  хошууч генерал болсон. Өнгөрөгч онд бие барсан дуулдана билээ.
-Ажил хөдөлмөрөөс та юу олж авсан бэ?
-Хөдөлмөр хүнийг тэсвэр тэвчээртэй болгодог. БелАЗ бариад  халуунд халж, хүйтэнд хөрч явсан. Хажуугаас мотор халаана. Дээрээс нар төөнөнө. Тэгэхэд би говьд хашин морьтой тэмээ хариулахаас хамаагүй дээр гэж бодоод л ажилладаг байлаа. Хаврын ногоо хөөсөн тэмээ жалгын нэг цацсан будаа шиг салхи сөрөөд тараад явна. Тэр олон тэмээг хашин морьтой цуглуулах ч бас л чанга ажил даа. Багаас минь хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн өвөг, дээдсийн их ухаан намайг амьдралын хат суулгасан. Тэсвэр хатуужилтай хувь хүн болгон төлөвшүүлсэн санагддаг.
-“Эрдэнэт” үйлдвэрийн талаарх таны бодлыг сонсоё? 
-“Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд ороод 37 дахь жилдээ ажиллаж байна. Манай үйлдвэр ашиглалтанд орсноосоо хойш Монгол улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулж ирснийг бид мэднэ. Монголчуудыг тэжээж буй үйлдвэрээрээ бахархалгүй яахав. Энэ үйлдвэрт ажиллаж буй баялаг бүтээгчдийн хөдөлмөрийн үр шим монгол айл бүрт очиж байна гээд бодохоор омогших сэтгэгдэл төрдөг. 
-Залууст хандаж юу хэлэх вэ? Тэднийг та хэрхэн яаж ажиллаасай гэж бодож байна.
-Манай залуус их азтай юм аа. Би харьцуулж ярьж байна. Бидний залуу насанд үйлдвэр маань төлөвшөөгүй байлаа. Бүх юм шинэ. БелАЗ-ын жолооч, засварчдыг дөнгөж бэлтгэсэн ажлын туршлага байхгүй. Одоо бүх юм жигдэрч төлөвшсөн, гар нийлсэн хамт олон дунд залуус орж ажиллаж байна. Хамт олон нь бүх юмыг зааж сургаад өгнө.  Бүх юм хяналттай. Бид сайн ажиллах ёстой гэсэн зарчмаар л явж ирсэн. Тухайн үеийн БелАЗ-ын чанар ч муу байж. Эвдрэл их гарна. Ямартаа БелАЗ-ын жолооч нарыг тоосонд дараатай, тосонд боодолтой хэдэн борчууд гэж хочилж байхав дээ. Сүүлийн үеийн БелАЗ-ын жолооч нарын ихэнх нь миний гараар дамжиж байна. “Эрдэнэт”, “Мак”, Оюутолгойн боловсон хүчнүүд. Яагаад гэвэл би Автотээврийн байгууллагад сургагч багшийн алба хашдаг болохоор. Өнөөдөр айл бүхэн авто машинтай. Тиймээс залуучууд юм сурах нь хурдан юм. Ядаж л зам оноод явчих жишээтэй. Тэгэхээр залуус ажилдаа мэрийлттэй, тэвчээртэй байвал амжилтанд хүрэх боломж урд нь нээлттэй. Уйгагүй хичээл зүтгэл, оролдлого хэрэгтэй гэсэн үг. Залуус хөдөлмөр хамгааллын хэрэгслийн чанар сайжирсан цаг үед амьдарч буй нь их аз. Өнөөдөр хөдөлмөр хамгааллын хэрэгслээ заавар журмын дагуу тогтмол хэрэглээд хэвшчихвэл аюул эрсдэл өвчлөлөөс өөрийгөө аварч чадна. Та энэ нүдний шил, чихний бөглөөг хэрэглэ гээд өгч байна. Хөдөлмөр хамгааллын бүх хэрэгсэл зориулалтын болсон. Тавьж өгсөн бүгдийг нь зөв хэрэглэчих. Өөр танд юу ч хэрэггүй. Тэгэхэд л эрүүл, ажиллаж хөдөлмөрлөх болно.
-Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн үү? 
-Манайх гурван банди, нэг охинтой. Банди нар инженер, цахилгаанчин, жолооч мэргэжил эзэмшсэн. Хоёр нь “Эрдэнэт” үйлдвэртээ мэргэжлээрээ ажиллаж байна. Бага хүү маань миний мэргэжлийг өвлөсөн. БелАЗ-ын жолооч.
-Хамт олныхоо талаар ямар бодолтой явдаг вэ? 
-“Эрдэнэт” үйлдвэрийн нэлээн хүндхэн хэс-гийг үе үеийн  БелАЗ-ын жолооч нар нуруун-даа үүрч ирсэн гэж би боддог. Биний ажил тэсвэр тэвчээр, анхаарал сэрэмж шаардана. Нэг замаар, ижил хурдаар адилхан даацтай ачаатай явдаг болохоор бүх БелАЗ-ын жолооч нарын хөдөлмөрийн үр дүн нэгэн цул юм. Миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн Ховд аймгийн харьяат хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Лхагвадоржийн Шонхор гэж хүн байна. Би Л.Шонхор багшдаа их баярлаж явдаг. Тухайн  үеийн  алдартай  БелАЗ-ын жолооч Д.Загд, Г.Батбаатар, Л.Төмөртогоо, Г.Долгор, Д.Дондог нарыг дурсахгүй байхын аргагүй юм. Эдгээр хүмүүс машин техниктэйгээ хэрхэн харьцаж, биеэ яаж зөв авч явж байгаагаас суралцсан хүний нэг нь би. Ажил, амралтаа хэрхэн зохицуулан ажиллаж ирснийг нь асууна. Тэд харамгүй хэлдэг байсан даа. Ахмадуудын хэлж ярьснаар ажил, амралтаа зохицуулж ирсэндээ өдий зэрэгтэй яваа гэж боддог. Бид цэргээс ирээд монгол экипаж байгуулсан. Гомбожавын Баасансүрэн, Нанжидын Ганболд, Дагвын Ганзориг агсан бид дөрөв нэг экипаж байлаа. Говь-Алтайн дөрвөн хөгшин цэрэг халагдаж ирээд нэг ээлжинд ажилласан. Нэг нь Налайхад гурав нь Зүүнбаянд алба хаасан  байдаг. Өмнөх хоёр онд БелАЗ дээр хүн аваагүй. Нөгөө талаар би цэрэгт явахдаа МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулсан. Энэ  бүхэн  Монгол экипаж бүрдүүлэн ажил-лахад түлхэц болсон юм. Цехийн боловсон хүчин асан Лхаажав гуай МХЗЭ-ийн тэргүүний алтан медальтай Д.Жигмэдцэрэн өөрөө санаачилга гаргаж монгол экипаж байгуулсан гэж хэл ам гаргасан хүмүүст ярьсан байдаг. Бид дөрөв 1989 онд үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, 1990 онд хотын хөдөлмөрийн аварга хамт олон болж байлаа. Одоо Г.Баасансүрэн маань үе залгамжилсан хүүтэйгээ   нэг экпажид ажиллаж байна. Н.Ганболд хувийн аж ахуйтай сайхан амьдарч явна. Д.Ганзориг маань л цэл залуу насандаа бурхан болсон. Миний ажиллаж байсан 040 дугаартай экипажиас Бямбажавын Пүрвээ алтан гадас одон хүртлээ. Цэен-Ойдов маань үйлдвэрийн хөдөлмөрийн аварга боллоо. Бямбабадрах яамны том шагнал хүртсэн. Энэ мэтчилэн хамтран ажиллаж байсан үе үеийн хүмүүсийн ажил үйлс өөдрөг явахад сэтгэл хангалуун байдаг.
-Та аль хэр азтай хүн бэ? 
-Над шиг азтай хүн хаана байна. Миний ангийн хүүхэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр  олон сонгогдсон Гантулга надад ингэж ярьсан. 1990-ээд онд алтан гадас одонд чамайг тодорхойлсон. Манай ангийн Жигмэдцэрэн биш биз дээ гээд овгийг нь сонссон  мөн байлаа. Би хамгийн түрүүнд дэмжээрээ  та  бүхэн гэсэн. Алтан гадасаа авчихсан. 2000 оны үед хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд тодорхойлоход нь дэмжсэн. Энэ одонг чи зүүчихсэн явж байлаа. Дараа нь хөдөлмөрийн баатар болох гэж байгааг Х.Ганболд агснаас сонссон гэдэг. Стамбул гуайг баатарт хэд хэд тодорхойлоод сая гавьяат авлаа. Энэ мөдгүй гэж Гантулга маань дотроо бодож явж л дээ. Тэгсэн хэд хоногийн дараа нөхөр Жигмэдцэрэн хөдөлмөрийн баатар болсон байх жишээтэй. Үүнийг аз гэхээс өөр юу гэх үү. Энд би нэг юм хэлье. Урлагийн буян бас бий. Би урлагаар явж хүмүүсийн танил болсон. Тэгэхээр би шавь нартаа хэлдэг. Хос морьтой бай гэж. Зөвхөн ажлаа хийгээд эхнэрийнхээ гарын лавшаа идчихээд гэртээ зурагт үзээд хэвтээд байвал хөгжихгүй. Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүл. Тэгэхдээ сонирхдог урлаг, спортын төрлөөр хичээллэ гэдэг. Та бод. 2006 онд үйлдвэрээс нэг хөдөлмөрийн баатар, хэд хэдэн гавьяат төрсөн. Тухайлбал, МУГД Д.Баясгалан сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй, МУАҮГ ажилтан О.Зоригт ширээний теннисний 1-р зэрэгтэй, МУГУурхайчин Т.Батсайхан чөлөөт бөхийн 1-р зэргийн тамирчин, хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн МУСТА байсан гээч. Хэрвээ би урлагаар яваагүй бол хэн ч танихгүй нэг тарган нөхөр яваа биз. 
-Баатар аа, та таарах болгонд инээчихсэн явах юмаа. Таны инээмсэглэж яваа дүр төрх сэтгэлд нэг л дулаан байдаг шүү.
-Тийм үү. Инээд олон янз хө. Улнаас нь толгой хүртэл хараад хөгжүүн гэгчийн хөх инээд байна. Америкчууд хүнтэй дан инээж харьцана. Тэр нь ямар ч амт байхгүй. Худлаа инээд байхгүй юу. Матар хочит Данди кинон дээр гардаг биз дээ. Тэгэхдээ  инээмсэглэсэн хүний сэтгэлд хар буруу санаа явдаг гэж надад буухгүй байна. Хүн  сайхан үгэнд баярладаг сэтгэлийн амьтан. Өдөрт гурван хүнд сайхан үг хэлж баярлуулж бай гэсэн ухаантны үг бий. Ер нь хүн нэгэндээ сайхан үг хэлж явахад юу хорогдох юм. Та үнэхээр сайхан харагдаж байна гээд чин сэтгэлээсээ хэлэхэд л ахмадууд жигтэйхэн баярладаг шүү дээ. 
-Урлагт бие сэтгэлээ зориулж ирсэн хүний хувьд юу хожсон гэж боддог вэ?
-Бор уулын буян их. Уран сайханч явсны буян хишгийг  би  бишгүй  хүртсэн.  Монголын урлагийн зарим хүний хүсч мөрөөддөг замналаар би явсан байдаг. Манай “Уурхайчин” соёлын ордон олон талт үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд нэрд гарсан урлагийн их мастеруудтай  хамтран ажилладаг буянтай газар. Энэ газрын буянаар би Монголын дуурийн болон филормонийн найрал хөгжимтэй дуулсан байна. Монгол улсын морин хуурийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын үлээвэр найрал хөгжимтэй дууллаа. Баян монгол чуулгатай өөрийн бие даасан хоёр уран бүтээл хамтран хийсэн байна. Энэ нь миний  амьдралд  тохиосон их аз завшаан. Ямартаа морин хуурч Алтайсайхан агсан манай Жийгаа ахад Баян-Өлгийн доомборын чуулгатай дуулах л үлдлээ гэж байхав дээ. Хөдөөний нэг уран сайханч Дуурийн театрын тайзан дээр  3-4 удаа тоглосон. “Учиртай гурван толгой”-д тоглож байлаа. Анх “Уурхайчин” соёлын ордны Ерөнхий найруулагч Одончимэг надад тайлан тоглолт хийгээч гэсэн санал тавьсан юм. 1996 онд хоёр морин хуур, хоёр хийл, 20-иод гуулин хөгжимтэй, Баян монгол чуулгатай нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй жааз хөгжимтэй,  Эрдэнэтэд анх уран сайханч Жигмэдцэрэн тайлан тоглолт хийсэн. Түүнээс хойш уран сайханчид “Уурхайчин” соёлын ордонд уран бүтээлийн тайлан тоглолт хийж эхэлсэн дээ. Нийгмийн асуудал хариуцсан захирал асан Байгал “Жигмэдцэрээн чиний машин томроод байх юм.  Дуугаа дуулж байна уу” гэж асуусан. Дуулахад  энгийн  амьсгаа  авахаас  хэд  дахин  илүү хүч шаарддаг. Би дуулахдаа хоёр маск давхарлах нь холгүй явна гэхгүй юу. Тэгэхэд үүнийг л чамаас сонсох гэсэн юм гэж билээ. Дуулдаг хүн хоолойгоо гамнаж, эрүүл мэндээ давхар бодож явах ёстой. 2010 оны “Дуунд дуртай болов оо би-2” миний уран бүтээлийн тайлан тоглолтонд Баян монгол чуулга, МУГЖ Болормаа, алдарт баян хуурч Тэрбиш, саксафонч  Сүхбаатар нарын алдартнууд оролцсон. Бахархал биз дээ. Энэ бүхэн “Эрдэнэт” үйлдвэрийн буян.  Бид нэг замаар бүтэн 8 цаг тээвэр хийнэ. Тэгэхээр ая дуу миний ажлын хань болдог. Ер нь урлагаас авсан сэтгэлийн таашаалыг үгээр хэлэхийн аргагүй.
 -Өдий олон жил ажиллахдаа өвчин хуучгүй яваагийн нууц юунд байна вэ?
-Багаасаа эрүүл агаарт өсөж, цагаан идээгээр хооллож байсных гэж боддог. Урлагаар хичээллэж сэтгэлийн эрч хүч авч явсны дэм тус ч байгаа.
-БелАЗ машин эхэлж харсан хүнд сүрд-мээр шүү. Танд ямар санагдсан бэ?
-Нэг их гайхшрал төрүүлээгүй санагдана.  Харин 5 жил БелАЗ жолоодсон хүнд цэргийн даргын УАЗ-469 машины дугуй товч шиг юм харагдаж билээ. Манай нэг ажилчны эхнэр, нөхөртэйгээ уулзахаар ирж. Тэгээд нөхрөө хүлээгээд зогсож байхгүй юу. Гэтэл нэг байшингийн хана хажуу тийш болтол дотроос нь том дугуйтай байшин гараад ирсэн гэж ярьсан байдаг. Тэр нь БелАЗ. Том дугуйтай энэ байшин миний хоёр дахь гэр болж, намайг алдар хүндэд хүргэсэн.
-Таны шүтээн юу вэ?
-Надад  гурван   шүтээн   бий.  Тэгэхдээ бурхан биш. Би ээж, аав, эрдэнэт уул, эвсэг хамт олноо шүтдэг. Намайг төрийн хишиг, уулын буян, нөхдийн хайр хүндлэл ивээсэнд сүсэлж явдаг даа.
                                                                                                                 Т.БАТЧУЛУУН
Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн ахлах мастер Ц.Батболдтой техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар ярилцлаа. 
 
     -Танайх зэс молибденийн баяжмалыг шүүж хатаагаад экпортод бэлтгэдэг онцлог хэсэг. Сүүлийн үед техник технологийн ямар шинэчлэл хийгдэж буй талаар мэдээлээч? 
     -Манай хэсгийн техник, технологийн өнөөгийн байдалд тохи-руулсан олон шинэчлэл хийгдэж байна. Үүний нэг нь молибденийн 12-р шүүлтүүрийг тавьснаар зуухыг халж, хэсгийн тоосжилт эрс багассан. Ингэснээр ажлын бүтээмж нэмэгдэж, ажиллах орчин эрс сайжирсан. Дараагийн ажил нь зэсийн баяжмалыг шүүж хатаадаг АНУ-д үйлдвэрлэсэн даралтат шүүлтүүр дээр 8-р филтер ажилласнаар манайх гурван филтертэй болсон. 
     -Гурван филтертэй болсон нь ямар давуу талыг бий болгож байна?   
     -Өмнө нь зөвхөн 9, 10-р даралтат шүүлтүүр ажилладаг байсан юм. Энэ үед нэг шүүлтүүрээ зогсоож засвар хийхэд хүндрэл учирдаг байсан. 78 цагаас дээш  хугацаагаар засвар хийх тохиолдолд өтгөрүүлэгчийн ачаалал нэмэгдэж, арга буюу засварын ажлаа гүйцээж чадалгүй залгадаг байлаа. Ингэснээр ачаалал нэмэгдэж, засвар үйлчилгээ дутуу хийгддэг байсан. 8-р даралтат шүүлтүүр ажилласнаар 10-р даралтат шүүлтүүрийг зогсоож бүрэн засварт орууллаа. Өөрөөр хэлбэл засварын үед нэг шүүлтүүрээ бүрэн зогсоож гүйцэт засварлах нөхцөл бүрдсэн. Мөн хавтанд бэхэлсэн хөдөлгөөнгүй гулсагчийг гүйлгэхийн тулд замыг заавал тосолдог байсныг Рэнцэнсамбуу инженерийн санаачилгаар, энд ажилладаг хүмүүсийн хүсэлтээр өнхрөгч роликтой болгосон. Ингэснээр даралтат шүүлтүүрийн ашигт ажиллагаа сайжирч, замыг байнга тослохгүй болж, бохирдол үүсдэг, зарим ээлжийнхэн ажлын ачааллаас болоод замаа тосолж амжаагүйгээс хавтан хазгай татагдах, гинж хийх, хавтангийн гар далийх зэрэг зөрчил арилсан. Түүнээс гадна угаалгын системийг өөрчилж чанар сайжирсан. 
    -9-р филтер дээр засвар хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар...? 
    -2008 онд суурилуулсан учраас металл хийц нь муудаад хавтанд элэгдэл үүссэн. Бид Засвар угсралтын хэсэгт хүсэлт тавьснаар суурийг нь өөрчлөн хэмжээнд нь оруулах ажил ид өрнөж байгаа. 
    -Үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал юу байна?
   -1976 онд “Эрдэнэт” үйлдвэр 16000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтанд ороход л ажиллаж эхэлсэн молибденийн өтгөрүүлэгчийн эд анги муудаж хоцрогдоод материалаа дийлэхээ больж байна. Манайд хамгийн сүүлийн үеийн өндөр хурдны өтгө-рүүлэгч зайлшгүй шаардлагатай. Австрали улсын 8 м3 багтаамжтай, өндөр хурдны өтгөрүүлэгч авах тухай олон жил ярилаа. Захиалсан, гэрээ хийгдээд явж байна л гэсэн. Одоо хүртэл ирээгүй. Хуучин өтгөрүүлэгчийн доод тал нь цоорсон. Өөрөөр хэлбэл металл хаяад байна гэсэн үг. Тиймээс бид металл хаяхгүйн тулд яаралтай зогсоогоод нэг өтгөрүүлэгчээ тунгаах зорилгоор ашигласан. Тунгаагуураа суллаж угаагаад доод талд нь төмөр листээр шал хийж түр зуур гоожихгүй болгоод байна. Бидний захиалсан шинэ өтгөрүүлэгч нийлүүлэгдвэл энэ хоёр өтгөрүүлэгч бараг хэрэггүй болно. Яагаад гэвэл том, дээр нь өндөр хурдных ирэх учраас.
   -Шинэ өтгөрүүлэгч ирээгүй байтал Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ажилд орвол ямар хүндрэл үүсэх вэ? 
   -Их хэмжээний бүтээгдэхүүн орж ирэх учраас өтгөрүүлэгчид багтахгүй. Манай одоо хэрэглэж байгаа өтгөрүүлэгч жижиг болохоор баяжмал сууж амжаагүй байтал гаргах болно. Өөрөөр хэлбэл шүүх ёстой баялагаа хаягдал болгоод явуулчихна гэсэн үг. Ингэснээр технологийн горимд зөрчил үүснэ. Ажилчдын ахуй орчинд ч сөргөөр нөлөөлнө. Өндөр хурдны өтгөрүүлэгчээр бол баяжмал маш хурдан сууж, түргэн шүүж авах боломжтой. Шинэчлэл хийснээр технологийн гологдолгүй ажиллана. 
   -Баярлалаа. 
 
М.ОДГЭРЭЛ
 
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат нар саяхан АНУ-д ажлын айлчлал хийгээд ирлээ. “Хол явсан хүнээс үг сонс” гэдэг. Эрх чөлөөний орон гэгддэг алсын Америкийн тухай сэтгэгдлийг нь сонсохоор С.Сувдаа захирлыг бид энэ дугаарын ярилцлагад урилаа.
 
   -Таныг Ази, Африк, Европын хэд хэдэн оронд очоод ирснийг бид мэднэ. АНУ-д хийсэн энэ айлчлал анхных байсан уу?
   -Тиймээ, АНУ-д анх удаа айлчиллаа. Анхны аялал бүхэн сонин содон сэтгэгдэл төрүүлдэг. Энэ удаад Америкийн өмнөд Дакота мужийн уул уурхайн инженер бэлтгэдэг Техникийн Их сургуулийн урилгаар бид тус улсад ажиллаад ирлээ. Манай үйлдвэрийн инженерүүд өмнө нь тус сургуультай танилцаж байсан юм билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн багшаар ажиллаж байсан хүн тэнд докторын зэрэг хамгаалах гээд тус сургуульд суралцаж байна. Энэ сургууль Америкийн эх газрын төвд байрлалтай Рапид хотод байгуулагдсан, 5000 оюутантай юм. Тус сургууль зөвхөн уул уурхайн инженерийг бакалавр, магистрын чиглэлээр дагнан сургаж бэлтгэдэг онцлогтой. Рапид  хот 73.000 хүн амтай, яг  манай Эрдэнэт шиг уул уурхайн хот юм. Цаг агаар, байгалийн нөхцөл байдал нь Эрдэнэттэй ер нь төстэй. Энэ сургуулийн эрдэмтэд Монголд хэд хэдэн удаа ирсэн тухайгаа ярьсан. Тиймээс энэ хоёр сургуулийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай бид уулзалтын үеэр ярилцсан. 
   -Өмнөд Дакотагийн Техникийн Их сургуулийн талаар төрсөн онцгой сэтгэгдэл юу байв?
   -Энэ сургуулийн төгсөгчдийн 98 хувь нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр шууд ажилтай болдог нь гайхалтай санагдсан. Тэдний ажлын хөлс хамгийн багадаа жилд 80.000 ам.доллар гээд бодохоор тэнд хүний хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө, хөдөлмөрийн үнэлэмж өндөр хэмжээнд байдаг нь харагдсан. 
   -Манай үйлдвэрийн Технологийн сургууль өмнөд Дакотагийн Техникийн Их сургуультай хэрхэн хамтран ажиллах вэ? 
   -Энэ хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагааны хэд хэдэн чиглэлийг бид хамтдаа тогтоолоо. Нэгдүгээрт, манай Технологийн сургуулийн уул уурхайн инженерийн ангийн хоёрдугаар курс төгссөн оюутан гуравдугаар дамжаанаас эхлээд АНУ-д суралцах боломжтой юм гэж үзлээ. Одоогоор тус сургуульд 3 монгол оюутан суралцаж байна. Тэдний нэг нь ШУТИС-ийн хоёрдугаар дамжаа дүүргээд тэнд гуравдугаар курст суралцаж байна. Манай үйлдвэрийн Технологийн сургууль ийм байдлаар оюутан солилцож болох юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тэнд суралцах жилийн төлбөр байр, хоолтой нийлээд 29.000 ам.доллар. Хамгийн гол нь англи хэл маш сайн сурсан байх шаардлага тавигдана. Ингэж суралцаж чадвал АНУ-ын Их сургуулийн сургалтын стандартаар уул уурхайн инженерийн дээд боловсрол эзэмших боломж байна. 
     Хоёрдугаарт, багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургах арга барилыг шинэчлэх чиглэлээр  энэ сургуультай хамтран ажиллаж, 2-3 сарын хугацаагаар багш солилцох боломж байна гэж харлаа. Тиймээс манай багш нар хэлний бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна. 
     Гуравдугаарт, судалгаа шинжилгээний чиглэлээр өмнөд Дакотагийн Их сургуультай хамтран ажиллах өргөн боломж бас байна. Тус сургууль судалгаа, шинжилгээний маш том бааз суурьтай юм. Энэ сургууль олон га талбай дээр оюутны хотхон байгуулсан, өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлагын байр, оюут-ны байр, музей, хоолны газар, биеийн тамирын талбай, судалгаа шинжилгээний анги танхим гээд бүх хэрэгцээ нэг дор төвлөрсөн оюутны хотхонтой юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн сургуулийг ийм байдлаар шинэчлэн зохион байгуулах боломжтой юм байна гэх бодол төрсөн. Технологийн сургуулийг цоо шинэ менежментээр хөгжүүлж, шинэчилж болох бэлэн туршлага тэнд байна. 
     -АНУ-ын өөр хот, суурин, уул уурхайн үйлдвэрийн ажил, амьдралтай танилцаж амжив уу?
     -АНУ нийт 50 муж улстай. Түүний хоёр дахь том мужид бид бас зочиллоо. Энэ нь хотоосоо 40-өөд км-ийн цаана байрлалтай уул уурхай хөгжсөн орон нутаг юм байна. Энд өнөөдөр ид олборлолт, боловсруулалт хийж буй уурхай ч байна, ашиглаж дуусаад нөхөн сэргээлт хийж байгаа уурхай ч байна. Ашигт малтмал нь дуусаад хаагдсан хоёр уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай бид танилцлаа. Манай үйлдвэрийн байгаль орчны нөхөн сэргээлтийг тийм байдлаар хийх боломжтойг бас олж харлаа. Жишээ нь, тэнд юу ч ургахааргүй намагтай хөрстэй газар нэлээд бий болсон, түүнд байгалийн нөхөн сэргээлт хийгээд бэлчээрт ашиглах зорилт тавьж байна. Тийм хэрэгцээгүй болсон хөрсийг мал, амьтны бэлчээр болгохын тулд тусгай бактери үржүүлж хөрсжүүлдэг аргыг тэд хэрэглэсэн байна. Ийм нөхөн сэргээлтийн хөрөнгийг хаанаас санхүүжүүлж, ямар зарчмаар хийдгийг бас судаллаа. Уул уурхайн чиглэлээр ашигласан газарт улсын төсвөөр нөхөн сэргээлт хийгээд, тухайн газрыг үргэлжлүүлэн өөр чиглэлээр ашиглах компани нь нөхөн сэргээлтэд зарцуулсан хөрөнгийг  төлөөд үйл ажиллагаа явуулдаг нэг зарчим дэлхий нийтэд үйлчилдэг юм байна.  Бас нэг зарчим нь, тухайн орд газрыг ашиглаж эхлэх үеэс  байгалийн нөхөн сэргээлтийн сан үүсгэж, тэр хуримтлагдсан хөрөнгөөр хувийн байгууллагууд төсөл хэрэгжүүлэх замаар  нөхөн сэргээлт хийдэг юм байна. 
       -Өнөөдөр тэнд ажиллаж байгаа уурхайнуудын үйл ажиллагаа ямар сэтгэгдэл төрүүлэв?
       -Тэр уурхайнуудын үйл ажиллагаа манай Монголын уул уурхайн системээс огт өөр юм. Уурхайнууд нь бүгд хувийн хэвшлийнх. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт төрийн өмчит аж ахуйн нэгж ажилладаггүй. Нөөцөө тогтоохоос эхлээд, олборлолт, боловсруулалт хийгээд эцсийн бүтээгдэхүүнээ улсад тушаагаад явдаг төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай хариуцлагын тогтолцоо тэнд бий болсон байна. Тухайн уурхай тэрхүү хувийн байгууллагын эдлэн газар учраас үйл ажиллагаа явуулж, ашиг олох хугацаандаа маш зөв ашиглах, дараа нь нөхөн сэргээлтийг маш сайн хийх бодлого тэнд бодитой хэрэгжиж байна. Аливаа өмч эзэнтэй байхын утга учир, өнгө төрхийг Америкийн уурхайнуудаас л харж болохоор байна. 
     -Манайд хэрэгжиж эхлээд байгаа Хаалт хөгжлийн менежментийг АНУ-ын уурхайнууд хэрэгжүүлж байна уу? Ийм менежмент хэрэгждэг бол хамгийн сонирхолтой нь юу байв?
    -Манай үйлдвэр байгаль орчны дүйцүүлэн нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрээнд буга, согоо, тарвага гэх мэт тухайн байгальд өмнө нь оршин байсан ан амьтдыг ямар нэг байдлаар үржүүлж байна шүү дээ. Америкийн уурхайнууд ан амьтдын ийм нөхөн сэргээлтийг бас хийдэг юм байна. Өнөөдөр тэнд ашиглаж байгаа уурхайн бүс нутагт зэрлэг үхэр, янзага, туулай, луус гээд байгалийн ан амьтад нүдэн дээр бэлчиж байгаа нь үнэхээр содон, сонин харагдсан. Мөн тэндэхийн уул уурхай хөгжсөн орон нутаг нь үнэхээр баялаг бүтээж чадахын зэрэгцээ ард иргэд нь баян, сэтгэл хангалуун амьдарч байна. Бас уулархаг газар руугаа маш сайхан зам харгуй, дэд бүтэц тавьсан, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайн хангасан байна. 
     -Уул уурхайн үйлдвэрүүд нь тоног төхөөрөмжөө манайх шиг өөрсдөө засварлаж байна уу, эсвэл импортоор авдаг юм болов уу?
     -Зөвхөн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, засварладаг манай Засвар механикийн завод шиг компани тэнд байна. Тэд онгоцны эд анги хүртэл засварлаж захиалгат байгууллагад нь нийлүүлдэг. Тэр байгууллага бүрэн автоматжуулагдсан, бүх зүйл нь компьютерийн маш нарийн хэмжээстэй. Захиалга өгсөн хэмжээнээс нэг милиметр ч зөрөхгүй хийгдэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Хэрэв захиалгат бүтээгдэхүүнийг нэг удаа буруу хийхэд компанийн нэр хүнд унаж, дахиад итгэж захиалга өгдөггүй  учраас тэр компанийн гол зорилго нь ЧАНАР юм. Тэр компани “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэж чадвал  Та цаг, мөнгөө хэмнэнэ” гэсэн уриатай ажиллаж байна. Энэ компанийн хэрэгжүүлж байгаа шинэ технологитой бас танилцлаа. Тоног төхөөрөмжийн засварын үйлдвэр нь гайхалтай орчин нөхцөлтэй юм. Яг эмнэлгийн орчин шиг цэвэр цэмцгэр, ажиллагсад нь  цэвэрхэн халаад, цагаан бээлийтэй ажилладаг. Тэд лазерын гэрлээр эд анги зорж байгааг харлаа. Төмөр хийц зордог дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг тэд ийнхүү  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. 
     -Та бүхний олж харснаар Америйн уул уурхай Хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаардаг юм байна. Энэ талаар ямар сэтгэгдэлтэй ирэв?
     -Манай Засвар механикийн завод шиг үйл ажиллагаатай үйлдвэрт очиход үүдэнд суудаг ресепшин нь биднийг угтаж бүртгээд, үйлдвэртэй танилцах хугацаа зааж өгөөд, хамгийн түрүүн нүдний шил зүүлгэсэн. Тэгээд үйлдвэр рүү ороход ямар ч айдасгүй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах боломж, нөхцөл нь ч их өвөрмөц. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талын  ойлголтыг  тэд манайхаас арай өөрөөр ойлгуулдаг юм байна. Манайд бол “Та ХАБ-ыг хангахгүй бол ийм, тийм байдлаар хохирно” гэх мэтчилэн  аюулыг урьдчилж сануулаад байдаг. Гэтэл Америкийн уурхайнууд “Та хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж чадвал цагаа хэмнээд зогсохгүй мөнгөтэй болно” гэсэн өөдрөг тэмүүлэл рүү хүмүүсийг хөтөлдөг юм байна. Өөрөөр хэлбэл, Та зөв ажиллаад, зөв амьдрахыг хүсвэл хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой шүү гэдгийг ийм онцгой байдлаар ойлгуулж чадсан байна.  
     -Манай үйлдвэрийн Засвар механикийн заводыг  Хаалт хөгжлийн менежментийн хүрээнд шинэчилж уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын үйлдвэр болгож өөрчлөх хэтийн зорилт тавиад байгаа. Хэтдээ та бүхний үзсэн шиг орчин үеийн үйлдвэр болж өөрчлөгдвөл сайхан болно доо?
     -Харин тийм, манай Засвар механикийн заводын удирдлага, инженерүүд, хөгжил хариуцсан ажилтнууд өмнөд Дакотагийн Их сургуульд зочилж, Рапид хотын уул уурхайн тоног төхөөрөмжийн засварын компанийг үзээсэй гэх бодол төрсөн. Тэнд хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн үйл ажиллагаа маш их нэвтэрсэн байна. Гагнуур гэхэд дандаа автоматжуулагдсан. Гагнах эд ангиа бэлдээд компьютерт өгөгдөл өгчихөөд хүн дэргэд нь хараад, хянаад зогсдог, тэр эд ангийг хүн биш машин техник гагнадаг болсон байна. Манай улсын уул уурхайн салбарын хөгжил ийм дэвшилтэт арга технологи руу хурдан л ороосой билээ гэж бодсон. Физик бүтцийн хувьд гагнагддаггүй хоёр төмрийг хүртэл тэнд лазерын туяагаар гагнаж нийлүүлээд бүтээгдэхүүн болгож байна. Манай энд хийн гагнуураар гагнасан эд анги дээр их бага хэмжээний шаваас үүсдэг шүү дээ. Тэнд лазераар хийсэн гагнуурыг харахад ямар ч өө сэвгүй, хоёр эд ангийг нийлүүлж гагнасны ул мөр гэвэл нарийхан хээ л харагдана. Дэлхийн дэвшилтэт технологийг тэд үйлдвэрлэлдээ ийнхүү өргөн нэвтрүүлсэн нь гайхалтай санагдлаа. 
     -Гадаадын уул уурхайн хөгжлийн тухай дээрх яриа үнэхээр сонирхолтой санагдаж байна. Одоо Америк орны талаарх таны сэтгэгдэлд анхаарал хандуулья.
     -Америк агуу том гүрэн юм. Түүн лугаа адил литр, градус, хувцасны размер, машин тэрэг гэхчлэн бүх зүйлс том  байдаг нь Америкийн имиж бололтой. Би АНУ-д анх удаа хөл тавьсан болоод тэр үү, анхаарал татах, сонирхол төрүүлэх зүйл их байлаа. Биднийг түүхийн хөшөө дурсгалтай нэгэн газар аваачсан. Дан хадан цохиотой Black hills-т очиход АНУ-ын Вашингтон, Жефферсон,  Рузвельт, Линкольн гээд дөрвөн Ерөнхийлөгчийн хөргийг хадан дээр сийлсэн нь хамгийн түрүүн нүднээ туссан. Түүнийг бүтээхэд асар их ур чадвар шаардагдсан нь мэдээж. АНУ-ын олон Ерөнхийлөгч дотроос яагаад тэр дөрвөн хүний хөргийг онцгойлон тэнд сийлсэн  бэ? гэх   асуулт  гарна. Энэ дөрвөн  Ерөнхийлөгч АНУ-ыг хүчирхэг гүрэн болгоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс хэмээн ийнхүү хүндэтгэн дээдэлдэг юм байна. Энд ирсэн хүмүүс нэгдүгээрт АНУ-ын түүхийн  тодор-хой хэсэгтэй танилцаж, хоёрдугаарт тухайн орон нутгийн байгалийн өвөрмөц тогтоцыг олж  харж байна. Гуравдугаарт, аялал жуулчлал хөгжиж байна. Түүнээс гадна хүүхэд багачууд болон гадныханд АНУ-ын түүхийн мэдлэг олгох баримтат кино тэнд бас үзүүлдэг юм байна.
     Бидний хамгийн эхлээд хөл тавьсан Рапид хот АНУ-ын хөдөө л юм даа. Бид буцахдаа Лос Анжелос хотод хоёр хоног саатсан. Энэ хот 7 сая хүн амтай,  Америкийн хоёр дахь том хот учраас хэт давчуу амьдралтай юм. Тиймээс том хотуудад нь “Буцалсан” ажил амьдрал дунд хүмүүс нь их бухимдалтай, хөдөөгийн хотуудад нь иргэд амар тайван ажиллаж амьдарч байгааг зэрэгцүүлэн харж явлаа. 
     -Америкийг эрх чөлөөний орон гэдэг. Монголчууд өөрсдийгөө бас эрх чөлөөтэй амьдарч байна гэх. Энэхүү том, жижиг улсын эрх чөлөөний хил хязгаарт ямар ялгаа байна вэ? 
     -Монголчууд бид зоргоороо эрх чөлөөтэй ард түмэн юм байна гэх бодол төрсөн. Тэнд бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг, хуулийн л эрх чөлөөтэй юм. Хэрэв хууль зөрчвөл хичнээн гуйгаад нэмэргүй. Тэнд маш сайн хуультай, түүнийг ард иргэд нь ёсчлон биелүүлдэг нарийн тогтолцоо бий болсон байна. АНУ-ын 50 муж тус бүртээ өөр өөрийн хуультай. Нэг мужийн хууль өөр мужид үйлчилдэггүй. 
     -Америкт хамгийн үнэ цэнэтэй зүйл юу байна?
     -Ажлын байр. Ажлын байраа алдсан хүн тэнд амьдрахад маш хүнд. Хэн нэг нь ажилдаа ирээгүй үед түүний ажлыг өөр хүн гүйцэтгэнэ гэсэн ойлголт байхгүй. Хүн өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг ёсчлон биелүүлдэг хатуу журам тэнд үйлчилж байна. Тэр хүн ажилгүй болвол амьдрал нь тэр чигтээ урууддаг учраас ажлын байр бол Америкт хамгийн үнэ цэнэтэй зүйл болсон байна. Бид замд онгоцонд явахдаа Холливуудын кино үзлээ. Тэр кинон дээр нэг гэр бүлийн өрхийн тэргүүн ажилгүй болонгууд даатгалын компани ирээд шууд гаднах зүлгийг нь эвхээд, гэрт байгаа телевизорыг нь хураагаад явчихаж байна. Америкт ажлын байр ийм их үнэ цэнэтэй бөгөөд үүнийг дагаад хүн бүхэн үүрэг хариуцлагаа ойлгон ажиллаж, амьдардаг нийгмийн нарийн тогтолцоо  үйлчилдэг юм байна.
     -Аян замын сонин сонсоход сайхан байна. Гадны нүдээр харахад гайхалтай санагдсан өөр сонин зүйл юу байв?
     -Америкчууд хүүхдийг 13 нас хүртэл нь гэрт ганцааранг нь үлдээдэггүй. Хэрэв үлдээгээд явбал хөрш нь хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллага руу шууд утасдаад мэдээлдэг. Тэр байгууллага ирж хүүхдийг нь хамгаалалтанд авчихаад хариуцлага алдсан хүмүүсийг эцэг, эх байх эсэх тухай  асуудлыг нь сөхдөг юм байна. Эцэг эх хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь заавал хүргэж өгөөд, эргэж ирж авдаг тийм хариуцлагын тогтолцоо тэнд бас байна. Харин 14 нас хүрсэн хүүхэд өөрийнхөө төрсөн дүүг л гэртээ харж үлдэх боломжтой. Түүнээс биш 14 нас хүрсэн байлаа ч төрсөн дүүгээсээ өөр ах дүүсийнхээ хүүхдийг харж хамгаална гэсэн ойлголт байхгүй. Хэрэв ингэвэл бас хууль бус үйлдэл болно. Манайхан шиг хөрш айлдаа хүүхдээ орхиод явна гэсэн асуудал бүр байхгүй. Хүүхдийг 14 нас хүртэл нь аюулгүй байдлыг хангах үүргийг эцэг эхэд нь ингэж үүрүүлж чадсан нь онцгой сонин санагдсан.   Мөн Лос Анжелос хотын Холливуудын одод амьдардаг, уултай газарт очиж Beverly-гийн гудамжаар алхаж, тэндэхийн амьдралтай танилцлаа. Тэр гудамжинд Америкийн амьдрал сайн муу, сайхан муухай байдлаараа бүрэн цогцолсон байна. Холливуудын кинон дээр хүн төрлөхтний амьдралын сонин өнгө төрхийг харуулдаг шүү дээ. Тэр кинонууд тэндэхийн бодит амьдралаас сэдэвтэй юм байна гэдгийг газар дээр нь очиж илүү гүнзгий ойлголоо. Монголын нэг өдөр гэдэг шиг Америкийн нэг өдрийг тэр гудамжнаас  бүрэн харж болохоор юм байна.  
     -АНУ-ын түүхийг сэтгүүлчийн нүдээр харж, сонирхож явсан байх даа. Түүхийн сонин гэвэл...?
     -Анх 13 муж нэгдэж АНУ-ыг байгуулсан түүхтэй. Энэ мужууд нэгдэх үйл явц 1878 оноос эхэлсэн. Хамгийн сүүлд 1959 онд АНУ-ын 50 дахь муж буюу Хавай муж АНУ-д нэгдсэн. Ингээд бодохоор 100-аад жилийн хөгжлийн явцад энэ том гүрний нэгдэл явагдаж, хүчирхэгжиж ирсэн байна. Америк иргэд бүгд өөрийн газар дээр хувийн хаус барьж амьдардаг. Европоос ялгаатай нь тэдний хаус хашаагүй. Гадны хүн өөрийнх нь эдлэн газар руу зөвшөөрөлгүй алхвал шууд л буудах эрхтэй. Тиймээс эдлэн газар руу нь ямар нэгэн халдлага бий болдоггүй юм байна. Америкчууд ихэнх нь нэг давхар хаустай, харин газрын гүн рүү бас нэг давхар байгууламжтай. Их хэмжээний хар салхи, үер усны аюул гэх мэт байгалийн болзошгүй аюулаас хамгаалагдах байр хаусных нь доод давхарт байрладаг. Америкийн бүх айл өрхөд доод давхартаа хүнсний 7 хоногийн нөөцтэй байх үүрэг өгдөг, түүнийг ард иргэд нь биелүүлдэг юм байна. Манайхтай харьцуулахад огт өөр ертөнц байгаа биз. 
     -Аян замынхаа сониноос хуучилсанд баярлалаа. 
 
Ж.ОЮУН

 

 
Энэ удаа Спорт цогцолборын “Хилэм” усан сангийн ахлах арга зүйч Д.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
 
   -Танай усан сангаар сонин сайхан юутай байна?
   -Манай бассейн хаврын хөтөлбөр хэрэгжүүлж, хүмүүст тустай, олон төрлийн сонирхолтой сургалт, хөтөлбөр зарласан болохоор манайд хичээллэгчдийн тоо нэмэгдээд бид ажил ихтэй байх шив дээ. 
   -Ахлах арга зүйчээр хэзээнээс  ажиллаж байгаа билээ?
   -2013 оны 10-р сараас Усан сангийн ахлах арга зүйчээр ажиллаж байна. Би 2004 онд Биеийн тамирын дээд сургуулийг төгсөн, Спорт цогцолборт усан сангийн гэрээт багшаар  ажиллаж,  2010 онд жинхэлсэн юм. Одоо 11 дэх жилдээ ажиллаж байна. Ер нь ахлах арга зүйч байна гэдэг хариуцлага өндөртэй.  Гэхдээ зан зангаа авсан хамт олонтойгоо ажиллахад тааламжтай сайхан байдаг. 
   -Ажилдаа ямар зарчим  мөрддөг вэ?  
   -Урьд ажиллаж байсан ахлах арга зүйчийнхээ ажлыг доголдуулахгүй, илүү шинэлэг ажлыг усан спортдоо нэвтрүүлж ажиллахыг зорьдог.
   -Тухайлбал?
   -Ер нь усан спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон ажил зохиох эрмэлзэлтэй. Усан поло тэмцээнийг зөвхөн сонирхогчдын дунд гүехэн хэсгээр явуулдаг байсныг өнгөрсөн  онд анх удаа Монгол-Оросын найрамдлын сард зориулан  гүнзгий хэсэгт явуулсан нь шинэлэг сонирхолтой тэмцээн болсон.  Цаашдаа ийм тэмцээн явуулах боломжтой гэдгийг олж харсан.  Тэмцээнд оролцсон орос, монгол хүмүүсийн  сэтгэл тун хангалуун байсан. Дэлхийн усан пологийн тэмцээн гүнзгий хэсэгт явагддаг,  чадварлаг сэлэгчид оролцдог. Манай арга зүйчид БНХАУ-ын Бээжин хотноо усан дээрх бүжгийн  сургалтанд яваад  ирсэн. Усны бүжгийн анхан шатны сургалт  явуулж байгаа. Усан дээрх бүжгийн хичээлийг  усанд сэлэлтийн анхан, дунд шатны сургалтанд хамрагдсан хүүхдүүдэд зааж байна. Сэлж чадахгүйгээр усан дээр бүжиглэх боломжгүй л дээ.
   -Танайхан  олон гоёмсог  цэцэг ургуулж, балконоо тохижуулсан нь  хичээллэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлдэг юм билээ?
   -Баярлалаа. Бассейнд ажиллах нөхцөл  эрүүл мэндэд тийм ч таатай  биш. Манай хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн гэж үздэг. Гэвч бүгчим халуун, дуу шуугиан ихтэй, хлортой ус агаарт дэгддэг болохоор   үс унах, шүд завсартай болох, сонсгол буурах зэргээр таагүй нөлөө ялангуяа  олон жил ажиллаж буй  хүмүүст илэрдэг. Тэгэхлээр агаараа цэвэршүүлж, хичээллэгчдэдээ тав тухтай орчин  бүрдүүлэх  гэж бид  нилээн олон цэцэг тарьсан юм. Цөөн хэдэн цэцэгтэй байсан бол сүүлийн жил гаруйн хугацаанд  усан сангийнхаа  тагтыг дүүргэн  цэцэгжүүлсэн. Саяхан ХАБЭА-н 4-р шатны үзлэгийн үеэр   зардлаа хэмнэж,  боломжоо дайчлан  хийж буй ажлыг шалгаж явахдаа  бүтээмжийн менежер Л.Батгэрэл энэ ажлыг маань сайшааж, урмын  үг хэлсэн нь их сайхан санагдсан. Илүү сайхан болгох эрч хүчийг бидэнд хайрласан.  Бид  энэ жилээс Эмнэлгийн албаны коридорыг ч цэцэгжүүлнэ. Ер нь цаашдаа  ногоон байгууламжтай болох зорилт тавьж байгаа. 
   -Усан спортоор багаасаа хичээллэсэн үү?
   -Би багадаа уушгины багтраа өвчтэй,  гүйж  харайж  чаддаггүй  хүүхэд байлаа. Ээж маань бассейнд эмчээр ажилладаг байсан юм. Нэг өдөр ээж:  “Охин минь чи  усан спортоор хичээллэ. Тэгвэл миний охины өвчин эдгэрэх байх” гээд намайг ажилдаа дагуулан явсан юм. Тэгэхэд  би 1-р ангид байсан. Ингээд бассейндаа их л дуртай явж, багтраа өвчин маань ул мөргүй ариллаа. Дунд ангид орох үедээ  “Хангарьд” спорт клубийн шигшээ багийн тамирчин болж,  улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон, байр эзэлж эхэлсэн. Ингээд л эргэлт буцалтгүйгээр энэ спортод татагдсан даа. 10-р ангиа төгсөхөд аав, ээж инженер болгохыг хүссэн ч  би  тэднийгээ  огтхон ч сонсолгүйгээр, Биеийн тамирын дээд сургуулийг сонгосон юм. Ингэж  усан спортын  багш болох “мөрөөдлийн аян” эхэлсэн. 
   -Усны спортын багш тань хэн байсан бэ?
   -Одоогийн Спорт цогцолборын захирал Ш.Цогтбаатар багш намайг энэ спорттой  холбосон ачтан. Миний багш намуухан, олон таван үггүй, хүн чанар сайтай хүн. Багш маань цэв цэвэрхэн бэлтгэлийн хувцсан дээрээ  шүглээ зүүчихсэн явах  нь их содон харагддагсан. Хүүхдүүдтэй эелдэг зөөлөн харьцаж сэлэх эрдмийг чин сэтгэлээсээ заадаг нь их сайхан санагддаг байж билээ. Тэгээд л ийм л  багш болохсон гэж мөрөөддөг байлаа. Энэ завшааныг ашиглан багшдаа баярлаж явдгаа хэлье. 
   -Танай гэр бүл “Эрдэнэт” үйлдвэрийн манлай гэр бүлээр шалгарч байсан. Та гэр бүлээ танилцуулаач?
   -Миний ханийг С.Төмөрсүх гэдэг.  “Ачит Ихт” компанид жолоочоор ажилладаг. Манайх 2 “баатар”, 2 “гүнж””-тэй. (инээв.сурв) Өнгөрсөн жил “Эрдэнэт” үйлдвэрийнхээ манлай гэр бүлээр шалгарсандаа баярладаг.  Олон жил ханилж, үр хүүхдээ төлөвшүүлсэн шилдэг гэр бүлүүдтэй зэрэгцэн зогсохдоо ханиараа, үр хүүхдүүдээрээ бахархсан. Тэр үед   хамгийн олон хүүхэдтэй, хамгийн залуухан  гэр бүл нь манайх байсан. Хүн хэрхэн төлөвших нь аав, ээжийн олгосон хүмүүжлээс ихээхэн шалтгаалдаг  гэж боддог. Тэдэндээ дандаа талархаж явдаг.
   -Аав ээжийнхээ тухай дурсаач?
   -Миний аав, ээж их дөлгөөхөн хүмүүс байсан юм. Аав маань АТБ-ын анхдагч, ээж спорт цогцолборт эмчээр ажилладаг байсан. Аав ээж хоёрыг хоорондоо муудалцаж байсныг, биднийг зэмлэж байсныг би ер санадаггүй. Хааяа нэг сэтгэл бухимдуу явах үед  ээж минь зүүдэнд ордог. Эх хүний совингоороо  үрээ мэдэрч,  тайвшруулдаг юм болов уу гэж боддог. Тэд маань бурхны оронд эрт явах гэж  дүү бид хоёрыг хэтэрхий их эрхлүүлдэг байсан мэт одоо санагддаг. Хайранд өлгийдүүлж  өссөн  хүүхэд хайрлаж сурдаг гэдэг дээ. Дүү бид хоёр их  зөөлөн талдаа хүмүүс. Миний дүү ФМ-106,5 радиогийн захирал Д.Мөнх-Эрдэнэ.
   -Өө тийм үү. Таны дүүг  ФМ радиогийн хөтлөгч, TI хамтлагийн дуучин гэдгээр нь Эрдэнэтийнхэн  андахгүй. Та дүүгээрээ бахархдаг байх?
   -Тулаад ирсэн зовлонг туулаад гарах  сэтгэлийн их хат, эр зоригоор нь бахархдаг. Дүү маань багадаа  авьяаслаг, сэргэлэн цовоо, хүнтэй харилцах эв дүйтэй, хөөрхөн хүү байсан. Одоо ч амьдрал нь түвшин, ажил нь сайн яваад баярладаг. Дүүд минь харах мэлмий нь болсон  сайхан сэтгэлтэй хань, сайн  хадмууд заяасан  нь ёстой л бурхны хишиг гэж залбирч явдаг даа. 
   -Хадам бэрийн харилцаа амьдрал дээр ихэнхдээ тааруу байдаг. Таны хувьд?
   -Би оюутан байхдаа ханьтайгаа танилцсан. Миний хадмууд өнчирч хоцорсон  намайг  тун сайхан хүлээж авсан. Тэд маань миний аавын  оронд аав, ээжийн оронд ээж болж явна.  Би ч тэднийгээ маш их хайрлаж, хүндэлдэг. Хөгшчүүд маань хөдөө амьдардаг. Бид баяр ёслол болгоноор  тэднийгээ зорьж баярлуулдаг. Биднийг очоод буцахад хадам ээж маань манай ажлынханд ч  тусгайлан  цагаан идээ дайж хүргүүлнэ шүү дээ. Би  ээжтэйгээ яг найзууд  шиг харилцаатай  байсан. Одоо хадам ээж маань  сэтгэлээ  уудалдаг миний  дотнын  найз. 
   -Хүүхдүүд тань усан спортоор хичээллэдэг үү?
   -Манай 2 хүү усан спортоор хичээллэдэг.  4 настай охин маань ч бассейнд ордог. 6-р ангид сурдаг том хүү маань энэ спортоор “өвчилж” яваа. Их олон медальтай. Би 7-р цэцэрлэгийн бассейнд цагийн багшаар ажиллах үедээ том хүүгээ 3 настайгаас нь сэлүүлж сургасан. Хүү маань 5-6 настай хүүхдүүдтэй зэрэгцээд   их амархан   сурчихсан. Хүүхэд бага тусмаа амархан сэлж сурдаг. Манай бассейнд  2-3 настай хүүхдийг  эцэг эхтэй нь оруулдаг цаг гаргасан. 
   -Танд сүүлийн хариултыг асуултгүйгээр үлдээе?
   -“Эрдэнэт” үйлдвэрийнхээ болон хотын иргэдийг спортоор чийрэгжүүлэх, их спортыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлттай ажилладаг Спорт цогцолборын хамт олондоо ажлын амжилт хүсье.
 
Я.ЭНХТУЯА

Өмнө нь тэр надад Өөрөө нунтаглах хэсгийн техник технологийн шинэчлэлийн талаар мэдээ өгч байсан юм. Тэгэхэд хөдөлмөр хамгааллын саарал хувцас, цагаан дуулга нь тун зохисны дээр ажлаа мэддэг жинтэй яриа нь таалагдаж билээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ийм л залуус удирдан авч яваа гэж бодохоор эрхгүй бахархах сэтгэл төрсөн. Гэтэл саяхан болсон Ерөнхий захирлын нэрэмжит шинэ жилийн баярын цэнгүүн дээр Баяжуулах фабрикийн технологич Г.Цогтгэрэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шилдгийн шилдэг ажилтнаар тодроход олон хүн “нүдээ олсон” шагнал хэмээн баярлаж алга ташин хүндэтгэл үзүүлсэн. Ингээд шинэ оны эхэнд түүнийг сониныхоо хойморт урилаа.  

 

-Хаана төрж, өссөн бэ гэдгээс яриагаа эхлэх үү? 
-Би Улаанбаатар хотод төрж, Төв аймгийн Жаргалантын САА-н Талбулаг багт өссөн. Эрдэнэтийг Булганы хороо байхад аав, ээж маань энд ирж ажиллаж амьдарч байлаа. Манай аав Цагдаагийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ганболд гэж хүн бий. Дараа нь Цагдаагаасаа гарч белАЗ-ын курст сураад жолооч болсон. Хөтөлийн бүтээн байгуулалтанд ч илгээлтээр оролцож явсан. 
 
-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ?
-Зургаан хүүхэдтэй. Би дээрээсээ хоёр дахь нь. Нэг эгч, дөрвөн дүүтэй. 
 
-Багадаа ямар хүүхэд байв даа? 
-Сахилгагүй биш, гэхдээ хэт номын бус. Хичээлдээ нойлтоод байхгүй. Тэглээ гээд цоороод цойлоод байдаггүй жирийн дундаж хүүхэд байсан даа. Нийгмийн идэвхтэй, тэмцээн, уралдаан, бүжиг наадамд оролцоно. Хөтөлд 10 жилийн сургууль төгссөн.     
 
-Ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байв? 
-Хуульч болохыг хүсдэг байсан. Гэхдээ хувь тавилан намайг “Эрдэнэт” үйлдвэр лүү хөтөлсөн л дөө.
 
-Юу гэсэн үг вэ? 
-Тухайн үед элсэлтийн шалгалт маапаантай явагддаг байсан ш дээ. Тэр жил хуулийн хоёр хуваарь ирээд, би авч чадахгүй мултарчихгүй юу. Сүүлд аав маань Авто тээврийн байгууллагад ажилладаг байсан юм. Тэгсэн аав “Технологийн сургуульд 4 жилийн сургалттай баяжуулалтын анги нээгдэж байна. Миний хүү ийшээ ор. Төгсөөд Баяжуулах фабрикт ажиллана. Хүнд өгөөжтэй, их том, сайхан цех” гээд намайг ятгасан. Би ч нэг их эргэлзээгүй. Анхны ангид хүнд мэргэжил учраас эмэгтэй хүнд тохирохгүй гээд дандаа эрэгтэй хүүхэд элсүүлсэн.
 
-Түүнээс өмнө Технологийн сургууль баяжуулалтын чиглэлээр сургалт явуулдаггүй байсан гэж үү? 
- Өмнө бол дандаа ажиллаж байгаа хүмүүсээ оройгоор сургадаг, эсвэл 2,5 жилээр мэргэжил эзэмшүүлдэг байсан юм билээ. 1997 онд 10 төгссөн хүүхдүүдийг  анх элсүүлсэн нь тэр. Тэгээд ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжил эзэмшсэн.            
 
-Анхны ангийнхан бүгд “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орсон уу? 
-Манай ангид 35 хүүхэд элсээд 20 төгссөн. Тэдний 11 нь “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орсон. Явцын дунд зарим нь ажлаасаа гараад, ганц хоёр нь гадаад яваад одоо зургаан залуу ажиллаж үлдэх шив дээ.   
 
-Ажлын гараагаа юунаас эхэлсэн бэ? 
-Насосны машинчаас эхэлсэн. Тэгээд баяжуулагч, тээрмийн машинч, бригадын дарга, ээлжийн мастерийг орлож явж байгаад гурван жилийн дараа ээлжийн мастераар томилогдсон. Зургаан жил ээлжийн мастераар ажилласан. Дараа нь тээрмийн технологич, одоо баяжуулалтын технологичоор ажиллаж байна. Миний анхны багш насосны машинч Зинаметр гэж хүн байлаа. Ажил эхлэхээс өмнө эргэн тойрныг сайн харж бай гэж үргэлж захина. Багш маань надад хариуцлагатай, няхуур байхыг сургасан.   
 
-“Эрдэнэт” үйлдвэрт ажилд орсон хүн анхнаас нь хөдөлмөрийн гараагаа эхэлдэг. Тэр зарчмаар л ажиллаж. Гэхдээ өгсөх зам тань дардан байсан харагдах юм. Энэ юутай холбоотой вэ? 
-Хамт олны түшиг тулгуур, тус дэм, үр өгөөж л юм даа.   
 
-Баяжуулах фабрик руу ороход сэтгэлд дотно үнэр ханхалдаг. Гадны хүнд бол тэвчишгүй үнэр байх л даа. Таны хувьд...? 
-Намайг дөнгөж ажилд ороход хэрэглэж байсан урвалж арай өөр, үнэр багатай байсан. Ер нь бол дандаа органик нэгдлүүд учраас хурц үнэртэй. Ялангуяа насосоор шахах, уусгах үед хурц үнэр ялгардаг. Баяжуулагчид бүр дасчихсан. Сар амраад ирэхэд үнэр бас л дотно санагдана шүү.  
 
-Таны өдөр тутмын ажил юунаас эхэлдэг вэ? 
-Өглөө 06.00 цагт утас дуугараад оператор мэдээ өгөхөөс эхэлдэг. Мастер бас ярина. Шөнө хэрхэн ажилласан, ямар бэрхшээл тохиолдсоноо мэдээлнэ. Шаардлагатай зааварчилгааг өгөөд үндсэндээ утасны хуралдаан дуусахаар 07.00 цагийн автобусаар ажилдаа очно. Тэгээд л ажил ундарна даа. Би баяжуулалтын технологийн процессыг удирдаж жигд явуулах үүрэг хүлээдэг.  
 
-Амин судсан дээр нь ажилладаг юм байна...?
-Ерөнхийдөө тэгэж хэлж болно. Гэхдээ би ганцаараа биш л дээ. Манайх 3 технологичтой. Би хамтын баяжуулалтаа удирддаг. Тээрмийн технологич маань нунтаглалтын, нөгөө нь салгах процессийг удирддаг. Ахлах технологич, дарга хоёр давхар хянаж удирдана.  
 
-Өнөөдөр ажил дээр хүндрэлтэй асуудал юу байна? 
-Технологийн процесс жаахан доголдоод байна.  Манай уул геологийн тогтоц гүн болж байгаа учраас эрдэс минологи маань өөрчлөгдөж байна. Мэргэжилтнүүд судалгаа шинжилгээ хийж байж тохирсон технологийг дахиж олох, эсвэл хүдэртээ тохирсон өөр шийдэлд хүрэх гээд гарц бий.  
 
-Өөрөө ажилдаа ямар зарчим баримталдаг вэ? 
-Үйлдвэрт ажиллаж байгаа хүн болгон өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Тэр үүргээ л дор бүрнээ цагт нь чанартай гүйцэтгээд явбал хүндрэл учрахгүй. Зарим асуудал хүний харьцаанаас их үүсдэг. Тэндээс доголдол, хүндрэл гарах тохиолдол байдаг. Техник технологиос үүссэн асуудлыг засч шийдэж болно. Хүнээс үүдсэн асуудал хэцүү.
 
-Таны удирдлагад хэдэн хүн ажилладаг вэ? 
-Би хүн биш технологийн процесс удирддаг. Харин мастер байхдаа насаар хамгийн залуу нь байж 30 гаруй хүн удирдан ажилладаг байсан. Би 24 настай мастер болсон юм. Хүнд хэцүү үе зөндөө байсан. Тэр үед хамт ажилладаг ах, эгч нар маань намайг тал бүрээс сургаж, дэмжиж, хүмүүжүүлсэн дээ. 
 
-Дэндүү залуу мастер болчихоод онгирч явсан үе бий юу? 
-Онгирохтой манатай хямардаг байсан ш дээ. Хүмүүстэй учраа олох гэж ядна, дарга нар үүрэг даалгавар өгч зэмлэнэ. Тэр дунд нь зохицуулж нарийн утсыг олох гэж зүдэрч явсан уу гэхээс онгирч аархаж байсан удаагүй.  
 
-“Эрдэнэт” үйлдвэрт залуу хүн хөгжих боломж хэр байдаг вэ? 
-Хувь хүнээс л шалтгаална. Манайх шинжлэх ухааны хүрээлэн биш үйлдвэрлэл явагддаг газар учраас тогтсон төлөвлөгөөтэй ажилладаг. Тиймээс тодорхой хүрээнд баригддаг тал бий. Гэхдээ манай баяжуулалтын шинжлэх ухаан ухаж дуусашгүй. Хэн ч бүрэн эзэмшиж, гүйцэт тайлаагүй. Мөнхийн суралцаж байдаг. Бид ажил дээрээ өдөр бүр шинэ асуудалтай тулгардаг. Өдөрт 2-3 удаа албан болон албан бусаар зөвлөлддөг. Тиймээс уншиж, судалж, үзэж, сонирхож байнга суралцах боломж бүрэн бий. 
 
-Ингэхэд эцэг, эхийнхээ ажлыг хүүхэд нь залгамжлах асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ? 
-Манай улсын хүн бүр ажилтай байгаасай гэж би хүсдэг. Манай ажиллагчид, эцэг эхчүүд хариуцлагатай баймаар байгаа юм. Өөрийнхөө оронд ажиллах хүүхдээ эртнээс бэлдэх, ядаж ажилд хандах хандлага, ухамсарыг төлөвшүүлэх, хүний үг сонсдог болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ бол эцэг эхээс хамаарах асуудал. Түүнээс аав ээжийнхээ ажлыг залгамжлан орсон  бүх хүүхэд чадваргүй, хариуцлагагүй байгаа хэрэг биш. Жилийн дотор олон чадвар эзэмшсэн сайн хүүхдүүд зөндөө байна. Эцэг, эхчүүд хариуцлагатай, хүүхдүүд ухамсартай байхад Хамтын гэрээний энэ заалт хэрэгжих боломжтой.           
 
-Компанийн шилдгийн шилдэг ажилтан болоход юу нөлөөлсөн бэ? 
 -Хамтын зүтгэл. Манай үйлдвэр өнгөрсөн жил хүдэр боловсруулалт, металл гаргалт, зэс, молибден аль алинаар нь урьд нь байгаагүй амжилт гаргасан. Энд олон хүчин зүйл нөлөөлсөн. Хамт олны минь хүч хөдөлмөр. Мөн Чанар хяналтын хэлтэс, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех, Судалгааны төвийнхнийг онцлох хэрэгтэй. Тэдний оролцоогүй энэ амжилтанд хүрэхгүй.
 
-Эцэст нь уншигчдыг нэгэн зүгт уриалаач гэвэл...?  
-Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулъя. Хэмнэлтийг хүн бүр хийж чадна.  Угаалгын крантаас ус гоожиж байгааг хараад очоод хаачих сэтгэлээс л хэмнэлт  эхэлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажилтан бүр зөв хандлагатайгаар хэмнэхийг хичээх юм бол эдийн засгеееееийн эрсдэлд бага өртөх боломжтой. Хамтдаа хичээцгээе!  
-Хичээцгээе. Цаг зав гаргасан танд баярлалаа.