×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Эрдэнэт” үйлдвэр 37 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд  хүлээн авч, ажиллагчдаа оруулж байгаатай холбогдуулан Хувьчлагдаагүй орон сууцны хэсгийн дарга М.Болдбаатартай ярилцлаа.

   - Танай  хэсэг ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ?
   - Манай Хувьчлагдаагүй орон сууцны хэсэг  үйлдвэрийн  фондны байрыг  хариуцан ажилладаг.  Эдгээр орон сууцны  засвар үйлчилгээ, сантехник, цахилгааны ажлыг гүйцэтгэдэг. Мөн  үйлдвэрийн харьяаны цэцэрлэг, сургууль, Петушки ресторан, Технологийн сургуулийн  сантехник цахилгааны ажлыг ч  хариуцан ажилладаг.  
   - ”Эрдэнэт” үйлдвэр ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд  37 айлын орон сууцны барилга ашиглалтанд хүлээн авч, ажиллагчдаа өнөөдөр шинэ байранд оруулж байна. Энэ талаар  ярина уу?  
   - ”Эрдэнэт”  үйлдвэрийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаардаг. Тухайлбал ажилчдаа орон сууцтай болоход   бодлогоор дэмжиж байна. Үүний үр дүнд сүүлийн 2-3 жилд нэлээн   ахиц гарлаа.  2013-2014 онд Дэнж багт 42 айлын  орон сууцыг ашиглалтанд оруулж, төдий тооны ажиллагчдыг орон сууцтай болголоо. Энэ жилийн хувьд  37 айлын орон сууц ашиглалтанд хүлээн авч,   ажилчдадаа орууллаа.  Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унаж, эдийн засаг хүндэрч байгаа ч, манай  үйлдвэрийн хувьд зөв төлөвлөлт хийж, шинэ технологи нэвтрүүлэн, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд үйлдвэр хэвийн ажиллаж байна. Үүний нэг тод жишээ бол өмнөх жилүүдэд байгаагүй олон тооны  орон сууц ашиглалтанд оруулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байна.
   - 37 айлын орон сууцанд амьдрах  ажиллагчдыг ямар шалгуураар сонгосан бэ?
   - Орон сууц  хүссэн ажиллагчдын өргөдөл  манай  хэсэг дээр төвлөрдөг. Өргөдөл гаргасан ажиллагчдыг  ажилласан жил, ажлын нөхцөл, амьдралын түвшнээр нь  ангилан,  Хүний нөөцийн болон Хуулийн хэлтэс,  Орон сууцны хэсгээс томилогдсон комисс  хэд хэдэн удаа хуралдаж,  тодорхой шалгуураар хүмүүсээ тодруулсан. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй, амьдрал ахуй нь хүнд, олон жилээр өрөө хөлсөлж амьдарсан, өрх толгойлсон эхчүүд, залуу гэр бүлүүдэд  олгосон. Эдний дунд  Баяжуулах фабрикт 24 жил ажиллаад орон сууцаа шийдүүлээгүй хүн байх жишээтэй. Захиргаа аж ахуйн цех, Сэлэнгэ амралтын бааз, Засвар механикийн завод,  Их барилгын хэлтэс, Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний цехээс хүмүүс орсон байгаа.
   - ”Эрдэнэт” үйлдвэрийн өмч болох энэ сууцанд ажиллагчид ямар нөхцөлтэйгээр оршин суух вэ?
   - Тэд үйлдвэрт ажиллах хугацаандаа өөрийн гэсэн орон сууцтай болох хүртлээ амьдрах юм. Өөрөөр хэлбэл   хуримтлал үүсгэн хувийн орон сууц авахад нь үйлдвэрээс дэмжиж байгаа юм. Орон сууцны зээл авч, урьдчилгаа төлбөр төлье гэтэл зарим хүмүүс  хуримтлалгүй байдаг. Тэгэхлээр хуримтлалтай болгохыг зорьж ийм бодлого барьж байгаа. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх явцад үйлдвэрт дамжин өнгөрөх байр зайлшгүй хэрэгтэйг олж харсан. Өнөөдөр түрээсийн  1 буюу  2 өрөө байранд  ус, цахилгаан, дулаан зэрэг хэрэглээний зардлаас гадна 300-400 мянган төгрөг төлдөг нь хүмүүст хүндрэл учруулдаг.  Тэгвэл тухайн ажилтан энэ орон сууцанд амьдарснаар түрээсэнд өгдөг мөнгөө хуримтлуулан орон сууц авах урьдчилгаа мөнгөтэй болох боломжтой. Энэ нь  амьдралаас урган гарсан нөхцөл. Мэдээж энэ орон сууцанд оршин суугчид цахилгаан, дулаан, усны мөнгөө өөрсдөө төлнө.  Нийтийн эзэмшлийн орон сууцны сантехник, цахилгаан, гадна орчныг СӨХ хариуцдаг. Тус  байранд энэ  асуудлыг  үйлдвэр хариуцах учраас илүү хөнгөлөлт эдэлсэн  нөхцөлтэй  амьдрах боломж бүрдсэн.
   - ”Эрдэнэт” үйлдвэр орон сууцжуулах бодлогын хүрээнд  ажиллагчдадаа орон сууц шинээр авахад нь 8 сая төгрөгийн дэмжлэг  үзүүлдэг. Тэгвэл энэ байранд амьдарч буй хүмүүс, хуримтлал үүсгээд хувьдаа орон сууцтай болъё  гэвэл үйлдвэрээс 8 сая төгрөгийн дэмжлэг олгох уу?
   - Олгоно. Ажилтан хувьдаа байр авах урьдчилгаа 30 хувийг төлөх боломжтой болсон үед үйлдвэр 8 сая төгрөгийн буцалтгүй тусламжаа өгнө. Үйлдвэрийн ажиллагчид  өөрийн орон сууцтай болохын тулд  санаачилгатай байж, энэ сайхан боломжийг ашиглан хуримтлал үүсгээд аваасай.  Үйлдвэрийн зүгээс ингэж анхаарал хандуулж байхад манай ажиллагчид   орон сууц хүссэн өргөдлөө манай хэсэгт өгч ээлж дугаарт орсон байх ёстой. Тэгвэл шат дараатай авч буй арга хэмжээнд хамрагдах боломжтой юм.
   - Орон сууцны чанарын тухайд та юу хэлэх вэ?
   - Орон сууц барих ажлыг  РСЦ компани  гүйцэтгэсэн. Манай хэсэг болон Их барилгын хэлтсээс хяналт тавьсан. Барилгын чанар сайн, төвийн халаалттай, цэвэр бохир усны асуудлыг нь шийдсэн орчин үеийн 4 давхар сууц байгаа.
   - Энэ орон сууц хэдэн өрөө, ямар сонголттой вэ?
   - Хамгийн бага нь 32 м2, дээд тал нь 50-иад м2 талбайтай, 2-3 өрөөтэй.  
   - Ноднин Дэнж багт ашиглалтанд  орсон орон сууц мөн дамжин өнгөрөх байр уу?
   - Үүнээс арай өөр нөхцөлтэй. Технологийн сургуулийн оюутны байранд амьдардаг үйлдвэрийн ажиллагчдад олгосон. Үнийн хувьд бага, үйлдвэрээс тодорхой хэмжээний туслалцаа үзүүлэн, цалин дээрээс нь багаар  суутгаж, орон сууцны үнийг төлүүлж  дуусгах юм.  
   - Үйлдвэрийн фондод хэдэн байр байдаг вэ? Одоо үйлдвэрт хувьчлах байр бий юу?
   - Үйлдвэрийн фондод 300 гаруй байр байдаг.  Үүний ихэнх нь гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан байр. Манай үйлдвэр хувьчлах байруу-даа шийдвэр гаргаад хувьчилсан.  “Эрдэнэт” үйлдвэр  ойрын жилүүдэд байр хувьчлах боломжгүй. Гэхдээ үйлдвэрийн удирдлагууд  ажилчдаа орон сууцжуулахад онцгой анхаарч  “Москва-300”, “Залуус-600”, “Эко-400” зэрэг төсөл хэрэгжүүлэхээр зураг нь хийгдэж байгаа.   Цаашид дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сайжрах үед энэ  төслүүд хэрэгжих боломжтой.
   - "Эрдэнэт” үйлдвэр  9 ажилтанд  гэр олгож байна. Гэр тэдний өмч болох уу?
   - Манай ажиллагчдын дунд  гэр олгохыг хүсч өргөдөл гаргасан  хүмүүс байдаг. Эдгээрээс 9 хүнд шинэ  гэр олгож байна.  Энэ  гэр нь  тухайн  ажиллагчийн хувийн өмч болох  юм. Миний хувьд үйлдвэр маань ажиллагчдынхаа нийгмийн асуудалд чиглэсэн ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна.

 



Я.ЭНХТУЯА

Гэрэл зургийг А.БАЯСГАЛАН

Техник шинэчлэл

Ган бөөрөнцөг цувих цехийн өргөтгөл хариуцсан инженер, доктор(Ph) Н.Бэх-Очиртой ярилцлаа.

   -Та эхлээд цехийнхээ талаар товч танилцуулна уу?
   -1996 онд Ган бөөрөнцөг цувих цех нь Монголын 51, Швейцарийн 49 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэт-металл” ХХК нэртэй байгуулагдсан түүхтэй. 2007 оны 8–р сараас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн харьяа  цех   болон  41  ажиллагчтай  үйл ажиллагаа явуулж байна. Тус цех нь Итали улсын “Даниел центро машин” нэгдлийн МS64 тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жилд 50 000 тн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан. Монгол улсын MNS 4433-97 стандартаар 40, 60, 80, 100 мм-ийн диаметртэй ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Манай цех импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чанартай ган бөөрөнцөг үйлдвэрлэж, Баяжуулах фабрикийн хэрэгцээг хангаж, гадагшаа чиглэсэн валютын урсгалыг багасган Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой ажиллаж байна.  
   -Өнгөрсөн хугацаанд танай цех хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэв?
   -Цехийн бэлдэц халаах зуух нь жилд 50000 орчим тонн 40, 60,  80, 100 мм-ийн диаметртэй ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай цех 19 жилийн хугацаанд 40, 60, 80, 100 мм-ийн голчтой  260 мян.тн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн. 2012 оноос бүтээгдэхүүний хэмжээ өсөн нэмэгдсээр байна. Одоогоор импор-тын ган бөөрөнцөг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж Баяжуулах фабрикийн хэрэгцээний 90 хувийг хангаж байгаа. Ган бөөрөнцөг цувих цех 40-100 мм хүртэлх диаметртэй ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай.
   -Ган бөөрөнцөг цувих цехэд нүүрс хийжүүлэх зуух ашиглалтанд хүлээн авч байна. Энэ зуухыг ашиглалтанд оруулснаар эдийн засгийн ямар үр ашиг гарах вэ?  
   -Бэлдэц халаах зуухыг урд нь хоногт 18-20 сая төгрөгийн өртөгтэй 10 тонн дизель түлшээр халаадаг байсан. 2015 онд 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй нүүрс хийжүүлэх хоёр шатлалт зуух барьж ашиглалтанд оруулахад бэлэн боллоо. Нүүрс хийжүүлэх зуух нь 6000 к/калороос багагүй илчлэгтэй 30-80 мм бүхэллэгтэй нүүрс хэрэглэнэ. Нүүрс хийжүүлэх зуух ашиглалтанд орсноор:
     - Өндөр үнэтэй нефтийн бүтээгдэхүүнийг нүүрсээр орлуулна.
     - 1 тонн ган бөөрөнцгийн өөрийн өртгийн 33 хувь бууруулна.
     - Шинээр 16 ажлын байр нэмэгдэнэ.
    - Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирна. Энэ үйл ажиллагаанаас жилд 1.0 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана гэсэн үг. Зардлаа нөхөх хугацаа ердөө нэг жил юм. Нүүрс хийжүүлэх зуухнаас ялгарах өндөр даралтын хийг цахилгаан шүүлтүүрээр оруулж, нүүрсний давирхайг авч ашиглана. Нам даралтын хийг циклонон тоос барих төхөөрөмжинд оруулж тоосыг нь барьж авна. Өндөр болон нам даралтын хийг ялгаж, салган боловсруулдгаар нь хоёр шатлалт зуух гэж нэрлэж байгаа. Давирхай болон тоосыг нь ялгаж авснаар технологийн цэвэр хийгээр бэлдцийг дахин халаах зууханд өгнө. Технологийн процессоос дайвар бүтээгдэхүүн болох нүүрсний давирхай ялгарах нь хаягдалгүй технологи юм. Цаашид бид дараах зорилтуудыг тавьж ажиллана. Үүнд:
     - Баяжуулах фабрикийн  ган бөөрөнцгийн нийт хэрэгцээний 95 хувийг үйлдвэрлэнэ.  
     - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс түүхий эдээ авна.  
     - Хэрэгцээнээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Цахилгаан станцууд, “Оюу толгой”, Цементийн үйлдвэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангана.
     - Гадаад руу чиглэсэн валютын урсгалыг зогсооно.
     - Монгол улсын эдийн засгийн, өсөлтөнд хувь нэмрээ оруулна.

Нүүрс хийжүүлэх хоёр шатлалт зуухны өргөтгөл

 


Т.БАТЧУЛУУН

Гэрэл зургийг А.БАЯСГАЛАН

Техникийн шинэчлэл
 

“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд хийгдэж буй ажлын талаар хэсгийн дарга Ц.Бямбажаваас тодрууллаа.

   -  Хаягдлын аж ахуйн үйл ажиллагааны талаар ярина уу?
   - Юун түрүүнд бяцхан түүх сөхье. 1974 онд  ЗХУ-ын Ленинград хотын  “МЕХАНОБР”  техникийн   институт Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн зураг төслийг хийсэн. 1978 онд  “Медьмолибденстрой” байгууллага барилга угсралтын ажлыг нь гүйцэтгэж ашиглалтанд өгсөн. Хаягдлын аж ахуй нь “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикаас баруун хойд зүгт 4,5 км зайд Зуны голын хөндийд байрладаг.
      Баяжуулах фабрик анх ашиглалтанд орсон өдрөөс Хаягдлын аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус хэсэг нь баяжуулах үйл явцаас гарч буй  хүдрийн 98-аас дээш хувийн хаягдлыг (булинга) Баяжуулах фабрикаас хаягдлын далан хүртэл өөрийн урсгалаар усан тээвэрлэлт хийж хаягдлын санд хураах, хадгалах үйл ажиллагаа явуулдаг. Тус хэсэг нь 55 ажиллагчтай. Үүний 6 нь ИТА, 7 нь гадаадын мэргэжилтэн байна.
     Хаягдлын аж ахуй нь технологийн, засварын, цахилгааны гэсэн гурван албатай. Хаягдлын сангийн далангийн түвшин нэмэгдэж булин-гын өөрийн урсац хангалтгүй болсон учраас 1994 онд булинга шахах насосны станц ашиглалтанд оруулсан. Ингэснээр Хаягдлын аж ахуй нь булингыг БФ-аас шахах  станц хүртэл өөрийн урсгалаар нь усан тээвэрлэлт хийх, уг насосны станцаас хаягдлын сан руу шахаж хураах, хадгалах, Баяжуулах фаб-рикийг эргэлтийн усаар тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй болсон юм. Булинга шахах  насосны станц нь ашиглалтанд орсноос хойш 2007 он хүртэл  ОХУ-д   үйлдвэрлэсэн   цагт 8000 м3 булинга  шахах хүчин чадалтай 2ГрТ8000/71 маркийн 3 насос ажиллуулсан.
   - Өргөтгөлийн хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?
   - Үйлдвэрлэлийн хүчин чадал болон хаягдлын сангийн далангийн өндөр нэмэгдсэнээс  булинга шахах насосны станцын өргөтгөлийн ажлыг зайлшгүй хийх шаардлага гарсан. 2007 онд цагт 15000 м3 хаягдал булинга шахах ТВС/LSA-30х34-84.11 маркийн АНУ-д үйлдвэрлэсэн насос № 4-ыг угсарч ашиглалтад оруулснаар Хаягдлын аж ахуйн насосны станцын өргөтгөлийн ажил эхэлсэн. 2010 онд цагт 12000 м3 хаягдал булинга шахах SUN  POWER  тип-650 ZG маркийн Хятад  улсад  үйлдвэрлэсэн насос № 1, 2011 онд цагт 15000 м3 хаягдал булинга шахах 750 NZJ-2150 маркийн Хятад  улсад  үйлдвэрлэсэн  насос № 5 -ыг ашиглалтанд оруулсан. Мөн ийм маркийн насос № 6-ийн угсралтын ажлыг 2013 онд хийсэн. Хаягдлын аж ахуй нь: - Хаягдал хүдэр цуглуулагч сав (зумпф), хаягдал дамжуулах шугамууд, булинга шахах насосууд, хаягдал хураах ба хадгалах 13 үе шатлалтай далан бүхий сан, аваарын бассейнууд, эргэлтийн ус дамжуулах 9, 10, 11, 12 - р худаг,  I, II коллектор, булинга дамжуулах хоолойн сэлгэн залгах станц, эргэлтийн усны шугамыг сэлгэн залгах камерууд, 1,2 км шүүрлийн усны суваг зэргээс бүрдсэн гидротехникийн барилга байгууламжийн цогцолбор юм. Одоо эргэлтийн ус хүлээн авах ВК-12 худаг, коллекторыг ашиглалтанд оруулж байна. Хаягдал хураах сан буюу далан нь улсын онцгой барилга байгууламж учраас үүнийг зөв зохистой аваар осолгүй ашиглаж, үйлдвэрлэл явуулахын тулд өдөр тутам шалгаж  хяналтанд байлгадаг. Өөрөөр хэлбэл хаягдал хураах сангийн талбай, цөөрмийн усны эзэлхүүн, далангийн урт, өндөр, хадгалж буй элсний хэмжээ зэргийг  тодорхойлж ажилладаг гэсэн үг.


ВК-12 худаг


Т.БАТЧУЛУУН

Гэрэл зургийг А.БАЯСГАЛАН

     Энэ удаа бид “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, МТХБ-ын ХАБЭА-н асуудал хариуцсан инженер  Дашийн Энхбаатартай ярилцлаа.


   -Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
   - Ах нь Төв аймгийн Жаргалантын САА-д төрсөн. Загдал, Зөөхийн хөндийн Их тариан талбайд  тоглож өслөө. Төв аймгийн Жаргалантын САА-гаас  14 тариаланч  хөдөлмөрийн баатар, 5 гавьяат төрсөн. Манай улсын ууган САА шүү дээ.
   -Өөрийнхөө удам судраас хуучилна уу?
   -Миний аав Хэнтий аймгийн Баянхутаг нутгийн уугуул. Харин ээж маань Завхан аймгийн Нөмрөг сумынх. Нутаг орноосоо аав, ээжээ дагаад хотод сууршсан байдаг. Улаанбаатарт танилцаж, гэр бүл болоод Жаргалантын САА-д эвлэлийн илгээлтээр ирж ажил, амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй. Аав, ээж  маань  жирийн  малчин ардын хүүхдүүд. Аав тариан талбайн трактор комбайнуудад түлш түгээдэг машины жолооч байлаа. Манай нутгийнхан ганган Даш гэдэг юм. Одоо 90 настай. Би  Зил-130 машины кабинд “кабины бор” нэртэй өссөн дөө. Ээж маань САА-н Нийтийн ахуй үйлчилгээний газарт насаараа оёдолчин хийсэн 80 гарсан хөгшин бий.
    -Таны ажлын онцлог юу вэ?
    -Би хуучин ЗХУ-д одоогоор Украин улсын Одесс хотод цэргийн мэргэжил эзэмшсэн. Одоо үйлдвэрт ХАБЭА хариуцсан ажилтан бол-чихоод явж байна. Миний ажил бусад мэргэжлээс ихээхэн ялгаатай, цехийн нийт ажилчид өглөө ажилдаа инээж ирээд орой  сэтгэл ханамжтай харьж байвал миний ажил сайн байна гэж өөрийгөө дүгнэдэг. Ингэж ажиллахад хамт олныг зөв төлөвшүүлж, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн уур амьсгалыг бий болгож чадвал ажил маань аяндаа бүтнэ гэж боддог.
    -Таны бахархал юу вэ?
    -Мэдээж энэ сайхан үйлдвэрээрээ, тэр тусмаа төлөвшиж тогтсон, бие биеэ орлон ажиллахад суралцсан, үг даах чадвартай  хамт олноороо бахархдаг. Жижиг цех ч гэлээ манай хамт олон урлаг, спортын тэмцээнд бүгд идэвхтэй оролцдог.
    -Та анх Эрдэнэтэд хөл тавьсан үеэ эргэн дурсахгүй юу?
    -Манай эхнэр Одесс хотод хүнсний технологийн сургууль төгссөн, технологич-инженер мэргэжилтэй. Надаас нэг жилийн өмнө төгсөөд Эрдэнэтийн Хүнсний комбинатад хуваарилагдсан. Би 1992 оны зун ОХУ-д цэргийн дээд сургууль дүүргээд Одесс-Эрдэнэт гэсэн маршрутаар ирж байлаа. Анх вокзал дээр буухад аль нь урд, аль нь хойд зүг юм бол, жижигхэн л болохоос цэвэрхэн сайхан  хот  юм  гэсэн сэтгэгдэл төрсөн шүү.
    -Ямар мэргэжилтэй болох хүсэл мөрөөдөлтэй байв?
   -Хөдөө газар тариалангийн бүс нутагт өсч, хүмүүжсэн болохоор ХАА-н мэргэжил сайхан санагддаг байлаа. Автын юм уу, ХАА-н инженер болох хүсэл мөрөөдөл тээж явсан. 10 жилийн сургуулиа төгсөөд Угтаалын ХАА-н ТМС-ийн трактор-комбайнчийн анги авахад ээж маань  явуулаагүй. Тэгээд цэрэгт татагдсан. Ингэж цэргийн хүн болсон доо.
    -Тэгээд “Эрдэнэт” үйлдвэртэй хэзээнээс хувь  заяагаа  холбочихов оо?
   -Эрдэнэтэд ирээд л энд амьдрахаар шийдэж цэргийн амьдралаа орхисон. Тэгээд  хувиараа аж ахуй, газар тариалан эрхэлж үзсэн. Нэг их орлого ашигтай ажиллаагүй. Тухайн үед 3 жил ган болоод ургац муу байлаа. 2003 онд ГОК-д /МТХБ гэж мэдэхгүй/ механикийн орон тоо байна гэж дуулаад  Б.Алтанхуяг  /Одоо  Ерөнхий захирлын Эдийн засаг эрхэлсэн орлогч/ даргатай уулзлаа. Манай цехийн дарга Бондаренко Г.И гэж айхтар зарчимч хүн байлаа. Цехийн ахлах механик Аленин П.А ч өндөр шаардлагатай. Ингээд цехийн дарга, ахлах механик хоёр ажилд орох өргөдлөө орсоор бич гэж байна. Би ч өргөдлөө орсоор бичиж өгснөөр Б.Алтанхуяг дарга цехийн удирдлагуудтай  зөвлөлдөж намайг  ажилд авсан.
    -Гавьяа шагнал юу билээ?
    -1980 оны 11-р сард бага дэслэгч цолтой офицер болсон. 1981 оны улсын баяр наадмаар Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиар анх шагнагдаж байлаа. Энэ л миний хамгийн мартагдашгүй том шагнал байж дээ. 1990 онд Одессд сурч байхдаа “Байлдааны хүндэт медаль”- аар шагнуулж байв. 2014 онд “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга ажилтан болсон. Энэ нь надад төр засгийн одон медалиас дутахгүй том шагнал мэт санагддаг.
   -Та сэтгэлдээ ямар сургаал үгийг бодож явдаг вэ?
    -“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг зарчмыг хатуу баримталдаг.
    -Таны хобби юу вэ?
    -Байгалийн сайханд гэр бүл, найз нөхөдтэйгээ аялах дуртай. Эх орныхоо уудам тал нутгаар тоос татуулан давхиж Хангай, Хэнтийн нурууны өндөр өндөр даваан дээр гараад овоо тойрч явахад эх орноороо бахархах сэтгэл төрдөг шүү.
    -Та гар сэтгэл нийлсэн найз нөхөд олонтой юу?
    -Найз нөхөд олон янз. Хар багын, 10 жилийн, цэргийн, ажлын, гэр бүлийн гэх мэт. Ер нь өглөө гараад ажилдаа ирнэ, орой болтол хамт олонтойгоо байна, тэгэхээр хамт олон шиг найзууд ховор бололтой. Тэдэнтэйгээ л гар сэтгэл нийлж ажиллаж амьдрах юм даа. Цэргийн найзууд бол зөндөө. Аль ч аймагт очиход байна шүү дээ.
    -Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
    -Наймуулаа. Дээрээ ганц эгчтэй. Улаанбаатар хотод амьдардаг. Эдийн засагч мэргэжилтэй. Би хоёр дахь нь. Харин 6 эрэгтэй дүүтэй. Тасаг цэрэг командална шүү дээ.
    -Та байраа хувьчилж авсан биз дээ? Хүүхдүүд тусдаа гарсан уу?
    -Анх Эрдэнэтэд 5-р хороололд 3 өрөө байр худалдан авч байлаа. Эндээ насыг барах биз. Манайх хүү, охин хоёртой. Охин ОХУ-д магистр хамгаалсан. Одоо Хүмүүнлэгийн их сургуульд орос хэлний багшаар ажиллаж байна. Сурч дуусаагүй бололтой. Докторантурт сурч байгаа. Хүү МУИС-ийн 2-р дамжааны оюутан.
    -Нэг газар он удаан жил ажиллахаар танд юу бодогдож байна вэ?
    -Цэргийн сургуулийн сэтгэл судлалын багш бидэнд нэг юм захидаг байлаа. Та бүхэн сургуулиа төгсөөд нэг л газар ажиллаарай. Олон газрын хаалга татах тийм ч сайн хэрэг биш. Нэг газар ажиллавал та тэр газрынхаа  бурхан эсвэл буг нь болно гэсэн.(Инээв.) Хөдөлмөрийн аварга болохыг бодоход арай буг нь болоогүй байх аа.
    -Та алдаа гаргаж байв уу? Хүний ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ?
    -Алдаа гаргалгүй яахав, тэр тусмаа хүн удирдаж ажиллахад олон ааш араншинтай хүмүүс таарна, муудаж сайдах үе гардаг. Ер  нь буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээх чадвартай байх ёстой. Алдаагаа давтахгүй, хамт олонтойгоо эвтэй явахыг хичээдэг.
    -Та ажлын талбар дээр ямар зарчим баримталдаг вэ?
    -Манай ажлын гол зарчим “нэн түрүүнд ХАБ”.
    -Таны ид ажиллаж байх үеийг одоогийнхтой харьцуулбал...?
    -Миний ид ажиллаж байсан үе 1980-1987 он. 6 сарын түр курс төгссөн 20 настай залуу офицер 100 гаруй цэрэг командалж явсан торгон үе. Олон аавын хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх тийм ч амар ажил байгаагүй. Тэгэхэд би өөрөө хүүхэд байсан үе шүү дээ. Олон сайхан залуусыг зөв сайхан хүмүүжүүлж ар гэрт нь аав, ээжид нь хүлээлгэн өгч байснаараа бахархдаг. Тэр үед мэдээллийн технологи хөгжөөгүй. Сургалтанд ашиглах материал хомс. Хар цагаан зурагтнаас өөр юмгүй байсан. Одоо ч мэдэхгүй, чадахгүй юмаа интернет ашиглаж хуулаад л жинхэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байх шив.
    -Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.


Т.БАТЧУЛУУН

Энэ удаа бид  “Эрдэнэт”  үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Инженерийн зураг төслийн төвийн зохион бүтээгч инженер Базардоржийн Однасантай ярилцлаа.

-Эхлээд та удам судрынхаа талаар ярина уу?
-Баярлалаа. Би миний өвөг дээдэс тийм хүмүүс энэ тэр гэж ярихгүй. Тэдний талаар дэлгэрэнгүй мэдэх ч үгүй. Аавынхаа талаар ярьчих уу.
-
Бололгүй яахав? 
-Манай аавыг Материал техникийн хан-гамжийн хэлтсийн менежер асан Базардорж гэхээр Эрдэнэтийнхэн андахгүй. Булган  аймгийн Халиун сумын хүн. Одоогийн Орхон сумын Халиун багийн нутагт төрсөн. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт эхлэх үеэс нутагтаа ирж ажилласан. Эрдэнэтийн хавь ойрын газар миний аавын ах дүүс амьдарч ирсэн нутаг. Өндөр улаан уулын баруун дэнж дээр аавын минь төрсөн гэрийн буурь байдаг. Шандын орд газар ш тээ. Би Улаанбаатар хотын нэгдүгээр төрөх тасагт эхээс мэндэлсэн.
 
-Таны бага нас Эрдэнэтэд өнгөрсөн үү?
-Тийм. Би Эрдэнэтэд ирснээ тод санадаг. Аав Талх чихрийн үйлдвэрт инженер хийж байлаа. Ээж их дэлгүүрт ажиллаж байсан юм. Шадивлангийн зуслангаас хот орж гэрийнхээ тавилгыг ачаад Эрдэнэт рүү нүүсэн дээ. 1978 оны 8-р сард өөрсдөө автобусаар ирж байлаа. Тэгээд 3-ын 16-р байранд амьдарч эхэлсэн. 1978 онд манай аав Эрдэнэтэд илгээлтээр ирсэн юм. Энэ цаг үеэс миний бага нас Эрдэнэтэд өнгөрсөн дөө. Би дээрээ хоёр ах, нэг эгчтэй. Намайг бага байхад Эрдэнэтэд сургууль, цэцэрлэг дөнгөж баригдаж байсан. Тиймээс би цэцэрлэгээр хүмүүжээгүй. Эгч, бид хоёрыг гэрт цоожилчихно. Ер нь гэрээр  хүмүүжсэн. 18-ын карьерын хажууханд Оюу толгой гэж бий. Тэнд эмээ, өвөө дээрээ зун амарна. Миний хүүхэд нас тэнд л өнгөрсөн. Ангирт нуур гэж нэг сайхан цөөрөм байлаа. Одоо ширгэсэн байна лээ. Уг нь зэгстэй, намагтай газар байсан юм. Хажууд нь Сүүний завод ажиллана. Нэг дор олон айл зусна. Үхэр, тугал хариулна. Эмээдээ үхэр ивэлгэж өгнө. Саасан сүүг нь заводад тушаана. Сүүнийхээ саванд худгаас ус аваад харьдаг байлаа. Түлээ хөрөөдөж, хагална гээд л хөдөөний өдөр тутмын хар бор ажил хийж өссөн дөө. 
 
-Та хаана ямар мэргэжил эзэмшсэн бэ? Гэр бүлээ танилцуулна уу?
-1-р 10 жилийн дунд сургууль төгсөөд герман хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. 1996 онд Инженерийн зураг төслийн хэлтэст олшруулах машины оператороор ажиллаж байлаа. Эндээс л зураг төслийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. 2005 оноос үйлдвэрийн хэмжээнд хоёр дахь дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явагдахад тэнд хамрагдаж ОХУ-ын Уралын их сургуульд зохион бүтээгч  инженер мэргэжил эзэмшсэн. 2007 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Инженерийн зураг төслийн  хэлтэст зохион бүтээгч инженерээр ажиллаж байна. Манайх ам бүл дөрөв. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай хоёр хүү Ийгль сургуульд сурдаг. Англи хэлний бүсийн олимпиадад хоёулаа түрүүлсэн шүү.  
-ОХУ-д оюутан болоод овоо юм сурсан уу? 
-Дадлага ч сайн хийсэн. “Уралмаш”-ийн үйлдвэр манай сургуультай гэрээгээр ажилладаг юм. Энэ үйлдвэрийн уулын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг цехэд дадлага хийсэн. Ажиллаж байгаад очсон болохоор яг юу судлах, юу сурахаа сайн мэдэж байсан л даа. Тэгээд ч орос хэлний суурь мэдлэгтэй байсан болохоор сурахад нэг их бэрхшээл гараагүй.  
 
-Та гар сэтгэл нийсэн найз, нөхөд олонтой юу?
-Байлгүй яахав. Миний оюутан цагийн анд А.Ундрахтамир гэж  найз байна. Нэг хэсэгтээ Оюутолгойд ажилласан. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн Геологи хайгуулын ангид ажиллаж байгаа.
 
-Таны ажлын онцлог юу вэ?
-Аливаа ажлыг манай хэлтэс эхлүүлдэг. Барилга барихын тулд эхэлж төсөвлөнө биз дээ. Хийх ажлын зураг манай хэлтэст эхэлж гардаг. Үйлдвэрийн  цех, нэгж дээр элэгдэж хуу-чирсан, эвдэрсэн эд анги, тоног төхөөрөмжийн сэргээн засварлах зургийг эхэлж гаргадгаараа онцлогтой. Хүдрийн ил уурхайн инженер гэхэд зөвхөн өөрийн цехийн техникээ хариуцана. Бид тийм биш. Үйлдвэрийн бүх цех, нэгжид хүрч ажилладаг. Өөрөөр хэлбэл бүх цех, хэлтэстэй хамтран ажилладаг болохоор үйлдвэрийн аль цехэд ямар тоног төхөөрөмж  байгааг мэддэг. Өөрсдийн нөхцөлд хийх ажлын зургийг гаргадгаараа бидний ажил онцлог юм. Бидний гаргасан зургийн дагуу тухайн ажлыг гүйцэтгэх болохоор хувь хүнээс их хариуцлага шаардана. Бидний толгойд ажил байнга бодогдоно. Тэрийг ингэж зурна. Түүний хэмжээг тэгж авна гэх мэтийн юм ер нь толгойд байнга эргэлдэнэ шүү. Бидний гаргасан зургийн дагуу Засвар механикийн завод бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэг хүн сард 6 ширхэг А-1-ийн форматын цаас зураг зурах ёстой. Үүнээс ч илүү ажил хийнэ. Ер нь ачаалалтай. Аливаа зураг төслийн ажил их хүнд хөдөлмөр. Шууд сайн юм хийчихнэ гэж бараг байхгүй дээ. Шинэ юм хийж болно. Тэр маань заавал нэг дутагдал, доголдолтой байдаг. Хэсэг хугацааны дараа эвдэрч муудах  нь зайлшгүй. Ер нь алхам алхамаар сайжруулж явдаг. Бүх ажил сайжруулах боломжтой. Төгс бүтээл гэж бараг гардаггүй. Сайн хийхийн төлөө л ажилладаг.
 
-Хамт олныхоо талаар ярина уу?
-Манай хэлтэст 53 хүн ажилладаг. Их эвсэг. Урлаг, спортын үйл ажиллагаанд хамт олноороо идэвхтэй оролцдог. Намайг анх ажилд ороход манай хэлтсийн ажилчдын 60 хувийг  гадаад мэргэжилтэн эзэлж байлаа. Одоо хоёрхон гадаад мэргэжилтэн ажиллаж байна. Монгол залуучууд гадаад мэргэжилтнээс дутахгүй сайн ажиллаж байгаа.
-3 хэмжээст зураг төслийн уралдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн баг нэг удаа түрүүлсэн. Энэ уралдаан ямар хэлбэрээр явагддаг вэ?
-Мэргэжлийн хүмүүсийн дунд “CAD.CAM” нэртэй 3 хэмжээст зураг төслийн уралдаан жил бүр болдог.  Өнгөрсөн жил явагдсангүй. CAD.CAM-2013 уралдаанд бид амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн. Тодорхой хугацаанд ямар нэгэн тоног төхөөрөмжийн эд ангийг 3 хэмжээстээр дүрсэлж масс, эзлэхүүнийг нь бодож гаргадаг. Даалгаврыг хэрхэн гүйцэтгэснээр байр эзлүүлдэг. Багийн дөрвөн хүнд нэг нэг деталь өгдөг. Түүнийг заасан хугацаанд  3 хэмжээсээр нэгтгэн зурдаг. Үүнийг хэрхэн гүйцэтгэснээр шүүгчид дүгнэж байр эзлүүлдэг.
 
-Таны хобби юу вэ?
-Би техник сонирхдог. Машины эд ангийг  гадарлана шүү. Хурдны хайрцаг гэхэд ямар бүтэцтэйг мэднэ.
 
-Таны санаачилж хийсэн ямар дорвитой ажил байна вэ?
-Liebherr-ER 9350 экскаваторын муудаж элэгдсэн тэлэгч дугуйг сэргээн засварлах санаачилга гаргаж ажилласан. Өөрөөр хэлбэл тэлэгч дугуй нь голтойгоо элэгдчихээд байсан юм. Үүнийг Засвар механикийн заводад сэргээн засварлах ажил санаачилж хийсэн. Энэ нь боронзон битүүлэг суулган жийрэг хийсэн тослох маслоны шахуургатай бүтээл. Уг бүтээл Бүтээмж инновацийн дугуйлангуудын шилдэг бүтээлээр шалгарсан. Нэг тэлэгч дугуй сэргээн засварласнаар  90 гаруй сая төгрөг хэмнэж байгаа. Шинэ дугуй 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Тэлэгч дугуйг 10 орчим сая төгрөгт багтаан сэргээн засварлан ашиглаж байна. Сүүлийн хоёр жил би нэлээн урам зоригтой ажиллалаа. “CAD.CAM”-ийн олимпиадад түрүүллээ. “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга болсон. Энэ бүхэн миний хөдөлмөрийн үнэлэмж гэж ойлгож явна.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийнхээ ирээдүйн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг өөдрөг хардаг. Ойрын орд газраа ашиглана. Шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж таараа. Энэ орд газар дуусаад үйлдвэр зогсчихно гэж би хувьдаа боддоггүй. Манай геологчид ирээдүйд нэг сайхан ордын нөөц тогтоогоод улам сайн ажиллах болов уу. 
 
-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Би гар бөмбөг сонирхдог. Салхинд гарах дуртай. Өгий нуурт хааяахан загасчилна. Манай хадмууд Уран тогоо уулын араар зусдаг. Тэнд очиж амарна. Бас бөх үзэх сайхан шүү.
 
-Тэгвэл таны хүндэлж явдаг ямар бөх байна?
-Монгол улсын гарьд Гончигдамба. Бөхийн галбир хэв сайхантай. Сайн бөх дөө. Ямарч маргаангүй барилддаг. Улсын наадамд түрүүлчихээд зогсож байхыг хэн байг гэхэв.  Ер нь эрийн гурван наадам сайхан. Тэгэхдээ морь утгагүй болчихлоо. Тийм компанийн захирлын морь түрүүллээ гэх юм. Хурдан морь уях  жинхэнэ малчин хүний уйгагүй хөдөлмөр. Бас нэг юм хэлэхэд Монголчууд нутгархахаа болимоор юм. Нутгаас гараад Монгол гэсэн нэрийн дор л бүгд явдаг биз дээ. Би тэр жалга довны үзэлд дургүй. Нэг уулын зураг хараад манай нутаг гэх. Монгол орны үзэсгэлэнт газар гэж болно доо. Дэлхийн хүн төрөлхтөн нэгдэж байхад бид манайх, танайх гэж талцах утгагүй.
 
-Та ямар зан чанартай хүн бэ?
- Далайлт нь сүржин буулт зөөлөн. Хүүхдээ зэмлэчихээд төд удалгүй өрөвдөөд байдаг юм.
 
-Аав нь хэлний хүн болохоор таны сурах арга барилыг  хүүхдүүд тань эзэмшсэн байна. Тийм үү?
-Магадгүй.Тэгэхдээ юу ч заагаагүй байхад интернэт ашиглаад хэл сурчих юм. Ер нь биеэ дайчилсан ямар ч хүнд сурах боломж энэ цаг үед байна. Хүүхэд эцэг, эхийнхээ үйл хөдлөл байр байдлыг дууриан хүмүүждэг. Тэгэхээр орчны хүмүүжил хүүхдэд их чухал. Хийх ажлаа заагаагүй байхад өөрийн эрхгүй дууриаж байх жишээний. Манай аав  оросын  телевизийн мэдээ үздэг байлаа. Би оросын нэвтрүүлэг үзэх дуртай.  
 
-Аливаа хүн нийгмийн харилцаанд амьдардаг. Ямар хүнээс та болгоомжилдог вэ?
-Уулын мод урттай богинотой. Олон хүн сайнтай муутай. Янз бүрийн л хүн байх. Муу үйлдэл хийдэг, засаршгүй хүмүүстэй зөрдөггүй. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо. Тэгэхдээ хүнтэй ер маргадаггүй биш. Аливаа харьцаанаас янз бүрийн л юм гардаг. Би дээр хэлсэн, төгс бүтээл үргэлж хийдэггүй гэж. Ер нь алдаагаа л засч явдаг. Алдаа муу зүйл биш. Тэгэхдээ алдахгүйг хичээх ёстой. Хүн л болсон хойно алдаа гаргах юм. Тэгэхдээ дандаа биш л дээ.
-Тэгвэл танд хүний ямар зан чанар таалагддаггүй вэ?
-Би хүнийг ялгаж харьцахыг боддоггүй. Тиймээс хэн нэгэнд долигонож, ая тал засч буй хүнийг хараад ойлгодоггүй юм. Одооны хүмүүсийн үг, гал хоёр нь далд болсон гэдэг. Энэ их үнэн үг. Тулганд гал түлж бус цахилгаан зууханд цай чанаж, хүний нүүрэн дээр шууд хатуу үг хэлэх хүнгүй болсныг хэлж байх шиг. Хүний алдааг шууд хэлчихгүй далдуур ярих эсвэл дотроо бодоод явах утгагүй л дээ. Ийм хүмүүс хэнийг ч доошно хийнэ. Өөрийнхөө сэтгэлийг ч зовоож явдаг байхгүй юу. 
-Ажил хийж явахад хүндрэл бэрхшээл гарах юм уу?
-Манай хэлтэст хэдэн принтерийн хор, олшруулагч машины шохойтой болон А-1 форматын цаас  хэрэг болдог. Энэ гурвыг авах мөнгөнөөс хэмнэхийг шаардана. Цаасгүй бол бид юун дээр зургаа хэвлэх вэ дээ. Одоо шохойтой цаас ирэхээ больсон. 
-Мартсанаас мал мэнд үү гэгчээр таны багш хэн бэ? Ажилчин болсон үеэ эргэн дурсахгүй юу?
-Анх ажилд ороод тоног төхөөрөмжийн эд ангийг  самбарт гараар зурж  байлаа. Ажиллагаа их шаардана. Захиалга өгсөн тоног төхөөрөмжийг эд ангиар нь салгаж зурна. Дараа нь эд ангиудыг нийлүүлж зурах жишээтэй. Одоо компьютер графикийн аргаар амархан зурж байна. Өөрөөр хэлбэл компьютерт зурсан хэсгээ хувилж нийлүүлээд угсралтын зургаа гаргачихна. Ер нь цаг хэмнэсэн, механик ажиллагаа багассан гээд дэвшил их гарсан. Би энэ хэлтсийн Механикийн товчооны тэргүүлэх инженер Бодюк Борис Леонтьевичийн гарын шавь. Энэ багшаас нэлээн юм сурсан гэж боддог. Ганц би ч биш олон хүнийг ажилд дадлагажуулсан. Бидний багш Ленин шиг халзан толгойтой мэргэжилтэн байлаа.
 
-Өөрөө багш шигээ болох нээ?
-Тийм байгаа биз. (Инээв.)
 
-Таны ажил хүнээс юу шаарддаг вэ?
-Аливаа юмыг төсөөлөн бодохыг шаарддаг. Ямар нэг биетийг сэтгэл дотроо төсөөлөн дүрсэлсний дараа зурдаг. Санаагаа зураасаар илэрхийлнэ. Бидний ажил нарийн хэмжээ шаарддаг болохоор их хариуцлагатай. Зураг буруу гарвал тэр ажлыг гүйцэтгэх хүмүүс алдаа гаргана. Захиалгат ажлыг яг гардан гүйцэтгэж буй хүмүүст  бэрхшээл бишгүй тохиолдоно. Гаргасан зургийг биет болгон бүтээх  хэцүү. Хэлэх амархан. Ажлыг гардан хийх хүнээс их хүч хөдөлмөр ур ухаан шаарддаг. 
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд  хамгийн сайхныг хүсэн ерөөе.
Т.Батчулуун 

Саяхан  Эрчим хүчний салбарын 93 жилийн ой тохиож, манай үйлдвэрийн 19 хүн Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн. Тэдний нэг Цахилгаан цехийн Эрчим хүч- Автомат удирдлагын хэсгийн инженер Г.Ганбаярыг энэ буландаа урьсан юм. 

-Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсанд  баяр хүргэе
-Баярлалаа. Би аливаа шагналыг нэг хүнээр төлөөлүүлэн хамт олны, байгууллагын ажил үйлсийг үнэлж байгаа хэрэг гэж боддог. Нөгөө талаар  намайг ажилд анх ороход  сэтгэл харамгүй зааж сургасан  ахмадууд, удирдлагуудынхаа   ач буянаар ийм шагнал хүртлээ.  
 
-“Эрдэнэт” үйлдвэрт анх ажилд орсон үеэ дурсвал?
-Техникийн их сургуулийг  Эрчим хүчний инженер мэргэжлээр   2000 онд төгсөөд шууд “Эрдэнэт”  үйлдвэртээ, энэ цех хэсэгтээ цахилгаанчаар  орж байлаа.  Манай хэсэг урьд нь Телемеханикийн хэсэг гэсэн нэртэй  байсан. Тэр үед хэсгийн дарга маань одоогийн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат байсан. Инженер Лхагважав, Энхтөгс, Алтангэрэл, Нэргүй,  гадаадын 2 мэргэжилтэн ажиллана. Энэ үед цехэд ажиллаж байсан хүн бүрийг би миний багш гэж үздэг. Нэг жил цахилгаанчин хийж байгаад инженерээр ажилласан.  Одоо  цехдээ 15 дахь жилдээ ажиллаж байна.  
 
-Ойрд ажил ихтэй байна уу? Ус өргөх станцуудаар яваад байгаа  бололтой?
-Манай хамт олон  намар өвлийн бэлтгэл ажилдаа ороод байна. Ус өргөх 1,2,3,4-р станц дээр урсгал засвар хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай хэсгийнхэн хэмжих хэрэгслүүд авч, шалгалтанд өгч байна. Ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. 
 
-Цахилгаанчны мэргэжлийн онцлогийг  нэг өгүүлбэрт багтаан хэлбэл?
-Цахилгаанчид бол асар их хариуцлагатай, алдах эрхгүй хүмүүс.  
 
-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Манай хэсгийн хувьд эрчим хүч хэрэглэгчид болон диспетчерийн удирдлагад  үнэн зөв бодит  мэдээлэл хүргэж, ажлаа аюулгүй гүйцэтгэх боломжийг олгож байдаг. Тухайлбал эрчим хүчний  ямар нэгэн тасралт, салгалт аваарын үед манай мэдээллийг үйлдвэр даяар харж ажлаа аюулгүй гүйцэтгэж байгааг харахад бахархалтай. 
 
-Таныг ажилд орсноос хойш техникийн шинэчлэл хэр хийгдсэн бэ? Энэ нь та бүхний ажиллах нөхцөлийг өөрчилсөн үү?
-Манай хэсэгт  хуучин  ЗХУ-ын телемеханикийн  Гранит  системийг 1990 оноос  ашиглаж байсан.  Нүсэр том овортой, олон жил ажилласан төхөөрөмж. Түүнийг 2008 онд Scada-GE-9030  серийн контроллёрын системээр сольсон. Систем шинэчлэгдсэнээс хойш тоног төхөөрөмжийн тасралт, дуудлагын тоо эрс багассан. Хуучин системийн  үед бороо ус ихтэй  зуны улиралд  өдөр шөнөгүй дуудагдаж ажилладаг байсан. Шинэ систем тавигдсанаас хойш харьцангуй багассан. 
 
-Таны багын  мөрөөдөл юу байв?
-Би багадаа Архангайд амьдарч байсан. Аав ээж маань энд ажилладаг болохоор зундаа Эрдэнэтэд ирж амарна.  Найзуудтайгаа  үйлдвэрийн ажилчдын автобусны цувааг харахаар хэрэг болгон ирдэгсэн.   Энэ автобусанд сууж үзэх юмсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчин бол сайхан аа гэж боддог байв. Мөрөөдөл биелж, “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээгээр сурч, энд ажиллах боломж олдсон юм. Би  “Эрдэнэт”  үйлдвэрийн ажилтан болсноо их азтайд тооцдог. Дэлхийд үйлдвэрлэлт олборлолтоор эхний 10-т багтдаг энэ том үйлдвэрт ажилладгаараа бахархдаг. 
 
-Цахилгааны мэргэжлийг өөрөө сонгосон уу?
-Аав, ээжийнхээ  зөвлөснөөр л мэргэжлээ сонгосон. Хаана  ч ажилтай, хэзээ ч хоцрогддоггүй гээд л энэ мэргэжлийг  надад санал болгосон.  Хэдийгээр өөрөө сонирхож, сонгоогүй ч би мэргэжилдээ дуртай. 
 
-Нарийн мэргэжил болохоор тоног төхөөрөмж байнга  шинэчлэгдэж, тэр хэрээр ажилтнаас шинэ мэдлэг  шаарддаг байх. Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Онолын үндэс нь хэвээрээ байвч тоног төхөөрөмж  илүү боловсронгуй болж, нарийсч ирэхээр биднээс илүү их мэдлэг шаарддаг. Тэр бүр гадаад, дотоодод сургалтанд хамрагдаад байх боломжгүй болохоор өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болдог.   Ер нь  өөрөө оролдож  сурсан зүйл, үлдэцтэй, өгөөжтэй байдаг. 
 
-Өөрт тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?
-Ажилд орсны дараахан АБК дээр диспетчерийн зааланд зэрэгцээ разетка нэмж суурилуул  гэсэн үүрэг авлаа. Очиж утсанд хүрээд л тогонд цохиулчихав.  Надад аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн л дөө. Гэвч залуу, бас хэнэггүй байж төмөр оосортой  цагтайгаа ажилласнаас цагны оосор утсанд хүрч  тогонд цохиулсан нь тэр. Тэрхэн зуураа шооконд орж,   ахиж хүрч чадахгүй  тун эвгүй байж билээ. Энэ нь  миний амьдралд ихээхэн сургамж болсон. Түүнээс хойш  ажилд гарахдаа цаг, бөгжөө заавал тайлдаг. 
 
-Танай хэсэг хэдэн ажилтантай вэ?
-Бид 11-үүлээ. Гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, өндөр мэдлэгтэй  залуус олонтой. 
 
-Та хэдий залуу хүн ч олон жил ажилласан болохоор залууст зааж сургана биз. Шинэ үеийн залуусын ололттой болоод дутагдалтай тал нь юу байдаг вэ?
-Чаддаг, мэддэг болгоноо дүү нартаа зааж сургахыг хичээдэг. Би хэсэгтээ хамгийн ахмад нь. Гэхдээ л одоо ч би өөрийгөө боловсорсон гэж боддоггүй.  Одоогийн  залуус мэдээлэл маш сайтай. Туршлага л дутна уу гэхээс  мэдлэг, мэдээлэл  дутахгүй дээ. 
 
-Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэрийг  маань Б.Уянга гэдэг. Номин телевизэд зураглаач, эвлүүлэгчээр ажилладаг. Одоогоор хүүхдээ хараад  гэртээ суугаа. Бид оюутан байхдаа ханилсан. Манайх 2 охин, нэг хүүтэй. Том охин одоо 12-р ангид, бага нь ой гарантай. Хүү маань  нэгдүгээр анги.  
 
Өөрийнхөө тухай ярианаас зайлсхийх  эгэл даруухан энэ залуу аливаад тууштай ханддаг юм билээ. Тэр 2010 онд Спорт ордноос хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн төсөлд хамрагдаж фитнесээр хичээллэж эхэлсэн бөгөөд одоо ч дулааны улиралд ажилдаа явган, эсвэл дугуйгаар  явж, сэрүүний улиралд   фитнесээр хичээллэдэг гэсэн.  Тэрээр өөрийгөө ялж, 4 жилийн дотор илүүдэл 20 кг жингээ  хаясан. Өөрийгөө ялж чадсан хүнд өрсөлдөгч үгүй гэдэг үг бий. Зорилгынхоо төлөө  тэмцэгч энэ залуу ажиллах, суралцах үйлсдээ ч  тууштай байдаг  нь  дамжиггүй. 
 
Я.ЭНХТУЯА

Энэ удаа сонинд ярилцлага өгөх дургүй залуутай таарлаа. Олон жилийн туршлагаас үзэхэд сурвалжлагчаас зугтаж буй хүн ажлаа мэдэхгүй, нэг бол өөрийгөө илэрхийлэн ярих чадваргүй, үгүй бол ажлын ачаалалд хэт дарагдсан, эсвэл худлаа залдаг, олны анхааралд өртөх дургүй, хэл амнаас эмээдэг нөхөр байдаг. Харин Баяжуулах фабрикийн Дотоод тээврийн албаны автокраны оператор П.Одсүрэн чухам аль бүлэгт хамаарахыг таашгүй. Ямар ч байсан цехийнх нь хүний нөөцийн менежер, цаашлаад албаны даргаар нь мундагдуулж байж, мэнд мэдэн хэдэн үг солих боломж олдсон юм.  

-Сайхан зусч байна уу? Сонинд ярилцлага өгөхөөс яагаад зугтаад байна...
-Сайхаан, ажлаа хийгээд л. Шальтай хийсэн бүтээсэн гавьяагүй байж сонинд ярилцлага өгөхөөр хүмүүс муу хэлэх байлгүй дээ. 
-“Эрдэнэт” үйлдвэрийн Эгэл залуус” буланд ажил үйлсээрээ тэргүүлж яваа залуус уригдаж үзэл бодлоо илэрхийлдэг юм. Заавал олон жил ажилласан хүн сайн ажилтан байхгүй ш дээ.
-Тийм л дээ. Тэгвэл цагаан хэл ам тусчихна... /инээв/
-За, энэ ч яахав. Төрсөн нутаг ус хаана вэ?
-Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 2003 онд Эрдэнэт хотын 5-р 10-н жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод ТИС-ийн Механик инженерын Их сургуулийг төгссөн. 
 
-“Эрдэнэт” үйлдвэрт хэзээ ажилд орсон бэ? 
-2007 онд. Анх Баяжуулах фабрикийн Дотоод тээврийн албанд авто засварчинаар ажилд орсон. Дараа нь погрушик, жижүүрийн техникч, сүүлд автокраны оператораар ажиллаж байна. 
 
-Түүхэн бүтээн байгуулалт-Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажилд гар бие оролцсон уу? 
-Бараг бүтэн жил гаруй хугацаанд өдөр, шөнөгүй илүү цагаар өргөтгөлийн барилга угсралт дээр ажилласан. Сард 60-120 цагаар илүү ажиллаж байлаа. Үүний үр дүнд намайг компаниас тодорхойлж төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан болов уу. 
 
-Төрийн хайр хишгийг тун залуу хүртлээ дээ. Юу бодогдож байна?    
-Олон сар хөлсөө дуслуулж, их ажлын ард хамт олонтойгоо гарах гэж сэтгэлээрээ хичээсний үр шим медалиар ирсэн. Амралтын өдөр гэж ялгалгүй өдөр бүр арван хэдэн цагаар ажиллаж байсан. Ид бүтээх залуу насандаа ажлын ачаалал үүрэхгүй бол хэзээ хийх гэж гээд өөрийгөө зоригжуулж сэргээдэг байлаа. Одоо хамт олныхоо итгэлийг алдахгүй ажиллахыг бүр их хичээж байна. 
 
-Өргөтгөлийн ажил бүрэн дууссан уу? 
-Гүйцэт дуусаагүй. Ялангуяа кран байнгын ажиллагаатай байдаг. Манай цех өвлийнхөө бэлтгэлийг зун хангадаг учир энэ үед ачаалал ихтэй ажилладаг. Тоног төхөөрөмж шинээр сольж, засвар хийгдэж байна. Гэхдээ хуучин шиг бямба, нямд амралтгүй ажиллахгүй ээ. 
 
-Өнгөрсөн жил Баяжуулах фабрикийн Хөдөлмөрийн аварга болсон санагдана. Шинэ залуу ажилчид өөрийг чинь харж үлгэр дуурайлал авч ажиллаж байгаа. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?          
-Ажлаа таслахгүй, өвчлөхгүй, даалгасан үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийгээд, итгэлийг нь алдахгүй байвал хүнд үнэлэгддэг  болчихдог юм байна.
Зөвхөн өөрөөс шалтгаалах учраас хичээгээрэй л гэж хэлье даа.
 
-Таны ажлын байрны анхны багш хэн бэ?
-Би олон багштай. Ажлын мест болгон дээр очихдоо багштай болдог. Би одоо бараг таван мэргэжилтэй болчихлоо шүү дээ. Анхны багш гэвэл  экскаваторын машинч Отгонбаяр, Мөнхбат гэж хоёр хүн бий. 
 
-Таны ажлын онцлог, бахархмаар сайхан нь юу вэ?
-Манай үйлдвэрт 100 тоннын хоёр кран байдаг юм. Нэгийг нь Орос мэргэжилтэн барьдаг. Үнэтэй энэ техникийг ажиллуулдагаараа бахархдаг. Манай краны багш одоо механик хийж байгаа Отгонсүх Германд сургалтанд хамрагдаж энэ краныг эзэмшсэн юм. Би Отгонсүх ахыг дагалдаж кранчин болсон. Нэг үгээр хэлбэл Дотоод тээврийн албандаа бэлтгэгдсэн ажилтан.      
 
-Тэгэхээр “тэнгэрт” ажилладаг залуу байх нь. Таны мэргэжлийн бас нэгэн онцлог нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахихгүй бол өөрийгөө болон хүн гэмтээх аюултай. Энэ тал дээр хэр анхаардаг вэ? 
-Сэтгэлд анхааруулгын гэрэл байнга асаалттай ажиллана. Энгийн машин барихаас хэцүү. Хаана, яаж зогсохоос эхлээд, цөмрөх газар байна уу, үгүй юу, талбайн болон даах ачааны хэмжээ ямар байгааг тооцож өргөх гээд байнга хянуур байхыг шаарддаг. Дараа нь өөрөө хариуцлага хүлээх учраас бусдадаа ч шаардлага тавьдаг. 
-Хамт олныхоо талаар ямар бодол сэтгэгдэлтэй явдаг вэ? 
-Манай Дотоод тээврийн алба Д.Цагаан-Эрдэнэ даргын удирдлага дор  18 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Ер нь гар, сэтгэл нийлсэн ажилч хамт олон. Ихэнх нь залуучууд болохоор ажлын бүтээмж өндөртэй.   
-Та найзын нөхөрлөлийг юугаар хэмждэг вэ? 
-Салбар салбарт найзуудтай. Арван жилийн ангийн, ажлын газрын, их сургуулийн гээд. Тэдэн дунд үнэнч, тууштай, нэг зангаараа байж чаддаг “чулуу” шиг найз олон бий. 
-Ингэхэд ээлжийн амралтаа авсан уу?
- Ирэх 9-р сард амралтаа авахаар төлөвлөж байна. Хөдөө агаар салхинд явж амарна даа.  
 
-Гэр бүлээ танилцуулаач?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Мягмаржаргал маань Хөдөлмөрийн хэлтэст ажилладаг. Одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Манай том цэцэрлэгт, бага нь зургаан сартай. 
Ажил ихтэй болохоор гэр бүлдээ тэр болгон цаг зав зарцуулж чадахгүй юм. Гэхдээ амарч байх үедээ аль болох хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хичээдэг. Гэр бүлийн аз жаргал хамгийн чухал шүү дээ. 
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.       
 

М.ОДГЭРЭЛ    

 

 

-Танай охин хэдэн оноос сурын спортоор хичээлллэсэн бэ? Бэлтгэл сургуулилт хийх боломж хэр байна. Та өөрийн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Г.Ч:Баярлалаа. Би “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад хэсгийн даргаар ажилладаг. Миний охин Ч.Оюунтунгалаг  “Хангарьд” спорт клубт 2012 оноос байт сурын спортоор хичээллэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд клуб” нум, сум энэ спортын хэрэгслээр бүрэн хангаж ирсэн. “Хангарьд”-ын тамирчин болохоор бэлтгэл сургуулилт хийх материалаг бааз сайтай. Ийм боломж нөхцлөөр ханган тэмцээнд оролцоход нь байнга тусалдаг “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” клубын захиргаа, менежер В.Сумъяасүх болон дасгалжуулагч багш Т.Цогтбаяр нарт баярлаж явдгаа илэрхийлье.
-Та тамирчин охиныхоо гаргасан ам-жилтаас ярина уу?
-Улсын аварга болон бусад тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж спортын гараагаа эхэлсэн дээ. Азийн аварга шалгаруулах байт сурын тэмцээнээс хүрэл медалиар энгэрээ мялаасан. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2014 онд спортын мастерын болзол хангасан.  Манай охиныг Дэлхийн цомын аварга болоход “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгөн шагнал олгосон. Энэ нь охинд маань их урам зориг өгсөн дөө. Цаашид бэлтгэл сургуулилтыг нь сайн хийлгэж  дээр нэр дурьдсан хүмүүсийн итгэл найдварыг алдахгүйн тулд гэр бүлийн зүгээс анхаарах болно.
Энэ жилийн баяр наадмын аатай, эртэй бөхчүүд нь хүчтэй, алтан туурайтнууд хурдан, агссан сумтай харваачдын оноо мэргэн байг. 
                                                                                                                   Т.БАТЧУЛУУН