Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

    Монгол Улсын Засгийн Газраас  энэ сарын 6-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д онц дэглэм тогтоосонтой холбогдуулан Ерөнхий захирлын “Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/145 тоот тушаал батлагдсан. Уг тушаалаар онцгой  дэглэмийн үед сахилга хариуцлагыг өндөржүүлж, үйлдвэрийн хэвийн тогтвортой байдлыг хангаж ажиллах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Энэ дагуу үйлдвэрийн хэмжээнд онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх ажлууд хийгдсэнээр үйлдвэрлэл, эдийн засаг болон бусад үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжилж байна.
    Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулсан байна. Энэ хугацаанд 1400.26 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 106.7 хувиар биелэв. Хүдэр боловсруулалт 1742.99 мянган тонн буюу 101.7 хувиар давсан байна. Зэсийн металл авалтыг 88.3 хувиар төлөвлөснөөс сарын эхний 20 хоногт 88.4 хувьд хүргэж, төлөвлөгөөг 100.1 хувиар, молибдений металл авалтыг 48.5 хувиар төлөвлөж 49.1 хувийн гүйцэтгэлтэйгээр 101.2 хувиар тус тус биелүүлсэн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, төлөвлөгөөнөөс таван вагон зэсийн баяжмал илүү ачжээ.
   Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүч үйлдвэрлэгч болсноор 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар 13.83 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 11.05 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлсэн байна.

    Эрдэнэт үйлдвэрийн Худалдан авалтын бодлого, тендер шалгаруулалт, бараа материал нийлүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу үргэлжилж буйг  Хангамжийн хэлтсээс онцлов. Энэ сарын 6-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд тус хэлтэс 15 аж ахуйн нэгжтэй “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу хамтран ажилласан байна. Ган бөмбөлөг, техник тоног төхөөрөмжийн тос масло, сэлбэг эд анги зэрэг бараа материал худалдан авахад  нийт 16 тэрбум 553 сая төгрөг  зарцуулжээ.
   Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ажилтнуудынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэл чадамжид суурилсан урамшууллын хөшүүрэг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр зорилт дэвшүүлсэн байгаа. Үүнтэй уялдуулан Эдийн засгийн хэлтсээс 2019 онд нийт ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцоо, судалгаа гаргажээ.  Мөн 2018 оны Монгол Улсын дундаж цалинтай компанийн дундаж цалин хөлсний харьцуулсан судалгаа хийсэн байна. Ингэснээр ажилтнуудын цалин урамшууллыг үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.  
    Ийнхүү онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий захирлын тушаалыг Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүр мөрдөж, үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт зорилтуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлж, ажлын зохион байгуулалт, эмх цэгц, уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна.  

М.Балжинням

     “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехээс санаачлан, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 14 компанийн төлөөллийг оролцуулсан усны хэрэглээ, ашиглалтын талаарх хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочдыг тус цехийн Ус хангамжийн хэсгийн дөрөвдүгээр өргөх станц болон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулсан нь ихээхэн үр өгөөжтэй ажил болсон юм.
     НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэж ирсэн усны өдрийг 2015 онд “Ус ба тогтвортой хөгжил”, 2016 онд “Ус ба ажлын байр”, 2017 онд “Хаягдал ус”, 2018 онд “Байгальд ээлтэй усны шийдэл”, энэ онд “Хэнийг ч үл орхих” уриан дор зарлаж байна. Энэ нь усны гачигдалд орсон улс орны иргэн бүрт усыг тэгш хүртээх бодлого юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хүн амын өсөлт, хотжилт болон бусад олон хүчин зүйл усны бохирдолд нөлөөлж байгаад олон улсын эрдэмтэд санал нэгдэж, гарцыг эрэлхийлсэн яриа, хэлэлцүүлэг, уулзалт, чуулган зохиодог нь энэ өдөр илүүтэй мэдэгддэг. Харин БОАЖЯ “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриаг орон даяар зарласан байна.
     Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Усан хангамжийн хэсэг нь Эрдэнэт хот, үйлдвэрийн хэрэглээний цэвэр усыг хариуцаж, Орхон аймгаас 65 км зайд орших Сэлэнгэ мөрний усыг дөрвөн станцаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Тус цех нь хоногт 60800 гаруй м.куб ус олборлож, 220 мянга гаруй м.куб усыг Баяжуулах үйлдвэрт, 9000 гаруй м.куб усыг Эрдэнэт хотын хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд жилдээ 20-21 сая м.куб цэвэр ус олзворлож, 8-9 сая м.куб ус хүлээн авч, түүнийгээ 96-98 хувьтай цэвэршүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвартай баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.


И.ЧИНТОГТОХ
 

     Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав.  Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа.

                                                                                                                      Эх сурвалж: Zasag.mn

     Уурхайчин бүсгүйчүүдийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорьсон “Цэцэн бэр” тэмцээн 11 дэх жилдээ амжилттай зохиогдож, 23 баг тэргүүн байрын төлөө ухааны цэцээр  өрсөлдлөө. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Уурхайчин” соёлын ордон хамтран зохиодог тус тэмцээнд үндэсний дээл хувцасаараа жигдэрсэн багууд өнгө нэмсэн.
    Багууд Эмэгтэйчүүдийн холбооны түүх, эмэгтэйчүүдийн баяр, шинжлэх ухааны холбогдолтой гээд тал бүрийн асуултаар мэдлэгээ сорьсон. Энэ жилийн тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн бүсгүйчүүд “Цэцэн бэр” тэмцээний аваргаар тодорч, Ил уурхай, Ган бөмбөлгийн цехүүд удаалсан бол Ахмадын зөвлөл, Дулааны цахилгаан станц, Сэлэнгэ амралтын бааз, Технологийн сургуулийн багууд тэнцүү оноогоор тусгай байранд шалгарлаа.

И.ЧИНТОГТОХ

 

     Монгол Улсын Засгийн Газар энэ сарын 6-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоосонтой холбогдуулан тус үйлдвэрийн Ерөнхий захирлын “Онц дэглэмийн үед авах зарим арга хэмжээний тухай” А/145 тоот тушаал үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж байна. Энэ тушаалын хэрэгжилт болон 2019 оны ажлын зорилтын талаар Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригтой ярилцлаа.

    -Хангамжийн хэлтсийн үйл ажиллагаа, бараа материалын худалдан авалт, нийлүүлэлт, тендер шалгаруулалт ямар явцтай байна вэ?
   -Хангамжийн хэлтэс худалдан авалтын үйл ажиллагаа явуулахдаа 2017 оны долдугаар сард батлагдсан Худалдан авах ерөнхий журмыг баримталж байна. Одоогийн байдлаар 2019 оны худалдан авалтын болон бизнес төлөвлөгөө батлагдаагүй. Энэ нь компанийн ТУЗ-ийн хурал хойшлогдсон зэрэг бусад шалтгаантай холбоотой. Гэхдээ оны эхний улиралд үйлдвэрлэл болон бусад үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахын тулд үйлдвэрийн онцгой комиссын шийдвэр гарч, үүгээр худалдан авалтын ажлыг журмын дагуу зохион байгуулахыг Хангамжийн хэлтэст даалгасан. Оны эхний гурван сард манай хэлтэс 60 орчим сая ам.долларын үнийн дүнтэй 80 гаруй гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр гэрээний 80-аад хувь нь технологийн үйл ажиллагаатай шууд холбоотой нормчлогдсон материалууд авахаар хийгдсэн. Тухайлбал, ган бөөрөнцөг, ган бөөрөнцөгийн бэлдэц, нүүрс, тээрмийн хуяг, урвалж, белазын дугуй, урвалж, түлш зэрэг технологийн үндсэн материал орсон. Бусад үйл ажиллагааг Тендерийн хуулийн дагуу зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар, бид хоёр тендерийн шалгаруулалт явуулж, гэрээлсэн. Мөн 10 гаруй тендерийн үнэлгээний хороо байгуулагдан, ажиллаж байна. Цаашдаа 40 гаруй тендерийг бэлтгэж, үүнийг тус үнэлгээний хороод зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

    -2018 оны Худалдан авалтын төлөвлөгөө бүрэн биелсэн үү, хүлээгдэж буй бараа материал бий юу?
   -Өнгөрсөн оны гэрээлэлтээс их засварын долоон ажил, үндсэн хөрөнгийн 20 орчим ажил хүлээгдэж байгаа. Эдгээрийг бид журмын дагуу 2019 оны шилжих ажлын төлөвлөгөөнд оруулсан. Төлбөр тооцоо нь шилжсэн ажил гэсэн журмаар хийгдээд явж байна. Бид эдгээр ажлын нийлүүлэлтийг ханган ажиллаж байна.

   -Ханган нийлүүлэлт зарим тохиолдолд хугацаа удаашрах түүнээс улбаалаад үйлдвэрлэлийн үйл явцад саатал гарч болзошгүйг анхааруулдаг. Ер нь бараа материал, тоног төхөөрөмж нийлүүлэгдэхгүй саатах нь юутай холбоотой вэ?
   -Үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал зарим тохиолдолд хугацаандаа ирж амжихгүй байх нь манай цех нэгжүүдийн төлөвлөлтөөс шалтгаалдаг гэж ойлгож байна. Хэрэв ажлаа зөв цаг хугацаанд нь төлөвлөөд явбал ийм асуудал гарахгүй байх. Мэдээж, ажил хийж байхад алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг аль аль талдаа хүлээн зөвшөөрөх ёстой. Бүх үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг  100 хувь урьдчилан хараад, удирдаад явна гэдэг амаргүй. Гэхдээ 90 хувийг нь бол маш тодорхой төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Бага хувьд нь асуудал бол гарч байгаа, тэр үед нь бид шуурхай арга хэмжээ авч шийддэг. Их засварын ажил эсвэл сэлбэг хэрэгсэл худалдан авч буй тохиолдолд Тендерийн тухай хуулинд зааснаар тухайн үйлдвэрлэгчтэй нь харилцах, патентыг хамгаалах ёстой байдаг. Жишээлбэл, УАЗ -469 автомашины мотор авахын тулд УАЗ-ын үйлдвэрлэгчид хандаж, холбоо тогтооно. Ингэж тодорхой заасан нөхцөлд тендер шалгаруулалт зарлах нь тохиромжтой биш. Цаг хугацаа алдах гэх мэт ажил удаашрах сөрөг талтай байдаг. Харин үндсэн хөрнгө шинээр худалдаж авах тохиолдолд тендер шалгаруулалт зарлах нь зүйн хэрэг. Ийм ч журамтай.

   -Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого худалдан авалтын үйл ажиллагаанд тусгагдан хэрэгжиж байгаа. Энэ оны хувьд тодорхой ямар чиглэл баримтлах вэ?
   -Энэ онд бид орон нутгаа дэмжихийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн чиглэлийг баримтална. Бид өнгөрсөн жилд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ нягт хамтран ажиллаж, хоёр удаагийн уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар  хамтын ажиллагааны тайлан, үр дүн цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, орон нутгийн үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонссон. Тэд ч энэ ажлын талаар ахиц дэвшил гарч, үр дүнтэй байгааг илэрхийлсэн. Энэ ажлаа бид цаашид улам өргөн хүрээнд өгөөжтэй болгохын тулд орон нутгаас гадны Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлье гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, албан ёсны түншлэгч гэхээс илүү үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллая гэсэн бодлого баримтална. Үйлдвэрлэгчдээ дэмжсэнээр улсдаа нэмүү өртөг бий болгоно гэсэн үг. Нэн ялангуяа уул уурхайн салбарт газрын баялагаа гадагш нь гаргаж, тэр мөнгөөр гадаад улсаас техник, тоног төхөөрөмж худалдан авахыг аль болохоор багасгаж, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх бодлого барьж ажиллана.

   -Худалдан авалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар явагдаж байна гэж ойлголоо?
   -Тиймээ. Тендерийн хуулинд нээлттэй шалгаруулалт, хязгаарлагдмал тендер шалгаруулалт, харьцуулалтын арга гэсэн хэлбэрийг заасан байдаг. Харьцуулалтын аргаар авах тендерийг бид компанийн цахим хуудас www.erdenetmc.mn -аар нээлттэй зарладаг. Харьцуулалтын аргаар шалгаруулах тендерт хорь орчим компани ч оролцох хүсэлтээ ирүүлэх тохиолдол байна. Ер нь оролцогчдын тоо нэмэгдсэн. Тэгэхээр манай тендерийн мэдээллийг сонирхож хүлээдэг болжээ гэж харж байна. Тиймээс бид цаашид үүнийг төрөлжүүлж, санал ирүүлж буй компаниудад нийлүүлэлтийн түүх, туршлагаа мэдэгдэх гэсэн шалгуурыг оруулж байгаа. Өнгөрсөн жил харьцуулалтын аргаар хийгдсэн  14 гэрээ амжилттай хэрэгжиж чадаагүй. Учир нь бид бага үнийн шалгаруулалтаар эдгээр компанитай гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болоход уг гэрээт ажлаа биелүүлэх боломжгүй гэдэг. Энэ мэтчилэн хариуцлагагүй байдал дахин гаргахгүйн тулд дээрх зөрчилтэй компаниудыг дахин шалгаруулалтад оролцуулахгүй байх мэдэгдлийг өгч байгаа. Тиймээс өмнөх ажлын туршлагыг нь харгалзаж байхаар болсон. Цаашид ч тендерт оролцогчдын шалгуурыг тодорхой үе шаттай нэмээд явна. 

   -Олон жилийн хамтын ажиллагаатай найдвартай, туршлагатай олон компани байгаа. Тэдний давуу талыг нэрлэнэ үү?
    -Тодорхой хэдэн компанийг нэрлэвэл том оврын машинууд дээр “Камминз” үйлдвэрийн хөдөлгүүр байдаг. Үүнийг энэ үйлдвэрлэгчээс л авдаг. Харин манай улсад салбар нь “Камминз Монголия” нэртэйгээр байгуулагдсан нь бидний ажилд эерэг нөлөө үзүүлж байна. Албан ёсны салбар компанитай нь шууд холбоо тогтоож, үйлчилгээг нь авах боломж нээгдсэн. Мөн Белаз машин болон сэлбэг хэрэгслийг нь “Юнайтед Белаз Машинери” компанийн Монгол дахь салбараас нь авч байна. Энэ компаниуд зөвхөн манай үйлдвэр бус уул уурхайн бусад томоохон үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Олон жилийн найдвартай хамтын ажиллагаатай, итгэл хүлээсэн олон компанийг нэрлэж болно.

    - Чанартай, техникийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдан авахад бодит судалгаа чухал. Судалгааг хэрхэн хийж байна?
    -Манай хэлтэс үйлчилгээний байгууллага гэж би ойлгодог. Нэг талаас, цех нэгжүүд захиалгаа манайд ирүүлдэг. Тэдний захиалгат бүтээгдэхүүнийг бид олж нийлүүлдэг. Нөгөө талаас, Зах зээл судалгааны төвөөс уг бараа материалын зах зээлийн үнийн судалгаа, бодит үнэ ханшийг гаргаж өгдөг. Эдгээрийг нэгтгэсний дараа бид худалдааны нөхцлөө тохироод, дараагийн шаардлагатай баталгаат хугацааг нь тавьж өгөх, үйлчилгээ авах эсэх зэргийг тодорхойлж, хэрэгжилтийг нь хянадаг. Тиймээс тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг судлахаас гадна зөв, баталгаатай бүтээгдэхүүн авч нийлүүлэхийг чухалчилж байна. Энгийн үгээр тайлбарлавал, өнөөдөр 100 төгрөг хэмнэж маргааш алдаж байснаас, 100 төгрөг илүү зарцуулж урт удаан хугацаанд найдвартай ажиллах тоног төхөөрөмж авах зарчим гэсэн үг. Энэ нь үйлдвэрлэлд өгөх эдийн засгийн өндөр үр ашиг гэж бодож байна. Тэгэхээр худалдан авалтын үйл ажиллагааг хоёр янзаар сонгож үзэх ёстой байдаг. Зөвхөн үнэ биш ажиллах хугацааг нь харах ёстой. Нэгж хугацаанд зарцуулж буй өртгийг тооцох ёстой. Өнөөдөр хямд гэж чанаргүй бүтээгдэхүүн авч улирал тутамд сольж байснаас 100 төгрөг илүү төлөөд жилд ганц удаа солих бодлогыг л хэрэгжүүлж ажиллана.

    -Бараа материалын нөөцийг хэрхэн бүрдүүлдэг вэ?
   -Худалдан авалтын журамд нөөц бүрдүүлэлтийг хэрхэн хийх тухай заалтыг баталгаажуулж оруулж өгсөн. Технологийн нормчлогдсон материалын 2-3 сарын нөөц заавал байх ёстой. Энэ нь үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангаж, аливаа эрсдэл доголдол үүсэхэд цаг алдалгүй засч залруулахад тооцсон хугацаа. Дараагийн бүрдүүлэх нөөц нь аюулгүйн нөөц. Энэ бол сэлбэг хэрэгслийн нөөц. Сэлбэг хэрэгслүүд үнэ өндөр, үйлдвэрлэхэд их хугацаа шаарддаг бүтээгдэхүүн учраас заавал нөөцтэй байх ёстой. Эвдэрсэн тоног төхөөрөмжийн суурийг солино гэвэл үйлдвэрлэгч компани тухайн сэлбэгийг жилийн хугацаанд хийх болдог. Тиймээс бид сэлбэг хэрэгслийн нөөцийг бэлэн байлгах ёстой. Худалдан авалтынхаа 7 хувийг аюулгүйн нөөц, 13 хувийг технологийн нөөц бүрдүүлэлтэд зориулах бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл, 20 орчим хувь нь агуулахын нөөц бүрдүүлэлт байх ёстой. Мөн зохистой эргэлт гэж бий.  Үүний тооцоог МУИС-ын Эдийн засгийн тэнхимийн багш эрдэмтэд гаргаж өгсөн. Энэ нь 30 орчим сая ам.долларын хөрөнгө байнгын эргэлтэд байх ёстой гэсэн тооцоо. Энэ хэмжээнд нөөц бүрдүүлэлтийг хийх бодлого барьж ажиллаж байна.


М.Балжинням

     Өнөөдөр улс орон даяар 16 цагт дуут дохио өгч, газар хөдлөлт, байгалийн аюулт үзэгдлийн үеийн дадлага, сургууль хийлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 56 объектод гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгаж, ажилчид цугларах газарт цуглав. Үйлдвэрийн ажилчид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, газар хөдлөлт, байгалийн аюулт үзэгдлийн үеийн бэлэн байдлаа хангалттай дүгнүүллээ.

У.Цэрэнбат
 Фото: Б.Баттөгс

     Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн сахилга батыг хангуулах, ажлын цаг ашиглалтад тавих хяналтыг сайжруулах чиглэлээр компанийн Ерөнхий захирлын тушаал гарсан.Үүний дагуу хийж буй зарим ажлын хэрэгжилтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүний нөөц, цалин хөлсний хэлтсийн даргын үүргийг түр орлон  гүйцэтгэгч О.Отгонбаяраас тодруулсан юм.     

     

     -Өнөөдрийн байдлаар Компанийн хэвийн үйл ажиллагаа хэрхэн хангагдаж байгаа вэ. Тодорхой чиглэлийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Үүний дагуу ямар ажлууд хийгдэж байна?

     - Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр манай компанид 6 сарын хугацаатай тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахих, хөдөлмөрийн сахилга бат, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангуулахад чиглэсэн тодорхой заалтууд хэрэгжиж байна. Эдгээр нь үндсэндээ компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, компанид мөрдөж буй тогтсон дүрэм, журмыг чанд сахиулах зорилготой. Тиймээс өнөөдрийн байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, жигд байгаа. Гурван сарын эхний 20 хоногийн дүн мэдээ гарч, үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелсэн амжилттай явж байна. Мөн энэ хугацаанд хэрэгжүүлэх тодорхой ажлын хүрээнд компанийн Ерөнхий захирлаас Нийгмийн асуудал хариуцсан орлогч болон Хүний нөөц, цалин хөлсний хэлтэст  чиглэл өгснөөр ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу компанийн хэмжээнд ажлын байрны эмх цэгц, ажилчдын ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үзлэг, хяналтын ажлууд хийгдэж байна.

     -Хяналтыг хэрхэн хийж байгаа вэ?

    -Нэгдүгээрт, ажилчдын ажлын цаг ашиглалтын байдал, сахилга хариуцлагын чиглэлээр хяналт тавьж байна. Хоёрдугаарт, Ерөнхий захиргааны хоёрдугаар байраар өдөрт хэчнээн хүн ямар зорилгоор үйлчлүүлж байна, хөдөлгөөний урсгал бүтцийн ямар нэгжүүд дээр төвлөрч байна, “зочин” үнэмлэхээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн сэтгэл ханамж хэр зэрэг байгааг мэдэх зорилготой үзлэг, хяналт хийсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхий захиргааны байранд үзүүлж байгаа үйлчилгээ ямар байна, цаашид сайжруулж өөрчлөх шаардлагатай ямар асуудал байгааг мэдэх зорилготой юм. Энэ хяналтыг компанийн Дотоод аудитын хэлтэс, Их барилгын хэлтэс, Хуулийн хэлтэс болон Хүний нөөц, цалин хөлсний хэлтсийн дарга нар ажилтнуудтайгаа хамт өөрийн биеэр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажилласан.

     -Анхаарал татсан ямар асуудал байна?

     -Цаг ашиглалт дээр анхаарал татсан асуудал бий. Гэхдээ тодорхой шалтгаанууд байгаа нь харагдсан. Эргэж тодруулах нь зүйтэй. Ерөнхий захиргааны зарим ажилчид зөвхөн өрөөндөө сууж биш, тодорхой үүрэг даалгавраар үйлдвэрийн бүс болон бусад объектууд руу өдөр тутам явж ажилладаг онцлогтой. Тухайлбал, Хангамж, Их барилга зэрэг хэлтсийн ажилтан, инженерүүд объектуудаар байнга явж ажилладаг. Мөн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, зураглаач, уран бүтээлчид үйл явдлын мөрөөр явж ажилладаг байх жишээтэй. Иймээс хөдөлгөөнийг зөв тооцохгүй бол орсон, гарсан болгоныг таслалт гэж үзэж болохгүй. Түүнээс  гадна захиргааны байрны буфетны ажиллах цагийг өөрчилье гэсэн дүгнэлтэд хүрсэн. Зарим хэлтэс ажлын ачаалал бага, хяналт сул, эсвэл илүүдэл орон тоо байна уу гэж дүгнэхээр харагдаж байгаа юм. Тиймээс зарим өөрчлөлт хийх шаардлагатай зүйлүүдийг анхааралдаа авсан.

     -“Гендирекц” буюу Ерөнхий захиргааны 2-р байранд өдөрт хэчнээн хүн ирж үйлчлүүлдэг вэ?

    -Нэг өдөрт ойролцоогоор 120 гаруй хүн үйлчлүүлж байна. Тэдний урсгал Хангамж, Их барилга, Хүний нөөц, цалин хөлсний хэлтэс, Олон нийттэй харилцах алба, Санхүүгийн хэлтсийн Нийгмийн даатгал гэсэн дөрвөн газар ихэвчлэн төвлөрдөг. Янз бүрийн бичиг баримт авах, өгөх, гэрээ хийх, уулзалт, ярилцлага өрнөх байдлаар зочин үнэмлэхээр орж ирсэн хүмүүсийн хэрэг бүтдэг. Зочин үнэмлэхийн журам бий. Гэтэл зарим зочид ороод хэдэн цаг гардаггүй. “Гендирекц”-д гурав дөрвөн цаг саатах нь ажлын онцлог байна уу, эсвэл хүлээн авч байгаа мэргэжилтнүүд ажлын байран дээрээ байхгүй, хүндрэл учруулаад байна уу гэдэгт мөн хяналт тавьсан. Мэргэжилтнүүдийн ажлын хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хяналтыг чангатгах, хандлагаа эергээр өөрчлөх, хүндрэлгүй үйлчлэх зэрэг ажлын чиглэл гаргасан.

     -Тухайлбал...?

     -Үйлчилгээ, аж ахуйн албаны хөтөч бүсгүйчүүд зочдыг угтан үйлчилж байгаа. Хэнтэй хэдэн давхарт уулзахыг зааж өгөөд, уулзах боломжгүй бол тайлбарыг хэлээд гаргах зохион байгуулалтын өөрчлөлтийг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн хүн зорьсон ажилтантай уулзаад асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэх шугамыг л зөв болгоё гэж байгаа юм. Ер нь хэн нэгэнтэй уулзах нэрийдлээр нэвтэрчхээд дотор сэлгүүцдэг, давхруудын буйдан дээр хэдэн цагаар тухалж, таарсан болгонтой ярилцаж ажлын цаг үрдэг асуудал бий. Мөн Ерөнхий захиргааны үүдэнд зочин түр хүлээн авах хаалттай танхимуудыг бий болгох, хүмүүсийг хүлээн авдаг дээрх дөрвөн урсгал дээр хяналтыг өндөрсгөх, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авах суваг бий болгох зэрэг ажил сайжруулах чиглэлээр нэлээд зүйл хийгдэнэ.

     -Эрдэнэт үйлдвэрт ажлын шаардлагаар “түр үнэмлэх”-ээр нэвтэрч, зорчдог хүмүүс бий. Тэдний үнэмлэх онцгой дэглэмийн үед хүчинтэй юу?   

     -Иргэд энэ хугацаанд “Зочин” үнэмлэхээр тухай бүрдээ бүртгүүлж, үйлчлүүлнэ. Цаашид, түр үнэмлэх олголтын журмыг Хуулийн хэлтэстэй хамтран шинэчлэх, камеруудын хяналтыг сайжруулахаар ажиллаж байна.  

     - Цаашид анхаарч, хэрэгжүүлэх ёстой ажлаа тодорхойлсон байх? 

     - Ер нь энэ удаагийн үзлэг, хяналтаар Монгол Улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Ерөнхий захирлын гаргасан тушаал, түүний дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг цех, нэгжийн удирдлагууд маань хамт олондоо шуурхай хүргүүлж ажиллах шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Мөн хариуцсан нэгжийн ажилтнуудад тавих хяналтыг өндөржүүлж ажиллах нь чухал. Учир нь онцгой дэглэм тогтоосон энэ үед үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, ажилчдын сэтгэл санааг үймүүлсэн янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй, тэдний эрх ашгийг хохироохгүй гэдгийг тодорхой заасан байгаа. Энэ чиглэлийн мэдээллийг ажилчдад хүргэх хэрэгтэй. Түүнээс гадна хэлтэс, цехийн дарга нар дотоод ажлаа сайжруулах чиглэлээр санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

   -Цаг үеийн асуудлаар хэрэгтэй мэдээлэл өгч, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар зав гарган танилцуулсанд баярлалаа.

 

М.ОДГЭРЭЛ

     Улсын онцгой объект Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад сахилга бат, дэг журам, аюулгүй ажиллагаа, зөв ёс зүй, өндөр технологи, стандарт, сайн зохион байгуулалт, бүтээмжтэй ажлын арга барил нэн чухал. “Аюул ослоос ангид байя” уриатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс ХАБ-ын чиглэлээр хийгддэг дөрөвдүгээр шатны үзлэгээ эхлүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын орлогч, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэтэй ярилцлаа.

     - Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан гарсан Ерөнхий захирлын тушаалын хэрэгжилт хэр байна вэ?
     - Ерөнхий захирлын тушаалыг үндэслэн ажилчдын сахилга батыг хангах, эрүүл, аятай таатай орчинд, аюулгүйгээр ажил үүргээ гүйцэтгэхэд анхаарч байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд цех, нэгжийн удирдлагууд хариуцлагатай жижүүрээр ажилласан. Онцгой дэглэм тогтоосон энэ үед, манай хэлтэс холбогдох нэгжүүдтэй хамтран алслагдсан объектуудын харуул хамгаалалт, жижүүрүүдийн сахилга хариуцлагад хяналт тавьж байна. Онц байдал зарласан гээд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдах ёсгүй. Хаврын улиралд нэг анхаарах зүйл нь гал түймрийн аюул байдаг. Гал унтраах 58 дугаар ангитай хамтран хяналт тавьж байна. Мөн Онцгой байдлын Ерөнхий газраас Монгол улс даяар энэ сарын 20-21-нд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага хийх тухай мэдэгдэл ирсэн. Энэ ажлаа хэрэгжүүлж байна. Компанийн хэмжээнд хэвшил болсон нэг том ажил нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөвдүгээр шатны иж бүрэн үзлэг юм. Энэ үзлэгийн ажлын хэсэг нь 22 гишүүнтэй, тэд төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм. Шалгалт Баяжуулах фабрик дээр үргэлжилж байна.

     - Оны эхний улирал дуусч байна. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад танай хэлтэс төлөвлөгөөт ямар ажлууд хийж байна вэ?
     - Бид өнгөрсөн онд үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, нэгдүгээр сарын 11-нд дүнгийн хурлаа танилцуулсан. Энэ хуралд компанийн төлөөлөл, үйлдвэрийн удирдлагуудаас бүрдсэн 443 хүн оролцож, ажлаа дүгнэлээ. Мөн ажиллагсдын дунд нээлттэй санал авч нэгтгэсэн. Бид дүнгийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн 2019 оны ажлаа төлөвлөж, үйлдвэрийн Ерөнхий захирлаар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.

     - Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь уул уурхайн салбарт маш чухал асуудал байдаг. Манай үйлдвэрийн тухайд?
     - Бид сүүлийн таван жилийн үйл ажиллагаандаа харьцуулалт хийж, дүнгийн хурлаар танилцуулсан. Эндээс харахад 2017, 2018 онд үйлдвэрлэлийн ослын тоо эрс буурсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарч байна. Үйлдвэрлэлийн осолд шууд тооцох боломжгүй. Мөн үйлдвэрийн автобус явдаггүй, чиглэл заагаагүй газраас хувийн тэргээр зорчдог ажилчид манайд цөөнгүй. Хальтиргаа гулгаатай өвлийн улиралд эдгээр ажилчдынхаа аюулгүй нөхцөлийг зохицуулах үүднээс хамтарсан гэрээ хийж, зөвшөөрөл олгож ажиллалаа. Ойрын үед хамгаалах хэрэгсэл, халуун хоол, хор саармагжуулах бүтээгдэхүүнээр ажиллагсдаа хангах компаниудыг сонгон шалгаруулна.  

     - Ажилчдын эрүүл мэндийн чиглэлээр хийж байгаа онцлох ажлуудаас дурьдвал?
    - Манай хэлтэс Үйлдэрчний эвлэлийн холбоотой байгуулсан “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг. Тухайлбал, үйлдвэрийн ажилчдын халуун хоол,  хор саармагжуулах хүнсний болон сүү сүүн бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, витаминжуулдаг. Мөн үйлдвэрийн бүс дэх цэвэр усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ус цэвэршүүлэх 20 гаруй төхөөрөмж байрлууллаа. Ээлж харгалзахгүйгээр халуун хоолны үнийг 9800 төгрөг болгосон нь хоолны чанарыг сайжруулахад нөлөөлж байна. Манай хэлтэс Эрдэнэт сувиллын цогцолбортой хамтран үйлдвэрийн нийт ажилчдын эрүүл мэндийн хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

     - Ижил төстэй үйл ажиллагаатай, уул уурхайн компаниудтай туршлага солилцох ажлын үр дүн гарч байна уу?
    - Манай үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад манлайлж оролцсон ажилчдаа урамшуулж, мөн ХАБ-ын инженерүүдээ бусад уул уурхайн компаниудад туршлага солилцуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Эрдэнэт үйлдвэр, “Оюутолгой” компанитай хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр гэрээ үзэглэж, гурван жил хамтран ажиллаж байна. Бид уул уурхайн ууган үйлдвэр, жишиг компани хэдий ч “Оюутолгой” компаниас суралцах зүйл чамгүй бий. Тус компанид хэрэгждэг Ноцтой эрсдэлийг удирдах менежментийг үндсэн цехүүддээ нэвтрүүллээ. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын бүх л стандарт, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой. Тиймээс ч шинээр гарсан Олон улсын ISO45001 чанарын стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

     - Энэ хавар хуурайшилт ихтэй, салхитай байгаагаас болж цагаан тоосны дэгдэлт үе үе гарч байна?  
    - Үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах ажлын хүрээнд Орхон аймаг, үйлдвэр хоёр хамтран ажиллахаар болоод байгаа. Энэ хүрээнд Хангалын голын бохирдол, цагаан тоосны асуудлаар ажлын хэсэг байгуулж, аймгийн Засаг даргын зөвлөл, Иргэдийн хурлын тэргүүлэгчдээр хөтөлбөрөө хэлэлцүүлсэн. Бид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлсийг бууруулахад анхаарч ажиллах болно. 2018 онд цагаан тоосны 42 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн. Энэ өвөл цас багатай, хавар нь хуурайшилт ихтэй байгаа тул тоос дэгдэж байна. Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах шинэ туршилтаа дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн.


И.ЧИНТОГТОХ

   Энэ удаа бид Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэнтэй ярилцлаа.

     -Та өнгөрсөн оныхоо ололт амжилтын талаар товч ярина уу?
    -Заводын хамт олон өнгөрсөн онд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар давуулан биелүүлсэн. Бусад үйл ажиллагааны чиглэлээр өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Зарим томоохон ажлууд болох Цутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологид хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам нэвтрүүлэх, цехийн хэмжээнд 2018-2032 онд хийгдэх өргөтгөл, шинэчлэлийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах төсөл, Олон улсын ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийг тооцох шинэчилсэн аргачлал боловсруулах зэрэг ажлыг эхлүүлсэн. Үүнээс гадна элэгдсэн эд ангийн сэргээн засварлах орчин үеийн арга, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ боловсруулсан, Вакуум хальсны хэвний технологийн тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр нэмэгдэл тоноглолууд үйлдвэрлэх ажил хийгдсэн байгаа.

     -Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугам нэвтрүүлэх ажилд ямар хугацаа шаардагдах вэ?
    -Энэ шугамын ажлыг өмнө нь манай заводод хэсэгчлэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Одоо цутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологийн 30 орчим хувьд ашиглаж байгаа. Энэ технологийн давуу талыг сайтар судлан заводын инженерүүдийн хүчээр ТЭЗҮ боловсруулж өмнөх онд Их барилгын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан. Ингээд өнгөрсөн онд Герман улсын FAT гэж цутгуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанитай худалдан авах гэрээ байгуулснаар ажил эхэлсэн юм. Гэрээний дагуу нэг жилийн хугацаанд энэ ажлыг гүйцэтгэх ёстой. Компанийн Ерөнхий захирлын 2018 оны 9 дүгээр сарын 27–ны өдрийн А/755 дугаар тушаалаар  Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч - Ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг мөн чиглэл хариуцсан захирлын дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явж байна. ЗМЗ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 1-ний дотор бүрэн зогсоож тоног төхөөрөмжийг шинээр болон шилжүүлэн угсарч суурилуулах ажил хийгдэнэ. Одоогоор бэлтгэл ажлууд хэвийн хангагдаад явж байна.

     -Танай заводын зогсолтын үед компанийн бүтцийн нэгжүүдэд шаардлагатай сэлбэг хэрэгслээр хэрхэн хангахаар төлөвлөсөн бэ?
    -Мэдээж, энэ хамгийн том асуудал. Бид бүтцийн нэгжүүдтэй ярилцаад аль болох шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдан авахгүй байхаар нөөц бүрдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өмнөх оны сүүлийн улирлаас нэмэлт үйлдвэрлэл явуулж эхэлсэн.  2019 онд манай завод үйлдвэрлэлийн ачаалалтай ажиллана. Энэ жилийн үйлдвэрлэл өнгөрсөн онуудын үйлдвэрлэлийн хэмжээнээс  өндөр төлөвлөгдсөн. Нийт  4670 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Заводын бусад үйлдвэрлэлийн хэмжээ ч нэмэгдсэн байгаа. Энэ хагас автомат шугамын технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр 440 орчим хэвний модон загвар, 460 гаруй тонн хэвний металл хашлага ажил эхлэхэд бэлэн байх ёстой. Эдгээрээс завод өөрийн хүчээр боломжоороо хийнэ. Зарим хэсгийг нь, ялангуяа хэвний модон загварыг манай зарим ажилтнууд гадаадад хийлгэх судалгаа гаргасан. Хэвний модон загварыг дурын мужааны цех хийхгүй л дээ. Учир нь цутгамлын маш олон техникийн шаардлага, нөхцөл хэмжээ байдаг. Хэвний загвар маш зөв алдаагүй байж сая чанартай, гологдолгүй бүтээгдэхүүн гардаг.

     -Ажлын өөр хүндрэл бэрхшээл гарч байна уу?
    -Ажил хийх боломжгүй хүндрэл гарах нь гайгүй болов уу. Гэхдээ заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд хийж хэрэгжүүлэхэд материал түүхий эдийн хангамжийн асуудлыг цаг тухайд нь хугацаа алдахгүй нийлүүлэлт хийвэл бид хийх ёстой зүйлүүдээ хийчихнэ. Гол асуудал энэ л байна. Манай хамт олон ажлын дадлага туршлагатай учраас зохион байгуулалтыг зөв хийгээд явбал ажилд нэг их хүндрэл үүсэх нь гайгүй. Өөр нэг асуудал нь зогсолт хийх зургаан сарын хугацаанд нийт 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж чадахгүй байдал үүснэ. Үүнийг хэрхэн шийдэх талаар Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэстэй ярилцаж бүтцийн нэгжүүдэд түр ажлын байраар хангах тухай санал явуулсан байгаа.

    -Танай заводын гаргаж буй бүтээгдэхүүний чанар хэр байна. Танай хамт олон ямар шинэ санал санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна вэ?
    -Манай завод үйл ажиллагаа явуулаад 40 жил болж байна. Өнгөрсөн онд компанитайгаа хамт 40 жилээ тэмдэглэсэн. Энэ хугацаанд Заводын үйлдвэрлэлийн технологид хэсэгчилсэн байдлаар шинэчлэлүүд хийгдсэн. Өнөөдрийн ашиглаж буй техник технологийн хувьд бүтээгдэхүүний чанар тийм ч муу биш байгаа. Бид ажиллах ёстой техникийн шаардлага, стандарт, технологийн горимыг мөрдөн ажиллаж байна. Гэвч орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх шаардлага зүй ёсоор гардаг. Үүнтэй  уялдуулан техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийж бүтээгдэхүүний чанар, стандартад мэдэгдэхүйц өөрчлөлт гаргах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид дээр дурдсан техник технологийн шинэчлэл хийх, Олон улсын ISO 9001 стандарт, өртгийн аргачлал, ТЭЗҮ гаргах зэрэг бодлогын бичиг баримт боловсруулах ажлыг эхлүүлсэн.  Манай инженер техникийн ажилтнууд заводын дэргэдэх инженерийн зөвлөл болон өөрсдөө санаачилгатай ажиллаж байгаа. Бид цутгуурын цехийн өнгөт металл хайлах индукцийн зуухыг зөвхөн өнгөт металл хайлах биш хар металл хайлдаг болгосон. Өөрөөр хэлбэл өнгөт болон хар металл хайлна гэсэн үг. Ингэснээр бага оврын жижиг, цөөн тооны эд ангийг цутгах боломжтой.

    -Танай Инженерийн зөвлөл цаашид хийх ажлаа хэрхэн  төлөвлөсөн бэ?
    -Өмнө нь миний бие инженер техникийн ажилтнуудыг нэгтгэн нэг баг болгон ажиллуулах талаар тухайн үеийн заводын удирдлагуудад танилцуулсан ч ажил болгож чадаагүй өөр цех рүү явсан л даа. Нэг л болж өгөхгүй байсан. Ингээд 2016 онд ажил аваад байтал зарим инженерүүдээс санал ирсэн. Тэднийг дэмжсэн нь зөв алхам болсон. Инженерийн зөвлөл өмнөх онд дөрвөн чиглэлээр 21 ажил хийхээр төлөвлөснөөс биелэлт 87 орчим хувьтай гарсан. 2019 онд арай бодит байдалд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байгаа. Ер нь Инженерийн зөвлөл байгуулсан нь сайнаар нөлөөлсөн, цаашид хийх ажлаа боловсронгуй болгон сайжруулж ажиллах шаардлага бий. Засвар механикийн завод нь Монголын металл боловсруулах, машин үйлдвэрлэлийн салбарын том обьект. Тэгэхээр манай инженерүүд санаачилгатай байх ёстой. Тэд зөвхөн нэг зүйлийг нөгөөгөөр солих, хуулбарлах биш эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг түүнийгээ үйлдвэрлэлд туршдаг, инженерийн тооцоолол хийдэг, байх ёстой. Тиймээс бид 2018 оноос Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуультай хамтран ажиллах чиглэлээр ажлууд төлөвлөсөн ч тааруу хэрэгжсэнд  шүүмжлэлтэй хандаж байгаа. 2019 оноос хамтран ажиллах инженерүүдийг судалгааны ажилд татан оролцуулах чиглэл баримтална. Энэ ажлын хүрээнд Технологийн сургуулийн металл судлалын лабораторийг өргөжүүлэх, орчин үеийн дижитал лаборатори байгуулах, хамтран ажиллах төлөвлөгөөг шинэчлэх ажил хийгдсэн. Манай завод ирээдүйд салбарын тэргүүлэх, тулгуур үйлдвэр болох, бүс нутагт үйл ажиллагаа явуулах зорилт тавьж байгаа. Иймээс эрдэм шинжилгээ судалгаа, туршилт, үйлдвэрлэл гэсэн үзэл баримтлалыг хөгжүүлэх ёстой. Ер нь манай заводын үйлдвэрлэлийн гол асуудал бол зураг төсөл боловсруулан тооцоо судалгаа хийж эцсийн бүтээгдэхүүн чанартай, гологдолгүй гарснаар инженерийн хөгжил дэвшилд сайн нөлөө үзүүлэх юм. Инженерийн зөвлөл судалгаа шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийг холбож ажиллах ёстой гэж боддог.

    -Одоогоор импорт орлох хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
    -Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь манай заводын үйлдвэрлэлийн чухал хэсэг. 2014 оноос эхлэн импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бүртгэж, нутагшуулах үйл ажиллагаа эхэлсэн. Өмнө нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч бүртгэлгүй, юу хийснээ тооцдоггүй байж. Өмнөх онд 250 гаруй нэр төрлийн 20,3 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх жишээтэй. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ нутагшуулах нь чухал. Энэ асуудалд компанийн бүтцийн нэгжүүд санаачилгатай байх ёстой. Нэг удаа хийлгээд дараа жилээс нь худалдан авахаар захиалах биш сайжруулах, чанаржуулах талаар манай заводтой хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ жил бүр бүртгэдэг.  Бүтцийн нэгжүүдийн захиалгаар ажилладаг. Үүнийг арай боловсронгуй болгох хэрэгтэй.

    -Компанийн удирдлагаас танай заводын цаашдын хөгжлийн талаар анхаарч Монголын машин үйлдвэрлэлийн бааз болох тухай ч яригддаг. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
    - Манай завод бол машин үйлдвэрлэлийн нэг хэсэг. Ер нь машин үйлдвэрлэл гэдэг ерөнхий нэр л дээ. Зарим хүмүүс машин үйлдвэрлэл гэхээр өөрт хамгийн ойр автомашины тухай, нэг жийп машин эсвэл нэг авто техникийн тухай төсөөлдөг юм шиг. Гэхдээ таныг ингэж боддог гэж байгаа юм биш. Манай заводыг үзсэн гаднын буюу техникийн мэргэжлийн бус хүмүүс ямар ч хамаагүй автомашин эсвэл юу ч гэмээр юм бэ дээ дугуйтай явдаг машин хийж болох мэтээр асуудаг, бас хийж болно гээд л ярьдаг. Ихэнхтэй би санал нийлдэггүй. Машин үйлдвэрлэл бол олон салбартай гэж болно. Мөнхүү олон салбарыг дэмжиж дагуулж хөгжүүлдэг аж үйлдвэрийн томоохон суурь юм. Тухайлбал бидэнд хамгийн ойрхноос нь хэлбэл авто машин үйлдвэрлэл, уул уурхайн машин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн, эрчим хүчний, барилгын машин механизм, суурь машин үйлдвэрлэл гэх мэт үргэлжилнэ.  Тэгэхээр манайх өнөөдөртөө яг бүхэл бүтэн нэг машин үйлдвэрлэх боломж хараахан бүрдээгүй.  Машин үйлдвэрлэл бол нэг машинд ордог бүх нэр төрлийн эд ангийг нэг газар, нэг дор хийдэггүй, тийм ч боломжгүй. Нэг машиныг бүрдүүлдэг эд анги, зангилааг хийж болох, хийдэг бусад чиглэлийн үйлдвэрүүдэд хийнэ, тэгээд нийлүүлж угсраад ямар нэг машин болдог. Ингэж бусдыгаа дэмждэг.  Ер нь бол Засвар механикийн завод машин үйлдвэрлэнэ. Гэхдээ машин үйлдвэрлэхийн тулд зайлшгүй техник, технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болно. Энэ шинэчлэлийг бид эхлүүлэхийг хүсэж зорьж байгаа. Дээр ярьсан тэр олон үйлдэлт суурь машинууд, хүйтнээр хатуурдаг хэвний холимгийн технологи гээд л... Засвар механикийн заводын техник, технологийг үе шаттай, бодлогоор шинэчлэн сайжруулж уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын үйлдвэрлэлийн тоноглол, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд анги, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон импорт орлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтыг идэвхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллах нэг боломж гэж харж байна.
   
   -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

     Эрдэнэсийн их уурхай үүдээ нээж,  эх орны өнцөг булан бүрээс Эрдэнэтийн зүг  тэмүүлэх залуусын цуваа тасраагүй үе. Өвөрхангайгаас наашилсан нүүдэл дунд тулгар эх дуншсаар...Мягмаржав жолоочийнх  зорьсон нутаг “Хялганат”-даа бууриа засан, ханаа дугуйлангуут мантгар цагаан  хүү төрөв.  Энэ хүү өдгөө дөчин насны босго алхсан шийдэмгий харцтай, нуруулаг сайхан  эр  болжээ. Түүнийг  Эрдэнэт үйлдвэрийн гэрээт Гал унтраах, аврах  58-р ангийн аврагч, багны мастер  М.Ганзориг гэдэг. Дөлгөөн Сэлэнгэ дэргэдүүр нь мяралзах үлгэрийн хотхон мэт үзэсгэлэнт Хялганат нутагт түүний  балчир нас өнгөрчээ. М.Ганзориг гялалзсан хөдөлгөөнтэй, дүрсгүйдүү ч хүнд тусархуу, зоригтой хүү байж. Сэлэнгэ мөрөн бага зэргийн үертэй тэр нэгэн өдөр  усанд сэлэн  шумбаж байтал  хүмүүс гэнэт хашгиралдаад явчихав. Түүнээс нэлээн зайтай жаалхан хөвгүүн живж харагдлаа. Эргэн тойронд  ус руу  орж зүрхлэх хүн байсангүй.  М.Ганзориг хамаг хүчээрээ  хурдлан сэлсээр очиж  бяцхан хүүг татан авч, голын эрэгт гаргаснаар  алтан амийг нь аврав.  Аврагч болох анхны гараа нь эндээс эхэлсэн буюу.  Дунд сургуулиа төгссөн даруй  аврагч, гал сөнөөгч шалгаруулж авах зараар очиж шалгуулан тэнцсэнээр энэ ангийн  “байлдагч” болов. Ард иргэдийнхээ  амь нас, эд хөрөнгө болон улсын онцгой объектыг авран хамгаалах   хүнд хүчир, амаргүй албанд  22 жил үнэнчээр зүтгэжээ. Ганц л жишээ дурьдахад 2004 онд  Хаягдлын аж ахуйн 1880 м-ийн урттай хоолой лагаар бөглөрөн битүүрч, даруйхан нээхгүй бол үйлдвэр зогсох аюул тулгарсан үе. Турбан дотор М.Ганзориг дөрвөн  аврагч,  Баяжуулахын  мастер Пүрэвдалайн хамт  орж лагийг хүрздэж, малтаж  явсаар... Шугам хоолойн тэхий дунд  очиход тэднийг  огт агааргүй орчин угтав. Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаныхан  хүний амь эрсдэх аюултай  тул ажиллуулахаа зогсооё гэсэн ч,  бүхий л хүчээ шавхсаар  хүнд байдлаас гарсан гэдэг. Ийнхүү хоёр сар “ноцолдож” байж тэд хоолойг онгойлгож, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай  ажиллагааг хангах үйлсэд  гавьяа байгуулсан. Чөмөг хага ташим идэр есийн жавартайд  мөсөн доогуур аврах ажиллагаа явуулах, усанд  осолдсон хүний цогцсыг харанхуй шөнөөр гаргах  гэхчилэн аврагчид тохиох хүндхэн ачаа,  бэрхшээлд  тэр сөхөрч, халширч үзээгүй. Энгийн нэгэн  сонсоход ч эвгүйцмээр  зүйлтэй нүүр тулахдаа  тэр ер сэжиглэж цэрвэж байсангүй. Төрийн алтан соёмбо харж яваа гэж итгээд л, өргөсөн тангарагтаа үнэнч ажил үүргээ чин шударгаар гүйцэтгэнэ. Аврагч  хүний мөн чанар, тэсвэр хатуужлын туйлыг түүнээс харж болох. М.Ганзориг тухайн цагт ангийн захирагч асан хурандаа С.Мөнхбатын гарын “цэрэг”. Аврагч тухайн нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх, ажиллагааг хэрхэн гүйцэтгэх гэхчилэн их зүйлийг тэр хүнээс суралцаж. Хөлийг дөрөөнд, гарыг  ганзаганд хүргэсэн тэр ачтанд байнга талархаж явдаг юм билээ. Тусыг мартдаггүй  нь хүний мөс чанартайг нь илтгэнэ. “Энэ алба намайг хүмүүжүүлсэн. Ер нь л хатуухан үгэнд өрвөлздөг жаахан хөвгүүдийг цэргийн амьдрал, дүрэм журам цэгцэлж өгдөг. Эх оронч үзэл, монгол цэрэг гэх   бахархлыг эрхгүй төрүүлж, жинхэнэ эр хүнийг төлөвшүүлдэг гайхалтай алба” гэж эрс шулуухан хэлэхдээ тэрбээр өөрийн алба, ажил мэргэжлээрээ бахархаж буй нь илт байв. Тус ангийн аврагч Галын техник спортын Олон улсын хэмжээний мастер, сагс волейболын спортын мастер Ж.Болдбаатар агснаар бахархаж, цагаасаа эрт бурхны оронд заларсанд нь харамсаж явдгаа ярьсан. Ангийн захирагч А.Отгонбаяр, диспетчер С.Уранчимэг, нярав О.Тунгалагтамир нарын “онжав”-уудтайгаа мөр зэрэгцэн өдийг хүртэл ажиллаж яваадаа сэтгэл нь өег байдаг гэсэн. Энхийн цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсана гэдэгчлэн залуусаа сургаж, дадлагажуулах, тэднийгээ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэлтэй болгон хүмүүжүүлэхэд тэр санаа тавьдаг. “Одоогийн залуус ухамсартай, боловсролтой, бас богино хугацаанд төлөвшиж байна. Нэг л гэм нь аргадуулах гээд байдаг” гээд инээмсэглэсэн.

     Тэр хүнд итгэсэн шиг итгэдэг, бас хүний итгэлийг даасан шиг даадаг нэгэн. Итгэл даахгүй нэгнийг зүгээр л орхичихдог. Худал ярьж, хоосон амлахыг огтоос таашаадаггүй зантай.
     Тэрбээр ажил үйлсээрээ шалгаран 2003 онд Гамшгаас хамгаалах хэлтсийн Хөдөлмөрийн аварга, 2011, 2014 онд Онцгой байдлын газрын Хөдөлмөрийн аварга, 2002, 2006, 2010 онд Гал түймэр унтраах ангийн хөдөлмөрийн аварга, 2008 онд Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, 2015 онд “Хөдөлмөрийн алдар” медаль, 2005, 2010, 2017 онд ОБЕГ-ын “Онцгой байдлын төлөө” 1,2,3-р зэргийн медаль, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, 2018 онд Онцгой байдлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ.
     Өдөр шөнийн аль ч цагт түгшүүрийн дохио, утасны дуудлагаар тушаал  авч “Мэдлээ, гүйцэтгэе” гэж  гараад  хэд ч хоногоор ажиллаж мэдэх эл  аврагчийн ар талд   “асаалттай танк” мэт зогсох бүсгүй бол Маналжавын Отгончимэг. Эднийх Г.Мөнхдөлгөөн, Г.Мөнххүслэн, Г.Галбаатар хэмээх гурван хүүтэй. Ар гэр, ахуй амьдралаа  найдвартай даагч “Дархан бэр” ханиараа бахархаж явдгаа ярьсан. Тэр хөвгүүддээ “эрдэм  номын мөр хөө, амь амьдралдаа арчаатай мэргэжил эзэмш” гэж  захидаг. Гэлээ ч ууган  хүүгийнхээ Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуульд суралцах санаатайг нь сонсоод сэтгэлдээ баяртай яваагаа нуусангүй. Эгэл даруухан атлаа эгэлгүй их гавьяатай энэ залуу  ханьдаа, үрсдээ төдийгүй зон олондоо түшиг тулгуур, нөмөр нөөлөгтэй жинхэнэ эр хүн, энх цагийн баатар. Өргөсөн тангарагтаа хэзээд үнэнч, ард иргэдийнхээ амь нас  эрүүл мэндийн төлөө мятаршгүй тэмцэгч, гуйвшгүй шударга  ийм л эрс жинхэнэ Монгол цэрэг байх хувьтай. Энх цагийн баатрууд, мөрдэст дайчид та бүхний  гэгээн үйлс буян болон хурах болтугай.

Я.ЭНХТУЯА

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31