Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 06 4-р сар 2020

Хаврын улаан шороо тэнгэрт хуйсганасан энэ өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайд очиж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг шалгалаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид баталсан. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 2098 га талбайн 1437 га нь хуурай бөгөөд үлдсэн га талбай нь цагаан тоос дэгддэг идэвхтэй бүсээр нэрлэгддэг. Улмаар цагаан тоосны туршилтыг бодитоор хэрэгжүүлэх ажил өнгөрсөн намраас эхэлж, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоосны алба өвлөөс урьтан нийт талбайн 80 хувийг 3 төрлийн аргаар даржээ.  

Хавар, намрын улиралд хуурайшилтаас үүдэн дэгддэг цагаан тоос өнөөдрийн шалгалтын явцад дэгдээгүй гэж албаныхан дүгнэлээ. Орхон аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, “Аймгийн ИТХ-ын даргын үүрэг даалгавраар бид өнөөдөр цагаан тоосны бүсэд ажиллалаа. Улаантолгой талаас хаврын шороо боссон байна. Цагаан тоосны дэгдэлт арай өөр харагддаг. Бодит үр дүн харагдаж байна” хэмээсэн. Харин үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, тодорхой хугацаанд хүч, хөрөнгө, цаг зав зарцуулсан ажлаа үр дүнтэй болсныг харлаа. Үр дүнг шалгадаг үе нь хуурайшилттай, тоостой хаврын улирал байдаг. Цаашид Хаягдлын аж ахуйн дутуу орхигдсон талбайг гүйцээж дарах ажлыг зохион байгуулна гэв. Хур багатай, хуурайшилт ихтэй энэ үед ч цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдийн ая тухтай байдлыг хангахаар  Цагаан тоосны албаныхан ажилласаар байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, нэгжийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ. ХАБЭА-н хэлтсээс зорилтот болон ээлжит бус шалгалт зохион байгуулж, ажилчдад шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг хүргэн ажиллажээ. Тус хэлтэс өнгөрсөн долоо хоногт бүх нийтийн их цэвэрлэгээнд үйлдвэрийн цех нэгжийг хамруулсан, коронавирусээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулсан, үйлдвэрийн бүсэд халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа “Хаан хүнс катеринг”-ийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдээллээ. Мөн энэ долоо хоногоос эхлэн үйлдвэрийн дүүрэгт орж, гарч байгаа ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавин ажиллахаар болжээ.

Үйлдвэрлэлийн хэлтэс намар, өвлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлээ гаргаж, хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлуулахад бэлтгэсэн бөгөөд сарын эхний 5 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт сайн гарчээ. Ил уурхайд токарийн машин шинээр суурилуулахаар бэлтгэж байгаа бол Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөрт 3 удаа ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулж, Баяжуулах үйлдвэр зардал бууруулах чиглэлээр ажлууд хийж байгаа талаар тус тус мэдээллээ. Засвар механикийн заводод технологийн процесс хэвийн явагдаж, Цутгуурын цехийн шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цех хямралын эсрэг төлөвлөгөөнд 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Харин Худалдан авах ажиллагааны хэлтэс он гарсаар 130-аад тендер зарлаж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулаад байна.

Үйлдвэрийн газрын хэмжээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, Төв штаб байгуулан ажиллаж байгаа талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар мэдээлж, Техникийн хэлтсийн орлогч даргаар Батболдын Баттогтохыг томилсон тухай тушаалыг танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр 2019 онд “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгт тэргүүн байр эзэлж, батламжаа гардан авчээ.   

Өнгөрсөн 3 жилд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой төр засгийн 5 тогтоол, шийдвэр, ТӨБЗГ-ын 4 тогтоол, Ерөнхий захирлын 11 тушаал гарчээ. Үйлдвэрийн газрын удирдлагууд 2017-2019 оны ажлын үр дүнгээ тайлагнасан 1095 хоногийн ажлын тайлан гаргасан бөгөөд дүн шинжилгээгээр ажлын үзүүлэлт сайн байгаа ч илүү бүтээмжтэй, шинэ арга барилаар ажиллах шаардлага тулгарч байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн санууллаа. Эрдэнэт үйлдвэр энэ онд уурхайчдад зориулсан “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны хорооллын барилгын ажлыг дуусгаж, орон нутагтай хамтын ажиллагааны хүрээнд 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхэд 12,5 тэрбум төгрөг шийдвэрлээд байна.

ЗМЗ-ын Цутгуурын цехийн шинэчлэлийн ажлыг 5 дугаар сарын 1 буюу төлөвлөгөөт хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан үйлдвэрийн их зогсолтыг нэг сараар хойшлуулж байгаа бөгөөд энэ хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хугацаандаа хийгдэх ёстойг удирдлагууд анхаарууллаа.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс 

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахын зэрэгцээ ажилтны сахилга бат, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавих үүрэг чиглэл авчээ. Үйлдвэрийн хэмжээнд мөрдөх цаг ашиглалтын талаар “Анхааруулга” бэлтгэн, шалган нэвтрүүлэх 1, 2-р байранд байршуулсан тухай ХАБ-ын албаны дарга Х.Эрдэнэбат мэдээллээ. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын баталсан дотоод журмын дагуу хэсэг, албадын дарга нар тухайн ажилтанд нэг хүртэл өдрийн чөлөө олгох эрхтэй бөгөөд чөлөөний хуудсыг тухайн өдрийн цагийн бүртгэлийн программтай тулгах зарчмаар хяналт тавин ажиллах юм. Тиймээс нийт ажилтнууд шаардлагатай тохиолдолд чөлөөний хуудас бичүүлэх, гарахдаа цаг бүртгэлийн машинд үнэмлэхээ заавал уншуулах хэрэгтэйг санууллаа.  

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд өнгөрсөн 3 дугаар сарын 22, 23, 25-ны өдрүүдэд тус тус ирсэн нийт 97 иргэнийг  байрлуулж,  “ковид-19” халдварын тандалтад хамруулсан юм. Эдгээр иргэдийн 7 нь Орхон аймгийн харьяат бол ихэнх нь ОХУ болон бусад орнуудаас дамжиж ирсэн Улаанбаатар хот, Хиагт зэрэг хилийн боомт, Булган аймгийн иргэд байв. Өчигдөр буюу 4 дүгээр сарын 5-нд 14 хоногийн тандах дэглэм дууссанаар эхний ээлжийн 44 иргэнийг гаргаж, гэрийн хяналтад явуулжээ. Харин өнөөдөр хоёр дахь ээлжийн 34 иргэнийг гаргаж, үргэлжлүүлэн 14 хоногийн гэрийн хяналтад шилжүүллээ.

Ажиглалтын байрнаас гаргах зохион байгуулалтыг Орхон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төв, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагуудын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байна. Иргэдийг гаргахдаа гэрийн хяналтад ямар горим дэглэм баримтлах, хэрхэн өөрийгөө хянах зэргийг тусгайлан зөвлөж, зааварчилгаа өгчээ. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс “Эрдэнэт” сувиллын цогцолбороос Хөшөөтийн даваа хүртэл цагдаагийн хамгаалалт дор дагаж байгаа аж. Зохион байгуулалтын ажлын явц, хүндрэл бэрхшээлийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодруулахад: “Зарим иргэд төлбөр төлөхийг эсэргүүцэж байгаа нь маш их хүндрэл үүсгэж байна. Бид ажиглалтын байранд байрлаж эхлэх үеэс нь “Хайртай хүмүүсээ хамгаалъя” сэдэвт хууль эрх зүй, эрүүл мэнд, сэтгэл зүйн бүхий л мэдээллийг багтаасан 21 хуудас бүхий зөвлөмжтэй цомог тарааж өгсөн. Тусгаарлалтад байх үеийн хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн байдлаа хэрхэн удирдах тухай зөвлөгөөнөөс гадна санал хүсэлт гаргах, төлбөр төлөх, холбоо барих гээд бүх дэлгэрэнгүй зааврыг ч тэндээс мэдэх боломжтой. Гэтэл зарим нэг хувь хүн иргэнийхээ үүргийг ухамсарлаагүйгээс төлбөр төлөхөөс татгалзаж, эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлох зэргээр зүй бус авирлаж байна. Төрийн байгууллага эрвийх дэрвийхээрээ үүргээ гүйцэтгэж байгаа энэ үед иргэний хариуцлага юу юунаас чухал. Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч тархан, өдөр тутам халдварлагсад болон нас барагсдын тоо нэмэгдэж буй энэ цаг үед иргэн бүр өндөр хариуцлага, ухамсартай байж гэмээнэ эрсдэл багатай даван туулна гэдгийг анхааруулмаар байна” гэсэн юм.  

Өнөөдрийн байдлаар  ажиглалтын байранд төлбөр төлөөгүй 9 иргэнээс гадна тандалтын хугацаа дуусаагүй 19 хүн үлдэж байна. Ажиглалтын байрны нэг хоногийн төлбөрийн хэмжээ том хүн 50 мянган төгрөг бол хүүхэд 25 мянган төгрөг төлөх юм. Үүнд зарцуулагдах эмнэлгийн үйлчилгээний 7 төрлийн зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргаж, төр болон орон нутгийн зүгээс зохицуулалт хийснээр нэг хүнд оногдож буй 130 мянган төгрөгийг 70-80 хувь бууруулан, 50 мянган төгрөг болгон хөнгөлөлт үзүүлжээ.  

М.Балжинням

Фото: Б.Ялалт

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог