Я.ДАМДИНДОРЖ: Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинэ технологи нэвтрүүлнэ Онцлох

21 4-р сар 2020 12:00
229 удаа үзсэн
 
Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн дарга Я.Дамдиндоржтой уулзаж ярилцлаа.
-Танай цехийн технологийн тээврийн болон төрөл бүрийн автомашины хэсгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт ямар түвшинд явж байна вэ?
-Автотээврийн цех нь Технологийн тээвэр, төрөл бүрийн маркийн автомашины, тусгай зориулалтын машин механизмын гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Эдгээр хэсгүүд автомашинд үйлчлэх засварын гурван хэсэгтэй, нийт 850 гаруй ажилтантай, хүний хөгжлийг эрхэмлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилладаг. Өөрөөр хэлбэл оновчтой автотээврийн системээр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжин, 130 тоннын  БелАЗ-75131 маркийн хүнд даацын өөрөө буулгагчаас эхлээд орчин үеийн суудлын автомашин хүртэл төрөл бүрийн маркийн 300 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр уулын цул тээвэрлэх, үйлдвэрийн ажилтнуудыг зөөвөрлөх, зам талбай засварлах, цэвэрлэх, хаягдлын аж ахуйн далан барих, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд захиалгын дагуу шаардлагатай ачаа, бараа материал тээвэрлэх ажил гүйцэтгэж байна.  Манай хамт олон  үйлдвэр анх ашиглалтад ороход 624 мянган шоо метр уулын цул, үүнээс 386 мянган тонн хүдрийг Баяжуулах үйлдвэрт тээвэрлэж 3 сая 292 мянган т/км-ын ачаа эргэлтийн ажил хийж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг жил бүр тогтмол давуулан биелүүлж ирсэн түүхтэй. Өнгөрсөн онд 25 сая 380 мянган шоо метр уулын цул тээвэрлэж, 219 сая 400 мянган т/км-ын ачаа эргэлтийн ажил хийж төлөвлөгөөг 100 гаруй хувиар тус тус давуулан биелүүлсэн. Төрөл бүрийн маркийн тээврийн хэрэгсэл болон тусгай зориулалтын механизмын хэсгүүд 474 мянган машин цагийн ажил гүйцэтгээд байна.
-Сүүлийн жилүүдэд Өөрөө буулгагч автомашины түлш, тослох материал, сэлбэгийн зарцуулалтад хэмнэлт гарч байгаа юу? Засварын газарт шинэлэг ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Авто тээврийн цехийн агуулахад гурваас дээш жил хадгалсан сэлбэг хэрэгсэл, бараа материалын тоо хэмжээг нарийвчлан гаргаж, сэлбэгийн эдийн дугаарын зөрүүг арилгаж  шаардлагатай газруудад хэрэгцээтэй материалыг нь цех хоорондын тооцоогоор шилжүүлснээр 18,8 хувьтай байсан үлдэгдлийг 13 хувь болгон бууруулсан. Уулын технологийн тээврийн хэсгийн жолооч нарын ээлж солилцох хугацааг богиносгох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Энэ хугацаанд 32703.9 км-ын ачаагүй гүйлт хэмнэж, БелАЗ-ын ачилтад орох хугацааг ээлж болгонд жолооч тус бүр 10-15 минутаар богиносгон,  гүйлт ашиглалтын итгэлцүүрийг нэмэгдүүлэн автомашины түлшний зарцуулалт буурч, ээлж солилцох үеийн хүдэр тээвэрлэлтийн хэмжээ 448.5 тонноор нэмэгдсэн.  Мөн тооцоо судалгааны үндсэн дээр уулын технологийн тээвэрлэлтийн процессын алдагдлыг бууруулахаар нарийвчлан судалж түлш цэнэглэлт, цайны цагийн үеийн ачаагүй сул гүйлтийг багасгах арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн бага оврын автобуснуудыг дуудлагын үйлчилгээнд шилжүүлснээр хөдөлмөрийн бүтээмж дээшилж, автомашины сул зогсолт буурч, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн ажлыг хөнгөвчлөн, хурдан шуурхай үйлчилж байгаа. Автотээврийн цехийн автомашин, механизмыг ашиглах, засварлах хяналт тавих ажиллагааг зохион байгуулах тухай журмыг шинэчлэн боловсруулж батлуулах ажил хийгдэж байна.
-Танай цех хүнд даацын автомашинуудад тавигдах техникийн шаардлагын дагуу засвар үйлчилгээг чанартай хийж ирсэн. Энэ утгаараа засвар үйлчилгээ, хяналтын шинэ техник технологийг хэрхэн үйлдвэрлэлд нэвтрүүлж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад хүнд даацын Өөрөө буулгагч автомашинууд нь уулын цул тээвэрлэх гол ажлыг гүйцэтгэдэг тул техникийн бэлэн байдлыг ханган ажиллах нь маш чухал юм. Манай цех үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа компьютерийн системийг өргөн нэвтрүүлж, хэсэг бүрийг нэгдсэн сүлжээнд холбон, ажлын үзүүлэлт, шатах тослох материалын зарцуулалт, техникийн үйлчилгээ засварын үечлэл, сэлбэг материалын зарцуулалт, ажлын цагийн тооцоо зэргийг хянах, судлах программ, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, “Cummins” маркийн хөдөлгүүр турших, хэвшүүлэх стенд, тэжээлийн системийн эд ангиудыг шалгах, тохируулах, засварлах тоног төхөөрөмж, Герман улсын “Тип-Топ” компанийн дугуй засварын технологи, Итали, Бельги улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон суудлын автомашины “Авто сервис”, төрөл бүрийн маркийн автомашины бүрэн автомат угаалга, сансрын хиймэл дагуул ашиглан алсаас хянах, Австрали улсын Макромайнинг компанийн диспетчерын удирдлагын хяналтын “Питрам” систем, үүрэн холбооны сүлжээ ашиглан хянах “Автотрекер” систем, 50м3 багтаамжтай ухаалаг шатахуун түгээх станцыг суурилуулсан зэрэг шинэ техник технологи нэвтрүүлээд байна. Цаашид байгалийн хий, түлш хосолсон хөдөлгүүр бүхий авто самосвалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар ОХУ-ын компани бидэнд танилцуулсан. Энэ талаар судална. Ил уурхай дахь хөдөлгөөний аюулгүй байдал, жолоочийн нойрмоглох байдлыг илрүүлэх АНУ-ын Катерпиллер брэндийн шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. 
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.  
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 21 4-р сар 2020 03:27
Үнэлэх
(1 Санал)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог