Д.ЭРДЭНЭБАТ: 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг шийдсэн нь Эрдэнэтийн уурхайчдаас иргэддээ барьж буй бэлэг юм. Онцлох

07 4-р сар 2020 12:00
485 удаа үзсэн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч жишиг үйлдвэрийн хувьд жилийн нийт зардлынхаа 7-8 хувийг ажилтнуудынхаа нийгмийн хөгжлийн бодлого8хөтөлбөрт зарцуулдаг. Энэ үзүүлэлт жилээс жилд ахиж, ажилтан руу чиглэсэн олон талын бодит ажил нэмэгдсээр байна. Сүүлийн үед нийгмийн чиглэлээр хэрэгжиж буй ажлуудын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье. Манай үйлдвэрт Эрүүл мэндийн байнгын комисс байгуулагдсан. Та ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байгаа юм байна. Ямар зорилго, чиглэлтэй ажиллах вэ?

-Үйлдвэрийн газрын  Эрүүл мэндийн байнгын ажлын хэсэг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шийдвэрээр шинэчлэн байгуулагдлаа. Зорилго нь ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих  чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулна. Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бүтцийн нэгжүүд бий. Тэдгээр нь өөрийн хариуцсан чиглэлээр үүргээ сайн гүйцэтгэдэг. Гэхдээ зарим нэг тохиолдолд тухайн ажил нь саатах, удаашрах тал гардаг учраас Эрүүл мэндийн байнгын комисс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд түлхэц өгөх, шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллана. Комиссын бүрэлдэхүүн саяхан шинэчлэгдсэн. Эхний байдлаар ажлын хэсгийн журмын төслийг боловсрууллаа. Одоо бид Эрүүл мэндийг дэмжиххөтөлбөрөөхэлэлцэж бэлэн болгоно. Хөтөлбөр маань мөн л төслийн шатанд байгаа. Оны эхнээс бид комиссын ажлаа эхлэхээр төлөвлөж байсан ч “ковид-19” цар тахал  тархсаны улмаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн журмын дагуу бүтцийн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүд уг бүрэлдэхүүнд ажиллана. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд гэхээр зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд гэлтгүй нийгмийн, эрүүл ахуйн, хоол зүй, хөдөлмөр хамгаалал, хүний нөөцийн  чиглэлийн мэргэжилтнүүд багтаж байна.

-Эрүүл мэндийн хөтөлбөрийг шинэчлэн батална гэлээ. Энэ хөтөлбөрийг ямар хугацаатай боловсруулж, хэрэгжүүлж байна вэ? 2020 оны Эрүүл мэндийн хөтөлбөр ямар онцлогтой байх вэ?

-Хөтөлбөрийнхөө төслийг боловсруулаад байж байна. Миний хувьд, Эрдэнэт үйлдвэрт жирийн ажилчнаас эхлээд 29 дэх жилдээ ажиллаж байна. Ийм ч учраас  ажиллагсдын эрүүл мэнд, тэр тусмаа урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд илүү чухал гэж боддог. Тиймээс уурхайчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд түлхүү тусгагдана гэж харж байгаа.

-Нийгмийн харилцааны хэлтсийн ойрын үед хийж буй томоохон ажлууд юу байна вэ? Нийгмийн цехүүдийг тойрсон асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр нь ТӨҮГ болж, бүтцийн өөрчлөлт хийсний хүрээнд Нийгмийн харилцааны хэлтэс шинээр байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар, манай хэлтсийн ажил олон чиглэлд үргэлжилж байна. Юуны өмнө бүтэц бүрэлдэхүүн, чиг үүргээ тодорхойлж, нийгмийн хариуцлагын чиглэлээр ажиллах хэлтсийн журмыг батлуулсан. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай зөвшилцсөний үндсэн дээр нийгмийн чиглэл болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын чиг үүргийн журмыг салган, өөр өөрийн харьяалалд авч шинэчиллээ. Шинэчлэхдээ бид, Ерөнхий захирлын өгсөн чиглэлийн дагуу журмуудыг  нэгтгэж цэгцэлж байна. Тухайлбал, таван өөр журмаар зохицуулдаг байсан тусламж үйлчилгээг нэг журамтай болгох гэх мэт. Мөн цаг үетэйгээ холбогдож шинэ журам боловсруулах шаардлага гарч байна. Нөгөө нэг томоохон ажил гэвэл бид 2019 оны нийгмийн хариуцлагын тайланг бэлтгэж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын чиглэлд хэрхэн ажилласныг олон түмэнд таниулж, хүргэх цогц тайлан удахгүй гарна. Манай үйлдвэр орон нутагтай нягт хамтын ажиллагаатай. Саяхан, Орхон, Булган аймагтай хамтран ажиллах 2019 оны гэрээг дүгнэж, шинэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталж, гарын үсэг зурлаа. 2020 онд хамтын ажиллагааны хүрээнд манай үйлдвэр Орхон аймагт 2 тэрбум, Булган аймагт 700 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ удаагийн гэрээнд Эрдэнэт үйлдвэр зөвхөн өгөх биш, орон нутаг харилцан ашигтай ажиллах тухай тусгаснаараа онцлог болсныг хэлэх нь зүйтэй байх. Сүүлийн 2 жилийн хугацаанд бидний өмнө тулгамдаж буй нэг асуудал бол Орос сургууль, цэцэрлэг, орос эмнэлгийн тусгай зөвшөөрлийн асуудал байсан. Энэ талаар манай хэлтэс байгуулагдсан цагаасаа хөөцөлдсөн. Монгол Улсын холбогдох хууль дүрмийн дагуу Орос сургууль,  орос цэцэрлэг ажиллах ямар ч үндэслэлгүй гэдгийг бүх мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тиймээс орон нутагтай хамтраад уг сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн харьяа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгох нь зөв гэсэн шийдэлд хүрээд байна. Үүнийг хэрэгжүүлэх Орхон аймгийн ЗДТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Мөн олон жил царцсан 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах ажил байна. 1А хороолол маань баригдаж эхэлсэн боловч  инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө мөнгөгүйгээс, барилгын ажил зогсоод байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймагт айлчлах үеэр Засаг дарга уг асуудлыг шийдүүлэхээр хандсан. Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийг хамтран шийдэх үүрэг чиглэл өгсний дагуу Эрдэнэт үйлдвэрийн зүгээс төсөлд шаардлагатай байгаа 12.5 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдээд байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын зүгээс аймгийн иргэддээ барьж буй том бэлэг юм. Бурхан багшийн сэрэг дүрийн урд байрлах 1А хорооллын дэд бүтцийн ажлын хүрээнд цахилгааны под станцыг өргөтгөх, цэвэр бохир усны бүх шугам сүлжээнд холбох, үерийн усны далан барих, гол магистрал засмал зам тавих гээд иж бүрэн бүтээн байгуулалт хийгдэнэ. Зөвхөн ЦРП-2  дэд станцыг өргөтгөснөөр Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн чадал 2 дахин нэмэгдэнэ. Энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд бодлогоороо  шийдэж байна гэж ойлгож болно.

-Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын тухайд..?

-Нийгмийн харилцааны хэлтсийн үндсэн хэсэг нь нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд 31.3 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн. Цаг үеийн байдлаас шалтгаалан зарим нэг ажлаа түр хугацаагаар зогсоож байна. Өөрөөр хэлбэл, коронавирусын тархалтын улмаас дэлхийн зах зээлд унаж буй зэсийн үнэ эргээд өссөн үед эдгээр ажлууд үргэлжлээд явна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа бид эрэмбэлж, хамгийн чухлаас нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөнд тусгагдан, Баян-Өндөр уулын энгэрт баригдаж эхэлсэн, хуучнаар “Москва 300” буюу “Уурхайчин-1”орон сууцны хороолол 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орох ёстой. Одоогийн байдлаар уг хорооллын барилгын ажил хэвийн, хоёрдугаар давхрын цутгалт хийгдэж байна. Ирэх 6 дугаар сард цутгалтын ажил бүрэн хийгдэж, барилгын гадна тал дуусаж 12 сар гэхэд дотоод чимэглэл бэлэн болж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр  гүйцэтгэгч компани ажиллаж байна. Тус хорооллын гүйцэтгэгчээр “Хемон”, “Одкон” компаниуд ажиллаж байна. Мөн “Эрдэнэт” соёл, спортын цогцолбор энэ онд баригдана. Гүйцэтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цех ажиллаж, 12 сард дуусгах төлөвлөгөөтэй. Дараагийн бүтээн байгуулалтын ажил нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Ногоон хөгжлийн төв”-ийн байгуулалт. “Уурхайчин-2” орон сууцны хорооллын барилгын ажил энэ онд эхлэх бол “Уурхайчин-3” хорооллыг барьж байгуулах гүйцэтгэгчийн асуудал удахгүй шийдэгдэнэ.

-Ирэх 12 сард ашиглалтад орох “Уурхайчин-1” орон сууцны хороололд орох ажилтнуудын захиалга авсан. Өөрөөр хэлбэл, шинэ байрны захиалга дүүрсэн үү?

-Үйлдвэрийн цех нэгжүүдээс санал авсан. “Уурхайчин-1” орон сууцны хороолол 300 айлынх. Тиймээс бид цехүүддээ квот тогтоож өгсөн. Бидний тавьж буй шалгуур бол тухайн ажилтан өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр болон байрны тусламж хөнгөлөлт аваагүй байх. Учир нь үйлдвэрээс олгодог 12 сая төгрөгийн байрны хөнгөлөлтийг урьдчилгаа төлбөрийн 30 хувьд нь оруулахаар зорьж байгаа. Өнөөдрийн байдлаар, 280 гаруй ажилтны материалыг авч, хамтран ажиллаж буй Богд банканд хүргүүлсэн.

-Эцэст нь, орон сууцны хувьчлалын тухай тодруулъя. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас чиглэл өгсөн байгаа. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?

-Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орон сууцыг үе шаттайгаар хэсэгчлэн хувьчлах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай үйлдвэрт ажлын хэсэг байгуулагдан, үйлдвэрийн хэмжээнд байгаа нийт орон сууцны тоо, мэдээлэл, цех нэгжүүдийн санал зэрэг нэгдсэн судалгаа хийж байна. Орон сууц хувьчлалын ажлын хэсэгт үндсэн цехүүд болон санхүү эдийн засаг, аудит, хууль, нийгмийн харилцаа, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар зэрэг бүхий л хэлтэс нэгжийн төлөөллүүд орсон. Мэдээж, Эрдэнэт үйлдвэрийн албаны зориулалтаар ашиглагдаж буй болон Орос мэргэжилтнүүдийн амьдардаг байрууд хувьчлалд хамрагдахгүй.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 07 4-р сар 2020 07:41
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог