Б.БААСАНСҮРЭН: Цутгуурын цехийн хэвний технологийг 100 хувь шинэчилнэ Онцлох

12 3-р сар 2020 12:00
242 удаа үзсэн
 
Засвар механикийн заводод хийгдэж буй технологийн шинэчлэлийн талаар Заводын дарга Б.Баасансүрэнгээс тодруулснаа хүргэе.
 
-Цутгуурын цехэд хийгдэж буй техникийн шинэчлэлийн талаар ярихгүй юу?
-Эрдэнэт үйлдвэрийг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Засвар механикийн заводод техник технологийн шинэчлэлийн ажил явагдаж байна. Үйлдвэрийн газрын хэмжээний техникийн бодлогын хүрээнд жил бүр шинэчлэл хийдэг. Үүний дагуу завод  тоног төхөөрөмжийнхөө шинэчлэлийг хийгээд явж байгаа. Өнөөдрийн хийж байгаа техник технологийн шинэчлэл арай онцлогтой. Учир нь техникийн шинэчлэлийг, технологийн хамт бүр иж бүрнээр нь өөрчилж байгаа явдал л даа. Өөрөөр хэлбэл бид Цутгуурын цехийн хэв барих технологийг бүхэлд нь техник, тоног төхөөрөмжийн болон технологийн тухайд 100 хувь шинэчилж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, техникийн бодлогын хүрээнд Заводын өргөтгөл шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж явах юм. Заводын үйлдвэрлэлийн үндсэн хоёр нэгж болох Цутгуурын болон Механик цехийн техник, технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж явах шаардлагатай байна. Орчин үеийн техникийн дэвшил, хөгжил тэгж шаардаж байна л даа. Техникийн хөгжил, дэвшил маш хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнээс хоцрохгүй явахыг амьдрал шаардаж байна. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжийн угсралтын ажил 90 орчим хувьтай явна. Үлдсэн хувьд нь хийн дамжуулах, агаарын, ус дамжуулах, цахилгааны угсралт, электроник, программ хангамжийн чиглэлийн ажлууд хийгдэнэ. Бид 2020 оны тавдугаар сарын нэгний өдөр ашиглалтад авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Аль болох наашлуулах зорилготой. Ажил гүйцэтгэж байгаа Зураг төслийн хүрээлэн,  Засвар угсралтын болон Барилга засварын цех маш сайн ажиллаж байна.
-Цаашид, техник технологийн шинэчлэл, өргөтгөлийг хэрхэн яаж явуулах зорилго, төсөөлөлтэй байна вэ?
 -Одоогоор, Цутгуурын цехийн хэвний технологийг 100 хувь шинэчилж байна. Энэ нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн хэвний технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэсэн үг. Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Солонгос, Тайвань улсад үйлдвэрлэсэн  орчин үеийн ажлын өндөр бүтээмжтэй суурь машинуудыг суурилуулан ажиллуулж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн цар хүрээ нэмэгдэх, бүтээгдэхүүний чанар сайжрах, нарийн хийцтэй эд анги хийх зорилт тавьсан. Эдгээр суурь машин дээр жижиг төрлийн нарийн эд анги хийгдээд явж байна. Өнөөдрийн байдлаар Ган бөөрөнцгийн цехэд ашиглах  цувих суурь машины бул хийх туршилтын ажил явагдаж байна. Манай инженер техникийн ажилтнууд нэлээн шаргуу ажиллаж байгаа. Энэ нь Ган бөөрөнцгийн цехийн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах төдийгүй Эрдэнэт үйлдвэрт эдийн засгийн хувьд үр ашигтай ажил болж магадгүй. Бид яаж ийж байгаад энэ эд ангийг чанарын, стандартын, цаашлаад ашиглалтын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгочих юмсан гэж зорин ажиллаж байна. Бид компьютерийн удирдлагатай суурь машины операторыг бэлтгэх, давтан сургахад нэлээн анхаарал тавьж байна. Өнгөрсөн жилүүдэд энэ суурь машин дээр ажиллах боловсон хүчнийг  Солонгос, ОХУ болон дотоодын их, дээд сургуульд бэлтгээд ажиллуулж байна. 2020 оноос бас давтан сургалт, шинээр мэргэжил эзэмшүүлэх ажлууд хийгдэнэ.
-Захиалсан тоног төхөөрөмж хугацаандаа ирж байгаа юу?
-Цутгуурын цехийн хэвний технологийн шинэчлэлтэй холбоотой шинэ тоног төхөөрөмжүүд бүрэн ирсэн. Одоогийн байдлаар угсралт суурилуулалтын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2020 оны тавдугаар сарын нэгэн гэхэд Цутгуурын цехийг бүрэн ажиллуулах ёстой. Энэ хугацаанд төлөвлөгөөт ажлуудыг бүрэн хийх боломжтой. Одоо цахилгааны холболт монтажийн ажил эхэлсэн. 2020 оны гуравдугаар сарын 10-ны дотор Герман улсын FAT компанийн цахилгаан, электроник автоматикийн чиглэлийн мэргэжилтнүүд ирснээр тохируулгын ажил хийгдэнэ. 
 
 
-Засвар механикийн заводын цаашдын зорилт юу вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепцийн хүрээнд болон үйлдвэрийн удирдлагын түвшинд Засвар механикийн заводыг Монгол Улсын машин үйлдвэрлэл металлургийн салбарын суурь бааз болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа. Манай завод дотоодын зах зээлд тодорхой хувийн металл бүтээгдэхүүн, уул уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх  зорилттой ажилладаг. Уг зорилтын хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн засвар, сэлбэгийг үйлдвэрлэнэ. Энэ нь уул уурхайн машин үйлдвэрлэлийн салбар болон хөгжих чиглэлийн нэг юм. Өнгөрсөн онуудад бид Заводын өргөтгөл шинэчлэлийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан. 2020 онд нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. Энэ баримт бичиг боловсруулснаар манай заводын ойрын болоод дунд, урт хугацааны хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын асуудал нэлээн тодорхой болно. Үйлдвэрийн газрын 2021 оны их барилгын чиглэлийн хөрөнгө оруулалтын захиалга хийгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ойрын үед шийдэх томоохон хоёр ажлыг төлөвлөгөөнд тусгуулахаар санал өгсөн. Тухайлбал, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах орчин үеийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ТЭЗҮ боловсруулсан байгаа. Мөн заводын дэргэд бидний санаачилсан орон тооны бус Инженерийн зөвлөл ажилладаг. Эндээс ажилтнуудын идэвх санаачилгыг өрнүүлэх, инноваци, эрдэм шинжилгээ судалгаа, туршилт үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллуулах зорилт тавьж байгаа. Энэ ажлаа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран хэрэгжүүлэхээр ярилцаад  байна. Тэгэхээр бидэнд лаборатори маш чухал хэрэгтэй. Иймээс орчин үеийн металл судлалын дижитал лаборатори шинээр байгуулах төсөл боловсруулаад дуусаж байна. Үүнийг 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулах санал өгсөн. Дэмжигдэнэ гэж найдаж байгаа.  Энэ мэтчилэн бидэнд хийх ажил их бий. Удахгүй инженер техникийн ажилтнуудтайгаа дахин ярилцаж зарим ажлыг тодотгон харьяа газар, хэлтэст танилцуулна. Ойрын үед шийдэх чухал асуудал бол өргөтгөл шинэчлэлийн техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэлийг боловсруулах ажил  байна даа.
-Баярлалаа.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
 
Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 13 3-р сар 2020 00:34
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог