Т.БАТМӨНХ: Аваарын нөөцөөр үйлдвэрлэл хэвийн ажиллаж байна Онцлох

09 3-р сар 2020 12:00
497 удаа үзсэн
 
Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм үргэлжилж буй энэ цаг үед дэлхий нийтэд шинэ төрлийн корона вирус тархаж, үүнээс сэргийлэх үүднээс үйлдвэрийн газрын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал давхар зарлалаа. Энэ үеэр үйлдвэрлэл хэрхэн явагдаж буй талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодруулсан юм.
 
-Бид онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт давхар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид үйл ажиллагааны горимоо чанд баримталж, хөдөлмөрийн сахилга баттай, үнэхээр сайн ажилладаг эсэхээ шалгууллаа. Өнөөдөр үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг гэдгээ бид баталлаа. Болгоомжилж буй нэг асуудал бий. Хэрэв хил удаан хугацаагаар хаавал, Хятадын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон хэвээр байвал үндсэн тоног төхөөрөмж, технологийн материалын нөөцийн хомсдолд орно. Одоо бид аваарын нөөцөөрөө үйлдвэрлэлийг хэвийн явуулж байна. Үйлдвэрлэл буурсангүй, цар хүрээ багассангүй. Харин ч илүү эрчтэй, нягт ажиллаж байна.
-Үйлдвэрлэлд өдөр тутам хэчнээн нэр төрлийн материал хэрэглэдэг вэ? 
-Манайх үйлдвэрлэлийн технологидоо 115 нэр төрлийн материалыг өдөр тутам талх шиг хэрэглэдэг. Үүний 41 нь Хятадын үйлдвэрийнх. Өвчний голомтын бүсэд байгаа үйлдвэрүүдийг зогсооход манайд бүтээгдэхүүн нийлүүлдэг 41 үйлдвэр зогссон. Одоо БНХАУ үйлдвэрүүдээ эхнээс нь ажилд оруулж байна. Өчигдөр гэхэд 30 хувийг нь залгалаа гэж мэдээлсэн. Эрдэнэт үйлдвэр аваарын нөөцөө цаг тухайд нь бүрдүүлэн тогтмол барьж явсны үр дүнд үйлдвэрлэл зогсохгүй, хэвийн ажиллаж байна.    
-Экспорт хэвийн үү? 
-Хэвийн. Хоногт 27-28 вагон буюу 1500-1600 тонн баяжмал экспортод гаргаж байгаа. Бид 0-5 насны хүүхэдтэй 180 гаруй эхийг ажлаас нь цалинтай чөлөөллөө. Дээрээс нь, хөл хорионд 200-аад ажилтан орлоо. Гэсэн ч үйлдвэр зогсоогүй. 
-Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд үргэлжилж байна уу? 
-Тэгэлгүй яахав. Одоо төв корпусын 4-р тээрмийг сольж байна. Бутлан тээвэрлэх хэсгийн хуучин бутлуурыг METSO фирмийн МР-800 бутлуураар сольж байна. Урвалжийн хэсэгт шохойн тээрэм солих ажил үргэлжилж байна. Ган бөөрөнцгийн цех индукцын шинэ технологиор шаар үйлдвэрлэн жигдрэх шатандаа явна. Засвар механикийн заводад өргөтгөл шинэчлэл үргэлжилж байна. Бүх шинэ тоног төхөөрөмж ирээд угсралтын ажлуудыг цагаан сарын баярын өдрүүдээр хийгээд дуусчихлаа. Цахилгааны монтаж хийн, кабелиудыг татчихлаа. Удахгүй, Германаас мэргэжилтнүүд ирж, цахилгаан схемүүдээ холбоно. Ил уурхайд шинээр ирсэн СБШ-250 маркийн өрмийн машиныг угсраад, залгаад ажилд гаргачихлаа. Төв корпуст нэг гүүрэн кран сольж ашиглалтад оруулсан. Үндсэн тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа сайжирч, насжилтыг залуужуулж байна. 
-Баярлалаа.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
 
 

 

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 09 3-р сар 2020 03:58
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог