Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 18 5-р сар 2020
 
Монгол Улсын хэмжээнд хамгийн холоос буюу 60 км алс орших Сэлэнгэ мөрнөөс цэвэр ус олзворлож хэрэглэдэг хүмүүс бол Эрдэнэтчүүд. Тэртээ холоос цэвэр ус татаж, хэрэглэгчдэд хүргэх үүргийг Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн хамт олон гүйцэтгэдэг. Тэр ч утгаараа Монголд хамгийн том ус хангамжийн системтэй. Харин сүүлийн үед тус цехэд техникийн ямар шинэчлэл хийгдсэн талаар Ерөнхий инженер Б.Баянбатаас тодруулсан юм.    
-Танай цехэд хамгийн сүүлд техникийн томоохон ямар шинэчлэл хийгдэв?  
-Манай цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсэг нь  ЦН300-197 маркийн үндсэн таван насосоор Баяжуулах үйлдвэр лүү эргэлтийн ус шахаж технологийн хэрэгцээг хангадаг. Эдгээр насосны нэгийг Япон улсын ЭБАРА фирмийн насосоор шинэчлэн сольж угсраад, одоо зүгшрүүлэлт, тохируулгын ажил явагдаж байна. Энэ насос нь бүтээмж өндөр төдийгүй цахилгаан зарцуулалт багатай. Эрдэнэт үйлдвэрийн эргэлтийн усан хангамжийн системийн технологийн горимд тохируулан нарийвчлан тооцоолж үйлдвэрлэгдсэн насос юм. Баяжуулах үйлдвэр болон Дулааны цахилгаан станцыг эргэлтийн усаар хангах зориулалттай.  Насосны асаалт, туршилт, тохируулгын ажлыг Японы мэргэжилтнүүд ирж хамтран хийх  байсан ч корона вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад ирж чадсангүй. Тиймээс япон мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон заавар зөвлөгөө авч амжилттай ажиллалаа. Одоо зүгшрүүлэлт тохируулгын ажил  хэвийн үргэлжилж байна.  
 
 
-Энэ насос шинэчлэгдсэнээр ямар давуу тал бий болсон бэ? 
-Эргэлтийн ус хангамжийн хэсгийн үндсэн тоног төхөөрөмжүүд нь 1976 оноос хойш 40 гаруй жил тасралтгүй ажилласан Орос насоснууд байсан. Олон жил ажилласан  насос маань сүүлийн үед эвдрэл гэмтэл их  гарах, засвар үйлчилгээний зардал өсөх, цахилгаан эрчим хүчний хэрэглээ их зэргээр ашиглалтын зардал өндөр болсон. Иймд эдгээр тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн солих ажлыг Эрдэнэт  үйлдвэрийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр эхний насосыг шинэчлээд байна. Оны сүүлчээр дахин хоёр насос шинэчлэх бөгөөд 2021 он гэхэд үндсэн таван насосыг бүрэн сольж дуусах юм. Шинэ насоснууд суурилуулснаар Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцын технологийн процесст хэрэглэдэг эргэлтийн усны хангамж сайжирна, эргэлтийн усны станцын үндсэн тоног төхөөрөмжийн  найдвартай ажиллагаа хангагдаж, ашиглалтын болон цахилгаан эрчим хүчний зардал буурна гээд олон давуу тал бий болно. Мөн хүчилтөрөгч үйлдвэрлэх үндсэн тоноглол болох Аж, Кж-0,06 маркийн  тоноглолыг иж бүрнээр нь шинэчлэн солих ажил үндсэндээ дуусаж байна. Ингэснээр хүчилтөрөгч үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж улмаар тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ашиглалтын зардал буурах юм. Насос болон хүчилтөрөгч үйлдвэрлэлийн тоноглолын угсралт суурилуулалтыг бид өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэн ажилд оруулж байна.  
-Дашрамд сонирхоход ус хангамжийн системийн төв шугамыг солих тухай хоёр жилийн өмнөөс яригдсан. Энэ ажил одоо ямар шатанд яваа вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хот өргөжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өсөж байгааг харгалзан усан хангамжийн төв шугам хоолойг шинээр тавих асуудлыг шийдвэрлэсэн. Манай цех Сэлэнгэ мөрний ай савд байрлах гүний эх үүсвэрээс Эрдэнэт хүртэл татсан Ф820 мм-н хос шугам хоолойгоор хоногт  дунджаар 50000-70000 м3 орчим цэвэр ус татаж хэрэглэгчдэд түгээдэг. Эрдэнэт хотын төвлөрсөн ус хангамжийн системийн эх үүсвэрийн төв шугамыг шинэчлэн солих ажил олон жил яригдаж байгаад Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн хоёр жилийн хөрөнгө оруулалт болон өргөтгөл шинэчлэлийн төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ ажлыг эхлүүлэх талаар үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаал гараад ажиллаж байна. 
 
 
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимоор ажиллаж байна. Танай цехийн хувьд хэмнэлт хэр хэрэгжүүлж байна? 
-Ер нь манай цех жил бүр эдийн засгийн хэмнэлттэй ажиллах, ашиглалтын зардал бууруулах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөн хэрэгжүүлдэг. 2020 онд корона вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр зэсийн ханш төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа энэ үед үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс зардал бууруулах, хэмнэлт гаргах чиглэл өгсөн. Үүний дагуу  төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай цехийн нийт зардлын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчний зардал эзэлдэг. Бид нэгдүгээр улиралд зөвхөн цахилгаан эрчим хүчнээс 390-ээд сая төгрөг хэмнэсэн. Мөн бусад чиглэлээр үйлдвэрлэлийн зардлыг бууруулах ажлууд төлөвлөгөөний дагуу хийж байгаа.
-Баярлалаа. 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
 
Бүлэг Ярилцлага
 
Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас “Уурхайчин-1” хорооллын барилгын ажлын явцын талаар тодрууллаа.-
 
-Үйлдвэрийн ажиллагчдыг орон сууцаар хангах төслийн ажил ямар шатандаа явна вэ?
-Эхлээд уг төслийн түүхээс яръя. 2013 оноос “Уурхайчин-1, 2, 3” төслийн ажил эхэлсэн байдаг. Энэ нь “Эко-400”,  “Залуус-600”,  “Москва-300” нэртэй төсөл юм. Тухайн үед “Эко -400”-г Сархиа уулын ар бэлд,  “Москва-300”-г Баян-Өндөр уулын өвөрт барихаар шийдэж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулахад нэлээн хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байсан. Зөвхөн “Эко-400” хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байх жишээтэй. Үйлдвэрийн газрын удирдлага, Орхон аймгийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр төслүүдийг нэгтгэн  “Уурхайчин-1, 2, 3” хэмээн нэрлээд Баян-Өндөр уулын энгэрт 73,5 га газар авч ажлаа 
эхлүүлсэн. Ингэж нэгтгэснээр тус тусдаа баригдах хороололд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажилд шаардлагатай хөрөнгийг хэмнэх нөхцөл бүрдсэн. Одоогоор “Уурхайчин-1” хорооллын барилгын ажил эхлээд хуваарийн дагуу хэвийн 
явж байна. Уг хорооллыг 12-р сард ашиглалтад хүлээн авна. Эхний ээлжид 300 айлын орон сууц баригдана. Одоогоор дөрвөөс таван давхрын цутгалтын ажил хийгдэж байна. 
-Тус хорооллын байруудад хүмүүс захиалга өгсөн үү. Ямар шалгуураар орон сууцанд орох вэ?
-2019 оны 12-р сард үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд квот тогтоогоод “Уурхайчин-1” хорооллын 300 айлын захиалгыг авсан. Энд 370 гаруй ажиллагсдын санал ирсэн байгаа. Бид урд нь үйлдвэрээс байр, орон сууцны санхүүгийн дэмжлэг авч байгаагүй  хүмүүсээс санал  авсан. Эдгээр хүмүүсийн саналыг гүйцэтгэгч компаниар дамжуулан банканд хүргүүлээд  байна. Тэгэхээр банкны шалгуур хангасан ажилчид байрны зээлд хамрагдана. Өмнө нь үйлдвэрээс байр хувьчилж авсан болон санхүүгийн дэмжлэг авсан ажилтнуудаас “Уурхайчин-1” хороололд нөхцөл сайжруулах журмаар хамрагдах санал сүүлийн үед их ирж байна. Үүнтэй уялдуулан тодорхой тооны хүмүүсийг нөхцөл сайжруулах зорилгоор “Уурхайчин”1” хорооллын байранд оруулах төлөвлөгөөтэй байна. Уг хороолол 12-р сард ашиглалтад ороход, өмнө нь үйлдвэрээс байр авч байгаагүй, мөн байрны санхүүгийн дэмжлэг аваагүй  ажиллагчдыг 12 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтөд хамруулаад байр олгоно. Нөхцөл сайжруулах зорилгоор байранд орсон  хүмүүст 12 сая төгрөг олгохгүй. Учир нь эдгээр хүмүүс өмнө нь байр болон орон сууцны дэмжлэг авсан учраас. Тэгэхээр энэ хүмүүс банкны зээлд хамрагдаад байранд орох боломжтой. 
-“Уурхайчин” хорооллуудын орон сууцны барилгын ажлыг  ямар компаниуд гүйцэтгэх вэ?
-Дөрвөн блокийг нь “Химон констракшин” ХХК барьж байна. Хоёр блокийг нь “Неман констракшин” ХХК барина. “Уурхайчин-2” хорооллын барилга дээр “Өргөө хаан констракшин” ХХК ажиллана. “Уурхайчин-3” хорооллын барилгын ажлыг “Люкс вүүд” ХХК гүйцэтгэнэ. “Уурхайчин-3” хорооллын тендерт оролцсон нэг компани шүүхэд гомдол гаргасан. Гурван шатны шүүх дээр Эрдэнэт үйлдвэр ялсан. Өнгөрсөн долоо хоногт  Эрдэнэт үйлдвэрийн талд шийдсэн шүүхийн албан тоот ирсэн байгаа. “Уурхайчин-2” хорооллын ажлыг гүйцэтгэх компани шалгарсан. 
Гэрээ хийгдсэн. Ажлын зураг гарсан байна. Одоо ерөнхий төлөвлөгөө хийгдэж байна. Уг хорооллыг энэ оны 12-р сард ашиглалтад өгөх байсан. Гэвч шүүхийн үйл ажиллагаа зургаан сар үргэлжилсэн. Энэ шалтгаанаар зургаан сар ажил хойшилсон нь харамсалтай. “Уурхайчин-3” хорооллын барилгын ажил удахгүй эхэлнэ. 2021-2022 онд хоёр хорооллын барилгын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй. Ингэснээр1300 айлын орон сууц баригдаж ашиглалтад орно.  
 
 
-Эдгээр байруудын метр квадратын үнэ хэд вэ?
-Одоогийн байдлаар “Уурхайчин-1” хорооллын байрны метр квадратын үнэ нэг сая 650 мянган төгрөгийн өртөгтэй гэрээ хийгдсэн. Эрдэнэт хотод ашиглалтад орсон байруудын метр квадратын үнэ нэг сая 800-аас хоёр сая 200 мянган төгрөгийн ханштай байна. Анх  гүйцэтгэгч компанийн үнийн санал метр квадрат нь нэг сая 800 мянга байсан юм билээ. Бид үнийг буулгуулж нэг сая 650 мянга байхаар гэрээ хийсэн.
-Уурхайчин хорооллын байрны зохион байгуулалт ямар байх вэ?
-Түрүүчийн компани нь тухайн байруудыг ашигтай талбай багатай зураг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ашиггүй талбай ихтэй. Бид Химон компанийн япон инженерүүдтэй уулзаж зургийг нь шинэчилж ашигтай талбайг нь ихэсгэсэн. 60-141 метр квадрат хүртэл хоёроос дөрвөн өрөө байрууд ашиглалтад орно. Эхний ээлжид долоон давхар байшин босно.
-Төсөлд хамрагдах үйлдвэрийн ажилчид ямар давуу эрх эдлэх вэ?    
-Орон сууцны хөтөлбөрт зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчид хамрагдана. Орон сууцны санхүүгийн тусламж үзүүлэх журамд, гурван жилээс дээш жил ажилласан ажиллагчид дэмжлэг авах заалттай. Гэтэл нэг жил ажиллаад байранд орох хүсэлтэй залуучууд олон байна. Иймээс үйлдвэрт нэг жилээс дээш ажилласан бол “Уурхайчин-1, 2, 3” төсөлд хамруулан орон сууцны 12 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналыг бид удирдлагуудад тавиад байна. 
Энэ санал дэмжигдвэл залууст бас нэг давуу эрх олгогдоно. Нэг давхрынхаа байруудыг ямар зориулалтаар ашиглах  талаар ажиллагчдаас санал авсан. Үйлдвэрийн нийт ажиллагчдын дунд, өнгөрсөн оны 11-р сард судалгаа хийсэн. Судалгаанд оролцогчдын ихэнх нь хүүхдээ харуулах өдөр өнжүүлэх бүлэг, дэлгүүр, аптек ажиллуулах санал гаргасан. 
Уг судалгааны дагуу байруудын нэг давхарт цогц үйлчилгээ хийгдэнэ. Нөгөө талаас, үүдэндээ жижүүртэй байхыг ажилчид дэмжсэн. Энд барилгын компани саналаа өгсөн байгаа. Тэгэхээр цогц үйлчилгээтэй орон сууц баригдана гэсэн үг юм. Ийм байдлаар зохион байгуулалт хийх саналыг ажиллагчид дэмжсэн. Энэ нь бас нэг давуу тал юм.
-Баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.   
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Даваа, 18 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 18

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 139 дахь өдөр. Он дуусахад 226 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +4 градус дулаан, цэлмэг, салхины хурд 2-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 18. Сугар гараг. Билгийн тооллын 26. Цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Энэ өдөр үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Газар хагалах, тариа тарих, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, сүм хийд босгох, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, гэр байшин барих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдах, арилжаа хийхэд муу болой. Өдрийн сайн цаг нь туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой. Хол замд явах хүн баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад амгалан жаргалантай сайн. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5165 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2795, евро 3020, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

2017 оны 05 дугаар сар

  • Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар ажилчдын үндсэн цалинг 5-р сарын 01-нээс 10 хувиар, ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг 7-р сарын 01-нээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлэв.
  • Компанийн “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулав. 
 
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг компаниудад  хаягласан гомдол санал ажилчдаас хааяахан гардаг. Ихэвчлэн, Ил уурхайн гүнд ажилладаг экскаваторын жолооч, өрмийн машинч нарт зөөврийн хоол хүйтэн, амт  чанаргүй хүрдэг талаар гомдол байсан. Тэгвэл, Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан ХАБЭА-н хэлтэс, Автотээврийн цех, Барилга, засварын цех хамтран, хээрээр ажилладаг уурхайчдад зориулан тусгай автобус гарган, явуулын цайны газар болгон тоноглон, тохижуулж халуун хоолны үйлчилгээг газар дээр нь үзүүлэхээр шийджээ. Автотээврийн цех автобусыг нь гарган ХАБЭА-н хэлтэс хөрөнгө мөнгийг нь шийдүүлж, Барилга засварын цехийнхэн 60 сая төгрөгөөр цэвэр, бохир устай, цахилгаан гал тогоо бүхий явуулын цайны газрыг тоноглон, тохижуулж ажилд гарахад бэлэн болголоо. Дулааны улиралд экскаватор, өрмийн машиныхаа сүүдэр, нөмөрт, өвлийн улиралд бүхээгтээ биет байдал нь алдагдсан, голдуу хөрсөн хоол зооглодог байсан уурхайчид явуулын гуанзанд амт чанартай халуун хоолоор тав тухтай үйлчлүүлэх нөхцөл ийнхүү бүрдэв. Энэ долоо хоногоос эхлэн явуулын гуанзанд, хоол үйлдвэрлэгч компанийн хоёр тогооч тогтмол ажиллаж, хээрийн ажилчдад халуун хоолны өртөөчилсөн үйлчилгээ үзүүлэх юм. Явуулын гуанзаар Ил уурхайн карьерт ажилладаг уурхайчид болон Геологи, хайгуулын экспедицийн ажилчид үйлчлүүлнэ.            
М.Одгэрэл

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог