Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 10 7-р сар 2019

   Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын азарганы уралдаанд 30 гаруй хурдан ажнай уралдсанаас аймгийн алдарт уяач Лхагвын Эрдэнэбатын сартай хээр түрүүллээ. Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Зэсэндэмидийн Тэмүүжингийн халтар, айргийн гуравт аймгийн алдарт уяач Жигжидсүрэнгийн Золбоогийн бор, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Зэсэндэмидийн Тэмүүжингийн бор, айргийн тавд аймгийн алдарт уяач Аюушийн Энхтөрийн хонгор азарга тус тус айрагдаж хурсан олноо баярлууллаа.
   Их насны морьдын уралдаанд 50 гаруй хурдан ажнай уралдсанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Түмэн-Аюушийн Батмөнхийн бор түрүү магнай, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Пүрэвдоржийн Төртөвшингийн бөхөн бор, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Ноймерын Цэрэндондовын зээрд, айргийн дөрөвт Орхон аймгийн Жаргалант сумын уяач Лувсанжамцын Батболдын богд шарга, айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Батмөнхийн Золбоогийн хонгор халзан морьд тус тус айрагдлаа.
   Хязаалан насны морьдын уралдаанд 50 гаруй морьд уралдсанаас түрүү магнайг Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Энхтэгшийн Мөнхболдын хүрэн, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэнчимэдийн Саруулын бор, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Сандагдоржийн Дүүрэнбаярын хүрэн халзан, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Жамбалдоржийн Батсуурийн хүрэн, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Хишгээгийн Тэмүүжингийн халиун хурдлаа.
   Шүдлэн насны морьдын уралдаанд 40 гаруй хурдан ажнай уралдсанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Бямбаагийн Цэвээнсүрэнгийн зээрд түрүү магнай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Ганжаргалын Зоригтбаатарын пээдгэр хээр аман хүзүүнд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Мягмарсүрэнгийн Мөнхбатын хээр айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын уяач Мондооны Мөнхтөрийн хонгор айргийн дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Баттогтохын Гүенбаатарын пээдгэр хээр айргийн тавд хурдалж унасан хүүхэд, уясан эзэн наадамчин олноо баярлууллаа. 

А.Батбаяр
Фото: А.Батбаяр

Лхагва, 10 7-р сар 2019 00:00

Шагай харваачид залуужиж байна

   Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадамд шинээр бүл олонтой нэмэгдсэн төрөл бол шагайн харваа юм. Энэ жилийн Орхон аймгийн баяр наадамд 14 багийн 120 гаруй шагай харваачид оролцож байна. Үүн дотор Монгол Улсын гарамгай мэргэн гурав, Монгол Улсын мэргэн хоёр, Аймгийн мэргэн таван харваач цэцээ үзэж байгаагаас гадна 30 гаруй залуу харваачид өрсөлдөж байна. Энэ жилийн хувьд шинэ залуу харваачид олноор оролцож байгаа нь онцлог байв. Шагайн харвааны дүн маргааш гарна. Харин Аймгийн гоц мэргэн Д.Алтанбаяр ахлагчтай багийнхан Улсын наадамд цэцээ үзэж байна. 

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс









   Орхон аймгийн баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Улс, аймгийн зэрэг цолтой 70 гаруй харваач цэц сорьсноос Баян-Өлгий аймгийн харьяат, “Хангарьд” спорт клубын тамирчин, аймгийн мэргэн, сурын спортын мастер С.Чимэд түрүүлэв. Дэд байрт Баян-Өлгий аймгийн залуу харваач Б.Мөнхбат, гутгаар байрт Орхон аймгийн Онцгой байдлын харваач, аймгийн мэргэн, сурын спортын мастер Ш.Даваасүрэн нар тодорчээ. Өнөөдөр эрхий мэргэн харваачид маань халх сурын харваагаар цэцээ сорьж байна. Насанд хүрэгчдийн ангилалд 40 гаруй, хүүхдийн ангилалд 20 орчим харваач өрсөлдөж байгаа юм. Одоогоор хана харвааны өргийн найман сум тавьж дуусаад дунд өргийн харваа эхэлж байна. Энэ жилийн Орхон аймгийн баяр наадамд Аймгийн мэргэн, сурын спортын мастер, дэд мастер 11 хүн харваж байгаа бол бусад нь залуу харваачид байна.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс











   Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Орхон аймгийн 43 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Баяр наадмын үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: ''Орхон аймаг, Эрдэнэт хотын бүх бодлого, үйл ажиллагааг ''Эрдэнэт хүний хөгжил''-д чиглүүлэн 2017, 2018 оныхоо ажлаар улсын хэмжээнд хоёр жил дарааллан тэргүүн байранд шалгарлаа. Ийнхүү улсын хэмжээнд хоёр дарааллан тэргүүлэхэд аймгийн нийт иргэд, байгууллага аж ахуй нэгжүүд, наадамчин олон та бүхний итгэл сэтгэл, идэвхи санаачлага, бүтээлч хөдөлмөр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Сайхан Монгол эх орон, амжилт бүтээлийн эзэд Эрдэнэтчүүдээрээ гоёсон энэ наадам өргөн дэлгэр, ёс журамтай, ахмадуудаа хүндэтгэсэн, Эрдэнэтийн гэсэн өнгө төрхтэй, хүүхэд залуучууддаа уламжлал ёс заншил түүх соёлоо түгээсэн, хөдөлмөр бүтээл, ажлын шинэ амжилт, бахархал дурсамжаар дүүрэн байна'' хэмээн онцлов.
   Наадмын нээлтийн эхэнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Түвдэнпунцагийн Нямжав, Монгол Улсын гавьяат эмч Дашийн Лхагва, Атлантын олимпийн хүрэл медальт, жудо бөхийн Ази тивийн анхны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандах, Монгол Улсын гавьяат багш Сандагийн Мэнджаргал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дамчаагийн Бямбаа, Үндэсний сурын аймгийн  мэргэн, спортын мастер  Цэгмидийн Ваанчиг, Монгол Улсын харцага, чөлөөт бөхийн спортын мастер Нарангэрэлийн Саранцогт, МУСТА дуучин Даваасүрэнгийн Дагвадорж, шагайн харвааны аймгийн гоц мэргэн Үзмээгийн Сэргэлэнбаатар нар Монгол Улсын төрийн далбаа, Орхон аймгийн болон Эрдэнэт үйлдвэрийн далбааг наадмын тэнгэрт мандууллаа. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жил, Орхон аймгийн баяр наадмын нээлтийг алтан гадас одонт, найруулагч Дагвадоржийн Отгонбаатар найруулж, 300 гаруй хүүхэд багачууд, урлаг соёлын алдартнууд, төрийн байгууллагуудын төлөөлөл нийт 1000 гаруй хүн оролцов.
   Эрдэнэт хотын баяр наадам хүчит 256 бөхийн барилдаанаар үргэлжилж байна.

Э.Мөнх-Уянга
Фото: Б.Баттөгс























   Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглолоо. Өнөөдөр Монгол Улсын харцага Н.Саранцогт, Монгол Улсын начин С.Дангаасүрэн, Т.Энхтуяа, аймгийн хурц арслан Х.Ганбаатар, Д.Тайванбаатар, Д.Ганхуяг нараар манлайлуулсан улс, аймаг, цэргийн болон залуу бөхчүүдийн барилдааны нэг, хоёрын даваа явагдана. Маргааш хүчит бөхийн барилдааны дунд, их шөвөгт шалгарсан болон үзүүр, түрүүний бөхчүүд тодрох юм. Мөн өсвөрийн 64 бөхийн барилдааны нэгийн даваа явагдаж байна.

Т.Батчулуун

   Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал Монгол Улсын гавьяат уурхайчин цол хүртлээ.
   Эрдэнэт үйлдвэрийн “отгон” гавьяат Ю.Цэдэнбалыг өнөөдөр өглөө аймагтаа ирэхэд нь түүний гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон нь угтан авч баяр хүргэлээ.
   Монгол Улсын гавьяат уурхайчин тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлж, Сургалтын төвд ахлах инженер багш, Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төслийн төвд зохион бүтээгч инженер, орлогч дарга, хэлтсийн даргаар нийт 36 жил ажилласан юм. Ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдэд шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, өөрчлөлт шинэчлэлтийн болон шинээр баригдах, өргөтгөх, үйлдвэрлэл, нийгэм соёлын олон талт чухал барилга байгууламжийн иж бүрэн төслүүдийг чанартай хийж гүйцэтгэжээ. Ийнхүү түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат уурхайчин цол хүртээжээ.

А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог