С.Саранцэцэг: Эмэгтэй хүний 9 эрдмийн нэг нь үйл урлах

28 3-р сар 2016 12:00
1367 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн краны машинч, уран хатгамалч  С.Саранцэцэгтэй ярилцлаа.

-Хэзээнээс та үйл урлах эрдэмд суралцав. Танай удамд уран хүн байсан уу?
-Миний ээж Гаанжуурын Төмөрбат намайг анх үйл урлах эрдэмд сургасан. Аав маань их уран хүн байлаа. Үйл урлах эрдэмд багаасаа суралцсан. Анхны багш маань миний ээж. Дунд сургуулийн 6 дугаар ангиас бидэнд “Үйлчлэх хөдөлмөр”-ийн хичээл орсон юм. Манай  хөдөлмөрийн багш  Ж.Маналжав гэж их  хөдөлмөрч эмэгтэй байсан. Тэр багш зүү ороох, зээгт наамал хийх, ширдэг ширэх, эмээлийн гөлөм оёх гэх мэт маш их зүйл зааж сургасан. Тухайн үед манай ангийнхан ЕБС-даа хамгийн их хөрөнгө оруулсан ангиар шалгарч байлаа. Манай ангийн охид их уран байсан санагддаг юм.

-Эрдэнэт үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна. Уран хатгамал, зүү ороож сурсан эрдмээ хаяхгүй яваа нь сайн байна шүү?
-2003 онд сургууль төгсөөд  Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт ажилд орсон. Хүний амьдралд  сурсан бүхэн хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж ээж маань захидаг байлаа. Тэр үнэн бололтой. 2010 онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс анх “Сая төгрөг эмэгтэйчүүдийн амьдралд” төсөл хэрэгжүүлсэн. Анхны төслийг нь Баяжуулах фабрик хэрэгжүүлж байлаа. Уг төслийн хүрээнд БФ-ийн эмэгтэйчүүдийг хамруулсан “Уран шаглаа”, “Евро-Ази кулинария”, “Эрүүл энхийн жаргалан” нэртэй 3 клуб ажилласан. “Уран шаглаа” клубийн удирдагчаар инженер Д.Амаржаргал, сургагч багшаар нь би  ажилласан  юм. Уг  төсөл тухайн үедээ амжилттай хэрэгжсэн ч надад сурах зүйл маш их байсан. Тэгээд Монгол улсын уран хатгамалч З.Цэнгэлсайхантай холбогдож багш шавь болсон. Гэрт нь  хамт амьдарч маш их зүйл заалгаж сурсан. Багш маань Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Монголын Эмэгтэйчүүдийн  Академийн  академич, Монгол улсын “Уран хатгамалч” цолтой.

-Хатгамлын урлалын гай-хамшгийг Геннист бүртгүүлэх болсон гэж сонслоо. Энэ талаар тодруулна уу?  
-Манай багш  Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв ТББ-аас “Уран хатгамлын гайхамшиг” сэдвийн хүрээнд үндэснийхээ соёлын үнэт өв болох зүү ороох, хатгамлын урлалын гайхамшгийг дэлхийн түвшинд сурталчлан баталгаажуулах зорилгоор 3000 бүсгүй нөхөртөө хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоох, Геннисийн номд бүртгүүлэх ажлыг энэ оны 8 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахаар төлөвлөж оролцох хүсэлтэй хатгамалчдыг урьж, бүртгэж эхлээд байна. Уг ажилд Эрдэнэт үйлдвэрийн эмэг-тэйчүүдийг оролцуулах зорилгоор Баяжуулах Фабрикийн Эмэгтэйчүүдийн  зөвлөлийн  дарга Л.Уранцэцэгтэй хамтран үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны 1 сая төсөлд хамрагдахаар төсөл бичсэн ч дэмжигдсэнгүй. Гэвч БФ-ийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран энэ төсөлд бүсгүйчүүдээ оролцуулахаар уг ажлыг эхлүүлээд байна. Уран хатгамал нь манай ард түмний уран гар, оюун ухаан, уйгагүй хөдөлмөрөөр үүсч, хөгжиж, олон зуун жилийн турш хуримтлуулсан арвин баялаг соёлын өв, урын сангийн нэг чухал хэсэг юм.  Гар урлал дотроос уран хатгамал нь цаг хугацаа хамгийн их зарцуулдаг учраас хатгамалч хүн цаг хугацааны үнэ цэнийг сайтар мэдэрч цагийг үр бүтээлтэй өнгөрөөж сурдаг. Хийж байгаа бүтээлдээ ихээхэн тэсвэр тэвчээр гаргаж урладаг учраас юманд тогтвор суурьшилтай, хүлээцтэй хандаж төлөвшдөг. Мөн өөрийн төдийгүй бусдын хөдөл-мөрийг үнэлэх үнэлэмж сайтай, өгөөмөр, уяхан сэтгэлтэй, ур ухааныг бишрэх, хүндэтгэн хайрлах үзэлтэй гоо сайхны өндөр мэдрэмжтэй, аливаа зүйлийг сайн талаас нь харах билгийн нүдтэй болдог юм. Монголчууд эмэгтэй хүүхдийг багаас нь үйл урлах эрдэмд сургахын тулд 10 нас хүрмэгц өөрийнх нь сайн өдөр үйлийн жижиг модон хайрцаг хийж өгдөг заншилтай байсан. Уг хайрцагт нь үйл урлахад хэрэгцээтэй утас, зүү, шөвөг, хуруувч, ээрүүл, хайч, торго даавууны өөдөс зэргийг хийж өгдөг байсан нь эмэгтэй хүний эзэмшвэл зохих 9 эрдмийн тэргүүн эрдэм юм. Энэ нь үйлэнд уран байхыг сургах эхний гараа болж байсныг багш маань “Уран хатгамлын гайхамшиг” номдоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Мөн уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв”-өөс санаачлан Хөдөлмөрийн яамны дэмжлэгээр бүх аймаг, дүүрэгт зүү ороох оёдол болон Монгол дээлний сургалтыг үнэ төлбөргүй заадаг болсон. Эдгээр арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд би багштайгаа хамтарч ажиллах хүндтэй үүрэг хүлээгээд байна.

-Танд амжилт хүсье.
-Баярлалаа.

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 2-р сар 2019 03:23
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог