×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

П.Одсүрэн: Олон сар хөлсөө дуслуулж, түүхэн өргөтгөлийн ажилд сэтгэл зүрхээ зориулж ажилласны үр шим медалиар ирсэн Онцлох

27 7-р сар 2015 12:00
1401 удаа үзсэн

     Энэ удаа сонинд ярилцлага өгөх дургүй залуутай таарлаа. Олон жилийн туршлагаас үзэхэд сурвалжлагчаас зугтаж буй хүн ажлаа мэдэхгүй, нэг бол өөрийгөө илэрхийлэн ярих чадваргүй, үгүй бол ажлын ачаалалд хэт дарагдсан, эсвэл худлаа залдаг, олны анхааралд өртөх дургүй, хэл амнаас эмээдэг нөхөр байдаг. Харин Баяжуулах фабрикийн Дотоод тээврийн албаны автокраны оператор П.Одсүрэн чухам аль бүлэгт хамаарахыг таашгүй. Ямар ч байсан цехийнх нь хүний нөөцийн менежер, цаашлаад албаны даргаар нь мундагдуулж байж, мэнд мэдэн хэдэн үг солих боломж олдсон юм.  

-Сайхан зусч байна уу? Сонинд ярилцлага өгөхөөс яагаад зугтаад байна...
-Сайхаан, ажлаа хийгээд л. Шальтай хийсэн бүтээсэн гавьяагүй байж сонинд ярилцлага өгөхөөр хүмүүс муу хэлэх байлгүй дээ. 
 
-“Эрдэнэт” үйлдвэрийн Эгэл залуус” буланд ажил үйлсээрээ тэргүүлж яваа залуус уригдаж үзэл бодлоо илэрхийлдэг юм. Заавал олон жил ажилласан хүн сайн ажилтан байхгүй ш дээ.
-Тийм л дээ. Тэгвэл цагаан хэл ам тусчихна... /инээв/

-За, энэ ч яахав. Төрсөн нутаг ус хаана вэ?
-Би Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 2003 онд Эрдэнэт хотын 5-р 10-н жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод ТИС-ийн Механик инженерын Их сургуулийг төгссөн. 
 
-“Эрдэнэт” үйлдвэрт хэзээ ажилд орсон бэ? 
-2007 онд. Анх Баяжуулах фабрикийн Дотоод тээврийн албанд авто засварчинаар ажилд орсон. Дараа нь погрушик, жижүүрийн техникч, сүүлд автокраны оператораар ажиллаж байна. 
 
-Түүхэн бүтээн байгуулалт-Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажилд гар бие оролцсон уу? 
-Бараг бүтэн жил гаруй хугацаанд өдөр, шөнөгүй илүү цагаар өргөтгөлийн барилга угсралт дээр ажилласан. Сард 60-120 цагаар илүү ажиллаж байлаа. Үүний үр дүнд намайг компаниас тодорхойлж төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан болов уу. 
 
-Төрийн хайр хишгийг тун залуу хүртлээ дээ. Юу бодогдож байна?    
-Олон сар хөлсөө дуслуулж, их ажлын ард хамт олонтойгоо гарах гэж сэтгэлээрээ хичээсний үр шим медалиар ирсэн. Амралтын өдөр гэж ялгалгүй өдөр бүр арван хэдэн цагаар ажиллаж байсан. Ид бүтээх залуу насандаа ажлын ачаалал үүрэхгүй бол хэзээ хийх гэж гээд өөрийгөө зоригжуулж сэргээдэг байлаа. Одоо хамт олныхоо итгэлийг алдахгүй ажиллахыг бүр их хичээж байна. 
 
-Өргөтгөлийн ажил бүрэн дууссан уу? 
-Гүйцэт дуусаагүй. Ялангуяа кран байнгын ажиллагаатай байдаг. Манай цех өвлийнхөө бэлтгэлийг зун хангадаг учир энэ үед ачаалал ихтэй ажилладаг. Тоног төхөөрөмж шинээр сольж, засвар хийгдэж байна. Гэхдээ хуучин шиг бямба, нямд амралтгүй ажиллахгүй ээ. 
 
-Өнгөрсөн жил Баяжуулах фабрикийн Хөдөлмөрийн аварга болсон санагдана. Шинэ залуу ажилчид өөрийг чинь харж үлгэр дуурайлал авч ажиллаж байгаа. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?          
-Ажлаа таслахгүй, өвчлөхгүй, даалгасан үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийгээд, итгэлийг нь алдахгүй байвал хүнд үнэлэгддэг  болчихдог юм байна.
Зөвхөн өөрөөс шалтгаалах учраас хичээгээрэй л гэж хэлье даа.
 
-Таны ажлын байрны анхны багш хэн бэ?
-Би олон багштай. Ажлын мест болгон дээр очихдоо багштай болдог. Би одоо бараг таван мэргэжилтэй болчихлоо шүү дээ. Анхны багш гэвэл  экскаваторын машинч Отгонбаяр, Мөнхбат гэж хоёр хүн бий. 
 
-Таны ажлын онцлог, бахархмаар сайхан нь юу вэ?
-Манай үйлдвэрт 100 тоннын хоёр кран байдаг юм. Нэгийг нь Орос мэргэжилтэн барьдаг. Үнэтэй энэ техникийг ажиллуулдагаараа бахархдаг. Манай краны багш одоо механик хийж байгаа Отгонсүх Германд сургалтанд хамрагдаж энэ краныг эзэмшсэн юм. Би Отгонсүх ахыг дагалдаж кранчин болсон. Нэг үгээр хэлбэл Дотоод тээврийн албандаа бэлтгэгдсэн ажилтан.      
 
-Тэгэхээр “тэнгэрт” ажилладаг залуу байх нь. Таны мэргэжлийн бас нэгэн онцлог нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахихгүй бол өөрийгөө болон хүн гэмтээх аюултай. Энэ тал дээр хэр анхаардаг вэ? 
-Сэтгэлд анхааруулгын гэрэл байнга асаалттай ажиллана. Энгийн машин барихаас хэцүү. Хаана, яаж зогсохоос эхлээд, цөмрөх газар байна уу, үгүй юу, талбайн болон даах ачааны хэмжээ ямар байгааг тооцож өргөх гээд байнга хянуур байхыг шаарддаг. Дараа нь өөрөө хариуцлага хүлээх учраас бусдадаа ч шаардлага тавьдаг. 

-Хамт олныхоо талаар ямар бодол сэтгэгдэлтэй явдаг вэ? 
-Манай Дотоод тээврийн алба Д.Цагаан-Эрдэнэ даргын удирдлага дор  18 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Ер нь гар, сэтгэл нийлсэн ажилч хамт олон. Ихэнх нь залуучууд болохоор ажлын бүтээмж өндөртэй.   

-Та найзын нөхөрлөлийг юугаар хэмждэг вэ? 
-Салбар салбарт найзуудтай. Арван жилийн ангийн, ажлын газрын, их сургуулийн гээд. Тэдэн дунд үнэнч, тууштай, нэг зангаараа байж чаддаг “чулуу” шиг найз олон бий. 

-Ингэхэд ээлжийн амралтаа авсан уу?
- Ирэх 9-р сард амралтаа авахаар төлөвлөж байна. Хөдөө агаар салхинд явж амарна даа.  
 
-Гэр бүлээ танилцуулаач?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Мягмаржаргал маань Хөдөлмөрийн хэлтэст ажилладаг. Одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Манай том цэцэрлэгт, бага нь зургаан сартай. 
Ажил ихтэй болохоор гэр бүлдээ тэр болгон цаг зав зарцуулж чадахгүй юм. Гэхдээ амарч байх үедээ аль болох хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хичээдэг. Гэр бүлийн аз жаргал хамгийн чухал шүү дээ. 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.       
 

М.ОДГЭРЭЛ    

 

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 2-р сар 2019 03:19
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог