Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт сувиллын Х.Нарантуяа Онцлох

15 5-р сар 2017 12:00
552 удаа үзсэн

    

     Ажил мэргэжилдээ эзэн нь байж, түүгээрээ овоглож явах хүмүүн бидний нэгэн том бахархал байдаг. Тэрхүү бахархлыг өөрийн амьдрал, ажил үйлсээрээ тодоос тод зурж, Эрдэнэтийн эмнэлэг сувиллын бага эмч Нарантуяа хэмээн олноо танигдсан эрхэм бүсгүйн тухай энд өгүүлье. Эрдэнэт сувиллын бага эмч Х.Нарантуяа Булган аймгийн Баян-Агт сумын унаган охин. Түүний төрсөн нутаг нь хэн хүний хараа булаам байгалийн үзэсгэлэнт Цант уулын өвөр бэл, Хануйн голын ногоон дэнж. Энэ л сайхан газар усанд  тэрээр нутгийн  түмэндээ  “нөхөр Хаян” хэмээгдэн,  нямбай чамбайгаараа гайхагдсан Хаянхирваагийн ууган охин болон мэндэлсэн юм.  Харин ээж Цэгмид нь намуухан дөлгөөхөн аальтай, ажилч хичээнгүй эмэгтэй. Ийм л нутаг усандаа хүндлэгдсэн, төлөв түвшин удмын үр сад болоод ч тэрүү тэр хөдөлмөрч, элгэмсүү цайлган цагаан сэтгэлтэй, тусархуу нэгэн болж өсч торнижээ. Х.Нарантуяагийн бага нас бусад хүүхдийн л адил хурга ишигтэй хөөцөлдөж, 2 дүүтэйгээ хөтлөлцөж тоглосон хөдөөгийн ногоон талд өнгөрсөн юм.
     Тэрээр  дунд сургуулиа төгссөний дараа 1982-1984 онд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж, тэндээсээ Дархан хотын Анагаах ухааны дунд сургуульд эх баригч, бага эмчийн мэргэжлээр элсэн суралцах болсон нь түүнийг  ард түмнийхээ эрүүл мэндийг манах их үйлсийн  аянд эргэлт буцалтгүй хөтөлсөн байна. Сургуулиа амжилттай төгссөн залуухан бага эмч мэргэжлийн ажлаа өөрийн төрсөн нутаг Баян-Агт сумаасаа  эхэлж,  улмаар Булган аймгийн Өлзийт сумын эрүүл мэндийн төвд үргэлжлүүлсэн юм. Тэрээр энд эх баригч бага эмчээр ажиллахдаа төрөх насны болон эх нярайн эмэгтэйчүүдийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, ажлын өндөр хариуцлагатай, мэдрэмж, чадвараа дайчлан ажилласнаар 628 хүүхдийн хүйн ээж болж, “Тэргүүний эх баригч”-аар шалгарч байлаа.  
     Олон зуун эх үрийн нандин холбоог уйгагүй хөдөлмөр, сүүн цагаан сэтгэлээрээ хэлхэж, тэдний  эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж явсан нь хөдөөгийн ард олны зүгээс “Алтан гарт эх баригч” алдрыг түүнд авчирсан юм.
     Хүний амьдрал гэдэг хүсэл зорилгынхоо төлөө хийж бүтээхээр тэмүүлж яваа  хэн бүхэнд ивээл өгөөжөө харамгүй хайрладаг учиртай. Х.Нарантуяа эмчийн эрүүл энхийн манааны ажил үйлс Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэтийн уурхайд үргэлжлэх ерөөлтэй байлаа. Тэрээр 1993 онд “Эрдэнэт” үйлдвэрийн эмнэлэг сувиллын албанд бага эмчээр ажилд орж, тэр цагаас хойш энэ хамт олны нэгэн эд эс нь болон уурхайчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд 24 дэх жилдээ мөр зэрэгцэн ажиллаж явна.  
     Тэр эдүгээ “Эрдэнэт” сувилал цогцолборын Түргэн тусламжийн тасагт харьяалагдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын төрөл бүрийн маркийн авто машины тээвэр болон засварын хэсэгт  бага эмчээр ажиллаж байна. Үүрийн 5 цагаас түүний ажил эхэлнэ. Өглөөний ажилдаа яарч сандран ирэх жолооч, засварын ажилчдад  цөөн хормын дотор өөрийн мэдрэмж, ажиглалт, мэргэжлийн ур чадвар, туршлага дээр тулгуурлан үзлэг хийж, ажилд нь гаргадаг түүний хариуцсан ажил маш нарийн онцлогтой бас хариуцлагатай. Өөрөөр хэлбэл, түүний ажилд “арын хаалга” гэсэн ойлголт байхгүй. Нэг л дутуу дулимаг, анхааралгүй хандвал тухайн ажилтанд төдийгүй өөр олон эрсдлийг дагуулж болох учраас тэрээр цаг ямагт өндөр хариуцлага, шаардлагын дор ажилладаг юм.  Тиймээс ч түүний энэхүү хичээл зүтгэл нь  согтууруулах ундаа хэрэглэсэн болон согтуу жолооч, ажилчин ажлын байранд нэвтрэх боломжгүй болж, тус тээврийн хэсэгт  осол авааргүй ажлын байрны орчныг бүрдүүлэхэд том хувь нэмэр болсон байна.  
     Х.Нарантуяа эмч ажил дээрээ нэг ч хором зүгээр суудаггүй. Жолооч нар болон ажилчдынхаа эрүүл мэнд, илэрч байгаа өвчний шинж тэмдэг, зовиурт байнга санаа тавьж, урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, зөвлөгөө өгч нягт нямбай ажилладаг. Тиймдээ ч тэр олон арван техникийн ажилчдынхаа эрүүл энх байх, аюулгүй байдалд ажиллаж хөдөлмөрлөх “виз”-ийг нь дарж, төчнөөн хэмжээний айл өрхөд амар амгалан, аз жаргал бэлэглэж явна. Хариуцсан ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байхын шилдэг бөгөөд бахархалтай жишээ энэ буюу.   
    Эрдэнэт сувиллын Х.Нарантуяа эмч аз  жаргалыг алган дээрээ ургуулж яваа сайхан эмэгтэй. Тэрээр хүний халамжит хань, алаг үрсийн хайртай  ээж, анд нөхдийн сайн  найз. Түүний хань нь “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, чадварлаг  инженерүүдийн нэг Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Цогтхангай. 2 охин, 1 хүүтэй тэрээр 2 хөөрхөн ач, зээгийн эмээ болжээ.
    Ажлаа хийсэн шиг хийж, амьдралаа эмэгтэй хүний хатан ухаанаар зөв авч яваа тэрээр бас нэгэн буянтай үйлс эрхэлдэг юм. Энэ бол түүний унасан газар, угаасан усны нэрээр нь нэрлэсэн бариа заслын “Цант гол” эмнэлэг. Уламжлалт эмчилгээний гайхамшиг суваг анагаах увдисыг өөрийн унаган авьяас дээр түшиглэн эзэмшиж, өвчиндөө шаналсан олон хүнд тусалж яваа буянтан, ариун мутрын эзэн.
     Үндсэн ажлынхаа зэрэгцээ ард түмэндээ бариа заслын эмчилгээг хүргэж, мянга мянган хүнийг өвчин зовиураас нь салгаж, амьдралд нь дэм тус болсон түүнд олон олон үйлчлүүлэгчид нь баяр талархлаа илэрхийлсээр...


М.БАЛЖИННЯМ

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:22
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог