×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Ц.Цогт-Эрдэнэ: үүрэг өгчихөөд яваад байж болохгүй, Өөрсдөө үлгэрлэ гэж би мастеруудад хэлдэг юм Онцлох

24 4-р сар 2017 12:00
812 удаа үзсэн

     Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум газар тариалангийн бүс нутаг. Энэ нутагт эхээс хүй цөглөсөн эрхэм бол Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын үйлдвэр техникийн албаны үйлдвэрлэлийн инженер Цэрэндоржийн Цогт-Эрдэнэ.

     Тэрбээр залуу, хөгшин ямар ч хүнийг найзаа хэмээн элгэмсэг хандана. Хүн л юм чинь алдаа гаргалгүй яахав. Хүн жудгийн хувьд сайн нөхөр байх ёстой гээд л хэн нэгэнд найр тавих нь түүний нийтэч зан, хамтын хөдөлмөр эрхэлж ирсэнтэй нь  холбоотой мэт. “Би айлын өргөмөл хүү. Намайг төрсөн дүүгийндээ үрчилчихсэн байхгүй юу. Аав, ээж хоёрын эрх хүүхэд. Намайг төрүүлсэн аав, ээж маань 11 хүүхэдтэй. Би айлын долоо дахь хүүхэд. Харин миний өссөн орчин өөр. Манай ээж Дашцэрэн гэж эх баригч эмч. Олон аавын хүү, ээжийн охиныг эх барьсан буянтан. Миний аав Цэрэндорж гэж сумын Худаг усны газрын дарга байсан. Суманд хаана худаг гаргах газрыг аав мэдэж зааж өгдөг байлаа. Хэдэн худгийн моторчдын дарга юм уу даа. Сүүлд Нийтийн ахуй үйлчилгээний даргаар ажилласан. Ээж айлын ганц охин. Аав болохоор 10 хэдүүлээ. Миний төрсөн аав цагтаа БНМАУ-ын аварга төлчин цол хүртэж явлаа. Би ямар ч айлд төлчнөөр очоод ажиллаж чадна шүү.  Би айлын ганц хүү болон өссөн ч төрсөн гэртээ зуныхаа амралтаар хөдөө мал дээр очдог байлаа. Намайг өсгөсөн аав, ээж их ухаантай хүмүүс. Ах, дүү нараас минь хөндий өсгөхийг бодоогүй юм. Өөрийнхөө ах дүү нартай хавар хүүхдийн амралтаар мал төллүүлнэ. Бид хонь төллөх үеэр жижүүр хийнэ. Өдөр яах вэ, хонь хургалахаар  уутанд хийгээд явахаар эх нь араас дагаад ирдэг юм. Үүнийг хөдөөгийн хүүхдүүд мэднэ. Харин шөнө хэцүү. Эхлээд өнгө өнгийн даавуу уядаг байсан. Сүүлдээ чихэнд нь пайз зүүдэг болсон юм. Тэр пайзны нэгийг эхийнх нь үсэнд нөгөөг нь хурганд нь зүүнэ. Төллөсөн 580 гаруй эх малд пайзны номероор хургыг нь олж хөхүүлдэг байлаа.  Тухайн үед мал өсгөх их зовлонтой байсан. Малын тоо хязгаартай. Нэг малчин өрх 50 толгой мал тоолуулна. Сэхээтэн өрх 16 толгой мал тоолуулах жишээтэй. Үүний 5 бод, 11 нь бог  гээд заагаад өгчихнө. Би хоёр ахаасаа нэг, хоёр насаар дүү болохоор бид дэрсхэн өссөн. Манай ах Гүнчин болохоор том биетэй, хонинд явна. Би нөгөө ахтайгаа тугал, хурга хариулна. Тэгээд хурдан том болж ах шигээ хонь хариулах юмсан гэж мөрөөддөг байлаа. Яагаад гэхээр хонь хариулсан хүн их нэр хүндтэй байхгүй юу. Өдөр гэртээ ирэхээр шар будаатай цай хийлгэчихсэн сууж байдаг сан. Түүнийгээ идчихээд л хонь руугаа явчихна. Бид хоёрт гамбирын тал олдвол их юм. За, тэгээд ааруул, ээзгийгээр л бор ходоодоо божийлгох төдий явдаг байж дээ. Олуулаа болохоор тэр. (Инээв.) Би хоёр аав, хоёр ээжийн гар дээр хөлбөрч өссөн хүн” гэж бага насныхаа талаар хуучлав.
  
   -Танай тэр хоньчин ах одоо хаана байгаа вэ?

   -Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байна. Аймгийн ИТХ-д олон жил төлөөлөгчөөр сонгогдсон.
 
   -Та яаж яваад Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбочихов оо?

   -Дархан хотын Барилга трестийн авто баазад би засварчнаар ажиллаж байлаа. 1982 онд Политехникийн дээд сургуульд элсэн орсон. Тухайн үед ажиллагчдаас дээд сургуульд их элсэнэ. Одоогийн ШУТИС-ийн барилгын инженерийн ангийг уралдаант шалгалтынхаа оноогоор авсан. Нэгдүгээр курсээ төгсөөд машин үйлдвэрлэлийн инженерийн анги шинээр  нээгдэхэд тэнд элсэж орсон юм. Энэ ангийн анхны төгсөгч. Тэр жил манай сургуулийг 3 хүү улаан дипломтой төгссөний нэг нь би. Надаас гадна Ган-Очир, Бат-Эрдэнэ гэж хоёр хөвүүн улаан дипломтой төгсөж байлаа.  Тэр үеийн Түлш эрчим хүчний яам мэргэжлийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-дад хуваарилсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн тогтоолоор томилолтоор очсон хүнийг орон сууцаар хангадаг байсан юм. Надад 2-р хорооллын 23-р байранд 2 өрөө байр өгсөн. ЗМЗ-ын токарийн хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн зохион байгуулагчаар би давхар ажиллаж байлаа. Тэгээд ажлынхаа Болдбаатар гэдэг залуутай байраа солиод 4 өрөө байранд амьдрах болсон юм. Манай байрын дарга  Лонжид гэж хүн байсан. Энэ хүн дээр очоод байрынхаа ордерыг солиулчихсан. Одоо бол зөрүү энэ тэр гээд бөөн юм болно биз. Манай хуучин байранд Бямбацогт гэж засварчин орсон юм даг.
 
   -Тэр цаг үеийг одоогийнхтой харьцуулахад танд юу бодогддог вэ?

   -Одоогийн залуучууд боловсрол, мэдлэгтэй, харилцааны соёлтой болсон байна. Энэ бол сайн тал нь. Нөгөө талдаа ажил хийх сэтгэл жаахан дутаад байх юм. Манай ЗМЗ-д импорт орлох бүтээгдэхүүн их хийж байна. Би мастерууддаа хэлдэг юм. Өөрсдөө үлгэрлэж ажил хий. Зөвхөн үүрэг өгчихөөд яваад байж болохгүй. Хүнийг зэмлэж байхаар аятайхан шиг урмыг үг хэлчихвэл тэр хүн чинь ажлаа өөрөө хийгээд явчихна гэж заримд нь хэлэх юм. Ажлын даалгавар цаг минуттай. Ажлыг цаг хугацаанд нь хийгээгүй бол яагаад хийсэнгүй вэ гэсэн шалтгааныг нь олсны дараа нь тухайн ажилтныг  зэмлэх ёстой. Ажлыг хөнгөвчилж хийх аргыг хайж олох хэрэгтэй байдаг. Ажилчны ар гэрийн байдал, тухайн өдрийн сэтгэл зүйг нь  мэдэрч судлах ёстой. Ийм арга барилаар ажиллахаар зарим нь үг аваад ажлаа сайн хийж байна. Ирээдүйтэй залуу мастерууд хүч түрэн орж ирж байгааг харахад сайхан байна. Хүссэн ч эс хүссэн ч цаашид Засвар механикийн заводыг энэ залуучууд авч явах нь дамжиггүй.
  
   -Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?

   -Миний гэргийг Дашдамбын Эрдэнэчимэг гэдэг. Үйлчилгээний төвд худалдагч хийж байлаа. Тус төвийг хувьчлагдсанаас хойш хувиараа бизнес эрхэлж байна. Бид хоёр анх машинаа зараад хувиараа “Өгөөмөр” нэртэй дэлгүүр барьсан юм. Манайх эмэгтэй, эрэгтэй хоёр хүүхэдтэй. Хүү Ц.Мэнддоо  Алякс компанид дулааны инженерээр ажилладаг. Охин Ц.Одгэрэл  Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг технологич мэргэжлээр төгссөн. Хан бүргэдэй ресторанд ажиллаж байгаад токарьчин мэргэжил давхар эзэмшсэн. Аавынхаа ажлыг өвлөнө гэж ярьдаг.
  
   -Та хамт олноо спорт урлагийн наадамд оролцуулж байв уу?

   -Би спортод муу л даа. Гэвч ээлжийн мастер байхдаа залуучуудыг спортоор хичээллэхэд ихээхэн анхаардаг байлаа. Нэг ээлжийн 50-иад хүнийг бүжгийн дугуйланд хамруулж явлаа.
  
   -Та ажилчин болсон үеэ дурсахгүй юу? Таны багш хэн байв?

   -Одоо би үйлдвэр техникийн албанд инженерээр ажиллаж байна. Тухайн үед төгсөж ирсэн инженерийг мэргэжлийн ажилчнаар хоёр жил ажиллуулдаг байлаа. Би хоёр жил токарьчин хийсэн. Олдох гэж хүн миний токарийн багш. Лида эгчийг дагалдан ажиллаж  фрезерийн мэргэжилдээ жаахан дадлагажсан. Лида эгч чинь нэрт орчуулагч Баяраа агсны гэргий. Эрдэнэтийнхэн Баяраа агсанг андахгүй. Манай үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга байсан. Лида эгч тухайн үед Арьс ширний үйлдвэрээс намын томилолтоор Эрдэнэтэд ирсэн юм билээ. Лида, Молор гээд хоёр мундаг токарьчин байлаа.
 
   -Та токарьчин, мастерын ажил хийж байгаад инженер болсон. Эдгээр ажлын онцлогийн талаар ярина уу?
   -Токарь дээр ажиллаж буй хүн эргэлтийг нь сайн ажиглах ёстой. Илүү дутуу юм унжуулж болохгүй. Хөдөлмөр хамгааллын хэрэгслээ бүрэн өмсөж ажиллах хэрэгтэй. Экскаваторын шанага угсарчихсан байхад энд орсон боолтыг би зорж хийсэн шүү дээ гээд бодохоор нэг сайхан сэтгэл ханамж авдаг юм. Тэр шанагаар чинь өдөрт хэчнээн тонн уулын цул ачиж байгаа билээ. Одоо би ээлжийн дарга, мастерууддаа ирсэн зургийн дагуу ажиллах үүрэг өгдөг. Цаг хугацаа шаардсан шуурхай хийх ажлыг нь ялгаж хуваарилдаг. Мастер нь энэ ажлыг хэнд өгвөл түргэн шуурхай, чанартай хийх үү гэдгийг мэдэх хэрэг. Тэгээд хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөд ажиллуулдаг. Ээлжийн мастер хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журмыг бүх ажиллагчдаар чанд мөрдүүлэн ажиллуулах үүрэгтэй. Өглөөнөөс орой хүртэл осол авааргүй ажиллаад гэртээ очих тэр нөхцөл боломжийг ханган ажилладаг хариуцлагатай алба бол мастер юм. ЗМЗ-ын Үйлдвэр техникийн албаны 6 мэргэжилтэн нэг өрөөнд суун ажиллаж байна. Бид үйлдвэрийн цех, нэгжүүдээс захиалга авдаг. Баяжуулах фабрикийг гэхэд нэг хүн хариуцах жишээтэй. Би үйлдвэрийн бүх жижиг цехүүдээс хэрэгцээтэй резинэн эдлэл, ачаа оосорлох хэрэгслийн захиалга авч ажилладаг. Дулааны цахилгаан станц, Ган бөмбөлгийн цех гэх мэт том цехүүдээс захиалга их ирнэ. Цехүүдээс ирсэн захиалгын дагуу эхлээд зургийг нь гаргуулна. Дараа нь технологичид захиалсан эд материалыг хийх ажлын дарааллыг бичиж өгдөг. Эндээс тухайн ажлыг тэд дүгээр зэргийн токарьчин тийм хугацаанд хийнэ гэсэн тооцоо гардаг. Тэгээд тухайн эд ангийг хийсэн үнийг нь гаргана. Үнэ нь гарлаа, архивт хийлээ гүйцээ. Технологитой зургаа цехдээ өгнө. Тухайн эд ангийг хийх бэлдцээ харна. Бэлдэцгүй бол Материал техник хангамжийн баазаас бэлдэц татаж авчирна. Ийм л ажил үүргийн хуваарьтай ажилладаг даа.
  
   -“Эрдэнэт” үйлдвэрийн талаарх таны бодлыг сонсъё?

   -Би үйлдвэрээрээ бахархдаг. Газар газрын энэ олон хүмүүсийг ажил амьдралтай нь залгуулж байна. Тэгэхээр би эхнэртээ, энэ баян хангайдаа цай сүүнийхээ дээжийг өглөө бүр өргөж бай гэж захидаг. 1987 онд манай Механик цехэд 280 хүн ажиллаж байсан. Үүний 130 нь монгол,150 нь орос мэргэжилтнүүд  байлаа. Одоо 268 хүн ажиллаж байх жишээтэй. Үүний 258 нь монгол, 10 орос хүн ажиллаж байна. Эхлээд нэг орос мэргэжилтнийг нэг монгол дагалдан багш шавийн барилдлагатай ажилладаг байлаа. Тухайн үеийн орос мэргэжилтнүүд их чадварлаг, өөрийн эзэмшсэн бүх зүйлээ шавьдаа өвлүүлэх чин сэтгэлтэй байж. Зарим нь нутаг буцахдаа өөрийнхөө хэрэглэдэг багажаа шавьдаа бэлэглэчихээд явдаг байлаа. Бид оросуудаас их юм сурсан. Өнөөдөр би ЗМЗ-ын хамгийн ахмад ажилтан болчихсон явж байна.
  
   -Таны оюутан цагийн найз нараас Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүн бий юу?

   -Нэг зүйл сонирхуулахад манай цехийн дарга бид хоёр их сургуулийн нэг ангийн оюутнууд. Би ажиллаж байгаад дээд сургуульд элсэн орсон юм. Тухайн үед үе тэнгийн юм шиг л явдаг байлаа. Нас ахиад ирэхээр 4-5 насны зөрүү мэдэгддэг юм байна.
  
   -Өдий олон жил ажиллачихаад бие эрүүл яваагийн нууц юунд байна вэ? Та төрсөн нутагтаа очиж амардаг уу?

   -Ойрхон болохоор зун нутагтаа хоёр долоо хоног амарчихдаг байлаа. Хөгшид цөөрөөд ирэхээр нутаг явах нь багасдаг юм уу даа. Би хадам ээжийнхээ буянаар өдий зэрэгтэй эрүүл яваа  гэж боддог. Энэ хүний зөвлөснөөр Архангайн Мухар хужиртын рашаан сувилалд  20 гаруй жил явж эмчлүүллээ. Энэ рашаан Архангайн Эрдэнэмандал, Цэцэрлэг хоёрын дунд байдаг. Хүмүүс энэ рашааны боргионд  цохиулж, ууж хэрэглэдэг. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс энэ рашаанаас уугаад өвчин нь илааршсан тохиолдол олон бий. Би ганцаараа яриад байдаг өвчтөн эрүүл болоод явахыг харсан. Сайхан хангайн  байгалийн эмчилгээ юм даа. Их хүйтэн рашаан. Хүн боргионд нь минут сууж чаддаггүй. Тийм хүйтэн.
  
   -Танай сумын засаг дарга эмэгтэй хүн гэсэн. Давуу тал ажиглагдах юм уу?

   -Ер нь айлын эмэгтэй гэрээ цэвэр цэмцгэр авч явдаг биз дээ. Сум бол нэг айл. Түүн лүгээ адил эмэгтэй засаг даргатай болоод тэр үү манай сум цэвэрхэн харагдаад байгаа юм. Эмэгтэй хүн сум орноо хөгжүүлж, өнгөтэй байлгахад эрчүүдээс арай илүү анхаарал хандуулдаг юм болов уу гэж боддог. “Аливаад зөв санаж, сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй хэмээн тэр байн байн хэлэх. Миний, бидний хүч хөдөлмөрөөр энэ баялаг бүтээгдэж байна. Миний, бидний үйлдвэр гэсэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөх ёстой юм. Хүн бүхний оролцоо, хөдөлмөрийн үр дүнд манай үйлдвэр бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж ирсэн. Биелүүлэх ч ёстой. Төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж байгаа чинь тэнд ажиллаж буй тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Энэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж буй газар нь манай Засвар механикийн завод. Тэгэхээр би хамт олноороо бахархдаг. Манай цехэд 600 гаруй хүн ажилладаг том газар. ЗМЗ-ын хамт олны хийсэн тоног төхөөрөмжөөр энэ үйлдвэр ажиллаж төлөвлөгөө нормоо биелүүлдэг гээд бодохоор бахархахгүй байхын аргагүй. Ингээд бодохоор чанартай бүтээгдэхүүн гаргахын төлөө хүн бүр хичээж, урам зоригтой ажиллах ёстой. Бид өдөр бүр үнэгүй хооллож байна. Олон төрлийн тэтгэвэр, тэтгэмж авч байна. Эрдэнэт үйлдвэрийн маань буян их гэж тэр нэмж өгүүлэв. Тэрбээр Политехникийн дээд сургуулийг Машин үйлдвэрлэлийн технологи, металл зорох суурь машин багажны механик инженер мэргэжлээр төгсөөд 1987 онд ГУУҮЯ-ны томилолт өвөр-лөн үйлдвэрийн Засвар механикийн заводын ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж мастер, хэсгийн дарга, үйлдвэрлэлийн инженерээр өнөөг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа уул уурхайн тоног төхөөрөмжийг засварлах технологи, ажлын тэргүүний арга барилыг эзэмших, оновчтой санал санаачилга гарган, залуу ажилчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллажээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн жигд ажиллагааг хангахад бодит хувь нэмэр оруулж үйлдвэрийн төлөвлөгөөт даалгаврыг цаг хугацаанд тогтмол давуулан биелүүлж ирсэн аж. Тэрбээр тоног төхөөрөмжийн засварын ажлыг боловсронгуй болгох, гар ажиллагааг хөнгөвчлөн, импортоор авдаг өндөр үнэтэй зарим эд ангийг хямд төсөр материалаар орлуулан хийж, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх зорилгоор 19  сая гаруй төгрөгийн үр ашиг бүхий оновчтой санал 5-ыг гарган үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Мөн металл боловсруулах, цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх, стандартын бус тоног төхөөрөмж хийх, металлыг резинээр хуяглах, тоног төхөөрөмжийн засвар, эд ангийг сэргээн засварлах технологийн горим боловсруулжээ. Тэрбээр бүтээгдэхүүний ажиллах цагийг уртасгаж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх олон шинэ санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь эдийн засгийн үр ашиг өгсөн байна. Тухайлбал, Баяжуулах фабрикийн ГрАТ-1400 шахуургын ажлын дугуй, хуягийн геометрыг өөрчилж, ажиллах цагийг уртасгасан. Мөн Багануурын уурхайн тээрмийн дамжуулах арааны зураг гарган зогссон  тээрмийг богино хугацаанд ажилд оруулжээ. Түүнчлэн металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмжийг гагнах үед гажилт үүсгэхгүйн тулд тусгай хэрэгсэл санаачлан хийсэн, ЭКГ-10 эксковаторын шанаганы урд хойд эрүүнд (стенкэнд) фаска татсанаар түүний чанар дээшилж, электрод болон хүн/цаг хэмнэсэн, засварлаж буй шанаганы элэгдсэн хажуу талын ханыг ашиглан насосны эд анги болон фланец хийх болсноор их хэмжээний материал хэмнэжээ. Мөн Өөрөө нунтаглах хэсгийн стандарт бус балкийг Засвар механикийн заводын нөхцөлд тохируулан тусгай хэрэгсэл санаачлан гагнасан нь импортоор авах бүтээгдэхүүнийг орлож зардал бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Тэрбээр 1987 онд Хөдөлмөрийн алдар алтан медаль, 1998 онд Төрийн өмчийн хорооны  хүндэт жуух бичиг, 2006 онд худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж, 2016 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Хүндэт дэвтэрт нэрээ бичүүлэн алдаршжээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх үгийг тэр хэлэх дуртай. Би ганцаараа юу ч хийж чадахгүй, амжилтад хүрэхгүй гэх. Олны хүч оломгүй далай гэсэн зарчим баримталж, ямар ч хүндрэл бэрхшээл тулгарахад гарц олж ажилладаг нь түүний  амжилтад хүрсэн нууц бололтой. Тэр өнөө л элгэмсэг зангаараа миний дүү, манай найз гэсээр хүн бүхэнтэй нөхөрлөн бидний дунд уйгагүй хөдөлмөрлөж явна.


                                                                    Т.БАТЧУЛУУН
 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:26
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог