×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Х.Цэрэндаш: Эрдэнэт үйлдвэр намайг хөгжүүлсэн Онцлох

22 3-р сар 2017 12:00
845 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн Гал унтраах 58-р ангийн сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч Хундагын Цэрэндашаас ярилцлага авах санаатай утас цохилоо. Тэгсэн шалгалтаар явж байна, дараа нь хичээл заана, орой нэг цэнгүүн хөтөлнө, ер нь завгүй дээ гэв. Ямар гээчийн сүрхий нөхрийг “амлаад авав” гэж бодох зуур бүр хорхойсоод явчихлаа. Эргүүлдэж байж нэг юм уулзсан нь энэ.    

    - Таны ажил дуусав уу?
    - Ажлаа зохицуулаад ирлээ. Хичээл зааж байхад л залгаад байх юм. Цехүүдийн ажиллагчдад галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт явуулдаг юм. Би өнгөрсөн жил давхардсан тоогоор 76 цехийн 3400 ажилтан, албан хаагчид энэ талын мэдлэг, мэдээлэл олгосон байна лээ.
    - Өмнө нь гал команд гэж байхад зөвхөн гал унтраах чиглэлээр ажилладаг байсан. Одоо Онцгой байдлын байгууллага болсноор та бүхний ажил үүрэг нэмэгдсэн үү?   
    - Тэгэлгүй яахав. Манайхан гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэдэг. Галын аюулаас гадна үер ус, зуд турхан, малын гоц халдварт өвчин, за тэгээд манай муур тагтнаас унах гээд байна гэхэд хүртэл очих жишээний. Тангараг өргөсөн юм чинь аль л хэрэгтэй газар нь хүрч очно ш дээ.
    - Сэтгэлд үлдсэн хамгийн том ажил...?
    - Нилээн дээхэн үед дээ. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 1200-ын труба бөглөрч аваарын байдалд орсон байсныг цэвэрлэх ажилд би таван залууг ахалж гарсан юм.Хиймэл нуурын 10, 20 м-ийн газар дор, агаарын дутагдалтай, амь нас эрсдэх аюултай хүнд нөхцөлд дагтаршсан лаг шавар цэвэрлэх ажил гүйцэтгэсэн.  
    - Труба дотор орж цэвэрлэсэн гэсэн үг үү?
    - Тийм. Өөрөөр хэлбэл 1 м20-ын трубаны метр нь лаг шавраар дүүрчихсэн 20 см-ын зайгаар “галуун цуваагаар” ар араасаа мөлхөж эхний хүн лаг шавраас хүрздээд хойш шидэхэд дараагийн хүн миний шидсэнийг хойш нь шиднэ. Ийм байдлаар би урагшаа 5 алхаад буцаад нэгийгээ лаг шавар дээгүүр олсоор татаж гаргана. Өөрөө зүтгээд гарах нөхцөл байхгүй. Өдөрт 10 м газар л цэвэрлэнэ. Тэндээс гарч ирэхэд энэ Цэрэндаш гэж танихын аргагүй. Тэр нь зүгээр ч нэг шавар биш. Зэс молибден ялгасан хортой, хоргүй, хүн усанд орсон бохир гэсэн үг.
    - Хэр хэмжээний урт хоолой цэвэрлэсэн бэ?  
    - 1860 метр трубаг бид 2 сар шахам цэвэрлэсэн. Араасаа агааржуулалтын систем тавиулж байгаад ажиллана. Байгаль орчныхон хэмжилт хийгээд агаарын хэт дутмагшилтэй, оруулахгүй гэж хориглож байсан шүү дээ.
    - Ийм дүгнэлт сонсоод ажиллахад сэтгэл зүйн хувьд ямар байсан бэ?
    - Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу халуун нас болохоор гал гарвал орчих гээд л, гамшиг тохиолдвол явчих гэсэн эрмүүн сэтгэлтэй явлаа. Онцгой байдлынхаа ажлаар их бахархдаг. Эх орныхоо төлөө зүтгэх цэрэг миний үүрэг гээд бодчихсон. Хэдий аюулгүй ажиллагаагаа хангаад олсоор холбоод орж байгаа ч гэнэт хоолой цоороод ус ороод ирвэл аврах аргагүй шүү дээ. Одоо бодоход аймшигтай санагддаг. Труба дотор өглөө 10 цагт ороод 13 цагийн үед гарч ирдэг байсан.  
    - Тэр хүнд хэцүү ажлын дараа та нарыг ямар гавьяа шагнал хүлээж байв даа?    
    - Нэг хүнийг 600-800 мянган төгрөгөөр урамшуулсан санагдаж байна. 2004 оны 800 мянга гэдэг чамлахаар мөнгө байгаагүй ээ. Одоогийн энэ ХАБЭАБОХХ-ийн Д.Цагаан-Эрдэнэ дарга тэр үед бас ХАБ-ын чиглэлээр ажилладаг байсан.
Биднийг труба руу ороход үдээд гарахад угтдаг байж билээ. Цэвэрлэгээ дуусаад компанид хүлээлгэж өгөхөд Орос талын хамгийн том дарга Соколов гэж хүн өөрөө биднийг дагуулан 1200-ын трубан дотор тонгойн явж шалгаад баяр хүргэж байсан нь санаанаас гардаггүй. Ер нь тэгээд Говилын банз хатаалгын цехийн их хэмжээний гал, Баяжуулах үйлдвэрийн дунд бутлуурын тээрэм дотор хоёр хүн орсныг аврах ажиллагаа гээд сэтгэлээс гардаггүй олон ажил бий. Манайхан нэгийг нь амьдаар нь аварч чадсан. Нөгөөхийг нь олж гаргасан. Тээрэм дор дарагдаж амь эрсэдсэн хүнийг олж гаргана гэдэг нарийн ажиллагаа. Өөрөө нунтаглах хэсгийн хажуугийн худаг руу хүн орж осолдсоныг гаргасан, Дулааны цахилгаан станцын цаад талд зогсож байсан тракторын араас согтууруулах ундаа хэрэглэсэн 2 залуу машинтайгаа мөргөснөөс чихэгдэж амь насаа алдсаныг машинд нь задаргаа хийж гаргасан гээд яриад байвал олон гамшиг осол дээр очиж байлаа.
    - Дараа нь өөрийгөө хэрхэн ариулдаг вэ?  
    - Зарим хүмүүс буяны ажилд яваад ирэхэд хүртэл цэрвэдэг шүү дээ. Бид бол төрийн сүлдэндээ залбираад явчихад л болно.
    - Ингэхэд цэргийн хүн болсон дурсамжаа хуваалцаач?
    - Би чинь Увс аймгийн Давст сумын Ю.Цэдэнбал даргын нутгийнх. Хоёр ахыгаа түшиж 1996 онд Эрдэнэтэд ирсэн юм. Нийгмийн шилжилтийн үе үргэлжилж улсын эдийн засаг, боловсролын салбар уналтанд орсон цаг. Боловсролгүй, таг хөдөөний “амьтан” барилга дээр ажилладаг байлаа. Бас болоогүй ээ, эхнэртэй, том хүүхэд маань төрөх гэж байсан юм.
Тэгсэн манай хүний эгчийн найз “Эрдэнэт” үйлдвэрийн Гал унтраах ангийн дарга, хурандаа С.Мөнхбат гэж хүн “Манайх хүн авч байгаа очиж шалгалт өгөөрэй” гэдэг юм.
    - Өөрийн тань ямар нэгэн сайн талыг мэдэрсэн болохоор л урьж дээ?
   - Тэр үед манай хадам аавын бие тааруу, би асардаг байсан. Хажуугаар нь ажил л олдвол голохгүй хийнэ. 1500 төгрөгөөр нүх ухна, талх боовны цехэд гурил зуурна, барилга дээр ажиллана. Сүүлд С.Мөнхбат даргын ярианаас ажихад хөдөөнийхөөрөө “эвдрээгүй” сайн залуу байна гэж их үнэлж тоосон шиг байгаа юм. Тэгээд л анх Гал унтраах ангид жолоочоор ажилд орсон доо.   
    - Форм анх өмсөхөд ямар сэтгэгдэл төрдөг юм байна?
    - Тэр их гоё дурсамж. Би чинь тэр үед урт үстэй, тэрийгээ гэлийтэл хойш нь боогоод резиндчихсэн. Тэгсэн хэрнээ дээл хөөргөөд бүсэлчихсэн үнэн сонин төрхтэй нөхөр явлаа ш дээ. Багаасаа урлаг соёл сонирхсон ухаантай болохоор бас хэлбэр хөөгөөд үсээ ургуулчихсан. Тэгээд дагалдах ажилтны тушаал гарч дүрэмт хувцас өмсөх болоход үсээ засуулна биз дээ. Маргааш нь ажлынхаа гадаа зогсож байхад ах нар танихгүй “Үстэй дээлтэй, үсээ резиндчихсэн нөхөр яваад байсан аль салаа руу орсон бэ” гээд хажуу дахь хүнээс маань асуугаад “элгийг нь авсан”.
    - Тэр цагаас хойш дэд ахлагчаас дэслэгч болтлоо явж дээ.    
    - Гал сөнөөгч, бага дарга, салаан захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. “Маргад” дээд сургуульд гамшгийн менежмент, байгаль экологийн чиглэлээр сурч дээд боловсрол эзэмшлээ. Соёлын арга зүйчээр ажиллаж байхад өөрийгөө боловсруулах, нээх тал дээр “Эрдэнэт” үйлдвэр намайг  хөгжүүлсэн.
    - Цаг зав гаргасанд баярлалаа.

Ярилцсан М.ОДГЭРЭЛ

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:25
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог