×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Б.Батбаяр: Хөдөлмөр надад хатуужил, ухаарал, аз жаргал бэлэглэсэн Онцлох

13 6-р сар 2016 12:00
723 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бол баялаг бүтээгчид. Тэдний дунд өрөмдлөгийн ажлаар дэлхийн рекорт тогтоосон цорын ганц ажилтан нь Хүдрийн ил уурхайн өрмийн машинч Б.Батбаяр юм. Тэрбээр хийж бүтээснээ миний гэхээсээ илүү бидний ажлын амжилт хэмээн ярих. Түүнтэй уулзаж ярилцлаа.


    -Таны унасан газар, угаасан ус хаана вэ?
     -Хангайн нурууны салбар Хан-хөхий нуруунд төрсөн. Ерөөлөөр энэ сайхан монгол орныг олж, Ханхөхийд төрснөө их хувь заяа гэж боддог. Ханхөхий бол төрийн тахилгатай хайрхан. Ханхөхийн хөх салхиар илбүүлж өссөн эрчүүдийн нэг. Энэ нутгийн тухай нэрт эрдэмтэн Бямбын Ренчин нэгэн сонирхолтой зүйл бичиж үлдээсэн. Юу гэж үү. Та их сонирхсон байдалтай харж байна. (Инээв.)
     -Тэгэлгүй яахав. Нэрт эрдэмтний юу ярьсан нь сонин байна?
     -“Хангай   гэж   хангалуун   буюу хүслийг хангахуй хэмээх үг. Хан-хөхий гэж чухамдаа яруу найргийн уянгатай сайхан нэр. Үүнийг “Царственный синий” хэмээн орчуулахад орос хүн уулга алдан гайхан биширдэг. Анагаах хийгээд урлахуйн ухааны нууцыг газрынх нь нэрнээс мэдэж болно” хэмээн билгүүн номч бичгийн их хүн  хэлсэн.
     -Сонин л юм байна. Та цэргийн алба хаана хаасан бэ?
    -Хуучнаар НАХЯ-ны харъяа цагдан сэргийлэхийн 0230-р батальонд алба хаасан. Тухайн үед цэргийн алба хаасан хүнийг жинхэнэ эр боллоо гэж үздэг байлаа. Арми надад асар их оюуны ухаарал, бие бялдрын хүмүүжил,хатуужил олгосон. Бага дарга, “Онц сэргийлэгч” тэмдэгтэй цэргийн албаа нэр төртэй хаасан шүү.
    -Анх Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болчихоод юу бодогдож байв?
    -Дэлхийн 10 том үйлдвэрийн нэг гэж “Эрдэнэт”-ийг хүмүүс ярьдаг байсан. 1982 оны хавар Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд туслах машинчаар анх ажилд орсон. Эхний өдөр ажлын даалгавраа авахад бүх зүйл орос хэл дээр явдгийг ойлгосон. Нэг ч үг ойлгоогүй. Ингээд орос хэл бага ч атугай мэдэх шаардлагатай тулгарсан. Орос хэлний курст бүртгүүлээд л Орос-Монгол хэлний толь бичиг байнга авч явдаг байлаа.
     -Ажил, хөдөлмөрөөс та яг юу олж авсан бэ?
     -Их хүч хөдөлмөр хүнийг хатуужуулж ухааруулдаг. Ээжийнхээ сүү өргөн зөөллөсөн цагаан замаар ажилдаа сэтгэл хангалуун яваад орой ажлаасаа тайван бууж гэр бүл, ач, зээ нарынхаа зүг алхан очих их аз жаргалтай санагддаг. Тэгэхээр хөдөлмөр надад ухаарал, аз жаргал бэлэглэсэн байна.
     -Хамт олныхоо талаар ямар бодолтой явдаг вэ?
      -Нүдэнд харагдахгүй, гарт бариг-дахгүй сэтгэл гэж байдаг. Манай бригадынхан гар сэтгэл нийлсэн хамт олон. Иймээс 2003-2016 он хүртлэх хугацаанд 5 удаа ажлын дээд амжилт тогтоогоод байгаа. Манай хамт олон дотор Монгол улсын тэргүүний уурхайчин гурав, үйлдвэрийн хөдөлмөрийн аварга хоёр, шилдэг ажилтан нэг ажиллаж байна.
     -Таны багш хэн бэ?
    -Анх ажилд ороод тэр үеийн АИХ-ын депутат, хотын 4 удаагийн хөдөлмөрийн аварга, үйлдвэрийн ууган хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы бригадад Ө.Даваа машинчийн туслахаар очиж байлаа. Ажлаа арван хуруу шиг мэддэг, шилдэг багш нарын гар дээр очсон болохоор миний ажлын хандлага зөв тогтсон гэж боддог. Цэргийн алба хааж ирээд А.Идэрсүрэн ахлагчтай бригадад хуваарилагдаж Виктор Павлович Мойсеевич багшийн шавь болж хоёр жил орчим ажилласан. Эдгээр багш нараас их зүйл сурсны хүчинд өдий хүртэл ажиллаж амжилт гаргах суурь болсон гэж ойлгодог. Одоо ч багш нартайгаа холбоотой байдаг.
     -Эрдэнэт үйлдвэрийн талаарх таны бодлыг сонсъё?
      -Хөдөлмөрийн багтаамж ихтэй энэ том үйлдвэр тасралтгүй, найдвартай олон жил ажиллах нь монгол хүн бүхэнд ашигтай. 2015-2016 онд БФ-ийн ӨНХ-ийн болон Ган бөөрөнцгийн   цехийн   өргөтгөл   хийгдлээ. “Эрдэнэт медипас” эмнэлэг, ”Эрүүл мэнд”-ийн зам гэх мэт нийгмийн чиглэлийн олон ажлыг эгэл жирийн ажилчид, удирдлагуудтайгаа хамтран бүтээлээ. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг  гэрэл  гэгээтэй, өөдрөг харж байна.
     -Та өрөмдлөгийн ажлаараа дэл-хийн рекорд тогтоосон. Энэ талаар ярина уу?
      -Энэ их ажлыг би ганцаараа хийсэн юм биш. Бид хийсэн гэж ярих учиртай.Өөрөөр хэлбэл бид хийсэн гэвэл үнэнд нийцнэ. Бригад ахлан ажилладаг хүний хувьд яах аргагүй амжилт нь надтай холбогддог. Манай бригад 2003-2005 онд гурван удаа ажлын  дээд амжилт тогтоосон. 2012-2015 онд 2 удаа ажлын дээд амжилт тогтоогоод байна. Энэ бол хамт олны амжилт. Ажлаа цаг хугацаанд нь хийгээд явж байхад амжилт бүтээл гардаг юм байна. 2014 онд 92000, 2015 онд 93000 уртааш метр тэсэлгээний цооног өрөмдсөн. Энэ нь рекорт амжилт байлаа. Ажлын амжилтаараа машинч Н.Чинбат үйлдвэрийн хөдөлмөрийн аварга болсон. Эндээс монгол хүний оюун ухаан, өндөр ур чадвар, техник сэтгэлгээ харагдана.
     -Та хэдэн шавьтай вэ?
     -Ер нь олон шавьтай. Миний ууган шавь Монгол улсын тэргүүний уурхайчин Д.Зоригт. Машинч Д.Энэбиш, Д.Саран нар МУ-ын тэргүүний уурхайчин болсон. Инженер Н.Мөнгөнхүлэг, туслах машинч П.Отгондаваа, Н.Батболд нарын шавь нар маань үйлдвэртээ, уурхайдаа маш сайн ажиллаж байна. Шавь Х.Отгонжаргал 18-р өрмийн бригадын даргаар дэвшин ажиллаж байгаа.
     -Өдий олон жил ажиллахдаа өвчин хуучгүй яваагийн нууц юунд байна вэ?
     -Би өөрийгөө цоо эрүүл гэж хэлэхгүй. Ер нь 30 гаруй жил үйлдвэрийн хэвийн бус нөхцөлд уурхайн өрмийн ажил хийх тийм ч амар биш. Хүнээс амьдралын зөв дадал их шаардана. Зөв хооллож, амрах, рашаан сувилалд явах, урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагдах гэх мэт олон хүчин зүйлээс хувь хүний эрүүл мэнд хамаарах болжээ. Хань маань  эмнэлгийн мэргэжлийн хүн болохоор миний эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавьдгийн ач тус бас байгаа.
     -Таны шүтээн юу вэ?
      -Өндөр дээд өвөг дээдэс, Хан-хөхий минь. Хайрт ижий минь.
     -Авсан гавьяа шагнал юу билээ?
      -Цагдаагийн онц сэргийлэгч, Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, МУ-ын тэргүүний уурхайчин, Орхон аймгийн шилдэг 9 алдартны нэг, Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилтан, Алтан гадас одонтой. Нэг зүйл бүр сэтгэлээс гардаггүй. 1989 онд В.П.Мойсеевич багштайгаа “Шилдэг багш, шавь”-аар шалгарч байлаа.
     -Аливаа ажлыг шинээр хийхэд хүндрэл бэрхшээл тулгардаг. Таны хувьд саад бэрхшээлийг хэрхэн давж гардаг вэ?
      -Сэтгэл гаргавал ямар ч ажлыг хүмүүс хийнэ. Аливаа ажлыг амраас нь хүнд рүү хийх нь зүгээр байдаг.Суурийг нь зөв тавиад өгөхөөр ямар ч ажлыг хийж болно. Ер нь болохгүй бүтэхгүй ажил гэж энэ хорвоо дээр байдаг юм уу. Бүх юманд гарц бий. Эвийг нь олбол ажлыг хийх арга олдоно.
     -Төгсгөлд нь залууст хандаж юу хэлэх вэ?
      -Юун түрүүнд ахмадын үгийг  маш сайн сонсож бай. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй та нарын гарт очиж байгаа. Тиймээс бидний үеийнхэн их ажил хийж яваа. Та бүхэн биднээс илүү ихийг хийх болно. Амжилт таныг угтаж байхад, алдаа таныг отож байдгийг санаж сонор сэргэмжтэй ажиллах ёстой. Залуус та нартаа ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:19
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог