Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 28 4-р сар 2020

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эрдэнэт үйлдвэр ХАБЭА-н дэлхийн өдөрт онцгой ач холбогдол өгч, бодлогын олон хөтөлбөр төлөвлөн, бодитой ажил хэрэг болгодог юм.  Ажлын байранд ажил хөдөлмөр гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хангах асуудал нь хамгийн түрүүнд тавигддаг. Энэ утгаараа “Нэн түрүүнд-ХАБ” уриа Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байна. Ажилтан, ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, ажлын байрны эрсдэлийг арилгах, эрүүл ахуйн чанарыг сайжруулах чиглэлээр баримталж буй дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас амь насаа алдсан ажиллагсдынхаа дурсгалыг хүндэтгэх, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа ХАБЭА-н өдрөөр зохион байгуулж байна.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Нэн түрүүнд ХАБ” бодлогын хэрэгжилтийг ХАБЭА-н хэлтэс хангах чиг үүрэгтэй. Тус хэлтэс болон бүтцийн нэгжүүдэд нийт 63 ажилтан ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн ХАБ-ын үйл ажиллагаанд ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын манлайллыг дээшлүүлэх зэрэг нь тус хэлтсийн үйл ажиллагааны үндсэн бодлого юм. Түүнчлэн ажилтан бүрийн мэдээллийг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор 71300 тоот утас ажиллуулж, аюулыг мэдээлэх хуудас болон гар утасны аппликейшн нэвтрүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогыг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэл баримтлан ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн энэ чиглэлийн ажилтнуудын хүлээх үүрэг биш ажилтан, удирдлагуудын хамтын оролцоо, идэвх санаачилга, багаар гүйцэтгэх ажил байдаг. Үүний үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх ажлууд сайжирч, осол авааргүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бүрдэнэ гэдгийг ХАБЭА-н мэргэжилтнүүд онцоллоо.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс 

Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын хамт олон “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан “Сархиа” цанын баазын ойр орчимд мод тарилаа. Тус цогцолборынхон 2020 оны бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу цанын баазын эргэн тойрны хашааг дагуулж, 1 га орчим талбайд  2050 ширхэг мод шинээр тарьсан байна. “Өвөл зуны аль ч улиралд хүүхэд багачууд агаар салхинд гарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх гол талбай болдог “Сархиа” цанын баазын ойр орчмыг тохижуулж, ногоон байгууламжтай болгох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд бид эхний ээлжинд хамт олны хүчээр, дотоод нөөц боломжоо ашиглан мод суулгац тарих ажлыг зохион байгууллаа” гэж “Сархиа” цанын баазын дарга Я.Болд ярьсан юм.  

М.Балжинням

Фото: Б.Ялалт

 
Мягмар, 28 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 28

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 119 дэх өдөр. Он дуусахад 246 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +7 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 28. Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 5. Цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цагт жаргана. Энэ өдөр могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу  нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40). Хол газар явагсад баруун зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сарын цээртэй тул муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5165 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2785, евро 2992, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газрыг Москва хотноо байгуулсан зорилго юу вэ?

Хариулт: -Монгол, Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, аж ахуйн “Монголросцветмет” нэгдлийн үйл ажиллагааны эдийн засгийн нөхцөлийн дагуу үйлдвэрийн гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа, эрх өргөжиж байгаатай уялдуулан Москва хотноо төлөөлөгчийн газрыг 1989 онд байгуулсан юм. Уг төлөөлөгчийн газар нь дээрх үйлдвэрүүд биеэ даан гадаад худалдаа, наймааг эрхлэх, дээрээс тогтоож өгдөг валютын лимитээр хэрэгцээт материал, машин, тоног төхөөрөмж худалдан авах, зөвлөлтийн барилгын байгууллагуудад барилга угсралт, тохируулгын ажлыг хийж өгөх болон зөвлөлтийн үйлдвэрүүдтэй шууд харилцаа тогтоон хөгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах зорилготой.

Асуулт: -Улаанбаатарт байрладаг “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа юунд чиглэгддэг вэ?

Хариулт:-Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын үндсэн зорилго нь эх орны үйлдвэрийн болон улсын материал техник хангамжийн төвлөрсөн фондоор дамжин хуваарилагддаг импортын бараа, материалын хангамжийн асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хот, ЗХУ-д томилолтоор явж байгаа үйлдвэрийн ажилтнууд, зөвлөлтийн мэргэжилтнүүдийг угтах, зочид буудалд байрлуулах, үдэж гаргах үүрэгтэй ажилладаг. Төлөөлөгчийн газрын харьяа дамжлага бааз нь улсын материал техник хангамжийн төвлөрсөн баазуудад ирсэн барааг хүлээн авч хадгалан, үйлдвэрт вагоноор болон авто машинаар ачуулах зориулалттай. Төлөөлөгчийн газар нь өөрийн тооцооны харилцах дансаар дамжуулан худалдаа, хангамжийн байгууллагуудтай төлбөр тооцоо хийж, бараа материалыг олж бэлтгэхийн зэрэгцээ валютын дансны тооцооны асуудлаар улсын банкны гадаад гүйлгээний газартай харилцаж ажилладаг.  

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 
 
Эрдэнэс тээвэрлэгч белазууд эргэх цагт зогсохгүй ажилтай. Технологийн тээврийн авто машины засварын газрынхан байнгын ажиллагаатай аварга техникийг бэлэн байлгах үүрэг хүлээдэг. 140 гаруй хүнтэй энэ хамт олон Эрдэнэт үйлдвэрийн хүдэр тээвэрлэлтийн төлөвлөгөөг ханган биелүүлэхэд чухал оролцоотой. Бид тус хэсгийн үйл ажиллагаанаас сурвалжиллаа. 
 
Угаас цэгцтэй, цэмцгэр энэ гарааж, улам ч өнгөлөг харагдах. Том ч бай бага ч бай  ямар нэгэн засварын газрын орчин тос, тоостой байх нь хэвийн л үзэгдэл. Гэтэл белазын засварчин голдуу эрчүүд “амьдардаг” энэ орчны хана, туурга, шал гэрэл ойх юм. Бид эхлээд хэсгийн дарга С.Гантогоотой уулзсан юм. 
 
 
Энэ оны эхний улиралд  манай хэсгийн гол үзүүлэлт болох техникийн бэлэн байдлын коэффициент 091-тэй байгаа гэж хэсгийн дарга яриагаа эхлэв. Он гарсаар тендерээр сэлбэг нийлүүлэх байдал удааширснаас ихэнхдээ хуучин сэлбэгээ засварлаж байна. ЗМЗ-ын Цутгуурын цех техникийн шинэчлэлтэй холбоотойгоор түр зогссоноос шалтгаалан тэнд үйлдвэрлэдэг сэлбэгүүдийн заримыг засварчид  хийж байгаа аж. Энэ нь нэг талаас материалын зардал ихсэж, ачаалал нэмэгдэж байгаа ч нөгөө талаас нөөц бололцоогоо ашиглаж сэргээн засварлаж байгаа учраас багагүй хэмнэлт гарчээ. Тэд хавар, зуны ажлын төлөвлөгөөний дагуу тоос дарах зориулалттай усны тэрэгнүүдийг дулааны улиралд бэлтгэх, хаврын хуурайшлын нөхцөлд гал түймрээс сэргийлэх зорилгоор өнжмөл, шар өвсийг цэвэрлэх зэрэг ажлуудыг ч амжуулж байна. Тус хэсгийн удирдлага ХАБЭА-г нэн түрүүн авч үзэж олон ажил зохион байгуулдаг. ХАБЭА-н өдөр тутмын нэгдүгээр шатны, мөн хоёр долоо хоног тутмын  хоёрдугаар шатны үзлэг тогтмолжжээ. Саяхан  ХАБЭА-н хоёр, гурав, дөрөвдүгээр шатны шалгалт явагдаж, комиссоос өгөгдсөн даалгаврыг биелүүлэхэд анхааран ажиллаж байна. Эднийд “Өглөөний ХАБ” үйл ажиллагаа өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд  сүүлийн үед ноцтой эрсдэлийн системийг “Өглөөний ХАБ”-тай уялдуулах ажлыг цехдээ хамгийн түрүүн нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа эрсдэлийн  сэрэмжлүүлэг өндөржсөн тухай ажилчид ярьж байна.  “Өглөөний ХАБ”-ын үеэр эрсдэлийн үнэлгээ хийдэг. Жишээ нь өндөрт ажиллах даалгавар авсан ажилчин  ноцтой эрсдэлийн бүртгэл хөтөлж, тухайн ажлын байрандаа өндрөөс унах эрсдэлийн тэмдэглэгээ тавьдаг. Ингэснээр ажилчинд эрсдэлтэй ажил хийж байгааг нь сануулж, анхааруулж байгаагаараа онцлог. Тус хамт олон бүтээмжийн чиглэлээр өнгөрсөн жил 270 санал гаргасан бол энэ оны  эхний улирлын байдлаар 130-аад санал гаргажээ. Хэсгийн дарга ч “Сайн саналын систем”-д  хамт олноо манлайлан, дагуулдаг. Тэр санал бүрээ өөрийн нэр дээр бүртгүүлдэггүй ч өнгөрсөн онд 100 манлайлагчийн 25-д жагсжээ. Түүний санаачилсан хайрга цацагч төхөөрөмжийг суурилуулснаар тухайн төхөөрөмжийн эвдрэл багасаж, эдийн засагт багагүй  хэмнэлт гаргаж буй.  Технологийн тээврийн авто машины засварын хэсгийнхэн 5С буюу ажлын байр тохижуулахад олон зүйл  санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал,  сургалтын танхим, ажилчдын өрөөг өөрсдөө засварлаж, ажлын байр, гараашны 9100 м2 талбайтай шал будсан нь багагүй хөрөнгө мөнгө хэмнэжээ.    
 
Шинэхэн суурь машин дээр анхны сэлбэгээ зорж буй Эрдэнэт үйлдвэрийн болон Авто тээврийн цехийн хөдөлмөрийн аварга, токарьчин Ч.Банзрагчтай уулзахад:
 
 
-Би Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ токарьчнаар ажиллаж байна. Эвдэрсэн гэмтсэн эд ангийг сэргээн засаж, орлуулан хийдэг ажилтай. Одоо тоормосны фланецыг манайд дөнгөж суурилуулсан шинэ машин дээр сэргээн засварлаж байна. Энэ маань Болгар улсад үйлдвэрлэсэн S10TM суурь машин. Өмнөх машин хуучраад алдаатай зордог болсон. Токарь бол маш нарийн хэмжээст ажилбараар бүтдэг ажил. Нэг мм алдахад л сэлбэг таарахгүй, гологдол гарна. Урт эд анги зорох зориулалттай ийм машинтай болсноор  ЗМЗ руу явуулж, цаг зав гарздахгүй,  өөрсдөө сэлбэг зорох боломж улам сайжирч байна. Гэмтсэн эд ангийг сэргээн засварласнаар шинэ сэлбэг авах  мөнгө хэмнэж байгаа гэсэн үг.  Ямар нэгэн сэлбэг дутсанаас белаз сул зогсвол Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт алдагдалтай. Иймээс би ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, санаачилгатай, сайн ажиллахыг хичээдэг. 
 
 
Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтын дөрөвт бичигдсэн, цахилгааны засварчин  Э.Улаанхүү: 
 
 
-Би Технологийн сургуулийн уул уурхайн тоног төхөөрөмжийн засварын жилийн курсийн анхны төгсөгч. 2007 онд төгссөн. 10 шахам жил хувийн байгууллага, Уул уурхайн компаниудад ажилласан. Ингээд 2017 онд  сонгон шалгаруулалтад тэнцэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчин болсондоо баяртай явдаг.  Миний хувьд белазын цахилгаан тоног төхөөрөмжийг засварладаг. Ажлаасаа шалтгаалан засварт ирж буй машинуудын  ойр ойрхон эвдэрдэг эд анги, сэлбэгийг  бат бөх болгож, ажиллах хугацааг уртасгах, ажлаа хөнгөвчилж,  ачаалал багасгахын төлөө ухаанаа уралдуулан, шинийг сэтгэн ажилладаг. Тухайлбал, белазын генераторын хүчний контакторын толгойн сэлбэг дангаараа ирдэггүй. Гүйдэл дамжуулах хэсгийн зөөлөн холбоо, даруулга зэрэг нь гүйдлээ даахгүй тасарчихдаг. Үүнийг зузаан материалаар орлуулсан. Ингэснээр, сард 2-3 эвдрэл гардаг байсан бол одоо 2-3 сард нэг орж ирэх жишээтэй. Ер нь санал санаачилга ажил хийх явцад ундардаг. Нэг ажлыг хийх явцдаа задаргаа ихтэй, түвэгтэй үйлдэлтэй зүйлийг аль болох хөнгөвчилж, шуурхай найдвартай болгох өнцгөөс хардаг. Мөн журмын нөхдийнхөө ажлыг ч хөнгөвчилнө. Жишээ нь, энэ контакторыг засварлаж, бэлдэж чадахгүйгээс болж бүтэн өдрийн ажил алдаж болохгүй л дээ.  Эрдэнэт үйлдвэр, цех хэсгийн удирдлагууд  санал санаачилгыг дэмжиж, урамшуулдагт нь бид их баярладаг. Ажилчин хүн санаачилгатай байснаар  цаг хэмнэх, ажлаа түвэггүй хийх ач холбогдолтой. Нөгөө талаас урамшуулал нь ажилчин бидний амьдралд дэмтэй юм даа гэж ярьсан юм. 
 
 
Бид сэлбэгийн өрөөгөөр орлоо. Жижигхэн ч тун цэгцтэй юм. Өмнө нь энэ өрөө эмх цэгц муутай, хэн нэгэн ямар нэг багаж олох гэж нэлээн цаг хугацаа бардаг  байж. Энэ байдлыг Э.Улаанхүү цэгцэлжээ. Машины хаягдал төмөр ашиглан багаж хийх том шкаф,  мөн хэрэгцээнээс хасагдсан модон шкафны яс модыг ашиглан сэлбэгийн олон тасалгаат шүүгээ хийж, багаж сэлбэгийг  жирийтэл өржээ. Энэ өрөөнд бүхий л эд юмс өөрийн байртай. Эрж, хайж цаг алдах шаардлага алга. 
Ийнхүү, Технологийн тээврийн авто засварын хэсгийн орчин цэмцгэр, ажил нь өөдрөг байна. 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог