Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 24 4-р сар 2020

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Д.Бат-Эрдэнэ ахлагчтай хамт олон өглөөний ХАБ-ын сургалтыгтогтмол зохион байгуулж хэвшжээ. Тусхэсгийн гагнуурчин П.Мөнхбаатар пүрэв гарагийн өглөөний ХАБ-ын мэдээлэлд коронавирусын цаг үеийн байдлыг танилцуулж, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн заавар зөвлөгөөг дагах хэрэгтэйг сануулсан бол энэ өдрийн өглөөний ХАБ-ын сургалтаар залуу ажилтан Т.Галхүү мэдээлэл хийлээ. Тэрээр коронавирусын халдвартай тэмцэж байгаа энэ үед дархлаагаа дэмжих нь чухал болохыг онцлоод энэ талаар бэлтгэсэн зөв хооллолт, илүүдэл жин, дасгал хөдөлгөөн, хориотой хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээллийг хүргэсэн юм. ХАБ-ын Хяналтын инженер П.Санжаажав ноцтой эрсдэлийн хяналтын самбар дээр энэ өдрийн гүйцэтгэх ажлын эрсдэлийг урьдчилан тооцоолж, түүнээс сэргийлэхэд ажилтан хүн яавал зохих талаар зөвлөгөө мэдээллийг өгч, хяналтын хуудсаа тогтмол тэмдэглэж байхыг санууллаа. Мөн тус хэсгийнхэн ажлын байрандаа дасгал хөдөлгөөн хийх өрөө тохижуулж, өдөрт 30 минут спортоор хичээллэгч хамт олон болжээ. Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгж бүрд өглөөний ХАБ үлгэр жишээ хэрэгжиж, ажилтан бүр аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг чанд сахин ажиллаж байна.

И.Чинтогтох

Баяжуулахүйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн жил Amazone UX11200 маркийн хоёр төрлийн техник авч, цагаан тоос дарахад ашиглаж байна. Саяхан эл маркийн шинэ чирэгч трактор хүлээн авч, цагаан тоосны талбайд ажиллуулж эхлэв. Amazone UX 11200 маркийн төхөөрөмж нь хоёр тийшээ 39 метр урт болж дэлгэгддэг, 11.2 тонн усны багтаамжтай. Холигч машины тусламжтайгаар кальци хлорид бодисыг усанд  найруулан, шингэлснийг шахаж хуурай талбайг норгоход уг төхөөрөмжийг ашиглана. Хаврын хуурайшилт болон салхины хурд их байгаа энэ үед цагаан тоосны дэгдэлт дарахад шинэ чирэгч тракторын ач тус өндөр байгааг инженер Л.Одонтунгалаг ярилаа. 340 морины хүчний чадалтай, 4 км цагийн хурдтай чирэгч трактор нэг удаагийн эргэлтээр 10 га орчим талбайг норгож, өдөрт хамрах талбайн хэмжээ хоёр дахин нэмэгджээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын албаны мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас технологийн гурван аргыг хослуулан цагаан тоос дэгдэлтийн нийт талбайн 80 орчим хувийг дарсан юм. Үлдсэн талбайд цагаан тоос дарах ажил өдөр тутам үргэлжилж, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн ажилтнууд хүч нэмэн ажиллаж байна.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын уран бүсгүйчүүд ажлын бус цагаараа 320 ширхэг амны хаалт оёж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед онцгой үүрэгтэй ажиллаж байгаа Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчдад бэлэглэлээ. Бүсгүйчүүдийн төлөөлөл, цехийн удирдлагын хамтаар өнөөдөр Гэрээт цагдаагийн хэлтсийн байранд очиж, амны хаалтаа гардуулан өгсөн юм. Тооцооны инженер Буяндэлгэрийн санаачилгаар хэрэгжүүлсэн энэхүү сайн үйлсийн аянд Дулааны цахилгаан станцын бүх бүсгүйчүүд нэгдэж, ажил хэрэг болгожээ. Тэд “Ариутгалд оруулсан амны хаалт зөв цагтаа, хэрэгтэй газартаа хүрч байгаа нь сайхан байна” хэмээн сэтгэлийн үгсээ хэлж байлаа. Гэрээт цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, хошууч Т.Хатанбаатар эрсдэлтэй өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад амны хаалт маш чухал байдгийг онцлоод стандартын дагуу тогтмол сольж хэрэглэх даавуун амны хаалт бэлэглэсэнд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлсэн. Баялаг бүтээгч уурхайчид ийнхүү сайн үйлсийн аянд нэгдсээр байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх Ухааны Академитай хамтран хэрэгжүүлж буй инновацийн дараагийн нэг хөтөлбөр нь “Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгох” төсөл. Энэ төслийн үр дүнд Эрдэнэт хот болон үйлдвэр барьж байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх 40 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан  лагийг боловсруулж, шимт хөрс болгох ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, анх удаа “гар хүрнэ” гэсэн үг. Төслийн зохицуулагч, Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн технологич Д.Золбооцэцэгтэй ярилцлаа.

-“Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгох” төслийн үйл явц ямар байдалтай хэрэгжиж байна вэ?

-2019 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтын ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон цагаас эхлэн өнөөг хүртэл 40 гаруй жилийн турш Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламжид хуримтлагдаж байгаа лагийг үнэргүйжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж,  цаашлаад шимт хөрс болгох, байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүн гаргах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Нөгөө талаас, Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын газар болон мэргэжлийн байгууллагуудаас цэвэрлэх байгууламжийн лагийг аюултай хог хаягдлын жагсаалтад орсон учир үүнийг боловсруулж, стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгон байгальд нийлүүлэх чиглэл өгсөнтэй холбоотой. Тиймээс энэ төслийн судалгаа, шинжилгээг хийж байна. Энэхүү төсөл маань 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Өнгөрсөн жил бид 97 хувийн чийглэгтэй лагийн чийглэгийг бууруулах, усгүйжүүлэх ажлыг хийсэн. Ингэхдээ шугам хоолойг нэмж татах, цахилгааны холболтуудыг хийх, насосыг шинээр суурилуулснаар талбайг усгүйжүүлсэн. Үүний дараа нь  ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй хамтарч туршилт судалгааны ажил хийгдэж байна. 1-р үе шат нь усгүйжүүлэлт хийгдсэн талбай дээрээ Химийн технологийн хүрээлэнгийн доктор Ж.Дугаржавын зохиогчийн эрхтэй “Гумины бэлдмэл”-ийг цацаж өгсөн. 2-р үе шат нь бэлдмэл цацсанаас 14 хонгийн дараа Биологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнцэнханд докторын гаргасан “био бордоо” бэлдмэлийг цацаж, энэ ажлыг хоёр үе шаттай хийсэн. Эхлээд үнэргүйжүүлж, дараа нь лаган дотор агуулагддаг гэдэсний болон бусад эмгэг төрөгч үүсгэгч бактериудыг дарангуйлах, шимт хөрс болгон хувиргахад ямар төрлийн нэмэлт бодис, фосфор фосфат шаардлагатайг тодорхойлохын тулд био бордоог ашиглаж байна. Энэ бэлдмэлүүд бүгд ШУА-ийн эрдэмтдийн өөрсдийн судалгаа шинжилгээнд  үндэслэн гаргаж авсан, өөрөөр хэлбэл Монгол нутгийн омгийн бактериуд гэж хэлж болно. Энэ бактериуд нь Монгол орны цаг уур, нутгийн онцлогт туршигдсан учир энд ашиглахад маш өндөр боломжтой гэсэн үг. Энэ жил бид лагаа усгүйжүүлж, бэлдмэл цацсан хэсгийг хуулж авах, түүнийг өөр талбайд хатаах, дараагийн шинжилгээний ажлуудыг хийж байна. Бэлдмэл цацахаас өмнөх лагийн бүтэц найрлага нь ямар байна, хэрхэн өөрчлөгдсөн эсэх, бордооны төрөл рүү ямар үе шаттай хүрэх вэ гэдэг шинжилгээнүүд мөн хийгдэж байна. Энэ ажлын дараа хатаасан лагийг нөхөн сэргээлтэд ашиглах уу, эсвэл ногоон байгууламжид ашиглах уу гэдэг асуудлыг шийдвэрлэнэ.

-Нийт хэдий хэмжээний талбайг хамарч байгаа вэ?   

-Манай цэвэрлэх байгууламж нийт 6 ширхэг лагийн талбайтай. Нэг талбай нь 10000 м3 багтаамжтай. Өнгөрсөн жил бид үүний нэг талбайд нь  бэлдмэл цацсан. Энэ жил 1-2 талбайд цацах төлөвлөгөөтэй. Лагийн талбайн ачаалал, цэвэрлэх байгууламжийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор бэлтгэл ажлыг одооноос хийж байна. Мөн ирэх сарын 10-ны үеэс лагийн талбайг усгүйжүүлэх ажил эхэлнэ. Усгүйжүүлсэн талбайдаа 9 сарын дунд үеэс үнэргүйжүүлэх бэлдмэл, бордоогоо цацна.

-Өнгөрсөн жилийн бэлдмэл цацсан талбайд үр дүн харагдаж байна уу?

-Яг одоогийн байдлаар лабораторид туршигдаж байгаа. Хатаах, шатаах гээд олон процесс дамжиж байж үр дүн нь харагддаг учраас эцсийн байдлаар дүгнэлт өгөхөд эрт байна. Лабораторийн туршилтын дүгнэлт хараахан гараагүй байна.   

-Төсөл хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнийг танилцуулаач?

-Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн инженер техникийн ажилтнууд, усны лабораторийн лаборантууд, ШУА-ийн Биологи болон Хими технологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнчинханд, Ж.Дугаржав нарын удирдлага дахь эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын хамтарсан бүрэлдэхүүн ажиллаж байна. Төсөл 2021 оныг дуустал хэрэгжихээр боловсруулагдсан. Улирлын чанартай буюу 5 сараас 10 сар хүртэлх хугацаанд үнэргүйжүүлэх ажил хийгддэг учраас хугацаа их шаардагддаг. Гэхдээ бид эхний үе шатны усгүйжүүлэх, бэлдмэл бордоогоо цацах ажлаа хийсэн болохоор шинжилгээний дүнгээс хамааран цаашид хэрхэн үргэлжлэх боломжтой нь тодорхой болно.

-Та бүхний санаачилсан лагийг үнэргүйжүүлэх төсөл хэрэгжээд дуусна. Мэдээж, хот суурин тэлэхийн хэрээр цэвэрлэх байгууламжийн лаг цаашид ч хуримтлагдсаар байх болно. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдвэрлэх бол? Мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Манай цэвэрлэх байгууламж нь  24000 м3 хүчин чадалтай өргөтгөл баригдаж байна. Энэ өргөтгөлийг барьснаар лагийг усгүйжүүлж, боловсруулах технологи нэвтэрнэ. Бидний  энэ удаагийн хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгох туршилт, судалгааны ажлаа үр дүнд хүргэхээр зорьж байна. Харин шинэ өргөтгөл ашиглалтад орохоор лагийн асуудал шийдэгдээд явах боломжтой болох юм. 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Баасан, 24 4-р сар 2020 00:00

Өнөөдөр 04 дүгээр сарын 24

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 115 дэх өдөр. Он дуусахад 250 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +3 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 7-9 м/сек байна.

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 24. Сугар гараг. Билгийн тооллын шинийн нэгэн. Дашнямтай, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Энэ өдөр үхэр, могой, тахиа, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хувраг тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Өдрийн сайн цаг нь  туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой. Хол газар явагсад баруун хойд зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас ахар болох муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5120 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2784, евро 3022, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 36.2, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэр байгаль хамгаалах шаардлагыг хэр зэрэг хангаж баригдсан үйлдвэр вэ?

Хариулт: -Бусад оронд байгаа адил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулж үзвэл Эрдэнэт үйлдвэр энэ шаардлагыг дэлхийн тавцанд ханган ажиллаж байна. Гэхдээ байгаль хамгаалах талаар бүх асуудлыг шийдчихсэн хэрэг биш л дээ. Уул уурхайн баяжуулах үйлдвэрлэлийн онцлог, техник технологийн хөгжлийн орчин үеийн дэвшилттэй уялдсан анхаарах зарим асуудал бий. Жишээлбэл уурхайн хөрс хуулалтын овоолго, баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуй зэрэг хүний нүдэнд содон тусдаг хэд хэдэн зүйл уул уурхайн баяжуулах үйлдвэр бүрийг дагаж явдаг. Манайд ч мөн адил. Харин эдгээрийг зохих газруудаас өгдөг шаардлагад нийцүүлэн ашиглахад бид онцгой анхаардаг бөгөөд энэ талаар зөрчилгүй ажиллаж байна.  

(Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 
 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог