Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 12-р сар 2019
   Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ-т тангараг өргөв. “Эрдэнэт хотын өдөр” болон “Анхдагч, илгээлтийн эздийн өдөр”-ийг тохиолдуулан Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөл тус үйл ажиллагааг зохион байгууллаа. Орхон аймгийн ИТХ-ын ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Жаргалант сумын ЗДТГ-ын 13 албан хаагч ёслолд оролцон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Орхон аймаг, Эрдэнэт хотын 100 гаруй мянган хүн амд үйлчлэх төрийн захиргааны алба тэднээр бүл нэмж, 400 орчим болж байна.  
 
У.Цэрэнбат
 
 
 
 
 
     Монголын волейболын холбооноос анхдугаар лигийн тэмцээнийг 1995 онд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Харин эмэгтэйчүүдийн лигийг 1997 оноос эхлүүлэн зохион байгуулж эхэлжээ. Ийнхүү 2011 он хүртэл 17 удаа лиг зохион байгуулаад найман жил завсардсан юм. Тэр хугацаанд МВХ-ны цомын аварга шалгаруулах тэмцээн нь лигийг орлож байжээ. Энэ жил Волейболын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан дээд лигийн тоглолтыг сэргээн зохион байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулах болсон. Дээд лигт эрэгтэй долоо, эмэгтэй найман баг өрсөлдөж, эмэгтэй багаас “Уурхайчин” багт ОХУ-ын нэг тоглогч ирсэн бол эрэгтэй бүх багт гаднаас тоглогч ирсэн. Лигийн тэмцээнд багууд гурван тойрог өрсөлдөж, нийт 108 тоглолтын дараа медалийн төлөө өрсөлдөх багууд тодроод байна. Медалийн эздийг цуврал тоглолтоос тодруулах бөгөөд түрүүлж гурав хожсон нь ялна. Шигшээ тоглолтууд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “MNB Sport” суваг шууд дамжуулан үзүүлж байна. Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчин хурд хүчээ сорьсноос 70 гаруй хувь нь анх удаа лигт тоглож байна. Ихэнх тамирчны анхны лиг учраас нас, туршлага ойролцоо, өрсөлдөөн тэнцүү байгаа нь тэмцээнийг сонирхолтой болгож байна. Волейболын лигийн нэг онцлог нь “Play-Off” буюу хасагдах шатны тоглолт гэж байдаггүй. Шууд медалийн төлөөх тоглолтуудаар үргэлжилдэг. Өнөөдрийн эхний тоглолт “Дархан сеть”, “Тэнүүн-Огоо” багийн ширүүн өрсөлдөөнөөр эхэлж 3:2-ийн харьцаатайгаар “Дархан сеть” багийн эмэгтэй тамирчид  хүрэл медалийн болзол хангалаа. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Э.Мөнх-Уянга
Фото: Б.Баттөгс
 
Баасан, 06 12-р сар 2019 00:00

Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #2

 

Аж ахуй, үйлчилгээний цехийн Хими цэвэрлэгээний машинист Ц.ГЭРЭЛМАА

“Энэ уулын буянд бид сайн сайхан амьдарч, хойч ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөж, өөрсдийн аз жаргал, ирээдүйг бүтээж яваа шүү” гэж өглөө бүр Эрдэнэт уулаа сэтгэлдээ бодож сэрдэг дээ. Үйлдвэрээрээ бахархаж байна. Хүн ер нь сэтгэлийн үгээ хэлэх боломж тэр бүр гардаггүй бололтой. Эрдэнэт үйлдвэрийг бүтээн цогцлооход гар бие оролцсон үе үеийн уурхайчиддаа талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Би Эрдэнэт үйлдвэрт 33 жил ажиллахдаа 17 жилийг нь энэ хамт олонтойгоо үдэж байна. Ээж шиг, эгч шиг нь байж, найз нөхөд болж ээнэгшин дассан хамт олондоо хайртай. Та бүхнийхээ хүчинд өдий зэрэгтэй яваа юм шүү. Тэтгэврийн нас ойртох тусам сэтгэлд нэг зүйл тороод ч байх шиг. Хамт олноо их санах байх. Эрдэнэтийн уурхайчдын сүлд дуу “Уурхайчин би”-г амандаа аялж, автобусны цуваагаа хараад огшиж суудаг би жирийн л нэг уурхайчин. Үйлдвэрийнхээ удирдлагууд, нийт уурхайчиддаа, тэдний үр хүүхэд, ач зээ нар, гэр бүлд сайн сайхныг хүсье.

 

Засвар механикийн заводын Уул уурхайн хүнд механизм, тоног төхөөрөмжийн засварчин С.БАТЗОРИГ

Монгол улсдаа төдийгүй дэлхийд үнэлэгдсэн, ТОП 10 үйлдвэрийн нэг болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 15 дахь жилдээ ажиллаж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийн газраас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, орчин үеийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ ажилчдаа мэргэжлийн талбар дээр мэргэших, хөгжихөд ихээхэн анхаарч байгаа нь сайшаалтай юм. Би мэргэжлийнхээ дагуу ур чадвараа нэмэгдүүлэн, цаашдаа улам хичээж ажиллах болно. Хамт олондоо халуун баяр хүргэе.

 

Тээвэр ложистикийн төвийн Бүтээмж, инновацын мэргэжилтэн З.БАТЦЭНГЭЛ

1978 онд илгээлтээр Эрдэнэт хотод ирэх шийдвэр гаргасан аав, ээждээ маш их баярлалаа. Өнөөдөр би аав, ээжийнхээ үргэлжлэл болж, хүүтэйгээ мөр зэрэгцэн үйлдвэртээ ажиллаж байна. Бид удам дамжсан уурхайчид. Тийм ч учраас үйлдвэртээ маш их хайртай. Аав ээж минь, “Бор ууландаа залбирч яваарай” гэж захидаг. Бор ууландаа, Эрдэнэт үйлдвэртээ маш их баярлалаа.

 

Дулааны цахилгаан станцын Лабораторийн эрхлэгч Д.ТӨГСБАЯР

Би Эрдэнэт үйлдвэрт 19 жил ажиллахдаа өдий дайны ажилтай, мэдлэг мэргэжилтэй болсондоо баярлаж явдаг. Хүн бүр үйлдвэрийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэж би хувьдаа боддог. Миний чадах зүйл бол эргэн тойрондоо зөв хандлага түгээх юм. Ер нь зөв хандлагатай, эргэн тойрны уур амьсгал эерэг байвал бүх ажил бүтэмжтэй байна гэдэгт итгэдэг. Та бүхэндээ үйлдвэрийнхээ ойн мэндийг хүргэж, бүгдээрээ эерэг хандлага түгээе гэж уриалмаар байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

    Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн медалийн төлөөх өрсөлдөөнөөр нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Медалийн төлөөх цуврал тоглолтуудын үеэр “Энагурэ” клубын 3 дахь үеийн  тамирчид багтаа 3 дахь аварга цолыг авчирлаа. Шигшээ цувралд 3 дарааллан хожиж лигийн аваргаар шалгарч, алтан медалийн болзол хангалаа. Энэ үеэр “Энагурэ” багийн ахлагч, спортын мастер С.Булгантамиртай цөөн хором ярилцлаа.
 
     -Дээд лигийн аварга болсонд баяр хүргэе! Тэмцээний талаар сэтгэгдлээсээ хуваалцаач? 
     -Миний хувьд энэ спортоор хичээллээд 7 жил болж байна. Монголын волейболын дээд лигийн хувьд  маш өндөр зохион байгуулалттай болж байгаад талархалтай байна. Эрдэнэт хотруу яваад 3 тойргийн турш  тойргийн нийлбэр дүнгээ гаргасан. Тоглолт бүр хариуцлагатай байлаа. 
    -Хобби эйс багтай алтын төлөө учраа таарч амжилттай тоглож алтан медалийн эзэд болж байна.Танай багийн давуу тал, тоглолтын тактик юу байсан бэ?
    -Ер нь өрсөлдөгч багийн хувьд насны хувьд, довтдогчид, онооны хувьд  тэнцүүхэн байлаа. Манай багийн давуу тал бол хаалт сайн байсан гэж хэлж болно.
    -“Энагурэ” багийн онцлог юу вэ? Багийн гишүүдийнхээ тухай яриач?
    -Манай багийн онцлог гэвэл тамирчдын хувьд нас бага залуу. Тэгэхээр энэ баг бүрэлдэхүүнээрээ  олон жил гар нийлж тоглох боломжтой гэж харж байна. Энэ бол бидний давуу тал.
    -Дээд лигийн хувьд олон жил тасарсан тэмцээнийг сэргээж зохион байгуулж байгаа гэдгээрээ үзэгч, сонирхогчдод өндөр хүлээлт үүссэн байна. Бусад тэмцээнээс ялгарах онцлогийг тамирчид  та бүхэн хэрхэн дүгнэж байна?
    -Тамирчид их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Ялангуяа Эрдэнэт хотод очиж тоглоход эхнээсээ дуусах хүртэлх бүх үйл ажиллагааг маш өндөр түвшинд зохион байгуулсан. Азийн наадам, олон улсын тэмцээнд ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Эрдэнэтийн багийн хувьд “Хобби эйс” багтай хүч тэнцүү 5 ээлжийн тоглолтыг сонирхуулсан нь үзэгчдэд  таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Эрдэнэтчүүддээ талархлаа илэрхийлье!
    -Бусад баг тамирчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?
   -2019 оны волейболын дээд лиг маш сайхан зохион байгуулагдаж байна.Нийт үзэгчид, зохион байгуулагчиддаа баярлалааа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Э.Мөнх-Уянга
Фото. Б.Баттөгс
 
 

   

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2011 онд Цахилгаан систем автоматжуулалтын мэргэжлээр төгсөж, эдүгээ Австрали улсын Мельбурн хотноо Мэдээллийн технологийн чиглэлээр магистрт суралцаж байгаа Т.Чингэсдолоон давхрын тагтнаас үсэрч, амиа хорлохыг завдсаннэгэн эмэгтэйгаварчээ.Т.Чингэс аялах зорилгоор Австралийн Күийнсланд мужид очсон бөгөөдКайрнс хэмээх жижиг хотын"Pасific" нэртэй зочид буудалд байрлаж байх үед буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16.00-17.00 цагийн орчимд энэ үйл явдал болсон юм. Түүнийгөрөөндөө орж ирэх үедгэнэт хүчтэй юм унах чимээ сонсогдож,  тагт руу гарч харахад долоон давхрын тагтны гадна талд үсрэхэд бэлэн хүн харагдсан байна. Таван давхарт байрлаж байсан учир амийг нь аврахаар тагтаар дамжин,гараас нь барьж амжжээ.Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай бөгөөд хар тамхинаас хамааралтай болсны улмаас ийм үйлдэл гаргасанбайна. Т.Чингэс болсон үйл явдлын талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай. Долоон давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварч чадлаа” гэж нийтэлжээ.

     Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас “Эр зоригийн одон”-гоор шагнах болсон тухайгаа мэдэгдсэн байна.

Технологийн сургуулийн  төгсөгч Т.Чингэсдээ хүний алтан амь аварсанд нь баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.

 

“Эрдэнэтийн үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургуулийн захиргаа

 

 

Тээвэр ложистикийн төвийн 6 дугаар агуулахын нярав М.ЭРДЭНЭБАЯР:

Би Эрдэнэт хотын унаган иргэн гэдгээрээ бахархдаг. Энэ хотдоо төрж өссөн. Уурхайчин ах дүү нар олонтой болохоор ч тэр үү, багаасаа уурхайд ажиллана гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд ШУТИС-ийн Уул уурхайн удирдлага, менежментийн ангийг 2008 онд төгсөж, 2012 оноос Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Эрдэнэт хүслийг минь биелүүлсэн өгөөжтэй уурхай.

 

Засвар угсралтын цехийн душны үйлчлэгч Т.ЭРДЭНЭЧИМЭГ:

Би Эрдэнэт үйлдвэрт 23 дахь жилдээ ажиллаж байна. Хүн бүрт хайрлан дээдэлдэг үнэт зүйл гэж бий. Миний хувьд дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаадаа баярлаж, бахархаж явдаг. Үйлдвэрийнхээ түүхэн өдрийг тохиолдуулан нийт уурхайчид, Засвар угсралтын цехийн хамт олондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, та нартаа эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр бүтээмжийг хүсэн ерөөе.

 

ХАБЭА-н хэлтсийн дарга Д.ЦАГААН-ЭРДЭНЭ:

Төрөлх хот минь Эрдэнэт, төрөлх үйлдвэр минь Эрдэнэт. Энэ онд 41 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хот, үйлдвэртээ хүч хөдөлмөрөө зориулан өнөөдрийг хүрсэндээ баярлаж, талархаж байна. Эрийн цээнд хүрсэн Эрдэнэт үйлдвэрийнхээ хөдөлмөрч, бүтээлч хамт олонд эрүүл энх,саруул сайхныг хүсье. Энэ хотод ажиллаж, амьдрах нь нэр төрийн хэрэг гэж би хувьдаа боддог. Энэ сайхан үйлдвэрт ажилладаг бид хамгийн азтай хүмүүс.

 

ХМТАЦ-ийн Уул тээврийн ажлын хэсгийн программын инженер Ц.ТУНГАЛАГ:

Бүтээлч хамт олондоо баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хувьд ил уурхайн карьераас Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөх хүртэл үйл явцыг хянаж, системийн программ хангамжийг хариуцан ажиллаж байна. Мэргэжлийнхээ чиглэлээр цаашид Баяжуулах үйлдвэрээс явагддаг үйл явцыг нарийвчлан судалж, нэгдсэн систем бий болгохыг хүсдэг.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

   

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтсээс “Шударга утас-757 71600” ажиллуулж эхэллээ. “Шударга утас”-ны гол зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд шударга бус үйлдэл, авлига, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх, мэдээллийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч, хууль бус үйлдэл, гэмт хэргийг таслан зогсоох зорилготой юм. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиудыг хэрэгжүүлэх юм. Үйлдвэрийн газрын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг хуулийн дагуу холбогдох байгууллагуудаар шалгуулж хэрэгжилтэд хяналт тавьж хариуг мэдэгдэх болно.

   Эрдэнэт үйлдвэрийн газрын өмч, эд хөрөнгийг хулгайлах, завших, үрэгдүүлэх, устгах, гэмтээх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар үнэн зөв, баталгаатай мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, мэдээлэл алдагдсанаас хувь хүний албан тушаал нэр төр, алдар хүндэд харш аливаа үйлдэл гарахаас сэргийлнэ. Үндэслэлгүй худал мэдээлэл өгч, бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох үйлдэл гаргасан тохиолдолд хуульд заасан арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна.

    “Шударга утас” нь таны мэдээллийг хадгалан авч, эрх бүхий албан тушаалтанд хүргэх болно.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах, шударга ёсыг тогтоох, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоохоор “ШУДАРГА УТАС-71600” таныг сонсож байна.

А.Бямбамаа

 
     
 
     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байгаа билээ. Үүний нэг нь “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ОХУ-ын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ” ба гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа. 
 
    Гэрээний талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дараах тайлбарыг өгсөн юм.
 
     Х.БАДАМСҮРЭН: “Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Росгеологи” компанитай геологи хайгуулын чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ бол Эрдэнэтийн овооны ордыг гүнд нь хайгуул хийх, мөн тухайн орчимд хайгуул хийх, ингэхдээ хамгийн орчин үеийн арга аргачлал, техник технологийг нэвтрүүлэх ажил болж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд сүүлийн гурван жилд геологи хайгуулынхаа ажлыг 2016 онтой харьцуулахад хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн. Ингэсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 жилээр урстасгаж, өнөөдрийн байдлаар цаашдаа 60 жил ажиллах нөөц баялагтай байна. Нөөц баялаг улам их байвал Эрдэнэт үйлдвэрт ч, Монгол Улсад ч үр өгөөжтэй байх учиртай. Уулын баяжуулах үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс нь нөөц баялаг. Ийм учраас олон жил Зөвлөлтийн, Оросын геологичидтой хамтарч ажилласан туршлагадаа тулгуурлан шинэ нөхцөл байдалд, шинэ арга барилаар хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Ордыг ашиглах нөөц баялаг бол хэмжээтэй. Тиймээс хайгуулын менежмент, байгаль орчны асуудлыг байнга ярьж явах ёстой. Гэхдээ болж өгвөл, аль болох урт удаан хугацаанд үйлдвэрлэлээ ажиллуулах, насжилтыг удаан байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Цаашдаа баяжмал гаргаж байгаа бол боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлд явж байна. Нөгөө талаас уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсмэл ордууд бий болдог. Ядуу агуулгатай хүдрийн овоолго, хаягдлын аж ахуйд бий болсон орд бол үүсмэл орд. Тиймээс энэ чиглэлээрээ ч бид орос нөхдүүдтэй хамтарч судалгаа шинжилгээ хийнэ” 
 
   Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены хүдрийн флотацаас гарч байгаа хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1,45 сая юаниар санхүүжүүлэхээр болсон байна. Судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын “BGRIMM” групптэй хамтран 2 жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, “BGRIMM” группын лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
   Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хүнд даацын машин механизмын парк шинэчлэл сүүлийн гурван жилд эрчимжсэн. Энэ жил гэхэд техникийн шинэчлэлийн хүрээнд 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тухайлбал, Уулын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёр, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ирж ажилд гарчээ. Ил уурхайн хамт олон экскаваторын паркийг ЭКГ-12К маркийн экскаватороор шинэчлэх зорилт тавьсан. Учир нь сүүлийн үеийн энэхүү экскаватор нь цахилгаан зарцуулалт 30 хувь хэмнэлттэйн дээр хүчин чадал илүү юм. Харин Зам овоолгын хэсэгт шинээр ирсэн жижиг оврын экскаватор нь хосолмол ажиллагаатайгаараа онцлог. Экскаваторын шанагыг цохилттой лоомоор сольж, өвлийн улиралд тэсэлгээгээр үүссэн хөлдүүс, овор ихтэй чулуу бутлахад ашиглаж байна. Мөн Зам овоолгын хэсгийн ээлжийн мастеруудын ажлын хэрэгцээнд Ланд крузер-79 маркийн автомашин шинээр иржээ. Эрдэнэт үйлдвэрт хаяглагдсан Германы Либхерр фирмийн 60 тонны авто кран, өрмийн машин замдаа ирж яваа бөгөөд тус цехэд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ийнхүү 100 хувь биеллээ.  
 

 
 
 
 
 
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог