Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 12-р сар 2019
Мягмар, 10 12-р сар 2019 00:00

Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #3

 

Орос сургуулийн 2б ангийн багш СТЕПАНОВА ОЛЬГА МИХАЙЛОВНА

Би Орос сургуулийн багшаар ажиллаж, хүүхдүүдэд хэл сурахад нь тусалж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан нийт ажилтнууд, удирдлагууд, инженер техникийн ажилчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэт үйлдвэр зөвхөн Эрдэнэт хотын төдийгүй улс орны, цаашлаад дэлхийн бахархал болох болтугай.

 

Орос цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш ХУАТ

Орос цэцэрлэгт 15 дахь жилдээ ажиллаж байна. Би Орос хэлний багш мэргэжилтэй, хүүхдийн сэтгэлзүйчээр мэргэжил дээшлүүлсэн. Энэ жил бэлтгэл ангид хичээл зааж байна. Манай цэцэрлэг үйлдвэрийнх гэдэг утгаараа бусад цэцэрлэгээс онцлогтой. Эрдэнэт үйлдвэр хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, сурах орчин нөхцөлийг нь хангаж өгснөөр тав тухтай орчинд орос хэл сурах боломжийг бүрдүүлсэн юм. Хүүхдийг багаас нь унаган орос хэлтэй болгохын тулд мэргэжлийн багш нарыг ОХУ-аас авчирсан. Энэ бүхэнд бид талархах ёстой гэж бодож байна. Хүүхдүүд нь тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд сурч хүмүүжиж байвал аав, ээж нь ажлаа сайн хийнэ шүү дээ. Үйлдвэрийн ажилчдаас гадна Эрдэнэтийнхэн орос цэцэрлэгт хүүхдээ өгөх сонирхол ихтэй. Сургалтын бүх талын дэмжлэг үзүүлдэг Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.

 

Спорт цогцолборын Аргазүйч Д.ОЮУН-ЭРДЭНЭ

Анх 2004 онд Эрдэнэт үйлдвэрт гэрээт ажилтнаар орж байлаа. Үндсэндээ 6 жил гэрээт багшаар ажилласан. 2010 оноос орон тооны багшаар ажиллаж, Орхон аймгийнхаа хүүхэд залуучууд, Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдыг усаар чийрэгжүүлэх, Олон улсын чанартай тэмцээн уралдаанд бэлтгэн оролцуулах ажлыг хийж байна. Дэлхийн аваргын болон Дэлхийн цомын, Олимпийн наадамд оролцож, хувийн болон улсынхаа амжилтыг эвдэн, амжилттай яваа ОУХМ Б.Дөлгөөн, ОУХМ Г.Занданбал, СМ Б.Буянтогтох, СМ Б.Есүй, СДМ Мижиддорж, СДМ Энхжин гээд олон тамирчин манайхаас төрсөн. Тамирчдаараа, тэднийг бэлтгэж байгаа багш нараараа бахархаж байна. “Хангарьд” спорт клубын хамт олны зүгээс ойн баярын мэнд хүргэе.

 

Технологийн сургуулийн Тэнхимийн эрхлэгч Л.НАРАНЦЭЦЭГ

Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийдэг нийгмийн хариуцлагатай байгууллага. Энэ дашрамд өөрийн хийсэн судалгааны дүнг товч хэлэхийг хүсэж байна. Уул уурхайн компаниудын орон нутагт хийсэн хөрөнгө оруулалтын хамгийн өндөр үзүүлэлтэд Орхон аймаг багтдаг. Түүн дунд Эрдэнэт үйлдвэрийн хийсэн хөрөнгө оруулалт үнэлж баршгүй юм. Дам утгаараа хүн амын орлого, эрүүл мэнд, боловролын түвшинд жинтэй нөлөөлсөн болох нь судалгаагаар харагдаж байна. Эдийн засгийн хувьд ДНБ-ний тодорхой хувийг бүрдүүлж байгааг та, бид сайн мэднэ. Энэ утгаараа үр нөлөөг нь ганц би, миний гэр бүл бус Орхон аймгийн иргэд өнөөдөр ч хүртсээр байна. Үйлдвэрийн ажилтны хувьд дэлхийн томоохон уул уурхайн үйлдвэрт ажиллах нь том хувь заяа гэж ойлгодог. Үйлдвэрт ажиллах нь хувь хүнээс ажиллах ур чадвар шаарддаг тул мэргэжлээрээ гүнзгийрэхэд ихээхэн нөлөөлж байна. Бүхий л зүйлд баярлаж талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд ирж буй шинэ оны, түүхт ойн өдрийн мэндийг хүргэж, амьдрал нь аз жаргалтай, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөл дэвшүүлье.

И.Чинтогтох

    Засвар механикийн завод техник технологийн шинэчлэлийн хүрээнд Солонгосын “Doosan” үйлдвэрийн металл боловсруулах тоон удирдлагатай фрезерийн суурь машиныг Механик цехэд суурилуулан ажиллуулж байна. Тус цехийн ажилчид  өөрсдийн хүчээр уг машиныг суурилуулсан бөгөөд “Doosan” компанийн мэргэжилтнүүд тохируулгын ажил гүйцэтгэжээ. Суурь машин нь хүчин чадлын хувьд дөрвөн тэнхлэгтэй, мянганы нарийвчлалтай эд анги боловсруулах аж. Мөн  650-1400-гийн хэмжээтэй эд ангиуд дээр фрезерийн боловсруулалт хийх юм. Энэ талаар Механик цехийн дарга Д.Галбямба: “Манай цех гурван жилийн хугацаанд тоон удирдлагатай суурь машины төв байгууллаа. Энд токарийн болон фрезерийн суурь машинууд суурилуулсан. “Doosan” маркийн тоон удирдлагатай суурь машин дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг Солонгос улсад операторын сургалтад хамруулан ажиллуулж байна. Энэхүү машин ашиглалтад орсноор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдлээ. Мөн бүтээгдэхүүний чанар, нэр төрөлд дэвшил гарсан. Уг суурь машиныг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулснаар тэгш шүдтэй араа боловсруулах, өрмийн суурь машинаар хийх ажилбаруудыг өөрийнх нь өгөгдлөөр нэг дор хийж байна” гэв.
 
 
 
Т.Батчулуун
    Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех 850-иад ажилтантай, 300-аад хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахад том хувь нэмэр оруулан ажиллаж байна. Энэ оны хөрөнгө оруулалтаар Авто тээврийн цехэд техникийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ямар ажил хийгдсэн талаар тус цехийн дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа. 
 
 
    -Манай цех дээр 2019 оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний биелэлт  тоон үзүүлэлтээр 86 хувьтай, үнийн дүнгээр бол 92 хувьтай явна. Өөрөөр хэлбэл өндөр үнийн дүнтэй худалдан авалтууд хийгдсэн. Томоохноос нь дурдвал, хоёр белаз шинээр авсан нь уулын цул тээвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Мөн Комацү фирмийн бульдозер авсан. Шинэ техник маань ирсэн даруйдаа далангийн ажилд гарсан, одоо Дулааны цахилгаан станцын нүүрс түрэх ажилд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа. Дугуйт ачигч шинээр авлаа. Зардал багатай, бүтээмж өндөртэй техник учраас янз бүрийн үйлчилгээний ажилд гүйцэтгэл сайтай ашиглагдаж байна. Саяхан явуулын засвар үйлчилгээний машин авсан. Дотроо гагнуурын аппараттай, хийн үлээгүүртэй, үр бүтээлтэй машинтай боллоо. Ер нь техникийн шинэчлэлийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн. Одоо ахуйн хэрэглээний жижиг аппарат, шатахуун түгээгүүрийн хэмжигч багажууд гэх мэт бага үнэтэй, цөөн тооны юм үлдсэн. Ондоо багтаад ирчих байх.
    -Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн чиглэлээр ямар ажил хийгдэв?  
   -Төлөвлөсөн ажил бүгд хийгдсэн. Усны шугам сүлжээ солих, Төрөл бүрийн маркийн авто машины хэсэг, технологийн тээврийн болон тусгай зориулалтын машин механизмын гарааш зэрэг барилгын засвар бүрэн дууссан. Талбай бетондох ажил хэсэгчлэн хийгдсэн. Ирэх жил энэ ажил үргэлжилнэ. Ер нь хөрөнгө оруулалтын ажил сайн явагдаж байгаа.
    -Танай цех 2019 онд шинээр ямар ажил хэрэгжүүлсэн бэ? 
   -Микро автобусны дуудлагын үйлчилгээ нэвтрүүллээ. Ингэснээр үйлдвэрт эдийн засгийн чамгүй хэмнэлт гарна. Белазын шугаманд ажиллах цагийг уртасгах зорилгоор “АБК” дээр жолооч нарт зориулсан тусгай өрөө гаргасан. Өмнө нь ажилчид гарааш дээр очиж хувцсаа солиод, энд ирж даалгавар аваад явдаг байсан. Одоо бүгд энд төвлөрсөн. Ингэснээр шугаманд ажиллах цаг 30 минут уртассан. Машины сул явалтыг багасгах, зардал бууруулах зорилгоор уулан дээр ШТС байрлуулсан. Дугуйны даралтыг тогтмол барьж, найдвартай ажиллагаа хангах, хэмнэлт гаргах үүднээс дугуй хийлдэг төхөөрөмжүүдийг карьер дээр байрлуулсан. Энэ бүхэн манай инженер техникийн ажилтнууд, бүтээмж чанарын дугуйлангийнхны сайхан санаачилга гэдгийг хэлэх хэрэгтэй. 
    -Жолооч нарын ээлжийг 12 цагийн хуваарьт шилжүүлсэн туршилт хэр явна? 
   -Бид тогтмол хяналт шалгалт хийж, хүмүүсийн сэтгэгдлийг сонсож яваа. Ажилчид ерөнхийдөө ам сайтай, гэртээ байх хугацаа нь нэмэгдсэнд баяртай байгаа. Яахав, ганц нэг хүн ядарч байна гэсэн юм ярьсан. Гэхдээ бид ээлж болгон дээр нөөц жолооч ажиллуулж байгаа. Шаардлагатай үед сольж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Одоогоор ядраад байна, сольё гэсэн хүсэлт гараагүй. Туршилт 12-р сарын 31-нд дуусна. Гурван сарын үр дүнгийн тооцоогоор цаашид хэрхэхийг шийднэ. Белазын жолооч, засварчид гээд 200 гаруй хүн 12 цагийн ээлжинд туршилтаар ажиллаж байна.  
   -Баярлалаа.    
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага
     Бид Цутгуурын цехийн хэвний технологийн шинэчлэлийн ажлыг сурвалжлахаар Засвар механикийн заводыг зорилоо. Тус цех 1980 оны арванхоёрдугаар сарын 31-нд  анхныхаа ганг хайлж, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангийг цутган үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй.
...Уран нарийн хийцтэй
Уурхайн түмэн тоногийг
Урлаж цутган зороход
Ухаан задраад урамтай... хэмээх шүлгийн шад мөрүүд  цээжинд хургана. Цутгуурын цехэд биднийг очиход хэсэг ажилчид жижиг металл хийцүүдийг нэг дор овоолж  явахтай таарлаа. Талбайн зүүн талд  гагнуурын алтан оч үсэрнэ. Нөгөө талд нь ямар нэгэн тоног төхөөрөмжийг кранаар өргөж буй ийм нэгэн хөдөлмөр ундарсан ажлын  талбар угтав. Шингэн шил, шавар сульфит  зэрэг үндсэн холбогч материалуудыг элстэй найруулан зуурсан холимгоор цутгамал бүтээгдэхүүний хэв бэлтгэдэг. Дараа нь галд тэсвэртэй материалаар будаж янзална. Дээд, доод хэвээ хааж, голчуудаа байрлуулна. Хаягдал хар төмөрлөгийг хайлуулж, механик шинж чанараас хамааруулан янз бүрийн химийн орц найрлагатай хайлшуудаар  цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зууханд металл хайлах ажиллагаа гурван цаг орчим явагдана. Цутгуурын цехэд хэрэглэж байсан хэвний технологийг 1960 оноос анх үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  39 жил уг технологиор хийсэн байна. Энэ нь сайн чанарын кварцын элсийг шингэн шилээр зуурч, нүүрс хүчлийн хийгээр  хатууруулан хэв бэлдэх технологи юм. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй экскаваторууд, өрмийн машин, бульдозер, авто ачигч, автогрейдер зэрэг уулын тоног төхөөрөмжийн эд анги, төрөл бүрийн хацарт болон алхан бутлуурын хуягууд, тээрмийн доторлогоо, насосын ажлын эд ангиудыг Цутгуурын цехэд үйлдвэрлэдэг. Одоогоор Цутгуурын цехэд “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамыг суурилуулах  шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Үндсэн зорилго нь хэвний  технологийг өөрчлөх юм. Цутгуурын цех жилд 6600 тн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай. Тус цех түүхэндээ хамгийн их нь 5800 тн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Хангалттай захиалга ирсэн тохиолдолд төслийнхөө хүчин чадалд хүрч ажиллах боломжтой. Жилийн захиалгынхаа хэмжээнд үйлдвэрлэл явуулж ирсэн аж. Энэ оны эхний 10 сард 5700 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь Цутгуурын цехийн зогсолтын үед Эрдэнэт үйлдвэрийн жилийн захиалгат цутгамал бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нөөц юм. Өөрөөр хэлбэл жилийн төлөвлөгөөт ажлаа хангалттай биелүүлжээ. Ирэх оны тавдугаар сарын нэгэн хүртэл үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хэрэгцээний цутгамал бүтээгдэхүүний нийлүүлэлт хангагдсан гэнэ. Цутгуурын үйлдвэрлэлийн өргөтгөлийн хүрээнд орчин үеийн өндөр бүтээмжтэй цутгуурын тоног төхөөрөмжөөр тоноглох, шинэ технологи нэвтрүүлэх ажил ийнхүү эрчимтэй явагдаж эхэллээ.  
 
 
 
Хольц бэлтгэх хэсгийн металл болон бетон хийц, тоног төхөөрөмжүүдийг  буулгав   
 
    Баяжуулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг Цутгуурын цехийн бүтээгдэхүүн хангах ёстой. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зэхэж буй шинэ технологийг 2010 оноос гар хэв дээр туршжээ. Шинэ технологийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж 5,7 сая долларын хөрөнгө оруулалт  шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Төсөвлөсөн хөрөнгө оруулалт хийгдсэнээр өнгөрсөн сарын нэгнээс Цутгуурын цехийн үйл ажиллагаа зогсож төлөвлөгөөний дагуу технологийн шинэчлэл эхэлсэн. Одоогийн байдлаар хуучин тоног төхөөрөмжийг буулгах, шинэ тоног төхөөрөмжийн суурийн ажил явагдаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 10-аас ХБНГ улсын FAT компанийн тоног төхөөрөмжийг угсрах аж. Энэ ажлыг  FAT компанийн төлөөлөл, Засвар  угсралтын болон Цутгуурын цехийн хамт олон гурван сарын хугацаанд хийх юм. Мөн дэд бүтцийн холболт, туршилт тохируулгын ажил хийгдэнэ. Эдгээр ажил үе шаттай хийгдсэнээр Цутгуурын цехэд “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамын шинэчлэлийн ажил дуусна. Ирэх оны тавдугаар сарын нэгнээс Цутгуурын цех үйлдвэрлэлийн хэвийн жигд, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн давхар хольц бэлтгэх тасгийн металл болон бетон хийц, тоног төхөөрөмж буулгах ажлыг “Ээлт өлгий” компани гүйцэтгэж байна. Урьдчилсан тооцоогоор 160-аад тонн металл хийц, 170-аад тонн бетонон хийц буулгажээ. Засвар угсралтын цехийнхэн хуучин 30 тонны холигч, бункерүүдийг буулгах, элс хатаах төхөөрөмжийг шилжүүлэн суулгалаа. Одоо тоног төхөөрөмжийн суурийн ажил уруу орох гэнэ.Механикийн албаныхан хэвний нэг, хоёр, гуравдугаар машин, элс дахин ашиглах бэлтгэх төхөөрөмж, туузан дамжуургыг буулгасан бол Эрчим зүйн албаныхан цех доторх халуун хүйтэн усны болон хийн шугамуудыг салгах, олон төрлийн кабель утаснууд (КТП-2)-ыг буулгаснаар хэв байрлуулах талбайг томсгожээ. Үндсэн гол ажлыг Барилга засварын болон Засвар угсралтын цех хийж байгаа бөгөөд Цутгуурын цехийн 147 ажилтан туслахаар ажиллаж байна.  
 
 
 
 
Олон тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, уур ус, цахилгааны зардлыг хэмнэнэ
 
    Цутгуурын цехийн дарга Ц.Зоригоо: “Манай цехэд шинэ технологи нэвтэрснээр хөдөлмөрийн нөхцөлийн хувьд жаахан өөрчлөлт орно. Хуучин хэвний машинууд доргилттой ажиллаж байлаа. Доргилтын хийн багажууд ашиглаж хэвээ чигждэг. Энэ асуудал байхгүй болно. Харьцангуй дуу чимээ багасна.  Хийн багажийг олон жил ажиллуулсан хүнд булчингийн сулралт явагддаг. Юм атгаж чаддаггүй. Хуучин технологиос бат бэхийн чанар хэд дахин нэмэгдэнэ. Манай цехийг ажиллах үеэр тусгай комисс ажлын нөхцөлтэй танилцана. Урьд нь доргилтод хэв нураад уначихдаг байсан. Энэ технологи нэвтэрснээр өөр төрлийн элс хэрэглэх боломж бүрдэж байна. Бидний хэллэгээр хромтой элс. Үүнийг хайлах температур цельсийн 2100 градус. Тэгэхээр металл цутгасны дараах гадаргууны цэвэрлэгээний ажил харьцангуй хөнгөрнө. Нөгөө талаар геометр хэмжээс маш нарийн болж стандарт, техникийн нөхцөл хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ажиллах хүчний тоо багасна. Хуучин бид хэвний холимгийг тусад нь бэлддэг байсан. Энд 14 хүн ажилладаг. Тэгэхээр энэ хэсэг ажиллах шаардлагагүй. Шинэ тоног төхөөрөмж, автоматаар нормоо тохируулаад холимгоо зуураад өгчихнө. Тэгэхээр туузан дамжуургын систем халагдана. Нийт 130 тоног төхөөрөмжийг ашиглахгүй болно. Эдгээр тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, уур ус, цахилгааны зардал хэмнэгдэнэ. Тухайлбал, туузан дамжуургын  лент, хүрд, хөдөлгүүрийн ашиглалтын хэрэглээг хэмнэх жишээтэй. Ажилчин хүн туузан дамжуургыг хянах шаардлагагүй. Иймээс зарим ажлын байранд өөрчлөлт орно. Зарим хүмүүсийг өөр хэсэгт шилжүүлэн ажиллуулна. Манай цех хажуудаа  материалын агуулах ашиглалтад оруулна. Хаягдал төмөр бэлтгэх хэсэгт шинэ кранууд тавьж байна. Эдгээр ажлын байранд хүмүүсээ шилжүүлэн ажиллуулах юм.  Энд ажиллах хүмүүсийг сургалтад хамруулна. Ирэх жилийн тавдугаар сарын нэгнээс цехийн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр хүмүүсийн ажлын байрны орон тооны бүтэц батлагдана. Манай заводын резинэн эдлэл үйлдвэрлэх тасаг хүчин чадлаа нэмж байгаа. Уг хэсэгт  дөрвөн хүн шилжүүлж ажиллуулна. Манай цех Вакуум хальсны хэвний технологи нэвтрүүлсэн. БНХАУ-ын Сандри компанийн мэргэжилтнүүдийг урьж энэ ажлыг хэрхэн сайжруулах талаар ярилцсан. Тэдний хийсэн төслийн дагуу нэмэлт тоног төхөөрөмж худалдан авсан нь Тээвэр ложистикийн төвд ирчихсэн байгаа. Бидний дараагийн хийх ажил нь Вакуум хальсан хэвний тоног төхөөрөмжийг шилжүүлж суулгах юм. Бид хуучин тоног төхөөрөмжийг нь энэ зун буулгаад авчихсан. Хольц бэлтгэх, элс татах төхөөрөмжийн чөлөөлсөн талбайд вакуум ажлын хэвийг суурилуулах зураг төсөл явж байна.” гэв. 
 
 
 
     Цутгуурын цех 6000 тонн металл цутгахад 9000 тонн кварцын элс хэрэглэж байсан  бол шинэ технологи нэвтрүүлснээр жилд 3000 тонн элс хэрэглэх аж. Нэг тонн цутгамал бүтээгдэхүүнээс 40 доллар хэмнэх бөгөөд 4,6 жилийн хугацаанд шинэ технологийн зардлаа нөхөх урьдчилсан тооцоо гарчээ. Ийнхүү “Хүйтнээр  хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамын шинэ технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр цутгамал бүтээгдэхүүний чанар сайжирч, хэвний материал хэмнэгдэн, эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэх юм.               
 
     
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Даваа, 09 12-р сар 2019 00:00

Уурхайн САРАН

  
    Ил уурхайн өрмийн машинч Д.Саран Найрамдлын Дархан хотод цагдаагийн офицер Д.Даваасамбуугийн хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Ээж Р.Дамдинжав нь   Ариун цэвэр халдвар судлалын станцад Ерөнхий эмч байж. Түүний эцэг, эх  1987 онд Эрдэнэсийн хотыг зорин  дөрвөн хүүхдээ дагуулан нүүжээ. Энд ирсэн намар ашиглалтад дөнгөж орсон 5-р сургуулийн, будаг нь  ханхалсан шинэхэн анги танхим, уурхайн их чимээ, баатар мэт уурхайчин залуус хүүд гойд  сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Багаасаа аливаад нухацтай ханддаг, эвлэгхэн гартай, зөөлөн сэтгэлтэй, ухаалаг хүүдээ ээж нь мэргэжлээ өвлүүлэх гэж ятгавч тусыг эс олов. Түүний  цээжинд уурхайн  техник багтжээ. 10-р ангиа дүүргэсэн Д.Саран Дархан хотын Политехникийн коллежийн өрмийн техникчийн ангийг сонгосон. Сургуулиа амжилттай төгссөн ч мэргэжлийн ажил олдсонгүй, жил гаруй хий эргэсний эцэст    1995 оны 11-р сарын 17-нд мөрөөдөж явсан Ил уурхайдаа ирлээ. Залуухан хоёр хархүүг ээлжийн мастер дагуулан уурхайн карьераар явсаар нэгэн өрмийн машины бүхээгт ороод, “Та хоёрын хэн чинь энд үлдэхэв?” гэхэд Д.Саран эргэлзэх зүйлгүй л –“Би” гэв. Намуухан эрийн царай дотно санагдсан уу, машиных нь бүхээг “дулаанхан” байсан уу. Аль аль нь л  байх. Ингээд л тэр Б.Батбаяр багшийнхаа туслах машинчаар ажлын гараагаа эхлэв.  Өнөөдөр Д.Саран дадлага туршлагатай жинхэнэ машинч, цөөнгүй  шавьтай багш болсон ч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр багшийнхаа эрдмээс суралцсаар л. Тэд 20 гаруй жил нэг ээлжинд ажиллаж, нэг байранд амьдарч үргэлж ойр байсан. Учрах ерөөл тавилан гэж л энэ  байх. “Миний багш Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь шүү дээ” гэж хэлэхдээ нүд нь сэргээд, бахархан  бэлгэшээж буй нь илт.  Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр: “Манай үйлдвэр залгамж чанар сайтай, багшийн эрдмийг өөртөө шингээж, дараа үедээ дамжуулдаг уламжлалтай. Д.Саран бид хоёр нэг ордных болоод ч тэрүү, зан чанар ойролцоо, биенээ  их амархан ойлголцдог. Тэр заасан зүйлийг маш богино хугацаанд сурч, өөриймшүүлдэг. Өрөмдлөг хийхдээ газрын хатуулаг, цооногийн гүний устай эсэхийг маш нарийн мэдэрдэг.  Геологийн нөхцөлд тохируулан өрөмдөх чадварыг тэр онцгой эзэмшсэн. Саран ер нь  онолын мэдлэгээ өрөмдлөгт ашиглахдаа гаргууд. ХАБ-ын дүрэм журмыг ёсчлон мөрдөж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахдаа ч тун сайн. Технологийн нарийн тохиргоог  сайн хийдэг. Тэр бүрийг өөрт нь хэлж, магтдаггүй ч дотроо бол би их тоож,  аргагүй л Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга даа  гэж шавиараа бахархдаг юм” гэв. 
    Тэрбээр хоёр ч өрмийн  машины угсралт тохируулгын ажлыг бригадын даргатайгаа  хамтран өндөр чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулсан байдаг. Даацтай энэ ажилд түүний нягт нямбай ажиллагаа, техникийн мэдлэг, ур чадвар чухал нэмэртэй байсан нь дамжиггүй.  
    Тэр аливаа зүйлийн эвийг олохдоо гаргуун гэж багш нь магтсан. Урьдчилан бодож, ухаалаг шийдвэр гаргах чадвар түүнд бий. Өрмийн машиныхаа  хэрийн  эвдрэл гэмтэлд мэргэжилтэн дуудаж төвөг удахгүй, муйхар аргаар бус, эвээр шийддэг чанар нь түүний техникт авьяастай, мэдлэгтэйг илтгэнэ.   
   Эгэл даруухан энэ залуу Эрдэнэт үйлдвэрийн аварга болсноо гар сэтгэл нийлсэн А.Дамдиндорж ахлагчтай  өрмийн 23-р бригадынхны хамтын хөдөлмөрийн үр дүн гэх. Тэр шинэ  залуу ажилчдыг дадлагажуулан сургаж, ажлын арга барил, дадлага туршлагаа өвлүүлэн эзэмшүүлж байна. Түүний шавь өрмийн машинч Д.Энхтайван, өрмийн туслах машинч Г.Пүрэвдорж, Б.Ихбаяр, П.Үнэнбат нар Ил уурхайдаа үр бүтээлтэй ажиллаж байна. Нас тогтон, намба сууж яваа аварга маань залууст,  ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандахыг сургана.  
    Д.Саранг хамт олон нь нийтэч, хүнд тусархуу, хүнтэй өгөө аваатай эр гэж үнэлэх юм билээ. Хэн нэгний гэр оронд чухал  ажил гарахад хамгийн түрүүн Д.Сарангаас тусламж хүсэх.  Ажлаасаа  дөнгөж буучихаад,  ядарч  байсан ч,  тэр яваад л очно. Хүний төлөө боломжтой бүхнээ зориулах хүнлэг сэтгэлтэй  түүнийг Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн ахлагчаар сонгосон. Тэр хамт олныхоо хөдөлмөрлөх нөхцөл, цалин урамшуулал зэрэг  нийгмийн асуудлыг нь шийдүүлэхийн  төлөө  чадах чинээгээрээ “гүйдэг”. Уурхайчид яг одоо 12 цагийн ажлын горимыг  туршиж байна. Энэ горимыг нэвтрүүлснээр гэртээ байх цаг уртсаж, хангалттай амран, улмаар хөдөлмөрийн  бүтээмж  нэмэгдэнэ  гэж  тэд үзэж буй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө, уурхайчдын дуу хоолойг үйлдвэрийн удирдлагад хүргэхээр  тэр Үйлдвэрчнийхэнтэйгээ хамтдаа  зүтгэж явна.
    Найз нөхөд нь Д.Саранг өөрийгөө ялж чаддаг хүн гэж тодорхойлдог. Тэр олон жил тамхи татжээ. Нэг бүхээгт ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг багшийгаа ч “уугиулдагт” автуулаад  амжиж. Гэвч  нэг л  өдөр би  үүнийг  орхилоо гэсэн гэдэг. Тэр цагаас өнөөдрийг  хүртэл таван жил  тамхийг өөртөө ойртуулаагүй гэнэ. Олон хүн хорт зуршлаа хаях шийдвэр гаргадаг ч ихэнх нь хэлснээсээ буцчихсан явдаг. Дээрх  ганц жишээ түүнийг өөрийгөө ялан дийлэх чадвартайг харуулна.   
Хүүхэд байхын л тэр бөмбөгтэй  спортын хорхойтон байж. Сагсан бөмбөг, волейболд бүр ч “донтоно”. Ил уурхайд ажилд орсных нь  дараахан   спортын мастер Б.Нацагдорж найз нь багтаа элсүүлж. Гар нийлсэн залуус  2000 онд Эрдэнэт үйлдвэрийн аварга болж, шилдэг багаар  тодорсноороо  тэр одоо ч  бахархдаг. 
    Тэр үр хүүхдээ мөс чанар сайтай, хүнтэй эвтэй байж, олны дунд биеэ аваад явчих чадвартай нэгэн болгохсон гэж хичээж яваа эгэл нэгэн аав. 
   Уурхайчдыг жинхэнэ эр хүний тунгаамал шинжийг хадгалсан улс гэдэг. Үнэхээр ч аливаад чин сэтгэлтэй, эгэл даруухан, зон олонд тустай, хэлсэндээ хүрдэг  эр хүний эрхэм чанарыг өөртөө шингээсэн уурхайчин  аварга Д.Сарангийн тухай  өгүүлэхэд  ийм. 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

 

Чанарын хяналтын хэлтсийн технологич инженер, доктор (Ph) О.Баттогтохоос үйлдвэрлэлд нэвтрүүлсэн чанарын системийн талаар тодрууллаа.
 
   
    Манай Чанарын хяналтын хэлтэс үйлдвэрлэлийн технологийн бүх дамжлага үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн технологийн процесст үнэлэлт дүгнэлт өгч мэдээлдэг. Эрдэнэт үйлдвэрт гаднаас нийлүүлж буй технологийн бараа материалд хяналт тавьдаг. Таван инженер техникийн ажилтан 50 гаруй хүн нэг баг болон ажиллаж  байна. Чанар шалгагчид ажлын байрнаас мэдээллээ сүлжээнд оруулдаг болж автоматчилагдсан. Үүний үр дүнд ажлын ачаалал багасаж, материал цаг хэмнэж хөдөлмөр хөнгөвчилсөн. Ингэснээр тус хэлтсийн тоо чанарын системийг бүрдүүлсэн. Энэ ажлыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн программистуудтай хамтран гүйцэтгэлээ. Чанарын систем үйлдвэрлэлд нэвтэрснээр хувь хүний ажлын алдаа багассан. Хуучин, утсаар шинжилгээний үр дүнг дамжуулж байхад алдаа их гардаг байсан. Оператор нь гадаадын мэргэжилтэн бол дамжуулсан тоо зөрөх тохиолдол гарах жишээтэй. 
    -Тэгвэл ажлын ямар ахиц дэвшил гарч байна вэ?
   -Материал пүүлэх жинг автоматжуулсан. Ингэснээр жингийн зөрүү гаргахгүй хяналт сайн тавих болсон. Материал нийлүүлэгчийн жингээр орлогодох биш, үйлдвэрийнхээ Чанар хяналтын хэлтсийн тавьсан жингээр орлогодож байгаа. Ер нь дотоод ажлаа сайжруулсны зэрэгцээ Ил уурхайгаас явж буй хүдрийн агуулга, шинж чанарыг зөв тодорхойлж, Баяжуулах үйлдвэрийг бодит мэдээллээр ханган ажиллахын тулд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран систем үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Ил уурхайгаас явж буй хүдрийн агуулга, исэлдэл, анхдагч сульфид хэд байгааг шуурхай мэдээлэх программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн Оросын геологичдын судалгаанд тулгуурлан  Ил уурхайн 19 түвшний эрдсээр нь ангилсан мэдээллийг  электрон хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь 
тухайн экскаватораас ямар Белазад, ямар исэлдэлтэй хүдэр ачиж, Баяжуулах үйлдвэрт өгснийг бүрэн  харах боломж бүрдлээ. 
    -Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?
    -Хүдрийн шинж чанарыг Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесстой холбох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд  Баяжуулах үйлдвэрийн технологийн процессын бүх мэдээллийг автоматаар 
статистик үүсгэж, металл авалтыг хамгийн максимумд хүргэх урвалжийн тун, болон бусад хүчин зүйлүүдийг тооцож гаргах программ нэвтрүүлэхээр ажиллаж байна. ХМТАЦ-ийн мэргэжилтнүүд, МУИС-ийн багш нартай хамтарч ажиллаж байна. Үүнийг загварчлах, программчлах ажил явагдаж байна. Түүнээс гадна “Эрдэнэтийн-Овоо” ордын эрдсүүд геологийн процессоор үүсэхдээ хоорондоо хам урсгал үүсгэсэн байдаг. Одоогийн байдлаар Ил уурхайн геологичидтой хамтраад эрдсийн хам үүслийн судалгаа явуулж, геологийн зураглал гаргасан. Тухайн цэгүүдээс дээж авсан. Цаашид Судалгааны төвтэй хамтран ямар ямар  эрдсүүдийн хам үүслийн үед урвалжийн тун болон хөвүүлэн баяжуулах процесст нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг оновчлох, түүнчлэн лабораторийн  туршилт явуулах зорилт тавин ажиллаж байна.
    -Баярлалаа.                       
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
Бүлэг Ярилцлага

     Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 25-аас 12 сарын 8-ныг дуустал үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. 7 жил завсарласан дээд лиг волейболын спорт сонирхогчдын цангааг тайлж, гал ассан тоглолтуудыг үзэгч олондоо хүргэлээ. Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, шилдэг баг тамирчдаа тодрууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан дээд лигийн хаалтын үйл ажиллагаанд Волейболын холбооны удирдах зөвлөлийн хүндэт гишүүд, ахмад волейболчид, волейболын спортыг сонирхогчид оролцлоо. 45 хоног үргэлжилсэн дээд лигийн хүрэл медалийн эздээр Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг шалгарч, 8 сая төгрөгөөр шагнуулсан бол мөнгөн медалийн эздээр С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулачгтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН" баг шалгарч "Дээд лиг"-ийн анхны медалиа хүртлээ. Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулачгтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МЕГАСТАРС" баг анх удаа "Дээд лиг"-т түрүүлж аваргын цом гардан, 15 сая төгрөгийн эзэд боллоо.

     Эмэгтэй тамирчдаас хүрэл медалийн эздээр А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, СМ А.Батжаргал ахлагчтай "ТЭНҮҮН-ОГОО" баг хүрэл медаль хүртэж, Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулачгтай, Л.Хосбаяр ахлагчтай "ХОББИ-ЭЙС" багийн тамирчид мөнгөн медалийн болзол хангалаа. Алтан медалийн эздээр Жан Жин Хун эзэнтэй, СМ Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, СМ С.Булгантамир ахлагчтай "Энагурэ" баг дээд лигт 5 дахь удаагаа аваргын төлөө шалгарч, 3 дахь аваргын цомоо хүртсэн юм. Дээд лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэн боллоо. Тэрээр залуу тамирчдаар багаа бүрдүүлснээр "Энагурэ" багийн 8 жилийн өмнө авч байсан аварга цолыг хамгаалж чадсан юм.Үндэсний "Дээд лиг-2019" тэмцээнд хамгийн олон тоглолт дэнсэлсэн шүүгчдийн нэг, МВХ-ны шүүгч, улсын шүүгч С.Наранбаяр “Шилдэг шүүгч”-ээр тодорсон. Мөн "Дээд лиг"-ийн тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, амжилттай удирдсан дасгалжуулагч, ОУХМ Л.Баатархүрээ “Шилдэг дасгалжуулагч” шагналын эзэн боллоо.

     "Мегастарс" багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал, "Энагурэ" багийн ахлагч СМ С.Булгантамир нар 2019 оны дээд лигийн “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо. “Эрчим" багийн ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуш 307 оноо, "Дархан Сеть" багийн ахлагч, спортын мастер Д.Эрдэнэбулган лигийн тэмцээний турш 334 оноо авсан амжилтаар “Шилдэг довтлогч”-ийн шагналыг хүртсэн юм. Дээд лигийн шинэ аварга "Мегастарс" багийн шилдэг дундын хаагч, спортын мастер Э.Алтангэрэл хаалтаас 36 оноо авч, лигийн бүх тоглогчийг хувийн болон багийн амжилтаар тэргүүллээ.

      Дээд лигт залуу тоглогч нараар багаа бүрдүүлэн оролцож, 4-р байрт шалгарсан "Хос Бар” багийн тоглогч ОУХМ Р.Хангай, лигийн мөнгөн медальт "Хобби Эйс" багийн ахлагч Л.Хосбаяр нар “Шилдэг холбогч”-ийн шагнал хүртлээ, Түүнчлэн "Ховд Алтайн Барс Хилчин" багийн чөлөөт хамгаалагч, Япон улсын легионер Такахаши Шо лигийн “Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан юм. Аваргын алтан медал хүртсэн "Энагурэ" багийн чөлөөт хамгаалагч, спортын мастер Д.Сосорбурам “Шилдэг хамгаалагч”-ийн шагнал хүртэж "Энагурэ" багийн П.Энххүслэн лигийн аварга болохын зэрэгцээ хаалтаас нийт 37 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүллээ. Давуулалтаас нийт 30 оноо авсан СМ Б.Анхбаяр  дээд лигийн “Шилдэг давуулагч”-ийн шагналыг хүртсэн. Мөн “Тэнүүн-Огоо” багийн тамирчин Элбэгзаяа давуулалтаас 36 оноо авсан үзүүлэлтээр 16 насандаа “Шилдэг давуулагч”-аар шалгарлаа.

     1995 онд анхны лиг зохион байгуулагдаж байсан бол эдүгээ үндэсний дээд лигийн 18 дахь  удаагийн тэмцээнийг Монголын воллейболын холбоо, Их спортыг дэмжигч-Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулж, тэмцээнийг Монголын үндэсний телевизийн Спорт суваг шууд дамжуулан орон даяар хүргэлээ. Тэмцээний сүүлийн өдөр легонер тамирчдын эсрэг Монголын баг тамирчид сонирхолтой тоглолт гаргаж, үзэгч олонд бэлэг барьсан юм.

Э.Мөнх-Уянга

Фото:Б.Баттөгс

      Тайзнаас урсах хан хуурын аялгуу увдис юм билээ. Үл үзэгдэх хүлээснээс мултарч бие тавирах мэт ер бусын тайвшрал, басхүү омогшил, бахархлыг мэдрэх гайхамшигтай... Одоогоос таван жилийн өмнө “Уурхайчин” соёлын ордны найруулагч Д.Одончимэг “Хан хуур” төслийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад үе шаттай хэрэгжүүлэхээр санаачилсан нь том зориг байсныг тэрээр одоо дурсаж байна. Уг төслийг хоёр багштайгаар эхлүүлж байсан бол одоо 30 гаруй сургагч багштай, морин хуурын бүрэн хэмжээний тоглолт тавих хэмжээний чадварлаг хөгжимчидтэй болжээ. Үүнийгээ ч “Хан хуур” концертоороо баталлаа. “Хан хуур-I” төсөлд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид хамрагдсан. Хөгжмийн өөр зэмсгээр тоглодог хөгжим ангийнхны хувьд морин хуур сурах дөхөм байсан гэнэ. Харин дуучид, бүжигчид, энгийн ажилчид өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд амаргүй олон даваа давжээ. Шантрах, уйлах, зэмлүүлэх, зарим үед нудруулах энүүхэнд байсан тухай тэд одоо инээлдэн ярьж байна. Тайз эзэгнэдэг, өнөөх олны танил алдартай дуучид, бүжигчид маань үндэсний хувцастай, намбалаг гэгч нь суугаад морин хуур эгшиглүүлэхийг үзэх бас л сонирхолтой. Ингэхдээ бүр дэлхийн сонгодгийг нот алдахгүй чадварлаг тоглохын зэрэгцээ сэтгэл хөдлөлөө биеийнхээ хөдөлгөөнөөр илэрхийлэх нь сонирхолтой. Тэд хөгжмийн зохиолч, МУСТА Б.Цэрэндондовын найруулгаар “Буриад ардай дуун”, “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны хөгжим гээд олон аяз тоглов. Д.Одончимэг найруулагч “Соёл, урлагийн цогцолборт өдөр, шөнийн 24 цаг ажилладаг ганц хүн байдаг нь манай Б.Цэрэндондов...” гэж тодотгоод түүнийг энэ тайзан дээрээ Урлагийн гавьяат зүтгэлтэн болоорой хэмээн ерөөсөн. Мэргэжлийн морин хуурчид хүртэл тоглохоос бэргэдэг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Манан”, “Наадмын дэнж”, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Уянгын аяз”, “Цагаан суварга”,  МУСТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжим зэрэг бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хүртэл эгшиглүүлсэн нь бишрэм. Монгол Улсын УГЗ Д.Дашдондовын үг, СТА Р.Адилбишийн ая “Хуурч” хэмээх шинэ дууг морин хуурчидтайгаа хамт дуучин С.Ариун-Эрдэнэ амилууллаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн морин хуурын “Төвөргөөн” хамтлагтай хөөмийч М.Саруултөгс, дуучин Д.Дагиймаа нарын “Зүүдний говь” дууны хоршил үзүүштэй байв. “Хан хуур” төсөл ийнхүү амжилттай хэрэгжихэд гол үүрэг гүйцэтгэсэн Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын морин хуурч Р.Адилбиш “Үүлэн бор”-ыг “хатируулж”, мэргэжлийнхний дунд Монголын гарын таван хуруунд багтах хуурч хэмээн үнэлэгддэг эрэмбээ нотоллоо. Энэ мэт олон шигтгээг нэрлэж болно. Хоёр цаг гаруй үргэлжилсэн хан хуурын концерт дундаа завсарлагатай, амтат зууштай сэтгэл татам өвөрмөц болов. Тоглолтын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Монголын ард түмний үнэт өв болсон хөөмийг Геннисийн номонд бүртгүүлэн баталгаажуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөгжимчин МУСТА М.Саруултөгсийг нэг сая төгрөгөөр, мөн чуулгын уран бүтээлчдийн дунд “Хан хуур-I” төслийг 2014-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн Д.Одончимэг найруулагчийг хоёр сая төгрөгөөр шагнасныг гардуулав. Мөн төсөлд хамрагдсан бүх уран бүтээлчдэд “Өвгөн хуурч”-ийн хөргийг дурсгаснаар хан хуурын концерт өндөр үүдээ хаалаа.              

     Морин хуур зуун зууныг элээн өртөөлсөөр, монгол гэрийн хоймроос тайзны сонгодог хөгжим болтлоо хөгжиж чадсан нь гайхамшиг. Үүгээр ч зогсохгүй ЮНЕСКО-д соёлын үнэт өв хэмээн бүртгэгдэж, дэлхийн тайзнаа залран хүн төрөлхтнийг бишрүүлэн шуугиулж буй нь бахархал юм.  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 М.Одгэрэл 
Фото: Б.Баттөгс
 
 
 

 

 

 

 

Төгссөн сургууль:
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2005-2006 онд Түгээмэл баяжуулагч мэргэжлээр төгссөн.

 
Мэргэжил:
Тээрмийн машинч

 
Ажилласан туршлага:
2007 оны 6 дугаар сараас Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт баяжуулагч, 2007 оны 10 дугаар сараас одоог хүртэл тээрмийн машинч

 
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2014-2016 онд “Газарчин” дээд сургуульд Уул уурхайн баяжуулалтын технологич мэргэжлээр суралцсан.

 
Чин хүсэл:
Аливаа ажлыг хийж байгаа хүнд туршлага чухал бөгөөд тэрхүү туршлагыг ажлаасаа олж авсан Г.Болдхуяг үйлдвэрийн өнөөгийн нөөц бололцоонд тулгуурлан хүдэр боловсруулалтыг нэмэгдүүлж, зардал бууруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн манлайлагчдын төлөөлөл билээ. Тэрээр үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа бүрэн дүүрэн дайчилж, эргээд харахад бүтээсэн зүйлтэй байхыг эрмэлзэн, чин сэтгэлдээ итгэлийн оч бадраан яваа шинийг сэтгэгч залуусын нэг.

 

 
-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?
-Өглөө бүр аль болох эрт сэрж, орой эрт унтахыг хичээдэг. “Хүн үхэхдээ мөнх унтахаас хойш оршин байх цаг хугацаандаа бага унтаж бай” хэмээсэн Солонгосын нэгэн удирдагчийн үг бий. Хоногийн 24 цагт 6-7 цаг унтах нь хангалттай гэж боддог. Харин ажилдаа гарахаас өмнө өглөөний цайгаа ууж хэвшсэн. 
 
-Таны амьдралын сэргээш юу вэ?
-Намайг урам зориг, эрч хүчээр тэтгэдэг эхний зүйл нь миний гэр бүл гэж хэлмээр байна. Эхнэртэйгээ арваад жилийн өмнө гэр бүл болж, хоёр хөөрхөн хүүтэй болсон. Тэд бол миний амьдралын хамгийн том хөрөнгө. Харин хоёр дахь сэргээшийг ажлын хамт олноо гэж боддог. Өчигдрөөс өнөөдөрт хүрэх замд тэд хамгийн их түшиг тулгуур болж, хийж бүтээх урам өгсөөр ирсэн.
 
-Таны эзэмшсэн ажил, мэргэжлийн онцлог юу вэ?
-Манай хэсгийнхэн их онцлог ажилтай. Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгээс ирж байгаа хүдрийг нунтаглаж, баяжуулаад зэс, молибденыг ялган, Шүүн хатаах хэсэг рүү дамжуулдаг. Энэ утгаараа хамгийн гол хэсэг ч гэж нэрлэж болох юм. Миний хариуцсан ажлын хувьд ашигтай эрдсийг хоосон чулуулгаас бүрэн салгаж, нунтаглаж өгөх үүрэгтэй. Манай хэсэгт нэгдүгээр шатны 9, хоёрдугаар шатны 13 тээрэм ажиллаж, хүдрийг хоёр дамжлагаар нунтагладаг. Ингэхдээ нэг тээрмийн хүдрийн дундаж ачаалал 289 тонн/цаг гэж бодвол 9 тээрэм цагт 2500-2700 тонн хүдэр нунтагладаг гэсэн үг юм. Баяжуулалтад бэлтгэх энэхүү үйл явц нь нийт зардлын 80 орчим хувийг эзэлдэг тул бидний ажил маш өндөр хариуцлагатай. Тээрмийн машинч мэргэжлийн эзэд нь зөвхөн эрчүүд байдаг учраас эзэмшсэн ажил мэргэжлээрээ үнэхээр их бахархдаг. Бэрхшээл олон гардаг ч, багаараа ажилласан цагт тэр бүхний ард төвөггүй гарч чадах итгэл сэтгэл бидэнд бий. 
 
-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ?
-Аливаа ажлыг хийхэд тухайн хүний сэтгэл, ажилдаа хандах хандлага маш чухал байдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Саяхан Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 1000 инженерийн чуулга уулзалт зохион байгуулж, аж үйлдвэрийн салбарын дөрөвдүгээр хувьсал болох дижитал шилжилтийн талаар ярилцлаа. Миний бие тус хуралд Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдтэй мөр зэрэгцэн оролцсон. Үйлдвэр маань зогсолтгүй ажилласаар 41 жилийг үдэж байна. Нэгэн үеийн ахмадууд халаагаа өгч, залуучууд уул уурхайн салбарт хүч түрэн орж ирлээ. Техник технологийн эринд амьдарч байгаа бидэнд цаг үеэсээ  хоцрох эрх байхгүй, харин ч шинэлэг зүйлсээс суралцаж, Эрдэнэт үйлдвэрт ололттой бүхнийг нэвтрүүлэх нь чухал гэж ойлгож байна. Хэлний боловсролоо дээшлүүлж, өөрийн хувь нэмрийг оруулах болно. 
 
-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
-Миний аав ахмад уурхайчин хүн бий. Одоо гавьяаны амралтандаа энх тунх жаргаж, залгамж халааг нь хоёр хүү нь авсан юм. Миний дүү Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт ажилладаг. Аав биднийг бага байхаас “Ямар ч ажлыг голж болохгүй” гэж сургадаг байж билээ. Би алдарт зохиолч Шекспирийн “Өөрийнхөөрөө байх, итгэсэн хүндээ үнэнчээр зүтгэх, шударга хүнийг хайрлах, ухаантай бага ярьдаг хүнээс суралцах, нийтийн санаа бодолтой зохицох, ямар ч аргагүй болсон нөхцөлд сэлэм зөрүүлэх” гэсэн үгсийг хэлэх дуртай. 
 
-Эрдэнэт үйлдвэрийн үнэ цэнийг та хэрхэн ойлгодог вэ? Түүхэн ойд зориулсан таны сэтгэлийн үг? 
-Эрдэнэт үйлдвэрийг дагаж Эрдэнэт хот бий болсон. Жилээс жилд барилга байгууламж нэмэгдэж, хүн амын тоо өссөөр байна. Эрдэнэтийн Овооны ордын батлагдсан нөөцөөр 60 жил ажиллах боломжтой хэдий ч байгалийн баялаг гэдэг зүйл хэзээ нэгэн цагт шавхагддаг нь маргаангүй юм. Тиймээс ирэх 60 жилд Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон үйлдвэр бүтээн цогцлоох хэрэгтэй гэж бодож байна. Бид цаашид зэс, молибденыг эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчийн гарт хүргэх бодлого баримтлах хэрэгтэй байх. 41 жилийн тэртээ байгуулагдсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээр овоглосон мянга мянган уурхайчиддаа баярын мэнд дэвшүүлье. Бид цаг хугацаа, цадиг түүхийн үргэлжлэл болон ажиллаж, баялаг бүтээгчдийнхээ суу алдрыг өндөрт өргөж явах болно.
 
Баасан, 06 12-р сар 2019 00:00

Дэлхийд танигдсан оргил

Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр

 
    Энгүй уудам ертөнцийн хязгааргүй их зайд  хүмүүн заяаг олж мэндлэн хөрс дэлхийд мөрөө үлдээх хувьтай хүний амьдралын  үүх түүх юутай сонин агаад гайхан бишрэм. Ачтай аавын гэрт эрхэлж өссөн танхилхан охин ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн алдар цуутай тамирчин болох ерөөл тавилангийн эзэн бол Цээ-Оригийн  Шоовдор. Монголын волейболчид түүнийг андахгүй.
    Хүмүүний  бие махбод, бодгалиараа хийж  болох  бүх чадвар, хурд хүч, мэдрэмжийн бахдам сайхныг чухам спорт л мэдрүүлдэг. Тийм л баяр бахдал дүүрэн уран тоглолтуудаар Монголын волейболын спортод өөрийн нэрээ тодоор сийлсэн хүн бол Шоогоо багш. XX зууны спорт сонирхогчид, үзэгчдийн хувьд тэр жинхэнэ од байсан юм. Волейболоор сонирхон хичээллэгч хүүхэд залуусын өдрийн бодол шөнийн зүүд болж байсан үлгэр дуурайлал нь тэр байлаа.  Тэр одоо ч  домог хэвээр. Тэртээ 1950-аад оны дунд үед Эрхүүд сурч байсан оюутнууд хоёр бөмбөг, нэг тор авч ирж, эх орондоо волейбол хэмээх гайхамшигт спортын эхлэлийг тавьсан гэдэг. Тамирчдын бие бялдрыг өсгөлүүн, өлчир чийрэг болгоод зогсохгүй хурд, хүч, авхаалж самбааг жинхэнэ утгаар сорьдог спортын энэ төрөл хувь хүнийг төлөвшүүлдэг гайхалтай спорт. Тэр дундаа бусдыг хүндэтгэн, өөрийгөө ялах ухаанд сургаж,  багаар ажиллах чадварыг  бүрэн утгаар хөгжүүлдэг нь волейболын спортын  бас нэгэн гайхамшиг. 
    Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шоовдор волейболын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд  1958 оноос эхлэн тоглож олон улсын тэмцээнд 21 жил тасралтгүй оролцжээ. Тvvний нэрэмжит волейболын өсвөр үеийн  улсын аварга шалгаруулах тэмцээн олон жил тасралтгүй зохион байгуулж  олон ч аймгийн төвд үзэгчдийн уухай хадааж байсан юм.  Шоогоогийн багийн найз анх санаачлан төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа 1990 онд нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй.  Ийнхүү волейболын спортод дурлан тэмүүлэх хүүхэд залуусыг хөгжих боломжийг олгож долоон жил тасралтгүй зохион байгуулсан байна.  Дундговь, Баянхонгор, Хэнтий аймгуудад буухиалсан тэмцээнийг тамирчид, дасгалжуулагчид одоо ч дурсан ярьдаг.  Гавьяатын гараар дамжсан 200 гаруй спортын мастер бий. Тэдний 30 гаруй нь олон улсын хэмжээний мастерууд. Спортын зэрэгтэй тамирчид бол хэдэн зуугаар тоологдоно.  “Их спорт хэзээ ч хүнийг ганцаардуулдаггүй юм” хэмээн ярьдаг тэрээр өдгөө шавийнхаа шавь, бас түүний шавьд ч мэдсэн сурснаа харамгүй түгээж буй буянтай багш дасгалжуулагч билээ.  
Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Хөдөө аж ахуйн Их сургуулийн  дэд профессор Ц. Шоовдор   гуай 3 дахь үеийн шавь нараараа хүрээлүүлсэн азтан. Урлаг, спортын аль ч төрөл хэлбэрт шавийнхаа шавь, түүний шавьд зааж сургах нь ховор тохиолдол.  Хагас зууны турш спортын талбайд илүүрхсэн түүнийг харахдаа тухайн үеийн спортын гадаад мэргэжилтнүүд “Танай баг зургаан Шоовдортой бол аль ч улсын багийг урдаа гаргахгүй дээ” хэмээн шагшиж байсан гэдэг. Тийм ч болохоор Монголын волейболыг Шоовдоргүйгээр ойлгож үл болно. 
    Өдгөө 80 насыг шүргэж байгаа Шоогоо МУИС-ийг 1969 онд улаан дипломтой төгсөж, сургуульдаа урилгаар багшилж байлаа. Түүний дараа 1973-2014 он хүртэл ХААИС-д нийгмийн ухааны багшаар ажиллаж, үндсэн ажлын цагаа дуусахаар үргэлжлүүлээд секц хичээллүүлж байж. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хичээн зүтгэж, үнэн цагаан сэтгэлээр үргэлж тууштай ажиллаж хөдөлмөрлөсөн хичээнгүй монгол бүсгүй. Түүний спортын амжилтыг үнэлж 1971 онд Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх алдар цолыг хүртээжээ. 
    Тэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээлтэй монгол бахархалт охидын нэг. Шоогоо бол дүүлэн нисэх мэт уран, хадаас хатгах мэт хурд хүчтэй тэгш тоглолттой тамирчин. Спортын амжилт гэдэг зөвхөн бие бялдрын  хүч нөөцөөс бус оюуны бяд чадлаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг мэдэрдэг. Тийм ч учраас математикийн гүнзгий ангийг сонгон авч волейболын  спортын шинэ залуу тамирчдыг бэлтгэж байсан алсын хараатай удирдагч билээ. Түүний хурд, үсрэлт тухайн үеийн тамирчдаас хол илүү байсан учраас эрэгтэйчүүдийн тоглодог өндөр сеткэнд тоглодог байсныг тухайн үеийн тамирчид дасгалжуулагчид хэлдэг. Ердөө 2-3-хан хормын дотор хаана яаж, хэр хүчтэй, эсвэл эргэлттэй бөмбөгөөр  довтлохыг, эргээд хэрхэн хамгаалахыг  давхар тооцдог учраас сэтгэлгээний хурдыг асар их шаарддаг спорт бол яах аргагүй волейбол. Энэ л спортын нөлөөгөөр эрүүл чийрэг бие бялдартай, ажиллаж хөдөлмөрлөх их эрч хүчтэй байдаг гэдгийг волейболынхон хэлдэг. Тэдний амьдрал ч үүнийг нотолдог. 
    Улсын шигшээ багийн үндсэн тоглогчоос гадна багийн ахлагч,  дасгалжуулагчаар тасралтгүй олон жил ажилласан тэрээр  Улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний спартакиад, олон улсын болон  дэлхийн оюутны Универсад, дэлхийн аварга, Ази тивийн  аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдан амжилттай тоглож байлаа. Тэр тэмцээнүүдэд шилдэг тоглогчоор олон удаа шалгарч, энгэр хоосон буцаж байсан түүх үгүй ч гэхэд болно. Ахиц амжилтын түүх бүрийг өгүүлнэ гэвэл хэдэн арван хуудсаар хэмжигдэх нь лавтай. 
   Тэрээр Биеийн тамир спорт, Хөдөө аж ахуй, Ардын боловсролын тэргүүний ажилтан. Шоогоо гавьяат Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 80, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж  “Миний амьдралын хагас зуун жил” хэмээх дурсамж  номоо хэвлүүлжээ.  Аав ээжийнхээ гэрт ихэр юм шиг ижилдэн өссөн хоёр охин хоёулаа Шоовдор нэртэй байж.  Магад ямар нэгэн таагүй зүйлсээс цэрвэж  ийн хоёр охиноо нэрийдсэн нь цаанаа нэг учир шалтгаантай байсан ч биз ээ.  Алив муугаас эвийлэн нуусан эрдэнэ шиг  бага Шоовдор  ийн амьдралын түмэн нугачааг сөрж өндийгөөд зогсохгүй их спортын түүхэнд өөрийн хүч нөөц чадлаараа тодорсон жинхэнэ од болж чадсан. Мэдээж амжилт бүрийн ард дандаа алга ташилт, сайн сайхан урам дүүрэн байгаагүй нь лавтай. Тэр атаа хорслын хий мананг хага зүсэн цойлж мандсан нар.  Энгүүхэн яриатай, заримдаа үгнийхээ ард үг дайж шоолонгуйхэн инээх нь багахан шооч хүн гэдгийг илтгэнэ. Түүний сэтгэлийн хат бэлтгэл нь ханасан тамирчны  булчин шөрмөстэй эн тэнцүү болов уу гэмээр бядтай. Дүүлэн нисэх мэт нандин сайхан сэтгэлтэй Шоогоо он цагийн уртад хүнээс хүнд хүрч үргэлжлэх жинхэнэ домог. Түүнийг түүх мэддэг.

Б.Учрал

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог