Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 12-р сар 2019
    Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвд төмөр замын засвар үйлчилгээний зориулалттай ПРМ-5У маркийн машин хүлээн авлаа. ОХУ-д үйлдвэрлэсэн уг техник нь төмөр замын битон дэр солих, хотойсон замыг чигжиж нэг түвшинд хүргэх, муруйсан гүйлттэй замыг тэгшлэх зориулалттай аж. Энэхүү жижиг оврын машин цагт 35 ширхэг битон дэр солих хүчин чадалтай.  Өмнө нь тус төвийн Замын аж ахуйн хэсгийн ажилчид 280 кг жинтэй төмөр битон дэр солих зэрэг засвар үйлчилгээний ажлыг гараар хийдэг байсан. Ийм  техниктэй болсноор энэ ажлаас үүдсэн ажилчдын эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөө арилж, хөдөлмөр хөнгөвчлөх юм. 
                                                                                                                     Я.Энхтуяа
 

    Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн Малайз улсын Саравак хотноо таван өдрийн турш явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний 4х100 метрийн зайд Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн ажилтан, Хангарди спорт клубийн тамирчин ОУХМ Ч.Тэрбиш хүрэл медаль хүртлээ. Мөн спортын мастер А.Цогзолмаа мөнгө, хүрэл медалийн эзнээр тодорчээ. Тус тэмцээнд 29 орны 3000 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд  Монголын баг тамирчид найман алт, 15 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. Хоёр жилд нэг удаа явагддаг дараагийн тэмцээнийг 2021 онд Индонез улсын Жакарта хотод зохион байгуулахаар болжээ.

Т.Батчулуун

    Монгол Улсын Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холбогдуулан “Эрчим хүч-математик загварчлал” сэдэвт бүтээлийн уралдааныг Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын дунд зарлалаа. Уралдаанд ирсэн бүтээлүүдээр Соёл урлагийн цогцолборт үзэсгэлэн гаргах бөгөөд шалгарсан бүтээлүүдэд үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрхийн гэрчилгээ олгох юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн цех, нэгжүүдэд шинийг санаачлан нэвтрүүлж буй арга шийдэл, техник технологи, тоног төхөөрөмжийг нийтэд сурталчлах, ажилтнуудын техникийн болон шинжлэх ухааны боловсролыг хөгжүүлэх, туршлага судлуулах, бүтээлч шинийг эрэлхийлэгч ажилтныг урамшуулахад энэхүү уралдааны зорилго оршиж байна. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг 2020 оны нэгдүгээр сард шалгаруулах аж.

                                                                                                                          Т.ЧУЛУУН

    “Эрдэнэтээ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангана” хэмээн зоримог шийдэж, 10-аад жилийн өмнө бизнест хөл тавьсан уурхайчин залууг “Эрдэнэтээ дэмжье” булангийн ээлжит зочноор урьлаа. Тэрээр сүүн бүтээгдэхүүний зах зээлд өнөөг хүртэл хүч сорихдоо өндөр чанартай сүүгээр хэрэглэгчдийг хангахын тулд малынхаа үүлдэр угсааг сайтар судлах хэрэгтэйг олйгож, алатау, талын улаан, хар тарлан, симентал зэрэг шилмэл үүлдрийн үнээг фирмдээ нутагшуулжээ. Аливааг эхлүүлэх амаргүй хэдий ч нэгэнт хөл тавьсан талбар дээр гурвантаа өөрчлөлт шинэчлэл хийж, үйлдвэрээ өнөөдрийн хэмжээнд өргөжүүлснийг харахад бахархалтай. “Баяжуулагч ододХХК-ийн Ивээлтсүүний үйлдвэрийн захирал Б.Баттөртэй нэг сэдвээр ярилцлаа.

     -ҮНЭЭНИЙ ФИРМЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ САНАА ХЭДИЙД ТӨРӨВ?

    -Анх ямар ч мэдлэггүй, Улаанбаатараас үнээ авчирсан. Үнээний фирмийн үйл ажиллагаа жигдрээд ирэх үед сүүгээ зах зээлд борлуулахад асуудалтай болж, сүүний илүүдэл гарах болсон. Зарах гэж ажил болж байхаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргая, Эрдэнэт сүүний үйлдвэрлэл муутай учраас үйлдвэр байгуулъя гэж зориглон, 2012 онд Ингээд хойд хөршөөс технологи, тоног төхөөрөмжөө худалдан авчирсан. Өнөөдрийг хүртэл энэ салбартаа үнэнчээр явлаа. Судалгааны ажлыг нэг жилийн хугацаанд хийхдээ оро стехнологи сонгон оруулж ирсэн. Орон орны технологи буюу хаанахын ямар хөрөнгөөр, ямар үед хийсэн зэргээр өөр байх жишээтэй. Манай үйлдвэринй хувьд хуурай сүү, химийн нэмэлтгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ төрлийн зах зээлд өрсөлдөж, өөрийн гэсэн хэрэглэгчтэй болоод байна. 

    -ТА ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ? БИЗНЕСИЙН САЛБАРТ БАЙНГЫН ӨСӨЛТТЭЙ БАЙЖ, ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭХЭД ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

  -Би уул уурхайн баяжуулагч мэргэжилтэй. Эрдэнэт үйлдвэрт кранчнаар 9 жил ажиллаад, дараа нь Монголын алт компани /МАК/-д тээрмийн машинчаас үйлдвэрийн дарга хүртэл 10-аад жилийн хүч хөдөлмөрөө зориулсан. Том компанид ажиллахдаа бизнес гэж юу болохыг харж, “Хийе гэж хүсвэл хүн юуг ч бүтээж болдог юм байна” гэсэн урам зоригийг авч байлаа. Хувиараа ажиллаж үзье гэж шийддээд энэ салбарт хөл тавьсан. 34 насандаа гаргасан энэ шийдвэр зоригтой алхам байсан шүү. Тухайн үед компаниа уурхайн төслүүд бичих, уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, үнээний фирм чиглэлээр байгуулсан. Анх судалгаа хийгээд явахад хэлний чадвар муу, сүүний үйлдвэрийн талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй байлаа. Өнөөдрийг хүртэл алдаж онож явсаар тал бүрээр өөрийгөө хөгжүүлсэн. Малын эмч, зоотехник, автомашины засварчин, туслах ажилтан, нягтлан гээд бүхий л ажлаа өөрийн биеэр хийж байсан. Одоо төсөл бичих зав муутай болоод ч тэр үү олон зүйлд хүч тарамдаж байхаар нэг ажлаа сайн бөгөөд чанартай хийхийг эрмэлздэг болсон.

     -ОРОН НУТАГТ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР БАЙХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА ВЭ?

    -Сүүнд сүүний хүчил буюу бактер гэж бий. Энэ бактер маш эмзэг тул хадгалалтын горим, нарийн температур шаарддаг. Харин сүүний шинж чанар нь үнэр, амтыг хурдан шингээж, хурдан гашилдгаараа онцлогтой. Тиймээс орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байх нь туханй орон нутгийн хэрэглэгчид өдөр бүр шинэ бүтээгдэхүүн авах боломжоор хангаж байгаа юм. Холоос тээвэрлэлт хийхэд хадгалалтын горим алдагдах магадлал өндөр тул хэрэглэгчдээ хамгийн ойр гэдэг нь бидний давуу тал болж байна. Манай үйлдвэр сүүгээ удаан хадгалахад зориулсан хүнсний нэмэлт хийж үзээгүй. Эко бүтээгдэхүүнийг дэргэдээсээ авах боломжтой байна гэдэг Эрдэнэтчүүдийн хувьд том дэвшил гэж хардаг.

     -САНААГАА АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХЫН ТУЛД САНХҮҮГИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСЭН БЭ?

   -Үйлдвэрлэл эрхлэх нь худалдаа наймаа хийхээс эрс ялгаатай ойлголт гэж би боддог. Түүхий эдээ хаанаас хэрхэн бэлтгэх, хаана нийлүүлэх, ямар технологиор боловсруулах, эргээд зах зээлд хэрхэн таниулж, олонд түгээх вэ гэсэн цогц үйл ажиллагааг эрхэлдэг онцлогтой. Манай компани сүүнээс гадна тараг, аарц, шар тос, сүү, ааруул зэрэг 8 нэрийн бүтээгдэхүүнээ 18 төрлийн савлагаатай гаргаж байна. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үйлдвэрээ 3 үе шаттай өргөжүүлсэн. Монголд зээлгүй бизнес эрхлэгч гэж байхгүй байх. Манай компани ч тэр л жимээр явж ирсэн. Ер нь хүнсний салбар анхны хөрөнгө оруулалтаа урт хугацаанд нөхдөг тул ашиг алдагдлын балансаа бариад л явж байна.  

    Сүүний аж ахуйг Орхон аймагтаа жишиг болохуйц хэмжээнд хөгжүүлж, “Улсын аварга фирм”-ээр шалгарч байсан. Бид 20 км зайд байгаа өөрийн фирмээс үйлдвэрлэлийнхээ 40-өөд хувийг, эрчимжсэн мал аж ахуйн бүс болох Говил багаас 10-аад, Ингэтийн сангийн аж ахуйгаас 2-3, Хангал сумаас 2 фирм нийлүүлэлт хийж байна. Эрчимжсэн мал ахуйн фирмийг түшиглэдэг нь ч бас учиртай. Нэгд, өвлийн улиралд сүүгээр тасалдахгүй, хоёрт, эрүүл мэндийн шаардлага хангасан байдаг. Жилийн дөрвөн улиралд зогсолтгүй ажиллах бидний хувьд нийлүүлэгчдээ алдахгүй байх л хамгийн чухал.

    -ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЖИЛЛАГСДЫН ХОР СААРМАГЖУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЖ БАЙСАН САНАГДАНА?

   -Манай компани 2014-2016 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийн 10-аад цехийн ажиллагсдад хор саармагжуулах бүтээгдэхүүн нийлүүлж байсан. Өнгөрсөн оны тухайд тендерт оролцсон ч тарагны савлагаа хэмжээ бага шалтгаанаар тавьсан шаардлагад нь нийцээгүй. Энэ жил мөн өрсөлдөж байна. Томоохон хэрэглэгч өдөр бүр 450 ширхэг бүтээгдэхүүн худалдан авах нь жижиг цехүүдэд томоохон дэмжлэг болдгийг хэлэх нь зөв байх. Тэр хэрээр бүтээгдэхүүнээ олонд таниулж, хэрэглэгчээ бий болгох эерэг тал бас бий. Уурхайчдын зүгээс “Танай бүтээгдэхүүн хаачив” гэж их асуудаг. Хэрэв бид тендерт шалгарвал үндсэн үйлчлүүлэгчдээс гадна тендерийн ханган нийлүүлэлтээ аль алийг нь амжуулах боломж, нөөц хангалттай байна. Одоогоор Эрдэнэтийн эргэн тойронд 7-8 фирмийн нөөц бий. Монгол Улсын төр засгаас сүүний урамшууллын талаар ярьж байна. Энэ асуудал шийдэгдвэл хөгжил илүү хурдацтай явна байх.

      -ЭНЭ ОНЫ ОЛОЛТ АМЖИЛТААСАА ОНЦЛОХГҮЙ ЮУ?

     -Хатаасан сүүний тоног төхөөрөмжийг туршиж, горимоо тогтоосон нь бидний хувьд том амжилт боллоо. Мөн 10-аад жил энэ салбарт ажиллахдаа өөрийн нэрийн цөцгийг компанийнхаа нүүр царай болгох гэж хичээн ажилласан. Энэ хичээл зүтгэл маань ч талаар болсонгүй, үр шимийг нь бид амсаж, “Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа. Бид Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүний лого эзэмших эрхийг гардсандаа баяртай байна. Төслөө анх бичих үед ОХУ-аас оруулж ирж байгаа цөцгийний зах зээлийг 100 хувь, аарцны 20 хувь, сүү, тарагны хэрэгцээний 40-өөд хувийг хангана гэж зорьсон. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэрэглэгчдийг цөцгийгөөр 100 хувь хангаж, аарцаа тодорхой зорилтод хүргэсэн. Цөцгийн тос бидний санасан хэмжээнд хүрээгүй ч зах зээлийн 20-25 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна. Бүтээгдэхүүнээ зах зээлд хэдийнэ таниулж, байнгын хэрэглэгчтэй болсон. Энэ бол бидний хувьд том амжилт.

     -СҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ УЛИРЛЫН ШИНЖ ЧАНАРТАЙ БАЙХ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    -Тавдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэн хүртэл малчдын сүүнд түрэгддэг тул боловсруулсан сүүний борлуулалт эрс багасдаг талтай. Сүүний фирмүүдээ тогтвортой нийлүүлэгч болгох үүднээс нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан, зуны улиралд зах зээлийн ханшаас 100-150 төгрөгөөр өндөр үнээр сүүгээ худалдаж авч байна. Зуны улиралд  сүүний гарц нэмэгдчихээр илүүдэл сүүгээ яах вэ гэдэг асуудалтай тулгарсан. Энэ асуудлыг эерэгээр, ашигтай байдлаар шийдвэрлэх нэг зам нь хадгалалтын хугацаа даах чадвартай бүтээгдэхүүн буюу аарц, ааруул, шар тос, цөцгий, цөцгийн тос гэж үзсэн. Сүүлийн жилүүдэд энэ маягаар түүхий эдээ боловсруулж, жилийн хэрэгцээгээ зундаа нөөцөлж байна. Савласан сүүгээ ундны сүүний стандартын дагуу боловсруулж, шууд уух хэрэгцээнд гаргаж байна. Иргэд 3.2 хувийн тослогтой сүүгээр цайгаа сүлчихээд түүнийгээ шингэн байна гэж голох нь бий. Уг нь үйлдвэрийн аргаар боловсруулж, ариутгасан сүүг түүхий сүүтэй харьцуулах аргагүйг ойлгох хэрэгтэй юм.

     -БОРЛУУЛАЛТЫН СУВГАА ХЭРХЭН ОЛЖ БАЙНА ВЭ?

   -Цөцгий, аарцаа Есөн эрдэнэ худалдааны төв, бусад бүтээгдэхүүнээ гэрээт байгууллага юмуу захиалгаар гаргадаг. Манай цагаан идээ амьд бүтээгдэхүүн. Тэр утгаараа дэлгүүрийн лангуун дээр удаан хугацаанд хадгалах боломжгүй. Хөргүүрийн температур, хадглалатын горимоос гадна байнгын нийлүүлэлт жижиглэн худалдаанд маш чухал юм билээ. Өнөөдрийн байдлаар бид Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 27 улсын цэцэрлэг, УБТЗ-ын Дархан-Уул аймаг хүртлэх 9 цэцэрлэгийг цагаан идээгээр хангаж байна. Онцгой шаардлагаар “Медипас” эмнэлэг, “Бэрэн металл” ХХК, Дулааны цахилгаан станцын ажилтнуудад хор саармагжуулах бүтээгдэхүүн нийлүүлж, захиалгын дагуу байнгын үйлчлүүлэгчиддээ хүргэлт хийж байна.

    -ХЭДЭН ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН БЭ?

    -Компанийн хэмжээнд 18 хүнийг ажлын байраар хангасан. Эдгэрээс сүүний үйлдвэрт 13 ажилтан бий.

    -ЦААШДЫН ХӨГЖЛӨӨ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ? ИРЭХ ОНЫ ЗОРИЛГООСОО ХУВААЛЦВАЛ?

    -Тодорхой хугацаанд бизнес хийж, амтанд нь орсон хүн бололцоо л гарвал бага багаар өргөтгөхийг хүсдэг. Миний хувьд ч төлөвлөгөө гаргаж, шинэ зургаа бэлтгэсэн. Мэдээж цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж, тэлэх бодол бий. Алсын зорилтоо “Дэлхийд танигдсан орон нутгийн брэндийг бий болгох”-ыг зорьж байна. Манай компани энэ онд сүү хатаах шинэ технологи нэвтрүүлэхээр тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Туршилтаа ч амжилттай хэрэгжүүллээ. Хатаах технологи нь сүүний тослогийг тодорхой хэмжээнд ялган авч хатаах, улмаар сэргээн хэрэглэхэд сүүний чанарын 80 хувийг барьж байх онцлогтой юм. Энэхүү шинэ төрлийн бүтээгдэхүүнийг хуурай сүүтэй харьцуулахад будагч бодис, химийн нэмэлт агуулаагүй тул малаас гаралтай шимт бүтээгдэхүүн болно гэдэгт бид итгэлтэй байна. ОХУ-д төдийгүй дэлхийд танигдсан технологийг Монголдоо нэвтрүүлсэн шинэ алхамаар ирэх оныг эхлүүлж байгаадаа баяртай байна.

    -ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ТА ХЭНД ЗОРИУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭХ ВЭ?

   -Эрдэнэтчүүддээ, хэрэглэгчиддээ 2020 онд эрүүл энх, сайн сайхан байхыг хүсье. Бидэндтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.

     -Хүүхэд хамгааллын чиглэлээр болон хүүхдэд чиглэсэн, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ямар, ямар ажил арга хэмжээг зохион байгуулж байна вэ?

    -Орхон аймаг дахь Цагдаагийн газраас 2019 онд Засгийн газарт чиглэл өгөх, 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгох тухай МУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, МУ-ын ЗГ-ын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, МУ-ын ЗГ-ын 2018 оны Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт нөлөөллийн шат дараалсан арга хэмжээнүүд зохион байгуулсан.

     Тухайлбал: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Монгол улс орон даяар зохион байгуулсан Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх  “Зөв тусгал”, Хүүхдийг зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Бяцхан зорчигч”, “Хичээлийн шинэ жил”, “Сурагчдын амралт” зэрэг арга хэмжээнүүдийг мөн адил Орхон аймгийнхаа хэмжээнд явуулсан. 

    -Аймгийн Цагдаагийн газраас хүүхдийг цахим халдлага, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил зохион байгуулж байна?

   -“Цахим тоглоом”-1, 2, 3, 4 тусгай арга хэмжээг улирал бүр, “Анхаар хүүхэд”, “Хурдаа хас”, “Зуслан”, “Жаргалант сум-Хүүхэд”,  Гэр бүлдээ “Уурлаад яах вэ дээ” аянуудыг зохион байгууллаа. Сүүлийн үед аюулын харанга дэлдэж байгаа чимээгүй тахал болсон Хар тамхи, мансууруулах бодист хордох явдлаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг ухуулан таниулах, өсвөр үе, залуучуудыг  тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тусгай арга хэмжээнүүдийг орон нутгийн хэмжээнд явуулсан. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз радиогоор сурталчлан ажилласан.Улсын баяр наадам, томоохон уралдаан тэмцээнд олимпиад, хүүхдийг Монгол улсын хилээр тодорхой шалтгааны улмаас нэвтрүүлэх зэрэг тал дээр хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн онцгой анхаарч ажиллаж байна.

    -Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг вэ?

   -Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайлбал: хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 16-18 насных байна. Мөн хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирч байгаа болно.

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийг эхлүүлсэн. Энэ төслийг Орхон аймагт хэрэгжүүлэн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр гарсан 2 эмэгтэй алба хаагчийг сонгон авч, хүүхэд хамгаалагч эргүүлээр ажиллуулж байна. Энэ 2 алба хаагч маань үнэмлэх, энгэрийн тэмдэг, гэрэл ойлгогч хантааз, гэмт хэрэг зөрчлийг мэдээлэх хуудас зэргийг хэрэглэж, доороо сайн дурын 10 эргүүлийг удирдан зохион байгуулж, хүүхэд сургуульд ирэх, буцах чиглэлд болон гэрэлтүүлэг муутай гудамж талбай нарийн зөрөг зэрэг газруудад эргүүлээр ажиллаж байна.

    -Ухуулга сурталчилгааг хэрхэн зохион байгуулав?

  -Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 01 албан даалгаварт “.....Төрийн байгууллагуудад эцэг эхийн зөвлөл байгуулж хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллуулах.....” гэж заасан байх бөгөөд төрийн байгууллагуудад эцэг, эхийн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа эсэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, тэр дундаа хүүхдийг зам, тээврийн хэрэг, осол, зөрчилд өртөж хохирох явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа тал дээр хяналт тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл, хийсэн ажлын тайланг 2019 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар төрийн бүх байгууллагуудаас авч, ухуулга нөлөөллийн сургалт сурталчилгааг явуулсан.

   Орхон аймгийн Ерөнхий боловсролын бүх сургууль дээр сургуулийн Нийгмийн ажилтнаар ахлуулсан “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм” ажиллаж сургуулийн орчинд хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох явдлаас урьдчилан сэргийлэх үе тэнгийнхний зөв нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

   2019 оны 12 дугаар сарын байдлаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 36 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 56,5%-иар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч хэргийг эрт илрүүлэх, хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт санаа бодлоо хэрэгжүүлэх байдлыг таслан зогсоосон гэж үзэж болох юм. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг Цагдаагийн байгууллагын хяналтад авч, тэдэнд болон тэдний хүрээллийн найз нөхөд үе тэнгийнхэнд ухуулга нөлөөлөл, гэмт хэргийн хор хөнөөл, хор уршиг зэргийг ойлгуулах чиглэлээр нэлээдгүй ажил арга хэмжээ явуулж байгаа нь хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэх чухал ажил болж байна. 

    -Төрөл бүрийн аян, ухуулга сурталчилгааг зохион байгуулснаар үр дүнд хүрч чадаж байна уу?

   -Цагдаагийн байгууллагаас 2019 онд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нэг хором”, “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш ээ, дүрмээрээ” зэрэг онцлог арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээ явагдаж байх цаг хугацаанд гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр буюу 35,0-42,0 хүртэл хувиар буурч, иргэд олон нийтээс ихээхэн талархал хүлээж эерэг үр дүн гарсан бодит ажил болсон. 

   Яг үүнтэй адилхан аймаг орон нутагтаа зохион байгуулж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээнүүдийг явуулж байх цаг хугацаанд хэрэг, зөрчил тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн 2 сард “Анхаар хүүхэд” тусгай арга хэмжээг зохион байгуулж ухуулга нөлөөлөл, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байх цаг үеэр энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

    -Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд хэрхэн анхаарах, тэдний санаа бодлыг сонсох тал дээр ямар байдлаар хандах нь оновчтой вэ?

   -Монгол хүүхдүүд бусад улс орны хүүхдүүдийг бодвол харьцангуй хүмүүжил, хатуужил сайтай, оюуны цар хүрээ өндөр гэж дүгнэгдсэн байдаг. Миний бие ерөнхий боловсролын сургуулиудаар явж сургалт сурталчилгаа ухуулга нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Ажиглалт, асуулт хариулт зэргээс үзэхэд хүүхдүүд ер нь бол технологи талдаа сонирхолтой, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, зорилго нь бидний хүүхэд байхад бодож байснаас тэс өөр байгаа юм.

   Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа яг л түүний найз нөхөд шиг, хамгийн сайн сонсогч нь байх хэрэгтэй. Аав ээж нь хүүхдээ сонсдоггүй учраас хүүхэд найз нөхөд бусад хүмүүст өөрт тулгарсан асуудлаа ярьдаг. Тэр ч бүү хэл танихгүй хүнд хүртэл өөрт тохиолдсон асуудлаа ярьснаас болж гэмт хэрэгт өртөж хохирох олзлогдох тохиолдол гарч болзошгүй.

    Цагдаагийн байгууллагаас Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таны “Зөв тусгал” таны хүүхэд гэсэн уриан дор “Зөв тусгал” арга хэмжээг зохион байгуулсан. Та ямар хүн байна, таны тусгал, таны хүүхэд л байна. Хэн ч хүүхдээ муу хүн болгохыг хүсдэггүй, тэгсэн мөртөө хүүхдээ хаана хэнтэй юу хийж явааг мэддэггүй. Хамгийн наад зах нь гар утасныхаа дэлгэцийг хагалахаас айж, хайрладаг мөртөө хүүхдэд гар хүрч, хүүхдийн дэргэд тамхи татаж, архи уух, тэр ч бүү хэл  хүүхдийг дагуулан замын гарцгүй газраар гарах, хөдөө амралт зугаалгаар явахдаа гол ус гарахдаа хүртэл гарамгүй газраар гарах, хүүхдийг зориулалтын суудалд суулгахгүй байх тохиолдол таслан зогсоогдохгүй байна. Та хүүхдэдээ анхаарал тавихгүй бол өөр хэн нэгэн муу хүн хүүхдэд чинь анхаарал тавина шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ үгний цаана их олон зүйл байгаа.

    -Хүүхдийн сул тал, ар гэрийн анхаарал халамж муу, асуудалтай байгаа зүйл дээр эмзэг талыг нь харж гэмт этгээдүүд гэмт хэрэгт татан оролцуулах, уруу татах эрсдэлтэй байдаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?

   -Хүүхэдтэй харьцахдаа урамшуулсан, түүнийг сэтгэл зүрх, зоригийг  бадраасан, итгэл өгсөн, ирээдүйн зорилго зорилтыг нь сонсож түүнийг нь дэмжсэн, хамгийн сайн сонсогч зөвлөгч нь байх хэрэгтэй. Тэрнээс ерөнхийд нь миний хүү, охин сайн байна, мундаг шүү гэх нь гол биш ээ. Яг тухайн мөчид буюу чи энэ ажлыг хийсэн, энэ тоог бодож чадаж байгаа чинь, тэр зүйлийг хийж чадаж байгаа чинь л мундаг байна гэж цаг тухай бүрд нь урамшуулж байх нь эрүүлээр хүүхдэдээ нөлөөлж байгаа хэлбэр юм. Мөн үг дааж сургах, сэтгэлийн хат, бие бялдрын хөгжил, Монгол ёс заншил, оньсон тоглоом, үлгэр туйл, хүнийг хүндэтгэх, мэндлэх ёс, биеэр хэрхэн авч явах, байгаль дэлхийгээ хайрлах, мал ахуйтай харьцах зэрэг уламжлалыг хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургах хэрэгтэй.

   Тэрнээс үг дааж сургаж байна гээд загнаад, урамшуулж байна гээд мөнгө өгөөд бай гэсэн ойлголт биш ээ. Монголчууд их хошин мэдрэмжтэй хүмүүс юмаа, ярилцдаггүй байж уурлаад яах вэ дээ, харих гээд яараад яах вэ дээ гэх мэт трейнд үг нь хүмүүст хүрсэн нь харагдаж байна.

    Хэдийн бид мэдээллийн эрэн зуун, 21-р зуун гэж ярьж байгаа боловч Монголын зүйр сэцэн үгс, баатарлаг түүх, өвөг дээдсийн сургааль зэргийг аав ээжүүд өөрсдөө хүүхдүүддээ ярьж таниулж, тэдэнтэй өнгөрөөх цаг хором бүхнийг үнэ цэнтэйд тооцож гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хэрэгтэй байна.

    Анчин нохойд юу ч мэдэхгүй гөлгийг дагуулан анд сургадаг, хурдан азарганы төл хурдан л байдаг, төгөлдөр хуурчийн хүүхэд урлагийн хүн болдог, хуульчийн хүүхэд хуульч болдог шүү дээ. Тэгэхээр та ямар үлгэр дуурайлал үзүүлнэ, таны хүүхэд таны “ЗӨВ ТУСГАЛ” байх болно.

   -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

А.Бямбамаа

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва хот дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан ОХУ дахь Монголын Оюутны холбоотой хамтран Москва хотод суралцаж буй Монгол оюутнуудын дунд уламжлалт “Дэвжээ-2019” наадмыг Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Концертын танхимд саяхан амжилттай зохион байгууллаа. Наадмын үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэрийн Москва дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Болдбаатар, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа, залуучууд, мэдээллийн бодлогын асуудал хариуцсан орлогч захирал Е.С.Гогина нар нээж үг хэлэв.

    Энэ жилийн Дэвжээ наадам хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн “Гэрэгэ”, Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Made in RUDN”, Оросын Тээврийн их сургуулийн “Локомотив”, Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн “Каско”, Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн “Плехановцы” зэрэг багууд хүч тэнцүү өрсөлдсөн юм. Тэргүүн байрт “Локомотив” баг шалгарч, “Каско”, “Плехановцы” багууд удаах байруудыг эзлэв. Уг наадмын үзүүлбэрүүд өмнөх жилүүдийнхээс чанаржиж, агуулга, жүжиглэлт, ур чадвар өссөн талаар Дэвжээ-2019 наадмыг ивээн тэтгэн, зохион байгуулж ажилласан Эрдэнэт үйлдвэрийн Москва хот дахь төлөөлөгчийн газрын хамт олонд, Монголын ЭСЯ болон Монголын оюутны холбооны төлөөллүүд онцгойлон талархал илэрхийлэв. Мөн “Дэвжээ-2019” наадамд авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нийт оюутнуудад баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.

                                                                                                                    Т.Батчулуун

 

     

    Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулсан үзгэн хөшөөний нээлт боллоо. Хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Монгол-21” сангийн тэргүүн Д.Туяа, “Сэцэн” ХХК-ийн захирал Б.Цэдэндорж болон үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцов. Энэхүү хөшөөг цагаан гантиг суурин дээр Ш.Отгонбилэг агсны барьж байсан үзэгний дүрсийг, олон түмэнд Шо захирал хэмээн хүндлэгдэж явсныг нь бэлгэдэн куб буюу бүх тал нь тэгш шоо дүрсийн хамт урлан бүтээжээ. Уг хөшөөг түүний нэрэмжит гудамжных нь эхэнд байрлуулсан нь Эрдэнэт хотод өнгө үзэмж нэмсэн үйл явдал болов. Хөшөөний гүйцэтгэгчээр Б.Цэдэндорж захиралтай “Сэцэн” ХХК ажиллаж, үйлдвэрийн Инженерийн зураг төслийн төвийн тэргүүлэх зохион бүтээгч инженер А.Соджаргал хөшөөний дизайныг гаргажээ.

 
 
 
 
 
                                                                                                            Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
 

   

    Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж, анхны баяжмалаа хүлээн авсан 12 дугаар сарын 14-ний түүхэн өдөрт зориулсан баярын хурал, урлагийн тоглолт Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборт боллоо. Баярын хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд, бүтцийн нэгжийн удирдлагууд, цех бүрийн төлөөлөл болсон ажилтан ажиллагсад, шилдэг тэргүүний залуучууд оролцсон юм. Баярын хурлыг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баялаг бүтээгч мянга мянган уурхайчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. 2019 оныг Эрдэнэт үйлдвэр “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан ажлын үр дүнгээ тайлагнаж, хөдөлмөрч бүтээлч хамт олныхоо хийсэн бүтээснийг олны сонорт хүргэлээ.

    Баярын энэ өдөр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Б.Наранбаатар, С.Ганбаатар, Б.Баярсайхан, Ч.Отгон, “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Д.Баатар, П.Нямсүрэн, Л.Энхбаяр, Б.Чулуунбаатар, Д.Давааням, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр Б.Батбилэг, Л.Болдоо, Б.Дэрэм, Х.Батмөнх, Б.Баттөгс, Д.Мөнхтөр, Г.Эрдэнэсүрэн, Ч.Мөнхбаатар нарыг шагнаж урамшууллаа. Мөн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээн авахад хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан Л.Батбаяр, Мартынов В.В, Э.Хашбат, Э.Доржболд, З.Энхбаатар, Козорез А.В, Б.Анхбат, А.Кудербай, Белянкин В.П, Б.Бат-Эрдэнэ, Н.Мөнхчулуун, Х.Батзориг, Г.Мягмарцэрэн, Г.Ганчулуун, С.Ууганбаяр, Сапрыкин В.А, Д.Ёлкасүрэн, Д.Дандар нарыг мөнгөн шагналаар шагнав.

 

 

 

    Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн 41 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн төлөө хийж бүтээсэн бүхэнд нь талархал илэрхийлж, хамт олноо манлайлсан Б.Тэгштуяа, Д.Цогтсайхан, Т.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Н.Баяржаргал, Г.Болдхуяг, Э.Лхагважав, Б.Данаажав нарт амины орон сууцны түлхүүр гардуулсан юм. Баяр дээр баяр нэмсэн энэхүү түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Хамт олондоо үлгэр жишээ ажиллаж, хийж бүтээх хүсэл тэмүүллээр “жигүүрлэсэн” эдгээр найман залууд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Эко хороолол дахь хаус, таунхаусыг бэлэг болгон өгсөн. Орчин үеийн хэв загвартай амины орон сууц нь 64м.кв талбай бүхий 3 өрөө, дулаан гаражаас бүрдсэн бол хоёр давхар бүхий таунхаус барилга нь нийт 116м.кв талбайтай, хоёр ариун цэврийн болон унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөөнөөс бүрдсэн тохилог сууц юм. Залуу ажилчид, тэдгээрийн гэр бүлийг дэмжсэн энэхүү гэнэтийн бэлэг Эрдэнэт үйлдвэр 41 жилийн төрсөн өдрөөрөө ажилчиддаа барьсан сюрприз байв.   

 

 

 

Энэ үеэр шагнал гардсан уурхайчдын сэтгэгдлээс хүргэхээр бэлтгэлээ.

Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн Тоног төхөөрөмжийн засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ

    Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна. Өнөөг хүртэлх хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, итгэл хүлээлгэсэн үйлдвэрийнхээ удирдлагуудад талархал илэрхийлье. Миний бие 2010 онд Баяжуулах үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”, 2013 онд цехийн “Шилдэг засварчин”, 2014 онд Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”, 2016 онд Баяжуулах үйлдвэрийн “Шилдэг бригадын дарга”-аар шалгарч байсан. Цаашид хийхээр бодож санасан зүйл их бий. Урмаар тэтгэсэн итгэлийг тань алдахгүйн төлөө хичээх болно. Эрдэнэт үйлдвэртээ маш их баярлалаа.

Үйлчилгээ аж ахуйн цехийн ажилтан Б.ТЭГШТУЯА

    Үйлдвэрийнхээ удирдлагуудаас байрны түлхүүр гардаж авна гэдэг хүний амьдралд ховорхон тохиох аз завшааны нэг гэж бодож байна. Сэтгэл хөдөлж, баярын нулимс бөмбөрлөө. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Хамт олондоо, Үйлчилгээ аж ахуйн цехийн дарга Б.Туяа болон Эрдэнэт үйлдвэрийн нийт удирдлагууддаа талархал илэрхийлье. Та нартаа маш их баярлалаа.

Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн тээрмийн машинч Б.ЧУЛУУНБААТАР

    Өнөөдөр “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнагдлаа. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 13 жил тээрмийн машинчаар ажиллаж байна. Салбарынхаа хамгийн том шагналыг хүртлээ. Сэтгэл их догдолж байна. Би уурхайчин мэргэжилдээ хайртай. Баялаг бүтээгч нийт хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ ойн баярын мэнд дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Баасан, 13 12-р сар 2019 00:00

Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #6

 

Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын дарга Д.ЭРДЭНЭБАТ

Уулын үйлдвэртэй хувь заяагаа холбоод 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд олон зүйл сурч, ажилдаа туршлага хуримтлуулсан. Хамт олонтойгоо үйлдвэрийнхээ ам бүлд ажиллах сайхан байна. Үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, баялаг бүтээгч уурхайчид, Эрдэнэт хотынхоо ард иргэд та бүхэнд баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.

 

Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны нэвтрүүлэгч П.ЭНХТУЯА

Миний бие хэвлэл мэдээллийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Он цагийн хуудсыг нэхэн харахад энэ их айлын өндөр босгоор алхаж, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн амьдрал замнал, ололт амжилттай холбогдсоор 27 жилийг үджээ. Дурсамж дүүрэн, бүтээн байгуулалтын он жилүүдэд уурхайчин хамт олныхоо дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, тэднийхээ ажил үйлсийг баяр бахдалтайгаар олон нийтэд хүргэсээр өнөөдөртэй золгож байна. Телевизийн урлагаар дамжуулан Эрдэнэтийн уурхайчдын хөдөлмөр бүтээлийг орон даяар хүргэхээр хичээн ажилласныг минь үнэлсэн хамт олондоо, баялаг бүтээгчиддээ баярлалаа. Эрдэнэт үйлдвэр миний амьдрал, миний бахархал.

 

Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн ээлжийн мастер Д.ЭНХБОЛД

1981 оны 4 дүгээр сарын 13-нд энэ их айлын босгоор алхаж, Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. Тээрмийн машинист, плотатор, тээрмийн бригадын даргаар ажиллаж байгаад 1989 онд Өөрөө нунтаглах хэсэг рүү тээрмийн машинистаар шилжин ажилласнаас хойш ээлжийн мастер, ахлах мастер, хэсгийн даргын ажил үүрэг гүйцэтгэсэн. Энэ хэсэгтээ 30 дахь жилдээ ажиллаж байна. 6000 гаруй ажилтныхаа ар амьдралыг “нуруундаа үүрч”, уул уурхайн компаниудыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа минь зол завшаан юм. Ажил мэргэжлээрээ бахархсан Баяжуулах үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олондоо эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Тэсрэх материал зөөх уулын ажилтан Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Би удам дамжсан уурхайчин залуусын нэг. Ургах нартай уралдан босож, улс эх орныхоо төлөө үр бүтээлтэй ажиллаж байгаадаа баяртай байна. Эрдэнэт үйлдвэр миний амьдрал, миний гэр бүл, миний хойч ирээдүйд маш том бүтээн байгуулалтыг бий болгосон. Үе үеийн уурхайчиддаа эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 41 жилийн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.

И.Чинтогтох

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн 41 жилийн ой, “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” жилийн хүрээнд үйлдвэрийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи хоорондын энэ оны хамтын ажиллагааг дүгнэх тайлангийн хурал амжилттай зохиогдлоо. Тайлангийн хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хөгжлийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Шинжлэх ухааны академийн судлаач, эрдэмтэн, инженерүүд оролцсон юм. 2019 онд хоёр байгууллага 8 чиглэлд хамтран ажиллахдаа бодит үр дүнд хүрснийг онцлон, хурлын үеэр судлаачдын хийсэн судалгааны ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэг, Шинжлэх ухааны академийн хамтран хэрэгжүүлсэн цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, инновацийн түвшний томоохон ажлын туршилт судалгааны үр дүн ирэх хавар харагдах юм. Мөн Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах, цагаан тоосны дэгдэлтийг багасгах зэрэг байгаль орчны чиглэлээр хийгдэж байгаа туршилт судалгааны ажлуудыг онцоллоо. 

      Шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд үйлдвэрийн газрын цех, нэгжүүдийн бүтээмжийн менежер, инженер техникийн ажилтнуудад “Оюуны өмчийн менежмент”, “Химийн хорт болон аюултай бодисын менежментийг сайжруулах”, “Хаягдлын далангийн сейсмик мониторинг хийх” сэдвээр сургалт явуулсан нь ажилтнуудыг чадавхижуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль дүрмийг биелүүлэхэд үр дүнгээ өгч байна. Уул уурхайн үйлдвэрлэл нь ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, үйлдвэрлэл, эрчим хүчний хангамж, дэд бүтэц, ложистик, эдийн засаг, менежмент, байгаль орчин, аюулгүй ажиллагаа гэсэн олон салбарыг хамарсан нарийн төлөвлөлт бүхий үйл ажиллагаатай. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн турш шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үндсэн дээр үйл ажиллагаагаа удирдан чиглүүлсээр ирсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт хоёр тал итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс 

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог