Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 30 12-р сар 2019

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын www.erdenettoday.mn сайт энэ өдөр цахим сэтгүүлзүйн шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадмын хоймроос “Орон нутгийн шилдэг сайт” өргөмжлөлийг хүртлээ. Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран хоёр жил тутам зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам 4 дэх жилдээ амжилттай болж, онцлох 10 номинацын эздийг нэрлэсэн юм. Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албанаас эрхлэн явуулдаг www.erdenettoday.mn, www.erdenetmc.mn цахим хуудас нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны шинэлэг мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж, уурхайчдынхаа хөдөлмөр бүтээл, ололт амжилтаар цахим салбарт өнгө нэмсэн. Уул уурхайн мэдээллийг улс орон даяар түгээгч www.erdenettoday.mnсайт өнгөрсөн хугацаанд шинэ контентууд үйлдвэрлэж, төв, орон нутгийн вэб сайтуудын албан ёсны эх сурвалж болсоор ирсэн юм.

     “Web awards” тэргүүн наадмын шилдгүүдэд салбар салбарын хүндтэй эрхмүүд шагнал гардууллаа. “Шилдэг вэб хөгжүүлэгч”-ээр “Хас сошиал медиа” ХХК, “Шилдэг төрийн байгууллагын сайт”-аар Улсын Онцгой байдлын газрын www.nema.mn, “Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч сайт”-аар шуурхай мэдээ мэдээллийн www.zarig.mn, “Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт”-аар www.tovch.mn, “Шилдэг төрөлжсөн мэдээллийн сайт”-аар www.urlag.mn, “Шилдэг бизнесийн сайт”-аар www.biznetwork.mn, “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”-аар www.mass.mn,“Мэдээллийн шилдэг сайт”-аар www.gogo.mn, “Сайтын шилдэг сэтгүүлч”-ээр www.zindaa.mn сайтын Э.Болорхажид тус тус шалгарч, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн. Мөн “Монголын сайтын холбоо”-ны “Эрхэмсэг оршихуй” цомын эзэд болсон www.sonin.mn сайтын хамт олон тэргүүн наадмын тайзан дээр баяр талархалын үг хэлж, шагналаа гардлаа.

     Цахим сэтгүүлзүйн салбарт үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй мэдээллийг түгээх эрхэм зорилго тээсэн шилдэг сайтуудын хамт олонд халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

И.Чинтогтох

 
Мэндчилгээ
 
   Тээвэр ложистикийн төвийн хамт олон бид үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, молибденыг экспортонд гаргах ажлыг үйлдвэрийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу улирал, сар, хоногоор ажлаа төлөвлөн, вагон хангалтыг тасралтгүй нийлүүлснээр ачилтын төлөвлөгөөгөө 108,2 хувиар биелүүлэн ажиллалаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлаараа осол зөрчилгүй манлайлан ажиллаж, хоёр удаа “Тэргүүн байр”-т шалгарсан сайхан амжилтаар 2020 оныг угтаж байна. 
   
    Бидний  ажлын гол үзүүлэлт болох вагоны дундаж даац ашиглалтыг 66.83 тн-д хүргэсэн түүхэн амжилтаар 50 вагоны тээврийн хөлс болох 141.3 сая төгрөгийн бодит хэмнэлтийг гаргалаа. Ашиглагдахгүй барааны үлдэгдлийг бууруулах зорилгоор үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, нийт 165 сая төгрөгийн бараа материал, сэлбэг хэрэгслийг худалдан борлуулж, өдөрлөгөө үр дүнтэй зохион байгууллаа. Хөрөнгө оруулалтаар 33 ажил төлөвлөснийг үнийн дүнгээр авч үзвэл 4.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 106,5 хувийн төлөвлөгөөний биелэлттэй ажилласан. Энэ нь 2020 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг ханган  ажиллах нөхцөл бүрдсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Бүтээмж инновацын үйл ажиллагаа  идэвхтэй өрнөж, 432 сайн санал гарснаас үйлдвэрийн ТОП-200 санал гаргагчдын эгнээнд манай 5 ажилтан багтаж, хамт олноо баярлууллаа.
 
    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олондоо 2020 оны мэндийг дэвшүүлж, ирэх онд амжилт бүтээлээр дүүрэн, олз омог арвинтай байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ТӨВИЙН
ДАРГА С.МӨНХТЭГШ
 
 Мэндчилгээ
 
    "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын нийт уурхайчдадаа болон тэдний гэр бүлд Дулааны цахилгаан станцын хамт олны нэрийн өмнөөс баярын мэндийг дэвшүүлье.
   Энэ онд Дулааны цахилгаан станц ашиг орлогоо нэмэгдүүлэх, эрчим хүчний нөөцийг хэмнэх, инновацийн үйл ажиллагааг дэмжих, цаашлаад Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах зорилго тавин ажиллаж, зорилтуудаа амжилттайгаар биелүүлэн шинэ оноо угтаж байна. Тухайлбал, Дулааны цахилгаан станцын эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүчний түгээлтийн төлөвлөгөөг 101 хувь биелүүлж, 264,7 сая квт.ц эрчим хүчийг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн нь түүхэнд байгаагүй шинэ дээд амжилт болж байгаа бөгөөд борлуулалтын орлогын төлөвлөгөөгөө 100,6 хувиар биелүүлж Эрдэнэт үйлдвэрийнхээ ашиг орлогыг нэмэгдүүллээ. Үйлдвэрлэл, технологийн бодлогын хүрээнд өргөтгөлөөр суурилуулагдсан шинэ тоноглолуудаа зүгшрүүлэх, Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд ажиллах зохистой горим ажиллагаагаа тодорхойлох, ажилтнуудаа сургаж дадлагажуулах, тэднийг бүтээмж болон ХАБЭА-н үйл ажиллагаанд идэвхжүүлж Эрдэнэт үйлдвэр, ДЦС-аараа бахархдаг, зарчимч, ёс зүйтэй бие хүн-үнэт капитал болгон төлөвшүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж ажиллалаа.  
    2019 онд 50,5 тэрбум төгрөгийн зардалтай ажиллахаар төлөвлөснөөс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 48,8 тэрбум буюу 1,3 тэрбум төгрөгийн зардал хэмнэж ажиллахаар байна. Мөн энэ онд 7,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудын үр дүнд Дулааны цахилгаан станц цаашид тасралтгүй найдвартай, илүү хэмнэлттэй, үр ашигтай ажиллах үүд хаалга нээгдэж байна. 
   Ирж буй шинэ он бидний хувьд шинэчлэл, инноваци, хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлэх, техник, технологийн үйл ажиллагаагаа улам төгөлдөршүүлэх, цаашлаад өөрийн үйлдвэрлэсэн хямд өртөг бүхий цахилгаан эрчим хүчээр Эрдэнэт үйлдвэрийн хэрэглээний тодорхой хэсгийг хангах, ашиг, орлогыг өнөөгийн түвшнээс ахиулан ажиллах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай жил байх болно. 2020 онд та болон танай гэр бүл эрч хүч, амжилт бүтээлээр дүүрэн байж, элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин сайхан байж, өмнөө тавьсан зорилго бүхнээ биелүүлж, аз хийморьтой байхын ерөөлийг дэвшүүлэн шинэ жилийн мэндийг хүргэе.
 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН
ДАРГА Г.МӨНХ-ЭРДЭНЭ
 
  1. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛЛОО 
 
    2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталлаа. Эрдэнэт үйлдвэр нь Улсын үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, Ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэ хүрээнд Технологийн бодлого, Техникийн бодлого, Эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчны бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
 
 
    2. “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫГ 2031 ОН ХҮРТЭЛ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛУУЛЛАА 
 
    Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч үзэж,  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр тогтоолоо гаргалаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, тус үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны үйл ажиллагааг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор  “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тогтоолоор батлав. 2017-2019 онд геологи хайгуулын чиглэлээр 21.2 сая ам долларын  хөрөнгө оруулалт хийж, үр дүнд нь Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын хугацааг 20 жилээр сунган, цаашид 60 жил ажиллах бүрэн боломжтой боллоо.
 
 
    3. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ     
 
    2019 он уурхайчид бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн онцлог жил боллоо. Техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио боловсронгуй болгоход нийт 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажил төлөвлөж, гүйцэтгэлээ. Эдгээрээс тоймлон дурдвал, 
- Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд, нарийн мэргэжлийн ажилчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн хоёр экскаватор угсарч ашиглалтад орууллаа. 12.5 метр кубын багтаамжтай шанага бүхий ЭКГ-12К экскаватор нь цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэнэ.       
- Ил уурхайд САТ 824К дугуйт түрэгч, САТ 16М3 автогрейдр, САТ 232D дугуйт универсал ачигч зэрэг дөрвөн техник хүлээн авч, ашиглалтад орууллаа. /Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ажилд гаргалаа.
- Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Flsmidth компанийн Inert gas-144 маркийн хөвүүлэн баяжуулах машин бүхий молибдены нөөц шугамыг угсарч суурилууллаа. Ингэснээр баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг 1 хувиар өсгөн, жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна.
- Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрмийг солилоо. Энэ нь үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлж байна. 
- Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилууллаа. Шинэ бутлуур нь нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдүүлж байна.
-  Хаягдлын аж ахуйн хамгийн том холбох суваг M4 даланг барьж байгуулав. 604 метрийн урт, 24 метрийн өндөртэй М4 далан хаягдлын сангийн насжилтыг 4-6 жилээр уртасгаж үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт байлаа.  
- Засвар механикийн заводод шинэ технологи нэвтрүүлж, усаар зүсэгч машин хүлээн авлаа. Польш улсын КИМЛА фирмийн тоон удирдлагатай суурь машин нь резин, мод, шил, чулуу, хуванцар, хар болон өнгөт металл зэргийг зүсэх орчин үеийн шинэ дэвшилтэт суурь машин юм. 
- Авто тээврийн цехэд дизель түлш хадгалах, түгээх 50 метр кубын багтаамжтай, ухаалаг карт уншигч бүхий Шатахуун түгээх станц суурилуулж, хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын 130 тонны даацтай 2 авто машин шинээр хүлээн авлаа.
- Ган бөөрөнцгийн цехийн индукцийн технологи, цувих иж бүрэн шугамыг ашиглалтад оруулж байна.
 
 
    4.  ХҮДЭР ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭГ ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД  ХҮРГЭЛЭЭ
 
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 37 сая.тн хүдэр олборлож, 32 сая.тонн хүдэр боловсруулахаар байгаа нь Үйлдвэрийн газрын түүхэн 41 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт боллоо. Үйлдвэрийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж, техник технологи, хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд бид түүхэн дээд амжилтын эзэд боллоо. 
 
 
    5. УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ХАМГИЙН ИХ ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
 
    “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болсон анхны жилдээ эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 936.5 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Өөрөөр хэлбэл, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн энэ мөнгө нь  900 хүүхдийн багтаамжтай 150 сургууль, эсвэл тус бүр нь 150 хүүхдийн багтаамжтай 468  цэцэрлэг барьж, байгуулахад хүрэлцэнэ. Түүнчлэн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төлснөөр нийтдээ 1 их наяд 143 сая төгрөгийг улс орныхоо мөнгөний авдарт орууллаа.  
 
 
6.  ЦАГААН ТООСЫГ ДАРАХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭР БОЛЛОО
 
    “Эрдэнэт үйлдвэр” бүтцийн нэгжийн өөрчлөлтөөр Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийг шинээр байгууллаа. Мөн “Ногоон хөгжлийн төв” байгуулахаар шийдвэрлэлээ. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах технологийг амжилттай туршиж нэвтрүүлснээр байгальд ээлтэй үйлдвэр гэдгээ нотлон дорвитой алхам хийлээ. Дэгдэлт үүсгэдэг нийт талбайн 80 хувийг дарж чадcан бөгөөд энэ ажил 2020 онд үргэлжилнэ.
 
 
    7.  АЖИЛЧДЫНХАА НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛАХ ЗАРДЛЫГ  НЭМЭГДҮҮЛЛЭЭ
 
   Эрдэнэт үйлдвэр нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөрт нийт зардлынхаа 7 орчим хувийг төлөвлөж зарцуулдаг. 2017 онд 59.3 тэрбум төгрөг, 2018 онд 98.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 104.9 тэрбум төгрөг болгож өсгөлөө. Үйлдвэрийн ажилтнуудын цалинг 20 хувиар нэмлээ. Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоог өсгөх, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалин”-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин, тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчны нэмэгдэл олгож эхлэв. Ажилчдын орон сууцны хөнгөлөлтийг 50 хувиар буюу 12.0 сая төгрөг болгон нэмэгдүүлж, ажилчдад халуун хоолоор үйлчлэх зардлыг 49.3 хувиар нэмэгдүүлснээр амт чанартай хоолоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүллээ. 
 
 
    8. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА
 
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Москва хотноо зохион байгуулагдсан “Монгол-Орос евроазийн эдийн засгийн холбооны бизнес эрхлэгчид нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” форумын үеэр Монгол-Орос ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим болон механизмын тухай протоколд, “Геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай” гэрээнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гарын үсэг зурлаа. Мөн “Олимп, параолимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг, “Эрдэнэс-Таван толгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг Орхон, Булган аймагтай хамтран ажиллах санамж бичгүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гарын үзэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд 22 залуу инженерийг ОХУ-ын шилдэг их, дээд сургуульд суралцуулж, мэргэжил дээшлүүлэхээр илгээлээ.  Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээнийг анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулж, их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр гэдгээ дахин нотоллоо.
 
 
    9. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХОЁР ШИНЭ ГАВЬЯАТ ТӨРЖ,  ГАВЬЯАТ АЖИЛТНЫ ТОО 46-Д ХҮРЛЭЭ 
 
    Улсын баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад ажилтан Ю.Цэдэнбал Монгол Улсын “Гавьяат уурхайчин”, Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрвээ “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэг хүртлээ. Эрдэнэсийн их уурхайн 41 жилийн түүхэнд Монгол Улсын Хөдөлмөрийн зургаан баатар төрж, Төрийн соёрхолт болон гавьяатын тоо 46-д хүрч, Эрдэнэт үйлдвэрийн 1000 ажилтан тутмын нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 150 ажилтан тутмын нэг нь гавьяат ажилтан боллоо.
 
 
    10. “ENTREPRENEUR 2019” ОНЫ ШИЛДЭГ ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР 2 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА
 
    МҮХАҮТ жил бүр тухайн оны онцлох ТОП-100 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.  "Энтрепренер 2019" шагналын  шилдэг аж ахуй нэгж Гранпри номинацийн эзнээр Эрдэнэт үйлдвэр 16 жилийн дараа 2 дахь удаа шалгарлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын баялаг бүтээгч уурхайчин хамт олон Улс, эх орны өмнө хүлээсэн түүхэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна. 
 
 
   
 
 
   Мэндчилгээ
 
    Улиран одож буй 2019 онд Засвар механикийн заводын бүтээлч хамт олон өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг 100-111,4 хувиар давуулан биелүүллээ. Заводод хийгдэж буй техник технологийн шинэчлэлийн зогсолтын үеийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 10 сарын хугацаанд  5718 тонн бүтээгдэхүүн буюу 16 сарын ажил хийсэн байна. 2019 онд хоёр тэрбум орчим төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэв. Манай хамт олон Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Цутгуурын цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс түр зогсоон, цутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологид ХБНГУ-д үйлдвэрлэсэн Хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугамын цогц систем нэвтрүүлэх техник, технологийн шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар шаардлагагүй болсон хуучин тоног төхөөрөмжүүдийг буулгаж, зарим тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулах, шинэ тоног төхөөрөмжүүдийн суурь бэлтгэх ажил ид явагдаж байна.  
    Энэхүү цогц систем нэвтрүүлснээр жилд 12000 тн хүртэл цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэх төдийгүй,  нэг тн цутгамал бүтээгдэхүүний өөрийн өртөг 140 орчим ам.доллараар, технологийн гологдлын хэмжээг 1,5 хувь хүртэл бууруулах нөхцөл бүрдэх юм. Шинэчлэлийн ажил 2020 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. ЗМЗ-ын Цутгуурын цехийн техник технологийн шинэчлэлийн ажилд нийт 150 орчим тн металл хийц, стандартын бус тоног төхөөрөмж үйлдвэрлэлээ. Механик цехэд Польш улсын КИМЛА фирмийн тоон удирдлагатай Waterjet-2161 маркийн суурь машиныг ажиллуулж эхэллээ. Монголд анх удаа ашиглаж буй орчин үеийн ухаалаг суурь машин нь   резин, мод, шил, чулуу, хуванцар, хар болон өнгөт металл зэрэг бүхий л төрлийн хуудсан материалыг ус болон абразив ширхэгт холимгийн тусламжтайгаар  зүсэх зориулалттай. Уг суурь машиныг ашигласнаар гадаргуугийн боловсруулалтын цэвэршилт сайжирна. Цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлттэй, утаа униаргүй, дуу чимээ багатай зэрэг нь ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжид эергээр нөлөөлнө.Мөн БНСУ-д үйлдвэрлэсэн DOOSAN фирмийн MYNX 6500/40 маркийн дөрвөн тэнхлэгт тоон удирдлагатай CNC фрезерийн суурь машиныг ашиглалтад оруулснаар эд ангид өндөр нарийвчлалтай боловсруулалт хийх техникийн боломжтой боллоо. Уг суурь машин нь 1270*670*625 мм-ийн хэмжээтэй 500 кг хүртэлх жинтэй эд ангид хэмжээ тавих, өрөм болон фрезерийн боловсруулалтыг нэгэн зэрэг хийх давуу талтай. 
    Механик цехэд суурилагдсан тоон удирдлагатай суурь машинаас бүрдсэн CNC төвийг өргөжүүлж эд ангийг олон улсын стандартад нийцэхүйцээр үйлдвэрлэх боломж бүрдээд байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн үндсэн чиглэл, хаалт-хөгжлийн менежмент, техник технологийн шинэчлэлийн бодлоготой уялдуулан Засвар механикийн заводод 2018-2031 онд өргөтгөл шинэчлэл хийх урьдчилсан ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил, зөвлөх үйлчилгээг “Эс Ай Си Эй” ХХК болон түүний туслан гүйцэтгэгч ОХУ-ын “Интра прожект” компанийн судалгааны баг Заводын хөгжлийн хэтийн ирээдүйн бодлогын томоохон бичиг баримтыг боловсруулав. Цаашид заводын техник технологийн шинэчлэлийн бодлого, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ,зах зээлийн судалгааг оновчлох зэрэг ойрын ирээдүйд хийх ажлыг илүү нарийн тодорхой болгох “Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэлийн нарийвчилсан ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах ажил”-ыг хийхээр төлөвлөж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч нийт хамт олондоо болон хамтран ажиллагч, харилцагч байгууллагууддаа улиран одож буй хуучин оноо амжилт бүтээлээр үдэж, угтан ирж буй 2020 ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр арвин байхын ерөөлийг Засвар механикийн заводынхоо нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ЗАСВАР МЕХАНИКИЙН ЗАВОДЫН 
ДАРГА Б.БААСАНСҮРЭН
 
Даваа, 30 12-р сар 2019 00:00

Мэндчилгээ: БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР

   
 Мэндчилгээ
 
    Монгол Улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хамт олондоо шинэ жилийн баярын мэнд өргөн дэвшүүлье!
   Улиран одож буй 2019 он Баяжуулах үйлдвэрийн хувьд амжилт, бүтээлээр арвин  жил байлаа. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилийн ажлын хүрээнд үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс Metso компанийн MP-800 маркийн бутлуур, FLSmidth компанийн Инерт хийн флотомашин бүхий молибдены флотацийн нөөц шугам, молибдены пресс фильтр, Telsmith 38SBS бутлуур, Blower type 700, Аtlas Copco ZR-800/6 хийн үлээгүүрийн машинуудыг шинээр суурилуулан ашиглалтад хүлээн авсан. Мөн хам баяжуулалтын 205–р машины ажлын хэсэг, НКМЗ маркийн 140 м3-ийн багтаамжтай тээрэм, БТХ-ийн үндсэн том конвейеруудын хөдөлгүүр, редукторуудыг Seweurodrive фирмийн редуктор, хөдөлгүүрээр сольж тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангалаа. Эрдэнэт үйлдвэрийнхээ насжилтыг уртасгаж, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Хаягдлын аж ахуйн хэсгийн хаягдлын санд 4М далан болон холбох суваг барьж байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлыг манай мэргэшсэн бүтээлч хамт олон богино хугацаанд гүйцэтгэхийн зэрэгцээ 32 сая тонн хүдэр боловсруулж, 132982.3 тн зэс, 675.9 тн молибден үйлдвэрлэсэн амжилт гаргалаа.
   Ажилчдынхаа эрүүл мэнд болон нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх үүднээс Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлж хүүхдийн тоглоомын өрөө, иж бүрэн тоноглол бүхий фитнесийн танхим тохижуулан  ажилтнуудад чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн цехийн хэмжээнд “Сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах” тэмцээнийг анх удаа зохион байгуулж хэсгүүдийн 11 багийн 140 ажилтан оролцсон.
    Манай хамт олон бүтээмж, инновацийн чиглэлээр 65 дугуйлан 126 төсөлт, 126 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж 3.5 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг авчрах боломж бүрдлээ. 
   Айсуй 2020 онд бидний өмнө хийхээр төлөвлөсөн олон ажил хүлээгдэж байна. Тухайлбал, ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 оноос хоёр дахин илүү төлөвлөглөгдсөн. 2020 онд бид Нунтаглан баяжуулах хэсгийн 4 болон ӨНХ-ийн ММС-1, 2-р тээрэм, Бутлан тээвэрлэх хэсэгт МП-800 бутлуур, Хаягдлын аж ахуйн хэсэгт 18000м3 булинга шахах хүчин чадалтай насос, НБХ-т 5 сая тн хүдэр хүлээн авч боловсруулах хүчин чадалтай хам баяжуулалтын 5-р секцийг 12 сая тн хүдэр хүлээн авч боловсруулах хүчин чадалтай орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хам баяжуулалтын шугамаар солих болон ӨНХ-т 6 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай 4-р шугам барьж байгуулах ажлууд эхэлнэ. 
    Туулж өнгөрүүлсэн 41 жилийн ажлын арвин туршлагадаа тулгуурлан, дэвшилтэт техник технологи ашиглан Баяжуулах үйлдвэрийнхээ ирээдүйг бүтээх хамт олондоо, эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДАРГА
М.ОТГОН
Даваа, 30 12-р сар 2019 00:00

Мэндчилгээ: АВТО ТЭЭВРИЙН ЦЕХ

 
Мэндчилгээ
 
    Үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэж буй Автотээврийн цехийн ажилчиддаа болон нийт ажилтнууддаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, айсуй 2020 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Манай хамт олон 12 дугаар сарын 18-ны өдөр үндсэн үзүүлэлтүүд болох уулын цул тээвэрлэлт, ачаа эргэлт, машин цагийн төлөвлөгөөг бүрэн биелүүлж, 2020 оныхоо ажилд шамдан ороод байна. Үйл ажиллагааны батлагдсан зардлын төлөвлөгөөг 3,9 тэрбум төгрөгөөр хэмнэж, нэг тн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 15,3 төгрөгөөр хямдруулж ажиллалаа. Энэ бүх амжилт нь манай ажилсаг, бүтээлч хамт олны хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
    2019 онд цехийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл бусад бүтцийн нэгжүүдээс хамгийн өндөр хувьтай байгаа бөгөөд нийт 17,6 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын ажилд зарцууллаа. Үйлдвэрийн газрын болон цехийн удирдлагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гаргасан санал санаачилгыг дэмжихэд ихээхэн анхаарч ажиллаж байна. 2019 онд нэг ажилтны сарын дундаж цалин 2 сая 766,7 мянган төгрөг байсан нь өнгөрсөн оноос 22,3 хувиар өссөн байна. Бүтээмж инновацийн чиглэлээр олон санал гаргаж, хэрэгжүүлсэн ажилтнуудад 69,7 сая төгрөгийн урамшуулал олголоо. 2019 онд 53 ажилтныг 12 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтөд хамруулж, нийт 636 сая төгрөг олгосон. 
Мөн манай хамт олны дундаас олон хүн хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд шагнал” Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль болон салбарын шагнал хүртэснийг энд тэмдэглэхэд таатай байна. 
    2020 онд бид 24,6 сая.м куб уулын цул тээвэрлэж, 226 сая тн/км ачаа эргэлт хийж гүйцэтгэх томоохон зорилготой. Мөн 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Айлчлан ирж буй 2020 он үйлдвэрийн газрын ажилсаг, бүтээлч хамт олны хувьд шинэ шинэ амжилтын жил байх болтугай.
Эрдэнэсийн тээвэрчиддээ болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрдэнэт уулын минь буян хишиг дэлгэрэх болтугай.
Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.
 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН 
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА
Д.МӨНХБААТАР
 
Даваа, 30 12-р сар 2019 00:00

Мэндчилгээ: ИЛ УУРХАЙ

 
Мэндчилгээ
 
    Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн чадварлаг, мэргэшсэн, хөдөлмөрч  уурхайчид маань түүхэндээ анх удаа жилд 25,2 сая м3 уулын цул гаргаж, 37 сая тонн хүдэр олборлож, 496,1 мянган уртааш метр цооног өрөмдөж, 25,46 сая уулын цул тэсэлж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн бахдам амжилт үзүүллээ. 
    Хөдөлмөрийн бүтээмж  дээшлүүлэх, өртөг зардлаа бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа   хэрэгжүүлсний үр дүнд эхний 11 сарын байдлаар 7,6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган үр бүтээлтэй ажилласан. 
    Энэ онд Ил уурхайн уулын ажлын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн ЭКГ-12К маркийн хоёр  экскаватор, Зам овоолгын хэсэгт CATERPILLAR фирмийн CAT16М маркийн шинэ загварын автогрейдер, KOMATSU фирмийн D275А гинжит бульдозер, KOMATSU фирмийн 1.2 метр кубын шанаганы багтаамжтай PC220 жижиг оврын экскаватор, Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэгт LIEBHERR фирмийн LTM1060 маркийн 60 тн-ын даацтай автокран зэргийг худалдан авч уурхайн үндсэн тоног төхөөрөмжүүдийн парк шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэлээ. Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Ил Уурхайн гадаад болон дотоод цахилгаан хангамжийн өргөтгөл, Зам овоолгын хэсгийн дугуйт техникийн гараажийн сэргээн засварлалт зэрэг томоохон ажлуудыг эхлүүлсэн ба ирэх оны эхний хагас жилд гүйцээхээр төлөвлөн  ажиллаж байна. 
Айлчлан ирж буй 2020 онд бид олон далайцтай ажил эхлүүлэх бэлтгэлээ хангасан. Тухайлбал жилд 15000 тн тэсрэх бодис үйлдвэрлэх  хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр,  Мөчлөгт-урсгалт тээврийн технологийн системийг нэвтрүүлэх юм. 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан, ажиллагсад, уурхайчид, тэдний гэр бүлд, мөн хамтран ажилладаг байгууллагууддаа ирж буй Шинэ оны баярын мэнд дэвшүүлж,  хөдөлмөрлөх  ариун үйлсэд тань гялалзсан амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайн бүхэн дэлгэрэх болтугай.
 
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ИЛ УУРХАЙН ДАРГА Б.ОТГОНДАВАА
   
 
    Байнгын хөдөлгөөнд оршиж буй нийгмээ дагасан хөрвөх чадварыг Эрдэнэт үйлдвэр эрэлхийлсээр байгаагийн нэг тод илрэл нь Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулсан явдал байлаа. Тусламж, дэмжлэгийг хэрэгтэй нэгэнд нь хүргэж, удирдлага, ажилтны хооронд холбох гүүр болсон энэ хэлтсийн үүрэг оролцоо чамгүй их болох нь олон зүйл дээр харагддаг. Энэ ч утгаараа оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж суугаа Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатыг зочноор урьж ярилцлаа.
    -Эрдэнэт үйлдвэр 2019 онд ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг илүү оновчтой, хүртээмжтэй шийдвэрлэхэд чиглэсэн Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулсан. Хийсэн ажлынхаа үр дүнг эргэн харахад ямар тодорхой ажлууд хийв? 
    -Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахаас гадна нийгэмд нөлөө үзүүлэгч, нийгмийн хариуцлагатай жишиг аж ахуйн нэгж болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй юм байна. Эрдэнэт үйлдвэрийг олон нийт эдийн засгийн үр өгөөжөөр нь хардаг бол энэ үйлдвэр улс болон орон нутгийн хэмжээнд оруулж байгаа нийгмийн хариуцлагын ажил, үйлдвэрийн газраас ажиллагчдадаа хүргэх нийгмийн хариуцлагын ажлуудаа тооцож үзэхэд аль аль талдаа дэвшилттэй жил байлаа. 
    Нэгд, Эрдэнэт үйлдвэрийг төр 100 хувь өөрийн мэдэлд авч, өмчлөлийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан бүтцийн хувьд өөрчлөлт орсон. Төр иргэддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тул тэрхүү иргэдийн нэг хэсэг болох Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдад зориулсан “Нийгмийн харилцааны хэлтэстэй болох нь зөв” гэсэн шийдэлд хүрсэн явдал байлаа. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хот дагуулсан үйлдвэр гэдэг утгаараа соёл, спорт, цэцэрлэг, сургууль зэрэг хотод байх ёстой бүх зүйлийг барьж байгуулахад оролцсоор ирсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 870 гаруй ажилтантай нийгмийн 10-аад цех нэгжээр дамжуулан үйлдвэрийн ажиллагсад, тэдний гэр бүл, үр хүүхэд, аймгийн хэмжээнд нийгмийн цогц үйлчилгээ үзүүлдэг болтлоо хөгжжээ. Бага зардлаар, илүү олон үйлчилгээг чанартай хүргэх зорилго бидэнд тавигдаж байна. Тусламж дэмжлэгийг хавтгайруулах бус илүү залуучууд руу, дэмжлэг авах ёстой ахмад руу чиглэсэн олон талт хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал болохыг харсан. Энэ чиглэл рүү харсан стратеги бодлого, урт болон богино хугацааны төлөвлөгөөг хийж байна.    
    -Нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ?
   -Эрдэнэт үйлдвэр энэ оныг “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Гэхдээ энэ оны ололт амжилтууд зөвхөн техник, технологи, үйлдвэрлэлийн хувьд байсангүй. Үйлдвэрийн газрын Тогтвортой хөгжлийн бодлогын нэгд, Нийгмийн бодлого багтдаг. Нийгмийн чиглэлд хандуулсан бодлогын хүрээнд том хэмжээний, урьд өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, ажил хэрэг болгосон. Эдгээрийн нэг нь 3 төсөл бүхий орон сууцны Уурхайчин хөтөлбөр юм. Төслийн ажлууд эхэлсэн ч одоо мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн орчинд тендер шалгаруулалтын явцад саатал гарч, зарим ажил хараахан хугацаандаа эхэлж амжаагүй. Энэ жилийн тухайд шийдвэрлэсэн томоохон ажлын нэг нь хүүхдийн цэцэрлэг нэмж төлөвлөсөн. Нийт уурхайчдын маань 60 гаруй хувийг залуучууд эзэлж, тэдэнд орон сууцнаас гадна хүүхдийн цэцэрлэг хэрэгтэй байгаа учраас шинээр баригдаж эхэлсэн хороолол дундаа 2020, 2021 онуудад 2 цэцэрлэг барихаар болсон. Мөн Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборт 210 хүний ортой зочид буудлын барилга ирэх хавраас баригдахаар төлөвлөөд байна. Энэ бүхэн аймаг, бүс нутагт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх, зах зээлийн орчинд татаасаа багасгаж, үр ашигтай ажиллах нэг хэлбэр гэж ойлгож болно. Энэ онд нийгмийн хариуцлагын зардал өмнөх оноос буурсан харагдаж байгаа нь төлөвлөсөн ажлууд багассан хэрэг биш юм. Үйлдвэрийн газраас орон сууцны дэмжлэг болох 8 сая төгрөгийг оны эхнээс 12 сая төгрөг болгож, жилдээ 400 гаруй хүн авч байсныг 518 хүнд олгосон. Ахмадуудад жилдээ 2 удаа олгодог 45 мянган төгрөгийг Ерөнхий захирлын санаачилгаар нэмэгдүүлсэн гээд тоочвол олон зүйлийг нэрлэх байх. 
    -Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоод хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний заалтууд амьдрал дээр хэрхэн хэрэгжсэнээр нь үр дүнг тооцох ёстой байх. Өмнөх гэрээний талаар тодруулбал?
    -“Хамтын гэрээ” бол ажилчдадаа хүргэж байгаа нийгмийн хариуцлагын нэг тод илрэл. Бид өмнөх жилд хийсэн ажлын үр дүнгээ нэгтгэж, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан “Хамтын гэрээ”-г дүгнэхэд 102.6 хувийн биелэлттэй гарсан. Энэ нь ажил олгогчийн зүгээс хүлээсэн үүргээ 2.6 хувиар илүү биелүүлснийг харуулж байна. Мөн Эрдэнэт үйлдвэр орон нутагтай хийсэн хамтын гэрээгээр бүс, орон нутгийнхаа хөгжилд оруулж байгаа нийгмийн хариуцлагаа дүгнэдэг. Улсын хэмжээнд болж байгаа уул уурхай, спортын томоохон тэмцээн уралдааныг тогтмол дэмжин ажиллаж, 2020 онд Олимпын наадмын ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар болсон. Энэ бүхэн нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж гэдгийг бүрэн илтгэх байх. 
    -2020-2021 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-нд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан бэ? 
  -Аливаа аж ахуйн нэгжийн хөгжил нийгмийн хөгжлийг даган өөрчлөгддөгийн адил Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд жишиг тогтоож яваа. Тэр утгаараа гэрээнд хэд хэдэн шинэлэг заалт орсон. Захиргааны зүгээс оруулсан өөрчлөлтүүд ч бий. Миний хувьд “Хамтын гэрээ”-нд дөрвөн удаа оролцож байсан. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад ҮЭХ-той хамтран баялаг бүтээж, түүнийгээ шударга хуваарилах зарчим баримтална гэдгээ тохирсон. Мөн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг бүрэн ашиглах, зардал бууруулахад зөвхөн захиргаа бус Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран ажиллах ёстой гэдэг нэг шийдэлд хүрлээ. Үйлдвэрчний байгууллага гэдэг нь ажилчдын төлөөлөл учраас захиргаатай хамтран ажилласнаар үйлдвэрлэлийн процессыг сайжруулан, компанийн хөгжлийг урагшлуулах тул онгоцны хоёр далавчтай адилтгаж болох. Хоёулаа байсан цагт компани урагш хөдөлнө. Бид сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийг нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэр болгохын төлөө ажиллаж байна. Нийгмийн хариуцлага нь бие хүмүүсийн хариуцлагаас бүрддэг тул тухайн бие хүн хариуцлагатай, ёс зүйтэй байх нь маш чухал юм. Ажилтан бүрийн ёс зүйг хөгжүүлж, нэгдсэн хяналтыг бие биедээ тавьж, нийгмийн хариуцлагад хүрэхэд хамтран ажиллах шийдэлд хүрсэн. Ажилтан хүн тусламж дэмжлэг авснаа нуун дарагдуулах, дахин авах гэж оролдох, бусдаас түрүүлж илүү эрх эдлэх, бусдад хүрэх тусламж дэмжлэгийг өөртөө авах нь бие хүний ёс зүйтэй хамааралтай. Энэ удаагийн “Хамтын гэрээ”-ний дагуу дэмжлэг туслалцаа олгох, олон нийтийн хяналт тавихад хоёр тал хамтран ажиллана.  
   -Нийгмийн харилцааны хэлтэс мэргэжлийн социологичтой болсон. Төлөвлөгөөт ажлуудаа суурь судалгаанд тулгуурлан гаргах нь ямар давуу талтай байна вэ? 
   -Эрдэнэт үйлдвэрийн нийгэмд эзлэх байр суурь, нөлөөлөл том учраас нийгмийн эрэлт хэрэгцээг байнга судлах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс ч манай хэлтэс анх байгуулагдахдаа социологичийн орон тоо баталж өгөхийг хүссэн. Өмнө нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг байсан бол өөрийн орон тоон дээр мэргэжлийн хүн ажиллуулснаар ажиллагсдынхаа дотоод судалгааг тасралтгүй явуулах нөхцөл боломж бүрдсэн гэж болно. Ямар нэг үйл ажиллагааг судалгаан дээр суурилах нь удирдлагын түвшинд шийдсэн шийдлийг илүү бодитой, хөрсөн дээр хэрэгжих боломжтой болгож байгаа юм. Нийт ажиллагсдын дунд үйлдвэрээс үзүүлж байгаа дэмжлэг, тусламжид сэтгэл ханамж хэр байдаг талаар судалгаа явуулахад 56 хувь нь сэтгэл хангалуун, 30 гаруй хувь нь боломжийн, 20 гаруй хувь нь илүү сайжруулалтыг хүссэн бол 7-8 хувь нь мэдээлэлгүй байна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү судалгааны дүнг үндэслэн мэдээллээ илүү хүргэх, дүрэм, журмыг танилцуулах, ажиллагсдынхаа саналыг тусгах хэрэгтэйг олж харсан. 
   -Эрдэнэт үйлдвэр халуун ам бүлийнхээ 8 залуу гэр бүлд амины орон сууц бэлэглэснийг сайшаах хүн олон байна. Ажиллагсдаа дэмжин урамшуулсан энэ ажил тусламж, дэмжлэг зохих хүмүүстээ хүрсний нэг илрэл болсон байх?
   -Тоондоо бус зарчмын хувьд шинэчлэл хийснээрээ энэ ажил олон хүнд хүрсэн. Ажилласан жилийг нь харж байр олгодог байсан бол энэ удаа инновацийн төслөөр Эрдэнэт үйлдвэрт онцгой хувь нэмэр оруулсан 3 ажилтан, үндсэн цехүүдээс тус бүр нэг ажилтан, нийгмийн 10 цехээс нэг ажилтанд гэх зэргээр маш нарийн шалгуурыг харсан. Ажилласан жилээс илүүтэй тухайн хүний үйлдвэрт оруулсан хувь нэмэр, үр өгөөжийг онцолж амины орон сууцны түлхүүрийг гардуулсан. Залуу ажилтнуудын хувьд мэргэжлээрээ өсөж дэвших, илүү ихийг хийж бүтээх урам өгсөн гэдэгт итгэлтэй байна. Хэлэх гэсэн санаа нь та үйлдвэртээ юу хийж, бүтээж чадна, тэр бүхнийг үйлдвэрийн газраас харж, үнэлж байдаг юм шүү.  
   -Оны ажлаа ололт амжилтаар үдэж байгаа хэлтсийнхээ нэрийн өмнөөс нийт уурхайчдадаа хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү? 
  -Эрдэнэт үйлдвэр ирэх онд “Ёс зүйтэй ажилтан, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж” уриан дор ажиллах болно. Улиран одож буй 2019 оныг шинэ дээд амжилтаар үдэж буй баялаг бүтээгчдэдээ айсуй оны мэндийг дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе. 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог