Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Лхагва, 18 12-р сар 2019

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.

     -Хүүхэд хамгааллын чиглэлээр болон хүүхдэд чиглэсэн, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ямар, ямар ажил арга хэмжээг зохион байгуулж байна вэ?

    -Орхон аймаг дахь Цагдаагийн газраас 2019 онд Засгийн газарт чиглэл өгөх, 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгох тухай МУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, МУ-ын ЗГ-ын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, МУ-ын ЗГ-ын 2018 оны Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт нөлөөллийн шат дараалсан арга хэмжээнүүд зохион байгуулсан.

     Тухайлбал: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Монгол улс орон даяар зохион байгуулсан Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх  “Зөв тусгал”, Хүүхдийг зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Бяцхан зорчигч”, “Хичээлийн шинэ жил”, “Сурагчдын амралт” зэрэг арга хэмжээнүүдийг мөн адил Орхон аймгийнхаа хэмжээнд явуулсан. 

    -Аймгийн Цагдаагийн газраас хүүхдийг цахим халдлага, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил зохион байгуулж байна?

   -“Цахим тоглоом”-1, 2, 3, 4 тусгай арга хэмжээг улирал бүр, “Анхаар хүүхэд”, “Хурдаа хас”, “Зуслан”, “Жаргалант сум-Хүүхэд”,  Гэр бүлдээ “Уурлаад яах вэ дээ” аянуудыг зохион байгууллаа. Сүүлийн үед аюулын харанга дэлдэж байгаа чимээгүй тахал болсон Хар тамхи, мансууруулах бодист хордох явдлаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг ухуулан таниулах, өсвөр үе, залуучуудыг  тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тусгай арга хэмжээнүүдийг орон нутгийн хэмжээнд явуулсан. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз радиогоор сурталчлан ажилласан.Улсын баяр наадам, томоохон уралдаан тэмцээнд олимпиад, хүүхдийг Монгол улсын хилээр тодорхой шалтгааны улмаас нэвтрүүлэх зэрэг тал дээр хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн онцгой анхаарч ажиллаж байна.

    -Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг вэ?

   -Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайлбал: хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 16-18 насных байна. Мөн хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирч байгаа болно.

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийг эхлүүлсэн. Энэ төслийг Орхон аймагт хэрэгжүүлэн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр гарсан 2 эмэгтэй алба хаагчийг сонгон авч, хүүхэд хамгаалагч эргүүлээр ажиллуулж байна. Энэ 2 алба хаагч маань үнэмлэх, энгэрийн тэмдэг, гэрэл ойлгогч хантааз, гэмт хэрэг зөрчлийг мэдээлэх хуудас зэргийг хэрэглэж, доороо сайн дурын 10 эргүүлийг удирдан зохион байгуулж, хүүхэд сургуульд ирэх, буцах чиглэлд болон гэрэлтүүлэг муутай гудамж талбай нарийн зөрөг зэрэг газруудад эргүүлээр ажиллаж байна.

    -Ухуулга сурталчилгааг хэрхэн зохион байгуулав?

  -Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 01 албан даалгаварт “.....Төрийн байгууллагуудад эцэг эхийн зөвлөл байгуулж хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллуулах.....” гэж заасан байх бөгөөд төрийн байгууллагуудад эцэг, эхийн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа эсэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, тэр дундаа хүүхдийг зам, тээврийн хэрэг, осол, зөрчилд өртөж хохирох явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа тал дээр хяналт тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл, хийсэн ажлын тайланг 2019 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар төрийн бүх байгууллагуудаас авч, ухуулга нөлөөллийн сургалт сурталчилгааг явуулсан.

   Орхон аймгийн Ерөнхий боловсролын бүх сургууль дээр сургуулийн Нийгмийн ажилтнаар ахлуулсан “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм” ажиллаж сургуулийн орчинд хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох явдлаас урьдчилан сэргийлэх үе тэнгийнхний зөв нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

   2019 оны 12 дугаар сарын байдлаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 36 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 56,5%-иар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч хэргийг эрт илрүүлэх, хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт санаа бодлоо хэрэгжүүлэх байдлыг таслан зогсоосон гэж үзэж болох юм. Мөн гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг Цагдаагийн байгууллагын хяналтад авч, тэдэнд болон тэдний хүрээллийн найз нөхөд үе тэнгийнхэнд ухуулга нөлөөлөл, гэмт хэргийн хор хөнөөл, хор уршиг зэргийг ойлгуулах чиглэлээр нэлээдгүй ажил арга хэмжээ явуулж байгаа нь хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэх чухал ажил болж байна. 

    -Төрөл бүрийн аян, ухуулга сурталчилгааг зохион байгуулснаар үр дүнд хүрч чадаж байна уу?

   -Цагдаагийн байгууллагаас 2019 онд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нэг хором”, “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш ээ, дүрмээрээ” зэрэг онцлог арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээ явагдаж байх цаг хугацаанд гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр буюу 35,0-42,0 хүртэл хувиар буурч, иргэд олон нийтээс ихээхэн талархал хүлээж эерэг үр дүн гарсан бодит ажил болсон. 

   Яг үүнтэй адилхан аймаг орон нутагтаа зохион байгуулж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээнүүдийг явуулж байх цаг хугацаанд хэрэг, зөрчил тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байдаг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн 2 сард “Анхаар хүүхэд” тусгай арга хэмжээг зохион байгуулж ухуулга нөлөөлөл, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байх цаг үеэр энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

    -Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд хэрхэн анхаарах, тэдний санаа бодлыг сонсох тал дээр ямар байдлаар хандах нь оновчтой вэ?

   -Монгол хүүхдүүд бусад улс орны хүүхдүүдийг бодвол харьцангуй хүмүүжил, хатуужил сайтай, оюуны цар хүрээ өндөр гэж дүгнэгдсэн байдаг. Миний бие ерөнхий боловсролын сургуулиудаар явж сургалт сурталчилгаа ухуулга нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Ажиглалт, асуулт хариулт зэргээс үзэхэд хүүхдүүд ер нь бол технологи талдаа сонирхолтой, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, зорилго нь бидний хүүхэд байхад бодож байснаас тэс өөр байгаа юм.

   Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцахдаа яг л түүний найз нөхөд шиг, хамгийн сайн сонсогч нь байх хэрэгтэй. Аав ээж нь хүүхдээ сонсдоггүй учраас хүүхэд найз нөхөд бусад хүмүүст өөрт тулгарсан асуудлаа ярьдаг. Тэр ч бүү хэл танихгүй хүнд хүртэл өөрт тохиолдсон асуудлаа ярьснаас болж гэмт хэрэгт өртөж хохирох олзлогдох тохиолдол гарч болзошгүй.

    Цагдаагийн байгууллагаас Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таны “Зөв тусгал” таны хүүхэд гэсэн уриан дор “Зөв тусгал” арга хэмжээг зохион байгуулсан. Та ямар хүн байна, таны тусгал, таны хүүхэд л байна. Хэн ч хүүхдээ муу хүн болгохыг хүсдэггүй, тэгсэн мөртөө хүүхдээ хаана хэнтэй юу хийж явааг мэддэггүй. Хамгийн наад зах нь гар утасныхаа дэлгэцийг хагалахаас айж, хайрладаг мөртөө хүүхдэд гар хүрч, хүүхдийн дэргэд тамхи татаж, архи уух, тэр ч бүү хэл  хүүхдийг дагуулан замын гарцгүй газраар гарах, хөдөө амралт зугаалгаар явахдаа гол ус гарахдаа хүртэл гарамгүй газраар гарах, хүүхдийг зориулалтын суудалд суулгахгүй байх тохиолдол таслан зогсоогдохгүй байна. Та хүүхдэдээ анхаарал тавихгүй бол өөр хэн нэгэн муу хүн хүүхдэд чинь анхаарал тавина шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ үгний цаана их олон зүйл байгаа.

    -Хүүхдийн сул тал, ар гэрийн анхаарал халамж муу, асуудалтай байгаа зүйл дээр эмзэг талыг нь харж гэмт этгээдүүд гэмт хэрэгт татан оролцуулах, уруу татах эрсдэлтэй байдаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?

   -Хүүхэдтэй харьцахдаа урамшуулсан, түүнийг сэтгэл зүрх, зоригийг  бадраасан, итгэл өгсөн, ирээдүйн зорилго зорилтыг нь сонсож түүнийг нь дэмжсэн, хамгийн сайн сонсогч зөвлөгч нь байх хэрэгтэй. Тэрнээс ерөнхийд нь миний хүү, охин сайн байна, мундаг шүү гэх нь гол биш ээ. Яг тухайн мөчид буюу чи энэ ажлыг хийсэн, энэ тоог бодож чадаж байгаа чинь, тэр зүйлийг хийж чадаж байгаа чинь л мундаг байна гэж цаг тухай бүрд нь урамшуулж байх нь эрүүлээр хүүхдэдээ нөлөөлж байгаа хэлбэр юм. Мөн үг дааж сургах, сэтгэлийн хат, бие бялдрын хөгжил, Монгол ёс заншил, оньсон тоглоом, үлгэр туйл, хүнийг хүндэтгэх, мэндлэх ёс, биеэр хэрхэн авч явах, байгаль дэлхийгээ хайрлах, мал ахуйтай харьцах зэрэг уламжлалыг хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургах хэрэгтэй.

   Тэрнээс үг дааж сургаж байна гээд загнаад, урамшуулж байна гээд мөнгө өгөөд бай гэсэн ойлголт биш ээ. Монголчууд их хошин мэдрэмжтэй хүмүүс юмаа, ярилцдаггүй байж уурлаад яах вэ дээ, харих гээд яараад яах вэ дээ гэх мэт трейнд үг нь хүмүүст хүрсэн нь харагдаж байна.

    Хэдийн бид мэдээллийн эрэн зуун, 21-р зуун гэж ярьж байгаа боловч Монголын зүйр сэцэн үгс, баатарлаг түүх, өвөг дээдсийн сургааль зэргийг аав ээжүүд өөрсдөө хүүхдүүддээ ярьж таниулж, тэдэнтэй өнгөрөөх цаг хором бүхнийг үнэ цэнтэйд тооцож гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хэрэгтэй байна.

    Анчин нохойд юу ч мэдэхгүй гөлгийг дагуулан анд сургадаг, хурдан азарганы төл хурдан л байдаг, төгөлдөр хуурчийн хүүхэд урлагийн хүн болдог, хуульчийн хүүхэд хуульч болдог шүү дээ. Тэгэхээр та ямар үлгэр дуурайлал үзүүлнэ, таны хүүхэд таны “ЗӨВ ТУСГАЛ” байх болно.

   -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог