Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Бямба, 14 12-р сар 2019

   

    Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж, анхны баяжмалаа хүлээн авсан 12 дугаар сарын 14-ний түүхэн өдөрт зориулсан баярын хурал, урлагийн тоглолт Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборт боллоо. Баярын хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд, бүтцийн нэгжийн удирдлагууд, цех бүрийн төлөөлөл болсон ажилтан ажиллагсад, шилдэг тэргүүний залуучууд оролцсон юм. Баярын хурлыг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баялаг бүтээгч мянга мянган уурхайчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. 2019 оныг Эрдэнэт үйлдвэр “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан ажлын үр дүнгээ тайлагнаж, хөдөлмөрч бүтээлч хамт олныхоо хийсэн бүтээснийг олны сонорт хүргэлээ.

    Баярын энэ өдөр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Б.Наранбаатар, С.Ганбаатар, Б.Баярсайхан, Ч.Отгон, “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Д.Баатар, П.Нямсүрэн, Л.Энхбаяр, Б.Чулуунбаатар, Д.Давааням, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр Б.Батбилэг, Л.Болдоо, Б.Дэрэм, Х.Батмөнх, Б.Баттөгс, Д.Мөнхтөр, Г.Эрдэнэсүрэн, Ч.Мөнхбаатар нарыг шагнаж урамшууллаа. Мөн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээн авахад хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан Л.Батбаяр, Мартынов В.В, Э.Хашбат, Э.Доржболд, З.Энхбаатар, Козорез А.В, Б.Анхбат, А.Кудербай, Белянкин В.П, Б.Бат-Эрдэнэ, Н.Мөнхчулуун, Х.Батзориг, Г.Мягмарцэрэн, Г.Ганчулуун, С.Ууганбаяр, Сапрыкин В.А, Д.Ёлкасүрэн, Д.Дандар нарыг мөнгөн шагналаар шагнав.

 

 

 

    Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн 41 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн төлөө хийж бүтээсэн бүхэнд нь талархал илэрхийлж, хамт олноо манлайлсан Б.Тэгштуяа, Д.Цогтсайхан, Т.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Н.Баяржаргал, Г.Болдхуяг, Э.Лхагважав, Б.Данаажав нарт амины орон сууцны түлхүүр гардуулсан юм. Баяр дээр баяр нэмсэн энэхүү түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Хамт олондоо үлгэр жишээ ажиллаж, хийж бүтээх хүсэл тэмүүллээр “жигүүрлэсэн” эдгээр найман залууд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Эко хороолол дахь хаус, таунхаусыг бэлэг болгон өгсөн. Орчин үеийн хэв загвартай амины орон сууц нь 64м.кв талбай бүхий 3 өрөө, дулаан гаражаас бүрдсэн бол хоёр давхар бүхий таунхаус барилга нь нийт 116м.кв талбайтай, хоёр ариун цэврийн болон унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөөнөөс бүрдсэн тохилог сууц юм. Залуу ажилчид, тэдгээрийн гэр бүлийг дэмжсэн энэхүү гэнэтийн бэлэг Эрдэнэт үйлдвэр 41 жилийн төрсөн өдрөөрөө ажилчиддаа барьсан сюрприз байв.   

 

 

 

Энэ үеэр шагнал гардсан уурхайчдын сэтгэгдлээс хүргэхээр бэлтгэлээ.

Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн Тоног төхөөрөмжийн засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ

    Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна. Өнөөг хүртэлх хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, итгэл хүлээлгэсэн үйлдвэрийнхээ удирдлагуудад талархал илэрхийлье. Миний бие 2010 онд Баяжуулах үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”, 2013 онд цехийн “Шилдэг засварчин”, 2014 онд Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”, 2016 онд Баяжуулах үйлдвэрийн “Шилдэг бригадын дарга”-аар шалгарч байсан. Цаашид хийхээр бодож санасан зүйл их бий. Урмаар тэтгэсэн итгэлийг тань алдахгүйн төлөө хичээх болно. Эрдэнэт үйлдвэртээ маш их баярлалаа.

Үйлчилгээ аж ахуйн цехийн ажилтан Б.ТЭГШТУЯА

    Үйлдвэрийнхээ удирдлагуудаас байрны түлхүүр гардаж авна гэдэг хүний амьдралд ховорхон тохиох аз завшааны нэг гэж бодож байна. Сэтгэл хөдөлж, баярын нулимс бөмбөрлөө. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Хамт олондоо, Үйлчилгээ аж ахуйн цехийн дарга Б.Туяа болон Эрдэнэт үйлдвэрийн нийт удирдлагууддаа талархал илэрхийлье. Та нартаа маш их баярлалаа.

Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн тээрмийн машинч Б.ЧУЛУУНБААТАР

    Өнөөдөр “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнагдлаа. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 13 жил тээрмийн машинчаар ажиллаж байна. Салбарынхаа хамгийн том шагналыг хүртлээ. Сэтгэл их догдолж байна. Би уурхайчин мэргэжилдээ хайртай. Баялаг бүтээгч нийт хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ ойн баярын мэнд дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

     

    Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулсан үзгэн хөшөөний нээлт боллоо. Хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Монгол-21” сангийн тэргүүн Д.Туяа, “Сэцэн” ХХК-ийн захирал Б.Цэдэндорж болон үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцов. Энэхүү хөшөөг цагаан гантиг суурин дээр Ш.Отгонбилэг агсны барьж байсан үзэгний дүрсийг, олон түмэнд Шо захирал хэмээн хүндлэгдэж явсныг нь бэлгэдэн куб буюу бүх тал нь тэгш шоо дүрсийн хамт урлан бүтээжээ. Уг хөшөөг түүний нэрэмжит гудамжных нь эхэнд байрлуулсан нь Эрдэнэт хотод өнгө үзэмж нэмсэн үйл явдал болов. Хөшөөний гүйцэтгэгчээр Б.Цэдэндорж захиралтай “Сэцэн” ХХК ажиллаж, үйлдвэрийн Инженерийн зураг төслийн төвийн тэргүүлэх зохион бүтээгч инженер А.Соджаргал хөшөөний дизайныг гаргажээ.

 
 
 
 
 
                                                                                                            Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог