Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 12 12-р сар 2019

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Зөвлөх Н.БЯМБАДОРЖ

Би 1980 оны 7 дугаар сарын 16-нд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болсон. Яруу найрагч Ш.Гүрбазар Монголоороо гоёдог шиг, би Эрдэнэтээрээ гоёж яваа эгэл уурхайчин. Хаа ч явсан “Би Эрдэнэтийнх” гэж хэлэх дуртай. Үйлдвэрийнхээ лого бүхий бөгж, энгэрийн тэмдгийг байнга зүүдэг. Эрдэнэт бол миний гоёл, миний нэрийн хуудас. Үйлдвэртээ баяр талархалын үгсээ илэрхийлж байгаа эдгээр өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны түүхэн 41 жилийн ой тохиож байна. Уурхайчиддаа, хамтран ажилладаг бүхий л байгууллага, хамт олонд үйлдвэрийнхээ төрсөн өдөр, шинэ оны баярын мэндийг хамтатган хүргэе. Та бүхэндээ баярлаж явдаг шүү.

 

Судалгааны төвийн Тээрмийн машинч Ж.ТҮМЭНЦОГТ

Үйлдвэрийнхээ 3 жилийн ойгоор ажилд орсон. Тэр цагаас өнөөг хүртэлх 34 жилийн хугацаанд миний бие бульдозерчин, бутлуурчин, тээрмийн машинч, жолоочоор ажиллалаа. Гавьяаны амралтандаа гарах тушаалаа гар дээрээ хүлээн аваад удаагүй байгаа ч үйл хэргийг минь үргэлжлүүлэх хүүгээ удам дамжсан уурхайчин болж байгаад сэтгэл тэнэгэр байна. Үйлдвэрийн газраас хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ” бодитой хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь энэ гэж боддог. Хөдөөгийн малчны хотноос илгээлт өвөртлөн ирсэн залуус Эрдэнэтийг цогцлоон бүтээж, өнөөдөрт хүргэсэн. Би л гэхэд Завхан аймгийн Их-Уул сумаас 10 дугаар анги төгссөн хүүхэд ирж байлаа. Хийсэн бүхнээ эргэн харж, дэлхийн 10 том үйлдвэрийн нэгд ажилласан өөрөөрөө бахархаж байна. Хамт олондоо халуун баярын мэнд хүргэе.

 

Инженерийн Зураг Төслийн Төвийн инженер зохион бүтээгч Ж.БАТЦЭЦЭГ

Оюутан байхдаа л залуусын хот Эрдэнэтэд очиж дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажиллахыг хүсдэг байлаа. Хүсэл маань биелж их сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Нунтаглан Баяжуулах Хэсэгт цахилгаанчинаар ажиллан ажил, амьдралын гараагаа эхэлж билээ. Харин одоо Эрдэнэт үйлдвэрийнхээ  Инженерийн Зураг Төслийн Төвд 25 дахь жилдээ ажиллаж байна. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээр овоглож, нэгэн эд эс нь болж байгаадаа үргэлж бахархаж явдаг.Үйлдвэрийнхээ хөгжил дэвшил, техник технологийн шинэчлэл, бүтээн байгуулалтын зураг төсөл зохион бүтээх ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нь миний болон хамт олны маань  гол зорилго гэж боддог. Эрдэнэт үйлдвэрийхээ үе үеийн уурхайчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та нартаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

 

Баяжуулах үйлдвэрийн Хөвүүлэн баяжуулагч Р.БАЯР

Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 41 жил болж байна. Энэ их айл, том үйлдвэрт амьдралынхаа тал хувийг буюу хоногийн 12 цагийг өнгөрүүлсэн болохоор сэтгэлд хамгийн дотно гэр минь болжээ. Би 1983 онд Баяжуулах үйлдвэрт насосны машинчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Хамт олонтойгоо өнгөрүүлсэн олон сайхан дурсамж бий. 2017 онд үйлдвэрийнхээ өргөтгөлийн үйл ажиллагааг амжилттай хийсний учир Баяжуулах үйлдвэрийн дарга асан Г.Дэлгэрийн хамтаар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртэж байлаа. Миний амьдралд тохиосон баярт үйл явдлын нэг байсныг хэлэхэд таатай байна. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад 41 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

 

Засвар механикийн заводын Хэвний хэсгийн будагчинЭ.НАНДИНЦЭЦЭГ

Эрдэнэт үйлдвэр намайг ажил хөдөлмөрт сургасан. Би 2002 онд хольц бэлтгэгчээр ажлын гараагаа эхэлж, 2014 оноос Засвар механикийн заводын Загварын хэсгийн будагчнаар ажиллах болсон. Манай хэсэг үндсэн хийцийн загварыг модоор бүтээдгээрээ онцлогтой. Хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал гэж боддог. Тухайлбал, миний ажлын байранд будгаа хэрхэн гоё өнгөтэй гаргах, замаскаа яаж тавьж зүлгэх вэ зэрэг ур чадвар шаардсан олон ажил гарч ирдэг. Тэр бүрийг чанартай, гологдолгүй хийхийн тулд өнөөг хүртэл хичээсээр явна. Энэ дашрамд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчид, хэсгийн хамт олондоо ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

 

Соёл урлагийн цогцолборын бүжигчин Б.НЯМЛХАГВА

Соёл, урлагийн цогцолборын дэргэдэх “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын бүжигчнээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие ШУТИС-ийнУул уурхайн машин, тоног төхөөрөмжийн механикийн ангийг төгсөж, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. Ажилд ороод 9 сар болж байтал “Уурхайчин” соёлын ордонд бүжигчин авах сонгон шалгаруулалт зарлаж, сонирхлынхоо дагуу шалгаруулалтад оролцож, 14 хүн өрсөлдсөнөөс “А” үнэлгээтэйгээр тэнцэж байлаа. Энэ алхам миний амьдралыг өөрчилсөн. Сайхан хамт олон дундааих зүйл сурч, өнөөдрийг хүртэл өөрийгөө хөгжүүлж явна. Саяхан манай чуулгын уран бүтээлчид “Хан хуур I” төслийнхөө хаалтын тоглолтыг хийж, сурсан мэдсэнээ тайлагналаа. Энэ төсөлд хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн мэргэжлийн уран бүтээлчид хамрагдсанаараа ихээхэн онцлогтой болсон. Тайзан дээр бахархалтай,сэтгэл дүүрэн тоглолт хийсэн хамт олондоо, Улаанбаатар болон орон нутгаас хүрэлцэн ирж үзсэн үзэгчид, уурхайчиддаа, хуур төслийг өдий хүртэл дэмжсэн бүх удирдлагууддаа баярлаж талархснаа илэрхийлье. Уран бүтээлчдээ хөхиүлэн дэмжиж, хөгжих боломжоор хангаж ирсэн Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.

 

Автотээврийн цехийн краны машинист С.УРАНЧИМЭГ

Би Автотээврийн цехэд краны машинистаар 40 дэх жилдээ ажиллаж байна. 1980 онд Технологийн сургуулийн краны курст суралцаж төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болж байлаа. Өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж, цехийнхээ төдийгүй үйлдвэрийнхээ олон шагналыг хүртэж, төр засгаас Алтангадас одонгоор шагнагдсан. Мөн ажил мэргэжлийн тэмцээнд удаа дараа оролцон, олон шавьтай  боллоо. Туулсан цаг хугацаагаа эргэн хараад хүн ажилдаа “дурлаж”, мэргэжилдээ хайртай байх нь хамгийн чухал зүйл гэдгийг ойлгож, залуучууддаа захиж сурган, ажил мэргэжлээрээ бахархаж байна. Уурхайчдын мэргэжлийг удам дагах ёстой гэж үзсэн учраас охиноо краны машинистаар сургасан. Ё.Пүрэвдорж ахлагчтай, Р.Баярбат механикчтай Автотээврийн цехийн Механикийн албаны хамт олондоо маш их баярлаж явдгаа илэрхийлж, уурхайчин хамт олондоо баярын мэнд дэвшүүлье.

 

Ил уурхайн Өрмийн машинч А.ДАМДИНДОРЖ

Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлд 18 насандаа ажилд орж байлаа. Монгол улсын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан үйлдэртээ хөдөлмөр зүтгэлээ зориулж яваадаа баярладаг. Үйлдвэрийнхээ 41 жилийн ойг тохиолдуулан нийт ажилтан ажиллагсад, Ил уурхайн хамт олондоо баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай гэсэн ерөөл өргөе. Уурхайчдын алдар мандугай.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

     ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлэн өнөөдөр нээлтээ хийж байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл - шинжлэх ухаан - мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм.
Энэхүү цуврал бүтээлийг туурвихад Ерөнхий эрхлэгчээр академич П.Очирбат, Ерөнхий редактороор доктор (Ph.D), профессор Л.Пүрэв нар ажиллаж, боть бүрийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн хариуцан эрхэлж, эрдэмтдийн баг хамтран бүтээсэн болно. Тухайлбал:
I. “Ил уурхайн технологи” I ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, доктор (Ph.D), дэд профессор Б.Батболд хариуцан редакторлож, 24 зохиогч хамтран бичсэн. 
II. “Далд уурхайн технологи” II ботийг доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан эрхэлж, Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Лайхансүрэн хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн. 
III. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” III ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, ШУТИС-ийн Хүндэт профессор П.Оюунсүрэн хариуцан редакторлож, 13 зохиогчийн хамтын бүтээл юм. 
IV. “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” IV ботийг шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан редакторлож, 27 зохиогчтой хамтын бүтээл болсон. 
V. “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” V ботийг доктор (Ph.D), дэд профессор Б.Эрдэнэцэцэг хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Ж.Цэвэгмид хариуцан редакторлож, 16 зохиогч хамтран бичсэн. 
VI. “Геодези, зураг зүй” VI ботийг доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунцэцэг хариуцан эрхэлж, магистр Э.Ганзориг хариуцан редакторлож, 19 зохиогч хамтран бичсэн. 
VII. “Геологи, ашигт малтмалын эрэл хайгуул” VII ботийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор О.Гэрэл хариуцан эрхэлж, доктор (Ph.D) Б.Алтанзул хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн. 
    Эдгээр цуврал бүтээлийн агуулга, бүтцээс үзвэл орчин үеийн уул уурхайн салбарын технологи, эдийн засаг, экологийн хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд онол практикийн чухал ач холбогдолтой болохын хувьд инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж байна.
    Энэхүү бүтээл нь цаащдаа уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
   Цуврал ботийг хамтран бүтээж олонд хүргэхэд хүч хөдөлмөрөө зориулсан зохиогчид, хариуцсан эрхлэгч, редактор нар болон хэвлэлийн зардлыг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн болон нийт хамт олонд Доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат  талархал илэрхийллээ. 

    Эрхэм нөхөд өө, Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит Үйлдвэрийн Ерөнхий захирал, Шинжлэх ухааны доктор ШУТИС-ийн хүндэт профессор Х.Бадамсүрэн болон Эрдэнэт Үйлдвэрийн эрхэм хүндэт дарга нараа, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат эрдэмтэн багш нараа. Та бүхний амрыг эрж мэндчилье. Өнөөдөр ШУТИС-ийн түүхэнд тэмдэглэгдэх онцгой дурсгалтай үйл явдал болж байна. Тус сургуулийн 8-р байрны Эрдмийн их танхимыг Эрдэнэт Үйлдвэрийн хөрөнгөөр тохижуулж өнөөдөр нээлтийг нь хийж байна. Бид их баяртай байна. Эрдэнэтийхэнтэй гүнээ талархаж байна. Энэ баярт мөчийг тохиолдуулан баяр дээр баяр болгож нэгэн ёслол үйлдэхийг зөвшөөрнө үү. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн багш нар, профессоруудын хамтын цуврал бүтээл “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” нэртэй 7 боть номыг ивээн тэтгэж санхүүжүүлсэн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын хамт олонд чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлж  байна. Одоо би “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” нэртэй 7 боть номынхоо талаар товч танилцуулж байна. Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, судалгаанд тулгуурлан үйлдвэрлэл, үйл ажиллагааны болон эрдэм мэдлэгийн олон салбарын хүрээг хамарсан цуврал ном бүтээх эрдэмтдийн санаачилгыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулиас дэмжин 2005 оноос эхлэн цуврал бүтээл болгон хэвлэж нийтийн хүртээл болгоод байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл - шинжлэх ухаан - мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм.

    Энэхүү цуврал бүтээлийг туурвихад Ерөнхий эрхлэгчээр академич П.Очирбат, Ерөнхий редактороор доктор (Ph.D), профессор Л.Пүрэв нар ажиллаж, боть бүрийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн хариуцан эрхэлж, эрдэмтдийн баг хамтран бүтээсэн болно. Тухайлбал:

  1. “Ил уурхайн технологи” I ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, доктор (Ph.D), дэд профессор Б.Батболд хариуцан редакторлож, 24 зохиогч хамтран бичсэн. Энэхүү ботид Ашигт малтмалын ордод ил аргаар ашиглалт явуулах арга, технологийн үндсэн ойлголт, нэр томъёо, тодорхойлолт, чулуулгийн шинж чанар, ил уурхайн хэмжээсүүд, нээлт, ашиглалтын систем, үйлдвэрлэлийн үндсэн процессууд болох: Өрөмдлөг, тэсэлгээ экскавацлалт, тээвэр, овоолго болон ашиглалтын технологийн схемүүд, ус таталт, цахилгаан хангамж, хэрэглээний экологи байгаль хамгаалал, маркшейдерийн ажил, тасралтгүй ажиллагаатай иж бүрдэл, тоног төхөөрөмжийн талаар тусгасан.
  2. “Далд уурхайн технологи” II ботийг доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан эрхэлж, Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Лайхансүрэн хариуцан редакторлож, 22 зохиогчхамтран бичсэн. IIботид далд уурхайн ашиглалтын технологийн үндсэн ойлголтууд, нэр томъёо, аргазүй, эрдэс баялгийн цогцолбор, чулуулгийн үүсэн бүрэлдэх нөхцөл, чулуулгийн физик механикийн шинж, уурхайн талбайн нөөц, үйлдвэрлэлийн үндсэн процесс, далд ашиглалтын систем, техник технологи, тээвэр, тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, агааржуулалт, хосолмол геотехнологи, маркшейдерийн ажил зэргийг тусгасан.
  3. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”III ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, ШУТИС-ийн Хүндэт профессор П.Оюунсүрэн хариуцан редакторлож, 13 зохиогчийн хамтын бүтээл юм. Ашигт малтмалын баяжуулалтын технологийн түлхүүр ойлголт, лавлагаа, тайлбар, томъёолол, аргачлал түүнчлэн эрдэс, хүдэр, химийн зарим элементийн шинж чанар, хэрэглээ, техник технологийн боломж, баяжуулалтын өгөөж, материал техникийн хэрэгцээ, бүтээгдэхүүн, хаядас, экологи, байгаль орчинд тусах үр дагавар, үйлдвэрлэлийн практик, судалгаа туршилтын талаар тусгасан.
  4. “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” IV ботийг шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан редакторлож, 27 зохиогчтой хамтын бүтээл болсон. Тус ботид Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги, Төрийн бодлогын үндэс, уул уурхайн шинжлэх ухаан, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүний нөөц, санхүү, уул уурхайн үйлдвэрийн өртөг, зардал, үр ашиг, татвар, төлбөр, уул уурхайн төлөвлөлт, бүтээгдэхүүний чанарын удирдлага, өрсөлдөх чадвар, логистик, маркетинг, ашигт малтмалын нөөц, чанар, кондиц, ордын санхүү-эдийн засгийн үнэлгээний зарчим, орлого, зарлагын үнэлгээ, мөнгөний урсгал ба уул уурхайн төслийн үнэлгээ, уул уурхайн менежментийн ерөнхий зүй тогтол, зарчим, технологийн менежмент, экологийн менежмент, уул уурхайн салбар даxь эрх зүйн зохицуулалтын талаар тусгасан.
  5. “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” V ботийг доктор (Ph.D), дэд профессор Б.Эрдэнэцэцэг хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Ж.Цэвэгмид хариуцан редакторлож, 16 зохиогч хамтран бичсэн. Энэхүү ботид ил, далд уурхайн цахилгаан хангамжийн систем, тоног төхөөрөмж, аппарат, цахилгаан машин, хөтлүүр, дизель станцын цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан техникийн материал, тоног төхөөрөмжийн оношлогоо, технологийн процессын автоматжуулалтын талаарх үндсэн ойлголт, нэр томъёо, схем, экскаватор, өрмийн машин болон технологийн комплексийн иж бүрдлийн техникийн үзүүлэлт, цахилгааны аюулгүй ажиллагаа хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар тусгасан.
  6. “Геодези, зураг зүй” VI ботийг доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунцэцэг хариуцан эрхэлж, магистр Э.Ганзориг хариуцан редакторлож, 19 зохиогч хамтран бичсэн. Энэхүү ботид геодези, зураг зүйн үндсэн ойлголтууд, нэр томъёо, геодезийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа солбицлын тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргууд, хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжүүд, геодезийн хэмжилтийг боловсруулах, үнэлэх, газрын зураг, атласыг зохиох үйл ажиллагааны талаар тусгасан.
  7. “Геологи, ашигт малтмалын эрэл хайгуул” VIIботийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор О.Гэрэл хариуцан эрхэлж, доктор (Ph.D) Б.Алтанзул хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн. Энэхүү ботид Геологийн шинжлэх ухааны ерөнхий ойлголтуудаас эхлээд эрдсийн геохими, чулуулгийн гарал үүсэл, тэдгээрийн ангилал болон ашигт малтмал гэж юу вэ? түүнийг хэрхэн ангилах талаар дэлгэрэнгүй бичсэн. Геологийн зураглалын үед ашиглагдах структурын хэмжилт, үг хэллэгээс гадна палеонтологи, түүхэн геологийн чухал асуудлуудыг ч тусгасан. Мөн металлогени, ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын үед ашиглах арга аргачлал болох агаар сансрын зургийн тайлал, эрлийн ажлын үед хийгдэх геологийн зураглал, геохими, геофизикийн аргачлалууд, хайгуулын цогц ажлыг хэрхэн явуулах нөөцийн тооцоог хэрхэн хийх талаар бичсэн.

    Эдгээр цуврал бүтээлийн агуулга, бүтцээс үзвэл орчин үеийн уул уурхайн салбарын технологи, эдийн засаг, экологийн хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд онол практикийн чухал ач холбогдолтой болохын хувьд инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж байна. Дээрх цуврал бүтээлүүд хэвлэгдэж эхэлснээс хойш “Ил уурхайн технологи” боть 5 удаа, “Далд уурхайн технологи” боть 2 удаа, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” боть 3 удаа, бусад нь тус бүр 1 удаа хэвлэгдээд байна.

    Энэхүү бүтээл нь цаащдаа уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

    Цуврал ботийг хамтран бүтээж олонд хүргэхэд хүч хөдөлмөрөө зориулсан зохиогчид, хариуцсан эрхлэгч, редактор нар болон хэвлэлийн зардлыг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн болон нийт хамт олонд талархал илэрхийлье. Цуврал бүтээлийн дээжийг Х.Бадамсүрэн захиралдаа өргөн барья. ШУТИС-ийн захирал Б.Очирбат захиралдаа өргөн барья.

Ерөнхий эрхлэгч: Доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог