Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 21 10-р сар 2019

     Өнгөрсөн өвөл Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилчдын шинэ жилийн баярын цэнгүүний үеэр азтан тодруулж, Турк улсад аялах эрхийн батламж дөрвөн хүн сугалсан юм. Тэд саяхан Туркийн Анталья,  Истанбул хотоор долоо хоног аялжээ. Супер азтан, Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэтэй уулзаж аяллын сонин сайхнаас нь хуваалцлаа.

     -Сайн явж ирэв үү. Эндээс хэдүүл явсан бэ?    

     -Шинэ жилийн баяраар гадаадад аялах эрхийн азтанаар тодорсон дөрвөн хүн гэр бүлийн хүний хамт наймуулаа Туркийн аялалд гарсан. Батламж дээр ...гэр бүлийн нэг гишүүний хамт аялах эрх олгов... гэсэн байсан юм. Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Засвар механикийн заводын инженер Казаков, Баяжуулах үйлдвэрийн Өргөх тээвэрлэх хэсгийн инженер Гантулга бид хэд гэргий нартайгаа аяллаа.

     -Эхлээд Анталья орсон уу?       

     -Киргизийн нийслэл Бишкекээр дайраад Туркийн аялал жуулчлалын хот Антальяд ирсэн. Газар дундын тэнгисийн хойд эрэг дээр байрладаг энэ хот 2,5 сая хүн амтай, аялал жуулчлал их хөгжсөн газар. Бид тэнд гурав хоносон. Жуулчдын ихэнх нь оросууд. Анталья хотод ажиллаж, амьдардаг иргэд, худалдаа наймаа, үйлчилгээ эрхэлж буй бүх хүн орос хэлтэй. Тэр нь бидэнд заавал орчуулагч, хөтчийн туслалцаа шаардлагагүй их амар байлаа. Манайхан Солонгос явж ажил хийдэг шиг Оросын бага ястнууд тэнд олноороо ажил хийдэг юм байна.

     -Эртний уламжлалт харилцаатай улс л даа.

     -Тийм шүү. Хойд талаараа Хар тэнгисээр хиллэдэг. Бид тэнд таван одтой зочид буудалд байрласан. Үйлдвэр маань биднийг өндөр хэмжээнд аялуулсан гэсэн үг. Дотроо олон бассейнтай, ресторан, лонжуудтай, далайн эрэг дээр орой болгон шоу, үзэсгэлэн болно. Тэдгээр нь бүгд үнэгүй. Буудлын таних тэмдэгтэй хүмүүс вино, зайрмаг, ундаа, ус, хоол, хүнс, амттан бүгдийг үнэгүй хэрэглэнэ. Харин массаж, далайн аялал зэрэг ганцаарчилсан үйлчилгээнүүд нь тусдаа үнэлгээтэй. Газрын дундад тэнгисийн далайн усанд шумбалаа. Далай дээгүүр шүхрээр нислээ. Далайн ус бүлээхэн сайхан байна. Банана гээд нарийн урт завин дээр 20-иод хүн суулгаад чирээд давхих юм. Цасны завь шиг юманд хүмүүс суулгаад усны долгио сөрөөд хурдална. Би айгаад суугаагүй.

     -Антальяд нүд хужирлах түүхийн үзмэр юу байна?

     -2100 жилийн өмнө Ромын эзэнт улсын үед байгуулсан задгай чулуун театрын туурь байна. Сэргээн засварласан задгай театр үнэхээр гайхамшигтай.

     -Ази, Европыг дамнан орших Турк улсын газар нутгийн байршил нь өвөрмөц сэтгэгдэл төрүүлэв үү?

    -Тэгэлгүй яахав. Хойд талаараа хар тэнгисээр Оросын холбооны улсуудтай, зүүн хойд талаараа Сири, Ирак гээд булангийн орнуудтай холбогддог. Урд талдаа газар дундын тэнгис, хар тэнгисийг холбосон, ердөө нэг км хэрийн өргөнтэй Босфорын хоолой байна. Энэ хоолой Ази, Европыг салгана. Түүнийг үзэх гэж усан онгоцоор хоёр цаг хэртэй аяллаа. Баруун тийш харахаар Европ, зүүн тийш харахаар Ази тив.    Газар нутгийн байрлал нь үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Европ, Ази, Африкийн орнууд нээлттэй.

     -Эртний түүхийн гэрч Истанбул хотод юу үзэв?  

     -Бид дотоод нислэгээр Истанбулд буусан. 20 сая хүнтэй, түм түжигнэж бум бужигнасан газар байна. Дэлхийн хамгийн том захаар орж үзлээ. Цай, кофе жимсний төрөлжсөн Мессир зах байна. Эртний цайз, хэрэм, сүм, музей олонтой. Сүмд ёсыг даган гутлаа тайлж орж үзлээ.

     -Лалын шашинтай болохоор хүүхнүүд нь гэвлүүртэй явна уу?

     -Гэвлүүртэй хүүхнүүд байна. Шашнаас гадна нөхөр нь эхнэртээ гэвлүүр зүүлгэх эсэхийг шийддэг гэнэ шүү. Эхнэрээ өөр хүнд харууламгүй бол гэвлүүр зүүлгэнэ. Ер нь эцгийн эрхэт ёс ноёлдог. Тероризмын аюул нүүрэлдэг болохоор том дэлгүүр, үйлчилгээний газар ороход рентген шалгуур, буутай цэрэг, цагдаа байнга байх нь жаахан түгшүүртэй. Монголоос хоёр дахин бага газар нутагт 82 сая хүн хэрүүл шуугиангүй амьдарч байна.

     -Хүн зоны харилцаа нь найрсаг тайван юм уу?

     -Истанбул дээр үеийн хот болохоор зам харгуй, гудамж нь нарийн, машин тэрэг олонтой, түгжрэл ихтэй. Гэсэн ч хэзээ ч сигналдахгүй, хүмүүс нь тайван, бие биедээ хүндэтгэлтэй. Алтаар баян орон юм уу гэж ойлгосон. Алтан эдлэл тэнд нэг их үнэтэй биш. Монголд нэг грамм алт 90-100 мянган төгрөг байхад тэнд 70 мянга орчим байна. Истанбулд ажиллаж, амьдардаг монгол оюутнууд олон. Нэр хүндтэй монгол эмч нар байдаг тухай ярьж байсан. Долоо хоногийн хугацаанд бүгдийг үзэж амжаагүй ч Турк улсын талаар сайн ойлголттой ирсэн. Эцэст нь хэлэхэд ийм сайхан сугалаа санаачлан зохион байгуулж, бүх зардлыг дааж явуулсан Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлага, хамт олонд баярласнаа багийн гишүүдийнхээ өмнөөс илэрхийлье.

    -Баярлалаа. 

М.Одгэрэл

 

 

     Эрдэнэт үйлдвэр, Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан Сэлэнгэ амралтын баазын нэршил,статус өөрчлөгдсөн. Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын өргөтгөлийн талаар И.Жаргалсайхан даргатай ярилцлаа.

     -Шинээр байгуулагдсан Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын талаар мэдээлэл өгнө үү?

     -Манайх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын “Бүтцийн өөрчлөлт”-ийн тухай   2019 оны 4-р сарын 16-ны өдрийн шийдвэрээр Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор болж өргөжсөн. Энэ  бүрэлдэхүүнд Сэлэнгэ амралтын бааз,  Нийтийн хоолны хэсэг, Зочид буудал, Энэрэл төв, Хүлэмжийн хэсэг багтсан. Үүнээс гадна Нийтийн хоолны хэсэгт Ил уурхайн Катерингийн хэсэг бүрэлдэхүүнд нь багтан ажиллаж байгаа. Энэ бүтцийн өөрчлөлт нь үйлдвэрийн Ерөнхий захирлын  санал болгож, үүрэг даалгавар өгсний дагуу Сэлэнгэ амралтын баазыг түшиглэн Аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд “ойролцоо үүрэг бүхий” хэсгүүдийг нэгтгэн “Аялал жуулчлалын цогцолбор” нэртэй байгууллага болон ажиллаж байна.  

     -Байгуулагдаад удаагүй шинэ цогцолбор ажлаа юунаас эхэлж байна. Цогцолбор болсны давуу тал юу вэ?

    -Цогцолбор болсноос хойш бид зарим хэсгүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хүний нөөцөө бүрдүүлсэн. Дээр нь бүх дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчиллээ. Сэлэнгэ амралт, зочид буудалдаа  засвар үйлчилгээ хийлээ. Амралтын баазын доторх замыг бүрэн асфальтжуулан шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Амралтандаа  Караокены өрөө, сургалтын иж бүрэн танхим тохижуулах ажил хийж байна.  Давуу тал нь гэвэл, хамт олноороо нэгдэн ажилласнаар бид, нэгдсэн нэг удирдлагатай, болсон. Ингэснээр байгууллагын  бүтээлч байдал нэлээд сайжирсан нь ажиглагдаж байгаа.  Ил уурхайн хоолны газар катеринг маань ажилчдын хоолыг хамгийн чанартай, илчлэгтэй цэвэр бүтээгдэхүүнээр хийж, элдэв амтлагч, бусад зүйлсээс зайлсхийж, чанартай хоолоор үйлчлэх үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Энэ нь манай ажлын бас нэг давуу тал.

     -Аялал жуулчлал өнөө цагт ашиг орлого олох,  эдийн засгаа бэхжүүлэхэд  хамгийн үр дүнтэй салбарын нэг. Амралтын баазыг түшиглэн Аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар өмнөх жилүүдэд хэрхэн  төлөвлөж  байсан бэ?

     -Аялал жуулчлал  хөгжүүлэх түүхэн шаардлага мэдээж байсан. Хамтарсан үйлдвэрийн статустай байхад  бидэнд Аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлддэггүй байсан. Үндэсний үйлдвэр болж, ТӨҮГ болсноор энэ салбарыг хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм л даа.

     -Хамт олныхоо Нэн түрүүнд эхлүүлсэн дорвитой ажлаасаа  дурдвал...?

    -Бид аялал жуулчлалын эрх аваад, маршрут зохиож, энэ тал дээр түлхүү анхаарч ажиллана. Ерөнхий захирлын санаачилгаар “Ногоон хөгжлийн төв”-ийг манай амралтын бааз дээр барьж байгуулах шийдвэр гарсан. Шинэ төв дээр бид байгаль орчин, байгаль хамгаалал, экологийн талын хурал зөвлөгөөн байнга хийх бүрэн боломжтой. Энэ хүрээнд иж бүрэн өвлийн цогцолбор барилга байгууламж барих шийдвэр гарсан. Манай үйлдвэрийн Их барилгын хэлтэс дээр тендерийн асуудал нь шийдэгдээд явж байна. Энэ барилга байгууламж ашиглалтад орсноор манайд аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрэн нээгдэж, жинхэнэ эко талаас нь хүн-байгалийн уялдаа холбоог ойртуулсан, байгаль ан амьтнаа хайрлан хамгаалах туризмыг хөгжүүлэх зорилготой цогцолбор бий болсон. Манай хамт олон ч идэвх чармайлттай сайн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны үндсэн дээр манай аялал жуулчлал амжилттай сайн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаа.

     -Таны цаашдын ажилд амжилт хүсье.

     -Баярлалаа. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.

Н.Батжаргал

      Диспетчерийн хяналт удирдлагын СКАДА системийн программ хангамжийг Франц улсын Schneider electric фирмийн “CITECT SKADA-2018”-аар сольж, суурилууллаа.  Хоёр үе шаттай программ хангамж нэвтрүүлэх, суурилуулах, тохируулах  ажлыг  Цахилгааны цехийн Телемеханикийн хэсгийн инженерүүд  өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлж,  саяхан дуусгав. Одоо туршин зүгшрүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний объектуудыг алсаас хянаж,  удирдаж,  хэмждэг  СКАДА  системийн программ хангамж нь цех нэгжүүдийн цахилгаан, дулаан, уур, усны эрчим хүчний  тоног төхөөрөмжөөс  мэдээлэл хүлээн авч,  диспетчерийн хяналт удирдлагад оруулан, хэрэглэгчдэд тасралтгүй найдвартай хүргэх үндсэн үүрэгтэй. Өмнөх  программ хангамж нь 2008 онд суурилагдсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрт нэвтэрч буй ухаалаг төхөөрөмжүүдээс мэдээлэл авахад хүндрэлтэй, сүүлийн үеийн үйлдлийн системтэй нийцэж ажиллах боломжгүй зэргээс шалтгаалан ийнхүү шинэчилжээ.

   CITECT SKADA-2018 программ хангамж нь орчин үеийн  бүх төрлийн контроллёр, микропроцессорын реле, ухаалаг хувиргагч, цахилгаан, дулаан, уур усны  хэмжих хэрэгслээс бодит цагийн горимын  мэдээлэл хүлээн авах, дамжуулах, боловсруулалт хийх чадвартай. Түүнчлэн  шаардлагатай чухал мэдээллийг бусдаас ялган харах, ангилах боломжтойгоороо  давуу талтай аж.

Я.Энхтуяа

Фото Б.Баттөгс

    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд чиглэлийн стандартуудаас гадна тогтолцооны гурван стандарт хэрэгждэг. Эдгээр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн, Байгаль орчны, Чанарын менежментийн тогтолцооны стандарт. Чанарын менежментийн тогтолцооны  MNS ISO 9001:2016 стандарт нь байгууллагын стандартын гэрчилгээ авснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэ гэрчилгээ нь 2022 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх стандарт юм. Иймээс Чанарын менежментийн тогтолцооны стандартын тухай ойлголтыг үйлдвэрийн үндсэн цехийн зохих мэргэжилтнүүдэд хүргэхээр үндсэн цехийн ажилчдыг түлхүү хамруулж гурван өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсээс зохион байгуулсан юм. “Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартын үндсэн шаардлагыг сургалтад оролцогчдод танилцууллаа. Энэ стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах үр дүнг тооцохоос гадна PDCA мөчлөгийн дагуу үйл явцаар удирдах, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх болно” гэж  Чанар хяналтын хэлтсийн чанарын мэргэжилтэн  Д.Шинэбаатар мэдээллээ.т

    Мөн стандартчиллын суурь асуудал, нэгдсэн менежментийн тогтолцоо стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулж стандартын баримт бичиг боловсруулах , хэлэлцэх, батлах үе шатуудад баримтлах арга зүйн заавруудыг танилцуулан нэгдсэн менежментийн тогтолцооны шалгуурын талаар сургалтад оролцогчдод  мэдээлэл өглөө.

А.Бямбамаа

Фото Ш.Лхамсүрэн

    Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор, Орхон аймгийн Зураач урчуудын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Алтан намар” зургийн уралдаан зохион байгууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёл урлагийн цогцолборт болсон тус уралдаанд 5-15 насны 101 хүүхэд оролцож, байгалийг тольдсон дотоод ертөнцийн өнгө үзэмжээ цаасан дээр зураглалаа. Мэргэжлийн зураач, урчуудын санал шүүмжээр нас насны ангилалд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, тусгай байрт шалгарсан 15 хүүхдийг шагнаж урамшуулсан юм.

    Уралдааны дүнгээр ахлах насны ангилалд Ө.Жаргалан тэргүүн байр эзэлж, Х.Нарантуул, Э.Санчирламба нар удааллаа. Дунд насны ангилалд Ө.Намуунаа, А.Золжаргал, А.Золцэцэг нар, бага насны ангилалд Н.Дүүрэнбилэг, С.Сайнбилэг, Б.Дөлгөөн нар тус тус шагналт байрт шалгарч, медалийн эзэд болсон. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, хөхиүлэн дэмжих, сурч боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах хүрээнд Соёл урлагийн цогцолборын 9 дугуйланд жилдээ 300 хүүхэд хүлээн авч, мэдлэг оюуныг нь тэлж байна.

Музейн арга зүйч О.НАНСАЛМАА:

Бид зураач, уран бүтээлчдийнхээ хойч үеийг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлнэ

-Хүүхдийн нүдээр намрыг төсөөлсөн зургууд цасан дээр бууж байна. Ирээдүй үеэ хөгжүүлэхэд чиглэсэн Эрдэнэт үйлдвэрийн оролцооны талаар та бидэнтэй хуваалцахгүй юу?

-Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдэд “Алтан намар” аян үргэлжилж байна. Энэ хүрээнд Соёл, урлагийн цогцолбороос 3 насны ангилалд гар зургийн уралдаан зохион байгууллаа. Ирэх жилээс зай талбай нь хүрэлцдэг бол илүү олон хүүхэд хамруулах юмсан гэж бодож байна. Хүүхдүүд ч хүлээлт ихтэй байлаа. Зургийн үзэсгэлэнг 7 хоногийн турш олон нийтэд хүргэж, оролцогч хүүхдүүдээ урамшуулахыг зорьж байна. Энэ жилийн хувьд Орхон аймгийн зураач, урчуудын холбоотой хамтран зохион байгуулж, уралдааныг мэргэжлийн зураач нар шүүн явууллаа. Эрдэнэт хотын зураач нарын бүтээлийг харсан хүүхдүүд маань судалбар зураг гэж юу болох, намрын тухай ойлголт авсан байх. Бид уралдааны үеэр усан болон тосон будгаар зураг зурах нь ямар ялгаатай байдаг тухай яриа таниулга хийсэн. Уран бүтээлч хүн амьдарч буй нийгмээсээ нэг алхамын түрүүнд явж, шинэ зүйл сэтгэж, хийж бүтээдэг. Тэр ч утгаараа хойч үеийнхэнд маань энэ уралдаан асар их ач холбогдолтой оюуны хөрөнгө оруулалт болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Бид зураач, уран бүтээлчдийнхээ хойч үеийг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх болно.

Зураач Л.БЯМБАСҮРЭН:

Өнгөний хослолтой зургууд их содон, шинэлэг мэдрэмж төрүүллээ

-Та уралдааны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Жил бүр “Намар” сэдвээр уран бүтээлчдийн үзэсгэлэн, уралдаан зохигддог. Өнөөдрийн хувьд хүүхдүүд өөрсдийн өнгөөр намрыг илэрхийллээ. Агуулгын хувьд надад таалагдаж байна. Гүйцэтгэлийн хувьд өнгөний хослолтой зургууд бас их содон, шинэлэг мэдрэмж төрүүллээ. Би СУИС-д багшилж байгаад чөлөөндөө гарсан. Хүүхдийн гэгээлэг ертөнцийг уран зургаас харах нь их гоё санагддаг. Эрдэнэтийн хүүхдүүд хүсэл тэмүүлэлтэй, оролцоотой байгаа нь сайн хэрэг. Би өнгөрсөн зун Эрдэнэтийн зураачидтай хамтарсан аялал хийж, нилээд уран бүтээлтэй ирсэн. Энэ намрын тухайд “Арт галарей”-д усан будгийн хоёр зургаараа үзэсгэлэнд оролцож байгаа.

Орхон аймгийн Зураач, урчуудын холбооны тэргүүн Д.БАТБИЛЭГ:

Уралдааныг агуулгаар нь шүүхийг эрмэлзлээ

-Зохион байгуулагчаар хамтран оролцож байгаа хүний хувьд өнөөдрийн уралдааны онцлох зүйлсээс хуваалцахгүй юу?

-Манай холбоо шүүгчээр хамтран ажиллаж байна. Намрыг хүүхэд хэрхэн төсөөлдөг вэ гэдэг их сонин. Зарим нь аав ээжийнхээ ажилтай холбож ойлгоно, зарим нь гадаад орчныг илүүтэй ажина. Аль болох техник талдаа бус сэдэвтээ ойр, “Алтан намар” гэсэн улирал заасан агуулгаар нь шүүхийг эрмэлзлээ. Соёл урлагийн цогцолбороос манай холбоонд хүсэлт тавьсны дагуу энэ жил анх удаа хамтран зохион байгуулж байна. Зураач, урчуудын холбооны гишүүн, зураач н.Цоггэрэл, Д.Батбилэг, Х.Пүрэвдорж нарын бүтээлээс бүрдсэн “Намар” үзэсгэлэнг уралдааны танхимд дэлгэж тавьлаа. Хүүхдүүд маань эдгээр бүтээлээс намрын тухай ойлголт авах байх. Улсын хэмжээнд “Алтан намар” судалбар зургийн уралдаан зарлагдаад байгаа. Бид энэ сарын 30-нд Улаанбаатар, Өмнөговь, Эрдэнэтийн зураач нарын хамтарсан үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.    

И.Чинтогтох

 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог