Д.Алтангэрэл: Нохой жилийн Хөдөлмөрийн аваргуудыг нууц санал хураалтаар тодруулна Онцлох

14 1-р сар 2019 12:00
713 удаа үзсэн

     Жил бүрийн өдийд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аваргууд тодордог уламжлалтай. Энэ жилийн хувьд ямар онцлогтой шалгаруулалт  болох талаар Цагаан сарын баярын үйл ажиллагааг зохион байгуулах төв ажлын хэсгийн нарийн бичиг, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэлээс тодрууллаа.

     -Энэ жилийн Хөдөлмөрийн аваргуудын шалгаруулалтын онцлог юу байх талаар мэдээлэл өгөөч?
     -Нохой жилийн Хөдөлмөрийн аваргууд угтаа Эрдэнэт үйлдвэрийн түүхэн ойн жилийн ажлын амжилтаараа шалгарна. Тиймээс үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд буух хамгийн сүүлийн шагналын “хур” гэж ойлгож болох юм. Ерөнхий захирлын 2016 оны хоёрдугаар сарын гуравны өдрийн А/69 тоот тушаалаар баталсан журмын дагуу бид хөдөлмөрийн аваргууд, сайчуудаа шалгаруулдаг.  Энэ ерөнхий журмын 2.2 заалтыг үндэслэж компанид 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний хоёрын зэрэг ажилтныг Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулдаг. Мөн хүндэт тэмдгээр шагнаж, таван сая төгрөгийн урамшуулал олгодог. Харин 10 ба түүнээс дээш жил ажилласан 30 гаруй хүнийг компанийн Хөдөлмөрийн аваргаар тодруулан гурван сая төгрөгөөр урамшуулдаг. Зургийг нь бүтэн жилийн турш Хүндэт самбарт байрлуулж алдаршуулна. Өмнө нь “АБК”-ийн гадаа байрлуулдаг байсан нь нар салхинд гандаад өнгө алддаг байсан. Өнгөрсөн жил бид үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд оновчтой олон ажил хийсний нэг нь Хүндэт самбараа шинэчилж, дотор байрлуулсан. Ингэснээр хүмүүст илүү хүрч, хүндэтгэлтэй, зохимжтой болсон гэж хэлж болно.
 
     -Оны төгсгөлд компанийн шилдэг ажилтнуудыг тодруулдаг. Удалгүй тухайн жилийн Хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулдаг. Энэ хоёрын гол ялгаа юу вэ?
     -Хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулахдаа ерөнхийдөө олон жилийн ажлын үзүүлэлт, хөдөлмөр зүтгэлийг харгалздаг. Гэхдээ хариуцсан ажлын үзүүлэлт, чанар,  амжилт бүтээл нь компани, бүтцийн нэгжийн хэмжээнд үнэлэгдсэн, шинэ техник, технологи нэвтрүүлж, үр ашигтай, хэмнэлттэй ажилласан, инновацийн шинэ оновчтой шийдэл, бүтээмжийн санал санаачилга гаргаж хэрэгжүүлсэн байдлыг давхар хардаг. Харин оны сүүлд тэргүүний ажилтнуудыг тодруулахдаа тухайн жилийн ажлын бүтээмжийг илүү голчилдог.    

     -Ер нь жил бүр дунджаар хичнээн хүний тодорхойлолт Хөдөлмөрийн аваргын шалгаруулалтад ирдэг вэ?
     -170 орчим тодоройлолт ирдэг юм. Тэр дундаас 33 ажилтанг Хөдөлмөрийн аваргаар өргөмжилдөг. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн аварга, хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх тэргүүний ажилтнуудыг шалгаруулах ажлын дэд хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ сарын 11-ний дотор бүтцийн бүх  нэгжүүд, компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүнээ шалгаруулж нэр дэвшүүлсэн хурлын тэмдэглэл, тодорхойлолтыг ирүүлсэн байгаа. Ажлын хэсэг нэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд тодорхойлолтууд дээр ажиллаад, захирлуудын зөвлөлөөр оруулж нууц санал хураалтаар компанийн нохой жилийн Хөдөлмөрийн аваргуудыг тодруулна. Өмнө нь бол нээлттэй ярилцаж байгаад шалгаруулдаг байсан бол энэ удаа  танилцуулгуудыг бэлдээд, нууц санал хураалтын хуудас бөглөх маягаар тодруулна.

     -Баярлалаа.

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 14 2-р сар 2019 06:25
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог