Т.Мягмарсүрэн: Өмнөх жилүүдийн эрүүл мэндийн үзүүлэлтэд суурилан, энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж байна Онцлох

15 8-р сар 2018 12:00
3617 удаа үзсэн

     Нийгмийн хариуцлагын  үлгэр жишээ загварыг тогтоогоод буй Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа,  жил бүр компанийн ажиллагсад болон ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн нарийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ онд гуравдахь жилдээ оношилгоо, эмчилгээний Медипас төв эмнэлэгтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан энэ жилийн эрүүл мэндийн үзлэг, оношилгооны хөтөлбөрийн онцлогийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор Медипас төв эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийг хамгаалах албаны дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/  Т.Мягмарсүрэнтэй ярилцлаа.    

     -Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хэзээ эхэлсэн бэ? Үзлэгийн явц ямар байна вэ?
     Энэ жилийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээ, үзлэг өнгөрсөн 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн. Нэг өдөрт 50-55 хүн хүлээн авч үзлэгт хамруулж байна. Энэ нь хэвийн ачаалал учраас энэ хувиараар үргэлжлүүлээд ирэх оны 3 дугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар буюу үзлэгийн арван хоёр дахь хоногийн дүнгээр 564 хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо үйлчилгээг аваад байна. Үүнээс 106 нь эмэгтэй ажилчид байна. Манай эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад гуравдахь жилдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үйлчилгээг хүргэж байгаа. Энэ жилийн үзлэгийн багцыг сонгохдоо бид өмнөх хоёр жилийн үзүүлэлт, үр дүн дээр үндэслэн боловсруулсан гэдгийг юуны өмнө тодотгох хэрэгтэй.

     -Өмнөх жилийн үзлэгээр хоёр үндсэн багцын оношилгоо, шинжилгээнд хамруулсан. Тухайлбал, ходоодны дурангийн шинжилгээтэй, шинжилгээгүй гэх зэргээр ангилж байсныг санаж байна. Харин энэ жилийн багцууд ямар онцлогтой вэ? Өмнөх  жилүүдийн үзүүлэлтийг үндэслэснээр үзлэгийн төрлүүд өөрчлөгдсөн байх?
     Урьдчилан сэргийлэх үзлэгийн энэ оны багцуудыг бид ажиллагсдын насны ангиллаар боловсруулсан. Тодруулбал, 36 хүртэлх насныхан, 36-аас дээш насныхан гэж ангилсан. Энэ бол хамгийн гол онцлог гэж хэлж болно. Ингэж насаар ангилах болсон нь учиртай. 35 хүртэлх насны залуучууд  хараа сонсгол хэвийн, ахмад ажилтнуудтай харьцуулахад үйлдвэрийн хортой нөхцөл болон амьдралын буруу хэвшлээс үүдсэн өвчлөл бага байдаг учраас дээрх төрлийн шинжилгээнүүдийг цөөлсөн. Харин залуучуудын дунд зонхилж буй ходоодны үрэвсэл, хеликобактерийн илрүүлэг, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний наалдацын шинжилгээ зэргийг нэмэлтээр оруулж байгаа. Өнгөрсөн жилийн үзлэгийн дүнгээс харахад бүх төрлийн хавдрын өвчний илрүүлэг өндөр байсан тул энэ удаагийн үзлэгт өтгөн далд, цус илрүүлгийн шинжилгээнд бүх хүмүүсийг хамруулж байна.  Монголчуудын амьдралын хэв маяг, хоол хүнстэй холбоотойгоор манайд бүдүүн гэдэсний хорт хавдар нэмэгдэх хандлага бий. Маш хурдан хугацаанд эрчимтэй явагдаж, үсэрхийлдэг энэ төрлийн хавдрыг эрт илрүүлэх зорилгоор өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг багцдаа оруулсан. Энэ шинжилгээ нь дэлхий нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгийн бүрэлдэхүүнд зайлшгүй багтдаг. Өндөр ач холбогдолтой энэхүү шинжилгээг одоогоор зөвхөн манай эмнэлэгт хийж байна. Өтгөнд Хеликобактерийн эрт илрүүлэх шинжилгээг  энэ удаа  хийж буйн учир нь өмнөх хоёр жилийн үзлэгийн үр дүн, өөрөөр хэлбэл ходоодны дуран болон хеликобактерийн илрүүлгээр хийгдсэн эмчилгээний үр дүн ямар түвшинд байгааг тогтоох, хяналт тавих зорилготой юм. Дараагийн багц болох 36-аас дээш насныхны үзлэг нь дотроо таван хэсэгт хуваагдаж байгаа. Нурууны үзлэг шинжилгээний багц нь үйлдвэрлэлийн доргионд  нуруунд гэмтэл авах эрсдлийг багасгах зорилгоор хийгдэнэ. Мөн зүрхний эхо, ходоод болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээтэй, бүсэлхий нурууны рентген зураг Д витамины шинжилгээтэй багц шинжилгээнүүд бий. Тав дахь багцын онцлог Д витамин болон судасны хатуурлыг илрүүлэх шинжилгээ юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд олон жил ажилласан, насжилт зэргээс үүдэлтэй өвчлөл 36-аас дээш насныханд илүүтэй тохиолддог тул  сонсголын бичлэг, нүдний хараа, нүдний даралт, нүдний уг үзэх, холестерин өөх тосны   солилцооны 4 үзүүлэлт    гэх зэрэг зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүд багц үзлэгт багтсан.

     -Өмнөх жилүүдийн үзлэгээр хамгийн олон илэрсэн буюу анхаарал татсан өвчлөл юу байв? Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач тусын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө үү.
    Өнгөрсөн хоёр жилийн үзлэгийн явцад зүрхний бичлэг нь өөрчлөлттэй 1000 гаруй хүн гарсан. Хурц шигдээстэй 4, хуучин  шигдээстэй 44, зүрх тэлэгдсэн, зүрхний хавхлагын гажиг, ангина өвчин зүрхэндээ нөлөөлсөн гээд зөвхөн зүрх судасны өвчлөлийн эмгэг олон оношлогдсон. Өөрчлөлттэй гарсан хүмүүсийг эргэж дуудах, эмчилгээнд оруулах арга хэмжээг  бид давхар авч ажиллаж байна. Ер нь Орхон аймгийн хувьд зүрх судас, цусны даралт ихдэх өвчин хамгийн их байгаа. Тиймээс энэ жилийн үзлэгийн багцандаа зүрхний эхо шинжилгээг дахин оруулсан тул идэвхтэй сайн хамрагдаарай гэж хэлмээр байна. Ингэснээр бид зүрхний гэнэтийн нас баралтаас урьдчилан сэргийлж чадна. Бас нэг онцлог шинжилгээ үзлэгийн багцад багтаж байгаа. Энэ бол CAVI/ AVI буюу артерийн судасны хатуурлыг шинжилдэг үзлэг. Хүний солигддоггүй эрхтнүүд болох тархи, зүрх, бөөр, нүдний торлог зэргийг тэжээж байдаг артерийн гол судас хатуурснаас тухайн амин чухал эрхтэн өвчилж эхэлдэг. Харин манайхан энэ эмгэгийг эрт илрүүлээгүйгээс болоод артерийн судас 75 хүртэл хувийн  нариисалд  хүрсэн тохиолдолд эмчид хандаж байгаа. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахын тулд бид артерийн судасны шинжилгээг багц үзлэгт оруулсан.  Тамхидалт болон амьдралын буруу зуршлууд нь артерийн судасны хатуурлын эмгэгт нөлөөлдөг болохыг ч уг шинжилгээг ашигласан  судалгаа тогтоосон байдаг. Иймд урьдчилан сэргийлэх CAVI/ AVI  шинжилгээнд хүн бүхэн хамрагдахыг анхааруулья. Дараагийн нэг онцлох зүйл бол ходоодны дурангийн шинжилгээнд эрт хамрагдаад өвчлөл байгаа эсэхийг илрүүлчих юм бол ходоодны хавдраас 100 хувь сэргийлэх боломж бүрдэнэ. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ажиллагсдынхаа эрүүл мэндэд оруулж буй хувь нэмэр болох урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгийн  ач холбогдлыг хүн бүр ухамсарлаж, багцад багтсан бүх шинжилгээнд тогтоосон хугацаанд хоцролгүй хамрагдаж, оношлуулаарай гэж зөвлөе. Медипас эмнэлгийн хамт олон, нарийн мэргэжлийн эмч нар та бүхний эрүүл мэндийг хамгаалахад бүх боломж, мэдлэг туршлагаа зориулах болно гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна.  

М.Балжинням

 

 

 

 

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 20 8-р сар 2018 02:56
Үнэлэх
(2 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог