Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Т.МӨНХБАТ: “Шинэ бүтээл ашигтай загвар” сэдэвт туршлага солилцох уулзалт зохион байгуулна Онцлох

15 5-р сар 2017 12:00
669 удаа үзсэн

     Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбооны тэргүүн Т.Мөнхбаттай ярилцлаа.

     -Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?
     -Тавлаг байна.
     -Эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцана уу?
     -Юуны өмнө танай сонины уншигчдад энэ ярилцлага хүрэх өдрийн мэнд хүргэе. Намайг Тогоочийн Мөнхбат гэдэг. 2005 оноос би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Инженерийн зураг төслийн төвийн Механикийн товчоонд зохион бүтээгч инженерээр ажиллаж байна.
     -Та өөрийн ажил мэргэжил, хамт олныхоо талаар ярина уу?
     -Манай хамт олон оюунлаг сэтгэлгээтэй, компьютер графикийн чиглэлээр зураг төслийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг, Монголдоо төдийгүй гадаадын орнуудад уралдаан, тэмцээнд амжилттай оролцдог чадварлаг  зохион  бүтээгч ин женерүүд байдаг. Тиймээс компанид гадаад улс орноос ирдэг бараа бүтээгдэхүүнийг монголд үйлдвэрлэж, технологитоо нэвтрүүлэх, нутагшуулах ажилд шинэ санал санаачилга гарган, өргөтгөн шинэчилж, өөрийн нөхцөлд зориулан зохион бүтээн ажилладаг хамт олон.
     -Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Манай үйлдвэрт хэчнээн залуучууд ажиллаж байна вэ?
     -Манай Залуучуудын холбоо нь компанийн нийт залуу ажилчдыг хөгжүүлэх, урлаг, спорт, ажил мэргэжлийн онцлогт нь нийцсэн, нийгмийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, залуусын эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэх зорилготой төрийн бус байгууллага юм. 18-40 насныхныг залуучууд гэж үздэг. Манай компанийн хувьд нийт 3136 залуу байна. Үүний 2180 буюу 69 хувийг эрэгтэй, 956 буюу 31 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд залуучуудын тоо нэлээдгүй өссөн. 2014-2017 онд үйлдвэрт шинээр 1110 залуу ажилд орж, компани залуу боловсон хүчнээр “цус сэлбэлээ”.
     -Энэ онд Залуучуудын холбоо ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
     -2017 онд манай Залуучуудын холбооны гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарсан. Нийт 6 ангилалд 56 ажил тусгагдсан байгаа. Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, ирэх жил тохиох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн  ойг угтан Бүтээмж дээшлүүлэх, импорт орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал санаачилгыг дэмжих зорилгоор залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар удирдах зөвлөл, цех, хэсгийн тэргүүлэгчдээс гаргасан саналыг нэгтгээд байна.
     -Залуучуудын холбооны төсөв санхүүг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
     -2017 оны төлөвлөгөө, төсвийг Ерөнхий захиралд хүргүүлсэн. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр ХХК-иас санхүүжихээс гадна компаниас хэрэгжүүлж буй төсөлт хөтөлбөрт хамрагдан, цех хэсгээс гарсан шинэ санал санаачилгыг хэрэгжүүлэн ажиллахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, ажлын бус цагаар ажиллан санхүүгийн боломжоо дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар компанийн удирдлагуудад санал хүргүүлсэн. Бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
     -Хамтын ажиллагаа аль хэр өргөжиж байна вэ?
     -Энэ оныг бид “Бүтээлч - хамтын ажиллагааны жил” болгон зарласан.  Иймээс уул уурхайн компаниуд, Монголын залуучуудын холбоотой ажил мэргэжлийн туршлага солилцох, шинэ техник технологийг судлан үйлдвэрт нэвтрүүлэх,  залуусаа хөгжүүлэх зорилгоор  хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагатай хамтран “Шинэ бүтээл ашигтай загвар” сэдэвт туршлага солилцох уулзалт зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод байна.  
     -Тэгвэл ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?
     -Бид төсөв санхүүгийн асуудал шийдвэрлэгдээгүй ч зохион байгуулж буй ажлууд дээр шинэ залуу ажилчдыг хамруулахад анхаарч ажиллалаа. Ойрын хугацаанд компанид шинээр ажилд орж буй залуучуудад Эрдэнэт үйлдвэр ХХК-иар бахархах үзлийг төлөвшүүлэх, залуучуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, сайжруулахад чиглэсэн ажлыг зохион байгуулна. Мөн цех, хэсгийн Залуучуудын зөвлөлийг өргөтгөж тэргүүлэгч, нарийн бичгийг шинээр сонгох хурлыг зохион байгуулна. Залуучуудын холбооны Тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарын олон нийтийн ажил дахь оролцоо, манлайллыг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор сургалт форум  зохион байгуулахаар төлөвлөж байна. Компанийн удирдлагуудтай уулзаж Залуучуудын холбооны бодлого чиглэлийг танилцуулна.
     -Сониноор дамжуулан залуучууддаа хандаж хэлэх таны үгийг сонсъё?
     -“Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан та бүхний өмнө манай Залуучуудын холбооны үүд хаалга цаг үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


                                                               Т.БАТЧУЛУУН






 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:09
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог