Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Л.Дэлгэрмаа: Ээлжийн амралтын хугацаанд амралт, баяр ёслолын өдрүүд орохгүй Онцлох

15 5-р сар 2017 12:00
1376 удаа үзсэн

     Урин дулаан улирал ирж, ихэнх ажиллагч ээлжийн амралтаа авах дөхсөн цаг үетэй холбогдуулан ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодох, хэдийд ээлжийн амралт авах эрх үүсдэг талаар компанийн цалин, нийгмийн даатгалын товчооны нягтлан бодогч Л.Дэлгэрмаагаас тодрууллаа.

     -Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцдог вэ?
     -Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргадаг. Энэ тоог  сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалинг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
     -Ажилласан хугацаа нь жил хүрэхгүй тохиолдолд яах вэ?
     -Ажилласан хугацаа нь 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Жишээ нь: ажилтан А  2016 оны арван нэгдүгээр сарын 1-нд ажилд ороод 2017 оны долдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг.
     -Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
     -Авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.
     -Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орох уу?
    -Орохгүй.  Нийтээр амрах баярын өдрүүд, долоо хоногийн амралтын өдрүүд, жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй.
     -Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
     -Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.
     -Нэмэгдэл амралтын талаар тайлбарлана уу?
     -Ээлжийн үндсэн амралт дээр ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол 6-10 жилд ажлын 3 өдөр, 11-15 жилд ажлын 5 өдөр, 16-20 жилд ажлын 7 өдөр, 21-25 жилд ажлын 9 өдөр, 26-31 жилд ажлын 11 өдөр, 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.
     -Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын нэмэгдэл амралтын талаар дэлгэрүүлбэл?
     -Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно. 6-10 жилд ажлын 5 өдөр, 11-15 жилд ажлын 7 өдөр, 16-20 жилд ажлын 9 өдөр, 21-25 жилд ажлын 12 өдөр, 26-31 жилд ажлын 15 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна.
     -Ээлжийн амралтыг жил бүр эдлэх боломжтой юу?
     -Тиймээ. Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно. Үүнийг ажлын жил гэдэг. Тодруулбал, ажилтан 2016 оны тавдугаар сарын 8-нд ажилд орсон бол 2017 оны тавдугаар сарын 8 хүртэлх хугацаа нь түүний ажлын жил болно. Энэ хугацааны дотор ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн байх ёстой.
    -Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа авах эрхтэй болох вэ?
     -Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар  зохицуулдаг.
    -Хүүхэд асрах чөлөө дуусч, ажилдаа ороод дөрвөн сар болсон эх ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?
     -Болно. Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.
     -Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
     -Ажилтан халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, б/ ажилтнаас суутгал тооцох.
     -Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
     -Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгана. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээ,  ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.
     -Хэрэв зургаан сар ажиллаад ээлжийн амралт авбал ажилласан хугацаагаар нь  тооцож олгох уу?
     -Үгүй. Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно. Тухайлбал, ажлын 15 өдрийн үндсэн амралт болон нэмэгдэл амралтыг бас тооцно гэсэн үг.
     -Хэвийн болон хэвийн бус нөхцөлийн аль алинд ажиллаж байсан бол нэмэгдэл амралтыг яаж тооцох вэ?
    -Хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд хөдөлмөрлөсөн ажилтны нэмэгдэл хоногийг олгохдоо хэвийн болон хэвийн бус  нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцон нэмж,  нэмэгдэл хоногийг тооцдог.
     -Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?
    -Байна. ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг. Цэргийн жинхэнэ алба хаасан, тэтгэмжтэй чөлөөтэй байсан, техник мэргэжлийн сургуульд суралцсан, зургаан сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй. Жишээлбэл, ажилтан 2016-2017 онд  6 сар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол энэ  хугацаа нь амралт бодогдох 12 сарын хугацаанд орохгүй гэсэн үг.


Я.ЭНХТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:08
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог