×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Х.Оюунтунгалаг: Бид үйлдвэрийн усны чанарыг сайжруулахад анхаарч байна Онцлох

03 11-р сар 2016 12:00
824 удаа үзсэн

     Саяхан Улаанбаатар хотноо хуралдсан “Эрдэс боловсруулалт” олон улсын хуралд “Эрдэнэт үйлдвэрийн усны дахин ашиглалт” сэдэвт илтгэл тавьж шилдэг оролцогчоор шалгарсан  Лаборатори, судалгааны төвийн орлогч дарга Х.Оюунтунгалагтай ярилцлаа.
      -Энэ удаагийн хурлын онцлогийн талаар ярина уу?
      -2 жил тутам зохиогддог “Эрдэс боловсруулалт” олон  улсын хурлын энэ жилийн онцлог нь уул уурхайн компанийн шинжээч, судлаач, Герман Монголын хамтарсан Технологийн сургуулийн багш нар зэрэг гадаадын мэргэжилтнүүд,  Япон улсад  суралцаж буй монгол оюутнууд оролцож  бүх илтгэл англи хэл дээр тавигдсан.
     -Та Эрдэнэт үйлдвэрийн усны дахин ашиглалт сэдвээр илтгэсэн. Илтгэлийн агуулгын талаар ярина уу?
      -Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны дарга Б.Намуунгэрэлтэй хамтран Лаборатори судалгааны төвийн  судлаач инженерүүдийн олон жилийн туршилтын үр дүн, материалуудыг үндэслэн энэ илтгэлийг бичсэн. Илтгэлээрээ Эрдэнэт үйлдвэрийн дахин ашиглаж байгаа технологийн буюу эргэлтийн ус тооны болоод чанарын хувьд өнөөдөр ямар  байгаа, үүнийг сайжруулах  боломж  зэрэг  асуудлыг хөндсөн.
     -Манай үйлдвэрт  усны дахин ашиглалт ямар байдалтай байна вэ?
      -Ерөнхийдөө үйлдвэрийн хүчин чадал, боловсруулж буй хүдрийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэрэглэж буй усны хэмжээ ихсэж байна. Энэ хэрэгцээг  цэвэр усаар бүрэн нөхөхөөс илүүтэй дотоод нөөц бололцоог  ашиглан хоёрдогч эх үүсвэрийг нээж олох зорилго тавин  ажиллаж байна. Энэ хүрээнд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг технологитоо буцааж ашиглах, цэвэрлэгээний чанар ямар байхад ямар харьцаагаар хольж ашиглаж болох вэ гэх зэргээр байнга туршилт хийдэг. Дараагийн эх үүсвэр болох  Ил уурхайгаас шүүрч буй шүүрлийн ус, хур борооны улиралд исэлдсэн хүдрийн агуулгаас хур тундасаар угаагдан гардаг  хүчиллэг усыг дахин ашиглах талаар туршилтууд хийж байгаа. Аль болох зардал багатай, технологит харьцангуй сөрөг нөлөөлөхгүй байх горимыг барин, ойроос усны балансыг сайжруулах арга замуудыг хайж байгаа.
     -Манай үйлдвэр усыг дахин ашиглах тал дээр бусдад туршлага болохуйц үйлдвэр гэгддэг.  Энэ асуудал уул уурхайн шинэхэн үйлдвэрүүдийн анхаарлыг татсан байх?
      -Энэ талаар Оутотек, Оюутолгой компанийн монгол инженерүүд их асуусан. Монгол улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэр харьцангуй  ууган үйлдвэр. Технологи болоод ажиллаж ирсэн замналын хувьд  уул уурхайн бусад компаниуд санаа авах,  туршлага болох  бодит байдал тулгарч байгаа. Бид үйлдвэрийн усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэхээс гадна чанарыг нь сайжруулах тал дээр хэд хэдэн ажил хийж байгаа. Тухайлбал, технологит хэрэглэж буй усны дотоод стандартыг бий болгохоор  ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн Хаягдлын аж ахуйн усны баланс тооцох, ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр  хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан  мэргэжилтнүүд ажиллаж байна.
     -Энэ ажлын  үр дүн ямар байна вэ?
      -Одоохондоо  бодитойгоор сайжрууллаа гэж тоо баримт хэлэх боломжгүй байна. Ямар ч гэсэн төлөвлөгөөний дагуу явж байна.  Хүндрэл үүссэний дараа яах вэ гэх биш,  үйлдвэрийн тогтвортой ажиллагааг хангахын тулд Хаягдлын аж ахуйн нуурын усны чанар,  найрлагыг  хэвийн байлгахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, тогтвортой байлгахын тулд усны менежментийн чиглэлээр ажиллаж байгаа.
     -Усны менежментийн  чиглэлээр манай үйлдвэр гадаадын байгууллагатай хамтран ажилладаг уу?
      -Эрчим хүчний цех ийм хэмжээний ус авчирлаа, хотын хэрэгцээнд ийм хэмжээтэйг нийлүүллээ,  Хаягдлын аж ахуй руу  булингатай хамт ийм хэмжээний ус хаяж, төдийг буцааж авч ашиглаж байгаа гэх зэргээр усны хэмжээг байнга хянаж байдаг. Тэгвэл  усны чанарын хувьд сүүлийн үед яригдаж байгаа харьцангуй залуу салбар. Энэ тал дээр тоон үзүүлэлтээ  эмхэтгэж харах, ерөнхий дүр зураг гаргах, бидэнд хичнээн төрлийн найрлагатай, ямар ус байгааг судлах ажлыг дотооддоо хийж эхэллээ. Саяын хурал дээр Оутотек компанийн усны дахин ашиглалт, хаягдлын аж ахуйн хэсгийн дарга бидний илтгэлийг сонирхож, энэ тал дээр бидэнтэй хамтарч ажиллая, судалгааны ажлаа хамтран хийе гэсэн санал тавьсан. АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхайн сургууль усны тоо хэмжээ буюу Хаягдлын аж ахуйн усны балансыг орчин үеийн түвшинд  тодорхойлох чиглэлээр манайхтай хамтран ажилладаг. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан, Монгол алт компаниас гавьяаны амралтандаа гарсан Даваасамбуу гуай, Мене-рал процессинг компанийн Батбаяр нарын  хүмүүс манай үйлдвэрийн усны асуудлаар санаа зовж  явдаг тухайгаа ярьж, энэ асуудлыг зайлшгүй хөндөж тавих ёстой. Дараагийн удаа Монголын уул уурхайн компаниуд хамтран усны асуудлаар хурал зохион байгуулъя. Үүн дээр бид өөрсдийн түвшинг харах, тулгарч буй бэрхшээлийг шийдэх гарцыг олох боломж гарах юм. Энэ тал дээр та бүхэн анхаарлаа хандуулаач гэж бидэнд хүсэлт, захиас, даалгавар өгсөн.
     -Үйлдвэрийн усны судалгаа хийх  явцад тулгардаг  бэрхшээл байдаг уу?
      -Үйлдвэрийн усны балансыг тооцоход хэрэглэж буй багаж, тоног төхөөрөмж хоцрогдонгуй байдаг. Жишээ нь, Геологи маркшейдрийн хэлтсийн ашиглаж буй хэмжилтийн багаж Эрдэнэт гол, Вокзалын гүүрийн орчим  зэрэг сульфит ихтэй усанд  ажиллахгүй байх зэрэг төвөгтэй асуудал гардаг. Усны судалгаанд ашигладаг орчин үеийн, өндөр мэдрэмжтэй, үр дүнг сайн цуглуулж гаргах чадалтай тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Үйлдвэрийн зүгээс усны судалгаан дээр анхаарал хандуулдаг. Усан дахь органик нэгдлүүдийг тодорхойлдог Австрали улсад үйлдвэрлэсэн хийн хроматографын багаж авахаар бид нилээн судалгаа хийж, санал  боловсруулж өгсөн.  Баяжуулах үйлдвэрийн зүгээс биднийг дэмжин энэ багажийг авахаар болж байгаа. Ийм багажтай бол усны  найрлага дахь органик бодис, гадаргуугийн идэвхит бодисыг өндөр түвшинд тодорхойлох боломжтой болох юм. Бидний гаргасан санал санаачилгыг дэмжин анхаарч буй үйлдвэрийн удирдлагадаа талархаж байна.

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:09
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог