Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Д.Мөнх-Эрдэнэ: Ажиллагсдын бүтээлч санаачилга нэмэгдэж байна Онцлох

03 11-р сар 2016 12:00
611 удаа үзсэн

     Материал, техникийн хангамжийн баазын Бүтээмжийн зөвлөлөөс ажиллагсдынхаа дунд “Сайн саналын CHALLENGE-2016” сэдэвт 100 хоногийн аяныг  энэ оны 5-р сарын 17-ноос зарлажээ. Энэ хүрээнд ямар ажил өрнүүлэн хэр үр дүнд хүрч байгаа талаар  тус баазын Мэдээлэл технологи бүтээмжийн инженер Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
     -Энэхүү аяны зорилгын талаар эхлээд ярина уу?
      -МТХБ-ын Бүтээмж инновацийн зөвлөл  нийт ажилтны дунд сайн санал гаргах явцыг идэвхжүүлэх, бүтээлч санаачлагыг нэмэгдүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сайн саналын  challenge хэрэгжүүлсэн анхны хамт олон болох, бусад цехийг CHALLENGE-д уриалан дуудах зорилготойгоор “сайн сана-лын challenge-2016”-г санаачлан хэрэгжүүлж байна. Ер нь челлинж гэдэг нь дуудлага гэх утгатай бөгөөд нөгөөтэйгүүр “ВИРУСТ МАР-КЕТИНГ” юм. Энэ нь вирусын өөрийгөө хувилж, олшруулдаг процессын адил  нийтийн сүлжээг ашиглан маркетингийн идэвхжүүлэлт хийх арга хэрэгсэл юм. Энэ аяны үр дүнд  зардал бууруулах,  эрчим хүч хэмнэх, ажлын явцын механикжуулалт, автоматжуулалтыг сайжруулах, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, ашиглалтын хуга-цааг уртасгах, ХАБ, эрүүл ахуйг сайжруулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, ажлын байрны эрсдэлийг илрүүлэн арилгахад чиглэсэн сайн санал гарган, хэрэгжүүлэх зорилго агуулсан. Нөгөөтэйгүүр  ажиллагчдын  мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээмжийн хөдөлгөөний тогтолцооны  механизмыг  шинэ шатанд гаргах, нэмэлт орлого олох чиглэлээр ажилтнуудыг  идэвхжүүлэх гэсэн юм.
     -Сайн саналын  челлинж эхэлснээс хойш ажиллагчид хэр их санал гаргав?
      -Ажиллагчдын идэвх илт сэргэж байна. Цехийн хэмжээнд нийт  ажилчдын 81 хувь нь санал  гаргасан. Өнөөдрийн байдлаар  /10-р  сарын 25/ Бүтээмж инновацийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн систем http://172.16.1.5/webinnovation/-д  555 санал ирүүлсэн байна. Үүнээс 345 саналыг үнэлж,  нэг сая 617 мянган  төгрөгөөр урамшуулсан.
     -Эдгээрээс сайн санал хэр их гаргасан бэ?
      -Гаргасан саналуудыг эрчим хүч, механик, технологи, ХАБЭА, 5 сайн үйлс, үйлчилгээний чанар, бусад гэсэн чиглэлээр маш сайн санал, сайн санал, энгийн санал, ач холбогдол багатай санал гэж үнэлсэн. Нийт  345 саналаас маш сайн санал 3, сайн санал 40, энгийн санал 217, ач холбогдол багатай санал 85 үнэлэгдсэн. Эдгээр саналыг чиглэлээр нь авч үзвэл 5 сайн үйлсийн санал 101, ХАБЭА-н санал 65, технологийн чиглэлийн 50, механикийн чиглэлийн 48, үйлчилгээний чанар сайжруулахад чиглэсэн 43, эрчим хүчний 8, бусад чиглэлийн 30 санал гаргасан.  
     -Гаргасан саналыг хэрэгжүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна?
      -100 хоног үргэлжилсэн сайн саналын  CHALLENGE-2016” аян  саяхан өндөрлөлөө.  Удахгүй дүнгээ гаргана. Маш сайн, сайн, энгийнээр үнэлэгдсэн 260 саналыг хэрэгжүүлэхийн тулд бид бүтээмж чанарын дугуйлангийн гишүүдтэй  санал  солилцдог. Дугуйлан тус бүрээс нэг  сайн саналыг сонгон, бүтээмж чанарын 9 дугуйлангийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Сайн саналын challenge зохион байгуулснаар ажиллагчдын идэвх  санаачилга нэмэгдэж,  багаар ажиллах чадвар дээшилж, төсөлт ажил хэрэгжүүлэх туршлага сайжирсан  зэрэг  эерэг үр дүн харагдаж байна.
     -Хэрэгжүүлэх гэж буй төсөлт ажлаасаа дурдвал?
      -Манай цехэд битүү тэвштэй машин болон вагоноос зарим нэгэн ачаа барааг авто ачигчаар буулгах үед сэрээ хүрэхгүйгээс  ачааг заавал оосорлон чирж ойртуулаад дараа нь өргөж буулгах тохиолдол нилээн гардаг.  Мөн урт труба, уголок, швелер, пруток зэрэг  материалыг авто ачигчаар зөөвөрлөхөд хүндрэлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зөрчигддөг. Хүн, техник гэмтээх эрсдэлтэй, цаг хугацаа их алддаг.  Энэ байдлыг засахын  тулд бид авто ачигчийн сэрээнд өлгөх сунадаг телескоп хэлбэрийн кранбалк хийж байна. Үүнийг ашигласнаар ажлын цаг хэмнэж, ХАБ-ын эрсдэлийг арилгах,  техник, бараа материалын эвдрэл гэмтлээс сэргийлэх боломжтой.  Бас  жижиг сайжруулалтын 257 саналаас нилээдийг хэрэгжүүлэн ажиллаж  байна.
     -Сайн санал гаргах явцад челлинжийг яагаад ашиглах болов?
      -Бид челлинжийн тухай нийгмийн сүлжээнээс  уншиж мэдсэн.  Тухайн үед манай Хэмжилт шинжилгээ багийн ахлагч А.Дэжидмаа Сайн саналын челлинжийн үйл ажиллагаа  зохион байгуулах талаар санал гаргаж бид зөвшилцөн, удирдамжаа  цехийн захиргаанд танилцуулсан. Цехийн удирдлага болон бүтээмж инновацийн зөвлөл сайшаан дэмжсэн. Эхлээд Хэмжилт шинжилгээ багийн ахлагч саналаа http://172.16.1.5/web_ innovation/ сайтад бүртгүүлсэн юм. Веб сайтад бүртгүүлсэн саналын код болон бусад мэдээллийг Сайн санал challenge-ийн дэвтэрт зааврын дагуу хөтлөн 24 цагийн дотор дараагийн ажилтанг дуудаж дэвтрийг хүлээлгэн өгөх хэлбэрээр явагдсан юм.  Мэдээж үүнийг хэрэгжүүлсний үр дүнд  ажиллагчдын  санал гаргалт  ихэснэ гэдэгт итгэлтэй байсан. Өмнө нь хувь хүмүүс санал гаргаж  хэрэгжүүлдэг, харин дугуйлангаар ажиллаж саналаа хэлэлцэх нь ховор байсан. Үүнийг бодолцон дугуйлангаар нь дүгнэх  шийдвэрт хүрч удирдамждаа тусгасан. Ер нь дугуйлангаар хэлэлцсэн санал  нь олон өнцгөөс харсан, асуудлын шийдлийг сайжруулсан,  чанарт анхаарал хандуулсан байна. Иймд  төсөлт ажлаар хэрэгжүүлэх боломж илүү байгаа нь  харагдсан.
     -Саналыг хэн хэрхэн үнэлдэг вэ?
    -Хэсгийн дарга,  мастерууд санал гаргагчийн асуудал, шийдэл, саналын давхцалыг уншиж судлан  зөвшөөрөл өгч,  үнэлгээний багийн 5 гишүүн чиглэл  бүрт нь үнэлдэг. Үнэлгээний багт БИЗ-ийн гишүүн, инженер техникийн ажилтнууд багтдаг. Бүтээмжийн үйл ажиллагааг   цехийн удирдлага маш сайн дэмждэг.
     -Танай цехэд бүтээмжийн хөдөлгөөн өрнөөд хэдэн жил болж байна?
      -2012 оноос бүтээмжийн хөдөлгөөн  өрнөж эхэлсэн. Одоогоор бүтээмж инновацийн зөвлөл, 4 баг,  бүтээмж чанарын 9 дугуйлан  үйл ажиллагаа явуулж байна. Манай хамт олон бүтээмжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Хүн бүр ажлын байраа сайхан болгох, аюул эрсдэлгүй ажиллах, зардал хэмнэх  чиглэлээр  санаачилгатай ажиллаж байна.

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:09
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог