Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Д.ЦЭРЭНБАДАМ: Хөдөлмөрийн дотоод журамд өмнө нь мөрдөж байсан суурь зохицуулалтыг хэвээр үлдээж, ажил сайжруулах зорилгоор нэмэлт хэд хэдэн заалт тусгасан Онцлох

08 9-р сар 2016 12:00
1365 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  шинэчилсэн Хөдөлмөрийн дотоод журмыг 2016 оны 9 сарын 1-ний өдрөөс  эхлэн мөрдөх тухай Ерөнхий захирлын А/485 тоот тушаал гарлаа. Үүнтэй холбогдуулан тус компанийн Хууль, эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадамаас шинэчлэгдсэн  журмын талаар дараах тодруулгыг авлаа.

     -Эрдэнэт үйлдвэр ХХК Хөдөлмөрийн дотоод журмыг  шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс мөрдөж эхлээд байна. Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэх шаардлага, үндэслэл нь юу байв?
     -Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг Ерөнхий захирлын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн А/485 дугаар тушаалаар шинэчлэн баталж, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн сахилга хариуцлага буюу ажлын цаг ашиглалтыг сайжруулах, тушаалыг хуульд нийцүүлэн эрх мэдлийнхээ хүрээнд гаргах, үйлдвэрлэлийн өмчийг хамгаалж, оюуны өмчийг бүртгүүлэх, ажил, олгогч ажилтнуудын хооронд хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай болсон тул нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн баталсан.Уг журмыг шинэчлэхдээ бид холбогдох газар, цех нэгжүүдээс санал авч, боловсруулан баталсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

     -“Хөдөлмөрийн дотоод журам”-д ямар нэмэлт өөрчлөлт орсон бэ? Та энэ талаар тодруулна уу?
     - Ажлын цаг ашиглалтыг сайжруулах бодлогын хүрээнд чөлөө олгох журам өөрчлөгдсөн. Өмнөх дотоод журмаар 1 сар хүртэлх хугацааны чөлөөг цех, нэгжийн удирдлага, 1 жил хүртэлх хугацааны чөлөөг Ерөнхий захирлын тушаалаар олгодог байсан ингэж чөлөө олгох нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс ажилтанд  1 хоногийн чөлөөг тухайн бүтцийн нэгжийн удирдлага, 2-5 хоногийн чөлөөг бүтцийн нэгжийн даргын саналыг үндэслэн Хүний нөөцийн хэлтсийн дарга чөлөөний хуудсаар, 6 өдрөөс 1 сар хүртэл хугацаатай чөлөөг Ерөнхий захирлын тушаал гарган олгож байхаар өөрчлөлт орсон.
     - Дараагийн нэмэлт нь Нийтийн эрх ашиг буюу оюуны өмчийг хамгаалах зохицуулалт юм. Үйлдвэрлэл дээр бий болж буй оюуны өмч нь олон хүний санал, санаачилга, хөдөлмөр оролцсон бүтээл байдаг. Үүнийг ганц хүн эзэмшиж, өмчилж, үр, ашиг шимийг нь хүртээд явах буруу. Тэгэхээр энэхүү оюуны өмч,  патентын эрхийг үйлдвэрийн хамт олон нийтээрээ эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл оюуны өмч нь компанийн өмч байж, үүнийг ашиглах эрх нь компанидаа үлдэх ёстой гэсэн үүднээс энэхүү зохицуулалтыг оруулсан. Энэхүү зохицуулалтыг нэмж оруулснаар компанийн нийт ажилтнууд, хувьцаа эзэмшигчид оюуны өмчийнхөө ашиг тусыг хүртэх боломжтой болно.
     -Мөн компанийн ажилтан улс төрийн албан тушаал хашиж буй тохиолдолд ажлаас чөлөөлөгдөж, улс төрийн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах зохицуулалт орсон. Ёс зүйн хувьд компанийн ажилтан, улс төрийн албан тушаалууд ялгаа заагтай учраас энэ зохицуулалтыг оруулж өгсөн.  
     -Мөн эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг тодорхой болгож, дотоод журамд тусгаж өгсөн. Компанийн бүтцийн нэгжийн удирдлага болгон Ерөнхий захирлаас эрх авсан эсэх нь тодорхойгүй, тушаал гаргаж байгаа нь Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хуулиудтай нийцэхгүй байсан. Энэхүү хуулиудад компанийг удирдаж, төлөөлөх эрхтэй этгээд нь зөвхөн компанийн гүйцэтгэх захирал /ерөнхий захирал/ байдаг. Гүйцэтгэх захирлын /ерөнхий захирал/ эзгүйд Тэргүүн дэд захирал итгэмжлэлгүйгээр орлож болно. Үүнээс бусад этгээд итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөх, компаниас гарч буй захирамжлалын баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй байдаг. Энэхүү зохицуулалтыг бид хөдөлмөрийн дотоод журамд оруулснаар хэн ямар эрхтэй байх вэ, хэн ямар баримт бичиг дээр гарын үсэг зурах вэ, энэхүү эрх, үүрэг нь ямар итгэмжлэлээр олгогдсон байх ёстой вэ гэдгийг нарийвчлан зохицуулах боломж үүсч байгаа юм. Тиймээс бид өмнө нь мөрдөж байсан суурь зохицуулалтыг эвдэхгүйгээр, ажил сайжруулах зорилгоор нэмэлт зохицуулалтыг тусгаж өгсөн гэж ойлгож болно.   

     -Эрх үүргийг дагаад хариуцлагын зохицуулалт зайлшгүй яригдана. Журамд хариуцлагын талаар ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
     -Мэдээж, тогтолцооны эрх үүргийг нарийн зааж, ялгаж  өгснөөр хэн ямар хариуцлага  хүлээх вэ гэдэг нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл,  өмнө нь ямар  нэг алдаа дутагдал гаргаад хариуцлага хүлээдэггүй, буруутай эзэн нь тогтоогддоггүй байсан бол эзэн холбогдогч нь тодорхой болно гэсэн үг.  Ер нь бид сахилга хариуцлагыг чангаруулсан зохицуулалтыг журамд оруулаагүй, зөвхөн хэн ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх вэ гэдгийг л тодорхой болгож өгсөн. Үүнд  л энэхүү дотоод журмын  шинэ зохицуулалтын онцлог оршиж байгаа юм.


 
М.БАЛЖИННЯМ
 
 
 

 

 

 

 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:10
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог