×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Д.Мөнхсайхан: Бид цутгуурын дэвшилтэт технологитой танилцлаа Онцлох

13 6-р сар 2016 12:00
1284 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга Д.Хишигсүрэн, ЗМЗ-ын дарга Б.Чинзориг, Үйлдвэр техникийн товчооны дарга Д.Мөнхсайхан, Технологич инженер Б.Одгийв, Д.Ариунболд нар 5-р сарын 19-29-нд БНХАУ-д томилолтоор ажиллалаа. Энэ талаар ЗМЗ-ын Үйлдвэр техникийн товчооны дарга Д.Мөнхсайханаас  тодрууллаа.



Зүүн гар талаас Д.Хишигсүрэн, Б.Одгийв, Д.Ариунболд, Д.Мөнхсайхан, Б.Чинзориг, Б.Батхуяг


     -Та бүхний томилолтын зорилго юу байв?
     -Бид Бээжин хотод “Metall+ Metallurgy China-2016” үзэсгэлэнд оролцож, Цутгуурын дэвшилтэт технологитой танилцах, манайхтай ижил төстэй зарим үйлдвэрт туршлага судлах зорилготой явсан юм.  Үзэсгэлэнгээс цутгуурын дэлхийн дэвшилтэт технологийн хандлагатай танилцлаа. Мөн үзэсгэлэнд оролцогч Хятадын зарим компанийн төлөөлөгчтэй уулзаж, сонирхсон зүйлээ лавлаж, зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцлаа.
     -Үзэсгэлэнгээс та бүхний анхаарлыг юу ихээр татав?
      -Бидний анхаарлыг их татсан нь вакуум хальсны хэвлэлтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани байлаа. Тэдэнтэй уулзахад биднийг үйлдвэрээ очиж үзэхийг урьсан.  Хятадын Шар тэнгисийн эрэгт оршдог Шандун  мужийн Чиндао хотод энэ үйлдвэртэй танилцсан. Вакуум хальсны хэвлэлтийн тоног төхөөрөмж манайд суурилагдаад хэдэн жил болсон ч  бид бүрэн гүйцэт ажиллуулж чадахгүй байгаа. Энэ үйлдвэртэй  танилцсанаар  бид  дээрх технологийг хэрхэн сайжруулж болохыг олж харлаа. Мөн үйлдвэрийн удирдлагуудтай манай тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах боломжийн  талаар ярилцаж, цаашид хамтарч ажиллах санал тавьсан. Тэд ч бидний саналыг нааштай хүлээн авч, үйлдвэрлэлийн тухай нарийн мэдээллийг  албан  ёсоор өгөөч гэсэн  хүсэлт  тавьсан.  Энэ дагуу бид үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны судалгаа явуулж, материал бэлтгэж  байна. Энэ үйлдвэр  дэргэдээ судалгааны төвтэй  юм. Манай  технологит  юу нэвтрүүлэх,  технологит хэрэглэдэг   элс, будгийн найрлага  ямар байх зэргийг судлан хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн.  
     -Өөр ямар үйлдвэртэй танилцсан бэ?
      -Баяжуулах фабрикт хэрэглэдэг шахуургуудыг  үйлдвэрвэрлэж байсан үйлдвэрийнхэнтэй уулзаж, холбоо тогтоолоо. Энэ компанийн урилгаар Хэбэй мужийн Цанчжу хотын Hebei kunting Pump үйлдвэрт очиж, технологийг нь судаллаа. Энэ үйлдвэр манайхтай харьцуулбал цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэдэг болохоор бүтээгдэхүүний чанар ихээхэн сайн  байсан.  
     -Энэ үйлдвэрээс манайд нэвтрүүлж болох ямар зүйл олж харав?
      -Сүүлийн үед цутгуурын үйлдвэрлэлд модон модель хэрэглэхээс  татгалзаж, хөөсөн моделийн технологи бүрэн хэмжээгээр нэвтэрсэн байна. Онолын хувьд  3D машинаар зорж бэлтгэх, Автоклав ашиглаж прессээр шахаж үйлдвэрлэх, 3D принтерээр хэвлэх гэсэн 3 аргаар хөөсөөр модель бэлтгэдэг юм. Үзэсгэлэнд 3D принтерээр хэвлэсэн модель олж харсангүй. Нөгөө 2 аргаар бэлтгэсэн модель байсан. Бид энэ талаар нилээд сайн судаллаа. Мөн   үйлдвэрээс манайд нэвтрүүлж болох жижиг гэлтгүй зүйл байна. Бид  цутгуурын үйлдвэрийг цаашид  хөгжүүлэхэд зай талбай маш чухал болохыг олж харлаа. Манай тоног төхөөрөмжүүд хавчигдмал орчинд байрладаг болохоор ажиллах боломж муутай нь дээрх үйлдвэр-тэй танилцсаны дараа анзаарагдаж байна. Бид зай талбайгаа өргөсгөж чадвал, дэвшилтэт технологийг бүрэн нэвтрүүлж, ашиглах бүрэн боломжтой болох нь харагдсан.  Энэ үйлдвэрийн цутгуурын хэвний технологийг судалж, тэдний давуу талыг олж харлаа. Хамгийн наад зах нь хэвний будаг гэж байдаг. Түүнийг манайх гадаадаас худалдаж авдаг бол, тэр үйлдвэр өөрсдөө  найруулж бэлтгэдэг юм байна. Энэ нь өөрийнхөө цутгамал, элсэндээ таарсан будгийг өөрсдөө гаргадаг болохоор бүтээгдэхүүний чанар өндөр түвшинд байна. Манайхаас  шатсан,  хагас шатсан элсний холимог гардаг бол тэндээс гарахгүй байна. Бүтээгдэхүүн цэвэр гарч  байна.  Бид энэ үйлдвэртэй цаашид хамтарч ажиллая, давуу талуудыг өөрсдийн технологит нэвтрүүлье гэдэг яриаг тэдний удирдлагуудтай хийсэн. Тэд ч зөвшөөрсөн.
      -Та бүхэн эдгээрээс үйлдвэрлэлд ямар зүйлийг эхний ээлжинд  нэвтрүүлэхээр  төлөвлөөд байна?
      -Бидний Хятадад хийсэн томилолтоос цутгуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зайлшгүй нэвтрүүлэх зүйлүүд тодорхой байна. Хамгийн наад зах нь хөөсөн модель нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Модон модель өртөг зардал өндөр, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Хөөсөн модель зардал багатай, технологит ашиглахад хялбар зэрэг давуу талтай юм. Бид томилолтоос ирсний дараа инженерүүдтэйгээ уулзаад, үүнийг нэвтрүүлье гэж шийдсэн. Ингэхдээ  өөрсдөд байгаа материалаа ашиглан туршилт хийхээр судалж байна. Мөн цутгамал гаргахад шаардлагатай металлын тэжээгүүрт экзотермический смесийг бүрэн утгаар нь  ашиглаж чадахгүй байгаа юм. Бид энэ  технологийн талаар нилээн сайн мэдээлэлтэй боллоо. Манайд  нэвтрүүлэх боломж байна. Үүнийг бид   туршиж   эхэлсэн. Мөн ижил төстэй үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахаар аман хэлэлцээр хийсэн. Үүнийг үйлдвэрийн удирдлагууд дэмжиж хамтарч ажиллах гэрээ байгуулах байх. Бид эдэнтэй зэрэгцэж явахын тулд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.
     -Ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?
     -Бээжинд зохиогдсон үзэсгэлэнг үзэх, үйлдвэрүүдтэй харилцаа холбоо тогтооход  чин сэтгэлээсээ тусалсан Эрдэнэт үйлдвэрийн Бээжингийн төлөөлөгчийн  газрын  Б.Батхуяг  даргатай хамт олонд баярласнаа  илэрхийлье.


Нүүрийг бэлтгэсэн Я.ЭНХТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:09
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог