×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Албаны ярилцлага

Албаны ярилцлага (24)

     Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбооны тэргүүн Т.Мөнхбаттай ярилцлаа.

     -Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?
     -Тавлаг байна.
     -Эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцана уу?
     -Юуны өмнө танай сонины уншигчдад энэ ярилцлага хүрэх өдрийн мэнд хүргэе. Намайг Тогоочийн Мөнхбат гэдэг. 2005 оноос би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Инженерийн зураг төслийн төвийн Механикийн товчоонд зохион бүтээгч инженерээр ажиллаж байна.
     -Та өөрийн ажил мэргэжил, хамт олныхоо талаар ярина уу?
     -Манай хамт олон оюунлаг сэтгэлгээтэй, компьютер графикийн чиглэлээр зураг төслийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг, Монголдоо төдийгүй гадаадын орнуудад уралдаан, тэмцээнд амжилттай оролцдог чадварлаг  зохион  бүтээгч ин женерүүд байдаг. Тиймээс компанид гадаад улс орноос ирдэг бараа бүтээгдэхүүнийг монголд үйлдвэрлэж, технологитоо нэвтрүүлэх, нутагшуулах ажилд шинэ санал санаачилга гарган, өргөтгөн шинэчилж, өөрийн нөхцөлд зориулан зохион бүтээн ажилладаг хамт олон.
     -Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Манай үйлдвэрт хэчнээн залуучууд ажиллаж байна вэ?
     -Манай Залуучуудын холбоо нь компанийн нийт залуу ажилчдыг хөгжүүлэх, урлаг, спорт, ажил мэргэжлийн онцлогт нь нийцсэн, нийгмийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, залуусын эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэх зорилготой төрийн бус байгууллага юм. 18-40 насныхныг залуучууд гэж үздэг. Манай компанийн хувьд нийт 3136 залуу байна. Үүний 2180 буюу 69 хувийг эрэгтэй, 956 буюу 31 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд залуучуудын тоо нэлээдгүй өссөн. 2014-2017 онд үйлдвэрт шинээр 1110 залуу ажилд орж, компани залуу боловсон хүчнээр “цус сэлбэлээ”.
     -Энэ онд Залуучуудын холбоо ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
     -2017 онд манай Залуучуудын холбооны гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарсан. Нийт 6 ангилалд 56 ажил тусгагдсан байгаа. Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, ирэх жил тохиох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн  ойг угтан Бүтээмж дээшлүүлэх, импорт орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал санаачилгыг дэмжих зорилгоор залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар удирдах зөвлөл, цех, хэсгийн тэргүүлэгчдээс гаргасан саналыг нэгтгээд байна.
     -Залуучуудын холбооны төсөв санхүүг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
     -2017 оны төлөвлөгөө, төсвийг Ерөнхий захиралд хүргүүлсэн. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр ХХК-иас санхүүжихээс гадна компаниас хэрэгжүүлж буй төсөлт хөтөлбөрт хамрагдан, цех хэсгээс гарсан шинэ санал санаачилгыг хэрэгжүүлэн ажиллахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, ажлын бус цагаар ажиллан санхүүгийн боломжоо дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар компанийн удирдлагуудад санал хүргүүлсэн. Бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
     -Хамтын ажиллагаа аль хэр өргөжиж байна вэ?
     -Энэ оныг бид “Бүтээлч - хамтын ажиллагааны жил” болгон зарласан.  Иймээс уул уурхайн компаниуд, Монголын залуучуудын холбоотой ажил мэргэжлийн туршлага солилцох, шинэ техник технологийг судлан үйлдвэрт нэвтрүүлэх,  залуусаа хөгжүүлэх зорилгоор  хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана. УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагатай хамтран “Шинэ бүтээл ашигтай загвар” сэдэвт туршлага солилцох уулзалт зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод байна.  
     -Тэгвэл ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?
     -Бид төсөв санхүүгийн асуудал шийдвэрлэгдээгүй ч зохион байгуулж буй ажлууд дээр шинэ залуу ажилчдыг хамруулахад анхаарч ажиллалаа. Ойрын хугацаанд компанид шинээр ажилд орж буй залуучуудад Эрдэнэт үйлдвэр ХХК-иар бахархах үзлийг төлөвшүүлэх, залуучуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, сайжруулахад чиглэсэн ажлыг зохион байгуулна. Мөн цех, хэсгийн Залуучуудын зөвлөлийг өргөтгөж тэргүүлэгч, нарийн бичгийг шинээр сонгох хурлыг зохион байгуулна. Залуучуудын холбооны Тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарын олон нийтийн ажил дахь оролцоо, манлайллыг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор сургалт форум  зохион байгуулахаар төлөвлөж байна. Компанийн удирдлагуудтай уулзаж Залуучуудын холбооны бодлого чиглэлийг танилцуулна.
     -Сониноор дамжуулан залуучууддаа хандаж хэлэх таны үгийг сонсъё?
     -“Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан та бүхний өмнө манай Залуучуудын холбооны үүд хаалга цаг үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


                                                               Т.БАТЧУЛУУН






 

     Урин дулаан улирал ирж, ихэнх ажиллагч ээлжийн амралтаа авах дөхсөн цаг үетэй холбогдуулан ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодох, хэдийд ээлжийн амралт авах эрх үүсдэг талаар компанийн цалин, нийгмийн даатгалын товчооны нягтлан бодогч Л.Дэлгэрмаагаас тодрууллаа.

     -Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцдог вэ?
     -Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргадаг. Энэ тоог  сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалинг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
     -Ажилласан хугацаа нь жил хүрэхгүй тохиолдолд яах вэ?
     -Ажилласан хугацаа нь 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Жишээ нь: ажилтан А  2016 оны арван нэгдүгээр сарын 1-нд ажилд ороод 2017 оны долдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг.
     -Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
     -Авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.
     -Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орох уу?
    -Орохгүй.  Нийтээр амрах баярын өдрүүд, долоо хоногийн амралтын өдрүүд, жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй.
     -Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
     -Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.
     -Нэмэгдэл амралтын талаар тайлбарлана уу?
     -Ээлжийн үндсэн амралт дээр ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол 6-10 жилд ажлын 3 өдөр, 11-15 жилд ажлын 5 өдөр, 16-20 жилд ажлын 7 өдөр, 21-25 жилд ажлын 9 өдөр, 26-31 жилд ажлын 11 өдөр, 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.
     -Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын нэмэгдэл амралтын талаар дэлгэрүүлбэл?
     -Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно. 6-10 жилд ажлын 5 өдөр, 11-15 жилд ажлын 7 өдөр, 16-20 жилд ажлын 9 өдөр, 21-25 жилд ажлын 12 өдөр, 26-31 жилд ажлын 15 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна.
     -Ээлжийн амралтыг жил бүр эдлэх боломжтой юу?
     -Тиймээ. Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно. Үүнийг ажлын жил гэдэг. Тодруулбал, ажилтан 2016 оны тавдугаар сарын 8-нд ажилд орсон бол 2017 оны тавдугаар сарын 8 хүртэлх хугацаа нь түүний ажлын жил болно. Энэ хугацааны дотор ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн байх ёстой.
    -Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа авах эрхтэй болох вэ?
     -Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар  зохицуулдаг.
    -Хүүхэд асрах чөлөө дуусч, ажилдаа ороод дөрвөн сар болсон эх ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?
     -Болно. Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.
     -Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
     -Ажилтан халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, б/ ажилтнаас суутгал тооцох.
     -Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
     -Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгана. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээ,  ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.
     -Хэрэв зургаан сар ажиллаад ээлжийн амралт авбал ажилласан хугацаагаар нь  тооцож олгох уу?
     -Үгүй. Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно. Тухайлбал, ажлын 15 өдрийн үндсэн амралт болон нэмэгдэл амралтыг бас тооцно гэсэн үг.
     -Хэвийн болон хэвийн бус нөхцөлийн аль алинд ажиллаж байсан бол нэмэгдэл амралтыг яаж тооцох вэ?
    -Хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд хөдөлмөрлөсөн ажилтны нэмэгдэл хоногийг олгохдоо хэвийн болон хэвийн бус  нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцон нэмж,  нэмэгдэл хоногийг тооцдог.
     -Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?
    -Байна. ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг. Цэргийн жинхэнэ алба хаасан, тэтгэмжтэй чөлөөтэй байсан, техник мэргэжлийн сургуульд суралцсан, зургаан сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй. Жишээлбэл, ажилтан 2016-2017 онд  6 сар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол энэ  хугацаа нь амралт бодогдох 12 сарын хугацаанд орохгүй гэсэн үг.


Я.ЭНХТУЯА

     Ерөнхий захирлын А/191 тоот тушаалаар Ган бөмбөлгийн цехийн дарга А.Отгончулуун, инженер технологич Б.Анх-Эрдэнэ, зуухны ашиглалтын инженер Н.Бэх-Очир, хийн зуухны машинч Б.Бат-Эрдэнэ нар 4-р сарын 1-10-нд  БНХАУ-ын Шандунь муж, Харбин хотод туршлага судлаад иржээ. Томилолтын үр дүн болон тус цехийн ажил үйлсийн талаар цехийн дарга А.Отгончулуунтай ярилцлаа.

   -Та бүхний албан томилолтын зорилго юу байсан бэ?
   -Бид  манайхтай ижил төстэй нүүрс хийжүүлэх үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжтэй танилцах, манай цехэд  үүссэн  хүндрэлүүдийг арилгах  арга замыг хайх, Харбин хотын үйлдвэрийн  ашиглаж буй нүүрс, түүнд тавигддаг  технологийн шаардлага, байгаль цаг уурын онцлог зэргийг судлаад ирлээ.

   -Томилолтын зорилгоо хэрхэн биелүүлэв?
   -Бидний зорилго амжилттай биелсэн. Шандунь мужийн нүүрс хийжүүлэх зуух үйлдвэрлэгч Ван-фенг компани биднийг их сайхан хүлээж авсан.  Ашиглалтаас хойш  цехэд гарсан бүх хүндрэлийг  үйлдвэрлэгч талд  бид баримт, зургаар гаргаж танилцууллаа.  Тэд бидний алдаа оноог хэлж, ашиглалтын явцад үүссэн  хүндрэлтэй холбоотой   албан ёсны зөвлөмж гаргаж өгөхөө амласан.  Бид энэ зуухыг ашиглаад жил гаруй болж байна. Тоног төхөөрөмж элэгдэж байна. Үүнтэй холбоотой  үйлдвэрлэгч тал  тоног төхөөрөмж захиалах аргачлалыг зааж, сэлбэг хэрэгслийн жагсаалт гаргаж өгье гэсэн.  Мөн  манайхтай цаг уурын хувьд ижил төстэй,  ижил төрлийн  зуух ашиглаж байгаа Харбин хотын үйлдвэртэй  танилцлаа. Өвлийн улиралд -20 хэм орчим байдаг. Тэнд ч бас   хүндрэл гардаг ч зохих журмын дагуу арилгаж жигдрүүлдэг юм байна.

   -Танай цехэд өнгөрсөн 1-р сард технологийн процесс алдагдаж нилээдгүй хүндрэл гарсан тухай ярьж байсан. Үүний шалтгааныг олж чадав уу?
   -Үүний шалтгааныг олсон. Өөрөөр хэлбэл бидний ажилд ямар алдаа дутагдал байна, юуг анхаарах, үйл ажиллагаандаа нэвтрүүлбэл зохих зүйлийн талаар ч сайн мэдэж авлаа. Бид технологт хэрэглэж буй нүүрсний чанар болон бүхэллэгт голлон анхаарах ёстой юм байна. Манай дээр хийгдэх ажил их  байна. ДЦС-аас уур татах шаардлагатай байна. Уур үйлдвэрлэлт манай дээр чамлалттай явж байна. Ерөнхий технологийн схем дээр уурын битүүмжийг зөв зохистой ашиглаагүйгээс тодорхой хүндрэл үүсч байсныг  туршлага судлах явцдаа мэдсэн.Үйлдвэрлэл дээр өдөр тутам технологийг гардан явуулдаг  хүмүүс энэ удаагийн томилолтод хамрагдсан болохоор их үр дүнтэй байсан.
  
   -Нүүрс хийжүүлэх  технологт нүүрсний чанар, бүхэллэг  хамгийн чухал гэлээ.  Тэгвэл Хятадад ямар нүүрс хэрэглэдэг вэ?

   -Хятадад 6500 кДж/м3-аас дээш илчлэгтэй нүүрс ашигладаг. Тэгэхэд манайх 5400-6200 орчим л байгаа. Манайх өндөр илчлэгтэй нүүрс ашиглаж үзсэн. Хөвсгөлөөс 6400, 6800, 6900 кДж/м3 нүүрс авч хэрэглэхэд  технологийн процесс өсөөд л явсан. Үйлдвэрлэж буй хийн чанар сайжирч, үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэн. Гэлээ ч илчлэг ихтэй нүүрсний үнэ өндөр гэдэг шалтгаанаар больсон. Илчлэг ихтэй  нүүрс  илчлэг ихтэй хий үйлдвэрлэдэг.   Илчлэг ихтэй хий богино хугацаанд бэлдцийг улайсгаснаар үйлдвэрлэлийн гарц ихэснэ.  Ер нь  хийн илчлэг, нүүрсний илчлэгээс шууд хамааралтайг бид ажлын туршлагаасаа мэдсэн. Ижил төстэй үйлдвэрээр явахдаа ч  үүнийгээ баталсан. Мөн нүүрсний бүхэллэгийг хэрхэн зохицуулснаар галын түвшинг жигдрүүлж, хийн гарцыг  сайжруулах талаар мэдлэгтэй боллоо. Бид  30-90 мм-ийн бүхэллэгтэй нүүрсийг холиод л  зуух руу хийдэг. Хятадад нүүрсээ шигшээд 30-40, 50-60, 60-70, 80-90 мм гэсэн  4 төрлөөр үелж хийж байна. Энэ нь их оновчтой юм.  1200 хэмийн шаталтаас үүсч буй энэ үелсэн нүүрс маш сайн хий үйлдвэрлэж байна. Бид хольсноос галын түвшин жигд барьж чадахгүй байж. Тэгэхлээр  галын түвшинг жигд барих, хийн гарцыг сайжруулах гол нөхцөл нь энэ байсныг бид олж мэдлээ. Манай үйлдвэрлэлд  энэ мэтчилэн олон хүчин зүйлс нөлөөлдөг. Нүүрсийг зууханд шатаах, хий үйлдвэрлэх технологи маш нарийн, мэдрэмтгий юм байна. Бид энэ технологийн тухайд жил гаруйн  л ажлын туршлагатай болохоор сурч мэдэх зүйл их байна.

   -Танай цехийн гол зорилтын нэг нь чанартай ган бөөрөнцөг үйлдвэрлэх явдал байх. Энэ чиглэлээр туршлага судлав уу?
  -Тиймээ. Манай цех 2017 онд ган бөөрөнцгийн чанарыг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Бид ган бөөрөнцөг үйлдвэрлэж байгаа Хятадын зарим компаниас туршлага судаллаа. Тэдний ган бөөрөнцгийн чанар, хатуулаг, бэлдцийн химийн найрлагатай  газар дээр нь танилцлаа.

   -Танай цех шинэ технологи нэвтрүүлээд удаагүй байгаа. Үүнд бэлтгэгдсэн боловсон хүчин хэр байна вэ?
   -Ган бөөрөнцгийн үйлдвэр 1996 онд байгуулагдсан.  2007 онд Эрдэнэт үйлдвэрийн нэг цех болсон түүхтэй. Урьд нь дизелийн түлш ашиглаж бэлдцээ халаадаг байсан. 2015 оны 11-р сараас бид дизелийн түлшнээсээ татгалзаад, нүүрснээс хий гаргаж, хийгээрээ бэлдцээ халаах шинэ технологи  нэвтрүүлсэн. Энэ технологи дээр ажиллах бэлтгэгдсэн боловсон хүчин дулимаг. Бид өнөөдөр практик ажил дээр л  туршлагажиж байна. Бидэнд  сурах, мэдэх зүйл их байна. Тиймээс бид ажилчдаа сургаж дадлагажуулах чиглэлд гол анхаарлаа хандуулдаг. Манай ИТА-ууд ажилчиддаа улиралд нэг удаа сургалт явуулдаг. Манайх нийт 63 ажиллагчтай.

   -Ган бөөрөнцгийн чанарыг сайжруулахад чиглэсэн ямар ажил хийж байна вэ?
   -Ган бөөрөнцгийн чанар нь хатуулаг, дотоод бүтэц, түүнийг бүрдүүлж байгаа химийн найрлага, ган бөөрөнцгийг үйлдвэрлэх технологи гээд олон зүйлээс хамаардаг. Хамгийн гол нь ган бөөрөнцгийн хатуулаг эзэлхүүний хувьд жигд тархалттай буюу гадаргуун гүний хатуулаг жигд байх нь чухал. Манай үйлдвэрийн хүдрийн онцлог, шинж чанараас хамаарч ган бөөрөнцөгт тавигдах хатуулгийн зөвшөөрөгдөх хэмжээ байдаг. Бид дээрх шаардлагад бүтээгдэхүүнээ ойртуулах зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр ган бөөрөнцгийн элэгдэл жигд байх болно. Хатаалтын барабаныг ашиглан тодорхой температурт ган бөөрөнцгийг хатаадаг. Бид хатаалт хийсэн технологийн усаа хөргөх, эргүүлэн ашиглах, мөн хатаалтыг давсны уусмалаар хийх ажлыг эхлүүлээд явж байна. Хатаалтыг давсны уусмалаар хийх нь энгийн усаар хийснээс хатаах процесс 2 дахин хурдан явагддаг. Дээрх ажлыг хэрэгжүүлснээр технологийн усыг хэмнээд зогсохгүй бүтээгдэхүүний чанарыг сайжруулж хатуулгийн зөрүүг ойртуулах юм.

   -Цаашид энэ бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахаар өөр ямар ажил  төлөвлөж байгаа вэ?
   -Цаашид хийхээр төлөвлөсөн томоохон ажлын нэг нь давсны уусмалд хатаасан бүтээгдэхүүндээ зориулан амраах зуух барина. Амраах зуух барьснаар бүтээгдэхүүнд хатаалтаас үүссэн дотоод хүчдэлийг арилгах, хатуулгийг эзэлхүүний хувьд жигд тархалттай байлгах гээд олон шинж чанар нь сайжирч, тээрэм дотор ган бөөрөнцөг нь хэлбэрээ алдахгүй жигд элэгдэх юм. Ингэснээр  тээрэмд орж буй  12-14 мм-ийн бүхэллэгтэй  хүдрийг ган бөөрөнцөг 0,074 мм бүхэллэгтэй болтол нь  нунтаглан,  уг  хүдэр  хам баяжуулалтын процесст орж, эцсийн бүтээгдэхүүн  авах нөхцөл бүрдэж байгаа юм. Бид бүтээгдэхүүний чанарыг сайжруулах дулааны боловсруулалтын дээрх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ган бөөрөнцгийн хувийн зарцуулалтыг хамгийн багадаа 3 хувиар багасган урьдчилсан тооцоотойгоор жилд 1,4 тэрбум төгрөг, эргэлтийн уснаасаа 500-600 сая төгрөгийн хэмнэлт гаргах зорилт тавин ажиллаж байна.
  
   -Нүүрсний хийгээр бэлдэц халаах технологийн эдийн засгийн үр ашгийг  нь өмнөх технологитой харьцуулбал?
   -Хэдийгээр дэлхийн зах зээлд зэсийн ханш тааруу, үйлдвэрийн  эдийн засгийн байдал сайнгүй байсан ч хэмнэлтийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн  зоримог шийдвэр нь бодитой үр дүнгээ өгч байна. 18,0 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэхэд дизель түлшний технологиор  3 тэрбум орчим  төгрөг зарцуулж байсан бол  нүүрсний хийн технологиор   800 сая төгрөгийн зардал гарах жишээтэй. Энэ технологийг нэвтрүүлэхэд гаргасан зардлаа жил хагасын дотор нөхөх боломжтой.  65 хувийг нь 2016 оны 12-р сарын 31-нд  нөхсөн. Уг нь тооцоогоор жилийн дотор зардлаа нөхнө гэсэн юм.  Төмөрлөгийн  болон  машин механизмын үйлдвэрлэлийн техник технологи 2-4 жилд жигдэрч биеллээ олдог. Аль ч үйлдвэрт хүндрэл бэрхшээл тулгардаг. Бид боломжит хамгийн богино хугацаанд техник технологийн ажиллагааг зүгшрүүлж гартаа оруулахаар мэрийж байна.
  
   -Одоогоор хэдэн төрлийн ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна вэ?
   -40, 80, 100 мм-ийн голчтой 3 төрлийн ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Манай дээр технологийн шаардлагаар  60 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломжтой.
  
   -Энэ нь Баяжуулах фабрикийн хэрэгцээний хэдэн хувийг эзэлж байна вэ?

   -Баяжуулах фабрик  40, 80,100,120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг ашигладаг. Үндсэндээ өнөөдөр  30,9 сая тонн хүдрийг нунтаглах ган бөөрөнцгийн  хэрэгцээний 85 хувийг манайх дангаараа хангаж байна.
  
   -Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хэр байна вэ?
   -Бид 2017 онд Баяжуулах фабрикт 24647 тонн ган бөөрөнцөг нийлүүлэх төлөвлөгөөтэй. 2016 онд 18400 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн. Төлөвлөгөөний гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. 1-р улиралд 40 мм-ийн ган бөөрөнцөг 34 хувь, 80-ийнх 31 хувь, 100-ийн ган бөөрөнцөг  26 хувийн тус тус  гүйцэтгэлтэй байна.
  
   -Танай цех  бүтээгдэхүүнээ Баяжуулах фабрикт нийлүүлдэг. Тиймээс фабриктай хэрхэн хамтран ажилладаг вэ?

   -Бидний гол түнш, захиалагч бол Баяжуулах фабрик. Бид фабрикийнхаа   ИТА-тай нягт хамтран ажилладаг.  Тэд бидний ажлыг хөнгөвчлөх, өдөр тутам  үүсч буй асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болдог. Сая л гэхэд бидний томилолтын зардлыг  Баяжуулах фабрик гаргасан.  Тухайн үеийн фабрикийн дарга Д.Эрдэнэцогт захирал:  “Санхүү хэдий хүнд байгаа ч  манай  бүтээгдэхүүний чанар танай цехтэй шууд холбоотой учир томилолтын зардлыг манайх даая” гэсэнд  бид их баярласан.  Би ч Баяжуулах фабрикийн “угшилтай” хүн. Тиймээс фабрикийн хамт олонтойгоо харилцахад  ойр, ойлголцоход амар байдаг.  Баяжуулах фабрикийнхандаа ажлын амжилт хүсье.


                                                  Я.ЭНХТУЯА

     Саяхан Улаанбаатар хотноо хуралдсан “Эрдэс боловсруулалт” олон улсын хуралд “Эрдэнэт үйлдвэрийн усны дахин ашиглалт” сэдэвт илтгэл тавьж шилдэг оролцогчоор шалгарсан  Лаборатори, судалгааны төвийн орлогч дарга Х.Оюунтунгалагтай ярилцлаа.
      -Энэ удаагийн хурлын онцлогийн талаар ярина уу?
      -2 жил тутам зохиогддог “Эрдэс боловсруулалт” олон  улсын хурлын энэ жилийн онцлог нь уул уурхайн компанийн шинжээч, судлаач, Герман Монголын хамтарсан Технологийн сургуулийн багш нар зэрэг гадаадын мэргэжилтнүүд,  Япон улсад  суралцаж буй монгол оюутнууд оролцож  бүх илтгэл англи хэл дээр тавигдсан.
     -Та Эрдэнэт үйлдвэрийн усны дахин ашиглалт сэдвээр илтгэсэн. Илтгэлийн агуулгын талаар ярина уу?
      -Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны дарга Б.Намуунгэрэлтэй хамтран Лаборатори судалгааны төвийн  судлаач инженерүүдийн олон жилийн туршилтын үр дүн, материалуудыг үндэслэн энэ илтгэлийг бичсэн. Илтгэлээрээ Эрдэнэт үйлдвэрийн дахин ашиглаж байгаа технологийн буюу эргэлтийн ус тооны болоод чанарын хувьд өнөөдөр ямар  байгаа, үүнийг сайжруулах  боломж  зэрэг  асуудлыг хөндсөн.
     -Манай үйлдвэрт  усны дахин ашиглалт ямар байдалтай байна вэ?
      -Ерөнхийдөө үйлдвэрийн хүчин чадал, боловсруулж буй хүдрийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор хэрэглэж буй усны хэмжээ ихсэж байна. Энэ хэрэгцээг  цэвэр усаар бүрэн нөхөхөөс илүүтэй дотоод нөөц бололцоог  ашиглан хоёрдогч эх үүсвэрийг нээж олох зорилго тавин  ажиллаж байна. Энэ хүрээнд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг технологитоо буцааж ашиглах, цэвэрлэгээний чанар ямар байхад ямар харьцаагаар хольж ашиглаж болох вэ гэх зэргээр байнга туршилт хийдэг. Дараагийн эх үүсвэр болох  Ил уурхайгаас шүүрч буй шүүрлийн ус, хур борооны улиралд исэлдсэн хүдрийн агуулгаас хур тундасаар угаагдан гардаг  хүчиллэг усыг дахин ашиглах талаар туршилтууд хийж байгаа. Аль болох зардал багатай, технологит харьцангуй сөрөг нөлөөлөхгүй байх горимыг барин, ойроос усны балансыг сайжруулах арга замуудыг хайж байгаа.
     -Манай үйлдвэр усыг дахин ашиглах тал дээр бусдад туршлага болохуйц үйлдвэр гэгддэг.  Энэ асуудал уул уурхайн шинэхэн үйлдвэрүүдийн анхаарлыг татсан байх?
      -Энэ талаар Оутотек, Оюутолгой компанийн монгол инженерүүд их асуусан. Монгол улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэр харьцангуй  ууган үйлдвэр. Технологи болоод ажиллаж ирсэн замналын хувьд  уул уурхайн бусад компаниуд санаа авах,  туршлага болох  бодит байдал тулгарч байгаа. Бид үйлдвэрийн усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэхээс гадна чанарыг нь сайжруулах тал дээр хэд хэдэн ажил хийж байгаа. Тухайлбал, технологит хэрэглэж буй усны дотоод стандартыг бий болгохоор  ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн Хаягдлын аж ахуйн усны баланс тооцох, ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр  хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан  мэргэжилтнүүд ажиллаж байна.
     -Энэ ажлын  үр дүн ямар байна вэ?
      -Одоохондоо  бодитойгоор сайжрууллаа гэж тоо баримт хэлэх боломжгүй байна. Ямар ч гэсэн төлөвлөгөөний дагуу явж байна.  Хүндрэл үүссэний дараа яах вэ гэх биш,  үйлдвэрийн тогтвортой ажиллагааг хангахын тулд Хаягдлын аж ахуйн нуурын усны чанар,  найрлагыг  хэвийн байлгахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, тогтвортой байлгахын тулд усны менежментийн чиглэлээр ажиллаж байгаа.
     -Усны менежментийн  чиглэлээр манай үйлдвэр гадаадын байгууллагатай хамтран ажилладаг уу?
      -Эрчим хүчний цех ийм хэмжээний ус авчирлаа, хотын хэрэгцээнд ийм хэмжээтэйг нийлүүллээ,  Хаягдлын аж ахуй руу  булингатай хамт ийм хэмжээний ус хаяж, төдийг буцааж авч ашиглаж байгаа гэх зэргээр усны хэмжээг байнга хянаж байдаг. Тэгвэл  усны чанарын хувьд сүүлийн үед яригдаж байгаа харьцангуй залуу салбар. Энэ тал дээр тоон үзүүлэлтээ  эмхэтгэж харах, ерөнхий дүр зураг гаргах, бидэнд хичнээн төрлийн найрлагатай, ямар ус байгааг судлах ажлыг дотооддоо хийж эхэллээ. Саяын хурал дээр Оутотек компанийн усны дахин ашиглалт, хаягдлын аж ахуйн хэсгийн дарга бидний илтгэлийг сонирхож, энэ тал дээр бидэнтэй хамтарч ажиллая, судалгааны ажлаа хамтран хийе гэсэн санал тавьсан. АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхайн сургууль усны тоо хэмжээ буюу Хаягдлын аж ахуйн усны балансыг орчин үеийн түвшинд  тодорхойлох чиглэлээр манайхтай хамтран ажилладаг. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан, Монгол алт компаниас гавьяаны амралтандаа гарсан Даваасамбуу гуай, Мене-рал процессинг компанийн Батбаяр нарын  хүмүүс манай үйлдвэрийн усны асуудлаар санаа зовж  явдаг тухайгаа ярьж, энэ асуудлыг зайлшгүй хөндөж тавих ёстой. Дараагийн удаа Монголын уул уурхайн компаниуд хамтран усны асуудлаар хурал зохион байгуулъя. Үүн дээр бид өөрсдийн түвшинг харах, тулгарч буй бэрхшээлийг шийдэх гарцыг олох боломж гарах юм. Энэ тал дээр та бүхэн анхаарлаа хандуулаач гэж бидэнд хүсэлт, захиас, даалгавар өгсөн.
     -Үйлдвэрийн усны судалгаа хийх  явцад тулгардаг  бэрхшээл байдаг уу?
      -Үйлдвэрийн усны балансыг тооцоход хэрэглэж буй багаж, тоног төхөөрөмж хоцрогдонгуй байдаг. Жишээ нь, Геологи маркшейдрийн хэлтсийн ашиглаж буй хэмжилтийн багаж Эрдэнэт гол, Вокзалын гүүрийн орчим  зэрэг сульфит ихтэй усанд  ажиллахгүй байх зэрэг төвөгтэй асуудал гардаг. Усны судалгаанд ашигладаг орчин үеийн, өндөр мэдрэмжтэй, үр дүнг сайн цуглуулж гаргах чадалтай тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Үйлдвэрийн зүгээс усны судалгаан дээр анхаарал хандуулдаг. Усан дахь органик нэгдлүүдийг тодорхойлдог Австрали улсад үйлдвэрлэсэн хийн хроматографын багаж авахаар бид нилээн судалгаа хийж, санал  боловсруулж өгсөн.  Баяжуулах үйлдвэрийн зүгээс биднийг дэмжин энэ багажийг авахаар болж байгаа. Ийм багажтай бол усны  найрлага дахь органик бодис, гадаргуугийн идэвхит бодисыг өндөр түвшинд тодорхойлох боломжтой болох юм. Бидний гаргасан санал санаачилгыг дэмжин анхаарч буй үйлдвэрийн удирдлагадаа талархаж байна.

     Материал, техникийн хангамжийн баазын Бүтээмжийн зөвлөлөөс ажиллагсдынхаа дунд “Сайн саналын CHALLENGE-2016” сэдэвт 100 хоногийн аяныг  энэ оны 5-р сарын 17-ноос зарлажээ. Энэ хүрээнд ямар ажил өрнүүлэн хэр үр дүнд хүрч байгаа талаар  тус баазын Мэдээлэл технологи бүтээмжийн инженер Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
     -Энэхүү аяны зорилгын талаар эхлээд ярина уу?
      -МТХБ-ын Бүтээмж инновацийн зөвлөл  нийт ажилтны дунд сайн санал гаргах явцыг идэвхжүүлэх, бүтээлч санаачлагыг нэмэгдүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сайн саналын  challenge хэрэгжүүлсэн анхны хамт олон болох, бусад цехийг CHALLENGE-д уриалан дуудах зорилготойгоор “сайн сана-лын challenge-2016”-г санаачлан хэрэгжүүлж байна. Ер нь челлинж гэдэг нь дуудлага гэх утгатай бөгөөд нөгөөтэйгүүр “ВИРУСТ МАР-КЕТИНГ” юм. Энэ нь вирусын өөрийгөө хувилж, олшруулдаг процессын адил  нийтийн сүлжээг ашиглан маркетингийн идэвхжүүлэлт хийх арга хэрэгсэл юм. Энэ аяны үр дүнд  зардал бууруулах,  эрчим хүч хэмнэх, ажлын явцын механикжуулалт, автоматжуулалтыг сайжруулах, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, ашиглалтын хуга-цааг уртасгах, ХАБ, эрүүл ахуйг сайжруулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, ажлын байрны эрсдэлийг илрүүлэн арилгахад чиглэсэн сайн санал гарган, хэрэгжүүлэх зорилго агуулсан. Нөгөөтэйгүүр  ажиллагчдын  мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээмжийн хөдөлгөөний тогтолцооны  механизмыг  шинэ шатанд гаргах, нэмэлт орлого олох чиглэлээр ажилтнуудыг  идэвхжүүлэх гэсэн юм.
     -Сайн саналын  челлинж эхэлснээс хойш ажиллагчид хэр их санал гаргав?
      -Ажиллагчдын идэвх илт сэргэж байна. Цехийн хэмжээнд нийт  ажилчдын 81 хувь нь санал  гаргасан. Өнөөдрийн байдлаар  /10-р  сарын 25/ Бүтээмж инновацийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн систем http://172.16.1.5/webinnovation/-д  555 санал ирүүлсэн байна. Үүнээс 345 саналыг үнэлж,  нэг сая 617 мянган  төгрөгөөр урамшуулсан.
     -Эдгээрээс сайн санал хэр их гаргасан бэ?
      -Гаргасан саналуудыг эрчим хүч, механик, технологи, ХАБЭА, 5 сайн үйлс, үйлчилгээний чанар, бусад гэсэн чиглэлээр маш сайн санал, сайн санал, энгийн санал, ач холбогдол багатай санал гэж үнэлсэн. Нийт  345 саналаас маш сайн санал 3, сайн санал 40, энгийн санал 217, ач холбогдол багатай санал 85 үнэлэгдсэн. Эдгээр саналыг чиглэлээр нь авч үзвэл 5 сайн үйлсийн санал 101, ХАБЭА-н санал 65, технологийн чиглэлийн 50, механикийн чиглэлийн 48, үйлчилгээний чанар сайжруулахад чиглэсэн 43, эрчим хүчний 8, бусад чиглэлийн 30 санал гаргасан.  
     -Гаргасан саналыг хэрэгжүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна?
      -100 хоног үргэлжилсэн сайн саналын  CHALLENGE-2016” аян  саяхан өндөрлөлөө.  Удахгүй дүнгээ гаргана. Маш сайн, сайн, энгийнээр үнэлэгдсэн 260 саналыг хэрэгжүүлэхийн тулд бид бүтээмж чанарын дугуйлангийн гишүүдтэй  санал  солилцдог. Дугуйлан тус бүрээс нэг  сайн саналыг сонгон, бүтээмж чанарын 9 дугуйлангийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Сайн саналын challenge зохион байгуулснаар ажиллагчдын идэвх  санаачилга нэмэгдэж,  багаар ажиллах чадвар дээшилж, төсөлт ажил хэрэгжүүлэх туршлага сайжирсан  зэрэг  эерэг үр дүн харагдаж байна.
     -Хэрэгжүүлэх гэж буй төсөлт ажлаасаа дурдвал?
      -Манай цехэд битүү тэвштэй машин болон вагоноос зарим нэгэн ачаа барааг авто ачигчаар буулгах үед сэрээ хүрэхгүйгээс  ачааг заавал оосорлон чирж ойртуулаад дараа нь өргөж буулгах тохиолдол нилээн гардаг.  Мөн урт труба, уголок, швелер, пруток зэрэг  материалыг авто ачигчаар зөөвөрлөхөд хүндрэлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зөрчигддөг. Хүн, техник гэмтээх эрсдэлтэй, цаг хугацаа их алддаг.  Энэ байдлыг засахын  тулд бид авто ачигчийн сэрээнд өлгөх сунадаг телескоп хэлбэрийн кранбалк хийж байна. Үүнийг ашигласнаар ажлын цаг хэмнэж, ХАБ-ын эрсдэлийг арилгах,  техник, бараа материалын эвдрэл гэмтлээс сэргийлэх боломжтой.  Бас  жижиг сайжруулалтын 257 саналаас нилээдийг хэрэгжүүлэн ажиллаж  байна.
     -Сайн санал гаргах явцад челлинжийг яагаад ашиглах болов?
      -Бид челлинжийн тухай нийгмийн сүлжээнээс  уншиж мэдсэн.  Тухайн үед манай Хэмжилт шинжилгээ багийн ахлагч А.Дэжидмаа Сайн саналын челлинжийн үйл ажиллагаа  зохион байгуулах талаар санал гаргаж бид зөвшилцөн, удирдамжаа  цехийн захиргаанд танилцуулсан. Цехийн удирдлага болон бүтээмж инновацийн зөвлөл сайшаан дэмжсэн. Эхлээд Хэмжилт шинжилгээ багийн ахлагч саналаа http://172.16.1.5/web_ innovation/ сайтад бүртгүүлсэн юм. Веб сайтад бүртгүүлсэн саналын код болон бусад мэдээллийг Сайн санал challenge-ийн дэвтэрт зааврын дагуу хөтлөн 24 цагийн дотор дараагийн ажилтанг дуудаж дэвтрийг хүлээлгэн өгөх хэлбэрээр явагдсан юм.  Мэдээж үүнийг хэрэгжүүлсний үр дүнд  ажиллагчдын  санал гаргалт  ихэснэ гэдэгт итгэлтэй байсан. Өмнө нь хувь хүмүүс санал гаргаж  хэрэгжүүлдэг, харин дугуйлангаар ажиллаж саналаа хэлэлцэх нь ховор байсан. Үүнийг бодолцон дугуйлангаар нь дүгнэх  шийдвэрт хүрч удирдамждаа тусгасан. Ер нь дугуйлангаар хэлэлцсэн санал  нь олон өнцгөөс харсан, асуудлын шийдлийг сайжруулсан,  чанарт анхаарал хандуулсан байна. Иймд  төсөлт ажлаар хэрэгжүүлэх боломж илүү байгаа нь  харагдсан.
     -Саналыг хэн хэрхэн үнэлдэг вэ?
    -Хэсгийн дарга,  мастерууд санал гаргагчийн асуудал, шийдэл, саналын давхцалыг уншиж судлан  зөвшөөрөл өгч,  үнэлгээний багийн 5 гишүүн чиглэл  бүрт нь үнэлдэг. Үнэлгээний багт БИЗ-ийн гишүүн, инженер техникийн ажилтнууд багтдаг. Бүтээмжийн үйл ажиллагааг   цехийн удирдлага маш сайн дэмждэг.
     -Танай цехэд бүтээмжийн хөдөлгөөн өрнөөд хэдэн жил болж байна?
      -2012 оноос бүтээмжийн хөдөлгөөн  өрнөж эхэлсэн. Одоогоор бүтээмж инновацийн зөвлөл, 4 баг,  бүтээмж чанарын 9 дугуйлан  үйл ажиллагаа явуулж байна. Манай хамт олон бүтээмжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Хүн бүр ажлын байраа сайхан болгох, аюул эрсдэлгүй ажиллах, зардал хэмнэх  чиглэлээр  санаачилгатай ажиллаж байна.

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  шинэчилсэн Хөдөлмөрийн дотоод журмыг 2016 оны 9 сарын 1-ний өдрөөс  эхлэн мөрдөх тухай Ерөнхий захирлын А/485 тоот тушаал гарлаа. Үүнтэй холбогдуулан тус компанийн Хууль, эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадамаас шинэчлэгдсэн  журмын талаар дараах тодруулгыг авлаа.

     -Эрдэнэт үйлдвэр ХХК Хөдөлмөрийн дотоод журмыг  шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс мөрдөж эхлээд байна. Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэх шаардлага, үндэслэл нь юу байв?
     -Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг Ерөнхий захирлын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн А/485 дугаар тушаалаар шинэчлэн баталж, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн сахилга хариуцлага буюу ажлын цаг ашиглалтыг сайжруулах, тушаалыг хуульд нийцүүлэн эрх мэдлийнхээ хүрээнд гаргах, үйлдвэрлэлийн өмчийг хамгаалж, оюуны өмчийг бүртгүүлэх, ажил, олгогч ажилтнуудын хооронд хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай болсон тул нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн баталсан.Уг журмыг шинэчлэхдээ бид холбогдох газар, цех нэгжүүдээс санал авч, боловсруулан баталсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

     -“Хөдөлмөрийн дотоод журам”-д ямар нэмэлт өөрчлөлт орсон бэ? Та энэ талаар тодруулна уу?
     - Ажлын цаг ашиглалтыг сайжруулах бодлогын хүрээнд чөлөө олгох журам өөрчлөгдсөн. Өмнөх дотоод журмаар 1 сар хүртэлх хугацааны чөлөөг цех, нэгжийн удирдлага, 1 жил хүртэлх хугацааны чөлөөг Ерөнхий захирлын тушаалаар олгодог байсан ингэж чөлөө олгох нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс ажилтанд  1 хоногийн чөлөөг тухайн бүтцийн нэгжийн удирдлага, 2-5 хоногийн чөлөөг бүтцийн нэгжийн даргын саналыг үндэслэн Хүний нөөцийн хэлтсийн дарга чөлөөний хуудсаар, 6 өдрөөс 1 сар хүртэл хугацаатай чөлөөг Ерөнхий захирлын тушаал гарган олгож байхаар өөрчлөлт орсон.
     - Дараагийн нэмэлт нь Нийтийн эрх ашиг буюу оюуны өмчийг хамгаалах зохицуулалт юм. Үйлдвэрлэл дээр бий болж буй оюуны өмч нь олон хүний санал, санаачилга, хөдөлмөр оролцсон бүтээл байдаг. Үүнийг ганц хүн эзэмшиж, өмчилж, үр, ашиг шимийг нь хүртээд явах буруу. Тэгэхээр энэхүү оюуны өмч,  патентын эрхийг үйлдвэрийн хамт олон нийтээрээ эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл оюуны өмч нь компанийн өмч байж, үүнийг ашиглах эрх нь компанидаа үлдэх ёстой гэсэн үүднээс энэхүү зохицуулалтыг оруулсан. Энэхүү зохицуулалтыг нэмж оруулснаар компанийн нийт ажилтнууд, хувьцаа эзэмшигчид оюуны өмчийнхөө ашиг тусыг хүртэх боломжтой болно.
     -Мөн компанийн ажилтан улс төрийн албан тушаал хашиж буй тохиолдолд ажлаас чөлөөлөгдөж, улс төрийн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах зохицуулалт орсон. Ёс зүйн хувьд компанийн ажилтан, улс төрийн албан тушаалууд ялгаа заагтай учраас энэ зохицуулалтыг оруулж өгсөн.  
     -Мөн эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг тодорхой болгож, дотоод журамд тусгаж өгсөн. Компанийн бүтцийн нэгжийн удирдлага болгон Ерөнхий захирлаас эрх авсан эсэх нь тодорхойгүй, тушаал гаргаж байгаа нь Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хуулиудтай нийцэхгүй байсан. Энэхүү хуулиудад компанийг удирдаж, төлөөлөх эрхтэй этгээд нь зөвхөн компанийн гүйцэтгэх захирал /ерөнхий захирал/ байдаг. Гүйцэтгэх захирлын /ерөнхий захирал/ эзгүйд Тэргүүн дэд захирал итгэмжлэлгүйгээр орлож болно. Үүнээс бусад этгээд итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөх, компаниас гарч буй захирамжлалын баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй байдаг. Энэхүү зохицуулалтыг бид хөдөлмөрийн дотоод журамд оруулснаар хэн ямар эрхтэй байх вэ, хэн ямар баримт бичиг дээр гарын үсэг зурах вэ, энэхүү эрх, үүрэг нь ямар итгэмжлэлээр олгогдсон байх ёстой вэ гэдгийг нарийвчлан зохицуулах боломж үүсч байгаа юм. Тиймээс бид өмнө нь мөрдөж байсан суурь зохицуулалтыг эвдэхгүйгээр, ажил сайжруулах зорилгоор нэмэлт зохицуулалтыг тусгаж өгсөн гэж ойлгож болно.   

     -Эрх үүргийг дагаад хариуцлагын зохицуулалт зайлшгүй яригдана. Журамд хариуцлагын талаар ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
     -Мэдээж, тогтолцооны эрх үүргийг нарийн зааж, ялгаж  өгснөөр хэн ямар хариуцлага  хүлээх вэ гэдэг нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл,  өмнө нь ямар  нэг алдаа дутагдал гаргаад хариуцлага хүлээдэггүй, буруутай эзэн нь тогтоогддоггүй байсан бол эзэн холбогдогч нь тодорхой болно гэсэн үг.  Ер нь бид сахилга хариуцлагыг чангаруулсан зохицуулалтыг журамд оруулаагүй, зөвхөн хэн ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх вэ гэдгийг л тодорхой болгож өгсөн. Үүнд  л энэхүү дотоод журмын  шинэ зохицуулалтын онцлог оршиж байгаа юм.


 
М.БАЛЖИННЯМ
 
 
 

 

 

 

 

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцыг 48 МВт-аар өргөтгөх ажил 5-р сарын 1-нээс эхэлсэн. Энэ ажлын явцын талаар төслийн зөвлөх Д.Батчулуун ийн ярилаа.

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын барилгын зураг төсөл Улаанбаатар хотод магадлан шинжлэлд орж, батлагдсан. Шинжилгээний ерөнхий дүгнэлт гарсан. Үүний дагуу Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл авсан. ДЦС-ыг 48 МВт-аар өргөтгөх тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авсны дагуу барилга байгууламж барих ажил эхэлж байна. Одоогоор Турбин цехийн барилгын суурийн ажил, 110 кВ-ийн далд хуваарилах станцын барилгын суурь болон эргэлтийн усны насосны станцын суурийн ажил, хөргөх цамхгийн суурийн газар шорооны ажил хийгдэж байна. Түүнээс гадна барилгын суурийн арматурын ажил эхэллээ. Мөн Хятад ажилчдын түр байрлах байрны газар шорооны болон талбай тэгшлэх зарим нэг барилга байгууламж барих ажил эхэлсэн. Захиалагчийн зүгээс Хятадын 92 ажилчны монгол улсад ажиллах зөвшөөрөл, баримт бичгийг бүрдүүлж, эхний хүмүүс ирж ажил үүргээ гүйцэтгэж байна. Энэ төсөл хэрэгжихтэй холбогдуулан захиалагч тал ажлын талбайг чөлөөлөх, технологийн схемд зарим нэг өөрчлөлт оруулах, шугам хоолой буулгах, өндөр хүчдэлийн болон 220 кВ-ийн трассыг өөрчлөх зэрэг ажил хийж байна. Үйлдвэрийн бусад цехүүдийн оролцоотойгоор энэ ажил амжилттай хийгдэж дууслаа.

     Техникийн усны схемийн өөрчлөлтийг Барилга засварын цех хийсэн. Үйлдвэрийн бүх  цех энэ ажилд идэвхтэй оролцож байна.  Барилгын   холбогдолтой  зургийн 2-р хэсэг нь магадлан шинжлэлд ороод хараахан ирээгүй байна. Мөн  технологийн холбогдолтой зургууд боловсрогдож байна. Ажлын хэсэг үзэж танилцаад, шүүмж өгсний дараа магадлан шинжлэлд өгнө. Технологийн зургийн шинжилгээг Эрчим хүчний төвд хийхээр тохиролцсон гэв. Дашрамд дурьдахад Эрчим хүчний зөвлөх инженер Д.Батчулуун Эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажиллаж, эрчим хүчний шинэчлэлийн олон төсөл дээр ажилласан, хамгийн сүүлд 4-р цахилгаан станцын 123 МВт-ийн  өргөтгөлийн ажлын удирдагчаар ажилласан. Ийм туршлагатай хүнийг манай үйлдвэр энэ төсөл дээрээ урьж ажиллуулж байна.

     Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга Д.Хишигсүрэн, ЗМЗ-ын дарга Б.Чинзориг, Үйлдвэр техникийн товчооны дарга Д.Мөнхсайхан, Технологич инженер Б.Одгийв, Д.Ариунболд нар 5-р сарын 19-29-нд БНХАУ-д томилолтоор ажиллалаа. Энэ талаар ЗМЗ-ын Үйлдвэр техникийн товчооны дарга Д.Мөнхсайханаас  тодрууллаа.



Зүүн гар талаас Д.Хишигсүрэн, Б.Одгийв, Д.Ариунболд, Д.Мөнхсайхан, Б.Чинзориг, Б.Батхуяг


     -Та бүхний томилолтын зорилго юу байв?
     -Бид Бээжин хотод “Metall+ Metallurgy China-2016” үзэсгэлэнд оролцож, Цутгуурын дэвшилтэт технологитой танилцах, манайхтай ижил төстэй зарим үйлдвэрт туршлага судлах зорилготой явсан юм.  Үзэсгэлэнгээс цутгуурын дэлхийн дэвшилтэт технологийн хандлагатай танилцлаа. Мөн үзэсгэлэнд оролцогч Хятадын зарим компанийн төлөөлөгчтэй уулзаж, сонирхсон зүйлээ лавлаж, зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцлаа.
     -Үзэсгэлэнгээс та бүхний анхаарлыг юу ихээр татав?
      -Бидний анхаарлыг их татсан нь вакуум хальсны хэвлэлтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани байлаа. Тэдэнтэй уулзахад биднийг үйлдвэрээ очиж үзэхийг урьсан.  Хятадын Шар тэнгисийн эрэгт оршдог Шандун  мужийн Чиндао хотод энэ үйлдвэртэй танилцсан. Вакуум хальсны хэвлэлтийн тоног төхөөрөмж манайд суурилагдаад хэдэн жил болсон ч  бид бүрэн гүйцэт ажиллуулж чадахгүй байгаа. Энэ үйлдвэртэй  танилцсанаар  бид  дээрх технологийг хэрхэн сайжруулж болохыг олж харлаа. Мөн үйлдвэрийн удирдлагуудтай манай тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах боломжийн  талаар ярилцаж, цаашид хамтарч ажиллах санал тавьсан. Тэд ч бидний саналыг нааштай хүлээн авч, үйлдвэрлэлийн тухай нарийн мэдээллийг  албан  ёсоор өгөөч гэсэн  хүсэлт  тавьсан.  Энэ дагуу бид үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны судалгаа явуулж, материал бэлтгэж  байна. Энэ үйлдвэр  дэргэдээ судалгааны төвтэй  юм. Манай  технологит  юу нэвтрүүлэх,  технологит хэрэглэдэг   элс, будгийн найрлага  ямар байх зэргийг судлан хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн.  
     -Өөр ямар үйлдвэртэй танилцсан бэ?
      -Баяжуулах фабрикт хэрэглэдэг шахуургуудыг  үйлдвэрвэрлэж байсан үйлдвэрийнхэнтэй уулзаж, холбоо тогтоолоо. Энэ компанийн урилгаар Хэбэй мужийн Цанчжу хотын Hebei kunting Pump үйлдвэрт очиж, технологийг нь судаллаа. Энэ үйлдвэр манайхтай харьцуулбал цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэдэг болохоор бүтээгдэхүүний чанар ихээхэн сайн  байсан.  
     -Энэ үйлдвэрээс манайд нэвтрүүлж болох ямар зүйл олж харав?
      -Сүүлийн үед цутгуурын үйлдвэрлэлд модон модель хэрэглэхээс  татгалзаж, хөөсөн моделийн технологи бүрэн хэмжээгээр нэвтэрсэн байна. Онолын хувьд  3D машинаар зорж бэлтгэх, Автоклав ашиглаж прессээр шахаж үйлдвэрлэх, 3D принтерээр хэвлэх гэсэн 3 аргаар хөөсөөр модель бэлтгэдэг юм. Үзэсгэлэнд 3D принтерээр хэвлэсэн модель олж харсангүй. Нөгөө 2 аргаар бэлтгэсэн модель байсан. Бид энэ талаар нилээд сайн судаллаа. Мөн   үйлдвэрээс манайд нэвтрүүлж болох жижиг гэлтгүй зүйл байна. Бид  цутгуурын үйлдвэрийг цаашид  хөгжүүлэхэд зай талбай маш чухал болохыг олж харлаа. Манай тоног төхөөрөмжүүд хавчигдмал орчинд байрладаг болохоор ажиллах боломж муутай нь дээрх үйлдвэр-тэй танилцсаны дараа анзаарагдаж байна. Бид зай талбайгаа өргөсгөж чадвал, дэвшилтэт технологийг бүрэн нэвтрүүлж, ашиглах бүрэн боломжтой болох нь харагдсан.  Энэ үйлдвэрийн цутгуурын хэвний технологийг судалж, тэдний давуу талыг олж харлаа. Хамгийн наад зах нь хэвний будаг гэж байдаг. Түүнийг манайх гадаадаас худалдаж авдаг бол, тэр үйлдвэр өөрсдөө  найруулж бэлтгэдэг юм байна. Энэ нь өөрийнхөө цутгамал, элсэндээ таарсан будгийг өөрсдөө гаргадаг болохоор бүтээгдэхүүний чанар өндөр түвшинд байна. Манайхаас  шатсан,  хагас шатсан элсний холимог гардаг бол тэндээс гарахгүй байна. Бүтээгдэхүүн цэвэр гарч  байна.  Бид энэ үйлдвэртэй цаашид хамтарч ажиллая, давуу талуудыг өөрсдийн технологит нэвтрүүлье гэдэг яриаг тэдний удирдлагуудтай хийсэн. Тэд ч зөвшөөрсөн.
      -Та бүхэн эдгээрээс үйлдвэрлэлд ямар зүйлийг эхний ээлжинд  нэвтрүүлэхээр  төлөвлөөд байна?
      -Бидний Хятадад хийсэн томилолтоос цутгуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зайлшгүй нэвтрүүлэх зүйлүүд тодорхой байна. Хамгийн наад зах нь хөөсөн модель нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Модон модель өртөг зардал өндөр, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Хөөсөн модель зардал багатай, технологит ашиглахад хялбар зэрэг давуу талтай юм. Бид томилолтоос ирсний дараа инженерүүдтэйгээ уулзаад, үүнийг нэвтрүүлье гэж шийдсэн. Ингэхдээ  өөрсдөд байгаа материалаа ашиглан туршилт хийхээр судалж байна. Мөн цутгамал гаргахад шаардлагатай металлын тэжээгүүрт экзотермический смесийг бүрэн утгаар нь  ашиглаж чадахгүй байгаа юм. Бид энэ  технологийн талаар нилээн сайн мэдээлэлтэй боллоо. Манайд  нэвтрүүлэх боломж байна. Үүнийг бид   туршиж   эхэлсэн. Мөн ижил төстэй үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахаар аман хэлэлцээр хийсэн. Үүнийг үйлдвэрийн удирдлагууд дэмжиж хамтарч ажиллах гэрээ байгуулах байх. Бид эдэнтэй зэрэгцэж явахын тулд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.
     -Ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?
     -Бээжинд зохиогдсон үзэсгэлэнг үзэх, үйлдвэрүүдтэй харилцаа холбоо тогтооход  чин сэтгэлээсээ тусалсан Эрдэнэт үйлдвэрийн Бээжингийн төлөөлөгчийн  газрын  Б.Батхуяг  даргатай хамт олонд баярласнаа  илэрхийлье.


Нүүрийг бэлтгэсэн Я.ЭНХТУЯА

     Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогттой уулзаж цаг үеийн ажлын талаар ярилцлаа.


      -Оны эхний 5 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар ярина уу?
     - Хаврын улиралд цас мөсний ус хайлж үйлдвэрлэлийн технологийн эргэлтийн усанд өөрчлөлт орж технологт хүндрэл гардаг ч бид 5-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Оны эхнээс манай үйлдвэрийн металл авалтын төлөвлөгөөний биелэлт тогтмол өссөн. Өөрөөр хэлбэл сар бүр бага багаар таваарын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж  байна гэсэн үг. Энэ нь компанийн хэмжээнд хямралын эсрэг авч байгаа ажлын үр дүн. Оны эхний 5 сарын байдлаар Баяжуулах фабрикийн хамт олон 138 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, 2880 тн зэсийн баяжмал дахь зэс, 298 тн молибденийн  баяжмал дахь молибден төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэлээ.
    -Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хүндрэлтэй асуудал байна уу?
   - Хятадын нутаг дэвсгэрт химийн хортой бодисын хорио цээр тогтоосонтой холбогдуулан  химийн урвалжийн асуудал яригдаж байна. Энэ асуудлыг манай холбогдох хэлтэс, албад нийлүүлэгчтэй хамтран шийдэж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөхүйц өөр хүндрэлтэй асуудал алга.
   -Танай цехэд ямар дорвитой ажил хийж байна вэ?
  -Бид улирал бүр ажлын төлөвлөгөө гарган хариуцсан захирлаараа батлуулж ажилладаг. Тухайн улиралд тохирсон бэлтгэл ажил хийдэг. Баяжуулах фабрикийн  Хаягдлын аж ахуйд хийх томоохон ажлын 80 хувийг гүйцэтгээд байна. Үлдсэн 20 хувийн ажлыг энэ 6-р сард хийж дуусна. Энэ нь хаягдал тээвэрлэх 1200 мм-ийн диаметртэй гурван шугам юм. Үүний 2-р шугамын засварын ажил хийгдэж байна. Элэгдсэнийг нь солих, сэргээн засварлах ажил 60 хувьтай байгаа.
  -Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан. Үүнтэй уялдуулан ямар ажил зохион байгуулж байна вэ?
  -Бид дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 4500 ам.доллар байх үеийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өөрийн өртгийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Цаашид зэсийн ханш 4000 ам.доллар болсон нөхцөлд хэрхэн ажиллах төлөвлөгөөний бэлтгэл ажил хийж байна.


                                                                                                                          Т.БАТЧУЛУУН

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буур-сантай холбогдуулан, хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд манай үйлдвэрт шат дараалсан олон ажил   хийгдэж байна. Үйлдвэрлэлийн хэлтсээс санаачлан удирдлагын эдийн засгийн эрчимжүүлэлтийн аргыг бүтээлчээр хэрэглэн хэрхэн үр дүнтэй ажилласан талаар Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Түмэн-Өлзий ийнхүү ярьж байна.


-Манай хэлтэс зардал хэмнэж, өртөг бууруулахаас гадна өнөөгийн техник технологийн нөхцөл байдлыг ашиглан нэмэлт бүтээгдэхүүн үйлд-вэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ талаар 2016 онд хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг сонгон тооцоо хийж үйлдвэрийн удирдла-гуудад танилцуулсан. Үүний дагуу өнгөрсөн 2-р сард ердийн бус онцгой горимоор ажилласан. Ерөнхий захир-лын “Үйлдвэрлэлийн төлөвлөгөө өөрчлөх тухай” А/63 тоот тушаал гарч, хэрэгжүүлэлтийн үе шатанд Үйлдвэрлэлийн хэлтэс, үндсэн цехүүд  өнгөрсөн 2-р сарын төлөвлөгөөний үзүүлэлтүүдийг шинэчлэн өөрчилсөн. 2016 оны үйлдвэрийн батлагдсан төлөвлөгөөнд тусгасан металл гар-галтыг хадгалж, хүдрийн захын агуулгыг өсгөн металл авалтыг зэсээр 87,0 хувь, молибденээр 43,0 хувь  болгон нэмэгдүүлж, сарын хүдэр боловсруулалтын хэмжээг 108 мянган тонноор бууруулж дахин төлөвлө-сөн. Улмаар хүдэр боловсруулалтын хэмжээг  багасгасан.  Энэ хугацаанд үндсэн тоноглолын ашиглалтын зард-лыг хэмнэхийн зэрэгцээ, элэгдэж хуучирсан нэлээд тоног төхөөрөмжид урсгал засвар хийлээ.

   -Удирдлага, төлөвлөлтийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэв?
-Баяжуулалтын  технологид  0.531 хувийн зэс, 0.017 хувийн молиб-ден агуулсан 2493000 тонн  хүдэр боловсруулж, зэс авалтыг 87.5 хувьд, молибден авалтыг 45 хувьд  хүргэж 11583.1 тонн  зэс, 190.72 тонн молиб-ден гаргасан. Энэ нь төлөвлөгөөнөөс илүү 419.1 тн зэс, 41.3 тн молибден үйлдвэрлэсэн гэсэн үг.
-Тэгвэл эдийн засгийн үр ашгийн хувьд ямар тооцоо гарч байна ?
-Хүдэр боловсруулалтын зардлаас 3,46 тэрбум төгрөг хэмнэж, 1 тн хүдэр боловсруулах өөрийн өртгийг 1151 төгрөгөөр бууруулсан. Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэсний үр дүнд 2,79 тэрбум төгрөгийн орлогыг төлөвлөгөөнөөс илүү оруулсан  байна.
Мэдээж дээрх горимоор байнга ажиллах нь уул геологийн ажлын төлөвлөлт, хүдрийн технологийн шинж чанарын жигдрэлт талаас  хүндрэлтэй ч эдийн засгийн хомсдол тулгарсан үед богино хугацаанд  үр өгөөжтэй арга хэмжээ болох нь харагдлаа. Тиймээс  энэ оны 2-р хагаст ч ийм зарчмаар ажиллах боломжтой.

 -Үйлдвэрийн хэмжээнд өөр хэмнэлтийн ямар горимд шилжин ажиллаж байна вэ?
-Үйлдвэрлэлийн хэлтсийн зүгээс Авто тээврийн байгууллагын техно-логийн болон тусгай зориулалтын хүнд машин, механизмаас бусад автомашин, өөрөөр хэлбэл цехүүдийн  баланс дээр байгаа машин, тех-никийн /нийт 92 нэгж/ шатахуу-ны зарцуулалтыг 30 хувь хүртэл бууруулан мөрдөх, ажлын онцлог, хамрах хүрээг нь харгалзан зарим суудлын  тэргийг  зогсоох,   тэдгээрийн ашиглалтанд тавих хяналтыг сайж-руулах зэрэг хэмнэлтийн өгөөж-тэй ажил зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээг  хэрэгжүүлснээр 2016 онд 1 тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гаргах урьдчилсан тооцоо гарсан. Цаашид үйлдвэрийн эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй энэ үед агуулахын материал сэл-бэгийн үлдэгдлийг оновчтой зөв зохистой ашиглах, нормчлогдсон материалын зарцуулалтыг хэмнэх,  үйлдвэрлэлийн технологийн шуурхай удирдлагад орчин үеийн  мэдээллийн техноло-гийг эрчимтэй ашиглахаар төлөвлөж байна.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог