Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 5-р сар 2020
 
Баяжуулах үйлдвэрт хүдэр хүлээн авах анхан шатны бутлуурын удирдлагын шкабыг солих ажил ид үргэлжилж байна. Үйлдвэр байгуулагдах үед тавигдсан цахилгаан схемтэй удирдлагын шкаб нь сул зогсолт үүсгэх, гэмтэл их гарах болж ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрчээ. Иймээс програмчлагдсан, мэдрэгч бүхий дэлгэцтэй Siemens фирмийн орчин үеийн удирдлага, хяналтын шкаб шинээр суурилуулж байна. Ингэснээр удирдлага хяналт оновчтой, шуурхай болохоос гадна мэдээллийн сан бүрдэх, түүнд тулгуурлан дүгнэлт хийх боломжтой болж, орчин үеийн программ хангамжийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагаар давуу юм. Энэ жил бутлуурын удирдлагын хуучин таван шкабыг S7-300, S7-400 загварын шинэ төрлийн удирдлага, хяналтын шкабаар солих бөгөөд эхний ажлын туршилтыг өнгөрсөн лхагва гарагт амжилттай хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн уг ажлыг “Анд энерги” компани үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүй гүйцэтгэж, “их зогсолт”-ын өмнө хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.  
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Даваа, 25 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 25

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 146 дахь өдөр. Он дуусахад 219 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +6 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-7 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 25. Сумьяа гараг. Билгийн тооллын шинийн 3. Балжиннямтай шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Өдрийн сайн цагнь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5242 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2801, евро 3072, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 39, Японы иен 25, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрээс улс даяар дэлгэрсэн үүсгэл санаачилга, туршлага бий юу?

Хариулт:-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн интернационалч хамт олны үүсгэл санаачилгаар бий болж, улс даяар дэлгэрч, үр ашгаа өгсөн, одоо ч өгсөөр байгаа дараах тэргүүн туршлага бий. Үүнд:

  1. Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөний туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр МХЗЭ-ийн Төв хороо, БНМАУ-ын Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо тогтоол гаргасан.
  2. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нэгдсэн системийн туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай 1980 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Аж үйлдвэр, барилгын ажилчдын ҮЭ-ийн төв хорооны тэргүүлэгчдийн тогтоол гаргасан.
  3. Боловсон хүчинтэй ажилладаг туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай Геологи уул уурхайн үйлдвэрийн яам албан даалгавар гаргасан.

(Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцынхан ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” сургалт, дадлагын төхөөрөмж бүтээх уралдаанд ирүүлсэн аюул эрсдэлийг мэдрүүлэх төхөөрөмжөө танилцуулав.

Тус станцын ажилтнууд үйлдвэрлэлийн ажлын байранд түгээмэл гарах эрсдэлтэй аюул буюу эргэлдэх механизмтай харьцаж буй үед тохиолддог осол аваарыг бодитойгоор мэдрүүлэх зориулалттай төхөөрөмж бүтээжээ. Эргэлдэх машин механизм дээр ажиллахдаа тухайн ажилтан ямар аюул эрсдэлтэй тулгарч болох, түүнээс сэргийлэхийн тулд хэрхэн сонор сэрэмжтэй ажиллах ёстойг уг төхөөрөмж дээр сургах юм байна. “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд тус цехийнхэн өндөр ач холбогдол өгч, төхөөрөмж бүтээх ажилтнуудаа нэгтгэн “Бүтээлч” бүлэг байгуулан оролцож байгаа аж. Тэд уралдааны төхөөрөмж бүтээх ажлаа 3 дугаар сарын сүүлээр эхэлсэн бол одоо сүүлийн шатны тохируулгыг хийж буйгаа ХАБЭА-н инженер С.Бадрах ярив.

“Бүтээлч” бүлгийнхний хийсэн “Эргэлдэх механизмын аюулыг мэдрүүлэх” төхөөрөмж нь автомат удирдлагатай төдийгүй олон үйлдлийг нэг зэрэг харуулах боломжтой. Гар утасны аппликейшн ашиглан, хамгийн бага 12 вольтын хүчдэлээр хөдөлгүүрүүд ажиллахаар зохион бүтээсэн нь инженерийн ур ухаан шингэсэн онцлогтой бүтээл болжээ. Мөн аккумляторт цэнэглэдэг тул хаана ч зөөвөрлөн ашиглаж болох зэрэг олон давуу талтай юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас хамтран аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, нийгмийн даатгал төлөлт, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр эрэмбэлдэг ТОП 100 шалгаруулалтын манлайлагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тодорсон. Энэхүү амжилт, ололтод  гар сэтгэл нийлж,  хамтын хүчээр хүрсэн уурхайчин хамт олондоо тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяр хүргэв.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2019 оны ТОП 100 жагсаалтын тэргүүнд бичигдсэнээрээ Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтыг 18 дахь удаагаа манлайлж буй. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татвар, цэвэр ашиг, борлуулалтын орлогын хэмжээгээр нь харьцуулан эрэмбэлдэг, “ТОП 100” шалгаруулалтын 2019 оны жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 961.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэлт, 561.8 тэрбум төгрөгийн ашиг, 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон зэрэг амжилтаараа тэргүүлжээ. Өнгөрсөн оны эдгээр үзүүлэлт нь тус үйлдвэрийн 42 жилийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болж, “шилдэг 100” жагсаалтын түрүү байрыг авчирсан байна. 

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний дөрвөн сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 хувиас дээш биелүүллээ. Дэлхий нийтээр ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед тус үйлдвэрийнхэн гадаад дотоод ямар нэг өр төлбөргүй, өөрсдийн хүчээр мөнгөн хуримтлал бий болгож, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай материал, сэлбэг хэрэгслээ нөөцөлж авах зэрэг зорилт хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нараар  ахлуулсан төв штаб болон дэд штабын зохион байгуулалттай өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн. Үүний хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмэлт орлого олох, өртөг зардал бууруулах чиглэлээр тухайлбал, төлөвлөгөөт хэмжээнээс гадна 300 мянган тонн хүдэр нэмж боловсруулах, зэсийн металл авалтыг 0.4 хувиар, молибдены металл авалтыг 3.5 хувиар өсгөх даалгавартай ажиллаж байна. Ингэж ажилласны  үр дүнд оны эцэст 25.8 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 17 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр зорилт дэвшүүлжээ. Энэ зорилт эхний 4 сарын байдлаар амжилттай хэрэгжиж, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилттай байна.  Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 103.7 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 104.2 хувиар тус тус биелүүлэв. Тодруулбал, 1427.4 мянган метр куб уулын цул гаргаж, 573.5 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Ил уурхайнхан 2174.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлсэн бол баяжуулагчид 1820.5 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх зэс болон молибдены агуулгын төлөвлөгөөний биелэлт 101.1-118.7 хувьтай байна. Харин зэсийн металл авалт 87.5 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены металл авалт 50.01 хувь буюу төлөвлөгөө 103.1 хувиар биелсэн дүн гарчээ. Баяжмал дахь зэсийн металл 7430 тонн, молибдены металл 167.5 тонны гүйцэтгэлтэй, төлөвлөгөөний биелэлт 110.7-133.7 хувьтай байгаа бол баяжмал дахь зэс молибдены агуулгын төлөвлөгөө 102.2-102.4 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд 33245 тонн зэсийн баяжмал ачигдаж, чанарын үзүүлэлт 102.2 хувиар, 281.1 тонн молибдены баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.4 хувиар тус тус биелжээ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Баасан, 22 5-р сар 2020 00:00

Сэтгэлийн хүч-Зүтгэлийн илч

 
Та бидний сайн мэдэх газрын нэг бол Судалгаа шинжилгээний хүрээлэн. Цаг нартай уралдсан тэдний нарийн чимхлүүр ажлын үр дүнгээр баяжуулалтын технологи зөв голдрилоор явж, дэлхийд танигдсан бүтээгдэхүүний чанар сайн гардаг. Тэр ч утгаар нь Судалгаа шинжилгээнийхнийг Эрдэнэт үйлдвэрийн “судас баригч” гэж нэрлэх нь бий. Энд тодорхой ажилтай тунгалаг төрхтэй олон сайхан бүсгүй мэргэжил чадвараараа манлайлан ажилладаг. Тэдний нэг нь баяжуулагч Норзонгийн Лхамбаяр. 
Ховд аймгийн Булган сумын харьяат энэ эмэгтэй багын л хичээл сургуульдаа мэрийлттэй, хичээнгүй сүрхий охин явжээ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Худалдааны техникумд элсэн суралцаж, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшихэд аавынх нь нөлөө их байсан болов уу. Түүний аав Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар нутагтаа 40 шахам жил ажилласан, олны дунд нэр хүндтэй эрхэм байлаа. Аав нь арван хүүхдэдээ: “худал хэлж, хулгай хийж болохгүй, улсын ажлыг унагаж, хүний итгэл алдаж болохгүй” гэж захидаг байсан нь бяцхан охины ой тойнд тод сийлэгдэн үлдэж, хожим ажил, амьдралдаа мөрдөх гол “дүрэм” болжээ. Н.Лхамбаяр Ховд аймгийнхаа Худалдааны трестэд нягтлангаар ажиллаж байхдаа дадлагын оюутан залуутай танилцаж дотноссон нь тэдний гайхам сайхан хайрын эхлэл байв. Тэд гурван хүүхдийн эцэг, эх бололцон, хүнээс дутуугүй амьдарч байсан ч үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуусыг соронз мэт татсан Эрдэнэсийн хотыг зорьсон. Гэсэн ч санаснаар болдоггүй хорвоо түүнд хатуурхаж, магнайн толионд нь зурвас тодроогүй, толгойн үсэнд нь мөнгөн хяруу унаагүй байхад хань нь тэнгэрийн орноо одож, ангаахай адил гурван хөөрхөн үртэйгээ л үлдсэн. Хадмууд нь хэдий ойр байвч хүний нутагт бүсгүй хүн ажилгүй, өөрийн талын ах дүүгүй, өдөр шөнийн эргэлтэд аавыгаа нэхэн уйлагнах гурван хүүхдээс өөр ханьгүй амьдарна гэдэг ёстой л амьдын там санагдаж байсан нь мэдээж. Н.Лхамбаяр нутаг буцахаар шийдсэнээ хадам ах Ж.Баатархүүдээ хэлбэл, “Чи залуу хүн дахин сурч, Эрдэнэт үйлдвэрт хэрэгтэй мэргэжил эзэмш. Олны дунд  ажиллаж, хамт олонтойгоо ханьсаж амьдрах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч төв газраа үлдсэн нь дээр” гэж зөвлөснөөр ачаа бараагаа буцааж задалсан гэдэг. Тухайн үед хэлсэн болгоныг нь ухаарч ойлгох сэхээ байгаагүй ч, “Ах нь ажилд ороход нь тус дэм болъё” гэсэн ганц өгүүлбэр Эрдэнэтэд амьдрах итгэл төрүүлж байлаа. Ингэж л тэр, зоргоор болдоггүй тавилан заяаг зоригоороо туулахаар сэтгэл шулуудсан юм. 
Н.Лхамбаяр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дүүргэж, баяжуулагч мэргэжил эзэмшин одоогийн Судалгаа шинжилгээний хүрээлэнд 2003 онд баяжуулагчаар ажилд орсон. Эхний жилүүдэд ажилдаа тэнцэхгүй гологдох вий, алдаа гаргаж хүмүүст түвэг удах вий гэхээс эмээж, дахин дахин нягтлан шалгаж хичээдэг байжээ. Түүний анхны мэргэжил болох нягтлангийн мэдлэг чадвар нь судалгаа шинжилгээний ажилд ихэд хэрэг болно. Тооцоолол буруу хийвэл олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөрөө зориулсан судалгааны ажил гажуудах аюултай тул маш няхуур, нямбай хандах хэрэгтэй гэх. Тэрээр Судалгаа шинжилгээний хүрээлэнд 17 жил ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн болон хагас үйлдвэрлэл, лабораторийн туршилтын ажилд биечлэн оролцож, технологийн процесст нэвтрүүлж буй шинэ тоног төхөөрөмж, урвалжуудад туршилт, сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг өндөр үр дүнтэй гүйцэтгэж ирснийг журмын нөхөд нь  бахархан ярьсан. Үйлдвэрлэлийн технологийн хүндрэл гарахад мэргэшсэн, шуурхай, найдвартай учраас түүнд түрүүлж үүрэг өгч, илүү ачаалал үүрүүлнэ. Гэсэн ч хамт олныхоо итгэлийг зүтгэл дүүрэн хариулаад сурчихсан Н.Лхамбаяр бүхнийг амжуулаад инээгээд зогсож байна. Амьдралын ончроо нугачаанд түшиг тулгуур болж ирсэн хамт олон минь надад юу юунаас эрхэм гэж тэр ярих. Хөвүүлэн баяжуулагч мэргэжлийн тавдугаар зэрэгтэй тэрээр жилд 155 удаагийн үйлдвэрлэлийн туршилтын сорьцлолт, 2078 сорьцлолтын дээжийн боловсруулалт, 548.7 дээжид ширхгийн шинжилгээ, 418 дээжид нунтаглалтын горим тогтоох ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ тоо зарим хүмүүсийн хувьд мөрөөдлийн үзүүлэлт байж мэдэх юм. Н.Лхамбаяр ирээдүйд ашиглах хүдрийн технологийн шинж чанарыг тодорхойлох, геометаллургийн загвар буюу ордын геологи ашиглалтыг боловсруулах лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн туршилтад идэвх чармайлттай оролцон сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг үр дүнтэй гүйцэтгэсээр байна. Ажилд орсон эхний жилүүдэд үйлдвэрээс дээжээ авчирч хатаагаад, аяганд хийж гараар нунтаглаад шинжилгээ сорьцлолтыг нүдэн баримжаагаар шахуу хийдэг байснаа тэр дурссан. “Одоо орчин үеийн дэвшилтэт олон багаж, тоног төхөөрөмжтэй, түүн дээр ажиллаж байгаа залуус нь дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой, хэл устай, судалгаа шинжилгээний ажил нь Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсад үнэлэгдэх хэмжээнд хүрсэн нь сайхан шүү”, гээд сэтгэл дүүрэн инээмсэглэсэн. Тэрээр ажилдаа тун өөриймсөг ханддаг онцлогтой. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, зохион байгуулалтад анхаарч, аюул, эрсдэлийг олж илрүүлэн арилгахад санаачилгатай ажилладаг. Тиймдээ ч “Аюулгүй ажиллагч”-аар гурван удаа шалгарсан, залуу ажилчдад үлгэр дуурайлал болсон тэргүүний ажилтан төдийгүй халамжлан хүмүүжүүлэгч юм. 
Хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Н.Лхамбаярын гурван хүүхэд өнөөдөр ээжийгээ ачлах хэмжээнд хүрчээ. Том охин нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт конвейерийн машинчаар ажиллаж байгаа бол дундах нь Японд ажиллаж, амьдардаг. Харин бага хүү нь саяхан, “Энержи ресурс” компанид ажилд оржээ. Дөрвөн ач, зээгийн эмээ болсон, гээд нүүр дүүрэн инээмсэглэх түүний яриа цаанаа л хат суусан, амьдрал таньсан, өөрийн жаргалаас илүү үр хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлт торгууд эмэгтэйн гайхамшигт түүхтэй. Амьдрал хэмээх их далайн шуурганд сэлүүрээ алдаж, бүр живсэн хүмүүс ч бий. Харин Н.Лхамбаяр итгэлийн хүчээр жигүүрлэн, зүтгэлийнхээ илчинд дулаацан жаргаж, хамт олондоо хүндлэгдэн, уурхайчдынхаа урд эгнээнд тэмүүлэл дүүрэн алхаж явна. 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Төгссөн сургууль:

1998 онд ШУТИС-ийн МТС-д хими технологич мэргэжлээр бакалавр, 2002 онд МТС-д техникийн ухааны магистр, 2010 онд КТМС-д үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Мэргэжил:

Химийн технологич

Ажилласан туршлага:

1998 онд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад ажилд орсноос хойш эдүгээ 22 дахь жилдээ ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 онд ОХУ-ын Москва хотноо химийн лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр, 2012 онд Сингапур улсад ISO чанарын стандартын чиглэлээр, 2019 онд Австрали улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэс, Дулааны цахилгаан станцын химийн инженерээр ажиллаж байсан тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд Лабораторийн эрхлэгчээр дэвшин ажиллаж байна. Өөрийгөө чадваржуулж, үйлдвэрлэлд үр өгөөжтэй ажил хийхийг зорьж яваа түүний томоохон оролцооны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд энэ оны сүүлчээр хэрэгжих “Химийн бодис, урвалжийн менежментийг сайжруулах” төсөл юм. Чадварлаг инженерүүдээс бүрдсэн энэхүү төслийн баг тайлангаа тавих бэлтгэл ажилдаа оржээ. Химийн инженер мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрэгтэй газарт нь харуулж, бодит ажил болгох нь түүний чин хүсэл билээ. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын Уур усны лабораторийг MNS ISO/IEC17025:2018 стандартын түвшинд хүргэж, Монгол Улсын эрчим хүчний салбарын итгэмжлэгдсэн  лабораториудын  нэг болгохоор хичээн ажиллаж байна.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Хөгжим, кино бол миний амьдралын сэргээш. Мөн хамгийн ойр байдаг гэр бүл, хамт олноосоо урам зориг, эрч хүч авдаг даа.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Аливааг шинжлэн судлахад чиглэсэн,  химийн шинжлэх ухаан нь дэлхий нийтэд хурдацтайгаар хөгжиж, шинэ шинэ технологиуд гарч байгаа нь,  мэргэжлийн биднээс өөрийгөө хөгжүүлэх, маш их уншихыг шаарддаг. Тиймээс ч уншихгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй юм.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Уур усны лабораторийг итгэмжлэлд оруулна. Бид энэ ажлынхаа хүрээнд Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газраар итгэмжлэл хийлгэхээр ойрын хугацаанд бэлтгэл ажлаа хангаж байна.

Мөн төслийн ажлаа хийж дуусгана даа.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж их чухал үг санагддаг. Эрүүл гэдэг үгэнд хүний бие бялдрыг хамааруулахаас гадна, сэтгэл санаа эрүүл саруул байх нь чухал юм. Хүмүүс бие бялдрын эрүүл мэндэд ихээхэн анхаардаг ч сэтгэл санааны эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах нь бий. Сэтгэл санааг эрүүл саруул байлгах нэг гол хүчин зүйл нь сэтгэл судлал гэж боддог учраас сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр илүүтэй судалж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Дэлхийн алдартай хөгжимчдийн тоглолт үзэхийг мөрөөддөг.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Бусдад түвэг учруулахгүй ажиллаж, амьдрах л хэрэгтэй.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

-Мэдээж, энэ бол миний мөрөөдлийн ажил. Би сурагч байхын л химийн хичээлд дуртай хүүхэд байсан. Их сонирхолтой шинжлэх ухаан шүү. Өнөөгийн залуусыг ажиглаад байхад ажилдаа дургүй, аливаад ял авсан юм шиг ханддаг. Хүн өөрийн ажлыг аль болох сонирхолтой байх талаас нь анхаарч, түүнийгээ хийж хэрэгжүүлснээр жинхэнэ утгаар нь ажилдаа дурладаг болов уу. Сэтгэлээсээ хийсэн ажил үр шимээ өгдгийг мартаж болохгүй.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа олон талын боломжийг нээж өгдөг. Миний хувьд хамт олон, нийгэмд хувь хүн өөрийгөө хэрхэн, яаж авч явахыг Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа л сурсан. Эхний 15 жил өөрөөсөө  ах хүмүүстэй ажиллаж байсан бол сүүлийн 6 жил дандаа залуучуудтай ажиллаж байна. Энэ хоёрын хооронд маш их ялгаа харагддаг. Аль ч насны хүнийг ойлгож ажиллана гэдэг л надаас их зүйлийг шаарддаг.

Баасан, 22 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 22

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 143 дахь өдөр. Он дуусахад 222 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +13 градус, шөнөдөө +4 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-8 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 22. Сугар гараг. Билгийн тооллын 30. Хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Энэ өдөр тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муутул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тустай, аливаа үйл үйлдвэл үр нь муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой. Хол замд явах хүн баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учрах муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5387 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2799, евро 3063, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн интернационалч хамт олон бүх ард түмний социалист уралдаанд хэрхэн оролцож байна вэ?

Хариулт:-Эрдэнэт үйлдвэрийн интернационалч хамт олон бүх ард түмний социалист уралдаанд идэвхтэй оролцон, үйлдвэрийн жигд ажиллагааг хангах, улсын төлөвлөгөө, экспортын үүргийг жил дараалан давуулан биелүүлж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж ирсэн сайхан уламжлалтай. Бүх ард түмний социалист уралдаанд 1979, 1980, 1985 онуудад улсад, 1979, 1980 онд салбарын хэмжээнд тэргүүн байранд тус тус шалгарсан.

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 
 
Нар ээсэн сайхан өдөр Бүрэнбүст хайрхны энгэрийг зорилоо. Энд Эрдэнэт хотын гэр хорооллын иргэдийн ундны усны эх ундаргыг хамгаалах, нуур цөөрөм үүсгэх ажил ид үргэлжилж байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүд энд өөрийн төгөлийг үүсгэж нийт 14 төрлийн 23 мянган мод тарьжээ. Шинэс, хайлаас, улиас, агчаас эхлээд жимсний модод ч байна. Эрдэнэтчүүдийн хэрэглэж буй жимсний 90 орчим хувь нь импортоор орж ирдэг учир өөрийн хөрсөнд алим, чавга, интоор зэрэг зарим ховор төрлийн жимсний мод тарьж туршиж байгааг нүдээр үзлээ. “Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд хүнсний 146 төрлийн ногоог ил талбайд арчлан зун, өвлийн хүлэмжид тарьж, мөн туршиж байна. Энд хүүхдийн “Хөдөлмөр” зуслан ажиллуулах нөхцөл бүрдүүлж, элсний талбай хүртэл байгуулахаар төлөвлөжээ. Хөдөлгөөний хомсдол, агаарын дутагдалд орсон “орон сууцны” хүүхдүүдийг энд амраахын зэрэгцээ ажиллуулбал бие бялдар нь хөгжихөөс гадна цахим орчноос холдож тархи нь бүрэн сайхан амарна даа, гэх бодол эрхгүй төрсөн. 
 
 
Монголын ёс заншлын цогцолборын хоймор хэсэгт 22-ийн диаметртэй, 380 м2 талбай бүхий гэр өргөө холоос бараатай үзэгдэнэ. Ойролцоо нь нүүдэлчин Монголчуудын ахуй соёлыг илтгэсэн, эсгий урлалын бүтээл дэлгэсэн, ястан үндэстний хувцас, эмээл хэрэглэл, авдар сэлт өрсөн 10-аад гэр байна. Мөн энд Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлүүд өөрийн гэрээ барьж тохижуулан онцлогоо сурталчлах боломжтой. Эхний гэрийг Увсынхан барьжээ. Хоймрын жаазанд Маршал Ю.Цэдэнбалаасаа эхлээд алдар хүндтэй хүмүүсийнхээ зургийг залсан нь сонирхол татав. Уг цогцолборыг тойруулан цагаан идээ, арьс шир, малын цус, ноос, ноолуур боловсруулах, модон эдлэл, гар урлал, эсгий эдлэл, хар, цагаан замаск, арматур, хөнгөн блокны үйлдвэр гээд 50 орчим жижиг дунд үйлдвэр байгуулахаар зорьсны 30 гаруй нь үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн энд 2000 тоннын багтаамжтай зоорь барьж байна. Хүнсний ногоо хатаах, хөлдөөх, даршлах, угаах дөрвөн үйлдвэр эхлэл шатанд явна. Түүнээс гадна жимс жимсгэнэ, артишокоор ундаа жүүс, цай хийх, усанд будаа тариалах, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын дайвар бүтээгдэхүүнээр царцаамал, тос боловсруулах гээд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил их гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт ярьсан юм. 2017 оноос хойш Сум хөгжүүлэх сангийн зээлээр 34 үйлдвэр байгуулагдаж, 160 орчим байнгын ажлын байр нэмэгдсэн байна.    
Энд нуур үүсэхээр жигүүртэн шувууд цуглаж, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, Эрдэнэтээр зочилсон гийчид саатан морилж, нүүдэлчин Монголчуудын ахуй соёлтой танилцах, морин болон тэмээн хөсгөөр богинын аялал хийх боломж бүрдсэн, Эрдэнэт хотын төвлөрлийг сааруулсан аялал жуулчлалын цогцолбор бүс болох цаг ойрхон байна.           
 
 
 
 
М.Одгэрэл
 
 
Пүрэв, 21 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 21

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 142 дахь өдөр. Он дуусахад 223 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16 градус, шөнөдөө +5 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 6-9 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 21. Бархасвад гараг. Билгийн тооллын 29. Хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Энэ өдөр бич, хулгана, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Дайсныг номхотгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтад оруулах, тустай үйлийг бүтээх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амарлингуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.  Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу болой. Өдрийн сайн цаг нь морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одох тул муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5333 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2799, евро 3060, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон хөдөлмөрчдөд гоо зүйн хүмүүжил олгох талаар ямар хэлбэрийн ажил зохиож байна вэ?

Хариулт:-Монгол, Зөвлөлтийн интернационалч хамт олны дотор соёл хүмүүжлийн ажил зохион явуулахад “Уурхайчин” соёлын ордон чухал үүрэг гүйцэтгэдэг. “Уурхайчин” соёлын ордон нь нийт 700 хүний суудалтай, хоёр танхимтай бөгөөд тус ордны дэргэд үйлдвэрийн түүхэн хөгжлийг харуулсан музей, хүүхэлдэйн ардын театр “Бүжинхэн”, улс төрийн дууны “Cu-Mo” хамтлаг, 30 шахам мянган номтой номын сан, орчин үеийн техникээр тоноглогдсон кино, радио холбооны цэгүүд ажилладаг. Одоо тус соёлын ордон 70 гаруй орон тоотой ажиллаж байгаагийн дотор соёл урлагийн өндөр боловсролтой арга зүйч, багш нар 10 орчим хүн ажиллаж байна.

Аман сэтгүүл, асуулт хариултын үдэшлэг, хөрөг үдэшлэг, үйлдвэрийн тэргүүний хүмүүсийн алдар тэмдэглэх үдэшлэг, гэр бүлийн баяр, авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн, залуучуудын үдэшлэг, лекц-концерт, кино-лекц, улс төрийн нэгдсэн өдөрлөг, чөлөөт цагийн клубүүдийг зохион байгуулахын зэрэгцээ хөдөлмөрийн жижиг бичил хамт олны дунд зохиох ажилд гол хүчээ төвлөрүүлж байна. Үүний хамт хөдөлмөрчдийн гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх зорилгоор үндэсний хөгжим, найрал дуу, хүүхэлдэй, уран болон фото зургийн дугуйлан, хамтлаг 30 шахмыг байгуулж, тэдгээрт 400 шахам хүн тогтмол хичээллэж байна. “Уурхайчин” соёлын ордон жил бүр 70 шахам мянган хүнд киногоор үйлчилдэг.

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог