Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 04 2-р сар 2020

     Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон 2019 онд төлөвлөсөн бүтээмжийн хөтөлбөрөө 92.1 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж, сайн саналын системд нийт 840 гаруй санал гарган, бүртгүүлжээ. Эдгээрийн 658 нь 78.3 хувийн чанарын үзүүлэлттэй хэрэгжсэн байна. Ажилтнуудын сайн саналын дүнг өмнөх гурван жилийн хугацаанд бүртгэгдсэн дундажтай харьцуулж үзэхэд, саналын тоо 76 хувиар өсөж, хэрэгжсэн нь 536-аар нэмэгджээ. Энэхүү амжилтаа 2020 онд ахиулан бүтээмж, инновацийн 1000 санал гаргаж, 900 саналыг бодитой хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна гэж Авто тээврийн цехийн Бүтээмж инновацийн мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн ярилаа.

     Тус цехийн хэмжээнд нийт 39 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Дугуйлангаар дамжуулан ажиллагсдын бүтээмжийн хөдөлгөөнд оролцох идэвх 80 хувьд хүрчээ. Үүний үр дүнд тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ажлын бүтээмж болон чанарыг нэмэгдүүлэх, эрсдэл бууруулах чиглэлээр олон ажил хийгдсэн байна. Өнгөрсөн онд Бүтээмж чанарын дугуйлангууд 88 орчим жижиг сайжруулалтын ажил, 70 төсөлт ажил хэрэгжүүлжээ. Эдгээр ажилд 59.6 сая төгрөг зарцуулж, 169.8 сая төгрөгийн үр ашиг авчирсан дүн гарсан байна. Тус цехэд хийгдсэн бүтээмжийн онцлог ажлаас дурьдахад, суурин шатахуун түгээх станцыг суурилуулж, жижиг оврын авто машинууд үйлдвэрийн хэмжээний албан хэрэгцээнд шуурхай дуудлагаар үйлчилдэг болсон. Ингэснээр 87 сая төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ. Мөн уулын цул тээвэрлэлтийн цаг ашиглалтыг оновчтой болгох төсөлт ажил хэрэгжиж, тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Түүнчлэн тус цехийн ажлын байранд “5 сайн үйлс” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нийт 133 ажлын байрны 2.3 хувь нь 5С, 7.5 хувь нь 4С  сайн үйлсийн түвшинд хүрсэн байна.  

     Авто тээврийн цехийнхэн 2020 онд БелАЗ машины цаг ашиглалтыг сайжруулах, үүнтэй уялдуулан сул зогсолтыг багасгах чиглэлээр төсөлт ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.   

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн бүсэд ажиллаж буй нийт ажилтанд халуун хоолны үйлчилгээг дөрвөн багц хоолны цэсээр дамжуулан гурван компани хүргэн ажиллаж байна. Хоол хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарт ХАБЭА-н хэлтэс хяналт тавьж ажилладаг бол хоолны технологи, илчлэг шим тэжээлийн стандартыг Эрдэнэт сувиллын цогцолбор хариуцдаг аж. Хүйтний улиралд ихэсдэг ханиад томуу болон вирусын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог тул ажиллагсдын хоолны чанарт тавих хяналт, шаардлага эрчимжжээ. Энэ талаар Эрдэнэт сувиллын цогцолборын Хоол зүйч Б.Мөнгөнтуяа ярихдаа “Бид халуун хоолоор үйлчилж буй компаниудын хоолны цэс, технологи, гарцад байнгын хяналт шалгалт хийж, зааварчилгаа өгөхийн зэрэгцээ сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж байна. Нэг ажилтан хүн өдөрт 2100-2500 кило калори илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Хоол хүнсээр дамжуулан өдөрт авах илчлэгийн хэмжээг тогтоох тухай Эрүүл мэндийн сайдын А/74 тоот тушаалыг мөрдөн ажилладаг. Ингэснээр уурхайчдаа эрүүл зөв, зохистой тэнцвэртэй хоолоор хангах боломж бүрдүүлэхэд анхаарч байна. Мөн бид ажиллагсдын санал сэтгэгдэл, хоолны чанар орцын талаар асуумж авч, санал хүсэлтийг нь стандарт зөрчихгүйгээр үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг. Үр дүнд нь халуун хоолоор үйлчилж буй компаниудын үйлчилгээний чанар дээшилж, хяналт тавих үүрэгтэй бидний ажлын уялдаа сайжирч байгаа. Ажиллагсдын сэтгэл ханамжид ч эерэгээр нөлөөлж байгааг хэлье. Өөрөөр хэлбэл, эрүүл хоолоор дамжуулан ажилчдынхаа дархлааг дэмжиж, эрүүл мэндийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна” гэж онцлов.

    Өнгөрсөн сард ажилтнуудын эрүүл зөв хооллох мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор ХАБЭА-н хэлтэс болон Эрдэнэт сувиллын цогцолбор хамтран Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэг, Аж ахуй үйлчилгээний цехийн  ажилтнуудад “Эрүүл хоол-эрч хүч”, “Эрүүл мэнд ба энгийн хөдөлгөөн”, “Давс, өөх тос, архинаас татгалзаж эрүүлжье” сэдэвт сургалт зохион байгуулж, гарын авлага зөвлөмж тараасан байна. Эрдэнэт сувиллын цогцолбороос дээрх сургалтыг бүтэн жилийн турш цуврал хэлбэрээр зохион байгуулж, үйлдвэрийн бүсийн бүх ажилтнуудыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог