Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 18 4-р сар 2019

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн дэргэдэх Инновацийн төв 2018 оны шилдэг шинийг санаачлагч 100 манлайлагчийг тодруулсан байна. Шалгаруулалтыг 2015 оноос сайн саналын систем ажиллуулж эхэлснээр дөрөв дэх удаа ийнхүү зохион байгуулж буй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашигтай өөрчлөхөд хувь нэмэр болохуйц ажиллагсдын шинэ санаа, санаачилгыг өрнүүлэн, хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэн урамшуулах зорилгоор сайн саналын системийг нэвтрүүлж эхэлжээ. Харин сайн саналаараа тэргүүлсэн 100 манлайлагчийг тодруулахдаа гаргасан саналын тоо, чанар, түүний хэрэгжилт зэрэг үзүүлэлтийн дагуу сайн саналын системийн тусламжтайгаар шалгаруулдаг ажээ. Энэ хугацаанд нийт 155 санал дэвшүүлснээс 46 нь бодит ажил болсон манлайлагч бол Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Г.Болдхуяг юм. Түүнийг “100 манлайлагч” булангийн анхны зочноор урьж, ярилцлаа.

     - “Эрдэнэт” үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна вэ?
    - Би “Эрдэнэт” үйлдвэрт 12 дахь жилдээ ажиллаж байна. Баяжуулагч мэргэжилтэй. 2007 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт тээрмийн машинчаар орсон.

     - Шинэ санал санаачилгатай ажилтнуудаа урамшуулах хэлбэрээр бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлдэг. “100 манлайлагч” үүний үр дүн гэж харагдаж байгаа. Таны хичнээн санал дэмжигдэж, үйлдвэрлэлд үр ашгаа өгч байна вэ?
    
- Ажилтны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сайн саналын систем манай Баяжуулах үйлдвэрт 2005 оноос их эрчимтэй ажиллаж эхэлсэн. Миний хувьд ажилд орсон цагаасаа л сайн саналын системээр дамжуулан ажлын байрны нөхцөлийг сайжруулах, бүтээмжээ дээшлүүлэх чиглэлээр сайн саналуудаа гаргаж ирсэн. Ажилласан 10 гаруй жилийн хугацаандаа нийт 350 гаруй санал гаргасан. Үүний 68 нь сайн саналын үнэлгээ авч, нийт саналын 30 орчим хувь нь үйлдвэрлэлд хэрэгжсэн. Өнгөрсөн жилийн хувьд би 35 санал гаргасан. Технологийн ажил хөнгөвчлөх, цаг хэмнэх болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, 5с зарчимтай холбоотой санал ихэнх хувийг эзэлдэг.

    - Ажилтны гаргасан саналыг маш сайн, сайн, энгийн гэсэн ангилалаар эрэмбэлж, тус бүрийг нь мөнгөн урамшууллаар үнэлдэг. Таны саналуудаас “маш сайн” болон “сайн” ангиллаар ямар төсөл хэрэгжсэн бэ?
     - Миний сүүлийн дөрвөн жилд гаргасан 155 саналаас нэг санал “Маш сайн”, 11 санал “Сайн санал” гэж үнэлэгдсэн. Ажлын байрны нөхцөл сайжруулах, аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр гаргасан саналууд маань ихэвчлэн төсөл болж хэрэгждэг. 2016 онд санаачилсан “МШЦ-13 тээрмийн араат дамжуулагчийн суурь хамгаалал фундаментын өнгө үзэмж сайжруулах” санал “маш сайн” гэж үнэлэгдсэн. Манай хэсгийн тээрмүүдийн доод хэсэгт үндсэн суурийн тулгуур баганууд байдаг. Тэдгээрийн фундамент нь хэт намхан цутгагдсан учир нойтон цэвэрлэгээ хийхэд байнга норж, зэврэлт их үүсдэг байв. Үүний зэвэрсэн хэсгийг өнгөлж, ус чийгнээс хамгаалсан будаг түрхэж фундаментийг өндөрлөх ажил л даа. Энэ саналыг маань хэсгийн удирдлагууд дэмжиж, хэрэгжүүлсэн.

    - Цех бүрт бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Ажилчид санал санаачилгаа нэгтгэхэд дугуйлангийн үйл ажиллагаа эерэг нөлөөтэй санагддаг?
     - Тийм шүү. Бид эхлээд санал бодлоо дугуйлангийн уулзалт дээр ярьж, танилцуулдаг. Бас хэлэлцэж, харилцан ярилцдаг. Би “Хувьсах” дугуйланд харьяалагддаг. Ээлжийн мастер О.Баттулга дугуйланг ахалж байна. Манай цех технологийн дөрвөн ээлжтэй. Миний хувьд дээрхи дөрвөн ээлжинд солигдож ажиллах хугацаандаа бүтээмжийн дугуйлангийн үйл ажиллагаанд оролцдог байсан.

     - Шинэ санаа, сайн санал ер нь хэрхэн төрдөг вэ? Таныхаар ямар саналууд хэрэгжих боломжтой вэ?
     - Санал санаачилга гаргана, бүтээлч байна гэдэг нь ажилтан хүний ажилдаа гаргах сэтгэлээс их хамаарна гэж би боддог. Үндсэн ажлынхаа хажуугаар эрэл хайгуулч байх ёстой. Ажлын байрандаа эвдэрч гэмтсэн эсвэл илүү сайжруулж болох зүйлсийг анзаарч, цагийг бүтээлчээр ашиглах эрмэлзэлтэй байвал сайн санаа төрөх сэдэл болдог. Сүүлийн үед залуу ажилтнуудыг ажиглаад байхад ажилдаа санаачилгагүй байгаа нь анзаарагддаг. Ер нь хүмүүс аливаа зүйлийг шүүмжилж, асуудал дэвшүүлэхдээ сайн. Харин болохгүй байгаа асуудлыг яаж шийдэж болох, хэрхэн засаж сайжруулж болох гарц шийдлийг нь судалгаа тооцоон дээр үндэслэж, боловсруулж байх хэрэгтэй. Ийм санал ч хэрэгжих боломж өндөр байдаг. Үр дүн ч гарна.

     - Санал гаргах нэг хэрэг, хэрэгжүүлээд үр ашиг хүртэх бас өөр л дөө. Санаачилгатай байх нь ажилтан хүнд ямар өгөөжтэй байдаг вэ?
     - Санаачилгатай байна гэдэг бол ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагаас л үүдэлтэй. Тиймээс хандлагаа өөрчилж, үргэлж бүтээлч байхыг зорих хэрэгтэй. Бүтээмжийн сайн саналын систем ажиллаж эхэлснээр ажилчдын урам зориг, чармайлт нэмэгдсэн гэж би хардаг. Эхний үед маш олон санал гардаг байсан бол одоо бол чанаржиж, илүү ач холбогдолтой болсон. Ер нь сайн санал бол олон зүйлийг засаж сайжруулж, өөрөөр хэлбэл ажлын байраа эмхэлж цэгцлэх, тохижуулах, мөн тоног төхөөрөмжийн энгийн засварыг өөрсдөө хийгээд явчих боломжийг бүрдүүлдэг. Түүний зэрэгцээ санаачилгатай байхын тулд тухайн ажилтан хүн өөрөө хөгжиж, зөв шийдлийг олохын тулд судалж тэр хэрээр мэдлэг нь тэлнэ. Энэ бол маш том өгөөж гэж ойлгодог.

     - Таны бахархал юу вэ?
   - Миний аавыг Дуламсүрэнгийн Ганболд гэдэг. 1981 оноос Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэг, Өөрөө нунтаглах хэсэгт бутлуурчнаар ажиллаж байгаад, гавьяаны амралтдаа гарсан ахмад уурхайчин хүн бий. Түүний оронд дүү Г.Нямаа маань мэргэжлийг нь өвлөн ажиллаж байна. Удам залгасан уурхайчин болсон минь том бахархал юм даа. 

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог