×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 01 11-р сар 2018
Пүрэв, 01 11-р сар 2018 00:00

Инженерийн энтэй засварчин

“Үйлдвэрлэлийн цех, том оврын хүнд машин механизмын засварын газар гэхээр л заавал тос масло ханхалж, шороо тоос бужигнасан байх ёстой гэж үү. Ажлын байр цэвэр цэмцгэр, ажиллах нөхцөл тав тухтай байвал хэн ч урам зориг, эрч хүчтэй ажиллана. Тиймээс манайхан  засварын газрынхаа шалыг өдөр бүр савандаж угаадаг болсон, та нар хар даа, шил толь шиг гялалзаж байгаа биз дээ” гэж Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын Засварын газрын дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Шарав нэгэнтээ өгүүлсэн. Үнэхээр түүний хэлсэнчлэн аварга том техник, авто машин  засварладаг газар гэхээргүй цэмцгэр, саруулхан гэрэлтэй зогсоолыг хараад гайхширч билээ. Ажлын өндөр шаардлагатай ч, хайр нь дотроо явдаг З.Шарав даргын тухай ийн дурсах нь түүний гар дээр өсөж бойжиж, заасан эрдмийг нь нэр төртэй залгамжлан яваа  эдүгээ тус засварын газрын “бурхан” засварчдын нэг болон тодорсон эрхмийн хөрөг найрууллыг тэрлэхийн учир оршино.

Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын газрын дугуй засварын хэсгийн дугуй засварчин Төмөрбаатарын Ганболд бид хоёрын яриа ажил хэрэгч байдлаар эхлэв. Өөрийн тухай гэхээс ажлынхаа онцлогийн талаар хэлэхийг хүссэн тэрээр ийн хүүрнэсэн. Уулын цул тээвэрлэдэг хүнд даацын өөрөө буулгагч авто машины болон үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй резинэн дугуйтай бүх  техникүүдийн дугуйн бэлэн байдал,  хүнд даацын машин механизмын техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дугуй засварын бүхий л ажлыг тэр хариуцан ажилладаг. Эднийх ашиглалтад орсон эхний үедээ жилд 180 хүртэл дугуй засварлаж байсан тохиолдол бий. Одоо үйл ажиллагаа нь жигдэрч, жилд 80-110 ширхэг 130 тоннын даацтай белазын дугуй, 40 тоннын даацтай 210035,210033 маркийн белаз машины дугуй, Ил уурхайн автогрейдер ,краз зэрэг машин механизм болон тусгай тоноглолын автомашин, автобус, жип зэрэг бүх төрлийн резинэн дугуйтай машины дугуйг засварлаж байна. Тухайн техникийн дугуй хэзээ хаана хагарч, гэмтэл  гарсан байна, түүнийг цаг алдалгүй олж, шаардлага хангасан дугуйгаар засах үүрэг эднийхэнд оногддог. Ингээд бодохоор үйлдвэрлэлийн тасралтгүй, жигд үйл ажиллагааны нэгэн чухал хэсгийг дугуйн засварчин маань  “нуруундаа үүрч” явна. Т.Ганболдыг нөхөд нь “Тип топын Болдоо” гэж дууддаг. Энэ нэр олон  хачир чимэггүйгээр түүнийг ажилдаа эзэн  болж, арван хуруу шигээ эзэмшсэнийг нь илэрхийлнэ. Тип топ бол дэлхийн дугуй үйлдвэрлэх технологиос хамгийн шилдэг нь. Эрдэнэт үйлдвэр энэ технологийг анх 1995 оноос нэвтрүүлж, Тип топ-оор дугуй засварлах санаачилгыг  З.Шарав дарга гаргаж, судалгаа хийж байжээ. Түүний судалгааны үр дүн амжилттай болж, манай үйлдвэр Тип топ дугуй засварын технологийг “нутагшуулсан” гэдэг. Үүнээс өмнө  манайх дугуй засварладаггүй, хагарч гэмтсэн дугуйг шинэ дугуйгаар сольдог байж. Энэ бол технологийн шинэчлэлийн хүрээн дэх хамгийн үр ашигтай, дэвшилттэй бас нэгэн эргэлт болсныг одоо ч ахмад уурхайчид олзуурхан ярьдаг юм билээ. Шинэ технологи нэвтрүүлэхийн тулд түүнийг эзэмших ажилтнаа бэлтгэж сургах шаардлага эн түрүүнд тавигдсан нь лавтай.  Тип топын анхны засварчин Б.Доржболд, Д.Пүрэвдорж нарыг  Герман улсад сургаж, тэд 1996 оноос резинэн дугуйг нөхөж засварлаж эхэлжээ. Харин дараагийн ээлжийн Тип топын “бүтээгдэхүүн”-ий нэг нь Т.Ганболд байв.  Д.Болдбаатар, Ц.Эрдэнэбилэг нарын үе тэнгийн залуустайгаа Тип топ-ын эрдэмд хамт суралцаж, гар сэтгэл нийлэн дагнан ажилласаар 21 жилийг үджээ.  Энэ хугацаанд  тэр зөвхөн хүнд даацын авто машины 110-130 тоннын дугуй гэхэд л  1600 орчмыг  засварласан байдаг. 40 тоннын резинэн дугуйг тоолж үзвэл  бас ийм багцааны тоо гарна. Тип топ бол биднийг технологийн нарийн мэдлэг, тоног төхөөрөмж дээр ажиллах ур чадварыг эзэмшихэд гол нөлөө үзүүлсэн. Одоо энэ ажлыг засварчин Д.Нэргүйн хамтаар гүйцэтгэж байна. Тулхтай, манай цехийн шилдэг ажилтны нэг гэж хамтрагчаа тэр магтаж билээ.

Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон миний түүх бол олон сайн хүмүүсийн сайхан сэтгэл, тус дэмээс эхэлсэн гэж тэр хэлэв. Тэртээх 1986 оны намар цаг. Аравдугаар ангийн боловсролтой, мэргэжлийн үнэмлэх, дипломгүй хүү  туслах ажилтнаар орж, тусгай тоноглолын авто машины хэсгийн зогсоолыг цэвэрлэх, халаалтын шугамны бүрэн бүтэн байдлыг хангах ажил дээр хуваарилагдаж байв. Эндээс л засварчны гараа нь эхэлж, тэр үеийн Сургалтын төв, эдүгээгийн Технологийн сургуулийн мэргэжлийн дамжааг  дүүргэн, засварчны мэргэжлийн үнэмлэх “өвөртөлсөн” гэдэг.

“Хүүхэд байхаасаа цанын спортыг сонирхон хичээллэж байсан минь Эрдэнэт үйлдвэрт ажиллах жим рүү хөтөлж, надад тусласан сайхан хүмүүстэй танилцуулж өгсөн. Тэр үед манай үйлдвэр Оросууд олонтой. Хоорондоо дотно нөхөрлөдөг, тэмцээн уралдаанд хамт оролцдог ёстой л “Найрамдлаар амьсгалсан” хот байв. Цана, бөмбөг “хөөж” яваад тэр үеийн Оросын консулын  Үйлдвэрчний хорооны дарга Глобаков гэж хүнтэй танилцсан. Цанын спортоор хичээллэдэг, дэлхийн 2-р дайнд оролцож явсан амьдралын маш сонин үүх түүхтэй, настай хүн байв. Цанын спортын талаар надад зөвлөгөө өгдөг, дэмждэг, нэг үгээр хэлбэл бид хоёр өвөө хүү бололцон дотно нөхөрлөсөн юм. Амьдрал ахуй, цаашлаад ирээдүйн хүсэл мөрөөдлийг минь хүртэл хуваалцана.  Нэг удаа тэр костюм өмсчихсөн, том даргын буурьтай таарав. Уламжлал ёсоор амьдрал ямар байгаа тухай ярилцаж  байснаа ажил хийх үү гэж асуусан. Тэгж л Эрдэнэт үйлдвэрт ажиллах  анхны яриа хөөрөө болж байв. Яг тэр үетэй давхцаад цанаар хамт гулгадаг манай багийнхан З.Шарав багшид маань бас намайг ажилд аваач гэж хувиараа хэлсэн байсан л даа. Тэгээд тун удалгүй нэг өдөр нөгөө “найз” орос дарга маань консулын өрөөндөө дууддаг юм байна. Үүдний жижүүрээр нь хөтлүүлээд өрөөнд нь орж байсан маань санаанаас гардаггүй. Надаас тэр үед ямар мэргэжил эзэмшиж, ямар ажил хийх вэ гэж асуухад нь тэр тухай төдийлөн сайн мэдэхгүй учраас сонсож байснаараа “Белазын жолооч болъё” гэсэн юм даг. Ингэж тэр сайхан сэтгэлтэй орос дарга миний амьдралын зам мөрийг зурж, хожим гавьяат цол хүртсэн З.Шарав дарга минь дэлхийд данстай үйлдвэрт ажиллах их харгуйд хөтөлсөн юм. Тэр л олон сайхан хүмүүсийн урам дэм, сэтгэл итгэлийн гэрлээр өдий дайтай явж байгаадаа үргэлж талархаж явна даа. Тэр цагаас хойш 32 жил улиран оджээ” хэмээн хөргийн эзэн маань дурсамжаа үргэлжлүүлэв.

Т.Ганболдын бас нэг дурсах дуртай бахархал нь аавтайгаа мөр зэрэгцэн  ажиллаж байсан он жилүүд. Түүний аав Төмөрбаатар гэж Эрдэнэт үйлдвэрийн анхдагч,  үйлдвэрийн барилга байгууламжийн бүхий л цахилгааны монтажийг хийлцсэн гавьяатай хүн байв. Харин засварчны анхны багш нь Жавхлантөгс гэж ямар ч ажлыг хурдтай,чанартай хийдгээрээ алдаршсан, гайхалтай ажилсаг эрхэм байсан гэж тэр бахархсан. “Багш шавийн бат бөх барилдлага, халамжлан хүмүүжүүлэх залгамж холбоо бол Эрдэнэт үйлдвэрийн нэрийн хуудас.  Эхний гараа, багшийн арга ямар байна, шавь тийм л барилыг эзэмшдэг гэж боддог. Багшийнхаа үнэт сургаал, үйл хөдлөл бүрийг  сурч ажилласан минь намайг энэ зэрэгт хүргэсэн. Үе үеийн олон сайхан удирдлага, ахмадуудаасаа үлгэр дууриал авч, тэр шилдэг хүмүүсийн арга барилыг төгс эзэмшихийг зорьж ирлээ. Намайг гэсэн бүхий л сайхан хүмүүсийн ач тусыг үргэлж хүндэтгэж  явна” гэж нухацтайгаар нэмж өгүүлсэн нь тэр өчигдөргүйгээр өнөөдөр гэж байдаггүйг санаж явааг нь гэрчилнэ. Түүний хамгийн жаргалтай үеийн нэг нь  хамт олонтойгоо  өнгөрүүлдэг цаг  мөч аж. Нэг нэгнээсээ суралцаж, бас бие биенээ “нөхөж”, сэтгэлийн дэмээр хамтдаа нэгэн зорилго өөд тэмүүлэх юутай сайхан.   Мэдээж, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, тэр л үр шимээр нь хайртай гэр бүлээ авч явж, хүүхдүүдээ гарыг нь ганзаганд  хүргэхийн төлөө тэмцэж зүтгэх нь ч хамгийн сайхан жаргал, утга учир  билээ.  Амжилт дагуулж, ажил үйлс нь тэгш яваа эр хүний ард хүчтэй, ухаантай эмэгтэй хүн байдаг. Түүний ард ч ааш ялдам, ажилч  хичээнгүй бүсгүй бий. Эр нөхрийнхөө ургах нартай уралдан очдог тэр л их ажлынх нь замыг засаж, Эрдэнэт уулынхаа хишиг буянд сүслэн яваа эгэл гэргий нь түүний амжилтын нэгэн жигүүр юм.

Ажил хөдөлмөрөө үнэлүүлж, алдар хүндээр мялаалгаж яваа түүний олон шагнал урамшууллын отгон нь одоогоор Эрдэнэт үйлдвэрээс шилдэг ажилтнууддаа хүртээдэг А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал болж буй.  “Ганц мод гал болохгүй гэдэгчлэн хамт олон минь, хамтын хичээл зүтгэл байгаагүй бол алдар хүнд ирэхгүй. Намайг тоож, энэ сайхан хамт олны нэгэн эд эсээр тооцож, хамтран зүтгэж ирсэн үе үеийн ажилтнууд, багш нар, ахмадууд болон найз нөхөддөө талархаж явдаг” гэж  А.Ф. Тюряковын нэрэмжит шагнал хүртэх торгон мөчийн сэтгэгдлээ хуваалцсан.

Том үйлдвэрийн ажилчин хүнд байх хамгийн чухал чанар бол ямар ч ажлыг голохгүй хийж, ахмадаа хүндэтгэдэг, ахиж дэвшихийн төлөө тэднээсээ цаг үргэлж суралцаж, өөрийгөө дайчилж хөгжихийн төлөөх эрмэлзэл гэж тэр бас хэлсэн. Тиймээ, энэ бол ажилдаа дуртай, амьдралд хайртай эгэл жирийн уурхайчны сэтгэлийн үг буй за. Сурагчийн ширээнээс хөдөлмөрийн талбар луу ажил хийж, аав ээждээ нэмэр болох хүслээс өөр зүйлгүй ирж байсан жаахан хүү эдүгээ хагас жарны турш хуримтлуулсан ажлын арвин туршлага, ямар ч нарийн мэргэжлийн инженерээс дутахгүй техник сэтгэлгээ, өндөр мэдлэг дадлагыг эзэмшжээ. Хөдөлмөрийн хүнийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлдэг цуутай уурхайн суу алдрын эзэн, инженерийн  энтэй засварчин тэр билээ.

М.Балжинням

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог