Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 10-р сар 2017

     “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан “Урам” хөтөлбөрийн хаалтын ажиллагаа саяхан Энэрэл төвд  боллоо. Энэ  үеэр тэд асрамжийн төвийн хүүхдүүдэд номын сан байгуулахад нь зориулж 1500 гаруй ном цуглуулснаа гардуулан өгөв. Тус төвийн ажилтнуудын  хөдөлмөр зүтгэлийг үнэлж, багш Л.Болорыг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт тэмдэг, ахлах тогооч Н.Пүрэвсүрэнг  Дурсгалын тэмдгээр шагнасныг “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа гардуулав. Жилийн турш үргэлжилсэн “Урам” хөтөлбөрийн хүрээнд тус төвийн хүүхэд бүрийг цехүүдийн Эмэгтэйчүүдийн зөвлөлд хариуцуулан өгчээ. Бүсгүйчүүд тэдний сурлага, хүмүүжилд анхаарч, урлаг, спортын дугуйлан секц, амьдралын зөв дадал хэвшил олгох сургалтад хамруулах, чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслав. Ийнхүү  хүүхдийн боловсрол, хүмүүжилд ахиц гаргах зорилго тавьсан нь зохих үр дүнгээ өгчээ.

Я.ТУЯА

     Баяжуулах үйлдвэрийн хамт олон Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны сарын хүрээнд Орос мэргэжилтнүүд болон нийт ажиллагсадынхаа дунд “Письмо другу” буюу “Талархалын захидал” аяныг зохион байгуулж өнөөдөр шилдэгүүдээ тодруулав. Монгол, орос ажилтнууд бие биедээ чин сэтгэлийн талархал илэрхийлэх уг аяныг Технологийн сургуулийн Орос хэлний төвтэй хамтран зохион байгуулсан. Аяны хамрах хүрээг Орос мэргэжилтнүүдээр хязгаарлаагүй бөгөөд залуу ажиллагсдыг татан ороцуулахыг зорьсон билээ.
     Орос мэргэжилтнүүдийн үнэлж баршгүй гавъяа, нөхөрсөг тусч сэтгэлд талархаж явдгаа захидлаар дамжуулан илэрхийлэх боломжийг олгож байгаагаараа энэ удаагийн аян онцлог юм. Энэхүү аян долоо хоногийн хугацаанд үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргав.Аяны хаалтын үйл ажиллагааны үеэр хамгийн санаачлагатай оролцсон хамт олон, сэтгэл хөдөлгөм захидлыг шалгаруулж урамшуулав.
     Дулаан агааржуулалтын хэсгийн цахилгаан механик Роснов нийт 11 захидал хүлээн авсанаар хамгийн олон талархалын захидал хүлээж авсан ажилтнаар шалгарав. Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Отгондалай өөрийн багш Галкин Сергей Матвеевич-д шавийн зүгээс  сэтгэлийн үгтэй шүлгэн захидал илгээсэн нь шилдэг захидлаар тодорсон байна.

 

 

   
   Цонхныхоо шилэн дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм заалт бүхий плакат наасан хоёр номерын автобусаар зорчин явахад зүс таних хүн цөөрсөн нь “Эрдэнэт” үйлдвэрийн ахмадууд гавьяаныхаа амралтад гарч тэдний залуу халаа хүч түрэн орж ирсэн бололтой. “Эрдэнэт”-ийн “зүрх” нь Баяжуулах үйлдвэр.  Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа явагддаг төв цэг нь  Нунтаглан баяжуулах хэсэг. Энэ хэсгийн үйл ажиллагаа өөр хоорондоо нягт уялдаатай. Нэгийг нь нөгөөгөөс  салган ойлгох боломжгүй. Тусгай зориулалтын талбайд засварчид, гагнуурчид ээлжит төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэсээр. Тэдний угсарч засаж сэлбэсэн тоног төхөөрөмжийг кранчид байр байранд нь зөөвөрлөнө. Гурван шатны бутлуураар орсон хүдэр туузан дамжуургаар усны урсгал шиг тасралтгүй хөвөрсөөр тээрэмд нунтаглагдана. Хар ухаанаар бол уулнаас ирсэн том чулууг технологийн дамжлагаар оруулж энд 0,074 мм хүртэл нунтаглана гэсэн үг. 

   Тээрэмд нунтагласан хүдрээс хөвүүлэн баяжуулах технологиор зэс, молибдений баяжмалыг ялгана. Дараа нь зэс, молибденио салган шүүн хатааж савлан ачиж экспортод гаргадаг. “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийн технологийн процесс ийм. Энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шат дамжлага бүрт тээрмийн болон насосны  машинч,мастер, технологич, механикчид гар сэтгэл нийлж ажиллана. Энэ хэсгийн өндөр хариуцлагыг технологичид хүлээдэг. Тэд зэсийн металл авалтыг 86 хувь буюу хамгийн өндөр түвшинд барьж ажиллах ёстой. Зэс, молибденийн баяжмалын чанарыг стандартын дагуу 23,47 хувьд барих гол зорилготой. Хэрэв технологийн ямар нэг доголдлоос шалтгаалан  баяжмалаа хаягдал уруу алдвал эргэн авах боломжгүй. Өчнөөн сая төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй.

   Иймээс үйлдвэрлэлийн технологийн процессыг оновчтой тодорхойлж ажиллах нь технологичдын үндсэн үүрэг хариуцлага байдаг . Харин механикчид бол нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг хариуцна. Тоног төхөөрөмжийн ашиглалтыг уртасгахын тулд эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Тээрэм,насос,хөвүүлэн баяжуулах машин, өтгөрүүлэгч гэсэн үнсэн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг механикууд хариуцан хуваарийн дагуу засвар үйлчилгээ хийдэг. Бид Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн механикч Д.Бат-Эрдэнэтэй уулзахад: “Манай хэсгийнхэн насос, хөдөлгүүр хоёрын хатуу холбоосыг зөөлөн холбоосоор өөрчилснөөр 350 цаг ажиллах нөхцөл бүрдэж ажлын бүтээмж нэмэгдэн асар их эдийн засгийн хэмнэлт гаргасан. Өмнө нь хатуу холбоостой насос дунджаар 150 цаг ажиллаж байлаа. Одоо бас нэлээн үр ашигтай нэг ажил санаачлан туршиж байна. Бидний зумьп гэж ярьдаг, материал хадгалах сав хоёр хуваарилах хайрцагтай. Нэг нь их урт. Үүнийг адил хэмжээтэй болгосноор  их үр дүн гарахаар байгаа. Технологийн үйл ажиллагаанд гарсан хүндрэлийг арилгах зорилгоор ийм шийдэлд хүрч тоног төхөөрөмжийнхөө ашиглалтыг сайжруулах ажил хийж байна” гэв. Олны хүч оломгүй далай гэдэг. Ийн хөдөлмөрлөж яваа бүтээлч хамт олны экспортолсон зэс, молбидений баяжмал доллараар үнэлэгдэн улсын сан хөмрөгийг арвижуулсаар. Харин баялаг бүтээгчид маань маргааш тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэртээ зогсолтгүй ажиллана.   

                                                                                                                         Т.БАТЧУЛУУН
                                                                                                                












 

 

     2017 оны 10-р сарын 26-ны өдөр үйлдвэрийн бүтээмж чанарын дугуйлангууд тэргүүн туршлагаа хуваалцах харилцан мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор ээлжит мэдлэг солилцох өдөрлөгийг зохион байгууллаа. Тус мэдлэг солилцох өдөрлөгт үйлдвэрийн цех нэгжүүдийн нийт 60 гаруй гишүүд оролцож мэдлэг туршлагаа бусадтайгаа хуваалцлаа. Энэ удаагийн өдөрлөг урьд урьдыхаас онцлогтой болж байгаа талаар инновацийн төвийн координатор Дэлгэрмаа онцоллоо. Мэдлэг солилцох уулзалт залуусын сонголтонд нийцсэн “Brains knot” кофе шопд зохион байгуулагдаж байгаагаараа  шинэлэг болсон байна. Бүтээмж чанарын дугуйлангийн мэдлэг хуваалцах өдөрлөгийн хөтөлбөрт туршлага хуваалцах хэсэг, урлагийн үзүүлбэр болон багийн ажиллагаа гэсэн гурван хэсгээс бүрджээ. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн хамгийнийг хэн сайн мэдэх вэ?, Хэн сайн зураг зурах вэ? болон хөгжөөнт тоглоомуудыг дугуйлангуудын дунд зохион байгуулжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн  Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт Ж.Баатархүүг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Гавьяат уурхайчин цол тэмдгээр шагналаа. Шагналыг Төрийн ордонд өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав. Ж.Баатархүү  1981 онд “Эрдэнэт”  үйлдвэрийн Баяжуулах фабрикаас   хөдөлмөрийн гараагаа   эхэлж, баяжуулагч, ээлжийн мастер, судлаач инженер, Лабораторийн дарга, Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн   Ерөнхий баяжуулагчаар өдгөө 36 дахь жилдээ ажиллаж байна.Энэ хугацаанд тэрбээр  геологи, уул уурхай, баяжуулалтын салбарт  онолын түвшинд олон нээлт ухагдахууныг бий болгож,  үйлдвэрлэлд  нэвтрүүлжээ. Түүний санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон шинэ бүтээл “Эрдэнэт” үйлдвэрт өндөр үр ашгаа өгсөөр байна. Ж.Баатархүүгийн  оюуны  их ундарга,олон жилийн бүтээлч хөдөлмөрийг  төр засаг ийнхүү үнэлжээ. 

Баасан, 27 10-р сар 2017 00:00

Эрдэнэсийн хотыг сэрээнэ

    

     “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын автобусны жолооч П.Нармандах уурхайчдаа өглөө ажилд нь хүргэхийн тулд үүрийн цолмон гийхээс урьтан гэрээсээ гарна. Энэ үед тэднийхэн ид нойрондоо умбаж хоцорно. Намрын налгар өдрүүдэд гарааш хүртлээ явган алхах нь эрүүл мэндэд тустайг тэр мэднэ. Журмын нөхөд тал талаас цуглан мэнд амарснаа мэдэлцэн, дарааллаараа эмчийн үзлэгээр орж даралтаа хэмжүүлэн, бие сэтгэл хэвийн эсэхээ шалгуулна. Дараа нь  машинаа үйлчилгээнд бэлэн хангаад хяналтын механикчид шалгуулж тэнцсэнээр хүн тээвэрлэх эрхийн замын хуудсаа гардана. Ингээд болоогүй ээ, өнөөдөр аль чиглэлд гарах үүрэг даалгавар авснаа хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа сонссон хуудсанд гарын үсэг зурснаар баталгаажуулна. Одоо харин автобус, жолооч хоёр ажилд гарахад бэлэн. Тэд өөр өөрийн унааг ээлж дараатай гарган цуваанд сурцтай эрэмбэлэгдэнэ. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн сүмбэн цагаан 20 гаруй автобус өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдыг “хураахаар” бэлэн жагсжээ. “ХАБ”-ын инженерийн суусан машин цувааг толгойлон энүүхэнд цайрах Эрдэнэсийн хотын зүг хөдөллөө. Улсын онцгой объект “Эрдэнэт” үйлдвэрийн баялаг бүтээгчдийг хамгаалахаар Цагдаагийн тасгийн дохиолол бүхий “69” цувааг “түгжин” явна. Замын хөдөлгөөн торох саадгүй, гэрлэн дохио зөвхөн анхаарлыг заан анивчина. Их хотыг нойрноос нь сэрээн “хүнгүй” цагаан “хүлгүүд” гэрлээрээ дохин хөвөрнө. Эхний зогсоол “Барилгачдын талбай”. Эндээс тэд өөр өөрийн хариуцсан чиглэлээр тарж одно. 07:00 гэхэд тал талаасаа цуглах цагийн хуваарьтай. П.Нармандах Эрдэнэ-Дэнж-Хунт-Гурван байранд амьдардаг ажиллагсдаа цуглуулахаар урагш эргэлээ. Буудал бүрээс ажиллагсдаа түүсээр... Сургуулийн хүүхдүүд үйлдвэрийн автобусанд дайгдах санаатай эртэлдэг юм байна. Зарим нь автобусандаа тухлаад үйлдвэр орох зуурт дугхийж амжина. Энэ үед  үйлдвэрийн “Эрдэнэт долгион” FM 107,1 радио хэдүйн эхэлсэн ажиллагсдадаа хэрэгтэй мэдээлэл, тэдний ажил үйлсийн бахархам амжилтын талаар болон нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэдгийг дахин сануулж, энэ өдрийн ажилд нь амжилт хүсч ая дууны мэнд илгээнэ.



     Автобусны жолооч нар буудал бүрт очих цагийн нарийн хуваарьтай. Минутын зөрүүгүй хурдаа тааруулах нь жолоочоос ур чадвар, хувийн зохион байгуулалт шаардана. Автобус болгоны хөдөлгөөнийг хяналтын тусгай системээр Авто тээврийн байгууллагын төвөөс хянаж суудаг мэргэжилтнүүд бий. Ажилтан автобуснаасаа хоцорвол буруутныг олох түвэггүй.
     “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллага уулын технологийн тээврийн белаз, зам засдаг, цас арилгадаг, усалгааны гэх мэт тусгай зориулалтын машин механизмууд, дарга, “цэрэг”, үйлчилгээний унаа гээд 300-аад тээврийн хэрэгсэлтэй, 800 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 50-иад нь Эрдэнэсийн хотыг сэрээн ийн ажилладаг. Өнөөдөр тус цехийн Зорчигч тээврийн хэсэг зургаан автобусаар “бүл нэмлээ”. Ингэснээр Чехийн “Карасо”-г халж,  Солонгосын ая тухтай, халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, монголын цаг уурын нөхцөлд хамгийн зохимжтой “Хьюндай” маркийн автобусаар паркийг бүрэн шинэчиллээ.   


 
     П.Нармандах дэлхийн уул уурхайн топ арван үйлдвэрийн нэг “Эрдэнэт”-ийн уурхайчдыг 20 гаруй жил зөөж байгаагаараа бахархана. Өмнө нь Баяжуулах үйлдвэрт хүдэр хүргэдэг белазын жолооч явсан энэ эрхэм өнөөдөр улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг баялаг бүтээгчдийнхээ аюулгүй байдал, тав тухыг ханган гэр, ажлын хоорондох “аялал”-ыг хариуцаж явна.
     Тэд хотоос гарах эцсийн зогсоол дээр цагтаа цуглаж цуваанд жигдэрлээ. Замын урсгалд ганц нэг машин таарч, Зууны манлай үйлдвэрийн уурхайчдыг хүндэтгэн автобусны цувааг зогсон өнгөрүүлнэ. Эрдэнэт хот нойрноос сэржээ...

М.ОДГЭРЭЛ
 

     Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын Зорчигч тээврийн хэсгийнхэн Солонгос улсын Хьюндай фирмийн зургаан шинэ автобус хүлээн авснаар ажилчдыг тав тухтай тээвэрлэх, өртөг зардлыг бууруулан ажиллах боломж нэмэгдэв.
     Авто тээврийн байгууллага нь технологийн тээвэр, төрөл бүрийн маркийн автомашины, тусгай зориулалтын машин механизмын гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Эдгээр хэсгүүд нь  автомашинд үйлчлэх авто засварын гурван газартай бөгөөд нийт 830 гаруй ажиллагсадтай.  Хүнд даацын авто өөрөө буулгагчаас эхлээд суудлын авто машин хүртэл төрөл бүрийн маркийн 290 гаруй хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр уулын цул тээвэрлэх, үйлдвэрийн ажиллагсдыг зөөх, зам талбай засварлах, цэвэрлэх, хаягдлын аж ахуйн далан хийх, үйлдвэрлэлийн шаардлагатай ачаа,бараа материал тээвэрлэх ажлыг гүйцэтгэдэг аж. Тус цехийн зорчигч тээврийн хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепцид тусгагдсаны дагуу техник технологийн шинэчлэлийг шат дараатай зохион байгуулсаар ирсэн. 
     2011, 2012, 2014 онуудад парк шинэчлэлийн хүрээнд хүн тээврийн том оврын автобусуудыг шинэчилсэн. Тэгвэл энэ удаа Hьюндай маркийн зургаан автобус шинээр нэмснээр  Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдыг тээвэрлэдэг тус хэсгийн парк шинэчлэл бүрэн дуусч байгаа юм. Үүний үр дүнд  жилд 90 мянган тонн литр шатахуун түлшний  хэмнэлт буюу мөнгөн дүнгээр  180 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргах боломж бүрджээ.  Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдыг  өглөө оройн ээлжинд 20 гаруй автобусаар цуваа үүсгэн тээвэрлэдэг. Энэ нь  манай улсад төдийгүй  дэлхийн ижил төстэй уул уурхайн компани, аж ахуй нэгжид байхгүй зорчигч тээврийн үйлчилгээ гэж мэргэжилтнүүд онцолж байна.


 

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт  92 хувийн гүйцэтгэлтэй байгааг Үйлдвэрлэлийн  хэлтсээс мэдээлэв.  Нийт 23 цехээс 18 нь өнөөдрийн байдлаар өвөлд бэлэн болжээ. Харин цаг хугацааны байдлаас  шалтгаалсан 10 гаруй төрлийн ажил хүлээгдэж байгаа аж.  Баяжуулах фабрикийн  Хаягдлын аж ахуй нь  үйлдвэрлэлийн онцгой обьект учраас өвлийн  бэлтгэл ажлын төлөвлөгөөг  тусад нь боловсруулан ажлын комисс ажиллаж байгааг  албаны эх сурвалж  хэлэв.  Энд  шүүрлийн сувгийг цэвэрлэх ажлыг  Мон-Энерго компани гүйцэтгэж байгаа бөгөөд  хүйтрэхээс өмнө дуусгахаар төлөвлөснийг өвлийн бэлтгэл хангах ажлын хэсэг тодотголоо.
     10 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг Үйлдвэрлэлийн хэлтэс нэгтгэн гаргасан байна. Эхний хорь хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100 аас дээш хувиар давж биелэв.  Тухайлбал, уулын цул гаргалт 103,6 хувь, хөрс хуулалт 110,9 хувиар биелж, хүдэр боловсруулалт 5000 тонноор давж биелсэн байна. Хүдэр дэх зэсийн агуулга 0,49, молибден 0,0186 хувьтай байсан бол металл авалт 88,9 хувь, молибден 54,3 хувийн бодит гүйцэтгэлтэй байв. Сарын эхний хорь хоногт Эрдэнэт үйлдвэрийнхэн 139 тонн зэс зэсийн баяжмалд, 77 тонн молибденийг молибдений баяжмалд тус тус төлөвлөснөөс илүү үйлдвэрлэсэн байна. Мөн чанарын бүх үзүүлэлтүүд энэ хугацаанд  давж биелснийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.

     Хорьдугаар зууны Монголчуудыг манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр бол эвлэлийн илгээлт өвөртлөн Эрдэнэтийн овоог зорьсон  мянган мянган залуусын сэтгэл зүрхний дуудлагаар сүндэрлэн боссон юм. Тус үйлдвэрийн түүхт 40 жилийн ой ирэх онд тохиох гэж буйтай холбогдуулан  үйлдвэрийн хөгжил, бүтээн байгуулалтанд залуу насны эрч хүч, хөдөлмөр зүтгэлээ шингээн гарамгай  үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяатнуудыг тодруулж, тэднийг алдаршуулж, арвин туршлагыг нь залуу ажилтнуудад өвлүүлэх зорилготой  “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага” уулзалт боллоо.  
     Тус цуврал уулзалтыг Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтэс,  Уурхайчин соёлын ордон, Ахмадын нэгдсэн зөвлөл, Төрөлжсөн архив, Олон нийттэй харилцах алба хамтран зохион байгуулж байна. Эхний уулзалтад  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Ерөнхий захиргаа болон, Төслийн менежментийн хэлтэс, Геологи хайгуулын ангийн анхдагч ахмадууд оролцож, их бүтээн байгуулалтыг барьж байгуулах түүхэн цаг үеийг хамтдаа дурсахын зэрэгцээ залуу үеийнхэндээ ажлын туршлага, амьдралын сургаалаа хайрлалаа.
     Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойг угтан олон хэлбэрийн үйл ажиллагаа болно. Эдгээрийн  нэг болох “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” алдаршуулах уулзалтад үйлдвэрийн бүх цех нэгж, газар хэлтсийн анхдагч, ахмадууд  оролцох юм. Анхдагчдаа алдаршуулах тус уулзалт   ирэх оны 7-р сар хүртэл үргэлжлэх аж. Уулзалтын хүрээнд “Эрдэнэсийн уурхайн их үйлсийн эхлэл” үзэсгэлэнг зохион байгуулна.  “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” дараагийн уулзалтаар Цахилгаан цех, Дулаан цахилгааны төвийн ахмад, анхдагчдын хөдөлмөр гавьяаг алдаршуулах ажээ.

 


 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог