Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Д.Мөнхболд: Ажлын болон цалингийн тодорхойлолтыг автомат машинаас авдаг боллоо Онцлох

26 4-р сар 2018 12:00
416 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтнууд ажлын байрны болон цалингийн тодорхойлолтоо терминал буюу Т1 машинаас авах боломжтой боллоо. Ажилтан  үнэмлэхээ уншуулаад, өөрийн мэдээллээ авах боломжтой уг машиныг Холбоо мэдээлэл,  технологи автоматжуулалтын цехийн инженерүүд угсарсан байна. Харин уг ажлыг Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийнхэн санаачлан хэрэгжүүлж байна. Тус хэлтсийн орлогч дарга Д.Мөнхболдоос энэ асуудлаар тодрууллаа.

     -Захиргаа, хүний нөөцөөс тодорхойлолт авна гээд ажилчид багагүй цаг хугацаа зарцуулж, ачаалал үүсгэдэг. Тэгвэл энэ бүхэн ард хоцорч, автомат машинаас мэдээллээ авах боломж нээгдлээ. Энэ ажил хэзээ эхэлсэн бэ?
     Төрийн байгууллагуудын үйлчилгээнд ТҮЦ машин нэвтрээд багагүй хугацаа өнгөрч буйг та бүхэн мэднэ. Ийм технологийг нэвтрүүлэх, Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс үзүүлдэг үйлчилгээг боловсронгуй болгох санал санаачилга манай үйлдвэрийн ажиллагсдын зүгээс удаа дараа гарч байсан. Тухайлбал, 2013 онд компанийн сайн саналын системд “Ажлын процессыг сайжруулах” тухай санал бүртгэгдсэн байдаг. Мөн 2015 онд бас ийм санал гарсан ч  эдгээр саналууд тухайн үедээ хэрэгжээгүй. Учир нь уг саналууд хэрэгжихэд терминал машин авах шаардлагатай болсон. Гэтэл тухайн үед эдийн засгийн хямралтай холбоотойгоор үйлдвэрт  нэн чухал тоног төхөөрөмж худалдан авна гэсэн хэмнэлтийн бодлого хэрэгжиж байсан учир энэ машин нийлүүлэгдээгүй. Өмнөх удирдлагууд хэдийгээр санаачилга гаргаж байсан ч хойшлогдсоор ирсэн юм билээ. Ингээд бид Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийнхэндээ санал тавьсан.  Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс ажиллагсаддаа үзүүлдэг процессыг сайжруулах, ажилтнууд тодорхойлолт авахдаа заавал хүний нөөц дээр ирж тамгалуулж, бүртгүүлдэг үйл явцыг боловсронгуй болгох шаардлага буйг үндэслэл болгосон. Өдөрт ойролцоогоор манай хэлтэс дээр 150-200 ажилчин тодорхойлолт авахаар ирдэг. Нэг хүнд нэг минут зарцууллаа гэхэд ажлын 3 цагийг зөвхөн тодорхойлолт тамгалж, бүртгэхэд зориулдаг байсан. Тэгэхээр үр бүтээлгүй зарцуулдаг ажлын цагийг зөв ашигладаг байх, түүнчлэн ажилтнуудад учирдаг хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор энэ санаачилгыг бодитоор хэрэгжүүлье гэж зорьсон юм. Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын  цехийн  “Мэдээллийн түлхүүр”, “Солюшн” нэртэй бүтээмжийн дугуйлангийн хамт олон техник болон программ  хангамжийг хийж, уг туршилтыг эхлүүлээд байна. Автомат машины хувьд зориулалт нь өөр байсан ч тус дугуйлангийнхан дотоод бүтцийг нь өөрчлөн, хэвлэгч суурилуулж, туршиж байна.
      -Албан ёсны эсэх, хүчинтэй бичиг баримт байх гээд шаардлагууд бүрэн хангагдсан уу?
     Бүх шаардлагыг хангасан гэж хэлж болно. Албан хэрэг бичгийн журамд компанийн үйл ажиллагааг баримтжуулах явцад цаасан суурьтай болон цахим баримт бичиг үүсгэж хөтөлнө гэж заасны дагуу тодорхойлолт олгогдоно. Өмнө нь компанийн тамга дарж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог байсныг шинэ технологи буюу QRС  буюу Quick Respond Сode тэмдэгээр баталгаажуулж байгаа. Өөрөөр хэлбэл, уг кодыг ашигласнаар тамга дарах, гарын үсэг зурах шаардлагагүй болж байгаа юм. Ажилтны тодорхойлолт Эрдэнэт үйлдвэрийн лого бүхий  А5 хэмжээтэй цаасан дээр хэвлэгдэнэ.

      -QR кодтой тодорхойлолтыг хүлээж авах байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?   
      Эхний ээлжинд бид харилцагч банкуудад албан тоот явуулж, танилцуулсан. Манай үйлдвэрийн хамгийн том харилцагч болох Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт банк болон арилжааны бусад банкууд ч QR кодтой   тодорхойлолтоор үйлчлэх боломж  бүрдсэн. Энэ кодыг тэд өөрсдөө үйл ажиллагаандаа мөрдөж байгаа юм билээ. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэ кодтой тодорхойлолт хүчин төгөлдөр баримт болно. Харин гадаад улс орнуудын элчин сайдуудын яаманд гаргах тодорхойлолтыг хуучин уламжлалт аргаар буюу тамга тэмдэг, гарын үсэгтэй  олгож байгаа.
      -Т1 машинаас авсан тодорхойлолт дээрх хувь ажилтны мэдээлэл үнэн зөв эсэхийг хэрхэн баталгаажуулах вэ?
      Манай компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн үйл ажиллагааны журамд ажилтан хүний хувь мэдээлэлтэй холбоотой асуудлаар  зөвхөн хоёр хүн хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Нэг нь хувь ажилтан өөрөө, нөгөө нь харьяа цехийн хүний нөөцийн ажилтан. Компанийн ажилтан хагас жил тутамд өөрийн хувийн мэдээллээ сайжруулах буюу шинэчлэх үүрэгтэй. Тиймээс Т1 машинаас хэвлэгдэж байгаа мэдээлэл үнэн зөв байх эсэхэд ажилтан хүн өөрөө хяналт тавих ёстой.  Хэрэв  тухайн тодорхойлолт дээрх  ажилласан жилийн хугацаа буруу байвал хүний нөөцийн мэргэжилтэндээ хандаж, мэдээллээ шинэчлэх, зөв болгох үүрэг, хяналтыг ажилтан хүн өөрөө хүлээнэ.
     -Туршилтын ажил ямар хугацаанд үргэлжлэх вэ?
     Терминал машин турших ажил 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 20-ны хооронд үргэлжилнэ. Т1 машины туршилтын ажил дээр Захиргаа, хүний нөөцийн хэлтэс болон Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд, мөн захиргааны байрны хүлээн авах ажилтнууд хяналт тавьж, зааварчилгаа өгч байгаа.  Т1 машиныг ажиллуулснаар хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой санал санаачилгыг хүлээн авах, ажилтан ажил олгогчийн эргэх холбоог бэхжүүлэх гээд олон давуу тал бий болно. Нэмж тодруулбал, өнгөрсөн даваа гаригаас эхлэн ажлын газрын тодорхойлолтоос гадна цалингийн тодорхойлолт хэвлэж өгөх ажлыг туршиж байна. Ингэснээр уг программ хангамжийн бүртгэлээс тайлан авах боломжтой болсон. Тухайлбал, ямар банк, байгууллагуудад ажилтнууд хамгийн олон тодорхойлолт авч байна, аль цехийн ажилтнууд илүү хандаж байна гэсэн судалгаа гаргаж болох юм. Цаашид зөвхөн тодорхойлолт олгох биш ажилтны цахим үнэмлэх захиалж авах гээд олон үйлчилгээгээр өргөжүүлэх санал яригдаж байна.  Бидний энэ туршилт ямар нэг хүндрэл бэрхшээлгүй, амжилттай болбол дараагийн терминал машинуудыг угсарч, үйлдвэрийн бүс дэх цехүүд дээр байрлуулах зорилго бий. Ийм машинууд нэмэгдсэнээр ажилтнуудын цагийг хэмнэх, захиргаа хүний нөөцийн хэлтэс дээр үүсдэг ачаалал, чирэгдлийг багасгах олон талын ач холбогдолтой гэдгийг дахин хэлье. Бид энэ ажлын үр дүнгийн талаар ажилтнуудаас санал, сэтгэгдлийг нь сонсохоор төлөвлөж байна.    
    

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 26 4-р сар 2018 07:06
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог